XXI зууны Бурханы шашин

Хорин нэгдүгээр зууны Бурханы шашинтан байх

Би Төвд хүмүүс, мөн Хятад, Япон хүмүүст, Ладак болон бүх Гимлай орчмын Бурханы шашинтнуудад – бид одоо хорин нэгдүгээр зуунд байна, бид хорин нэгдүгээр зууны Бурханы шашинтнууд байх хэрэгтэй гэж үргэлж хэлдэг. Энэ нь орчин үеийн боловсрол, шинжлэх ухаан, энэ бүхний талаар бүрэн мэдлэгтэй байж, орчин үеийн техник хэрэгслийг ашиглаж түүний зэрэгцээ Бурхан багшийн заасан хязгаарлашгүй бусдын тусыг бодох сэтгэл, бодь сэтгэл болон харилцан хамаарлын тухай үзэлд, пратитяасамутпада [шүтэн барилдлага] гүн бат итгэлтэй байна гэсэн үг. Ингэвэл та жинхэнэ бурханы шашинтан, мөн хорин нэгдүгээр зууны иргэн болох юм.

Би саяхан Нүбрад [Ладак] явж байгаад өдрийн хоол идэхээр замдаа зогссон юм. Нутгийн хэсэг хүмүүс ирсний заримыг нь би хорь, гучин жилийн өмнөөс мэднэ. Тэдэнтэй ярилцаж байхдаа бид хорин нэгдүгээр зууны Бурханы шашинтнууд байх хэрэгтэй бас сурлцах явдал маш их чухал байна гэж хэлж байсан. Тэгээд би тэднээс “Бурханы шашин гэж юу вэ?” асуухад “Буддам саранам гачами. Дармам саранам гачами. Сангам саранам гачами. [Бурхан, Ном, Хуврагт итгэм үү] Энэ бол Бурханы шашин” гэж хариулсан юм. Энэ бол дэндүү хялбар. Тэгээд би Бурхан багш, Есүс Христ, Мухаммедийн ялгааг асуухад тэд “Ямар ч ялгаагүй” гэсэн. Энэ бол буруу. Хүн төрөлхтөний түүхэн дэх аугаа их багш гэдгээрээ адил. Харин сургаалынхаа хувьд их ялгаатай. Бурханы шашин бол бүтээгч эзэнгүй шашин. Нэг удаа би та нараас Бурханы шашин атейст уу эсвэл үгүй юу гэж асуухад атейзм гэдэг бол “Бүтээгч эзний эсрэг” гэсэн утгатай гэж хэлж байсан. Бурханы шашин Бүтээгч эзнийг үгүйсгэдэггүй – Бурханы шашин бүх шашныг хүндэтгэдэг – харин бүтээгч эзэнгүй, бүтээгчийн тухай ойлголтгүй гэдгээрээ Бурханы шашин нь бүтээгч эзэнгүй – тейст бус шашин юм. Тэгэхээр сургаалын талаараа, гүн ухааны талаараа Бурханы шашин болон бусад шашнуудын хооронд их ялгаа байдаг. Гэтэл эдгээр тосгоны хүмүүс тэднийг адил гэж бодож байсан байна.

Энэ надад, нэг удаа Төвдөд нэг лам ном тавьж байх үеэр хүмүүс түүнээс “Гурван эрдэнэ хаана байдаг юм бэ?” “Бурхан хаана байдаг юм бэ?” гэж асуухад тэрээр хэсэг дуугаа хурааж байгаад дээшээ зааж “Бурхан багш огторгуйд гэрлээр хүрээлэгдсэн болор ордонд байдаг” гэж хэлж байсныг санагдууллаа. Энэ тийм биш юм. Бурхан бол энд бидний зүрхэнд – Бурханы чанарт байдаг.

Иймд бид Бурханы номын [Бурхан багшийн сургаалын] жинхэнэ үндэс суурь руу нь орох ёстой гэж хэлэхийг хүсэж байна. Жишээ нь бид хооллохдоо гурил эсвэл будаагаа, Төвд хүмүүсийн хувьд замбааг, бид ногоотой хольж идвэл үнэхээр сайхан байна. Харин үндсэн хоолгүйгээр ердөө хэсэг ногоо – хачир идвэл хангалттай биш байна биз. Үүнийг ойлгох нь чухал.

