Эрдэнэт хүний төрлийн хамгийн сайн онцлог шинжүүд

Найман сайн чанар ба тэдгээрийн шалтгаан

Өчигдөр бид амьдралдаа эерэг, аюулгүй, зөв зам мөр гаргах, аврал одуулах тухай ярилцсан. Амьдралдаа аюулгүй зам мөр; аюулгүй, зөв зам мөр гаргах нь маш чухал бүтээл, маш чухал санаа. Учир нь үүний үндсэн дээр та гэгээрэлд хурдан хүрэх боломжтой. Иймд энэ зам мөрд хүчин чармайлт гаргах нь туйлаас хэрэгтэй. Одоо бидэнд эрдэнэт хүний төрөл болох маш сайн зохих суурь байгаа бөгөөд хэрэв тэр дундаа өнгөрсөнд үйлдсэн үйлийн үр болох тэдгээр найман их буюу найман сайн шинж чанар бүрдсэн тийм хүний төрөл байгаа бол бидэнд ахиц гаргах хамгийн сайн боломжууд бүрдсэн байна гэсэн үг. Тэгвэл бүтээлийг хамгийн их үр дүнтэй болгох урдын үйлийн үр болох тэдгээр найман онцлог чанарууд юу байдаг вэ?

  • Урт настай
  • Маш сайн бие цогцос, төрхтэй
  • Нийгмийн болон гэр бүлийн маш сайн нөхцөлд төрсөн
  • Ашиглаж болох ихээхэн нөөц баялаг, боломжтой маш хүчирхэг
  • Хэлний маш сайн чадвартай, өөрөөр хэлбэл, маш бага ярих боловч тэр нь утга төгөлдөр, шударга, ширүүн бус, хүн бүр түүнийг зөв, тустай гэж үзэх
  • Бусдад эерэг нөлөө үзүүлж чадах маш нөлөө бүхий
  • Бие махбодын хувьд маш хүч чадалтай, хатуужил бүхий
  • Маш их сэтгэлийн хүч, сэтгэлийн тэнхээтэй

Эдгээр чанаруудыг хэрхэн ашиглах вэ?

  • Хэрэв та урт настай бол өөрийн бүтээлийн эцсийг харж болно. Танд өөрийг хөгжүүлэх, бусдад туслах нэг бүтэн үе байх болно.
  • Хэрэв та бие махбодын хувьд өв тэгш, сайхан төрхтэй бол бусад хүмүүс аяндаа танд татагдан та тэр бүгдэд туслах, сургаалаа айлдах олон хүмүүсээр хүрээлүүлнэ.
  • Хэрэв та нийгмийн болон гэр бүлийн маш сайн гаралтай бол энэ нь бусад хүмүүс аяндаа танд анхаарал хандуулан, таны хэлэх зүйлийг илүү нухацтай сонсох гэдэг үүднээс маш тустай.
  • Хэрэв та хүчирхэг, нөлөө бүхий бол танд бусдад туслахад ашиглаж болох нөөц боломж их байна.
  • Хэрэв та маш үнэнч шударга бол бол бусад хүмүүс таны хэлэх зүйлд чин сэтгэлээс хандан, түүнийг хүлээн авах болно.   
  • Мөн хэрэв та хүчирхэг, хүчтэй нөлөөтэй бол түүнийг бусдад эерэг байдлаар нөлөөлөхөд хялбар ашиглаж чадна.
  • Хэрэв та маш их хатуужил, сэтгэлийн тэнхээтэй бол тэдгээрийг жишээ нь олон янзын далд мэдрэхүй болон бусад төрлийн эрдэмд хүрэхэд хялбар ашиглаж болно. Өөрийг бие махбод болон сэтгэлийн хувьд аль алинаар бүрэн ашиглаж чадна.

Эдгээрийн эхнийх болох урт настай байхын шалтгаан нь ямар нэг амьд амьтны амь таслахыг тэвчих явдал юм. Жишээ нь өөр бусад амьтны идэш хоол болох гэж буй амьтны амийг аврах, тухайлбал харцага шувуунд шүүрүүлэх гэж буй оготно гэх мэт амьтад, ойн том амьтдад бариулах гэж буй аливаа нэг амьтан эсвэл мууранд бариулах гэж буй хулганыг чөлөөлөх гэх мэт. Амьтны амь аврах, гэтэлгэх нь түүний үр болон насыг уртасгадаг: та урт настай болох болно. Өвчтэй, зовлонтой хүмүүст туслах нь бас маш эерэг, сайн үр дагавартай байдаг. Энэ бүгд урт настай байхын шалтгаан юм.

Өв тэгш төрх, бие махбодтой байхын шалтгаан нь зул өргөх мөн хувцас болон олон янзын үнэт зүйл зэргийг бэлэглэх явдал байдаг. Мөн атаархал үгүй, уур үгүй байх – эдгээр нь сайхан төрхтэй байхын шалтгаан болдог.
Сайн гэр бүл, нийгмийн сайн гаралтай байхын шалтгаан нь өөрийн номын багш нар болон уншуулж, бичүүлж сургасан гэх мэт бусад багш нартаа маш хүндэтгэлтэй мөн эцэг эхдээ хүндэтгэлтэй байх явдал байна.
Бусдад туслах ихээхэн нөөц боломжтой байхын шалтгаан нь маш өглөгч байж, ядуу зүдүү хүмүүст өглөг өгөх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох гэх мэтээр тусламж хүссэн эсвэл бүр хүсээгүй үед ч өглөг болон бэлэг өгөх явдал. Үүний үрд бусдад туслахад ашиглах элбэг нөөц баялагтай болно.     

