Эрдэнэт хүний төрөл, үхэл мөнх бус, аврал

Эрдэнэт хүний төрөл

Ном бүтээх боломжгүй бүхий л хэцүү бэрх нөхцөлүүдээс түр амсхийсэн бүхий л чөлөөг эдлэх, мөн өөрийн нөөц чадамжийг ахиулах олон боломжууд, тэдгээрийг баяжуулах хүчин зүйлүүд бүхий суурь болох эрдэнэт хүний бие бидэнд байгааг ухаарч ойлгох нь маш чухал. Ийм суурь болох хүний биеэр бид ёс суртахууныг төлөвшүүлэх мөн үргэлж эерэг үйл үйлдэх боломжтой. Учир нь хэрэв бид жишээ нь амьтан болж төрсөн бол ямар нэг төрлийн ёс зүйтэй дадал зуршлыг баримтлах боломжгүй. Бидний олж төрөөд буй энэхүү хүний бие нь гадагш гарч дэлгүүрээс худалдан авч болох зүйл биш. Энэ нь өдөр бүр ажиллан цалингаа хураан хаа нэг газраас худалдан авч өөрийн болгож болох зүйл биш. Энэ бол олж авахад маш хэцүү зүйл.

Эрдэнэт хүний төрөл бүхий хүний төрөл авч төрөхөд шалтаан байх шаардлагатай бөгөөд энэ шалтгаан нь ёс зүйн хувийн сахилга батыг сахих явдал юм. Бид одоо энэхүү эрдэнэт хүний төрөл олж төрсөн байгаа нь өнгөрсөнд бид маш ёс зүйтэй байсны илэрхийлэл. Иймд нэгэнт Номын энэ бүх сэргийлэх аргуудтай одоо учирсан байгаа учраас энэ насандаа маш ариун ёс зүйн хэм хэмжээг сахих нь туйлаас чухал. Мөн түүний дээр өглөг, тэвчээр, эерэг зүйлд эрч хүчтэй хичээл зүтгэл гаргах сэтгэл, сэтгэлийн тогтвортой байдал, төвлөрөл, билиг ухаан гэх мэт зүйлүүдийг үргэлжлүүлэн бүтээн дадал болгох шаардлагатай. Эдгээр зүйлүүд бас маш чухал.

Хэрэв бид өөрсдийгөө ажиглах юм бол бусдад аливаа нэг зүйл өгөх, өглөгч байхын оронд бид эсрэгээр нь нэлээн харамч; тэвчээртэй, хүлээцтэй байхын оронд бид түргэн уурлах хандлагатай, юмсыг хүлцэж чадахгүй байгааг олж харна. Хэрэв бид ийм хэв маягаар үйлдэл хийж байвал ирээдүйд эрдэнэт хүний төрлийг үргэлжлүүлэн олох маш хэцүү болно.

Эдгээр хүчин зүйлүүд дээр нэмэгдэх дараагийн нэг шалтгаан бол бид эрдэнэт хүний төрлийг олж төрөх тухай хиргүй ариун ерөөл тавих хэрэгтэй байдаг явдал. Гэтэл өөрсдийгөө авч үзвэл бид энэ тухай ерөөл маш ховор тавих бөгөөд бүр ерөөл тавих бол зөвхөн энэ насны ажил үйлдвэрүүдэд зориулсан байдаг: өвчингүй эрүүл байх, урт наслах гэх мэт. Ингээд дахин хэлэхэд энэ бүхэн нь ирээдүйд өөр нэг эрдэнт хүний төрөл авах ямар хэцүү байхыг харуулж байна.    

Үнэхээр Номыг баримталдаг хэн нэгнийг олох маш ховор, Номын бүтээл юу шаарддаг түүнийг бүрэн дүүрэн баримталдаг: ирээдүйн төрлүүддээ сайн нөлөө үзүүлэхэд анхаарал хандуулдаг хэн нэгэн. Хэрэв бид амьдарч байгаа энэ газраа авч үзвэл хэчнээн хүн үнэндээ эдгээр асуудлуудад анхаарал хандуулж байна вэ? Тоолж үзэх юм бол энэ газар амьдарч байгаа нийт хүмүүсээс энэ сургаалд үнэндээ ердөө арван дөрөв, таван хүн ирсэн байна шүү дээ.

