Товч сэргээн санах
Бид бодьсадвын сахил авахын өмнө бидэнд хэрэгтэй байдаг суурь элементүүдийн талаар ярьцгаасан. Бид лам-рим, зам мөрийн зэрэглэсэн үе шатуудын талаар ярьсан, бид мөн бодь сэтгэлийн нэг сэдэл бий болгох явц, бясалгалын талаар ярьсан. Бид бодь сэтгэлийн төлөвшил хэрхэн өөр өөр үе шатуудыг дамжин ахидаг талаар ярилцсан: ерөөхүйн бодь сэтгэл, түүний хоёр хэсэг, ердөө хүсэх болон бодь сэтгэлийн үүрэг хүлээсэн төлөв. Цаашлаад, бид энэ үүрэг хүлээсэн төлөв нь бидний бодь сэтгэлийн төлөвшил энэ насанд эсвэл ирээдүйн төрлүүдэд доройтохгүй байхаас сэргийлэх таван төрлийн суртгаалыг хэрхэн багтаадаг талаар ярилцсан. Бид мөн ангид гэтлэхүйн сахил, гэргийтний эсвэл эрэгтэй, эмэгтэй хуврагийн аль аль сахилын тодорхой түвшний суурь бидэнд хэрхэн хэрэгтэй болдог талаар ярьсан. Бид энэ бүхний суурин дээр бодь сэтгэлийн орохуйн төлөвийг төлөвшүүлж, ингээд бид бодьсадвын сахил хүртэнэ.
Асуулт, хариулт
Сахилын талаар ярьж эхлэхийн өмнө, та бүхэнд бидний энэ хүртэл ярьсан зүйлийн талаар асуух асуулт байна уу?
Та ангид гэтлэхүйн эдгээр эхний сахилыг авах үед бид багшдаа чухам аль сахилуудыг авч байгаа тухай заавал хэлэх шаардлагагүй гэж хэлсэн. Бид энэ сахилыг багшийн өмнө авдаггүй билүү?
Тийм ээ, бид сахилыг багшийн өмнө авна, гэвч ихэнх тохиолдолд энэ нь нэг томоохон бүлэг хүмүүс байна. Энэ нөхцөлд бидэнд ямар нэг зүйл хэлэх боломж гардаггүй, бүр бид эдгээр сахилуудыг ганцаарчлан авч байсан ч, багштайгаа ганцаарчлан байсан ч, бид хэдэн сахил авч байгаагаа хэлэх нь зан үйлийн хэсэг биш байна. Мэдээж, хэрэв бид багшдаа хэлэхийг хүсвэл, түүнд буруу зүйл байхгүй боловч энэ нь заавал шаардлагатай биш. Мөн бид өөрийн төлөвшлийн эхэн үеэр эдгээр сахилуудаас ердөө гурав эсвэл дөрвөн сахил авч болох ба яваандаа бид бусдыг эсвэл ердөө дахин нэгийг авахад бэлэн болсон санагдаж болно. Бид сахилуудыг дахин авч болно, учир нь ёслолуудыг үе үе зохион байгуулах ба хоёрдох удаад авахдаа бид өөр нэг сахил нэмж болно. Үүний эсрэгээр, хэрэв бид тавыг бүгдийг авсан байгаад тэдгээрийн нэгийг үнэндээ сайн сахиж чадахгүй байгаа мэт санагдвал хоёрдох удаагаа сахилуудыг авахдаа нэгийг үлдээж болно. Ингэхэд ичих зүйл байхгүй.
Хэдий олон сахил сахих хэрээр, мэдээж, бидний сахилга бат төдий чинээ хүчтэй байна. Богд Зонхов хэрэв бид бүрэн сахилтай эрэгтэй эсвэл эмэгтэй хувраг бол энэ нь эрдэм төрүүлэх хамгийн сайн суурь болно, учир нь бидэнд Номын бүтээлийн хажуугаар хүлээх өөр үүрэг (хэдийгээр сүм хийдийн нөхцөл дэх үүргүүд байж болох ч) байхгүй тул гэж хэлсэн. Гэвч энэ нь хэрэв бид цөөн тооны ангид гэтлэхүйн сахилтай байвал энэ нь бид эрдэм төрүүлэх боломжгүй гэсэн үг биш. Энэ нь ердөө тэр нь хялбар эсвэл үгүй байх тухай асуудал. Өөрийн тусын тулд, бидний ёс зүйн сахилга бат хэдий чинээ их хүчтэй байна, бидний Номын ахиц төдий чинээ хялбар байна. Бидний сахил сахих нь бусдад илүү их тус болох үүднээс бидний тусын тулд байх ба илүү олон сахил сахих нь багшийн сэтгэлд нийцэх эсвэл Бурханы сэтгэлд нийцэх тухайд биш байна.
