Магад гарахуй: Баттай гэтлэн гаръя хэмээх сэтгэл

Магад гарахуй: Тодорхойлолт ба утга

Магад гарахуй (эйжүн) бол гагцхүү зовлонгоос ангижрах бус тэрчлэн түүний шалтгаанаас ч хагацъя хэмээх санаа мөн. Энэ бол зовлон болоод түүний шалтгаанаас гэтлэн гарах хүсэл. Үүнд зориг зүрх хэрэгтэй. Энэ бол огтын үнэ төлбөргүйгээр ямар нэгэн сайхан зүйл олж авахыг зорьж буй хэрэг бус юм. 

Тэрчлэн магад гарах сэтгэл нь зовлон болон түүний шалтгаанаас гэтэлж болно хэмээх итгэл үнэмшлийг агуулна. Энэ бол хүсэж мөрөөдөх төдий бус юм. Энэ бол үнэн баталгаа нотолгоо дээр суурилсан дараахь гурван зүйл сүжиг (дадба) юм. 

  1. Тунгалаг  сүжиг (данбаи дадба) -ээр нисванис болон орныг барих атгаг бүхэн арилна. Ийнхүү зохист магад гарахуйгаар эргэлзээ тээнэгэлзээ, өөрийг өрөвдөхүй, хүсэж дурласнаасаа хагацахын уур хорсол бүхэн сэтгэлээс арилна. 
  2. Учир шалтгаан дээр суурилан тухайн зүйлийг үнэн хэмээн сэтгэл итгэмжлэхүй (ед-чэй-ба). Зовлон болон зовлонгийн шалтгаанаас хэрхэн гэтэлж болохыг ухаарч ойлгох хэрэгтэй болно. 
  3. Тухайн зүйлд зоригдон илт хүсэхийн сүжиг (ондод-жи дад-ба). Бодь сэтгэлийн хоёр зэргэмжийг (ерөөхүйн ба орохуйн) төрүүлэхэд зовлон болон зовлонгийн шалтгааны заримаас л хагацаж чадах тул тэр адилыг үйлдэхийг хүсэх болон тэрчлэн үйлдэх нь хангалтгүй юм.  Эдүгээ зовлон, түүний шалтгаанаас чадахын хэрээр хагацан, улмаар тэдгээрээс бүрэн дүүрэн гэтэлгэх анхааран авлагад шамдах хэрэгтэй.

Үүнээс гадна зохист магад гарахуй бол түрхэн зуурын хөөрөлд хөтлөгдөн уйсах (натүн бүсүджи эйжүн) төдий бус юм. Аврал гаднаас ирнэ хэмээх сохор мухар итгэл дээр суурилан бүхнээс уйсах бол хөөрүү бөгөөд хэт улайрсан хэрэг мөн. Магадтай гарахад хичээл шамдал хэрэгтэй гэдгийг бодитоор ойлгох хэрэгтэй. Бусдаас адис авч болох ч хичээж шамдахыг бид өөрсдөө л үйлдэнэ.  

Цаашилбал, хэрхэн хөгжил дэвшил явагддаг талаархи зүй тогтолыг ойлгож ухаарах хэрэгтэй. Сансараас гэтэлнэ гэдэг бол өдөр өдрөөр сайжирч байдаг шулуун шугаман явц биш юм. Хэзээ үүрд тонилохыг хүртэл нэг дээшилж, нэг доошилж байх болно. Урт удаан хугацааны туршид харвал бид ахиж дэвжиж буй ч өдөр бүрээр харах юм бол бидний сэтгэл санаа дээшилж, доошилсоор л байх юм. 

Тиймээс, Бурханы шашин номын мөрийг бүтээхийн тулд бэрхшээл зовлонг даах сахилга, тэвчээрийг, дээш, доош хичнээн савлаж байвч үл шантрах хөө хуяг мэт хичээнгүйг (гочо зондуй) төрүүлэх хэрэгтэй. Баттай гэтлэн гаръя хэмээх сэтгэл нь тунгалаг сүжигтэй хоршвол шантарч мохохгүй билээ.  

Богд Зонхав бээр хоёр зэргэмж Магад гарахуйг айлдав 

Мөрийн гурван эрхэм (Ламзо намсүм)-дээ Богд Зонхав бээр дараахийг ялган үзүүлэв. Үүнд:

  1. Бага төрөлтөний магад гарахуй сэтгэл төрөхөд энэ насны шуналыг буцаан, хойдын сайн төрөлд зорих болно. 
  2. Дунд төрөлхтөний магад гарах сэтгэл бол хойдын сайн төрөлд зорих бага төрөлхтөний сэтгэлээс буцан, сансар хорвоод өөрийн эрхгүй ахин дахин төрөл аван эргэлдэхээс гэтлэн гарахыг хүсэх юм. 

