Хүн бүхэнд адил тэгш хандлага төрүүлэх шаардлага
Энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэхийн тулд сэтгэл, зүрхийг ариусган, сургах шаардлагатай. Энэрэн нигүүлсэх сэтгэлийн тодорхойлолт нь хамаг амьтныг өөрсдийн асуудал бэрхшээл, зовлонгоос ангижрахыг хүсэх хандлага. Хамаг амьтныг амгалантай байхыг хүсэх хандлагыг асрал хайр гэнэ. Бидэнд хамаг амьтныг амгалан байж, ямар нэг асуудал бэрхшээлгүй байхыг хүсэх энэ хандлага яагаад байдаггүйн учир нь бидэнд тэдэнд хандсан тэгш хандлага байдаггүй явдал. Бид дайсандаа уур, дайсагнах сэтгэлийг төрүүлдэг бол найз нөхөд, хамаатан садандаа тачаах болон шохоорхох сэтгэлийг төрүүдэг учраас тэр юм.
Шунах, дайсагнах, үл хайхрах сэтгэлийг арилгах
Шунах сэтгэлийг арилгахын тулд энэ нь нэг төрлийн түр зуурын хэт их хүсэл бүхий, сэтгэлийн тайван байдлыг маш их алдагдуулах зүйл бөгөөд маш сөрөг үйлийн үрийг хураадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь хэн нэгнийг түр зуур маш ихээр сонирхох ба түүний улмаас тэдгээрт шунах, дурших сэтгэл нь ихээхэн сөрөг үйлийн үрийг бий болгодог тул энэ нь сөрөг. Хэрэв та дайсандаа дайсагнах сэтгэл төрүүлж байвал та уурлаж, хорссоноор энэ нь мөн маш их асуудлуудыг бий болгоно. Шунах, дайсагнах гэх мэт эдгээр экстрим хандлага, сэтгэлүүдийг арилгаж өөрийн дайсан гэж үзэх тэдгээр хүмүүст дайсагнах, бухимдах сэтгэл төрүүлэхгүй, өөрт таалагдах, өөрийн найз гэж үзэх хүмүүст шунах (хэт дурших) сэтгэл төрүүлэхгүй хүн бүрд хандах тэгш хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай.
Бид хүн бүрд тэгш ханддаггүй өөр нэг шалтгаан нь бид хүмүүс бидэнд тусалсан үед л тэдэнд хариу туслахыг хүсдэг явдал. Хүнд туслахыг хүсэх ганц шалтгаан нь тэд бидэнд ямар нэг сайн зүйл хийж, тусалсан явдал байна. Дайсандаа хор хүргэх, тэдэнд уурлаж, хорлохыг хүсэх шалтгаан нь тэд бидэнд ямар нэг байдлаар гэм хор хүргэсэн байх явдал. Ийм нөхцөлийг шийдвэрлэж сурах арга нь: танд тусалсан, танд маш их гэм хүргэсэн, танд туслаагүй мөн гэм хүргээгүй нэг үл таних гурван хүнийг өөрийн өмнө дүрслэх. Өөрийн өмнө дүрсэлсэн тэдгээр гурван хүнийг дүрслэх үед танд төрөх сэтгэлийг ажиглах хэрэгтэй. Танд тусалсан хүний хувьд – танд түүнд зориулж ямар нэг сайхан зүйл хийх сэтгэл төрнө, тусалмаар санагдана. Танд гэм хүргэсэн хүний хувьд – түүнд хариу гэм хүргэмээр санагдана. Танд туслаагүй мөн гэм хүргээгүй хүний хувьд – танд ердөө үл хайхрах сэтгэл төрж, та тэр хүнд туслахыг ч, гэм хүргэхийг ч хүсэхгүй. Тэр хүнд та ердөө ямар ч сэтгэл төрүүлэхгүй.