Нэг сахил авах үед, түүний биднийг чөлөөлдөг зүйлүүдийн нэг нь шийдвэргүй эргэлзэх. Жишээ нь, архи уухын хувьд, хэрэв бид архи уухгүй гэж эсвэл архи уухаа болихыг хичээнэ гэж бүрэн шийдсэн байсан ч бидэнд архи санал болгох удаа бүрд бид шийдвэр гаргах ёстой байсаар байна: үүнийг уух уу эсвэл үгүй юу? Энэ нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв. Шийдвэргүй эргэлзэх нь нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлага. Бид тайван байдаггүй, учир нь бид юу хийхээ үнэхээр мэддэггүй. Гэвч хэрэв бид сахил авсан бол, энэ ойлгомжтой байна. Бид шийдвэрийг нэг удаа бүх тохиолдолд гаргасан, ингээд боллоо. Бүр маш эхний түвшиндээ энэ нь биднийг эргэлзэхээс чөлөөлнө. Энэ нь ангид гэтлэхүй, хувь хүний гэтлэхүйд маш тустай байдаг. Гэвч, бүр илүү өнгөц түвшиндээ, энэ нь биднийг эргэлзэхээс чөлөөлдөг, наад зах нь тухайн нэг тодорхой зан байдлын талаар эргэлзэхээс.
Бид тарнийн багштайгаа жил бүр ердөө арван таван минут уулзах байдлаар тарнийн бүтээл (дадлага) хийхийг хичээх нь үр дүнтэй юу? Ердөө тарнийн бүтээлийн талаар зарим ном уншиж, нэг багштай байнгын холбоотой байхгүй байх нь үр дүнтэй юу?
Тийм ээ, энэ мөн маш үр дүнтэй байж болно. Бидний ихэнх нь өөрийн Номын багштай эсвэл тарнийн багштай урт хугацаанд үргэлжилсэн харилцаатай байдаггүй. Тарнийн багшийн гол үүрэг нь, мэдээж, бидэнд эрх авшиг, сахил хүртээх, урам зориг төрүүлэх, эдгээр нь бүх номын багш нарын гол үүрэг. Тарнийн багш бас бидэнд өөр өөр сургаал, тайлбар зохиолуудын аман дамжлагыг өгнө. Гэвч, өдөр тутмын бүтээл зэргүүдийн хувьд, бид бусдаас асууж тодруулах шаардлага гарч болно. Уншиж судлах боломжтой тарнийн талаарх олон ном зохиолууд байна. Төвөд хэл дээр энэ бас тийм байгаа, учир нь ямар ч төвөд хүн тарнийн бүтээлийн талаар олон зүйл тайлбарласан нэг ном худалдан авч эсвэл номын сангаас авах боломжтой байгаа.
Дээрхийн гэгээний хошигнодог адил, бүр хэзээ ч бичигт буулгах ёсгүй сургаалуудыг заримдаа бүр төвөд хэл дээр бичигт буулган, хэвлэсэн байх боловч эхэнд нь “үүнийг хэвлэж болохгүй; бичигт буулгаж болохгүй” гэж хэвлэсэн байдаг нь бүр инээдтэй. Энэ ерөөсөө авцалддаггүй. Нууц байх ёстой сургаалуудыг ил болгож байгаа хүмүүс нь зөвхөн барууныхан биш, төвөдүүд бас үүнийг хийж байгаа. Дээрхийн гэгээний хэлсэнчлэн, хэрэв мэдээллийг юутай ч ил болгож байгаа буруу мэдээллээс илүүтэй зөв мэдээлэлтэй байх нь илүү дээр.
Энэ бүх мэдээллийг ил болгосны аюул нь – бид ердөө дэлгүүр орон худалдан авч эсвэл интернэтээс татаж авч болно – бид тарнийг багшгүйгээр дадлага болгож, “өөрөө хийх” тарни гэдэг тэр зүйлийг хийж болно гэсэн буруу ойлголт авч болно. Энэ маш аюултай, учир нь бид дадлагадаа алдаа гаргаж, хэрэв асуудлууд эсвэл асуултууд гарвал хандах хүнгүй байх төдийгүй үлгэр дуурайл авах бодит эх сурвалж байхгүй байна. Багшийн жишээгээр гарах үлгэр дуурайлын үүргийг хэзээ ч дутуу үнэлэхгүй байх хэрэгтэй. Эх зохиол болгон үүний чухлын талаар өгүүлдэг.
