Амгалан, их мэргэд, бусдын зовлонг өөрт авах

Аз жаргалын эрэл

Бидэнд бие махбодын, сэтгэлийн гэсэн хоёр төрлийн жаргал байдаг ба амьдралдаа гаргаж байгаа хүчин чармайлтын ихэнх нь бие махбодын тав тух, жаргалыг бий болгоход зориулагдаж байдаг. Бие махбодын жаргал, тав тухыг эрэх явцдаа олон хүмүүс бүхий л төрлийн үйл ажиллагаанд оролцдог. Тэд мөнгө олж, бие махбодын тав тух, амгалан жаргал хүртэх гэж алуурчин, дээрэмчин болж бүхий л төрлийн зүйл хулгайлан зарж борлуулах ба үнэндээ тэд тэр байдлаар тодорхой тав тух олж чаддаг. Гэвч энэ бол ердөө нэг асуудлыг нөгөө асуудлаар сольж байгаа хэрэг бөгөөд  яваандаа тэр нь ердөө илүү их асуудал бэрхшээл авчирна. Энэ нь таны хацар дээр нэг том шарх гарахад та хамраа огтлон түүнийг хацар дээрээ байгаа шархыг эдгээхээр түүн дээр шилжүүлэн суулгахтай адил: та ердөө нэг асуудлыг нөгөө асуудлаар сольдог. Гэтэл бие махбодын тав тух, амар амгалан эрэн газар тариалан эрхлэх, худалдаа арилжаа хийх зэргээр үнэнч шударгаар амьдралаа залгуулж байгаа өөр нэг хэсэг байх ба газар тариалан эсвэл худалдаа хийх байдлаар амьдралаа амжилттай залгуулж байгаа олон хүний жишээ байдаг.       

Мөн их бүтэл муутай, аливаа зүйл нь ердөө сайн болж өгдөггүй хүмүүс байдаг. Бизнес хийхийг хичнээн оролдсон ч амжилт олдоггүй, эсвэл дэлгүүр ажиллуулна, бараа нь сайн борлохгүй, газар тариалан эрхлэнэ, түүнийгээ сайн эрхлэн явуулж чаддаггүй. Нэг төрлийн ажил эрхэлж байгаа хоёр хүн байх ба хоёулаа адилхан хичээн ажиллах боловч нэг амжилттай, нөгөө нь амжилтгүй байдаг. Та “Ялгаа нь юу юм бэ? Нэг нь амжилттай байж, нөгөө нь амжилтгүй байхын шалтгаан нь юу байдаг юм?” гэж асууж болно. Энэ нь тэдний өмнөх төрлүүддээ бий болгосон өөр өөр төрлийн чадамжаас шалтгаалдаг. Хэрэв тэд өмнөх төрөлдөө эерэг чадамж бий болгосон бол тэд хийж байгаа зүйлдээ амжилттай байж, юмс сайн явагдана. Хэрэв тэд сөрөг чадамж бий болгосон бол юу ч бүтэмжтэй байхгүй.

Гэвч хүмүүс материаллаг эрэл хайгуул, ажил мэргэжлийн хувьд хэдий амжилттай байсан ч, хэдий их хөрөнгө чинээтэй байсан ч, тэдгээр нь тодорхой бие махбодын тав тух авчрах боловч сэтгэлийн амар амгалан авчирадаггүй. Та хэдий их эд зүйлтэй байх тусам тэдгээртэй холбоотой төдий чинээ их асуудал, сэтгэлийн зовлонтой байхыг олж мэдэх болно. Хэрэв нэг хүн энэ Америк орны бүх баялгийг эзэмших юм бол тэр хүнд “Надад бүр үүнээс ч их байсан болоосой” гэсэн бодол төрнө. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хэний ч сэтгэл хандаггүй, нэг ч хүнд “Надад хангалттай материаллаг зүйлс байна, надад өөр зүйл хэрэггүй” гэж санагддаггүй. Иймд бид үүнээс илүү их амар амгалан авчрах, ашид үргэлжлэх, хэзээ ч үл шавхагдах, асар их амар амгалан авчрах зүйл болох оюун санааы, Номын бүтээлийг эрж хайх ёстой. Тэдгээр сэргийлэх аргууд болох оюун санаа, Номын аргыг дагахаас өөрөөр ашид үрэлжлэх амгаланг үнэндээ олох ямар ч арга байхгүй болохыг бид ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зовлон

Төрсөн учраас өвдөх, өтлөх, үхэхийн олон зовлон, асуудлууд байдаг. Эдгээр гурван зовлонгүй нэг ч хүн байдаггүй; тэдгээр нь бараг хүн бүхэнд нийтлэг байна. Хүн бүр тодорхой нэг цагт өвддөг, хүн бүр тодорхой нэг цаг ирэхэд нас эцэслэдэг; энэ нь ердөө таны ээлж хэзээ байх цаг хугацааны асуудал байдаг. Та өвдөх үедээ ихэд хямарч, сандран, санаа зовж “Би өвдчихлөө, хэчнээн хэцүү юм” гэх ба бие махбодын зовлон, өвдөхийн зовлонгийн дээр та сэтгэлийн хувьд бас маш их зовж, шаардлагагүй илүү ачааг түүн дээр нэмдэг. Иймд хэрэв та өвдвөл “Миний өвдөж байгаа нь өнгөрсөнд сөрөг байдлаар үйлдэл хийж бий болгосон сөрөг чадамжийн үр; энэ нь миний өвдөх шалтгаан болж буй зүйл” хэмээн бодвол та маш баяртай байж чадна, учир нь “Үүгээр тэр муу чадамж боловсорч, дуусч байна, би түүнийг дахин эдлэхгүй боллоо. Тэрхүү чадамжийг тээн явахгүй боллоо. Тэр нь энэхүү өвчин болж боловсорлоо, ингээд дууслаа. Цаашдаа сөрөг байдлаар үйлдэл хийхгүй байя, ингэснээр өөр сөрөг чадамж бий болгохоос зайлсхийж чадна” гэж бодох хэрэгтэй. Та өвчнийг ийм эерэг хандлагаар хүлээн авч, өөрийн бий болгосон тэрхүү сөрөг чадамж одоо байхгүй болж, ариллаа хэмээн мэдэж баяртай байдаг. Түүгээр зогсохгүй “Би бусдын өвчнийг бас авч чаддаг болоосой. Миний өвдөх нь өөр бусдыг хэзээ нэгэн цагт өвдөх түүнээс сэргийлэх хангалттай их байгаасай. Бусад хэзээ нэгэн цагт өвдөж зовох бүх зовлон одоо надад ирээсэй. Миний одоо өвдөж байгаа нь бусад хүн бүрийн өвдөх чадамжийг баран дуусгаасай” хэмээн бодох хэрэгтэй. Энэ үед та өвдөх явцыг маш өөрөөр туулан, ийнхүү өвдөхдөө зовохгүй, харин өвдсөнд явдалд баяртай байх ба учир нь та түүнийг эерэгээр ашиглаж байдаг.