Эхний магад гарахуй бол Бурхан шашинтан бус хүмүүсийн сэтгэлд ч мөн төрдөг буюу диваажинд хүрэхийг зорьсон магад гарахуй юм. Хоёр дахь зөвхөн Бурханы шашинд байдаг магад гарахуй юм.  

Ертөнцийн магад гарахуй сэтгэл 

Дээрхийн ялгааг харуулахын тулд эдгээрийн урьдчилсан түвшин буюу “Ном бус" (ертөнцийн) магад гарахуй сэтгэлийн талаар ярьж болно. Ертөнцийн магад гарахуй бол зөвхөн энэ мөчид л жаргах сэтгэлийг хувирган, энэ төрлийн ирээдүй хойчид эсвэл хойчийн үр удамдаа тустай байх сэтгэлээр солих юм.  

Ертөнцийн магад гарахуйг “жинхэнэ” Дээдийн номын хоёр зэргэмжид хүрэх босго алхамын хувьд л гагцхүү Бурханы шашны мөрийн нэгээхэн зэрэг гэж хэлж болох юм. “Жинхэнэ” зэргэмжид хүрэхийн тулд Бурханы шашны хойд, урьд төрлийн тухай сургаал номыг зохистойгоор ухааран, учир шалтгаан дээр үндэслэн түүнд итгэх ёстой. Ийм итгэл үнэмшилгүйгээр хэрхэн дараа хойчийн төрлийн тусыг бүтээхэд эсвэл өөрийн эрхгүйгээр ахин дахин төрөл авахаас гэтлэн тонилоход хичээн шамдах билээ?  

Ингээд эхнэр нөхөр, гэр бүлийн харилцаа, зовлон бэрхшээлийг даван туулах гэх мэт өдөр тутам тохиох бэрхшээлд энэхүү ертөнцийн магад гарахуй сэтгэлээр хандах болно. Тэрчлэн эдгээр бэрхшээл зовлонгийн шалтгаан нь юу вэ гэдгийг ч таньж мэдээд, зөвхөн түрхэн зуур бус энэ насны туршид сайн сайхан амьдрахын тулд зовлон, түүний шалтгаанаас хагацахыг хүснэ. Энэхүү магад гарах сэтгэл бол сэтгэл засалтай нэгэн ижил түвшинд байна.    

Үүний хамтаар амьдралд аюулгүй, зохист зүг чигийг баримтлах (аврал одуулах) болно. Энэ бол бэрхшээл зовлонг бага үүдэхүйцээр сэтгэлээ ажиж анзаарахад аврал одуулна гэсэн үг.  Үүний тулд хэрхэн ийм үр дүнд бүрэн дүүрэн эсвэл зарим талаар хүрч болдогийг үлгэрлэн үзүүлэх бусдыг ч даган дууриах болно.  

Зуурдын магад гарахуй сэтгэл ба Аврал одуулахуй 

Ламрим (бодь мөрийн зэрэг)-д авралыг одуулах ёсыг анханд хэрхэн бага төрөлхтөний магад гарахуй сэтгэлээр төрүүлэхийг сургадаг. Үүнд, зовлонт муу заяанд унахаас айх сэтгэл болон үүнээс аварч сайн заяанд төрүүлж чадах нь Гурван эрдэнэ хэмээн итгэмжилсэн сэтгэлээр аврал одуулна. Энэ нь ертөнцийн магад гарахуй сэтгэл адилаар бага төрөлхтөний магад гарахуй болон аврал одуулах сэтгэл нь түрхэн зуурын юм. Энэ нь бүрэн дүүрэн, үнэмлэхүй бус билээ. 

Ном Эрдэнэ бол зовлон, зовлонгийн шалтгааныг үнэн хорихуй болон түүнд хөтлөх сэтгэлийн үнэн зам мөр (үнэн мөр) билээ. Гэвч эхний зэргэмжид Ном Эрдэнэ бол жинхэнэ Ном Эрдэнэ бус юм. Энд гагцхүү бүдүүн хувьт зовлон болон үүний шалтгаан болох шалтгаан, үр дагаварт мунхарсан сэтгэлийг л хориход зорьдог ба ийнхүү хорихуй нь зуурдын, мөр нь нисванисыг хорихуй юм.   

