"Хал үзсэн буурлын захиас" сургаалын зүйрлэл

Зовлонгийн тухай энэхүү сургаалыг эрдэмт багш Гунтан Ринбүүчигийн (1762-1823) “Хал үзсэн буурлын сургамж” зохиолоос авчээ. Шүлгийн хэлбэрээр яруу сайхан бичигдсэн олон явган үлгэрүүдтэй ба судар шастирт тулгуурлагдсан бүтээл юм. Сургаалын гол санаа нь магад гарахын сэтгэл болон зовлонг гэтэлж, шуналаас ангижрах зоригдолыг үүсгэхэд бидэнд туслах, хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийн үндэс суурийг тавьж өгөхөд голчлон чиглэгдсэн ажээ.

Үйлийн үрийн хүчээр ахин дахин төрөл авах болон хорт муу сэтгэлүүдээсээ хагац-санаар өтлөх, өвдөх, үхэхийн зовлонгоос ангид сэвгүй ариун Бурхан багшид мэхийн хүндэтгэе.
Уудам, ганцаардмал, зэрлэг тал мэт самсарын амьдрал дунд өөрийн залуу нас, эрүүл саруулаараа гайхуулах залуутай нэгэн настан өвгөн дайралдаж гэнэ. Тэд ийнхүү хөөрөлдөв.
“Хүүе, Өвгөн гуай, та яагаад бусдаас тэс ондоо аяглаж, харж, ярьж байна вэ?”
Үүнд өвгөн ийнхүү хариулав: “Чи намайг бусдаас өөрөөр хөдөлж, явж, ярьж байна гэж байгаа бол өөрөө чи орой дээрх тэнгэрт орчиж байх шиг бүү сана. Өвгөн над шиг хөрс дэлхийдээ газард, өтөл буурлын үгийг сонс.”

Зарим залуус өндөр насыг хөгшдийн л хэрэг хэмээн өөрсдөд нь огт ирэхгүй мэт боддог. Тэд үлэмж бардам бөгөөд өтөл буурлуудтай саатах өчүүхэн төдий тэвчээр байдаггүй.

Өвгөн цааш нь үргэлжлүүлэн “Хэдэн жилийн өмнө би чамаас хавьгүй чадалтай, хавьгүй сайхан, хавьгүй эрч хүчтэй цалгиж явлаа. Одоо байгаа чигээрээ орчлонд төрсөн ч юм бишээ. Хэрэв би гүйвэл нисэх мэт хурдлах морьдыг ч барьдаг байлаа.”

Олонх хөгшид “Хуучин цаг дандаа л одоогоос сайхан байдаг” гэж ярьцгаадаг.

“Хэрэв ямар нэг зүйлийг барья л гэх юм бол, нүцгэн гараараа нүүдэлчдийн тал хөндийгөөс сарлагийг ч барьдаг байлаа. Бие минь уян хатан, тэнгэрт нисэх шувуу адил л хөдөлдөг байв. Залуу бурхантай адил харагдахаар эрүүл саруул биетэй байлаа. Би хамгийн өнгөтэй сайхныг өмсөж, алт мөнгөн чимэг зүүтгэл зүүж, амттан чихэр бурмыг бол уул овоо шиг идэж, хамгийн сайхан хөлөг морьдыг унаж, тоглож, наадаж, инээж хөхөрч, цэнгэж зугаацалгүйгээр ганцаар гон бие сууна гэж байсангүй. Миний амсаж, эдлээгүй жаргал цэнгэл гэж ер үгүй л байх.
“Тэр үед, би өөрийн амьдралын мөнх бусын тухай болон өөрийн үхлийн тухай хэзээ ч бодож байсангүй. Одоо шиг өтөл насны зовлонд тулнаа гэдгээ бодсонгүй.”

Миний амьдарч байсан нутагт нэгэн залуу байлаа. Тэр тансаг баян амьдарч, үргэлжийн зугаа цэнгэлд умбадагсан. Цагийн эрхэнд тэр хөгширч нуруу нь бөгтийн олз омог нь буурсан аж. Тэр найз нөхөддөө “Гэв гэнэт өтөл нас ирнэ гэж би ер санасангүй” гэж хэлж билээ.