Эдүгээ цагийн их эрдэмт мэргэн, Күнү лама Ринбүүчи түүний төрсөн нутагт нэг хүн бусдын өвчнийг өөртөө аван тэднийг анагаах ийм бүтээл хийдэг нэг хүн байсан хэмээн ярьдаг. Нэг удаа, маш хүнд халдвар бүхий тархины хүчтэй гэмтэл аван ихээр өвдөн зовох нэг хүн байсан бөгөөд өнөөх настай хүн түүн дээр очин гараа даллан “Энэ өвчин надад ирэх болтугай, надад ирэх болтугай” хэмээжээ. Үнэндээ тэр хүн тэр өвчтэй хүнийг эдгээж чадах байсан боловч тэрээр өөрөө тэр өвчин, халдварыг аван түүгээр нас барсан гэдэг.

Өнгөрсөн үеийн их мэргэдийн хүрсэн амжилт

Хэдийгээр та таны төсөөлж болох бүхий л төхөөрөмж, эд зүйл, юмсаар бүрдсэн, бүрэн люкс байшин сууцанд амьдарч, хамгийн сайн хоол унд идэж, ууж байсан ч тэрхүү байшинд хэдий их хоол хүнс, өөрийг баясгах элдэв төхөөрөмж байсан ч түүнээс хамаарахгүйгээр таны хандлагаас шалтгаалан тэнд маш их зовлон харуусалтай байх боломжтой. Эсрэгээрээ өөр нэгэн үнэхээр тааруу, хоёрдугаар зэргийн гэмээр газар амьдрах боловч тэдний хандлагаас шалтгаалан тэд маш баяртай, сэтгэл ханамжтай байдаг. Та бүхэн агуйд амьдарч байсан мөнхийн сэрэмжтэй Мил богдын жишээг харж болно. Агуйд нь ердөө юу ч байдаггүй байсан. Хэрэв бид тийм газар байж таарах юм бол түүнийг маш хэцүү бэрх нөхцөл гэж бодох байсан. Харин Мил богд түүнд маш сэтгэл хангалуун, баяртай байдаг байсан. Тэрээр “Надад орчлонд сонирхох зүйл, эцэстээ эвдэрч муудах нэг ч зүйл үгүй”, юу ч үгүй амьдрахдаа би туйлаас жаргалтай байна хэмээсэн байдаг.

Нэг удаа мөнхийн сэрэмжтэй Мил богд замын хажууд нуга дээр унтаж байжээ. Тэрээр тэнд хэвтэж байсан бөгөөд маш туранхай харагдаж байжээ. Нэг охин алхаж яваад түүнийг харан “Ямар зовсон бие цогцостой хүн бэ. Би ийм бие махбодтой болохгүй байх болтугай; энэ хүн шиг ийм нөхцөлд хэзээ ч төрөхгүй байх болтугай” гэжээ. Мил богд босож ирэн “Чи санаа зовох шаардлагагүй. Бүр над шиг болоосой хэмээн залбирсан ч чи ийм болохгүй” гэжээ.

Мил богдын багш орчуулагч Марпа өөрийн багш Наропатай уулзахаар гурван удаа Энэтхэг явсан байдаг. Түүнийг гурав дахь удаагаа явж байх үед багш Наропа нь аль хэдийн жанч халсан байжээ. Тэрээр Энэтхэг явж байх замдаа нэгэн даваан дээр Төвөд рүү явж байсан Атиша гэгээнтэй таардаг ба Атиша гэгээн Наропа гэгээнийг жанч халсан гэдгийг мэдээд үнэндээ түүний зарим эд зүйл, чандарын шүтээнээс явч явжээ. Гэвч тэрээр Марпад юу ч хэлээгүй, учир нь тэрээр Марпа бол Наропа гэгээн жанч халсан хэдий ч түүнтэй уулзаж чадах онцгой хүн гэдгийг мэдэж байжээ. Ингээд тэрээр түүнийг Энэтхэг явуулсан байна. Марпа Балбаар дамжин Энэтхэгт ирж Наропа гэгээний амьдарч байсан газарт хүрч ирсэн бөгөөд үнэндээ тэрээр тэнд Наропа гэгээний дүрийг үзэн түүнээс сургаал сонссон гэдэг.

Мил богд гэх мэт эдгээр агуу төрөлхтөн нар урд, хойд төрлийн тухай ярих үед ямар нэг худал зүйл ярихгүй. Тэдэнд хэн нэгэнд худал хэлэх ямар ч шалтгаан байхгүй. Тэдэнд хүмүүсийг хууран, үлгэр түүх зохион ярих гэх мэтээр орчлонгийн ямар нэг юм хүртэх сонирхол ердөө байдаггүй. Тэдний цор ганц хүсэл бол хамаг амьтанд туслах. Иймд тэдний урд болон хойд төрлийн тухай хэлсэн зүйлүүд үнэн бөгөөд тэдэнд итгэх шалтгаан байдаг.

