Үйлийн үрийн хуулиудын бясалгал бүтээлүүд
Өчигдөр бид үйлийн үрийн хууль, үйлийн шалтгаан ба үр дагаврын хуулиудын талаар ярилцсан. Үйлийн үрийн хувьд түүний гол бүтээл нь гэм бүхий арван сөрөг үйл буюу арван хар нүглийг үйлдэхийг онцгойлон тэвчиж, эерэг үйлүүд буюу буяны үйлүүдийг хийхийг хичээхийг шаарддаг. Бид мөн зан байдал (үйл) ба түүний үр дагаврын хуулиудын олон онцлогуудыг, тэр дундаа, түүний магадтай байх хүчин зүйлийг авч үзсэн: хэрэв та эерэг, буяны үйл үйлдвэл түүний үр дагавар нь амар амгалан, сайн сайхан байх нь гарцаагүй (магадтай). Мөн бид арвижих хүчин зүйлийн талаар авч үзсэн бөгөөд өчүүхэн бага үйлээс маш их, хүчтэй үр дагавар гарч болно. Энэ бүхнийг бясалгах арга, өөрөөр хэлбэл үүнтэй холбоотой сэтгэлийн ач тустай зуршил бий болгох арга нь үйл, түүний үр дагаврын магадтай ёсыг санах, амар амгалан, аз жаргал бол эерэг үйлийн үр дагавар байдаг бол зовлон, асуудал бэрхшээл нь сөрөг үйлээс гардаг зүйл болох талаар бодох явдал байдаг.
Та өөрийн хүсэж буй амар амгалан, аз жаргалын бүхий л хэлбэрүүдийн талаар бодож, өөрөөсөө “Эдгээрийн шалтгаан нь юу байж болох вэ?” хэмээн асуух байдлаар эхэлнэ. Дараа нь тэдгээр олон эерэг үйлүүд болон (хойд төрөл авахтай холбоотой) тэдний тийн боловсролын үр хэрхэн боловсрох, таны туулж эдлэх зүйлтэй холбоотой амслагын шалтгаан зохилдох үр, мөн таны зан үйлтэй холбоотой үйлийн шалтгаан зохилдох үр, мөн тэдгээрийн эрхэт үрийн талаар бодно. Та энэ бүх үр дагаврууд, таны хүрэхийг хүсэх буй амар амгалан, аз жаргал, тэдгээр нь эдгээр шалтгаанаас хэрхэн гарах, тухайлбал, эерэгээр үйлдэл хийснээр хэрхэн гарах талаар бодно. Ингээд дараа нь та “Би тэрхүү амгалан, аз жаргалд хүрэхийг хүсэж байна” гэх ба ийм учраас та түүнд хүрэхийг хичээх шийдвэр гаргана.
Ингээд энэ амгалан, аз жаргалд хүрэхэд асуудал гаргаж, саад болж буй зүйл бол сөрөг байдлаар үйлдэл хийх явдал болох талаар бодно. Энэ үед та тэдгээр сөрөг үйлүүд болон түүний үр дагавар, тэдгээрийн тийн боловсролын үр, амслагын болон үйлийн шалтгаан зохилдох үр, эрхэт үрийн талаар бодно. Эцэст нь та “Би эдгээр асуудлуудын алиныг ч эдлэхийг ердөө хүсэхгүй байна” хэмээн бодож эдгээр арван сөрөг байдлаар үйл үйлдэхийг тэвчих нэг маш хатуу шийдвэр гаргана.
Дараа нь та үйл ихээр арвижих хүчин зүйл, хэрхэн өчүүхэн жижиг үйлээс асар том үр дагавар гарч болдог талаар бодож, “Би бүр хамгийн бага эерэг үйлийг үйлдэхийг хичээж, хамгийн өчүүхэн сөрөг үйлийг тэвчихийг хичээе” хэмээн хатуу шийднэ.
Түүний дараа дараагийн хоёр хүчин зүйлийг авч үзэх ба тэдгээр нь хэрэв та үйлийг үйлдээгүй бол түүний үртэй учрахгүй, хэрэв та тодорхой нэг үйл үйлдсэн бол тэр нь үрэгдэж арилахгүй, түүний үр боловсрох явдал байна. Үүнээс, жишээ нь, хэрэв та сөрөг байдлаар үйлдэл хийж сөрөг үр суулгасан бол тэнд түүнтэй холбоотой ердөө хоёр боломж байгааг харна: тэрхүү амсах ёстой үрийг харамслын (гэмшлийн) хүч гэх мэт ялгамжаатай дөрвөн хүчийг ашиглан арилгах; ийнхүү арилгаагүй тохиолдолд түүний үрийг та зайлшгүй амсах явдал байна. Үүнтэй адил хэрэв тодорхой эерэг үйлүүдийг хийсэн бол тэдгээрийн үрд амар амгалан, аз жаргал боловсрон гарах нь ердөө цаг хугацааны асуудал байх бөгөөд хэрэв сөргөөр үйлдэл үйлдсэн бол түүний үрд зөвхөн асуудал, зовлон гарна. Эдгээр зүйлүүд боловсрон гарах нь зайлшгүй ба ямар нэг зүйлийн үрийг суулгасан бол тэр нь хэзээ нэг цагт боловсрох нь үнэн гэдгийг та мэдэх хэрэгтэй.
Гэвч хэрэв та ямар нэг зүйлийн үр суулгаагүй бол тэрхүү үр боловсрох ямар ч шалтгаан байхгүй юм. Жишээ нь, таны хүсэж буй олон төрлийн амар амгалан, жаргал байсан ч хэрэв та тэдгээрийн боловсрон гарах шалтгааныг бий болгоогүй бол тэдгээр амар амгалан, баяр жаргалыг та эдлэх боломжгүй. Ийм байдлаар хэрэв та шалтгааныг нь бий болгоогүй бол үртэй нь хэрхэн учрахгүй байх талаар, хэрэв шалтгааныг нь бий болгосон бол тэр нь хэрхэн хуучран үрэгдэж алга болохгүй талаар бодно.