Нэгэн удаа холын нэг оронд дундаа хэрэглэх, хувцас болгон биеэ ороох нэг даавуунаас өөр эд зүйл үгүй нэгэн настай эрэгтэй, эмэгтэй хоёр амьдардаг байжээ. Тэр цагт өөрөө гэтэлсэн төрөлхтөн болох нэгэн пратекабуддха (брадигабуд) бадар барин тэдний гэрийн ойролцоо иржээ. Тэрхүү их хүнд өргөх ямар ч хоол, өгөх зүйл юу ч байгаагүй боловч түүнд маш их сүсэг төрөн тэд өөрсдийн ганц хувцас болох тэрхүү даавуугаа өргөжээ. Түүний үрд, тэдний өргөл өргөсөн төрөлхтөн нь маш ариун, дээд төрөлхтөн байсан учраас тэр даруй асар их хувцас, хоол, бүхий л төрлийн эд зүйл бүхэн тэдний гэр дээр бороо болон оржээ. Түүгээр зогсохгүй тэд дараа төрөлдөө цагаан даавуунд ороолттой төрсөн гэдэг.

Маш их нөлөөтэй, бусдад эерэгээр нөлөөлөх чадалтай байхын шалтгаан нь олон өөр чадварт суралцан, өөрийгөө хөгжүүлэн, бусдад туслах үүднээс ерөөл уншин, мөн Гурван эрдэнэд өөрийн хамгийн сайн чадах хэмжээгээр тахил өргөх явдал байдаг. Хэрэв танд нөөц боломж байхгүй бол их хэмжээний өргөл өргөх шаардлагагүй, гэвч өргөж буй аливаа зүйлээ, бүр өчүүхэн төдий өргөл байсан ч түүнийг хиргүй сэтгэлээр, ямар нэг хармын сэтгэлгүйгээр, “энэхүү өргөлийн үрээр би хамаг амьтанд тусалж чадах болтугай” гэсэн бодлоор өргөх хэрэгтэй.      

Шагжамүни Бурхан багш өмнөх төрлүүддээ өөрийн сэтгэлийг бусдад, гэгээрэлд олон янзаар зориулж байсан тухай олон түүхүүд байдаг. Тэрээр өглөгийг их өгч байсан. Түүнд тэдгээр өглөгүүдийг өргөх их эд баялаг, эд зүйл байгаагүй боловч тэр түүнийг үнэхээр хиргүй, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр өргөж байсан учраас үр нь маш гайхалтай байдаг байсан. Иймд та өргөл өргөх гэж байгаа бол энэ нь ердөө нэг цагаан даавуу эсвэл нэг цэцэг гэх мэт юу ч байж болно. Дипамкара Бурханы үед агаарт ердөө нэг хөх лянхуа цэцэг шидсэнээр өргөл болсон тухай түүх байдаг ба гол санаа нь хэрэв та үнэхээр чин сэтггэлээс, хиргүй ариун сэтгэлээр өргөл өргөх юм бол үр нь үнэхээр гайхалтай байдаг явдал юм. Бурханд ердөө нэг аяга элс өргөн түүнийг нэг аяга алтны тоос байсан болоосой хэмээн хүсэн ерөөл тавьсан байдаг ба түүний үр нь асар гайхамшигтай байсан тийм цэвэр ариун, чин хүслээр өргөл өргөсөн тухай түүхүүд байдаг.    

Сургаал сонсох, түүнийг эргэцүүлэх, тэр тухай бодох, тэдгээрийг сэтгэлийн эерэг зуршил болгон төлөвшүүлэхийг хичээх, бясалгах, гороо хийх гэх мэт та ямар ч төрлийн эерэг үйл хийж байсан, ямар ч төрлийн бүтээл хийж байсан хэрэв та “Үүнээс бий болох эерэг чадамж хамаг амьтанд туслах чадвар, гэгээрэлд хүрснээр бодитойгоор түүнийг хийж чадах үр болон боловсрох болтугай” хэмээн ерөөвөл энэ нь ямар нэг зүйлд зорин хүссэн хүсэмжлэх мөн зориулахуйн ерөөлийн аль аль нь болно.       

Хэрэв танд хийж буй тодорхой нэг үйл байгаад та “Үүнээс гарах эерэг үйлийн чадамжаар энэ, энэ зүйл тохиолдох болтугай, би гэгээрэлд хүрэх болтугай” хэмээн ерөөж байвал энэ нь хүсэмжлэх болон зориулга ерөөлийн аль аль нь болно. Гэвч хэрэв та зөвхөн “Би эрдэнэт хүний төрөлд төрөх болтугай” эсвэл “Би гэгээрэлд хүрэх болтугай” хэмээн ерөөж байвал, ямар нэг тодорхой зүйлд зориулахгүй ердөө хүсэл тавьж байвал энэ нь зөвхөн хүсэмжлэхүй ерөөл болно. Эдгээр хоёрт ялгаа байх ба хэрэв тэр нь зориулга ерөөл байх юм бол тэр нь бас хүсэмжлэх ерөөл болно. Гэвч хэрэв тэр нь зөвхөн хүсэмжлэх ерөөл байвал тэр нь бас зориулга ерөөл болох албагүй. Хүсэмжлэхүй ерөөлийн ялгаа нь тэр нь ердөө ямар нэг зүйл тохиолдохыг хүсэх байдаг бол зориулга ерөөл нь өөрийн бий болгосон тодорхой эерэг чадамжийг, эсвэл ердөө ач санасан сайхан сэтгэл гэх мэтийг тухайн нэг хүсэл биелэх тухайд зориулж байдаг.  