“Найз нөхөд, найр цэнгэлд ухаанаа алдан самуурч явахад өтөл нас сэм гэтэн ирж, инээж хөхрөх чимээн дунд чинь чамайг дийлэн дарж авдаг.”

Гэвш Камапа айлдахдаа, “Өтөл нас аажим ирдэгт бид баярлах ёстой. Хэрэв шууд хүрч ирдэгсэн бол тэсвэрлэх аргагүй байхсан билээ. Хэрэв гучин настай унтаад наятай мэт хөгширч сэрвэл өөрийгөө хараад тэсэхгүй байсан байх. Бид өөрсдийн өтөл насыг ер ойлгодоггүй. Хэрхэн өтөлдөг нь бидний хувьд тэр чигээрээ нууцлаг зүйл. Өтөлснөө гэнэт мэдээд, түүнийгээ хүлээн зөвшөөртөл нэлээд цаг хугацаа орно. Дараа нь дэндүү оройтсон байдаг. Амьсгал хураахаас хэдэн цагийн өмнө ч болтугай бурханы номын үйлийг хийх нь тустaй гэдэг ч тантраар хичээллэхийн тулд чийрэг бие махбодтой байх хэрэгтэй. Тиймээс, тантраар залуу байгаа дээрээ суралцаж эхлэх нь чухал.”