Үйлийн шалтгаан ба үр дагаврын хуулиудыг харуулсан түүхүүд
Хэрэв та тодорхой нэг үйл үйлдсэн бол тэр нь хуучирч, үрэгдсэнээр үгүй болохгүй (үйлдсэн үйл үл шамшигдах ёс)
Үүнийг дүрсэлбэл, ээжийгээ гэртээ түгжин, идэх зүйл юу ч өгдөггүй байсан нэг хүүгийн тохиолдол байдаг. Ээж нь хүүгээсээ хоол гуйхад тэрээр зуухнаасаа үнс аван түүнийг устай холин ээждээ өгч байжээ. Ингээд ээж нь өлссөөр үхэв.
Тэр хүү нас барж хожмын нэг төрөлдөө Шагжамүни Бурхан ертөнцөд заларсан үед төрөн хуврагийн сахил хүртэж, ном үзэн, гэтэлсэн төрөлхтөн, архадын хутагт хүрчээ. Гэвч хэдий тэрээр зовлонгоос гэтэлсэн төрөлхтөн, архад болсон ч маш хүндээр өвдөж гэнэ. Тэр цагт Бурхан багшийн шавь нар өглөөд бадар барин явж хооллодог байсан бөгөөд тэрхүү хувраг явж чадахгүй болов. Бурхан багш шид бүтээлд хүрсэн хэдэн хуврагт тэр өвдсөн хуврагийн бадрыг барин түүнд хоол авчирч өгөхийг зөвлөжээ. Ингээд нэг хувраг тэр өвчтэй архадын бардыг аван явж түүнд хоол авчирч өгөхөөр ирэхэд нэг шувуу ирэн бадрыг шүүрэн доторх бүхнийг аван оджээ. Ийнхүү түүнд хоол хүргэх боломж гарсангүй.
Энэ нь дахин дахин тохиолдсон бөгөөд долоон хоногийн турш тэрхүү өвчтэй архадад хоол хүргэх боломж гарсангүй. Ингээд нэг өдөр Шарипутра өөрөө бадрыг барин тэр хуврагт хоол авчрахаар явжээ. Тэрээр бадрыг байшинд оруулах гэтэл байшингийн хаалга алга болон байшинд орох боломжгүй болж гэнэ. Энэ бүхэн тэр хуврагийн өмнө үйлдсэн сөрөг үйлийн үр дагавар болон тохиолдож байжээ.
Шарипутра өөрийн шидийг ашиглан хаалга гарган байшинд орж бадрыг түүний өмнө тавихад бадар түүний өмнө үйлдсэн үйлийн үр дагавар болон газар доогуур орон алга болов. Хэдийгээр бадар газар доогуур орон алга болсон ч Шарипутра дахин шидээ ашиглан гараа газар доогуур оруулан бадрыг гаргаж ирэв. Ингээд тэрхүү хувраг хоолыг идэхээр амандаа ойртуулахад түүний ам алга болон хоолыг идэх амгүй болов.
Энэ бүхэн маш хачин санагдаж байж болох ч энэ нь өмнөх төрлүүдэд бий болгосон үйлийн үр дагавар болон тохиолддог ер бусын зүйлүүдийн нэг хэлбэр юм. Энэ үйл явдлын дараа тэр хувраг Шарипутрад энэ бүхэн нь түүний өнгөрсөнд хийсэн үйлийн үр боловсорч буй хэрэг, “Би эхдээ хоол өгөхөөс татгалзсан бөгөөд түүний үрд би ямар нэг зүйл идэх, надад хоол олдох боломжгүй байгаа юм. Хэдийгээр би зовлонгоос гэтэлсэн архадын хутагт хүрсэн ч үйлдсэн үйлийн үр магадтай гэдэг (түүнийг зайлшгүй эдэлж байгаа) нь энэ юм. Тэр төрөлдөө би ээждээ үнсээр зутан хийж өгсөн ба одоо та надад тийнхүү зутан хийж өгвөл би түүнийг идэж чадна” хэмээжээ. Тэрээр тэрхүү үнсээр хийсэн зутанг идээд нисэх, өөрийн биеэс гал, ус гэх мэт махбодуудыг гаргах зэргээр гэтэлсэн төрөлхтөн, архадын хувиар өөрийн хүрсэн бүх шидийг үзүүлэв. Энэ бүх шидийг үзүүлээд тэрээр жанч халан, нирваан дүр үзүүлсэн байна.
Энэхүү түүх нь хэрэв та тодорхой үйлийн үрийг бий болгосон бол тэр нь хуучирч эсвэл багассанаар барагдан арилахгүй; бүр зовлонгоос гэтэлсэн төрөлхтөн, архадын хутагт хүрсэн ч тэдгээр нь боловсроно гэдгийг харуулж байна.
Хийсэн сөрөг үйлийг ариусган арилгаагүй бол үр нь боловсрох нь магадтай
Асуулт асууж болох уу?
Болно.
Нэг талаараа үйлийг дөрвөн хүчээр арилгаж болно гэдэг боловч нөгөө талаараа бүр архад болох эдгээр мэргэд хүртэл үйлийнхээ үр дагаврыг гарцаагүй эдлэх ёстой болж байгаа мэт санагдаж байна. Ямар учраас тэр вэ?
Таны хэлж байгаачлан хэрэв та өөрийн хийсэн буруу үйлүүдийг хүлээн зөвшөөрч, наманчилж, тэдгээрийг арилгах тэдгээр хүчүүдийг ашигласан бол өнгөрсөнд үйлдсэн үйлийн үр дагаврыг амсах ёстой болохгүй. Гэвч гэтэлсэн төрөлхтөн нарын олон үйлс нь итгэхийн аргагүй байдаг ч энэ мэт өнгөрсөнд үйлдсэн буруу үйлүүдийг ил хүлээн зөвшөөрөөгүй, ариусгаагүй тохиолдлууд байх ба түүний үрд тэд тэдгээрийн үр дагаврыг амсах ёстой болж байсан.