Бусдад хандах хандлагаа тэгшитгэхэд анхаарах зүйлс
Өөрсдийн хандлагыг авч үзэх үед энэ нь гол төлөв шударга бус элэгсэг харьцаа байна. Бид туслахыг хүссэн хүндээ л элэгсэг байна. Та өчигдөр танд маш их гэм хийгээд өнөөдөр танд маш их тусалсан нэг хүн; өчигдөр танд маш их тус хүргэсэн боловч өнөөдөр өглөө танд маш их гэм хүргэсэн өөр нэг хүн, ийм хоёр хүнийг авч үзэх хэрэгтэй. Хэнд нь та туслахыг хүсэж, хэнд нь та гэм хүргэхийг хүсэж байна вэ? Хэрэв та өчигдөр танд тусалсан тэр хүнд туслах гэж байвал тэр хүн танд өнөөдөр өглөө гэм хүргэсэн биз дээ? Хэрэв та өчигдөр танд гэм хүргэсэн хүнд та гэм хүргэхийг хүсэж байвал тэр танд өнөөдөр өглөө туслаагүй гэж үү? Таны жинхэнэ дайсан гэж боддог хүмүүс, үргэлж танд гэм хүргэдэг, тэдний хэн болох нь тэр бөгөөд нэг тиймэрхүү, цаг үргэлж танд гэм хүргэхээр байж байдаг гэх, эсвэл цаг үргэлж танд тусалдаг сайхан хүмүүс гэж таны боддог тэр хүмүүс ердөө байнга танд туслахыг хүсээд тэнд байж байдаг гэх эдгээр санаа танд хэрхэн төрснийг бодох хэрэгтэй. Хэрэв та юмсыг хэрхэн ийм бат, хатуу ангилалд ангилан харж байгаа талаараа бодож үзэх юм бол та тэр нь үнэхээр тийм биш гэдгийг ойлгож, энэ нь танд бусдад хандах хандлагаа тэгшитгэхэд туслана.
Энэ насанд танд гэм хор хүргээ ч үгүй, туслаа ч үгүй тэдгээр үл таних хэн нэгний талаар бодох үед тэр хүний талаар юу г ч эс хайхрах бөгөөд түүнд туслах, эсвэл гэм хүргэх ямар ч сэтгэл төрөхгүй үед ирээдүйд тэр хүн танд маш их тусалж болох боломжтой талаар бодож үзэх хэрэгтэй. Танд тус хүргэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй хүн танд маш их тус хүргэх хүн болж болох үнэхээр боломжтой. Үүнтэй адил танд маш их тусална гэж бодож байсан хүн тэр адил танд туслахгүй ч байж болно. Аль ч тохиолдолд та хүн бүр танд өнгөрсөнд тусалсан, одоо ч тусалж байгаа, ирээдүйд ч тусалж болно гэж бодохыг хичээх хэрэгтэй.
Гэвч та үүнийг эсэргүүцэж болно: Та хүн бүр танд үргэлж тусалдаг гэж хэлж байна, гэвч хүмүүс заримдаа танд гэм хүргэдэг биш гэж үү? Танд зарим хүмүүс гэм хүргэж болно, энэ үнэн, гэвч үүнийг сайтар ажиглавал, тэдний танд хүргэсэн тус тэдний танд хүргэсэн байж болох ямар нэг гэмээс хамаагүй илүү байна. Цаашлаад, тэд таны сэтгэлийг хөндөж, танд гэм хүргэх үед та түүнээс үнэндээ маш их тусыг хүртэж болно. Жишээ нь, та нар миний тохиолдлыг харж болно. Манай улсад халдан эзэлж, бидэнд маш их гэм хор учруулсан. Гэвч энэ нь энэ маягаар дэлхийн олон оронд очиж, та нар гэх мэт олон хүмүүстэй уулзах нэг нөхцөл болсон бөгөөд үнэндээ энэ гэм нь сайн зүйл болж хувирсан.