Гэгээрэлд хүрэхээр хийсэн аливаа эерэг зүйлээс бий болох чадамжийг “Энэ бүхэн миний гэгээрэлд хүрэх шалтгаан болох болтугай” гэх мэтээр зориулах юм бол тэрхүү чадамж үнэндээ таныг гэгээрэлд хүрэх хүртэл шавхагдахгүй, арилж үгүй болохгүй юм. Хэрэв та түүнийг тэрхүү их үйлд зориулж байгаа бол тэр зорилгод хүрэх хүртэл шавхадахгүй, асар удаан хугацаанд байсаар байна. Гэвч хэрэв та тэр чадамжийг энэ мэт зарим гайхалтай зүйлд зориулахгүй бол тэр эерэг үйлээс бий болсон чадамж ердөө нэг зүйлд зориулагдан барагдаж дуусах бөгөөд маш богино настай байна. Хэрэв та түүний зөв зохистой зориулбал түүний чадамж таныг гэгээрэлд хүрэх хүртэл барагдахгүй.

Хэрэв та өөрийн бий болгосон тухайн эерэг чадамжийг зориулаагүй бол уурласнаар түүнийг бүрэн сүйтгэх тул уурлахгүй байх нь маш чухал. Учир нь таны бий болгосон боловч зориулаагүй эерэг чадамжийг сүйтгэж үгүй хийдэг гэсэн утгаар үр нь маш тусгүй байж болно. Энэ нь онгоцны буудлын рентген үзлэгтэй адил юм. Хэрэв та гэрэл зургийн хальс авч явсан бол таны авсан бүх зурагнууд рентген гэрэлд цохиулан арилахтай адил. Иймд уур бухимдал нь ийм сөрөг талтай, түүнээс гарах олон хор уршигтай байдаг учраас өөрийн чадах хэрээр уурыг аль болох багасгахыг хичээх хэрэгтэй. Уур нь таныг тамын аль нэг төрөлд хөтөлж болдог. Иймд уурыг барьж, түүнийг арилгахыг хичээх нь туйлаас чухал.    

Ярилцаж байсан жагсаалт руугаа эргэн оръё. Тэгэхээр бие махбод болон сэтгэлийн их хүчтэй байхын шалтгаан нь бусдад тэжээллэг хоол гэх зэргийг өгөх мөн бусдын хийж чадна гэж төсөөлж ч чадахгүй тийм бүхий л төрлийн даалгавруудыг хийх явдал байна.

Та бусдад туслахад хамгийн их үр нөлөөтэй байх боломж олгох тэр бүх чанарууд бүхий хүний төрөл, хамгийн сайн зам мөрийн суурь болох төрөл авах тухайд ерөөл тавих хэрэгтэй. Хэрэв танд эдгээр бүх чанарууд бүрдсэн хүний төрөл, зам мөрийн суурь байгаа бол та зам мөрөөр маш үр дүнтэй, үр нөлөөтэй явж чадах бөгөөд танд үүнийг хийх бүхий л чадвар байх болно. Гэвч хэрэв та ямар нэг номын зам мөр дагаагүй бол та эдгээр чанаруудыг хялбар буруу хэрэглэж тэдгээрийг маш их сөрөг үйлийн чадамж бий болгох шалтгаан болгож болно. Иймд та ирээдүйд ийм чанарууд бүхий хүний төрөлд төрөх тухай ерөөж байгаа бол тэдгээрийг шашин номын ач тустай зорилгоор хэрэглэх үүднээс тэдгээр чанарууд бүхий хүний төрөлд төрөх тухай ерөөх нь чухал.         

Номын зам мөрийн эрдмийн бага, дунд, их түвшний эрдмүүдийн дундаас бага түвшний эрдэм нь өөрийн амьдралыг хоол, унд, хувцас гэх мэт энэ амьдралын, зөвхөн энэ насанд зориулах нь ердөө ямар ч үр шимгүй гэдгийг ойлгох үед төрдөг. Ийнхүү та энэ насны амьдралд хичээн зүтгэх нь ямар ч тусгүй, иймд “Өөрийн ирээдүйн төрлүүддээ тустай байх үүднээс хичээе” гэсэн шийдвэр гаргадаг. Улмаар та өөрийн ирээдүйн төрлүүдээ сайжруулахад хүчин чармайлт гаргахад нэн түрүүнд ач холбогдол өгч, ирээдүйд тустай байх, ирээдүйн төрлүүдээ сайжруулах шашны зам мөр, оюун санааны эрэлд өөрийн хүчийг чиглүүлдэг.

Бясалгал

Энэ түвшний эрдэм төрөхөд эдгээр сэтгэлийн зөв зуршлыг бий болгохыг хичээх үүднээс таны бясалгах гол сэдвүүд нь юуны түрүүнд бүхий л чөлөө, учрал (боломж) бүрдсэн эрдэнэт хүний төрлийн талаар бодох явдал байна. Дараа нь үхэл болон одоогийн энэ нөхцөл тогтвортой байхгүй, энэ бүхэн мөнх бус болох талаар бясалгана. Гурав дахь нь аврал болгон өөрийн амьдралд аюулгүй, зөв зам мөрийг гаргах тухай байна. Дөрөв дэх нь үйлийн үрийн хууль, зан байдал ба түүний үр дагавруудын тухай байна юм.