Нагаржуна гэгээний амьдралтай холбоотой энэ төрлийн өөр нэг жишээ байдаг. Нагаржуна гэгээнтэй онцгой холбоотой нэг хаан байжээ. Хэрэв Нагаржуна гэгээн нас эцэслэхгүй бол тэр хаан мөн нас эцэслэхгүй байжээ. Тэр хааны хүү эцгээ насан эцэслэх хүртэл хаан болж чадахгүй байлаа. Тэр хунтайж хаан болохыг хүсэн Нагажуна гэгээнээс түүнийг нас эцэслэхийг хүсжээ. Нагаржуна гэгээн нас эцэслэхийг зөвшөөрч байна, гэвч тэрээр үхэшгүй нэг төрлийн биед хүрсэн хэмээв. Тэр хунтайж бүхий л төрлийн зэвсэг, аргыг ашиглан Нагаржуна гэгээнийг хороохыг оролдсон боловч чадсангүй; тэдгээрийн алиныг ч ашиглаж болсонгүй. Нагаржуна гэгээн түүнд “Үүнийг болих хэрэгтэй, цагаа дэмий үрж байна. Намайг тэр байдлаар хороох боломжгүй. Өнгөрсөнд миний үйлдсэн нэг үйл бий. Нэг төрөлдөө би зүлэг тэгшлэгч байсан бөгөөд нэг шоргоолжны толгойг тасалсан юм. Түүний үр одоо хэр нь байгаа бөгөөд хэрэв та зүлэг авч миний хүзүүг түүний ирээр огтлох юм бол тэр үед намайг алах боломжтой” хэмээжээ. Ингээд тэр хунтайж зүлэг авчран зүлэгний ирээр Нагаржуна гэгээний толгойг тасалж чаджээ. Энэ бол Нагаржуна гэгээний хараахан ариусгаагүй байсан, түүний ил хүлээн зөвшөөрөөгүй, сэтгэлийн үргэлжлэлээсээ арилгаагүй байсан үйл байсан юм.
Тэгэхээр энэ нь та өөрийн хийсэн бүх үйлийг мэдэж байх ёстой гэсэн үг үү эсвэл таны хүрч болох бүхий л үйлүүд тань ариусах нэг төлөв байдаг уу?
Энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх арга зам бол дахин төрөл нь эхлэл үгүй зүйл учраас бид бүгдийн хэзээ нэг цагт үйлдээгүй нэг төдий сөрөг үйл байдаггүй болохыг авч үзэх явдал юм. Иймд өнгөрсөнд үйлдсэн буруу зүйлүүдээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг ариусгах үед хийх зүйл бол хийсэн байж болох бүхий л хамгийн муу зүйлүүдийг авч үзэн тэдгээрийг та хийсэн хэмээн хүлээн зөвшөөрөх явдал юм. Та үүнийг нотолж болох бөгөөд ингэснээр энэ нь хэрэв та өөрийн энэ насандаа үйлдсэн бүхий л сөрөг үйлийг авч үзэн хэрэв тэр бүхнийг санадаг бол өөрийн хийсэн муу үйлүүдийн маш урт жагсаалттай болохыг бодох нь нэг зөв нотолгоо болно. Өмнөх төрлүүддээ мөн адил тэдгээр үйлүүдийг хийсэн гэсний үндсэн дээр, нэгэнт та эхлэл үгүй төрөл авч байсан учраас хэзээ нэгэн цагт та байж болох бүхий л сөрөг зүйлүүдийг үйлдсэн гэж тооцоолох нь учир шалтгааны үндэслэлтэй болж ирнэ. Ингээд ялгамжаатай дөрвөн хүчийг ашиглан тэдгээрийг ариусгах үед, та бүхий л байж болох сөрөг үйлүүдийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч, Бурхадын лагшингаас рашааны урсгал урсан гарч таны бүхий л үйлийг ариусгаж байна гэж дүрслэх хэрэгтэй.
Өөрийн өнгөрсөнд үйлдсэн эерэг зүйлүүдэд баясах тухайд энэ нь бас адил байна. Энэ нь мөн учир шалтгаан дээр суурилах ба хэрэв та одоо танд байгаа энэхүү эрдэнэт хүний төрлийг авч үзвэл танд буй энэ бүх боломж, чөлөө, учрал бүхэн таны урьдын олон төрөлдөө хийсэн маш их эерэг зүйлийн үр байх нь гарцаагүй. Иймд та өөрийн өнгөрсөнд хийсэн бүхий л эерэг зүйлүүддээ баясах сэтгэл төрүүлэхдээ түүнийг мөн маш өргөн далайцтай хэлбэрээр авч үзэх хэрэгтэй. Та бас маш их эерэг зүйл хийсэн нь мэдээж гарцаагүй.
Санамсаргүй үйлүүд
Нэг асуулт асууж болох уу? Өчигдрийн ярианаас тухайн нэг үйл бүрэн гүйцэд үйл болоход түүнийг санаандгүй бус санаатай үйлдсэн байх ёстой гэж ойлгосон. Гэтэл Нагаржуна гэгээн тэр шоргоолжийг санаандгүй алсан. Тэгэхээр үүнийг хэрхэн ойлгох вэ?
Тэр урдын төрөлдөө шоргоолжны толгойг тасалсан нь үнэндээ санаатай хийсэн үйл байсан. Тус түүх дээр Нагаржуна гэгээн шоргоолжны толгойг санамсаргүй тасалсан гэж гардаггүй. Тэрээр зүлэг тэгшилж байгаад тэрхүү шоргоолжийг харж, тэгээд түүний толгойг тасдсан.
Шоргоолжийг санаандгүй гишгэсэн байх үйл ба түүний үр дагавар буюу үйлийн үрийн процесс нь шоргоолжийг санаатайгаар гишгэснээр тамд төрөх үйл хураахтай адил үйл явц байдаггүй. Гэвч хэдий энэ нь бүрэн гүйцсэн үйлийн үр дагавартай адил үр дагавар гаргахгүй ч тодорхой үр дагавар түүнд байна. Жишээ нь, та түүнтэй адил үрийг ирээдүйд нэгэн цагт эдлэх явдал юм. Тухайлбал, шоргоолжнууд хүмүүс тэднийг санаандгүй гишгэх үрийг амсаж байдаг; тэгэхээр таны шоргоолжин дээр гишгэсний үр болох ийм зүйл танд бас тохиолдоно. Нэгэн цагт таныг шоргоолж болж төрөх үед тан дээр бас гишгэх юм.