Мэдээж, асуудал нь дадлагадаа ямар нэг бэрхшээл гарах, алдаа хийхэд ч ихэнх тохиолдолд бидэнд багш дээр очих боломж байдаггүй, багшид бидний хийж байгаа зүйлийг үнэхээр шалгаж эсвэл асууж шалгах боломж байдаггүй. Үнэндээ, багш шавь хоёрын хооронд ийм нэг ойр харилцаа байх нь маш ховор байдаг. Бид орчин үеийн тухайд ярьж байна, баруун дахь бидний өнөөгийн нөхцөлд, багш нар ирж, өргөн хэмжээний олон нийтэд авшиг хүртээгээд явах ба бидний амьдардаг газар биднийг хөтлөх эрдэм мэдлэгтэй нэг ч хүн байдаггүй.
Төвөдөд, ихэнх бүтээлчид нь, гол бүтээлчид нь, сүм хийдэд суудаг байсан. Хэрэв тэд сүм хийдэд суудаггүй байсан бол, хийдэд маш ойрхон амьдардаг гэргийтэн хүмүүс байсан. Бидний асуулт асууж болох олон хүмүүс үргэлж эргэн тойрон байна. Бидний хувьд, энэ илүү хэцүү. Бүр илүү аюултай зүйл нь хэрэв асуулт асуувал бидэнд маш их төөрөгдөлд оруулах зөвлөгөө өгөх, мэдэхгүй атлаа юу хийхийг мэдэж байгаа мэт дүр эсгэх, зохих мэдлэггүй олон хүмүүс бидний эргэн тойронд байна. Энэ нөхцөлд, бид үнэхээр сайн дүгнэх ёстой: би дадлагадаа (бүтээл) (сургаалыг дадлага болгох) хэр зэрэг нухацтай байна? Би түүнд хэр зэрэг цаг хугацаа, хүчин чармайлт гаргах хүсэлтэй байна? Энэ миний амьдрал дахь хамгийн чухал зүйл мөн үү?
Ихэнх барууны хүмүүсийн хувьд, харамсалтай нь, энэ нь тэдний амьдрал дахь хамгийн чухал зүйл биш байна. Төвөд үзлийн үүднээс, Номын бүтээл нь хоёрдогч эсвэл бүр илүүтэй тэдний чөлөөт цагаараа хийдэг нэг хобби мэт зүйл байх үед тийм шавь нарыг нухацтай авч үзэх хэцүү байна. Гэвч хэрэв бид бүтээлээ үнэхээр чин сэтгэлээс авч үзэж, энэ үнэхээр бидний амьдрал дахь хамгийн чухал зүйл байвал, шавь багштай холбоо тогтоохыг хичээхэд хүчин чармайлт гаргаж, багш нар байгаа газар руу явах шаардлагатай. Өнгөрсөн үед төвөдүүдийн сургаал хүртэхээр Энэтхэг рүү явах бүх замын турш алхахад гаргаж байсан хүчин чармайлтууд, Милбогд Марпа багшаасаа сургаал хүртэхэд хэчнээн их хүчин чармайлт гаргах ёстой болж байсныг хараарай.
Бид сургаал хүртэж, хувийн зөвлөгөө хялбар авна гэж найдах ямар ч шалтгаан байхгүй. Бид багшид бид үнэхээр хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа харуулах ёстой. Хэдий бид багш нарын байгаа газар хүрч чадсан ч. Бид Дээрхийн гэгээн Далай ламаас авшиг хүртсэн гэж бодъё. Гэвч энэ нь бид Дээрхийн гэгээнээс ганцаарчилсан хувийн сургаал хүртэх боломжтой болно гэсэн үг биш, ялангуяа одоо Дээрхийн гэгээн ийм өндөр настай болсон тохиолдолд. Гэвч Дээрхийн гэгээн Далай ламаас арай бага түвшний хэргэм зэрэгтэй, эрдэм мэдлэгтэй, биднийг хөтөлж чадах бусад багш нар байна.