“Бид хэт хөгширхөөрөө, толинд өөрсдийгөө хараад гутдаг. Энэ үед бидний бие махбод болон оюун ухаан доройтож, толгойноос хөлийн хуруунууд хүртэл муудаж эхэлдэг. Бидний толгой үргэлж бумбын авшиг хүртэх мэт унжиж гудайдаг.
“Миний толгойн үс бөртийх хар үсгүй цайсан нь, ариуссаны тэмдэг биш. Энэ бол үхлийн эзний амнаасаа харвасан хяруу толгойд маань туссан нь билээ. Духан дээрх үрчлээсүүд эхийн сүүгээ хөхөх мяраалаг нялх хүүхдийн хуниас нугалаа биш. Энэ бол үхлийн эзний эрлэгийн элч нарын миний амьдарч өнгөрөөсөн он жилүүдийн тоог зурсан бичээс. Миний онийж, хялайж харах нь нүдэнд утаа орсных биш. Энэ бол үзэх чадал минь буурч, арчаагүй болсны тэмдэг. Сонсох гэж чихэн дээрээ гараа тавьж ихээхэн чармайж байгаа нь, нууц харилцаа явуулж буйнх биш. Энэ бол миний сонсгол доройтсоны тэмдэг.
“Миний нус гоожиж, хамраас дусал бөнжийж байгаа нь нүүрний сувдан чимэг биш юм. Энэ нь залуу хүчин чадлын хатуу мөсийг өтөл насны нар хайлуулж эхэлсний тэмдэг юм. Шүд минь унасан нь, балчир хүүхэд сүүн шүдээ гээж, шинэ ясан шүдтэй болох гэж буйнх биш. Энэ нь идэх бутлах багажаа үхлийн эзэнд алдаж буйн тэмдэг. Шүлс маань их савирч, ярихад үсчиж байгаа нь, газрыг ариутгаж цэвэрлэхээр усаар шүршиж буй хэрэг биш. Миний хэлэх үгэнд төгсгөл ирж буйн л тэмдэг юм. Миний утга авцалдаагүй ярьж, үг хэлэхдээ түгдчин ээрэх нь, этгээд гадаад харь хэлээр ярьж байгаа хэрэг биш, дэмий чалчиж амьдралыг туулахдаа хэл минь цуцсаны тэмдэг юм.
“Миний дүр үзэшгүй муухай болсон нь сармагчингийн багаар өөрийгөө далдлахыг оролдож буй хэрэг биш. Надад зээлүүлсэн бие бүхэлдээ сульдан доройтсоны л тэмдэг. Миний толгой ихээр салгалж бөнжигнөж байгаа нь, би чамтай санал нийлэхгүй байгаа хэрэг биш. Энэ бол толгойг минь цохих, үхлийн эзний савааны бүгдийг эрхшээх хүчин чадлын тэмдэг. Бөгтийж явах минь, зүү гээчихээд хайж яваа хэрэг биш. Энэ нь бие дэх шороон махбод маань доройтсоны л яруу тод илрэл юм.
“Өвдөг, гараараа тулан өндийж буй минь, дөрвөн хөлт амьтныг дүрсэлж дуурайж байгаа хэрэг биш. Энэ нь миний хөлийн тавхай цаашид тулгуур байхад хангалтгүй болсон гэсэн үг. Би суухдаа, хүнд шуудайтай зүйлийг хаяж, шидэж буй мэт чимээ гаргаж байгаа маань нөхөддөө уурлан бухимдсаных биш. Харин миний биеэ хянах чадвар алдагдсаных юм.
“Миний хөлөө зөөж ядаж байгаа минь, агуу их төрийн хүн шиг намбалаг сүртэй алхах гэснийх биш. Энэ нь биеийнхээ төгс тэнцвэрийг алдсаных минь юм. Гар минь салгалж байгаа нь ямар нэг зүйл авах гэж шунан чичирч буйнх биш. Энэ бол үхлийн эзэн бүгдийг надаас булаан авахаас л айж буйн тэмдэг юм. Би багахан идэж уух болсон нь миний ядуу тарчиг, харамч нарийнийх биш. Энэ бол миний хүйсэн дэх хоол боловсруулах гал бөхсөний тэмдэг. Би хөнгөн хувцас өмсөх болсон нь хүчтэнгүүдийг дагаж дуурайж буй хэрэг биш. Энэ нь миний сульдаж доройтсон биед ямар ч хувцас дөнгө мэт болсных юм.