Танд зарж борлуулан, танаас их хэмжээний мөнгө олж авах үүднээс тодорхой нэг машин техникийг оюун ухаантай хэмээн ятган итгүүлэхийг оролдох зарим нэг зальхай хүмүүс байх боловч хэрэв Мил богдын жишээг авч үзэх юм бол түүнд зальтай этгээд адил үйлдэх ямар ч шалтгаан байхгүй. Тэрээр танд ямар нэг зүйл зарахыг оролдоогүй; хүмүүсээс мөнгө завшин ашиг олохыг оролдоогүй. Тэрээр агуйд амьдарч байсан бөгөөд ертөнцийн бүхий л эд зүйл, юмсыг бүрэн тэвчиж, ердөө бусдад туслахаар сургаал зааж байсан. Шагжамүни Бурхан багш, Атиша гэгээний жишээг харъя: тэдний аль аль нь хунтайжийн амьдралаас уйсан өөрсдийгөө шашны зам мөрд бүрэн зориулсан. Нингма, Гаржүд, Сажа, Гэлүг ёсны уламжлалыг авч үзье: тэд бүгдэд ертөнцийн ном, орчлонгоос бүрэн уйссан олон их мэргэд байсан бөгөөд тэр бүх мэргэд урд төрөл байдаг тухай зааж байсан. Тэд таныг ятган танд ямар нэг зүйл зарах үүднээс бус. Тэдэнд материаллаг эд зүйлс сонирхох ямар ч сонирхол байгаагүй. Эдгээр бүх сургаалаар тэд зөвхөн танд туслахыг хүссэн, хэрэв та эерэг байдлаар үйлдэл хийвэл тэр нь танд тустай; юмс таны хувьд сайн байх болно хэмээн учирлаж байсан. Ийнхүү тэдний урд болон хойд төрлийн тухай сургаал нь бүгд туслах зорилготой.

Өөрийг номын амьдралд зориулах Номын үйл эхэндээ маш хэцүү байх ба их шаргуу хичээл чармайлт шаарддаг. Энэ нь тийм хялбар зам мөр биш юм. Хэрэв энэ нь ердөө налайн сууж, амарч байгаад маш сайн номын бүтээлч болдог тийм хялбар зүйл байсан бол танд бага зэрэг эргэлзэж, гайхах сэтгэл төрөх байсан байх. Үүнд маш их хичээл зүтгэл шаардагдах боловч, хэдийгээр үүнд ихээхэн бэрхшээл байдаг боловч юмс хэдий бэрх хэцүү болж ирж болох ч та дотооддоо дотоод амар амгалантай байж, юмс сайн болж байгааг мэдэх болно. Төвөд, Энэтхэгт буй үнэн сэтгэлээсээ хичээж буй номын олон бүтээлчдийн дунд юмс хэцүү бэрх болж ирснээр зарим нь зам мөрийг гүйцээж чадаагүй гэж дуулдаж байгаагүй. Үнэндээ тэдэнд энэхүү дотоод баяр баясал, дотоод хүч, дотоод амар амгалан байдаг учраас тэд түүнийг гүйцээж чаддаг гэдгийг та олж мэдэх болно.

Номын зам мөрийн бүтээл нь хүрэх эцэс төгсгөлтэй зүйл байдаг. Та оюун санааныхаа эрэл хайгуул, аялалын эцэст хүрч болох ба энэ нь нэг төрлийн их амгалан төлөвт хүрч эцэстээ хүрдэг. Харин материаллаг эрэл хайгуул нь эцэс төгсгөлгүй, үхэх цагт тэрхүү эрэл хайгуулыг зогсоох шаардлагатай болох үед маш эмгэнэлтэй, гашуун зовлонд хүрч зогсдог; төгсгөлтэй, төгсөхдөө амар амгаланд хүрч төгсдөг зам мөр, оюун санааны эрэл хайгуулаас эрс өөр зүйл байдаг.

Та оюун санааны эрэл хайгуул, шашны зам мөрөө гүйцээх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар бодох хэрэгтэй ба энэ нь үнэндээ юу гэсэн үг вэ? Энэ нь та бүх зүйлийг сурсан, бүх сайн чанарыг эзэмшсэн, сураагүй үлдсэн зүйл юу ч үгүй, бүх зүйлийг гаргууд эзэмшсэн тийм эцсийн цэгт хүрнэ гэсэн утгатай. Зам мөрөө гүйцээснээр та хийх ажлаа дуусгасан учраас налайн сууж, унтаж, юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Тэгэхээр та бүхний эхлүүлж байгаа зам мөрийн тэрхүү аялалыг гүйцээнэ гэдэг чухам юу гэсэн үг болох талаар бодож үзэх хэрэгтэй. 

Өнөөдрийн хувьд энд хүрээд өндөрлөе. Асуулт байна уу?

Асуултууд

Ямар нэг биет, физик зүйл дараа төрөл рүү дамждаг уу?

Гурван асуулт байна. Эхнийх нь Дхармакирти болон аманд нь хийсэн үрлийн тухай Ринбүүчигийн ярьсан жишээтэй холбоотой. Үхэх үйл явцад зөвхөн нарийн сэтгэл болон үйлийн үр цааш үргэлжилдэг гэж ойлгосон. Тус жишээ нь тухайн хүн бас биет зүйлийг үргэлжлүүлэн авч явдаг гэсэн санааг илэрхийлж буй мэт санагдлаа.