Мөн хэн нэгэн танд маш их гэм хүргэж, бэрхшээл учруулах үед энэ нь танд тэвчээр, хүлцэлийг бүтээх боломж олгох бөгөөд тэвчих, хүлцэх хандлагыг төгс болгох замаар та үнэндээ гэгээрч чадна. Энэ бол шаардлагатай үйл явцын хэсэг. Атиша гэгээн Төвөд рүү явах үедээ туйлын их доромжлол үзүүлж, уур төрүүлэх нэг энэтхэг туслах хамт авч явжээ. Хүмүүс “Яагаад ийм үнэхээр уур төрүүлдэг хүн авч явж байгаа юм бэ? Ердөө хүн бүрийг ихээр уурлуулдаг” хэмээж байв. Атиша гэгээн “Энэ хүн бол түүгээр тэвчээр, хүлцэлийг бүтээхэд үргэлж надад хэрэг болох хүн” хэмээн хариулжээ.
Хэрэв бид олон дайсантай байгаад тэдэнд маш их уур, хорсох сэтгэл төрүүлэн тэднийг хорлохыг хүсэх үед , хэрэв хэн ч хэзээ ч үхэхгүй тохиолдолд тэр бол нэг өөр зүйл болох байх. Гэвч хэрэв жишээ нь бидний дайсан маргааш цаазлуулж, маргааш нас эцэслэх нь тодорхой бол түүнд өнөөдөр орой гэм хүргэхийг оролдох нь утгагүй. Үүнтэй адил хэрэв та өнөөдөр орой цаазлуулах гэж байгаа бол одоо үүгээр түүгээр явж хүмүүсийг зовоож, гэм хүргэхийн хэрэг юу байна?
Бодож үзэх олон зүйл бий. Өөр нэг жишээ нь танай үүдэнд ирсэн арван өлссөн хүн байх бөгөөд бүгд адилхан хоол идэх тэгш эрхтэй, тэд бүгд адилхан өлссөн байгаа талаар бодох. Үүнтэй адил өвдсөн арван хүн байх бөгөөд тэд бүгд тэгш эрхтэй, адилхан эм ууж, эмчлүүлэх хэрэгтэй. Та хэрхэн амгалан байхыг хүсэж, асуудал, зовлонд дургүй байдагтай яг адил хүн болгон яг тийм сэтгэлтэй байна гэдгийг үнэхээр маш анхааралтай авч үзэх хэрэгтэй.
Цаашлаад хүмүүсийн статус, ямар хүн байх нь баталгаагүй. Хүмүүс үргэлж таны найз эсвэл үргэлж таны дайсан байна гэсэн үг биш. Ердөө хэдхэн үг таны хамгийн сайн найзыг дайсан тань болгон өөрчилж болдогийг та харж байдаг. Тэд яах ёстой вэ гэхээр, таны сэтгэлийг хөндөх нэг зүйл хэлээд л тэд шууд таны дайсан болно. Үүнтэй адил таны дургүй хүний хувьд нэг жижигхэн нөхцөлөөр тэд таны ганц, хоёр цагаар холдож чадахгүй тийм эрхэм найз болох нэлээд боломжтой. Ийм маягаар тэдгээрт ямар нэг баталгаа байхгүй, найз хэрхэн дайсан болж, дайсан хэрхэн найз болж болох талаар бодох хэрэгтэй.