“Арай гэж амьсгалж буй минь хэн нэгнийг тарни үлээж, анагааж буй хэрэг биш. Энэ бол бие дэх энерги суларч, шавхагдсаны тэмдэг. Гараас минь юу ч гарахгүй, хэдхэн тооны үйлдэл хийж байгаа нь үйл хөдлөлөө зориуд хянаад тэгснийх бус. Энэ бол өтөлж хөгширсөн хүний хийж чадах дээд хязгаар л юм. Миний ихэд мартамхай болсон нь бусдыг чухал бишид тооцон, дорд үзсэнийх биш. Энэ бол миний ой ухааны санах чадвар муудсаных юм.
“Ээ залуу минь, надаар бүү тоглож тохуурх. Миний туулж буй зүйл онцгойлж ганцхан над зориулагдсан юм биш. Хүн бүр л үүнийг туулдаг. Чи харж л байгаарай! Гурван жилийн дараа өтөл насны анхны хэдэн элч чам дээр ирэх вий. Миний хэлсэнд итгэх дургүй байна, гэвч чи өөрөө туулж үзээд мэднээ гайгүй. Таван доройтлын энэ цөвүүн цаг үед над шиг урт наслах аваас чиний аз. Чи над шиг урт насаллаа ч гэсэн над шиг их ярих тамир ч үгүй байх болно”.
Залуу хариулсан нь, “Тань лугаа урт насалж, үзэшгүй муухай болон үл тоогдож, нохойн хэмжээнд очсоноос үхсэн нь илүүтэй”.
Өвгөн хөхөрч. “Урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсэх атлаа, өндөр насыг наслахгүй гэж буй залуу чи маш мунхаг, тэнэг ажээ. Үхэл эгэл жирийн сонсогдож болох ч хялбар зүйл биш шүү. Амгалан аз жаргалтайгаар насан хутгийг олох чадвартай байхын тулд, буруу замаар олдсон өглөгийг авалгүй, арван буяны мөрөөс гажилгүй, номыг сонсон, төвлөрч бясалгах хэрэгтэй. Үхэх гэдэг дараа нь хөнгөн амар зүйл байх болно.
“Гэхдээ би үүнийг мэдрэхгүй л байна. Би ямар нэг сайн зүйлийг бүтээн туурвисан гэдэгтээ итгэлгүй байна. Би үхлээс айж, амьд байгаа өдөр болгондоо баярлаж байна. Өдөр бүр амьд байх нь миний хамгийн их хүслэн юм.”
Залуу бодлоо өөрчилж хэлсэн нь: “Хэлсэн болгон тань үнэн өвгөн гуай. Өтөл насны зовлонгийн тухай миний сонссон болгонтой таны дүр төрхөөс миний олж үзсэн бүхэн нийцэж байна. Өтөл насыг та надад харуулсан явдал оюун ухаанд минь их тустай боллоо. Өтөл насны зовлон намайг үхтэл гайхшрууллаа. Мэргэн өвөө минь өтөлж хөгшрөхөөс тойрч гарах арга чарга сонссон бол битгий нуугаарай! Надтай хуваалцаж үнэнийг хэлээрэй!”
Өвгөн таатайгаар өгүүлэв: “Арга тодорхой. Хэрэв чи түүнийг мэдвэл мөрдөхөд хялбархан. Бага шиг хүчээр энэ зовлонгоос түргэн ангижирч болно. Төрсөн болгон үхдэг жамтай ч, өтөлж хөгширснийхөө хойно үхдэг нь цөөн. Олон хүн өндөр насанд хүрэх завшаангүйгээр залуугаараа үхэцгээдэг. Арга замуудыг Будда багшийн номлолд заажээ. Тэнд гэтлэхүй болоод гэгээрэлд хүрэх олон аргыг, өөрөөр хэлбэл, ахин төрөл олохгүй, хөгшрөхгүй, өвчлөхгүй, үхэхгүй байх замуудыг заадаг. Гэвч бид номлолд сургасныг хэрэгжүүлэхгүй юм.”