Энэ нь та зарим нэг биет, физик зүйлийг дараа төрөлдөө авч явдаг гэсэн үг биш юм. Алт өргөөд алтан ээмэгтэй төрсөн эсвэл алганаас нь алтан зоос гардаг чадалтай төрсөн гэх мэт хүмүүсийн тухай миний ярьсан жишээнүүд бас байна. Энэ бүхэн нь сэтгэлийн үргэлжлэл дээр хүчтэй суусан чадамжуудаас шалтгаалдаг бөгөөд тэдгээр дараа төрөлд нь тийнхүү боловсордог байна. Энэ нь та хэн нэгний аманд үрэл хийснээр тухайн хүн түүнийг дараагийн төрөлд авч яван үхэх үед нь аманд нь хийсэн тэр үрэлтэй төрдөг гэсэн үг биш юм. Харин Дхармакиртигийн маш хүчтэй төвлөрлийн хүчээр тухайн хүний аманд үрэл хийсэн нь сэтгэлийн үргэлжлэлд нь хүчтэй чадамж, ул мөр суулган түүнийг төрөх үед нь аманд дахин нэг үрэл боловсорч байгаа явдал юм.

Жишээ нь Марпагийн хүү Дхармадодей хөлний нэг гэмтэлтэй байсан бөгөөд дараа төрлүүддээ хөл дээрээ нэг төрлийн тэмдэгтэй төрж байсан тухай жишээ байдаг. Энэ нь тэр гэмтлээ аваад төрж байгаа бус харин тэр нь сэтгэлийн үргэлжлэлд нь суун, адилхан зүйл гарах маш хүчтэй ул мөр байсан гэсэн үг.

Ургамал сэтгэлтэй юу?

Хоёр дахь асуулт. Ринбүүчи багана эсвэл гэрэл цацраг нь сэтгэлгүй байдаг бөгөөд хэрэв бид сэтгэлгүй, мэдэхүйгүй бол бидний бие багана эсвэл гэрэл цацрагтай адилхан болох байсан талаар ярьсан. Миний ойлгосноор Бурханы шашны уламжлалд ургамал сэтгэлгүй гэдэг боловч би модыг туяатай адилтгаж чадахгүй байна. Учир нь мод бол амьд. Гэтэл нэг талаар би модыг сэтгэлтэй гэж харахгүй байна. Энэ тал дээр би сайн ойлгохгүй байна, хэрэв ямар нэг зүйл сэтгэлтэй байгаад амьд байдаг нь үнэн юм бол бид ургамлыг сэтгэлтэй гэж хэлэх ёстой болох нь?

Цогцост сэтгэл байдаг уу?

Тэгж бодохгүй байна.

Тэр цогцос эхийн умайгаас гарч ирсэн үү? Тэр цогцос болох бие эхийн умайгаас гарч ирэх үед түүнд нэг сэтгэл байсан уу?

Тэр цогцос өөрөө гарч ирээгүй, үгүй. Гарч ирсэн тэр бодгаль нь мөнх биш, агшнаас агшинд өөрчлөгдөж байдаг учраас тэр нь цогцос болох үед эхийн умайгаас гарч ирсэн тэр зүйл биш байна.

Тэгэхээр хэрэв тэр бие сэтгэлгүй юм бол, та сэтгэлгүй биетэй адил зүйл болох навч, мөчир төрүүлж байгаа учраас мод нь амьтай гэж хэлж байна уу?

Хэрэв ямар нэг зүйл амьд бол тэр нь сэтгэлтэй гэдгийг баталж байгаа гэсэн үг гэж би хэлж байгаа юм. Ингээд хэрэв би энэ бие амьд учраас түүнд сэтгэл байгаа гэж хэлбэл энэ баталгааг модонд хэрэглэх хэрэгтэй болж байна: тэр амьд учраас түүнд сэтгэл байгаа гэнэ.

Тэгэхээр амьд гэдгээр та юуг ойлгож байна вэ – тэр нь амьдралын хүчтэй гэж хэлж байгаа юу?

Тийм. Тэр бол намайг тэр баганаас ялгах үүднээс харах тэр зүйл – би амьд, надад тодорхой амьдралын хүч байгаа, харин тэр баганад байхгүй – энэ бол энэ нөхцөлд тэрхүү ялгааг харах цорын ганц хэлбэр.

Та ямар нэг зүйл амьдралын хүчтэй бол түүнд сэтгэл байдаг гэж хэлж байна уу? Иймээс мод нь навч, мөчир төрүүлдэг учраас тэр нь амьдралын хүчтэй гэж хэлж байна уу?

Навч, мөчрийг голлож хэлэхгүй боловч тэр нь өөр нэг мод төрүүлдэг нь надад түүний амьдралын хүчний жишээ мэт санагдаж байна?

Та алийг нь амьдралын хүчтэй байх шалтгаан гэж хэлж байна? Тэр нь навч, мөчир төрүүлдэг явдал нь уу, эсвэл тэрээр үр гаргах ба тэр нь өөр нэг мод төрүүлдэг явдал нь уу?

Аль алиныг нь гэж хэлэх байна. Ургаж байгаа нь түүнд амьдралын хүч байна гэсэн үг, тэр нь хувирч өөрчлөгддөггүй зүйл биш, тэр нь үнэндээ бодис, үржил шим аван, түүнийг ургах явцдаа өөрчилж байдаг. Үр боловсруулах, тоос хүртэх чадвартай – энэ нь түүнийг амьдралын хүчтэй гэдгийг харуулна.

Тэгвэл занданшуулсан тодорхой нэг цогцсуудын хувьд тэдгээрийг занданшуулснаас хойш хэдэн зууны дараа тэдгээрийн үс, хумс нь ургасан байдаг жишээг юу гэж бодож байна? Тэдгээр занданшуулсан шарилуудтай холбоотой олон хачирхалтай зүйлүүд тохиолдсон байдаг. Тэдгээр занданшуулсан шарилуудын үс, хумс ургасан байдаг учраас та тэдгээрийг бас амьд гэж хэлэх үү? Хэрэв тэгэх юм бол та тариа, буудай нь мөн үр өгдөг учраас бас амьдралын хүчтэй гэж хэлэх хэрэгтэй болно. Ингээд тариа, буудай нь амьдралын хүчтэй учраас бас сэтгэлтэй гэж хэлэх үү?