Та эдгээрийг бясалган, сэтгэлийн нэг сайн зуршил болгон төлөвшүүлэхийг хичээх үед таны хийх ёстой зүйл бол эхэлж ойлгож мэдэх төрлийн бясалгал болох заримдаа шинжлэх бясалгал гэж нэрлэгддэг бясалгалыг хийж, дараа нь тогтоох төрлийн бясалгал болох тухайн нэг ойлголтон дээр тогтох, тогтоох бясалгалыг хийнэ. Эдгээрийн эхнийх нь болох шинжлэх буюу ойлгож мэдэх төрлийн бясалгалд та тэдгээр бүх санаануудыг шинжилж, судлан чухам ямар утгатай болохыг ойлгож мэдэхийг хичээнэ. Ингээд тэр бол юмсын мөн чанар мөн гэсэн баттай шийдвэрт хүрэх үед сэтгэлээ түүн дээр тогтоох ба үүнийг тогтоох бясалгал гэдэг. Тодорхой нэг ойлголтыг шинжлэх байдлаар ойлгохыг хичээн дараа нь тэрхүү ойлголт үнэн гэсэн бүрэн итгэл дээр тогтох энэ хоёр бясалгалыг хооронд нь ээлжлэн хийнэ.

Одоо би та нараас хэдэн асуулт асууя. Юуны түрүүнд бясалгалыг хэрхэн эхлэх вэ, эхлэх цэг нь юу байх вэ? Бясалгалд ороход хөтлөх эхлэлийн цэг нь юу байх вэ?

Хамаг амьтны тусад хэрхэн бясалгаж байгаа талаар бодох.

Доктор Берзин: Сэдлийн үүднээс тэр бол зөв, гэвч Ринбүүчи бясалгалд орох бодит эхлэх цэг нь юу байх вэ хэмээн асууж байна. Сэдэл хэрэгтэй гэдэг нь үнэн, гэвч эхлэх цэг нь юу байх вэ хэмээн асууж байна.

Сэтгэлийг тогтоон, тайвшруулах үүднээс амьсгал дээрээ төвлөрнө.

Доктор Берзин: Ринбүүчи түүнээс өөр ямар нэг зүйл байх уу хэмээн асууж байна.

Орчлон нь хэзээ ч сэтгэл хангадаггүй болохыг мэдэх нь түүнээс цааш гарах сэдэл төрүүлэх үү?

Сэркон Ринбүүчи: Бүгдэд нь хариулахад, энэ мөн л бясалгалын сэдэл гэсэн бүлэгт хамаарах ба та бүхний өгсөн тэдгээр гурван хариулт гурвуулаа бясалгалын үйл явцтай холбоотой илүү ерөнхий хариултууд байна. Асуулт нь, Номын бүтээл үйлдэгч болон үнэндээ Ном бүтээгээгүй байгаа хүнийг ялгах, эсвэл Бурханы шашинтан болон Бурханы шашинтан бус хүнийг ялгах орох олом, орц (зааг) нь юу байх вэ гэсэн асуулт юм.       

[Чимээгүй болов.]    

Доктор Берзин: Хэрэв та хоосон чанар дээр бясалгах гэж байгаа бол үнэндээ – орц буюу үүд гэсэн үг магадгүй утгыг зөв орчуулахгүй байгаа байх. Би үнэндээ чухам юуг асууж байгааг бас сайн ойлгохгүй байна. Тэгэхээр сайн ойлголцохгүй байна.

Бясалгалын суурийг хэлж байна уу?

Доктор Берзин: Энэ нь “таны бясалгаж эхлэх тэрхүү орц, үүд юу болох”-ыг илүүтэй хэлж байгаа юм, тэр бол асуусан асуулт юм. Ринбүүчи, та бүхэн бичиж сурч эхлэх үед эхлэх цэг нь юу байх, та бүхний хийх эхний зүйл юу байхаар жишээлэн тайлбарлаж байсан. Үүнийг асуусан асуулт гэж ойлгоорой. Таны хийж эхлэх эхний зүйл юу байх вэ? Бичиж сурч эхлэх үед таны хийх эхний зүйл бол цагаан толгойг сурах. Үүнтэй адил бясалгаж эхлэх үед таны хийх эхний зүйл бол бясалгалыг хийх таны сэдэл юу байгааг шалгаж үзэх явдал. Энэ бол та бүхний өгсөн хариултуудаас илүү ерөнхий. Та сэдэл тань юу болохыг шалгаад, хэрэв таны сэдэл сайн биш байвал та бүхний хэлсэн зүйл болох амьсгал дээрээ төвлөрөх явдал байна. Хэрэв бясалгахаар суух үед та маш өслөх сэтгэл гэх мэт сэтгэлийн төлөвтэй байвал сэтгэлийг тогтоон, тайвшруулах үүднээс амьсгалын аргуудыг хэрэглэж болно.

Ингээд өрөөгөө шүүрдэж, бясалгах газраа цэвэрлэж, зөв суудлаар суусны дараа аливаа бясалгалыг хийж эхлэх эхлэлийн цэг нь ийнхүү суух таны сэдэл юу болохыг шалгах явдал. Таны хийх тэрхүү эхний зүйл бол шалгаж үзэх тэр явдал бөгөөд энэ нь та суугаад, нүдээ аньж, тэндээс эхэлнэ гэсэн үг биш. Гол санаа бол эхлээд үүнийг хийж буй таны санаа юу болохыг харах. Ринбүүчи та бүхэнд бясалгалын сэдлийг талбих тухай нэг сайхан түүх ярьж өгье гэж байна.

