Магад гарах сэтгэл бодь сэтгэлийн суурь болох нь

Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл болон бодь сэтгэлийн тодорхойлолт 

Өнөөдөр өөрт болон бусдад хандах хандлагаа тэгшитгэн, солих бүтээл, аргын талаар ярина уу гэсэн хүсэлт хүлээн авлаа. Асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл болон бусдад зориулсан, гэгээрэлд хүрэхийг зорьсон сэтгэл болох чин ариун бодь сэтгэл төрүүлэх, эдгээр нь Махаяна буюу сургаалын асар уудам-сэтгэлт хөлгөний хамгийн чухал санаанууд. 

Энэхүү чин ариун бодь сэтгэл гэж юу вэ? Энэ нь туйлын тодорхой сэтгэл, бүрэн хувьслын төлөвт хүрэхээр буцалтгүй зорьсон сэтгэл. Өөрөөр хэлбэл, өөрийн бүрэн нөөц чадамжинд хүрч, Бурханы гэгээрсэн төлөвт хүрэх. Гэвч хэрэв таны сэтгэл зөвхөн гэгээрэлд хүрэхийг зорьж байна уу, энэ нь дангаараа чин ариун бодь сэтгэл гэдгийн утга уу хэмээн асуувал. Үгүй, тийм биш, учир нь танд бусдад зориулсан, бусдын сайн сайхны төлөө ажиллах, тэдэнд амар амгалан авчрахыг бүрэн зорьсон нэг сэтгэл бас байх хэрэгтэй. Энэ хоёр хандлага танд хамт байх үед энэ нь чин ариун бодь сэтгэл гэдэг зүйл байна.

Энэ чин сэтгэлийг төлөвшүүлэхийн тулд, түүний өмнө нь танд хамаг амьтныг амгалан байхыг хүссэн хүсэл (энэ хүсэл танд хамаг амьтанд тус болох үүднээс төрж байгаа юм) болон хамаг амьтныг бүхий л асуудал, зовлон, амгалан үгүй сэтгэлээс ангижрахыг хүссэн хүсэл бүхий хандлагууд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хамаг амьтанд тусалж, тэдний тусад ажиллахыг хүсэх хандлага төрүүлэхийн өмнө танд хамаг амьтныг амгалан байхыг хүсэх хүсэл болох асрал хайр, хамаг амьтныг асуудал, бэрхшээлээсээ ангижрахыг хүсэх хүсэл болох энэрэн нигүүлсэх сэтгэлийн хандлага байх хэрэгтэй. 

Top