Таны үйлийн үр дагавар танд эргэн ирнэ гэж хэлэх нь юу гэсэн утгатай болохыг бид ойлгох хэрэгтэй. Шоргоолжин дээр санандгүй гишгэх нь тамд төрөх эсвэл богино настай болох гэх мэт тийн боловсролын (төрөл авах) үртэй байхгүй хэдий ч түүнээс тодорхой үр гарна. Үйл нь тодорхой нэг хэлбэрээр танд ирнэ. Ийм учраас хийдүүдэд борооны улиралд хуврагууд даяанд суух сахил сахидаг уламжлал байдаг. Энэтхэгийн борооны улирлын гурван сарын хугацаанд эрэгтэй, эмэгтэй хуврагууд гадагш гарахгүй хийдийнхээ орон газрын хүрээнд байх ёстой болдог. Энэтхэгийн борооны улирлын гурван сарын хугацааг ийнхүү тогтоож өгсөн учир нь борооны улирлын үеэр эргэн тойрон маш их хэмжээний шавж хорхой гарч ирдэг явдал юм. Хуврагуудыг бадар барих үеэрээ тэдгээр шавж хорхойн дээр гишгэхгүй байлгах үүднээс Бурхан багш тэр хугацаанд хийдийн дотор байж, ихэнх хугацаанд бясалгахыг захисан байдаг.
Энэ нь эрэгтэй, эмэгтэй хуврагуудад зориулсан хийх зүйл, бүтээлийн жагсаалт болох бүтээл, үйл ажиллагааны гурван хүрээтэй холбогддог. Эдгээрийн эхнийх нь аливааг тэвчиж, самадийг бүтээх хүрээ; хоёр дахь нь үйлийн хүрээ; гурав дахь нь сонсож, бясалгаж суралцах хүрээ байна. Борооны улирлын даяан бүтээл нь эдгээрийн нэг дэх болох аливааг тэвчиж, самадиг бүтээх хүрээнд багтддаг. Тэгэхээр шавж хорхой хамгийн ихээр гарах энэхүү борооны улирлын гурван сар нь юмсыг тэвчиж, самадиг олох бүтээлийн үе болдог байна.
Бурханы жанч халах
Зарим нэг удаа би Далай лам, Лин Ринбүүчи гэх мэт лам багш нар, мөн Шагжамүни Бурхан, жанч халж байгаа нь үйлийн үрээс шалтгаалсан бус ердөө дүр үзүүлж байгаа хэрэг хэмээн сонсож байсан. Энэ үнэн үү эсвэл хэдийгээр ямар нэг бие авах нь бусад амьтанд туслах байсан ч тэд үнэндээ өөрсдийн өмнө хийсэн үйлийн нөлөөнд бас байдаг уу?
Та энэ асуултыг судрын сургаалын үүднээс асууж байна уу эсвэл тарнийн сургаалын үүднээс асууж байна уу?
Судрын сургаалын үүднээс гэж бодож байна.
Алтангэрэл судар, Суварнапрабха сударт Бурхан мөнх бусыг огоот үзүүлэх бус; Бурханы ном нь ч балрах бус хэмээн гардаг. Гэвч шавь нарын Бурхадтай учран байх үйлийн үр барагдан дуусах үед тэд нирваан дүр үзүүлдэг байна. Мөн сударт Түүний лагшинд яс, цус үгүй болбоос, чандар байна гэж хаанаас болох вэ? Амьтан тэдэнд туслахын тулд, аргаар чандрыг үзүүлэн зохиодог хэмээн гардаг.
Хэрэв танд сүсэг, итгэл бишрэл байдаг бол та усан дээр туссан сар адилаар гэгээрсэн олон төрөлхтний дүриийг харна. Жишээ нь Дээрхийн гэгээн Далай лам сэнтий дээр залрах боловч адис авч байгаа хүмүүсийн дунд түүнийг харахгүй өнгөрөн явах хүмүүсийн жишээ олон байдаг гэдэг.
Тэгвэл хувилгаадын хувьд, үүний төвөд үг болох түлкү нарын хувьд, тэдний олон өөр хэлбэрүүд байдөг. 32 лагшин, 80 найраг бүхий дүрээр үзэгдэх Шагжамүни Бурхан гэх мэт нирманакаяа буюу хувилгаан лагшингийн хэлбэр байна. Тэрээр бидний харж, ойлгох тэр хэлбэрээр нирваан дүрийг үзүүлсэн. Сайн цагийн 1002 Бурханы түүхийг үзүүлсэн Сайн галавын сударт Бурхадын жанч халах хоёр хэлбэр, тэдгээрийн биеийг хэрхэн тухай өгүүлсэн байдаг. Зарим нь Шагжамүни Бурхан Кушинагарт нирваан дүр үзүүлсний адилаар нирваан дүр үзүүлэн, тэдний лагшинг чандарлах бол бусад нь нирваан дүр үзүүлснээр тэдний лагшинг занданшуулна хэмээсэн байдаг. Энэ нь лагшинг заавал хөдөөлүүлнэ гэсэн үг бус харин түүнийг уул, агуйд үлдээснээр тэр нь занданшин үлдэх юм.
Шагжамүни Бурханы Кушинагарт нирваан дүр үзүүлсэн үйл явдлыг харах хоёр хэлбэр байдаг. Нэг нь Шравака нар буюу сургаалыг сонсогч нарын үзлийн үүднээс, нөгөө нь Их хөлгөний бүтээлчдийн сэтгэлийн үүднээс харах гэсэн хэлбэр байна. Сонсогч нар буюу Хинаяана ёсны бүтээлчид жанч халах ёсыг лаа унтарч дуусахтай адилаар, ямар ч цогцсын үлдэгдэлгүй гаслангаас гэтлэх гэж тайлбарладаг бол Махаяана ёсонд Бурханы нирваан дүр үзүүлсний дараах үйл явцыг нэлээн өөрөөр тайлбарладаг. Гэвч эдгээрийн аль аль тохиолдолд Бурхан мөнх бусыг үзүүлж байдаг. Махаяана ёсонд Бурхан ердөө нирваан дүр үзүүлэх ба Хинаяана ёсонд тайлбарладгийн адил гаслангаас эцэслэн гэтэлдэггүй гэж үздэг. Гэвч тэрээр нирваан дүрийг үзүүлэхдээ бидний мэдэх тэр эгэл мөнх бусыг үзүүлэх хэлбэрээр үзүүлдэг.