Үүнд би гайхаад байгаа юм. Эдгээр зүйлүүдийг амьд гэж харахад тийм их итгэж ядах зүйлгүй мэт санагдах боловч тэднийг сэтгэлтэй гэж харахын хувьд? Ургамал сэтгэлтэй гэж би ердөө ойлгохгүй байна.

Хэрэв та “амьдрал” гэдэг үгийг ердөө ургах, шинэ зүйл төрүүлэх үр боловсруулах чадвартай байх гэдэг утгаар тодорхойлж, түүнийг сэтгэлтэй гэдэгтэй адилтгахгүй байвал энэ нь огтоос өөр асуудал, ердөө үг хэллэгийн тухай асуудал болох учраас үүнд тийм их асуудал байхгүй. Гэвч, хэрэв та “амьдрал” гэдэг үгийг түүний төвөд үг болох “срог” (srog), санскрит үг прана гэдэг үгтэй адил утгаар авч үзэж байгаа бол төвөд үгийн утга нь “мэдэхүй”, “мэдэх хэлбэрүүдтэй, сэтгэлтэй байх” гэсэн утгатай байдаг учраас түүнд нийцэхгүй юм. Тэгэхээр энэ бол үг хэллэгийн асуудал байна.

Энэ багана мэт хуурай моднууд бас амьдралын хүчгүй гэж хэлж болох боловч хэрэв эдгээр багануудыг авч усанд хийж тавьснаар тэд чийг аван дахин ногоон болж эхэлбэл түүнийг юу гэж тайлбарлах вэ?

Тэр бол баганын суурин дээр ургаж байгаа өөр нэг организм. Миний бие дээр, энэ суурин дээр нэг организм ургаж болно.

Гэвч та түүнийг амьд байхын шалтгаан гэж тодорхойлсон, тэгэхээр та баганууд амьд байсан учраас шинэ зүйл бий болгож байсан гэж хэлэх ёстой болох биш үү?

Шалан дээр хөгц ургадаг гэвч шал амьд биш, үүнийг би сайн ойлгохгүй байна, гэвч энэ бол ямар нэг зүйл ургах шалтгаан нөхцөл бүрдсэн хэрэг. Гэтэл мод үхэж болдог тухай асуулт байна. Мод үхэх гэж ярьж болох уу гэж хэлэх гэсэн юм.

Доктор Берзин: Ринбүүчигийн хэлж байгаа зүйл бол энэ нь үг хэллэгтэй холбоотой асуудал байгаа явдал юм. Англи хэлэнд бид модыг амьд, мөн мод, ургамал үхнэ гэж ярьдаг. Төвөд болон санскрит хэлэнд тийм утгыг гаргах нь үүнээс ондоо байна, учир нь эдгээр хэлнүүдэд амьдралын хүч болон үхэх тухай ярих үед энэ нь илүү нарийн, тодорхойлолт нь “үхэх”, “амьд” гэдэг үгнүүдийн бидний хэрэглэдэг хэрэглээг хамрах утгыг хамардаггүй байна. Энэ бол нэг нэгэнтэйгээ санал зөрөлдөх асуудал биш; энэ бол ердөө утгын хүрээний хувьд өргөн эсвэл явцуу цар хүрээтэй үгнүүд байгаа тухай асуудал юм.

Тэгэхээр тэдгээр хэлнүүдэд “амь, амьдрал” (англ. life) гэдэг үг сэтгэл гэдэг үгтэй адилхан байдаг гэсэн үг үү?

Доктор Берзин: Тийм.

Тэгэхээр бүр эсрэгээр, хэрэв бид түүнийг усанд хийснээр хөгц эсвэл ямар нэг бичил биет, организм түүн дээр ургах нь үнэн бол үүнээс тэр багана өөр амь, амьдрал бий болгох сэтгэлтэй гэсэн логик гарах нь байна.

Доктор Берзин: Бид бүр өөр асуудлын талаар яриад эхэллээ. Түүнийг түр хойш тавья, Ринбүүчи, ямар нэг зүйл амьд байх гэдгийн барууны тодорхойлолтыг асууж байна.

Хэрэв бид тэр эсрэгийг нь авч үзвэл, энэ нь хэрэв ямар нэг зүйл амьд бол тэр нь өөр нэг амь, амьдралыг бий болгох чадвартай байх хэрэгтэй болно гэдгийг хэрэв та үнэн гэж баталж чадахгүй бол тэр нь түүнийг үхсэн гэдгийг батална гэсэн утгатай болно.

Сэркон Ринбүүчи: Та сансрын пуужинг амьтай, амьд гэж хэлэх үү? Сансрын пуужинг амьгүй гэж хэлэхийн шалтгаан юу вэ?

Үүнд органик эсвэл органик бус материалыг өөрт аван түүнийг дахин боловсруулж, түүнийг тэлэх, эсвэл өөр нэг пуужин төрүүлэх үр боловсруулах чадвар байхгүй.

Тэгвэл машин техникийн хувьд ерөнхийдөө ямар байх вэ, тэдэнд амь байгаа юу? Тэгэхээр ямар нэг зүйл амьд байхын тулд тэр зүйл хоол, хүнс идэх ёстой болох уу?

Тодорхой тэжээлийн хэлбэрийг авч байх ёстой.

Доктор Берзин: Сансрын хөлөг түлш хэрэглэдэг, машин техник цахилгаан хэрэглэдэг гэж хэлэх  нь Ринбүүчид ойлгомжгүй байгаа юм. Тэд хөдөлгөөнтэй, тэд хөдөлж явдаг, цаашлаад машин техникүүд өөр машин техник хийдэг. Иймд барууны “амьд, амьдрал” (англ. life) гэдэг үгийн утга юу гэсэн утгатай болохыг ойлгоход Ринбүүчид бага зэрэг бэрхшээлтэй байна.

Эсийн хуваагдлын хувьд?

Доктор Берзин: Эсийн хуваагдал гэдгийг бага зэрэг илүү тайлбарлаж өгөхгүй юу? Учир нь өөр машин техник хийдэг техникүүд байдаг.