Бид үргэлж өөр болон бусдыг эдгээр маш хүчтэй бат хатуу ангилалд багтаан, тэдгээр нь үнэхээр тийм бат хатуу ангилал мэт санадаг; гэвч хэрэв тэр тийм байсан бол Бурхад өөрсдөө ертөнцийг эдгээр бат хатуу ангилалд авч үзэх байсан, гэтэл тэгээгүй. Бид Бурхан багшийн амьдралын нэг жишээг харж болно. Бурхан багшид Дэвадатта хэмээх нэг үеэл байсан бөгөөд тэрээр үргэлж Бурхан багшид гэм хүргэхийг оролддог байв. Дэвадатта хад чулуу шидэх гэх мэт зүйлийг хийн, байнга Бурхан багштай өрсөлдөж байлаа. Бурхан багш өөрөө өнгөрсөнд хураасан бүхий л эерэг үйлийн (үрийнхээ) үр дүн болох маш хүчтэй бие махбодтой хүн байв. Бурхан багш ямар нэг эм тан уух хэрэгтэй болох үед тэрээр маш хүчтэй хүн байсан тул түүнд тохирох туйлаас хүчтэй тун авах шаардлагатай болдог байжээ. Тэрээр үнэхээр нэг хүчтэй бие махбодтой байв. Түүний үеэл Дэвадатта мөн л Бурхан багштай өрсөлдөх ёстой хэмээн үеэлийнхээ адил тийм хэмжээний тунгаар эм хүртэж, адилхан хүчтэй болно гэж санажээ. Тэрээр өөрийгөө өөрийн үеэл Бурхан багшийн адил хүчтэй гэж бодож байв. Оточ Дэвадаттад “Та өөрийн үеэл Бурхан багшийн адил тийм хүчтэй бөгөөд тийм өндөр тунгаар эм ууж үнэхээр болохгүй. Танд хор болж, та өвдөнө” хэмээв. Гэвч Дэвадатта зүтгэсээр, “Үгүй шүү, би Бурхан багшийн адил хүчтэй бөгөөд түүний хүртсэн адил хэмжээний тунг хүртэж чадна” гэв. Оточ бууж өгөх хэрэгтэй болж, түүнд ердийн хүмүүст ихэвчлэн өгдөг тунгаас ердөө бага зэрэг хүчтэй тун өгөв.
Дэвадатта тэрхүү тунг хүртсэнд түүнд огт таараагүй бөгөөд тэрээр өвдөн, үхлийн ирмэгт ирэв. Бурхан багш өөрийн үеэлийг эргэн очиж, “Надад өөрийн хүү Рахула болон үргэлж миний биеийг хад чулуугаар шидэх миний үеэл Дэвадатта хоёр бий бөгөөд би та хоёрыг ялгаварладаггүй. Би та хоёрт ив ижил хандлагаар ханддаг. Миний үгийн үнэнээр чи эдгэрэх болтугай ” хэмээжээ. Тэрээр өөрийн үеэлийн тэргүүнд гараараа хүрснээр үеэл нь эдгэрэв. Ийнхүү Дэвадатта эдгэрсэн боловч тэрээр тэргүүн дээр нь мутраа тавьсан байсан үеэл рүүгээ харж “Тэргүүнээс минь бохир гараа тат” хэмээн хариулсан байдаг.
Хэрэв Бурхан багш хүмүүсийг миний ойрын, миний хүмүүс болон холын, бусад хүмүүс гэсэн ангилалын үүднээс авч үздэг байсан бол бидний хувьд ч тийм байдлаар хүмүүсийг авч үзэж болох байсан. Гэвч үнэндээ Бурхан багшид хэзээ ч ямар нэг ялгавар байгаагүй.
Өөрийг эрхэмлэх нь бүх асуудлын шалтгаан болох нь
Мөн та бүхэн хувиа хичээх, зөвхөн өөртөө анхаарал тавих нь хэрхэн таны асуудлуудын үндэс, бүх зүйл буруу явагдах үндэс болдогийг авч үзэх хэрэгтэй. Жишээ нь, хэрэв та маш хувиа хичээсэн, зөвхөн өөрийн сайн сайхны талаар санаа тавьж, нэлээд их хөрөнгө хураахаар ажиллаж болно. Ингээд хулгайч дээрэмчид ирж, тэрхүү хөрөнгийг танаас хулгайлахыг хүссэнээр, та дээрмчний гарт амь үрэгдэж болно. Түүний үндэс нь юу вэ?
Хэрэв та машины ослын жишээг авч үзэх юм бол хүмүүс үнэхээр хурдтай жолоодсоноос осол гаргадаг. Үүний шалтгаан нь юу вэ? Учир нь тэд зөвхөн өөртөө анхаарал тавьсан явдал. Тэд очих ёстой газраа түрүүлж, хурдан хүрэх хүссэнээс тэр. Та шавартай, маш халтиргаатай зам дээр хурдан алхаж яваад унаж хөлөө гэмтээн эмнэлэгт хүргэгдэж болно. Үүний шалтгаан юу вэ? Мөн л та очих газраа хурдан хүрэхийг хүссэн.
