Уламжлалт түүхэн өгүүллүүд: Багш нар, хүний төрөл ба мөнх бус

Номын багш нартай харилцах эрүүл харилцаа

Шавийн хувьд багшаас ном сонсохын өмнө түүнийг судалж, шалгаж үзэх нь маш чухал. Том ном тавьж байгаа сургаар шууд очиж болохгүй. Тухайн ном тавих гэж буй багшийг сайтар судлах ёстой. Багш, шавь хоёр сайн харилцаа тогтоож чадах эсэхээ харахад арван хоёр орчим жил шаардлагатай гэж нэг сударт гардаг. Энэ хэдийгээр үнэн боловч маш урт хугацаа бөгөөд хэт удах нь олон сул талтай.

Эзэн хаанд ном заахаар Хятадад уригдсан нэг Сажийн их мастерын жишээ байдаг. Хятадын эзэн хаан тэр мастераар ном заалгахаар шийдэх хүртэлээ есөн жил түүнийг шалгажээ. Тэгээд есөн жилийн дараа түүнээс ном тавихыг хүсжээ. Их мастер түүнээс “Ном тавихыг асуухаасаа өмнө яагаад есөн жил хүлээсэн юм бэ?” гэж асуухад “Энэ бүх хугацаанд би таныг шалгасан юм” гэж эзэн хаан хариулжээ. Харин мастер “Одоо би чамайг шалгахад надад есөн жил шаардлагатай!” гэв. Ингээд тэрээр үнэндээ эзэн хаанд ном тавих боломж гараагүй юм. Хэрэв та хэт удаан хүлээвэл ийм зүйл тохиолдож болно.

Орчин үед багшийг шалгахын хувьд дараах хоёр асуултаар эхний санаа илэрхийлэгдэж болно. Тухайн багштай анх уулзахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таны сэтгэл тэр даруйдаа их баяртай сайхан болсон уу эсвэл ийм зүйл тохиолдоогүй юу? Мөн анх удаа тэрхүү багшийн нэрийг сонсоход таньд сайхан санагдсан уу эсвэл ийм зүйл болоогүй юу? Хоёр дахь санаа нь анх багштайгаа уулзахаар очиход багш тань байсан уу, эсвэл гадуур гарсан байсан уу? Зарим тохиолдолд багштайгаа анх уулзахаар очих үед багш нь гэртээ байдаггүй. Тэр тийм их бэлэг дэмбэрэлтэй тохиолдол биш. Гурав дахь санаа нь бусад хүмүүс тухайн багшийн талаар юу гэж хэлж байгааг, янз бүрийн үзэл бодлуудыг сонсох. Номын багш нар бүхий л сайн чанаруудыг бүрэн эзэмшсэн байх нь хэцүү хэдий ч гол зүйл бол тэд маш халуун дотно, хүн бүрийг маш их хайрлах сэтгэлтэй, шударга байх хэрэгтэй.

Багшаас ном сонсохын өмнө түүнийг зөв зохистой шалгах нь маш чухал. Ердөө ном тавихаар багш ирж байгаа гэдгийг сонсоод сэтгэл хөдлөлөөр, энэ талаар бодолгүйгээр очиж болохгүй. Ингэх нь зөв зүйтэй зүйл биш. Гэвч хэрэв та ямар нэг багшид чин сэтгэлээсээ итгэмжилсэн бол одоо түүнд эргэлзэж шалгах нь зөв зүйтэй зүйл биш юм.