Эсийн хуваагдал бол өсөлт. Эсүүд хуваагдаж өөрсдийгөө дахин бий болгодог.

Доктор Берзин: Эс гэдгийг илэрхийлэх төвөд үгийг би сайн мэдэхгүй байна. Түүний оронд би Ринбүүчид зарим нэг төрлийн өтийг дундуур нь таслахад хоёр өт болдог тохиолдлын тухай хэлж өглөө.

Хэрэв тэрхүү эсийг ямар нэг байдлаар гэмтээх юм бол тэр нь хуваагдах хүчээ алддаг. Эс нь хуваагдах чадвартай боловч бас түүнийг алдаж болдог.

Сэркон Ринбүүчи: Тэгвэл баганын модны эсүүдийн хувьд ямар вэ? Тэр мод эсгүй юу?

Тэд эс боловч хуваагдах чадвараа алдсан.

Тэр чадвар нь байгаа үгүйг ялгах арга нь юу байдаг вэ?

Та юу ч хийж байсан тэдгээр нь дахин хуваагдахгүй. Гэвч хэрэв та амьд өөр нэг эс түүнд хийвэл тэр нь тэдгээр эсийг өсөх суурь болгон хэрэглэж болох ба тэр нь өөрөө хуваагдаж болно.
Үүнийг дэлгэрүүлэх үүднээс би нэг зүйл асууж болох уу? Тодорхой төрлийн моднууд байдаг, тус тусдаа моднууд ч байна, бүлэг моднууд ч байх бөгөөд тэдгээрийг тодорхой чанартай, тусгай энергитэй гэх ба, өөр өөр лус тэдгээрийг эзэмшиж байдаг гэж хэлдэг. Үүний тогтолцоо нь юу байдаг юм бэ?

Доктор Берзин: Та одоо бүр өөр сэдэв рүү орж байна. Бид лусын тухай бус модны тухай ярьж байгаа шүү дээ.

Төвөд үзэл баримтлалын үүднээс мод болон хад чулууны хооронд ялгаа байдаг эсэхийг мэдэхийг хүссэн юм. Хад чулуу биш, хөрсний хэсэг ч биш, харин мод болон метал хоёрын хооронд гэж хэлэх гэсэн юм.

Доктор Берзин: Ургамал нь мод, мөчир гэх зэрэг зүйлүүдийг төрүүлдэг байхад хад чулуу, төмрийн хэлтэрхий тийм байдаггүй. Энэ адилхан, ердөө тэдгээрийг юу гэж нэрлэхийг хүсэх тухай асуудал. Жигнэмэгээ хэрхэн хуваахыг хүсэхтэй адил.

Гэвч тэдгээр нь сэтгэлгүй учраас амьд гэж тооцогдохгүй биз дээ?

Та ургамал, мод бол амьд гэвч сэтгэлгүй гэж хүлээн зөвшөөрнө биз дээ? Энэ нь төвөд хэлэнд яг ийм байна. Тус төвөд үгийг орчуулахдаа бид “амь, амьдрал” (англ. life) гэдэг үгийг хэрэглэхгүй байх нь илүү дээр байх, учир нь тэдгээр нь ижил утгатай биш. Тэдний хэрэглэдэг үг нь “срог” (srog) гэдэг зүйлтэй буюу сэтгэлтэй зүйл гэдэг үг байдаг. Тэгэхээр одоо амьдралтай, амьтай зүйл гэдэг нь өөр асуудал боллоо. Төвөд хэлэнд амьтан, ургамал, эрдэс гэдэг үг байх ба төвөдүүд амьтдыг нэг ангилалд, ургамал, эрдсийг өөр ангилалд багтаадаг. Барууныхан эрдсийг нэг ангилалд, ургамал, амьтныг хамт өөр нэг ангилалд багтаадаг. Үүнээс бүх асуудал гарч байна. Ийнхүү Ринбүүчи хэдийгээр тэд ургамал, эрдэст ялгаатай зүйлүүд байдгийг тэмдэглээд тэднийг нэг ангилалд багтаадаг ч ямар учраас та бүхэн амьтан, ургамлыг нэг ангилалд багтааж байгаагийн шалтгааныг мэдэхийг хүсэж байна. Та бүхэн “амьдралтай, амьд” гэдэг нь “сэтгэлтэй” гэдэгтэй адил биш гэж хэлж байгаа биз дээ? Учир нь төвөдүүд “амьдралтай, амьд” (англ. life – оршин тогтнох хугацаатай) гэдгийг “мэдрэхүйтэй” гэдэгтэй адил биш гэж хэлнэ.

Өмнөх өдрийн айлдварын үеэр нэг хүн ургамал, амьтан хоёрыг ялгах хэцүү байна гэж хэлээд Ринбүүчигээс энэ талаар асуусан. Асуултын хариултанд Ринбүүчи өөд болсон хэмээн чандарлахаар авч явсан нэг хүний тухай жишээг татсан. Маш өндөр эрдэмтэй нэг оточ ирэн “Тэр хүн нас бараагүй байна” гэж хэлжээ. Тэр хүнийг гэрт нь авчран, сэргээжээ; тэр хүн маш нарийн сэтгэлийн төлөвт орсон байж. Хэрэв хүнийг амьд эсвэл үхсэн гэдгийг мэдэхгүй, хэрэв бүр хэлж чадахгүй бол тэр биед сэтгэл байсан ч, байгаагүй ч та ургамалд ямар байхыг хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэрэв тэр сэтгэл гэдэг нь юу болохыг мэдэхгүй бол ургамал сэтгэлтэй үгүйг, эсвэл хүн сэтгэлтэй, үгүйг хэлэхэд хэцүү. Гэвч нэг талаараа ургамлыг амьгүй, тэр ургадаггүй гэж хэлэх надад хэцүү байна.

Доктор Берзин: Тийм, гэвч бидний гол ярилцаж байгаа зүйл бол ямар нэг зүйл амьд байна гэдэг юу гэсэн утгатай болох тухай асуудал юм. Ринбүүчи амьд байх, амьдралтай байх гэдэг барууны ойлголт юу болохыг ойлгохыг хүсэж байна.