Нэгэн хийдэд өөрөө лам болох замаа олсон нэгэн суудаг байж. Тэрээр хийдийн залуу шавь байсан тул лам нарын олонх нь түүнийг тоодоггүй байжээ. Лам нар хийдийн ирээдүйн тухай хэлэлцэхээр цуглав. Залуу лам “Татлага бэлдээд, нас нөхчигсдийн цогцсыг хучих даавуу базаая.” гэж гэнэ. Хүн бүр л ам амандаа “Энэ бол муу ёр” хэмээн түүнд уурлажээ. Тэгээд хийдэд туслахын тулд хүн бүр яах талаар хэлэлцэж гэнэ. Залуу лам “Мөнх бусын тухай бясалгая” гэж хэлэв. Ингэж хэлснээрээ тэдэнд агуу сургаал номлосон байна. Хожмын Далай Лам нар түүнийг магтан дуулсан байдаг. Ирээдүйд бэлтгэхийн тулд үхэлд бэлтгэх хэрэгтэй болдог ажээ.

“Хүн болгон л үхэшгүй мөнхийг болон түүнийг олох арга замыг хүсдэг. Гэвч төрсөн атлаа үхэхгүй байх боломжгүй билээ. Шагмуни Будда болон мянга мянган төгс гэгээрсэн төрлөхтнүүд бүгд л халин одсон байдаг. Тэрчлэн өнгөрсөн цагийн Бодьсадва нар болоод аугаа багш нарын зөвхөн нэр нь л үлджээ. Дэлхийн түүх ч мөн адил шүү дээ. Түүхэн хүмүүс бүгдээрээ л үхэж, тэднээс зөвхөн нуранги л үлддэг. Тиймээс бид хаашаа ч зайлж чадахгүй, үхэл бодит гэдгийг мартаж болохгүй юм. Одоо цагийн аугаа багш нар ч талийгаач болцгооно. Өнөө мэндэлж байгаа үрс ч гэсэн зуун жилийн дараа байхгүй л байна. Ийм байхад залуу чи хэрхэн ганцаар үүрд амьдрах билээ? Тиймээс, сэтгэл санаагаараа өөрийгөө үхэлд бэлдэхийг зөвлөж байна.
“Урт удаан амьдралыг мөнгөөр ч юм уу, аль эсвэл эд баялгаар, тухлаг байдлыг бүрдүүлснээр олох аргагүй. Та оюун санааны итгэлийг базаасан, амьдралаас юу хүсч буйгаа мэддэг бол, бие тань хичнээн хөгширсөн ч, илүү их сэтгэлийн амгалан, залуужилтыг олох болно. Хэрэв та материаллаг тав туханд умбаж байлаа ч, хий хоосон амьдардаг бол, нас ахих тусмаа л аз жаргалгүй болно. Үхлийн тухай шаналгаат бодлоос ухаан санаагаа салгахын тулд та жуулчлан аялах болно. Нөгөө талаас, та жаахан ч гэсэн итгэл, бишрэлтэй бол үхэл ойртох тусам аз жаргалтайгаар гэртээ буцаж очих гэж буй хүүхэд шиг болно. Та үхлээс зэвүүцэх бус, харин аз жаргалангийн үргэлжлэлийг тосон хүлээх болно.”