Сэркон Ринбүүчи: Төвөдөд Бэнгүнгэл хэмээх нэртэй нэг зартай дээрэмчин байжээ. Тэрээр дөчин акр бүхий тариалангийн газартай, түүгээрээ амьдралаа зүдрэн байж залгуулдаг байсан бөгөөд тэр нь хангалтгүй байдаг байсан учраас тэрээр явж дээрэм тонуул хийн бас загасчилж, ан хийдэг байв. Нэг удаа тэрээр нэгэн даваа давж яваад нэг морьтонтой тааралджээ. Тэр хүн Бэнгүнгэлийг танилгүй түүнээс “Та өнөөх зартай дээрэмчин Бэнгүнгэлийг ойр тойронд хараагүй биз?” хэмээн асуужээ. Бэнгүнгэл түүн рүү уурсан “Би Бэнгүнгэл байна” гэтэл өнөөх хүн үнэхээр айн мориноосоо унан уулын уруу өнхөрчээ. Ердөө түүний нэрийг сонсоод мориноосоо унан уулын уруу өнхөрч байгаа хүнийг хараад Бэнгүнгэлийн санаа нэлээд зовон түүний дээрэмчин байгаа нь, түүний хийсэн бүх зүйл үнэхээр буруу байсан байна гэж боджээ. Тэрээр өөрөө өөртөө өөрийн хийсэн муу зүйлүүдийг шударгаар хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдлүүддээ харамсан өөрийн зам мөрийг засан, Номын бүтээл хийн, тэр цагаас хойш шударга амьдрахаар шийджээ.

Ингээд тэрээр өдрийн туршид бодсон бодол, хийсэн бүхий л сөрөг болон эерэг үйлүүдээ онцгойлон анхаарч, тэдгээрийг тэмдэглэн хөтөлдөг болов. Өдөр бүр тоолон үздэг байлаа. Өөрийн хийсэн эсвэл бодсон сөрөг үйл бүрдээ нэг хар тэмдэг тавин, эерэг үйл бүрд цагаан тэмдэг тавьдаг байв. Эхэндээ тэрээр бараг нэг ч цагаан тэмдэг байхгүй, бүхэлдээ хар тэмдэгтэй байдаг байв. Тэрээр бясалган, сайн зуршлуудыг суулгах хэрээр өдөр бүр хар тэмдэг нь багасан багассаар, цагаан тэмдэг нь илүү болж ирэв. Улмаар өдөр бүр илүү олон цагаан тэмдэгтэй болж байгааг анзаарах болов. Ингээд тэрээр “Ёс зүйн сахилга батын ялагч” хэмээх номын нэр авав.  

Тэрээр ийм маягаар үргэлжлүүлэн суралцаж, хэрэв өдрийн төгсгөлд илүү их хар тэмдэг авсан байвал тэр баруун гараа зүүн гараараа барин түүнийг хүчтэй сэгсрэн “Бэнгүнгэл, чи үнэхээр өмхийрсөн! Ном бүтээхийг хичээх боловч чиний хийж байгаа бүхэн түүнийг үнэхээр баллаж байна” хэмээн өөрийгөө хүчтэй зэмэлдэг байв. Хэрэв илүү их цагаан тэмдэг авбал тэрээр баруун гартаа зүүн гараа атган өөртөө баяр хүргэн гар барьж “Чи үнэхээр сайн ажиллаа, чи бол ёс зүйн сахилга батын ялагч тэр мөн” хэмээн өөрийгөө магтан, сайшаадаг байв.

Хожим нь тэрээр сайн багш, гэвш, ёс зүйн сахилга батын ялагч Бэнгүнгэл хэмээн алдаршиж, олон хүмүүс түүнтэй уулзахаар, олон өглөгийн эзэд түүнийг дэмжихээр ирдэг болжээ. Нэг өдөр түүний өглөгийн эздийн нэг болох нэг эмэгтэй түүнийг өөрийн гэртээ зоогонд урьжээ. Түүнийг тэнд байх зуур тэр эмэгтэйг гадагш гарсан хойно, дээрэмчин байснаас үлдсэн зөнгөөрөө тэрээр тэр эмэгтэйн цайгаа хийдэг том сагсыг хараад цайны навч хулгайлахаар гараа тийш шургуулжээ. Гэвч энэ үед тэрээр хийж байгаа зүйлээ мэдэн гараа нөгөө гараараа брьж аван нөгөө эмэгтэй рүү “Эгчээ, хурдан ирээрэй, нэг хулгайчийг бариад авлаа” хэмээн хашхирчээ.                

Өөр нэгэн удаа түүнд бас тусалдаг нэг өглөгийн эзэн түүнд зочлон очно хэмээн хэл хүргүүлжээ. Ингээд тэр өглөө Бэнгүнгэл маш эрт босон сууцаа маш хичээнгүйлэн цэвэрлэж, сайхан тахил тавин, зул өргөн, үнэрт хүж уугиулжээ. Тэрээр бясалгалаа хийхээр суун, эхэлж өглөө хийсэн зүйлийнхээ сэдлийг шалгав. Тэрээр эдгээр бүх бэлтгэлийг өглөгийн эзэн ирэх гэж байгаа учраас түүний сэтгэлийг татан илүү их зүйл хүртэх гэсэн сэтгэлээр хийснийгээ мэдэв. Тэрээр үүнийг маш муу сэдэл хэмээн мэдэж байлаа. Ингээд тэрээр босон зуух руугаа очин үнсний савнаас үнс хутган авч урцаа тойрон явж бүх зүйл дээгүүр цацан сууцыг бүхэлд нь эмх замбараагүй болгов.

Энэ нь аливаа бясалгалыг түүнийг хийх болсон сэдлээ шалгах байдлаар эхэлдэг гэсэн санаа юм. Шалгаж үзээд хэрэв танд ихээхэн өслөх сэтгэл, уур, хүсэл, шунал гэх мэт сэтгэлүүд байвал, хэрэв сэтгэл тайван биш байвал энэ үед амьсгалын дасгал хийнэ гэсэн үг. Жишээ нь, амьсгалаа алгуур гаргаж, дараа нь алгуур амьсгал аваад түүнийг нэг гэж тоолох байдлаар хорин нэгэн удаа давтах ба энэ явцад сэтгэл тайвширна. Танд төвөг удаж байгаа ямар ч зүйл агшин зуур намддаг болохыг та ажиглана.