Иймд бид аль хэдийн өөрсдийн хүрээд буй зүйлийг авч үзэн бид эрдэнэт хүний төрлийг олсон байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол урдын төрлүүддээ гаргасан маш их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүн юм. Хэрэв бид энэ тухайд ямар нэг зүйл хийхгүй бол ирээдүйн төрлүүддээ дахин үүнд хүрэхэд маш хэцүү байх болно. Бид маш, маш хичээнгүйлэн зүтгэж байж энэ бүх боломж бүхий эрдэнэт төрөл болох ийм хүний төрлийг үргэлжлүүлэн авсаар байх бүх шалтгаануудыг бий болгоно. Хэрэв бид энэ тухайд юу ч хийхгүй бол ирээдүйд дахин ийм таатай боломж бүхий төрөлд төрөх үнэхээр хэцүү байх болно.

Түүгээр зогсохгүй бид бүхэн бидэнд буй энэхүү эрдэнэт хүний биеэр илүү их зүйлд хүрч болно. Бидний сэтгэл үнэндээ туйлаас саруул тунгалаг болж, өөсрдийг бүрэн хөгжүүлэн гэгээрсэн Бурхан болж өөрсдийн дээд чадамжинд хүрэх боломжтой. Тэгвэл “Хэн чухам үүнд хүрсэн юм бэ?” гэж асуувал нэг насандаа гэгээрэлд хүрсэн Мил богдын жишээг хэлж болно.

Гэгээрэлд хүрэх зохих суурь болох хүний биеийн хувьд тэр нь Мил богдод ч байсан бидэнд ч бас адилхан байна. Тэдгээр нь ав адил: Мил богд ч, бид ч адилхан хүн төрөлтөн. Харин Мил богд энэ насны амьдралын хэрэг явдлаас илүүтэй ирээдүйн төрлүүддээ голлон анхаарч байсан; өөрийг эрхэмлэх болон бусдыг эрхэмлэх хоёрын бусдыг эрхэмлэхийг чухалчилж; ертөнцийн үйл хэрэг болон номын үйл хэрэг хоёрын номын үйлийг чухалчилж байсан. Эдгээр зүйлүүдийг чухалчилснаар тэрээр нэг насандаа гэгээрэлд хүрч чадсан.

Тэрээр өөрийн багш болох орчуулагч Марпагийн дэргэд аль хэдийн дөчин нас хүрсэн үедээ суралцан, бүтээл хийж эхэлсэн ба тэндээсээ үргэлжлүүлэн суралцаж, бүтээл хийх болсон. Энэ жишээнээс харахад бид бүгдэд тэр мэт хичээл зүтгэл гаргах чадвар байгаа бөгөөд ямар нэг шалтаг хэлэх аргагүй юм. Бид бүгд Мил богдын хүрсэн зүйлд хүрч болох ба нэг насандаа гэгээрэлд хүрч чадна. Энэ бүхэнд зөвхөн эрдэнэт хүний төрөл дээр суурилж хүрнэ.

Арван хар нүгэл буюу арван сөрөг үйлийг хэзээ ч үйлдэхгүй байж, тэдгээрийг тэвчих талаар бидний ярьсан зүйлүүдийн талаар бодож үзэж, үргэлж эерэг байдлаар үйлдэл хийхийг хичээн тэдгээр арван цагаан буян буюу арван эерэг үйлийг хийн, тийм төрлийн ёс суртахууныг чанд сахиж өөрийн эрдэнэт хүний төрлийн хэргийг бүрэн гаргах хэрэгтэй. Энэ нь энэхүү суурин дээр суурилан үнэндээ гэгээрэлд хүрэх тэдгээр зэргүүд буюу үе шатууд дээр ажиллах явдал юм.

Top