Бурхан багш зам мөрийг бүтээж байх үедээ, зам мөрд суралцах явцдаа олон төрөлд төрж байсан ба тэрээр 500 ариун, 500 ариун бус төрөлд төрж байсан хэмээн дүрсэлдэг. Тэдгээр 500 ариун бус төрөл нь хүн бусын төрөл байсан ба тэдгээрийн нэг нь нэг маш том бичний төрөл байв. Тэр цагт ойн амьтдыг агнах хэсэг анчид амьдарч байжээ. Ойн хамаг амьтад анчдаас зугтаж явах үед Бурхан багшийн өмнөх нэг дүр байсан тэрхүү том бич нэгэн гол харжээ. Тэрээр хөлөө голын наад захад тавин гол дээгүүр биеэ давуулан гараа нөгөө захад нь тавьж гүүр болсноор гөрөөс болон бусад амьтад түүн дээгүүр даван анчдаас зугтах боломжтой болжээ. Бүх амьтад гарч дууссаны дараа тэр бич эргэн хартал нэг нялх амьтны төл явж байсан бөгөөд хамгийн сүүлийн амьтан болох түүнийг давж гарахыг тэрээр хүлээжээ. Маш хурц туурайтай гөрөөс гэх мэт тэдгээр бүх амьтдын цуваа түүний дээгүүр явснаар түүний ар нуруу ихээр гэмтжээ. Түүний бие их муудаж, амьдарч чадахгүй болсон ба тэрээр тэр голдоо унан үхжээ.
Хожим нь Шагжамүни нэрт Бурхан болох цагтаа тэрээр олон төрлийн эрдэм, чадалд хүрсэн олон олон шавьтай болов. Бурхан багш жанч халахынхаа өмнө түүний шавь болж эрдмийг онох үйлийн үртэй нэг Бурханы шашинтан бус хүн байгааг харжээ. Ингээд Бурхан багш тэрхүү сүүлийн шавьдаа сургаал заах үүднээс өөрийн насыг нэг сараар уртасгав. Ийнхүү насаа уртасгаад түүний дараа Кушинагар хүрч тэндээ жанч халжээ. Үүний учир нь тэрхүү сүүлийн шавь нь голыг хамгийн сүүлд давсан өнөөх амьтны төл байсан ба тэрээр Бурхан багшийн, тэрхүү бичний үүсгэсэн гүүрээр гарах үйлийн үртэй байжээ. Мөн тэрээр Бурхан багшийн нэг шавь болох үйлийн үртэй байсан бөгөөд энэ түүх ийнхүү гарсан гэдэг.
Бурханы лагшингууд
Бурханы ийм төрлийн хувилал буюу Бурханы хувилгааны лагшинг, Шагжамүни бурхан багшийн лагшин адил 32 лагшин, 80 найраг бүхий энэхүү лагшинг дээдийн Хувилгааны лагшин гэдэг байна. Хэрэв бид ийм Бурханы дээдийн хувилгаан лагшинтай учрах үйлийн үртэй бол бүр эгэл төрөлхтний хувиар ч бид тийм дүртэй учирч чадна; хэрэв үгүй бол түүнтэй учрах боломжгүй. Харин Бурханы төгс жаргалангийн лагшин буюу Их хөлгөнийг бүтээх Бурханы лагшингийн хувьд тэдгээр нь Во-мин буюу Аканишта оронд орших ба түүнээс дээд орон гэж байхгүй бөгөөд тэдгээр лагшинг зөвхөн хутагт төрөлхтөн нар хардаг байна. Хутагт төрөлхтөн нар нь хоосон чанарыг шууд онож таньсан төрөлхтөн нар байх ба тэднээс бусад ямар ч төрөлхтөн Төгс жаргалангийн лагшинг харж чаддаггүй. Номын лагшингийн хувьд, бүхнийг эрхшээгч Бурханы лагшин болохын хувьд түүнийг Бурхад л болгоох бөгөөд Бурхадаас өөр төрөлхтөн, бүр хутагт бодьсадва нар үнэндээ тэднийг харж чаддаггүй байна.
Эгэл төрөлхтөн болох бид эдгээр Бурханы лагшингуудаас Номын лагшин, Төгс жаргалангийн лагшинг харж чадахгүй ба бидний олонх нь Дээдийн Хувилгааны лагшинг ч харж чаддаггүй. Гэвч хувилгааны лагшингийн гурван хэлбэр бий. Тэдгээр нь:
- Дээдийн Хувилгааны лагшин
- Уран дархан дүрээр хувилсан лагшин
- Их хүний дүрээр хувилсан лагшин
Бидний адил эгэл хүмүүс Ёнзон Лин Ринбүүчи, Дээрхийн гэгээн Далай лам гэх төрөл авсан тэдгээр дархан болон их хүний дүрийн хувилагаан лагшингуудыг харж чаддаг. Сангха (хувраг) гэдэг үгийн хувьд, түүний санскрит үг нь “дээдийн чуулган” гэсэн утгатай байдаг бол, төвөд, англи үгнүүд нь “санаа”, “эерэг зорилго” гэсэн утгатай үг байдаг. Тэгэхээр эдгээрийг нэгтгэн “эерэг зорилгод зорьж буй дээдийн чуулган” эсвэл “номд шамдагч чуулган” гэх нь санскрит, төвөд хэлэнд байх аль аль утгыг гаргана.
Ялангуяа Их хөлгөний сэргээн ариусгах сахил хүртэх зэрэг үйл ажиллагаануудын үеэр уншлагуудыг төвөд, англи хэлний аль алин дээр уншиж байгаа тохиолдолд өмнөх орчуулагч нараас уламжилж ирсэн хэвшмэл үгнүүдийг хэрэглэхээс илүүтэй анхны үгийн утгыг гаргаж орчуулсан үг хэллэгийг хэрэглэх нь тустай.
Уран дархан эсвэл жүжигчин дүрээр хувилсан Бурханы хувилгааны лагшингийн тухай нэг түүх байдаг. Урьд гандирсын нэг хаан байжээ. Гандирс нар нь тэнгэрийн хөгжимчид юм: тэдний нэр нь “анхилуун үнэр цацруулагчид” гэсэн утгыг илэрхийлдэг. Тэнгэрийн хөгжимчдийн тэр хаан Энэтхэгийн нэг төрлийн чавхдаст хөгжим болох винаг гайхалтай тоглодгоороо маш их бардамнадаг байжээ. Тэр хааны бардам сэтгэлийг арилгах үүднээс Бурхан багш дархан хувилалд орж, тэр удаа хөгжимчин болов. Тэд мянган чавхдастай вина хөгжим тоглон өрсөлдөхөөр болжээ. Үе бүр дээр тэд нэг нэг утсыг таслан, ямар ч утасгүй болох хүртэл тоглох ёстой байлаа. Хаан ч Бурхан багштай тэнцүүхэн тоглож чадаж байсан боловч Бурхан багш сүүлийн утсыг тасалны дараа үргэлжлүүлэн аялгуу сайхан хөгжим эгшиглүүлж чадсанаар хаан Бурхан багшид бууж өгчээ. Ийм аргаар Бурхан багш түүний бардам сэтгэлийг засаж, улмаар сэтгэлийн бусад эрдэмд суралцахад нь тусалжээ. Энэ бол уран дархан дүрээр хувилсан Хувилгааны лагшны нэг жишээ юм.