Түүхэнд их орчуулагч Марпа гэх мэт төвд хүмүүс, орчуулагч нар Энэтхэг явж, номын багш нартай барилдлага тогтоохоор замд гарахын тулд алт цуглууах гэж маш их бэрхшээл туулдаг байжээ. Марпагийн шавь Милбогд гараараа есөн давхар цамхаг босгох хэрэгтэй болж байсан. Тэрээр чулууг үүрч зөөдөг байсан бөгөөд арьс нь зулгарч, ихээр шархалдаг байв. Үнэхээр их өвчин, хөндүүр амсаж байжээ. Цамхагийг барьж дуусгасны дараа ч Марпа түүнд авшиг хүртээж, сургаал ном тавьдаггүй байлаа. Марпагийн өөр нэг шавь Нгог Чокү-дорж түүнээс Чакрасамварагийн авшиг хүсжээ. Тэрээр мориор нэг өдөр явж хүрэх газар амьдардаг байв. Милбогдыг цамхагаа барьж дуусах үед Марпа багшийн гэргий Дагмэйма нь Дарма-додэй хүүгээ төрүүлжээ. Ингээд хүүгээ төрсний баяр, Милбогд есөн давхар цамхаг барьж дууссаныг тэмдэглэн Чакрасамварагийн авшиг хүртээх гэж байна хэмээн Нгог Чокү-дорж шавьдаа хэл хүргүүлэн үүнд ирэх хэрэгтэй хэмээн дууджээ.

Нгог Чокү-дорж ирэхдээ Марпад өргөл болгож өөрт байгаа бүх зүйлээ авчрав. Тэдгээрийн дотроос хөл нь хугарч явж чадахгүй болсон нэг ямааг үлдээжээ. “Чи ямаагаа авчраагүй байна. Юу болсон юм? Би Энэтхэг явж эдгээр сургаалыг авчрахын тулд маш их зовлон бэрхшээлийг туулсан. Энэ бол маш үнэт авшиг. Буцаж яваад, ямаагаа авчрах хэрэгтэй” гэж Марпа хэлжээ. Марпа Чакрасамварагийн авшгийг өгөх үед Марпагийн эхнэр Дагмэйма Милбогдыг өрөвдөж авшигт дагуулан ирэв. Марпа саваа авч түүнийг зэмлэн хөөн гаргахыг завдаж, авшиг авахыг нь зөвшөөрөхгүй байв. Харин Марпагийн эхнэр Милбогдод авшиг авахыг зөвшөөрөхийг Марпагаас хүссээр байсан юм.

Эхнэрээ өрөвдөн Марпа Милбогдод авшиг хүртээхээр болов. Милбогд ийнхүү зовлон бэрхшээл эдэлж байгаа нь Марпа Наропагийн дэргэд ном сурахын тулд энэ мэт маш их зовлон туулж эцэст нь гэгээрэлд хүрсэн, Наропа өөрийн багш Тилопагаас суралцахын тулд маш их зовлон бэрхшээл туулж байсантай адил юм. Гэгээрэлд хүрэхэд хялбар биш. Түүнд хүрэхийн тулд Милбогд бас зовлон бэрхшээл туулах ёстой болно.

“Милбогд миний дэргэд байх үед би үргэлж түүнд маш ширүүн догшин ханддаг. Гэвч үүний үр дүнд тэрээр энэ насандаа гэгээрэлд хүрнэ. Тэр цамхаг босгох үнэхээр хэцүү ажлыг аль хэдийнээ хийсэн” хэмээн Марпа хэлжээ. Гэвч Марпа эхнэр нь Милбогдыг үнэхээр их өрөвдөн хайрлаж байгааг харан эхнэрээ өрөвдөн түүнд авшиг хүртэхийг зөвшөөрчээ. Авшиг хүртсэний дараа Милбогд энэ насандаа гэгээрэлд хүрэхээр маш эрчимтэй, байнгын бясалгал, бүтээл хийхээр явав. Хэдий ийм боловч Марпад үнэнхүү чин сэтгэлээр сүсэглэж (үйлчилж) байсны үндсэн дээр гэгээрэлд хүрсэн байна. Түүнээс хойш ч тэрээр агуйд хийсэн бясалгалынхаа үеэр бас бэрхшээл эдэлсээр байсан юм.

Top