Хэрэв бид өөрсдийн хүртэх заавар болон сургаалыг номоос авч байгаа бол, түүнийг Номын багштай тогтоох харилцааг орлуулах зүйл болгож бүү хараарай. Гэвч, Бурханы шашны уламжлалд, бидэнд цаг үргэлж гараас хөтөлж, жижигхэн алхам бүрийг жолоодох нэг багш хэрэггүй байдаг. Багш бидэнд сургаал айлдаж, бид өөрсдөө бие даан явах ба тэдгээр сургаалыг хувь хүний үүднээс дадлага болгох эсэх нь биднээс шалтгаална. Биднээр дадлага болгуулах, биднийг ажиглах нь багшийн үүрэг биш. Эцэст нь, бид ямар нэг зүйлд хүрэх эсэх нь бидний өөрсдийн хүчин чармайлтаас хамаарах ёстой болно.
Зарим хүмүүс бид ангид гэтлэхүйн сахил, гэргийтний таван сахил авах үед бидний өмнө нь тэдгээр сахилыг авч байгаа багш ердөө нэг гэрч адил байх ба биднийг хөтлөх гол хүч нь тэдгээр сахилыг авах бидний өөрийн шийдвэр гэж ярьдаг. Бид эдгээр ангид гэтлэхүйн сахилыг авах үед, бидэнд багш ердөө гэрчээр хэрэгтэй байна. Хэрэв тэнд багш байгаагүй бол, бид өөрсдийгөө хуурна; хэрэв багш байгаад, бид сахилаа зөрчвөл, бид өөрсдийгөө мөн тэр багшаа хуурна. Тэр багш бол ердөө нэг гэрч адил, тэрээр бидэнд ямар нэг зүйл өгч буй хэн нэгэн биш гэж онцолдог. Ингэж үзэх нь зөв үү?
Тэгэхээр, бүгдээрээ бага зэрэг Номын талаас нь харъя. Ангид гэтлэхүйн сахилын хувьд бид үнэндээ сахилуудыг Бурхан, Ном, Хуврагийн чуулганы өмнө авдаг. Бидний амлаж байгаа гэх зэрэг зүйлүүд нь Бурхан, Ном, Хуврагийн чуулганд хандсан байх ба багш нь түүнийг өөрөөрөө дамжуулж хийх хэрэгсэл нь болно. Багш нь тэр тасралтгүй дамжиж байгаа дамжлагын нэг төлөөлөгч. Нэг тасралтгүй дамжиж ирсэн дамжлага байх нь маш чухал. Энэ нь цэвэр ариун дамжлага гэгддэг; тус дамжлагын хүн бүр бүх сахилаа ерөөс цэвэр сахисан гэдгийг үнэндээ батлахад маш хэцүү. Үүнийг хэлэхэд хэцүү, тийм биш гэж үү? Юутай ч, дамжлага бүрэн бүтэн байх нь нэг шаардлага, горимоороо бол, цэвэр ариун мөн тасалдалгүй байх. Энэ нь төвөд уламжлал дахь эмэгтэй хуврагийн бүрэн сахилыг сэргээх тухайд нэг асуудал болж байгаа, учир нь дамжлага нь тасраад байгаа.
Тэгэхээр тарнийн сахилуудын хувьд, бид багш бол тарнийн төлөөлөл гэж харах тул, энэ үүднээс, бид багшийг Бурханы-төлөөлөл болгож түүний өмнө сахилыг авна. Энд асуудал нь сахил авах гэдэг юу гэсэн утгатай болохыг ойлгох бидний ойлголт. Сахил нь багшид, нэг хөл бөмбөгийн бөмбөг адил, байдаг зүйл биш. Энэ нь, надад энэ хөл бөмбөгийн бөмбөг, энэ сахил байна, одоо би үүнийг чамд өгнө, одоо чамд тэр хөл бөмбөгийн бөмбөг очлоо гэхтэй адил биш. Энэ нь багш бүрд байх нэг “зүйл,” үнэхээр биет орших зүйл мэт байгаад одоо, энд, түүнийг би танд өгч байна, ингээд та түүнийг авч, түүнийг ямар нэг байдлаар өөрийн болгон авч байгаа мэт биш байна – тань руу нэг зүйл шидэхэд, та түүнийг барьж авахтай адил. Харин, тус сахил, олон нөхцөл байдал болон шалтгаан ба нөхцөлөөс шалтгаалан гарсан нэг зүйлээр бидний сэтгэлийн үргэлжлэл дээр гарна. Энэ биднийг миний дараагийн ярихыг хүссэн зүйл болох сахил гэдэг зүйлд хөтөлнө.