Бид өөрсдөө Бурхан болохын өмнө харж чадах тэрхүү бодит Дүрст лагшин нь Дээдийн Хувилгааны лагшин, уран дархан дүрээр хувилсан лагшин, их хүний дүрээр хувилсан лагшин зэрэг Хувилгааны лагшингууд, мөн Төгс жаргалангийн лагшин байна. Эдгээр дүрст лагшнууд дундаас Төгс жаргалангийн лагшин нь нирваан дүр үзүүлдэггүй, харин Дээдийн Хувилгаан, уран дархан, их хүний дүрээр хувилсан лагшингууд нь нирваан дүр үзүүлдэг байна.
Энэ асуулт хэрхэн гарах боллоо; сургаалын ямар санаан дээр? Ямар үйл явдал дээр ярилцаж байлаа бид?
Үйлийг ариусгаж болох дөрвөн хүчний тухай та ярьж байсан. Түүний дараа, хийсэн үйлийнхээ үр дагаврыг эдлэх болсон нэг архадын тухай түүх гарч ирсэн гэж би бодож байна.
Асуулт, Нагаржуна гэгээн “Миний амийг авч болох нэг зам бий, учир нь би тэр нэг үйлийг ил хүлээн зөвшөөрөлгүй үлдээсэн. Тэр шоргоолжны амийг тасалсан тэр үйлээ ариусгаагүй, тийм учраас миний амийг авч болох нэг зам бол би тэр шоргоолжны амийг авсны адил хэлбэрээр авах арга юм” гэж хэлсэн тэр түүхээс гарсан. Асуулт нь, Бурхадын хувьд, Бурхад нирваан дүр үзүүлэх нь үүнтэй адил уу? Нирваан дүр үзүүлэх нь арилгаагүй үйлийн үрийн чадамжин дээр суурилсан байдаг уу?
Бурхад үүнийг тийм гэж тайлбарладаг. Гэвч үнэндээ тэд ердөө үйл ба түүний үр дагаврын хуулийг үзүүлж байдаг. Бурхад бүхий л сөрөг үйлийн үрийг арилгасан байдаг учраас тэдэнд өмнө хийсэн байж болох ямар нэг сөрөг үйлийн үрийг эдлэх ёстой болох ямар нэг шалтгаан байдаггүй. Гэвч үйлийн үрийн хуулийг батлан үзүүлэх үүднээс тэд заримдаа тэдэнд тодорхой зүйлүүд тохиолдож байгаагаар харуулдаг. Тэр нь тодорхой сургаал болох үүднээс тэд тэдгээрийг зохион үзүүлдэг байна.
Хэрэв та тодорхой нэг үйл үйлдсэн бол түүний үртэй зайлшгүй учрах тухай дараагийн жишээнүүд
Бурхан багшийн хөлд өргөс орсон тухай нэг түүх байдаг. Хүмүүс түүнээс “Ийнхүү өргөс орох болсон шалтгаан нь юу вэ?” хэмээн асуужээ. Тэрээр “Би нэг урьдын төрөлдөө таван зуун худалдаачин аялж явсан нэг усан онгоцны ахмад байсан юм. Усан онгоц далайд эрдэнэс эрэн гарч, хөлөг дүүрэн эрдэнэ, үнэт зүйлтэй буцан явж байлаа.
Хөлөг дээр Минаг Дундун гэдэг нэг дээрмчин явж байсан бөгөөд тэрээр хөлөг дээрх бүх хүмүүсийг хороогоод тэр бүгдийг өөрийн болгохыг хүсэж байв. Тэр үед би хэрэв ямар нэг зүйл хийхгүй бол тэр дээрэмчин хөлөг дээрх бүх хүнийг хороохыг мэдсэн юм. Ингээд би өөрийг бусдаар арилжих сэтгэлийг үүсгэн тэрхүү дээрэмчин хүн бүрийг хороон асар их сөрөг үйл хураах, хөлөг дээр явсан худалдаачин бүрийн амиа алдах зовлонг арилгах үүднээс тэр дээрэмчний амийг аван би өөрөө түүний үрд гарах зовлонг эдлэе хэмээн шийдсэн юм. Ингээд тэр үед түүнийг хороох үедээ түүнээс гарах аюултай үрийг эдэлнэ хэмээн түүнийг бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү өргөс хөлд орж байгаа явдал бол түүний үр” хэмээжээ.
Мэдээж Бурхан багш тэрхүү сөрөг үйлийг ариусган арилгасан боловч тэрээр шавь нартаа сургаал болгон заах үүднээс тэрхүү өргөсийг хөлдөө орохыг зохион үзүүлжээ. Ийм жишээнүүд байх бөгөөд бүр Бурхан багштай холбоотой түүхүүд хүртэл байдаг байна. Хэрэв та тодорхой нэг үйл үйлдсэн бол түүний үртэй учрах ба хэрэв үйлдээгүй бол учрахгүй байх тухай ийм жишээнүүд олон байдаг.
Өөр нэг ярилгүй үлдээсэн жишээ гэвэл Дэвадаттагийн Бурхан багшийг цохисон, цохихыг оролдсон түүх байдаг; энэ нь бас хүмүүст хэрэгтэй үйлийн үрийн тухай нэг сургаал болж болно.