Нэгэн удаа нэг их номын багш хэлэхдээ “Ирээдүйн төрлүүддээ бүрэн төгс итгэдэг учир надад ямарваа санаа зовох зүйл үгүй. Үхэл хэдийд ч ирсэн би баяртайяа угтана.”

“Үхлийн зовлонг тойрч гаршгүй учир бид ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй. Бид суугаад, урвайгаад байж болохгүй. Хүн болсныхоо хувьд бид олон аргыг турших билгүүнтэй билээ. Залуу минь, Бурхан багш хүртэл илүү тодорхой дэлгэрэнгүй сургаал айлдаж чадахгүй. Би сэтгэл зүрхнээсээ ярилаа. Энэ нь хэдийгээр миний үнэн зүрхний зөвөлгөө боловч зөвхөн миний үгэнд бүү түшиглэ! Өөрөө тунгааж бодоод үз! Өөрийнхөө мөнх бусын тухайд номын үйлийг үйлд! Ийм нэгэн зүйр үг байдаг “Бусдын саналыг асууж үзэвч, өөрөө шийд гарга” гэж. Хэрэв бусдыг өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулаад байвал, бусад хүмүүс чамд олон янзын зөвлөгөө өгөх болно.”
Залуу хэлэв: “Таны хэлсэн бүгд үнэхээр үнэн бөгөөд тустай юм байна. Гэвч ирэх хэдэн жилд би эдгээр зүйлсийг хийж чадахгүй. Надад хийх өөр ажил бий. Би том эдлэн, эд хөрөнгөтэй. Би арилжаа наймаа эрхэлж, өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэй. Хэдэн жилийн дараа би тантай дахин уулзана. Тэгээд л би номын үйлийг үйлдэе.”
Өвгөн ихэд гуниглаж хэлсэн нь: “Чиний саяын ярьсан бүх зүйлс ямар ч утгагүй хоосон үгс байна. Би яг чам шиг хэдэн жилийн хойно л ямар нэг утга учир дүүрэн зүйл хийхийг хүссэн боловч, юу ч хийлгүй ийнхүү өвгөн болсон билээ. Чиний хэлж байгаа чинь хичнээн хоосон болохыг би биеэрээ мэднэ. Хэдэн жил болоод хийнэ гэж төлөвлөсөн зүйлс хэзээ ч дуусахгүй. Чи тэдгээрийг ямагт хойшлуулаад л байна. Хэдэн жилийн дараа хийнэ гэсэн зүйлс өвгөн хүний сахалтай адилхан. Өнөөдөр чи сахлаа хусвал маргааш бүр их ургана. Маргааш, маргааш гэж хойшлуулсаар, амьдрал чинь нэгэнт өнгөрөн, ард үлдсэнийг чи олж үзнэ. Номын үйлийг хойш тавьсан хүн бүхэн хууртагддаг. Таныг номын үйлийг үйлдэнэ гэдэгт итгэх ямарваа нэгэн итгэл надад алга. Тэгэхлээр бид шал дэмий ярилцаж байгаа юм байна. Гэртээ харь, юу хүссэнээ хий, надад хэдэн маань хэлэх чөлөө олго!”
Залуу их гайхширч, эмзэглэв. Тэр: “Надад ийм үгсийг яаж хэлж чадаж байнаа. Эд агуурсыг энэ амьдралдаа яавал түргэн гүйцээж болохыг хэлээч?” гэвэл,
Өвгөн хөхөрч, “Чи эдгээрийг асууж байгаа бол, аливааг гүйцээж төгсгөхөд хир уддаг болохыг хариулах хэрэгтэй болох нь ээ. Ажил чинь дууссан эсэхийг огтхон ч тоодоггүй үхлийн эзэн өмнө зүгт оршдог. Тэр хүссэн болгоноо л хийдэг. Түүнтэй нөхөрсөг харьцаатай болвол, мөн энэ амьдралдаа ямар нэг зүйлийг дуусгах зөвшөөрөл түүнээс авч чадвал та тайвширч болно. Үгүй бол, та хэзээ ч тайвшрахгүй. Хүмүүс аяга цайгаа ууж суухдаа, хоол нь ширээн дээр хүлээж байхад ч, алхаж явахдаа ч, чимх хамрын тамхиа татаж амжаагүй байхдаа ч насан эцэслэдэг.
“Хүн болгон, бүр агуу их багш нар ч энэ жамаас тойрдоггүй. Тэд олонх сургаалаа гүйцээж чадаагүйн учир нь бичиж дуусгахаасаа өмнө насан эцэс болсонд л байгаа юм. Үхлийн эзэн ирэхэд ”Би том эзэмшилтэй, хийх ажил ихтэй“ гэж хэлэх аргагүй. Түүнд онгирч сагсуурах юухан бээр ч танд үгүй. Та бүгдийг орхих ёстой болдог. Энэ тохиолдолд бид эсэргүүцэх ямар ч мэдэлгүй байдаг. Амьдралынхаа хугацааг бид шийдэхгүй. Тиймээс ямар нэг зүйл хийх боломжтой бол одоо л үйлдэж эхэл! Энэ нь утга учиртай байх болно. Үгүй бол, таны эдлэн эзэмшлүүд дангаараа ямар ч утгагүй байх болно! Харин танд юу тустай тухай үнэнийг хэлэх хүн өнөө үед хэдхэн бий. Гэхдээ, чин сэтгэлийн зөвлөгөөг сонсох хүн түүнээс цөөн бий.”
Залуугийн сэтгэл гүнээ догдолж, өвгөнийг ихэд хүндлэх сэтгэл төрөн, хойш хэд ухраад, түүнд сунаж мөргөв. Тэр: “Таны өгүүлснээс илүү гүн сургаал, алтан дарцгаар хүрээлүүлсэн бусад лам нарт, гэвш, егүзэр нарт, ер хэн бээрд ч үгүй. Таныг харахад эгэл нэгэн өтөл буурал өвгөн хэдий ч үнэн хэрэгтээ оюун санааны агуу их анд нөхөр юмаа. Таны сургасныг бүхий л чадлынхаа хэрээр дадуулна гэдгийг нэр төрөөрөө баталъя. Ирээдүйд илүү их сургаал хайрлаарай” гэв.
Өвгөн гуйлтыг зөвшөөрч хүлээн авав. “Миний мэдэх юм бага ч, миний үзсэн туулсан ихээ. Үүнээсээ л чамд би сургая. Хамгийн хүнд зүйл нь эхний алхмаа хийж, Бурханы номд өөрийгөө баттай оруулах. Нэгэнт хөгширчихөөд, Номын үйлийг үйлдэх нь илүү хэцүү. Тиймээс залуу наснаасаа эхлэх нь чухал.
“Залуу цагт ой санамж чинь сэргэг, хурц ухаантай, сунаж мөргөснөөр бие чинь эерэг хүчийг хуримтлуулах хүчин чадалтай байдаг. Тантраар бол, залуу цагт таны энергийн сувгуудын эрч хүч маш сайн байдаг. Залуу цагтаа эд зүйлст шунан тачаах сэтгэлийг зогсоон барьж, сэтгэлийн үйлд өөрийгөө хандуулсан бол энэ туйлын үнэ цэнэтэй. Бурханы номыг ойлгож, хүлээн авч, амин чухал гол асуудлуудыг нь нэг л ойлгож, амин сүнсэнд нь нэвтэрсэн байхад, таны хийж, хэлж бодох үйл бүр Номын үйл байх болно.”