Үүнтэй адил улс орнуудын хоорондын бүхий л эв түнжингүй байдал, асуудлууд тэдгээр талуудын өөрсдийн хувиа хичээсэн явдлаас үүдэлтэй. Архи уудаг хүмүүсийн хувьд тэдний бүх асуудал, бэрхшээлүүд нь хувиа хичээсэн байдлаас үүдэлтэй бөгөөд энэ нь тэднийг тэдгээр муу зуршлуудад хөтөлдөг. Мөн хувиа хичээн, зөвхөн өөрийн талаар боддог хүний хувьд бусад хүмүүс тэдэнд хэрхэн хандах вэ? Тэр хүнд хүмүүс дургүй байна, хувиа хичээсэн хүнд хүмүүс дургүй. Ийм байдлаар та хувиа хичээхийн сул талуудын талаар бодох хэрэгтэй.
Бусдыг эрхэмлэх нь бүх амар амгалангийн эх сурвалж болох нь
Нөгөө талаараа бидэнд тохиолдож буй сайн зүйлүүд бусдад анхаарал тавьсны үр дүн. Хэрэв та үргэлж бусдын төлөө ажиллаж, бусдад санаа тавьдаг бол хүн бүр танд сайн байж, тантай хамт байхыг хүснэ. Ийм хүн нас эцэслэхэд бүгд маш их гуниглан, түүний төлөө залбирах болно. Цаашлаад үргэлж бусдын талаар санаа тавьдаг хүмүүсийн ажил үйлс нь бүтэмжтэй байдаг. Хэрэв та үргэлж бусдад санаа тавин тэдэнд тусалдаг бол зөвхөн хүмүүс төдийгүй, амьтад хүртэл танд сайн байна.
Хэрэв Бурханы хүрсэн эрдмийг авч үзэх юм бол тэрээр өөрийн бүхий л сэтгэлийн саад, асуудал, сул талуудыг арилгасан. Тэрээр бидний хүрч болох бүхий л сайн чанаруудыг төлөвшүүлсэн. Бурхан багш өөрийн дээд чадамжиндаа бүрэн хүрсэн; үүнд хүрч чадсан шалтгаан нь өөрт анхаарах сэтгэлээ арилгаж, зөвхөн бусдын талаар анхаарсан явдал. Бусдын тусыг үргэлж бодож байгаа үед бусад баяртай байна. Хэрэв та зөвхөн өөрийн талаар бодож, бүх зүйл өөрийн тань тухайд сайн байхыг хүсэж байвал бусдын аливаа зүйл сайн байх үед таны сэтгэл амглан биш болно.
Хандлагаа солих
Бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн зүйл бол ердөө бусдыг үл хайхран, зөвхөн өөрийн тусад хичээх явдал байсан бол одоо бидний хийх зүйл өөрийн хандлагыг өөрчлөх; бусдыг үл хайхрахыг оронд одоо өөрийг үл хайхарч, зөвхөн өөрийг эрхэмлэхийн оронд бусдыг эрхэмлэх энэ хоёр зүйлийн үүднээс хандлагаа солих. Энэ бол өөрийн хандлагыг өөрчлөх буюу өөр болон бусдын талаарх хандлагаа солих гэдгийн утга. Өөрийг бусдаар арилжих гэдэг нь одоо би бол та, та бол би гэсэн үг бус. Өөр болон бусдад хандах хандлагаа солихгүйгээр Бурханы гэгээрлийн хутагт үнэндээ хүрэх боломжгүй. Хэрэв та эдгээр ойлголтуудыг сэтгэлийнхээ зуршил болгож, тэдгээр дээр бясалгавал үүний үндсэн дээр та энэрэн нигүүлсэх сэтгэлийг хялбар төрүүлж чадна.