Хэрэв та тодорхой нэг үйл үйлдсэн бол тэр нь хуучирч эсвэл үрэгдэж арилахгүй байх тухай дараагийн жишээнүүд
Энд арай өөр төрлийн нэг жишээ байна. Эрт цагт арван зургаан хулгайч нэг үхэр хулгайлаад түүнийгээ нэгэн буурчийн газрын эмэгтэйд авчран тэндээ төхөөрөн иджээ. Ингээд Бурхан багшийг амьдарч байх үед арван зургаан хүүтэй нэгэн ноёны эхнэр мөн амьдарч байжээ. Тэдгээр арван зургаан хүү нь маш авьяастай, эрдэм мэдлэгтэй, цэцэн цэлмэг байсан бөгөөд хаан ч тэднийг ихээр үнэлдэг байв. Тэрхүү нэг өмнөх төрөлдөө хулгайлагдан туугдаж явсан нөгөө үхэр тэр цагт тус хааны өөр нэг ноён болон төрсөн байсан бөгөөд тэдгээр хүүхдүүдэд их дургүй байжээ. Нэг удаа нэлээд дүрсгүй боловч бие бялдар сайтай, эрүүл чийрэг тэдгээр хүүхдүүд гүүр давж явахдаа гүүрэн дээр мордон, бие биеэ түлхэн, ноцолдон тоглож явав. Өмнөх төрөлдөө үхэр байсан нөгөө ноён хаанд “Та тэдгээр хүүхдүүдэд сайн байдаг, гэтэл тэд үнэндээ тийм сайн биш, тэд ердөө таны өмнө гэмгүй, сайн мэт байдаг” хэмээн айлтгав.
Нэг өдөр тэр ноён тэдгээр арван зургаан хүүд дотор нь хурц хутга хийсэн хөндий, болор таягнууд өгчээ. Тэдгээр нь гадна талаасаа дотор нь хутга нуусан гэж мэдэгдэхгүй, ердөө маш сайхан болор саваанууд мэт харагдаж байв. Ингээд нөгөө ноён хаанд очин “Та тэдгээр хөвгүүдийг гэм зэмгүй, сайн хүүхдүүд гэж боддог, гэвч үнэндээ тэд нэг өдөр дотор нь мэс нуусан болор таягтай энд ирж, таны амийг хорооно” гэв. Хаан хөвгүүдийг гадаа тэдгээр таягаар тоглож байгааг харж, хэдий тэр ноёны хэлсэн зүйлд итгээгүй ч тэдгээр таягнуудын нэгийг авчран дотор нь юу байгааг хагалж үзэхээр хүн явуулав.
Энэ үед Бурхан багш тэрхүү заль мэхийг мэдэж тэр шөнө хөвгүүдийн ээжийн гэрт очин түүнд сургаал айлдсан ба тэрээр хоосон чанарыг онож, архадын хутагт хүрсэн байна. Харин шүүхийн явцад хаан тэдгээр таягнуудын нэгийг хагалж, үнэндээ түүний дотор мэс нуусан байхыг харан маш ихээр уурлан байцаан шалгахгүйгээр тэдний толгойг авч, хайрцагт хийн эхэд нь илгээжээ. Гэвч өмнө ярьсанчлан тэр шөнө Бурхан багш түүний гэрт зочлон сургаал айлдсанаар тэр эх бодит байдлыг мөн чанарыг ойлгосон байсан учраас тэрээр хүүхдүүдийнх нь толгойг хийсэн хайрцгийг нээх үед тайван байж чадсан гэдэг.
Энэ түүх дээр гарч буй арван зургаан хүү бол өмнөх төрөлдөө тэдгээр малын хулгайч арван зургаан хүн байсан ба ээж нь тэдэнд хоол бэлдсэн, тэрхүү малын махаар хоол хийж өгсөн буурчийн газрын эмэгтэй байжээ. Энэ нь хэрэв та өнгөрсөнд тодорхой үйл үйлдсэн бол түүний үйлийн үрийн чадамж арилж алга болохгүй үнэхээр боловсордог болохыг харуулж байна.
Үйлийн тийн боловсролын (төрөл авах) үрийн жишээнүүд
Бурхан багшийн үед нэг модны худалдаачин байсан бөгөөд тэрээр Бурхан багш мөн хуврагуудад алтан зоос өргөжээ. Түүнийхээ үрээр тэр хүн алтан ээмэгтэй төрсөн гэдэг. Бурханд алт өргөсөн өөр нэг хүн байсан бөгөөд тэр хүн дараа төрөлдөө гараа атгаад дэлгэхэд гараас нь алтан зоос унадаг тийм буянтай хүн болж төржээ.
Өөр нэг газар нэг хүн нэг маш том суварга бүтээлгэжээ. Тэр үед нэг ажилчин хийж байгаа ажлаа үргэлж таагүйгээр шүүмжилдэг байв. “Ямар учраас ийм балай том юм барьж байдаг байна? Ямар ч хэрэггүй баахан ажил!” хэмээдэг байв. Тэрээр цаг үргэлж гомдол тавьдаг байжээ. Ингээд түүнийг дэндүү, эв хавгүй том юм хэмээн гомдоллосоор ажлыг дуусгажээ. Гэвч суваргыг бүтээж дуусах үед тэрээр түүнийг хараад түүнд сэтгэл баясан, тэр үнэхээр хэрэгтэй үйл байж хэмээн боджээ. Ингээд тэдгээр үйлийнхээ үрээр Бурхан багшийн үед “яруу хоолойт” гэж нэрлэгддэг нэг эрэгтэй хувраг болж төржээ. Гэвч түүний бие үнэхээр үзэшгүй, эв хавгүй байв. Тэрээр эрэмдэг зэрэмдэг давжаа биетэй, түүнийг харсан хэн бүхэн эвгүйцэн, дотор нь муухайрдаг байв. Гэвч түүний дуу хоолой үнэхээр тааламжтай, зөрсөн хүн бүр зогсож, түүнийг сонсдог байв. Бүр амьтад хүртэл чихээ сортойлгон түүний уншлагыг сонсдог байжээ.
Ингээд нэг чинээлэг өглөгийн эзэн нэг удаа Бурхан багшид бараалхахаар ирээд тэр сайхан дуу хоолойг сонсжээ. Тэрээр уншлагыг ийнхүү уншиж байгаа тэр хуврагтай уулзахыг хүсэж байна хэмээв. Бурхан багш “Үгүй, болохгүй, түүнтэй уулзахгүй байсан нь илүү дээр” гэв. Гэвч тэр өглөгийн эзэн тэр ламтай уулзана хэмээн зүтгэсээр, тэрээр түүнтэй уулзах үедээ үнэхээр тавгүй байжээ. Тэрээр түүний шалтгааныг Бурхан багшаас асуухад, тэр лам өмнөх төрөлдөө суварга бүтээж байхдаа түүнийг үзэшгүй том байна, ийм том зүйл барих хэрэггүй хэмээн гомдоллосоор байсан. Түүнийхээ үрээр тэрээр маш жижигхэн эрэмдэг зэрэмдэг давжаа, үзэшгүй муухай болж төрсөн. Харин суваргыг бүтээж дуусаад түүнд хонхны дуу өргөснийхөө үрд ийм сайхан дуу хоолойтой болсон хэмээжээ.