Мил Богд, Ра Лозова нар яг л үүнийг “Миний идэж уух, явах, босч суух, унтах энэ бол бүгд номын үйл юм” гэж хэлжээ.”

“Бурханы номд хатуу дүрмүүд гэж үгүй. Тиймээс хэтэрхий олон бодол үүсгэлгүй тогтвортой сэтгэлтэй байхыг хичээ. Одооноос эхлэн номын үйлд сонирхлоо хандуул. Бодлоо агшин бүрт бүү өөрчил. Энэ агшнаас эхлээд бүх амьдрал, бие, хэл, сэтгэлээ Номын үйлд зориул.”
Өвгөн, залуу эрд Ном юунд хөтөлдгийг хэлж өгөв. “Эхлээд эрдэмд сайтар боловсорсон номын багшийг олоод, өөрийнхөө үйл хөдлөл, бодол санааг түүнд зохистойгоор зориул. Бусдад хир тустай байх тань зохистой номын багшийг олох, түүнд бүх сэтгэлээ даатгасан эсэхээс чинь хамаарна.”

Атиша үүний чухлыг онцолж байжээ. Тэрээр, өөрийн бүх 155 багш нартаа ав адилхан бүх сэтгэлээрээ үнэнч, өөрийгөө тэр чигээр нь даатгасан байснаа олон удаа айлдсан байдаг.

“Тэгээд, Арван цагаан буяныг бүтээхийн тулд ам тангаргаа сахих хэрэгтэй. Яг нүднийхээ цөцгий мэт тангаргаа сахин хамгаал. Энэ амьдралд хүлэх таталцлуудаа тасдан хая. Яг зэрлэг заан гинжээ тасдах лугаа адил. Тэгээд сонсож, төвлөрч, бясалгах, энэ гурвыг хамтад нь гүйцэтгэ. Энэ бүхнийгээ долоон салаа дадлагаар батжуул. Энэ бол эерэг хүчин чадлыг цогцлуулах, буян хураах зам юм. Энэ бүхнийг үйлдсэн цагт, Бурханы хутаг гарт чинь ороод ирнэ.”

Хэрэв эрдэм бүхий багш эрдэм бүхий шавийг хөтөлвөөс Бурханы хутаг гарт нь ороод ирнэ хэмээн тавдугаар Далай Лам айлджээ. Мөн Мил Богд айлдахдаа: “Хэрэв эрдэмтэй шавь эрдэмтэй багшийн эрдэмт сургаалийг дадуулбаас Бурханы хутаг таниас ангид бус таны дотоодод оршино. Багш тань зохист эрдэмтэй байх ёстой гэдэгт байнга анхаарах ёстой” гэжээ.

“Энэ бол аз жаргал, энэ бол баяр баясал, хайрт хүү минь. Хэрэв чи ийм замыг хэрэгжүүлээд байвал хүсэл бүр чинь биелэх болно.”

Эдгээр сургаал сэтгэлээ номхотгоход их тустай. Хатуу сэтгэлийг ч зөөлрүүлнэ. Зүйр үгэнд сургаснаар: ”Битгий гүзээтэй тос шиг бай. Голын хайрга шиг битгий бай” гэсэн байдаг. Арьсан уут буюу гүзээнд тос хичнээн чихлээ ч зөөлрөхгүй. Усны урсгалд хичнээн хэвтлээ ч хайрга бас зөөлрөхгүй.

Тэр өдрөөс эхлээд, ертөнцийн нялхсын найман хүсэлтэй үл холилдсон Бурханы ариун номыг дадуулж эхлэв.

Бид ч бас үүнийг оролдоод үзэх хэрэгтэй. Хичнээн их сургаал номлол бид сонсоно, тэдгээрийг төчнөөн ихээр хэрэгжүүлж, тэдгээрийн дагуу өөрсдийгөө төчнөөн ихээр боловсруулах шаардлагатай. Голын урсгалд хэчнээн хэвтлээ ч, хэзээ ч үл зөөлрөх хайрга шиг битгий байцгаа.

Өвгөн ийнхүү хэллээ. “Би энэ бүхнийг өөрийн номын багшаас сонссон, мөнхүү миний өөрийн туршлага дээр ч үндэслэсэн. Энэ нь хагацашгүй, хамаг амьтанд амар амгалангаа олоход нь тустай байх болтугай!”
Зохиолчийн төгсгөл: Хэдийвээр би номын үйлийг тун бага, бараг дадуулаагүй боловч төрөл бүрийн төрөлхтөний заримд нь ч гэсэн эдгээр сургаал тустай байх болов уу. Зарим төрөлхтөний сэтгэлд тустай байх гэсэн горьдлогоор дээрхийг цэвэр ариун сэдэлтэйгээр бичлээ. Мөнх бусын тухай сургах дээрх түүх нь зөвхөн миний та бүхэнд дуулгахыг зорьсон сонирхолтой түүхийг агуулаад зогсоогүй Арьяадэвийн “Дөрвөн зуун шад” шүлгэнд үндэслэсэн юм хэмээн төгсгөлөө.
Top