Энэ бол ердөө өсөх хүч. Тэгэхээр ургамалтай ярилцсанаар түүний ургалтыг сайжруулж болдогийг хэрхэн ойлгодог вэ?

Доктор Берзин: Ургамлын ургалтад нөлөөлөх үүднээс түүн рүү чиглсэн яриа нэлээн боломжтой зүйл байдаг, тэр бол гайхах, эсвэл сонин хачин зүйл биш боловч энэ нь тухайн ургамал сэтгэлтэй гэж батлахгүй гэж Ринбүүчи хэлж байна. Тэр нь ердөө юмсын бүх зүйл харилцан шалтгаалж байдаг гэдэг тайлбарын хүрээн дэх шалтгаан ба нөхцөлд үзүүлж буй хариу үйлдэл. Ерөө ямар нэг нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх нь тухайн зүйл сэтгэлтэй гэж батлахгүй.

Сэркон Ринбүүчи: Жишээ нь  Венус флитрап гэх зэрэг түүнтэй адил төрстэй шавж иддэг ургамлууд байх ба тэдний зарим нь, бүгд биш, сэтгэлтэй байж болно. Гэвч тэдгээрийн шавж хорхойг барин, уусган авдаг явдлыг тэдгээрийг сэтгэлтэй гэх шалтгаан болгож болохгүй. Учир нь ялаа барьж устгадаг цахилгаан хэрэгсэл бас байх бөгөөд үүгээр түүнийг та амьд гэж хэлэхгүй. Амьд төдийгүй сэтгэлтэй гэж хэлэхгүй.

Зарим зүйл хүн мэт эргэн тойронд явж харагдах боловч сэтгэлгүй байдаг гэж хэлж болох уу?

Доктор Берзин: Тэгэхлгүй яах вэ, хэлж болно. Тийм роботууд эргэн тойронд байдаг. Зүүн эрэг болон Баруун эргийн төв хэсгээр баавгай, бич, горилла хэлбэртэй роботууд компьютер удирдлагатайгаар тайзан дээр гарч ирэн дуулж, бүжиглэдэг тийм пиццаны газрууд байдаг. Нэг удаа бид тэдгээр компьютер пиццаны газраар орсон бөгөөд Ринбүүчи хэдийгээр тэдгээр нэлээд илэрхий амьд биш байхад эхлээд тэднийг бүгдийг амьд гэж хэлсэн. Ийм зүйлүүд маш олон байдаг. Ер нь тэр газар  тийм төрлийн төхөөрөмжүүдээр алдартай газар байсан, тэгэхээр та өөрийн асуултанд хариулах гэж их бодох шаардлагагүй байх.

Хэн нэгэн бусдын өвчинг өөр дээрээ авч болох уу?

Надад дахин нэг асуулт байна. Энэ сүүлийн асуулт Күнү ламын ярьсан нэг хүний өвчнийг өөр дээрээ авсан түүхтэй холбоотой. Энэ нь Бурхан багшийн заасан хэрэв та ямар нэг өвчний шалтгааныг бий болгоогүй бол гэх мэт хэрэв та шалтгааныг нь бий болгоогүй бол, тэр өвчин танд ирэхгүй, та түүнийг туулахгүй гэдэг үйлийн үрийн хуультай зөрчилдөж байгаа мэт санагдаж байна.

Мэдээж, тухайн хүн тэрхүү нөгөө хүний өвчнийг өөртөө авч чадах үйлийн үрийг өөртөө бий болгосон байгаа; энэ нь ямар ч шалтгаангүй тохиолдож байгаа зүйл биш.

Доктор Берзин: Ринбүүчи та бүхний хоолыг идэх, энд та бүхнээс хоол хүлээн авах тэр үйлийн үрийг эсвэл тодорхой үйлдлийг өнгөрсөнд хийсэн эсвэл тодорхой чадамжийг бий болгосон. Тийм үгүй бол Ринбүүчи энд ирэн хооллох ямар ч боломжгүй байх байсан. Нэг гуйлгачин хүрч ирээд, хөөгдөхтэй адилхан байх байсан.

Бурхан таны хилэнцийг таны хөлд орсон өргөсийг авахтай адил авч чадахгүй гэсэн үг байдаг, гэтэл энэ нь Бурхан таны бүх зовлонг өөрөө бол арилгаж чадахгүй харин хэн нэгэн өөр хүн чадах мэт сонсогдож байна.

Энэ нь дээрх жишээн дээр гарсан хүнтэй адил зүйл. Тэрээр тухайн хүн түүний өвчнийг авах үйлийн үрийг бий болгосон гэсэн үг. Энэ адилхан зүйл: хэрэв та Бурханаар туслуулах үйлийн үргүй бол Бурхан өргөс авахтай адил таны зовлонг сугалан авч чадахгүй. Хэрэв та тэрхүү үйлийн үрийг бий болгоогүй, тийм зүйл тохиолдох чадамжийг суулгаагүй бол тийм зүйл тохиолдохгүй. Энэ нь хэрэв та нэг үйлдвэрт ажиллах гэж байгаа бол танд машинууд нь хэрхэн ажилладаг зэргийг зааснаар та тэдгээрийг ажиллуулж чадахтай адил. Та ердөө явж ороод бүгдийг ямар нэг шалтгаангүйгээр ажиллуулж чадахгүйтэй адил: энэ нь тодорхой нэг шалтгаант үйл явцаас бий болдог.