Мөн нэг шивэгчнийхээ хамтаар салхинд гарч явсан долоон хатны түүх байдаг. Тэр үеэр тэд түүдэг гал асаахыг хүссэн бөгөөд тэдний ойролцоо нэг бут байсны дотор нэг гургуулын үүр байхыг харжээ. Ингээд шивэгчин нь ус авчрахаас явсан хойгуур тэдгээр долоон хатан тэр бутанд гал тавин гургуул ч галд шатан үхэж гэнэ. Тэдгээр хатад Бурхан багшийн үед төрөн бүгд эмэгтэй хувраг болж, гэтэлсэн төрөлхтөн, архадын хутагт хүрсэн байна. Архадын хувьд тэд бүгд шидийг олсон байсан бөгөөд нисэх төдийгүй биеэсээ гал, ус гэх мэт олон төрлийн махбодуудыг гаргаж чаддаг байв. Тэдний шивэгчин мөн тэр цагт тэдгээр эмэгтэй хуврагуудын дотор төрсөн байсан ч тэрээр архадын хутагт хүрээгүй байжээ.
Тэднийг бүгдээр хамт байх нэг өдөр байшинд гал гарч хэдийгээр тэдгээр долоон эмэгтэй хувраг гэтэлж, нисэх шидийг олсон байсан ч тэд түүнийгээ хэрэглэж чадахгүй бүгд галд шатаж үхэв. Энэ нь мөн адил хэрэв та тодорхой нэг үйлийг үйлдсэн бол түүний үртэй учрах ёстой болох ба тэр нь үрэгдэж үгүй болохгүй байх тухай нэг жишээ юм. Энэ жишээн дээр тэд бас өөрсдийн хийсэн үйлийг ил хүлээн зөвшөөрч, бий болгосон үйлийн үрийн чадамжийг ариусган арилгаагүй байна. Бутны хамтаар гургуулыг шатаах тэр үйлд оролцоогүй тэр шивэгчин бас тэр галд автсан боловч байшингийн ус зайлуулах сувгаар мөлхөн гарч чаджээ. Энэ жишээ мөн хэрэв та тодорхой нэг үйлийн үрийн чадамжийг суулгаагүй бол та түүний үрийг амсахгүй гэдгийг харуулж байна.
Үйлийн үрийн сургаалд сэтгэл итгэмжлэх (итгэл төрүүлэх)
Үйл ба түүний үр дагаврын хуулийн бүхий л нарийн төвөгтэй зүйлүүд нь зөвхөн бүрэн гэгээрсэн Бурханы мэдэж чадах зүйл байдаг. Эдгээр хуулиуд, нөхцөлүүдийг судлах нь маш чухал. Тэдгээрийг тайлбарласан эх зохиолууд Бурхан багшийн сургаалыг орчуулсан бүтээл болох Ганжуурын хэд хэдэн бүлэгт мөн Цэцэн тэнэгийн үлгэрт дэлгэрэнгүй гардаг. Эдгээр бүтээлүүд бүгдээрээ үйлийн үрийг авч үздэг ба тэдгээрийг судлахыг хичээх хэрэгтэй.
Үйл ба түүний үр дагаврын талаарх тайлбар, түүний үрээр муу төрөлд төрөх гэх мэт зүйлүүд нь бидний ойлголтоор ойлгох, бидний нүдээр харж болох зүйлүүд биш. Түүнд сэтгэл итгэмжлэх цорын ганц арга бол Бурхан багшийн зохиол бүтээлүүд, түүний сургаалд тулгуурлах явдал. Бурхан багшийн үйлийн үр гэх мэт эдгээр зүйлийн талаар хэлсэн зүйл зөв гэдэгт хэрхэн бид итгэх вэ? Бурхан багш ариун, дээд төрөлхтөн гэдэг үүднээс түүний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөх нь хүн бүхэнд тохирох хэлбэр биш бөгөөд тэр нь Бурхан багшийн хэлсэн зүйлд тогтвортой хугацаанд баттай итгэсээр байх шалтгаан болдоггүй. Учир нь хэсэг хугацаан дараа та Бурхан багш энэ бүхнийг ердөө санаанаасаа зохиосон байх гэх мэтээр бодох боломжтой байдаг.
Үйлийн үр болон эдгээр хуулиудын талаар Бурхан багшийн хэлсэн зүйлд хэрхэн бид итгэл төрүүлэх вэ? Бид бодит байдлын талаарх, хоосон чанарын талаарх Бурхан багшийн хэлсэн бүхий л зүйлүүдийг авч үздэг. Бурхан багш эдгээр бүх уран зөгнөл бүхий, байх боломжгүй оршихуйн хэлбэртэй адил зүйл байдаггүй гэдгийг үзүүлсэн олон учир шалтгааны гаргалгаануудыг гаргаж ирсэн. Хэрэв бид эдгээр логик гаргалгаанууд дээр тулгуурлан учир шалтгааныг тооцох өөрсдийн чадварыг ашиглах юм бол бид бодит байдлын талаар Бурхан багшийн хэлсэн зүйл үнэн гэсэн итгэлтэй болно. Үүний адил Бурхан багш сэтгэлийн тайван байдлыг бий болгох, амарлин ахуй буюу шаматаг төлөвшүүлэх бүхий л аргыг заасан бөгөөд хэрэв бид тэдгээрийг бүтээн, түүнд суралцах юм бол бид сэтгэлийн амгаланд хүрч чадна. Энэ бүхнийг та өөрөө өөртөө батлан харуулах үед та Бурхан багшийн хэлсэн зүйл үнэн гэсэн итгэлийг төрүүлэх ба түүнийг тэлэн үйл ба түүний үр дагаврын хуулийн талаар түүний заасан зүйлд итгэнэ.
Энэ бүхэн арван сөрөг үйл (арван хар нүгэл) ба арван эерэг үйлийн (арван цагаан буяны) тухай сэдэвтэй холбоотой гарч ирдэг бөгөөд эдгээр нь мэдэж, бүтээн суралцах ёстой маш чухал зүйлүүд юм.