Үүнээс гадна энэ зэргэмжийн Ном Эрдэнийг олсноор хүн болон тэнгэрийн сайн төрөлд хүрэх ба харин Бурханы, тэрчлэн хоосон чанарыг илтэд оносон хутагт хуврагийн хутагт хүрч чадахгүй.  

Үүрдийн магад гарахуй ба Аврал одуулахуй 

Бодь мөрийн зэргийн дунд төрөлхтөний мөрд л гагцхүү дээдийн Номын магад гарахуй болон аврал одуулахуй төрнө. Энэ төрөлхтөний хувьд зовлонгийн үнэн бол гурван зүйлийн зовлон (зовлонгийн зовлон, урвах зовлон, түгээмэл хуран үйлдэх зовлон), шалтгааны үнэн бол хоосон чанарыг үл таньсан оюун, хорихуйн үнэн бол зөвхөн өндөр дээд төрөл эсвэл бясалгалын төлөв бус харин үүрдийн хорихуй, мөрийн үнэн бол, атгаг бүхнээс хагацан, хоосон чанарыг оносон оюун мөн. 

Ийнхүү дунд төрөлхтөний мөрд дээдийн аврал одуулахуй төрж, Бурхадын таалалд бүрэн бүтсэн, Хутагт хуврагийн таалалд зарим нь бүтсэн үнэн хорихуй, үнэн мөрийн Ном эрдэнэд зоригдох болно. 

Бодьсадвын магад гарахуй ба Аврал одуулахуй 

Бодь мөрийн зэргийн дээд төрөлхтөн буюу бодь сэтгэлтний хувьд магад гарахуй нь амьтныг зөвхөн зовлонгийн зовлонгоос ч бус, тэрчлэн зарим нэгэн амьтныг ч бус харин амьтан бүхнийг сансарын зовлонгоос, тэрчлэн түүний шалтгаанаас гэтэлгэхэд зорьдог юм. Хамаг амьтныг зовлон болон зовлонгийн шалтгаанаас нь бүрэн гэтэлгэе хэмээх санаа, тэрчлэн үүнд итгэж сүжиглэх сэтгэлийг "нигүүлсэхүй" гэнэ. Нигүүлсэхүй бол бодьсадва төрөлхтөний магад гарахуйн нэгэн бэлгэ чанар нь билээ. 

Хамаг амьтныг гэтэлгэхийн тулд бодьсадва төрөлхтөний магад гарахуй сэтгэлийн өөр нэгэн бэлгэ чанар төрөх ёстой юм. Үүнд, гэтлэхүйн хутагт түйтгэрлэж буй нисванисын түйтгэрийг (нёндив) арилгаад зогсохгүй хамгийг болгоогч оюунд түйтгэрлэгч мэдэгдэхүүний түйтгэрээс (шэйдив) хагацах хэрэгтэй. Энд мөн л хамгийг болгоогч оюун, түүнд юу түйтгэрлэдэг болох зэргийг мэдсэн ухаарал болон тэдгээр түйтгэрээс үүрд хагацаж болно гэдэг баттай итгэл сүжгийг төрүүлэх ёстой. Тэрчлэн амьтан бүхэн түйтгэр бүхнээс бүрэн хагацаж болно гэдэгт баттай итгэл төрөх ёстой юм.   

Төгсгөл 

Тэгэхээр Бурханы шашны номын мөрийн эхнээс эцэс хүртэл нь зовлон болон зовлонгийн шалтгаанаас хагацъя хэмээн зорих ёстой болж байна. Үүний тулд бидний зовлон гагц амиа бодох, залхуурах, хүсэж шунах, уурлан хорсох тэргүүтнээс үүддэг гэдгийг таньж мэдээд, эдгээрийг одооноос эхлэн чадахын хэрээр даръя,  цаашдаа үтэр түргэн бүгдээс хагацъя хэмээн шамдах хэрэгтэй байна. 

Тарнийн ёсны магад гарахуй сэтгэл бол ихэд гүн гүнзгий билээ. Үүнд өөрийн эглийн дүр төрх болон түүгээр өөрийгөө тодорхойлох зуршлаас аль болох хагацан салахад зорих ёстой юм.  Ийнхүү магад гарахуй бол ертөнцийн сэтгэлээс цааш ханьцашгүй тарнийн ёсны сэтгэл хүртэл нарийсан гүнзгийрч, чанадад хүргэх гарын авлага мөн.  

Top