Хожим нь маш олон өглөгийн эзэдтэй болж, хүн бүрээс тусламж авах болсон Бэнгүнгэл тэрээр “Өмнө би дээрэмчин байх үедээ дөчин акр газар эзэмшдэг, шөнө тонуул хийн, загасчилж, ан хийх боловч миний ам идэх хангалттай хүнс олж чаддаггүй байсан. Харин одоо номын бүтээлчин болсноор хэдий надад эд зүйл хэрэггүй байсан ч хүмүүс ирэн өглөг өгсөөр байна. Өмнө нь миний ам хангалттай идэх хүнс олж чаддаггүй байсан бол одоо хоол хүнс над руу орох хангалттай ам олж чадахгүй байна” хэмээжээ.

Сэдлээ шалгасны дараа хэрэв тэр нь буруу, та сэтгэлийн таагүй төлөв байдалд байвал амьсгалын дасгал хийн өөрийг тогтоон тайван болгоно. Түүний дараа бясалгалынхаа үндсэн хэсэгт орох ба энэ нь тухайлбал нь танд буй эрдэнэт хүний төрөл гэх мэт тухайн бясалгалд таны авч үзэхийг зорьж буй тухайн нэг сэдвийн талаар бодох байдлаар сэтгэлийн сайн, тустай зуршил бий болгох үйл ажиллагаа байна. Хэрэв сэдлээ шалгаж үзэх үед тэр нь зөв байвал эхэлж амьсгалын дасгал хийх шаардлагагүй, та шууд үндсэн сэдэвтээ орж болно.

Бясалгалын суудлын хувьд тэр нь Вайрочанагийн долоо эсвэл найман ёстой холбоотой. Найм дахь хэсэг нь амьсгалтай холбоотой бөгөөд үүнийг оруулсан ч болно, оруулахгүй байсан ч болно. Амьсгалыг тоолох нь таны тайван бус сэтгэлийг хэрхэн хормын дотор арилган өөрчилж болдгийг ойлгоход туслах нэг адилтгал байдаг. Тэр нь, жишээлбэл, энэ өрөө ном сонсохоор ирсэн хүмүүсээр дүүрсэн байна гэж бодъё. Хэрэв маргааш нэг хүн нэмэгдэж ирэхийг хүсвэл түүнд багтах зай байхгүй, суудал байхгүй байна. Хэрэв тэр хүн шууд ирээд хэн нэгэнд “Хөөе, суудлаа өгчих, би суух гэсэн юм” гэвэл тэр бүтэхгүй, тэрээр суудал олж чадахгүй. Харин тэр ирээд хэн нэгэнд нэг түүх зохион “Гадаа нэг үнэхээр сонирхолтой зүйл болж байна. Гарч харахгүй юм уу?” хэмээгээд тэр хүнийг босож гарсны дараа тэр хүний суудал дээр сууж болно. Тэрээр ийнхүү суудал олж авахаар мэх зохиосон. Амьсгал бас үүнтэй адил таны сэтгэлийн тайван бус байдлыг түр саатуулан арилгаж өөр зүйл түүний орыг эзлэх боломж олгодог.

Урд болон хойд төрлийн тухай асуулт

Доктор Берзин: Өчигдөр үдэш гарч ирсэн урд болон хойд төрлийн талаарх асуултыг би Ринбүүчигээс асуусан. Асуулт нь хэрэв та урд болон хойд төрөл байдаг эсэх тухай асуудалтай ажилласан (бүрэн итгэдэггүй боловч ойлгохоор хичээж байгаа) хэвээр тодорхой бүтээлүүдийг хийж байвал тэр нь албан ёсоор Ном болох уу гэсэн асуулт байсан. Хэрэв та бүхэн Номыг ирээдүйд муу төрөлд унахаас сэргийлдэг сэргийлэх арга хэрэгсэл хэмээн тодорхойлоод, хэрэв та түүнийг өөрийн ирээдүйн төрлүүдэд тус болох гэсэн үүднээс бодохгүй байвал таны үйл таныг муу төрөлд унахаас сэргийлэх тэр чиглэлд орохгүй. Гэвч энэ нь таны хийж байгаа зүйл эерэг чадамж бий болгохыг үгүйсгэхгүй. Энэ нь тустай, учир нь Ном гэдэг үгийн орчуулга болох тэр үгийн ерөнхий, эгэл хэрэглээний хувьд сэргийлэх аргын олон түвшин байдаг.   

Жишээ нь, та эмчид очин, тарилга гэх зэргийг хийлгэж болно. Энэ нь таныг өвдөхөөс урьдчилан сэргийлэх сэргийлэх арга бөгөөд тэр нь энэ насанд тустай байх бөгөөд тодорхой эгэл түвшинд энэ нь сэргийлэх арга юм. Үүний адил таны энэ насанд хийж байгаа зүйл, одоо авч хэрэглэн үр дүн нь тэндээ, бас энэ насанд гарах ямар нэг тодорхой аргууд нь сэргийлэх арга мөн. Гэвч хэрэв та сэдлийн бага, дунд, их түвшний түвшинтэй хэн нэгний өөртэйгөө ажиллах сэтгэлийн зам мөрийн зэрэг болох лам римд дүрсэлсэн байдаг сэтгэлийн жинхэнэ зам мөрийн тухай албан ёсоор ярьж байвал дээрх бүхэн тэдгээрийн бага түвшний өмнө байх зүйл юм. Та үнэндээ ирээдүйн төрлүүдэд тустай байх үүднээс бодож эхлэх үед зам мөрийн тодорхойлолтонд өгөгдсөн тэрхүү эхний шатанд орж чадна.   