Сахил гэж юу вэ?
Сахил нь нэг үнэхээр оршдог, өөрийн хүчээр оршдог, өөрөөрөө, цэвэр багшийн талд оршдог зүйл байгаад, дараа нь бидний талд ирдэг зүйл биш. Энэ санааг бид няцаах хэрэгтэй. Энэ бол нэг сахилын оршихуйн байх боломжгүй нэг хэлбэр, энэ хандлага адил: “Би үүнийг маш цэвэр, ариун хадгалаад байгаа, ингээд одоо танд өгч байна, та үүнийг цэвэр, ариун хадгалах ёстой, ингэснээр та түүнийг өөрийн шавь нартаа дамжуулж болно.” Ийм биш, хэдий энэ бидний түүний талаарх хүүхдийнх адил ойлголт байж болох ч. Харин, миний хэлсэнчлэн энэ нь шалтгаант үзэгдлээр гардаг нэг зүйл. Энэ юунаас шалтгаалан гардаг вэ? Энэ нь нэг тасралтгүй үргэлжилсэн дамжлага, дэргэд байлцсанаар энэ сахилыг үүсгэх тус дамжлагын нэг төлөөллөөс шалтгаалж гарна.
Бодьсадвын сахилууд нь ангид гэтлэхүйн болон тарнийн сахилуудаас өөр. Бодьсадвын сахил авах хоёр арга байна. Нэг нь багштай, нөгөө нь багшгүй: ердөө Бурхан багш болон бодьсадва нарыг дүрсэлж. Бүр энд, бодьсадвын сахилуудын хувьд, үнэндээ нэг багш байлцах шаардлагагүй. Тодорхой зарим шалтгаанаар, ангид гэтлэхүйн болон тарнийн сахилуудад дамжлага ба тасралтгүй үргэлжилсэн дамжлага маш чухал байна, багшийн үүрэг болон тухайн багш байлцах үүднээс. Бодьсадвын сахилуудын хувьд, тэдгээрийг тасралтгүй үргэлжилсэн дамжлага бүхий цэвэр ариун бодьсадвын сахилтай хэн нэгнээс авах хэрэгтэй байна. Бид бодьсадвын сахилуудыг ямар ч үед дахин шинэчилж болно. Үнэндээ, бид тэдгээрийг өдөр бүр, өөрсдөө, дүрслэн, нэг багахан ёслолын уншлагатайгаар шинэчилж болно. Гэвч, бодьсадвын сахилын хувьд бид түүнийг Бурхад, бодьсадва нарын өмнө авч байгаа – тэд тасралтгүй үргэлжилсэн бодьсадвын сахилтай, иймд энэ өөр. Миний бие үнэхээр үүнийг тайлбарлаж чадахгүй, учир нь би энэ ямар учраас тийм байдгийг, бодьсадвын сахилын хувьд түүнийг багшгүйгээр авах боломж ямар учраас байдгийг мэдэхгүй. Би тодорхой тайлбар ердөө сонсож байгаагүй – энэ асуудлаар, ямар учраас тийм байдаг талаар, ямар нэг тайлбар.
Юутай ч, хэрэв бид илүү ерөнхий утгаар ойлговол, бидэнд нэг нөхцөл болох тасралтгүй үргэлжилсэн сахилтай хэн нэгэн, энэ нь өөрийн нэг багш эсвэл энэ тохиолдолд, Бурхад, бодьсадва нарын аль нэг байх хэрэгтэй. Ангид гэтлэхүйн сахилын хувьд, бидэнд мэдээж тодорхой түвшний магад гарах сэтгэл, чөлөөлөгдөх шийдвэр хэрэгтэй. Бодь сэтгэлийн сахилын хувьд бидэнд мэдээж бодь сэтгэлийн төлөвшил хэрэгтэй, чин сэтгэлийн бөгөөд ялангуяа орохуйн бодь сэтгэлийн төлөв байна. Тарнийн хувьд, бидэнд байвал зохих бүр илүү олон шаардлага байх бөгөөд – магад гарах сэтгэл (чөлөөлөгдөх шийдвэр), бодь сэтгэлийн дээр, бидэнд хоосон чанарын талаарх, зэхэл бүтээлүүдийн талаарх тодорхой суурь ойлголт хэрэгтэй; бидэнд хэрэгтэй олон зүйл бий. Өөрийн сэтгэлийн үргэлжлэлдээ эдгээр сахилуудыг төрүүлэхийн тулд бид нэг маш ухамсартай санаа зорилго, тэдгээрийг чадах хэрээрээ хамгийн сайн сахих санаа зорилготой байх ёстой. Эрэгтэй, эмэгтэй хувраг нарт зориулсан зан үйлд байлцах хүмүүсийн үүднээс шаардлагатай илүү олон зүйл байна. Гэвч, эрэгтэй, эмэгтэй хуврагууд хэрхэн сахил авдаг талаарх сэдэв бидний ярианы сэдэв биш.