Хамаг амьтны ачийг санаж талархах
Ингээд та (эгэл сэтгэлтэй – оюун ухаан хязгаарлагдмал) бүхий л амьтад бидэнд хэчнээн их ачтай болохыг авч үзэх хэрэгтэй. Жишээ нь та зарим оронд хүмүүс зөгийн бал идэх дуртай байдаг бөгөөд тэрхүү бал хаанаас бий болдогийг бодож үзэх хэрэгтэй. Бал хэрхэн бий болдог вэ? Энэ нь тэдгээр зөгийнүүдийн хөдөлмөрөөр бүтнэ. Тэд үүрээ засаж, цэцгийн тоос цуглуулна. Ингээд тэд бал гаргахад бид түүнийг бүгдийг авч хэрэглэнэ. Хүн бидэнд бал байгаа нь зөгийний хичээнгүй хөдөлмөрийн үр. Тэд ажлыг хийж, бид түүнээс таашаал хүртэнэ. Иймд тэд бидэнд үнэхээр их ачтай. Үүнтэй адил байдлаар та сүү болон махны талаар бодох хэрэгтэй. Энэ бүхэн тэдгээр маш эгэл сэтгэлтэй амьтдын ачаар бий болсон.
Ийм байдлаар бусдын ачийг бодох үед бидэнд талархах сэтгэл төрж, бид тэрхүү тусыг хариулахыг хичээх хэрэгтэй гэсэн сэтгэл төрөх ба бид тэрхүү ачийг Номын бүтээлээр хариулж болно. Хэрэв та бусдын тэр бүх ачийн талаар бодож байвал тэр үед танд бусдыг эрхэмлэх хандлага төрөх ба энэ нь танд эрхэм ямар нэг маш үнэтэй зүйлыг танд олдох үед та түүнд маш сайн анхаарал тавьдагтай адил. Үүний адил та бусдад тэднийг эрхэмлэх хандлага төрүүлж, ямар нэг зүйл таагүй зүйл тэдэнд тохиолдоход таны сэтгэл маш таагүй болно.
Энэрэн нигүүлсэх сэтгэл төрөвшүүлэх
Энэ бүхэн бусдад тэгш хандах хандлага төлөвшүүлэхээс шалтгаална. Та хүн бүхэнд хандах хадлагаа тэгшитгэж, дуртай, дүргүй хүн гэж ялгахгүй байж чадвал та бүх хүнд жинхэнэ асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл үнэхээр төрүүлж чадна. Энэрэн нигүүлсэх сэтгэлийг бодитой төлөвшүүлэхийн тулд та жишээ нь, өрөвдөм тэдгээр амьтдын нядлуулдаг талаар бодох хэрэгтэй. Жишээ нь, зарим оронд үхрийг нэг өөр аргаар нядална. Зарим оронд яст мэлхийг өөр аргаар нядална. Та мөн амьтан болж төрөх сөрөг чадамжуудыг бий болгодог талаар бодож үзэх хэрэгтэй. Та амьтанд тохиолддог тэдгээр зүйлүүдийн талаар бодох үзэж хэрэгтэй.
Таны бодох дараагийн зүйл таны өөрийн эх мөн сөрөг чадамж бий болгож болох талаар бодох. Таны эхэд таагүй зүйлүүд тохиолдвол та юу хийх вэ? Таны сэтгэл ямар байх вэ? Аавынхаа талаар мөн адил бодоорой. Ингээд найз тус бүрийнхээ талаар бодно. Дараа нь дайсан гэх хүнийхээ талаар бодно. Ингээд бүх амьд амьтын талаар нийтэд нь бодно. Хэрэв та энэ дарааллаар бодвол амьтан тус бүрийг бүхий л зовлон, бэрхшээлүүдээс ангижрахыг хүсэх маш чин сэтгэлийн энэрэн нигүүлсэх сэтгэлийн төлөвийг төлөвшүүлнэ. Энэ төлөвшүүлэх туйлын чухал, маш агуу хандлага.