Тэгэхээр энэ бол Барууныхан бидний эхлэх цэг, тэр бүхний өмнөх шат юм. Хэрэв төвөд хүмүүсийн зам мөрийг тодорхойлон эхэлдэг тэрхүү хил зааг нь үнэндээ ирээдүйн төрлүүдэд тустай байх үүднээс хичээхээс эхэлдэг бол тэр үе шатанд хүрэхийг тулд үнэндээ хойд төрөл болон өөрийн төрлийг (оршихуйг) хэрхэн бий болгодог талаар мэдэх шаардлагатай.

Сэркон Ринбүүчи: Одоо бид бүгдээрээ бидэнд бие, сэтгэл хоёр байдаг гэдгийг мэдэж байгаа. Эдгээр баганууд, нарны цацраг гэх мэт эдгээр зүйлүүдэд ухамсар, мэдрэхүй гэдэг үүднээс сэтгэл гэж байдаггүй, үүнийг бид бүхэн ойлгоно. Хэрэв бид олон янзаар мэдрэх мэдрэхүй буюу сэтгэлгүй ердөө махбод байсан бол, хэрэв бүх зүйл ердөө физик, материаллаг зүйл байсан бол бид цогцсоос ялгарахгүй, багана эсвэл туяанаас ялгарахгүй байх байсан.

Нэр чинь хэн билээ?

Түвдэн.

Түүний нэр болгон Түвдэн гэж хэлэх үед бид түүний биеийг харж байдаг; бид үнэндээ түүний сэтгэлийг, түүний мэдэхүйн олон хэлбэрийг харж чаддаггүй. Гэвч түүний сэтгэлийг сэтгэлийн үйл ажиллагаа болгон ярих үед түүний өчигдрийн, өнөөдрийн бас маргаашийн сэтгэлий үйл ажиллагаа байдаг. Сэтгэл буюу сэтгэлийн үйл ажиллагаа байхгүй байх нэг ч хором хэзээ ч байдаггүй, энэ бол үргэлжлэл байдаг. Энэ үүднээс бодож эхлэх үед хэдийгээр бие махбод байхгүй болж болох ч, сэтгэлийн хувьд түүнтэй адил биш гэдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй.

Эерэг, буяны үйл нь эерэг уг чадамж бий болгож, түүний үр нь баяр жаргал, сайн сайхан байх – зан байдал болон түүний үр дагаврын хуулинд сэтгэл итгэмжлэх (итгэл үнэмшилтэй болох) хэлбэрийн хувьд энэ нь миний тэр нэг өдөр хэлсэнчлэн шашны итгэл үнэмшил дээр суурилан төрдөг зүйл байдаг. Тэдгээрийг нүдээр харах, шалтгаан ба үр дагавар ийнхүү явагддаг гэдгийг батлах маш хэцүү. Та энэ тал дээр Бурхан багшийн үгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно.

Тэгэхээр хэрэв энэ нь үнэндээ нүдээр харж болохгүй зүйл бөгөөд та Бурхан багшийн үгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог юм бол эдгээр асуудлууд дээр Бурханы үгийг хэрхэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог вэ? Эерэг үйл хийсний үр дүнд амар амгалан гардаг мөн сэтгэлийн үргэлжлэл дараа төрлүүдэд дамждаг гэдэг үүднээс эдгээр зүйл дээр юу Бурханыг үнэн зөв, хүчин төгөлдөр эх сурвалж болгодог вэ? Эдгээр асуудлууд дээр Бурханы үгийг хангалттай, зөв хэмээн хүлээн зөвшөөрөх хэлбэр нь Бурхан багшийн бусад хэлсэн зүйлүүдийн тухай бодох явдал байдаг. Тухайлбал, Бурхан багш хоосон чанар буюу бодит байдлын тухай, сэтгэлийн тайван төлөв болох шаматха, амарлин оршихуйд хүрэх аргын тухай  ярьсан. Хэрэв та тэдгээр асуудлуудын тухай Бурхан багшийн хэлсэн зүйлийг авч үзэн түүний хэлсний дагуу тэдгээрийг үнэндээ бүтээх юм бол тэр бүхнийг үнэн гэдгийг мэдэх болно. Та өөрөө өөрийнхөө туршлагаар бодит байдлын талаарх түүний хэлсэн зүйл үнэн хэмээн баталж болно. Учир нь та түүнийг ойлгож ухаарч чадсан. Сэтгэлийн амгалан төлөвийн талаар түүний хэлсэн зүйл үнэн, учир нь та түүнд хүрсэн. Ингээд үүний үндсэн дээр та хойд төрөл гэх мэт бусад түүний хэлсэн зүйлүүдийг хүлээн зөвшөөрч болно.

Та хоёр эсвэл гурван ихрүүдийн жишээг авч үзэж болно. Тэдгээр хоёр эсвэл гурван хүүхдүүд гадаад төрх, бие махбодын хувьд адилхан байж болох боловч тэдний нэг нь нөгөөгөөсөө илүү ухаантай; тэдний нэг нь юмсыг хурдан сурдаг, нөгөө нь тийм биш байж болно. Үүний шалтгаан нь тэдний урд төрөлд байдаг. Нэг нь өмнөх төрлүүддээ сэтгэлээ маш сайн сурган илүү ухаантай байх ул мөр суулгасан бол нөгөө нь тэгээгүй учраас бага зэрэг удаан сэтгэдэг байж болно. Юутай ч хэдийгээр та сэтгэл урд төрлүүдээс ирдэг, урд болон хойд төрөл байдаг гэдгийг баталж чадахгүй ч, та тэдгээрийг байдаггүй гэж баталж чадахгүй нь бас үнэн юм. Гэвч хэрэв та төгс төвлөрөлд хүрдэг сэтгэлийн амгалан төлөв болох шаматха, амарлин оршихуйд хүрвэл тэр үед та олон төрлийн далд чадвар эзэмшин энэ үед та үнэндээ өөрийн урд төрлүүдийг харж чадна. Та тэдгээрээс олныг харж чадахгүй байж болох ч цөөн хэдийг харж чадна. Таны хойд төрлийн хувьд энэ нь адилхан байх ба та хаана төрөхөө мэдэж чадна. Аргыг дагаснаар та өөрөө урд болон хойд төрөл байдгийг харах боломжтой юм.