Тэгвэл сахил гэдэг үнэндээ юу вэ? Сахил гэдэг нь амласан хорихуй. Энэ амласан хорихуй нь ямар төрлийн үзэгдэл болох талаарх гурван үзэл байна. Саутрантика тогтсон тааллын дагуу, нэг сахил нь биднийг гэм бүхий тодорхой төрлийн зан байдлыг гаргахыг хорих нэг сэтгэлийн хүчин зүйл (нөхөр сэтгэл) байх бөгөөд тодорхой нэг ёслолын үеэр бид түүнийг хийхгүй хорино гэж албан ёсоор амлана. Нэг утгаараа, энэ нь нэг ёслолын үеэр амласан нэг хүчтэй амлалт дээр суурилсан ёс зүйн хувийн сахилга батын нэг илүү хүчтэй хэлбэр.
Вайбхашика, Читтаматра, Саутрантика-Сватантрика болон Прасангика Мадхъямака тогтсон тааллын дагуу сахил нь нэг үл-ил гаргах хэлбэр. Вайбхашика, Саутрантика-Свантантрика болон Прасангика Мадхъямака тогтсон таалал нь үл-ил гаргах хэлбэр гэдэг нь бие эсвэл хэлний үйлийн үрийн түлхцийн нэг төрөл гэж үзнэ. Читтаматра тогтсон таалал нь түүнийг үйлийн үрийн түлхцийн нэг хэлбэр гэж үздэггүй.
Үл-ил гаргах хэлбэр (rig-byed ma-yin-pa’i gzugs) гэж юу вэ? Энэ нь ил бөгөөд биеийн үзэгдлүүдийн бусад хэлбэрүүдийн оршин байгаад эсвэл хөдөлгөөнд саад болдоггүй биеийн үзэгдлийн нэг хэлбэр. Энэ нь тоосонцруудаас тогтдоггүй. Энэ нь сэтгэлийн ёс зүйн төлөв гарч ирдэг тэр төлөвийг ил гаргадаггүй учир түүнийг “үл-ил гаргах” гэнэ. Энэ нь ил гаргах хэлбэрийн эсрэг, жишээ нь, сахил хүртэхээр өвдөглөх үе дэх биеийн хэлбэр дүрс эсвэл хөдөлгөөнөөр болон сахил авахаар үгсийг давтах үе дэх дуу хоолойн сонсогдох авиа гэх мэт нэг эерэг сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр гарч ирэх сэтгэлээр төрөх сэтгэлийн ил болгох зүйлүүд байна.
Үл-ил гаргах хэлбэр нь сахил авах гэх мэт бид нэг үйлдлийг эхлэх үед тэр нь тэр үйлийг дуусгасны дараа үргэлжлэх – сэтгэлийн үргэлжлэлээр цааш үргэлжлэх үед гарна. Энэ нь бидний сахилыг сахих санааны үргэлжлэх хугацаагаар үргэлжилнэ. Хэрэв бид тэр сахилыг сахихаа больё гэж шийдэж, бид албан ёсоор түүнээс татгалзвал, бид тэр үл-ил гаргах хэлбэрийг алдана.