Гэвч энэ асуулт бол үнэхээр нэлээн чухал; үйлийн үртэй холбоотой эдгээр асуултуудыг асуух маш сайн. Энэ нь нүдгүй хүн мэт харагдах тийм зүйл байдаг эсвэл байдаггүй тухай асуухтай адил тийм ухаалаг бус асуулт биш. Игнэж асуувал нэлээн инээдтэй асуулт болно, тийм биз дээ! Мэдээж хэн нэгэн таныг эдгээх гэх мэт ийм зүйлийн хувьд эдгээр зүйлүүд тохиолдох үйлийг өнгөрсөнд хэрэв бий болгоогүй бол тэдгээр зүйл тохиолдохгүй нь үнэн. Ийм зүйлүүд ердөө ямар нэг шалгаангүй тохиолддоггүй; тийм үгүй бол таны хэлсэнчлэн тэдгээр нь зөрчилдөнө. Ийм асуултуудын талаар бодож үзэх маш сайн. Адилхан биш ч хэдий нэг төрлийн диваажин мэт нэг ариун оронд төрөх тухай ярих үед ийм төрлийн зүйлүүд нь тухайн зүйл болох шалтгааныг бий болгоогүй бол тохиолддоггүй. Энэ нь юу ч хамаагүй янз бүрийн зүйл хийгээд тэгээд диваажинд очин бүхий л сайхан зүйлээр баясдаг гэсэн үг биш. Та өөрийн үйлдлээр тэдгээр нөхцөлийг бий болгох ёстой.

Жишээ нь, өнөөдөр энд буй бид бүгд өнөөдөр энд байх шалтгааныг бий болгосон, ийм үйлийн үртэй. Хэрэв бидэнд энд байх тэрхүү үйлийн үр байгаагүй, энэ үдэш энэ сургаалд оролцох үйлийн үр байгаагүй бол та энд хүрэлцэн ирэхгүй байх байсан. Хэдэн жилийн өмнө Гоман хийдэд нэг маш сайн суралцсан монгол хүн байсныг санаж байна. Тэр үеийн Гоман хийдийн хамба лам маш эрдэмтэй, үнэхээр том бүтээлч хүн байсан. Хийдүүдийн сургалтын тогтолцоонд гэвшийн Лхарампа гэдэг зэрэг байдаг бөгөөд тэр нь тэдний сургалтын системийн хамгийн өндөр, докторын зэрэгтэй тэнцэхүйц зэрэг юм. Тэр хамба лам нөгөө монгол ламд “Энэ зэргийн шалгалтыг өгөх хэрэггүй, тэр үйл явцаар явахгүй байх хэрэгтэй” хэмээн хэлсэн боловч тэрээр тэр зэргийг авахыг хүсэж байжээ.

Хамба ламыг гадагш явсан хойгуур нөгөө монгол лам “Намайг шалгалт өгөхгүй байх нь дээр гэж хэлж байгаа нь хамба лам надад илт мэдлээ харуулж байгаа юм болов уу. Гэвч сахилын хувьд түүнийг үзүүлэх учиргүй тул надад худал хэлж байгаа байх нь” хэмээн боджээ.

Юутай ч хамбын хэлснийг тооцохгүйгээр нөгөө монгол хамгийн дээд түвшний удаах түвшний шалгалтыг өгчээ. Учир нь тэрээр маш сайн суралцсан, бүх эх зохиолыг маш сайн мэдэж байжээ. Ингээд тэрээр шалгалтыг өгч, тодорхой зэрэг авахыг хүссэн байна. Хийдийн сургалтын тогтолцоонд нэгэнт та доод түвшний зэргийн шалтгалтыг өгөөд тухайн зэргийг авсан бол та дараагийн дээд түвшний зэргийн шалгалтыг өгч болдоггүй, учир нь та аль хэдийн тухайн зэрэглэлийн зэргийг хүртсэн гэж үздэг байна.

Хамба лам жанч халж, нөгөө монгол дээд түвшний зэргийг хүртэхээр шийдсэн ба учир нь хамба лам байхгүй тул түүнийг хийхэд болно гэж боджээ. Шалгалтанд байлцахаар арван мянган лам хүрэлцэн ирсэн байжээ. Шалгалтыг өгдөг хэлбэр нь тэдгээр олон лам нарын өмнө эхлээд та тодорхой эх зохиолуудыг цээжээр унших ёстой, дараа нь жинхэнэ аман шалгалтаа өгнө. Энэ нь мэтгэлцээний хэлбэрээр явагдана. Ингээд тэрээр шалгалтын нэг хэсэг болгон эх зохиолыг цээжээр унших уншлагаа хийхээр баганын урд зогсож байгаад суудлаа эзлэхээр суудал дээрээ хөлөө тавимагц тэрээр тэндээ унан, нас баржээ.      

Тэрээр дээд түвшний зэргийн шалгалт өгөх үйлийн үргүй байсан учраас түүнийг өгч чадаагүй юм. Хамба лам үнэндээ энэ тухай мэдэж байсан бөгөөд ийм учраас түүнийг шалгалт өгөхгүй байх нь дээр гэж хэлсэн байдаг. Хүмүүс, шалгалт өгөхийг оролдож байгаад суудал дээрээ унаж нас барсан тэр монгол ламын дэвтэр, эд зүйлс дундаас тэрээр үнэндээ Номын сахиуснаасаа шалгалт өгвөл ямар байх талаар асуусан тэмдэглэлийг нь олжээ. Хариулт нь тэрээр өгөхгүй байх нь дээр гэсэн байсан боловч тэрээр тэр хариултанд тийм их дуртай байгаагүй, хамбыг гадагш явсан хойгуур түүнийг буруутган, илт мэдэлтэй дүр үзүүлж байна хэмээн бодож юутай ч явж шалгалт өгөхийг оролдож байжээ.

Энэ жишээний хувьд гол санаа нь тэрхүү хамба лам илт мэдэлтэй байсан, байгаагүй нь гол биш, харин хэрэв та тодорхой нэг үйл явдал болох үйлийн үрийг бий болгоогүй бол хэдий их та шахаж, хичээсэн ч тэр зүйл болохгүй гэдгийг харуулж байна. Хэн нэгний өвчнийг авахын хувьд энэ нь бас адил. Хоёр тал хоёулаа тухайн зүйл тохиолдох үйлийн үрийг бий болгосон байх ёстой.

Top