Би асуулт асууж болох уу?

За.

Ямар төрлийн зүйл харж чаддаг юм бол?

Өмнөх төрлүүддээ юу хийж байснаа санах олон өөр түвшинтэй хүмүүс байх ба энэ нь энэ насны хувьд ч адил байдаг. Зарим хүмүүс энэ насандаа идсэн бүх хоолоо санадаг байхад зарим нь хэдэн жилийн өмнө идсэн хоолнуудынхаа ихэнхийг ердөө санахгүй байж болно, тодорхой нэг өдөр тэд юу идсэн, юу хийснээ санахгүй байж болно. Өмнөх төрөлдөө тодорхой нэг өдөр юу хийснээ бүр ч санахгүй. Энэ нь хувь хүн бүрээс шалтгаална. Зарим хэсэг нь барагцаалан хардаг. Та найман жилийн өмнө, тэр жил өдөр бүр ямар хоол идэж байснаа санаж байна уу?

Магадгүй дөрвөн жил хагасын өмнөхийг.

Та тэгвэл дөрвөн жил хагасын өмнө идсэн бүх хоолоо санаж байна уу?

Нэгээс гурван сар хүртэл, гэвч зөвхөн өдрийн хоолыг.

Тэгвэл та түүнээс нэг сарын өмнө юу идсэнээ санаж байна уу?

Үгүй.

Урд төрлийн хувьд энэ бас адил байна. Түүний бүх нарийн зүйлүүдийг санах нь нэлээн ховор. Бүр энгийн хүмүүсийн дунд ч өмнөх төрлөө санадаг хүмүүс бас байдаг.

Урд болон хойд төрөл байдгийг логикоор батлах нэлээн хэцүү. Нотлохуйн ухааны их мастер Дхармакирти эртний Энэтхэгт нэгэн хаанд тэдгээрийг байдаг гэдгийг батлах сорилттой мөн тулж байжээ. Тэрээр нас барж байгаа нэг хүнийг олон түүний аманд үрэл хийсэн байна. Ингээд хэдэн сарын дараа амандаа үрэлтэй нэг хүү төржээ. Ийм маягаар, нэлээн физик, биет түвшинд тэрээр дахин төрөл байдгийг харуулсан. Та бүхэн мөн Дээрхийн гэгээн Далай лам одоогоор Далай лам нарын арван дөрөв дэх дүр болохыг авч үзэх хэрэгтэй; Панчэн лам мөн адил, тэрээр арав гарантай дүртэй; мөн Кармапа нар байна, сүүлийнх нь арван зургаа дахь нь байсан. Хэдийгээр эдгээр лам нар төрөл бүрдээ биеэ сольж байсан ч тэдний сэтгэлийн үргэлжлэлүүд тасралтгүй үргэлжилж байгаа. Энэ нь өндөр настай албаны хүнийг солин өөр нэг хүн олж тавихтай адил биш. Тэд хойд дүрийг олохдоо түүнийг орлох хүнийг хайдаггүй харин тэд тэрхүү сэтгэлийн үргэлжлэлийг хайдаг. Арван гуравдугаар Далай лам жанч халсны дараа тэд арван дөрөв дэхийг олох шинжүүдийг хайсан, маш олон гайхалтай зүйлс тохиолдсон. Палдэн Лхам бурханы адистай нэг нуур байдаг бөгөөд тэр нууранд арван дөрөвдүгээр Далай ламын төрөх байшин, газрын байдал, газрын нэрийг илэрхийлсэн үсэгнүүд зэрэг харагдсан.     

Энэ бүх зүйлүүдийн талаар бодож үзэх үед та урд болон хойд төрлийн тухай ойлголтыг илүүтэй сонирхож эхлэх ба түүнийг хүлээн зөвшөөрөх үед та ирээдүйн төрлүүддээ тус болох үүднээс олон эерэг үйл хийх нь маш чухал гэж үзнэ. Хэрэв сэтгэл нь машинд суурилуулж болох ердөө нэг механик, биет төхөөрөмж байсан бол жишээ нь та нэг компьютер хийгээд түүнд нэг сэтгэл суулгаж болох ба тэр нь үнэндээ нэг амьтан байх байсан. Ингээд та төхөөрөмжөөр нохой, муур, шавж хорхой гэх мэт олон амьтныг хийх ба үнэндээ та сэтгэлийг бараг бүх зүйлд суурилуулж болох байсан. Үүнээс гарч ирэх дүгнэлт нь хэрэв сэтгэл цэвэр биет зүйл байсан бол та сэтгэлийг дэлхий дээрх бараг бүр зүйлд суурилуулж болох ба таны эргэн тойрны бүх зүйл амьд, өсөн төлжих боломжтой байх байсан. Ийм байсан бол, хэрэв машин техникт амь болон сэтгэлийг суурилуулаад тэгээд бүх машин техник эвдрэх үед амьдрал мөхөх байсан. Хэрэв сэтгэл нь цэвэр механик ямар нэг зүйл байсан бол бид бүгд үлэг гүрвэл адил мөхөх байсан, машин техникүүд эвдэрснээр амьдрал мөхөхтэй адил. Гэвч энэ талаар бодож үзэх юм бол дээрх хоёр боломжийн аль аль нь утгагүй юм.

Top