Энэ үл-ил гаргах хэлбэрийн үүрэг нь юу вэ? Тэр сахил бидний гаргахыг хорино гэж амласан зан байдлын төрлүүдийг гаргахаас сэргийлэх нэг шалтгаан болно. Жишээ нь, хэрэв бид үдээс хойш хооллохгүй байх нэг сахил авсан бол тэр сахил нь өдөр бүр үдээс хойш биднийг хооллуулахгүй байх үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв бид тэгж үйлдэхээр (идэхээр) шийдвэл энэ огтоос ухаангүй хэрэг болно, бид тэр сахилга батыг дахин хэзээ ч дагахгүй , үргэлж үдэш хоолловол тэр үед бидэнд тэр сахил байхгүй болно. Энэ бол сахил гэж юу болох тэр зүйл, энэ нь бид нэг сахил авах үед тэрнээс хойших бидний зан байдлын энэ маш нарийн хэлбэр байна. Гэвч, энэ нарийн хэлбэр нь нэг хөл бөмбөгийн бөмбөг адил багш эсвэл Бурхад, бодьсадва нарын сэтгэлийн үргэлжлэлээс бидний сэтгэлийн үргэлжлэлд ирэх нэг зүйл биш байна. Энэ нь тэд бидэнд сахил “хүртээх” гэдэгт байдаг адил нэг зүйл өгөх явдал биш; энэ нь бидний тэднээс шууд утгаар авах явдал биш байна.
Төвөд хэлэнд хэрэглэдэг үг нь өөрийн сэтгэлийн үргэлжлэл дээр нэг сахил “олж авах” гэсэн утгатай байна. Энэ нь бид захидал хүлээн авдаг адил хэн нэгнээс түүнийг авах гэсэн утга илэрхийлэх шаардлагагүй. Энэ нь миний тайлбарласанчлан байх ёстой олон хүчин зүйлүүдийн суурин дээр гарна. Ингээд энэ нь бидний сэтгэлийн үргэлжлэл дээр гарна, бид түүнийг төрүүлнэ, ингээд бидний хийхийг хичээх зүйл нь бид түүнийг аль болох хүчтэй хадгалах.
Сахил “зөрчих” гэх бидний гол төлөв хэрэглэдэг энэ хэллэг бүхэлдээ нэлээд буруу ойлголтод чиглүүлдэг, учир нь хэрэв бид тухайн сахилын дагах ёстой зан байдлын төрлийг дагахгүй бол юу болдог вэ гэвэл бид тэр сахилыг сулруулна. Үүнийг сахилын “хил давах” гэнэ; Үүнийг би хэрэглэх хэрэгтэй хамгийн сайн хэллэг гэж боддог. Бид түүний хил давсан. Бид сахилын хил хязгаараас цааш гарсан. Сахилыг хэр зэрэг их сулруулахад нөлөөлөх олон хүчин зүйл бий бөгөөд бид сахилыг сулруулсан үед тэр нь тодорхой төрлийн нэг зан байдлыг гаргах бага хүчтэй болж, бид түүнийг цаг үргэлж давтана, үдээс хойш хооллохгүй гэх мэт.
Бид үдээс хойш хооллохгүй байх сахилыг маш хатуу хадгалж байгаа гэж бодъё, ингээд нэг өдөр, бид үдээс хойш хооллож, өөр нэг өдөр бас үдээс хойш хооллож, ингээд тэр сахилын хүч нь сул болно, учир нь бид түүнийг заримдаа хийхгүй байгааг харсан. Бид сахилын хүчийг сулруулах гэдэг юу гэсэн утгатай болохыг ойлгох хэрэгтэй. Энэ нь нэг ижил зан байдлыг дахин, дахин төрүүлэхэд бага энергитэй болно гэсэн утгатай. Өөрийн сэтгэлийн үргэлжлэлээс тэр сахилыг үнэндээ гээхэд олон хүчин зүйлүүд хоорондоо холбогдсон байх ёстой, гэвч бид үүнд нэлээд хойно хүрнэ.
За, энэ бага зэрэг ойлгомжтой болж байна уу? Сахил гэж юу болох тухай сэдэв бага зэрэг чимхлүүр, нарийн, гэвч үүнийг ойлгох нь нэлээд чухал гэж би боддог. Энэ нь ирээдүйд бидний зан байдлыг хэлбэржүүлэх бидний сэтгэлийн үргэлжлэл дээрээ төрүүлдэг нэг нарийн хэв маяг байх ба энэ нь нэлээд хүчтэй байна, учир нь бид түүнийг нэг маш хүчтэй амлалтын суурин дээр төрүүлсэн.
Ил үл-хорихуй болон завсрын үл-хорихуй
Абидарма (Илт номын аймаг) сургаалд амласан хорихуй, ил үл-хорихуй болон эдгээр хоёр ангиллын аль нь ч биш, хорихуй болон үл хорихуйг илэрхийлсэн завсрын хорихуйн тухай яриа байна. Гол төлөв, амласан хорихуй нь амь авах гэх мэт мөн чанараараа сөрөг үйлдлүүд болон орой болон өглөө эрт бясалгахад сэтгэл тодорхой байхад гэмтэй, үдээс хойш хооллох гэх мэт Номын бүтээлд гэмтэй гэж Бурхан багшийн хориглосон зан байдлын төрлүүдийг хорих явдал байна. Бид Христийн шашны сүйн амлалт гэх мэт зүйлийн талаар яриагүй.
Нэг ил үл-хорихуй нь, жишээ нь, армид орж, дайсныг хөнөөх ам авах гэх мэт ямар нэг сөрөг зүйлийг хийхээс зайлсхийхгүй байхгүй байх ам байна. Энэ нь, гол төлөв, Бурханы шашны сахилуудад бидний хийхгүй байхаар сахидаг тэдгээр зүйлүүдийн яг эсрэг зүйлүүдийг хийхээр амлах явдал байна. Ингээд, нэг завсрын хорихуй байх ба энэ нь дээрх хоёрын аль нь ч биш, амласан хорихуй эсвэл ил үл-хорихуйд багтахгүй ямар нэг зүйлийг хийхийг, эсвэл тэдгээрт багтсан зүйлийн ердөө нэг хэсгийг хийхийг, эсвэл тодорхой зарим төрлийн зан байдлыг үргэлж биш, зарим нэг цагт хийхийг хорих нэг амлалт, нэг хүчтэй амлалт байна.
Би эр, эмийн харилцааны ёс зүйн талаарх сахилын завсрын хорихуйн нэг жишээ хэлье. Эр, эмийн харилцааны зохисгүй зан байдлыг хорих сахил нь зохисгүй зүйлүүдийн нэг урт жагсаалтаас бүрдэнэ. Бид энэ жагсаалтад байх зүйлүүдийн заримыг, жишээ нь, хүчин, хэн нэгнийг хүчиндэх гэх мэт зүйлийг хийхээс зайлсхийхэд бэлэн байна гэж бидэнд санагдаж байна гэж бодъё. Мэдээж, бид түүнийг хийхгүй, гэвч тус жагсаалтад байх бидний хориход нэлээд бэлэн биш бусад зарим зүйлүүд байна. Жишээ нь, бид “За, би энэ сахилын ердөө талыг сахья” гэх.
Тус сахилын хувьд, бид түүнийг үнэхээр хийж чадахгүй байна. Бид сахилыг авч, энэ нь сахилыг бүхэлд нь авах гэсэн утгатай эсвэл сахилыг авахгүй байх аль аль нь байж болно. Хэн ч биднийг тэр сахилыг авах ёстой гэж хэлээгүй. Харин бид юу хийж болох вэ гэвэл энэ завсрын хорихуйг авах, энэ нь нийт сахилд байгаа зүйлийн зарим хэсгээс зайлсхийнэ гэсэн нэг маш хүчтэй амлалт байна. Энэ нь Бурханы шашны нэг сахил сахих адил тийм хүчтэй биш боловч энэ нь ердөө заримдаа хийхгүй байхаас илүү их хүчтэй байна. Энэ хүчтэй амлалтыг өгөх нь маш эерэг, жишээ нь, бид хэнийг ч хүчиндэхгүй гэж амлах явдал. Ингэж амлах нь ердөө хүчиндэхээс зайлсхийхээс илүү их эерэг хүчийг бий болгоно. Бид энэ амлалтыг бодитойгоор гаргана, гэвч энэ нь эр, эмийн харилцааны зохисгүй зан байдлаас зайлсхийх гэсэн Бурханы шашны тэр бүрэн сахилын бүхэл бүрэлдэхүүн хэсгийн нэг хэсэг болгон түүнийг хийхгүй байх гэсэнтэй адил хүчтэй биш байна.
Миний ойлголт зөв болов уу? Хэрэв би зарим сахил зөв биш эсвэл ухаангүй юм, иймээс би тэр сахилыг сахихаа больё гэж бодвол, тэр үед би сахилаа алдах уу? Гэвч, хэрэв энэ ердөө, би энэ сахилыг зарим тохиолдлуудад дагаж чадахгүй байна, зарим нэг нөхцөлүүдээс шалтгаалан, гэвч би магадгүй дараагийн удаа, түүнийг дагана гэж байвал, энэ үед би ердөө сахилаа сулруулж байгаа боловч түүнийг алдаагүй, тийм үү?
Тэр зөв. Илүү нарийн зүйл бий, үүнийг дараа ярилцъя, ингэснээр бид илүү тодорхой ойлголт авна.