Уламжлалыг модоор зүйрлэж үзвэл түүний их бие, салаа мөчир нь юу болох талаар

Төвдийн Бурханы шашныг би ихэвчлэн цэвэр Наландирын ёс [Эртний Энэтхэгийн Наландирын сургуулийн арван долоон их эрдэмтний заасан сургаалын уламжлал гэдэг утгаар нь] гэж үздэг. Энэ бол гол зүйл. Ладакт байдаг бүлгүүд болон бусад манай Бурханы шашны бүлгүүдэд би модны гол, түүний өөр мөчрүүдийн тухай зүйрлэлийг бас тайлбарлаж өгдөг. Наландирын ёс нь модны их бие, [Төвд ёсны] Нингма, Сажа, Гаржүд, Гэлүг, Гаадамба, Жонан ёсууд нь бүгд мөчрүүд.

Саяхан би Дрүгпа Гаржүдийн Дорзон төвөөр зочилсон. Тэдний Ринбүүчи зөвхөн өөрсдийн хуврагууддаа төдийгүй төвд үндэстэн залуу гэргийтэн хүмүүст зориулсан маш сайн номын хөтөлбөр явуулдаг. Би Дорзон Ринбүүчигээс хөтөлбөрийг гуйж авсан. Маш сайн хөтөлбөр байсан. Тэгээд би тэдэнд уламжлалын гол болон салаа мөчрүүдийг мөн нэгтгэе гэж бодвол Сажа, Нингма, Гаржүд, Гэлүг, Гаадамба, Жонан энэ бүх ёс хэрхэн үндсэндээ нийлхийг тайлбарлаж өгсөн. Ямарч ялгаа байхгүй. Харин мөчир тус бүрийг нь онцолж авч үзвэл бага зэрэг ялгаанууд энд тэнд зөндөө товойн харагдана. Эдгээр мөчрүүд маш чухал. Цогчин, махамудра, Саж ламдрай, сэлтонг-зүнгжүг гэх мэт зарим онцгой зүйлүүд байна. Бүгд тус бүрдээ сайн. Харин тэд бүгд их биетэй холбоотой. Энэ бүх онцлог талууд нь их биений үндсэн сургаалуудын бүрэн дүүрэн мэдлэг дээр гарч ирвэл маш сайн байх болно. Ингээд бүрэн гүйцэд болох юм. Гэвч үндсэн сургаалуудыг хайхрахгүй орхиод зөвхөн дээрх мөчрүүдийг онцлон авч үзэх юм бол энэ бүрэн гүйцэд болохгүй төдийгүй буруу тайлбарлах, буруу ойлгох аюул гардаг.

Тэгэхээр энэ бол их бие, Наландирын эрдэмтэд. Би ихэвчлэн Наландирын арван долоон эрдэмтний талаар ярьдаг. Тэдний бүтээлүүд Бурханы шашны үндсэн сургаалын тайлбарууд юм. Бусад нь мөчрүүд нь болох юм.

Эргэлзэж итгэл төрөхгүй байх явдал чухал

Бурханы шашны үндсэн сургаалд – их биеийн сургаалд – дурьдсанаар сургаалд эргэлзэн түүнийг шалгаж үзэж байх явдал маш чухал гэдэг. Би өөрийгөө Бурханы шашинтан гэж боддог, тэгж ч итгэдэг, гэвч би одоо Сүмбэр уул байдаг гэдэгт хатуу итгэхээ больсон. Хоёр үнэн, хутагтын дөрвөн үнэн бол гариг ертөнц, галактик, Биг Бэний жинхэнэ тайлбар юм. Энэ бол Бурхан багшийн, Бурханы шашны жинхэнэ сургаал.

Сонгодог бүтээлүүдийн утга санаа илэрхийлэх хэв маяг нь дөрвөн итгэмжлэлийг баримталсан бүтэцтэй байдаг. [Ном тавьж буй хүнд нь бүү итгэмжил, тавьж буй сургаалд нь итгэмжил; үгэнд нь бүү итгэмжил, утганд нь итгэмжил; хөрвүүлсэн утганд бүү итгэмжил, эцсийн утганд итгэмжил; (ойлгохын тулд) өөрийн дуалист үзэлд (зөвхөн хоёр хэсэгт хуваан, хэтрүүлэх үзэлд) бүү итгэмжил, билиг билгүүндээ итгэмжил]. Эдгээр бүтээлүүдийн жинхэнэ хүлээн авагч, ул суурьтай уншигчид нь [эргэлзэн] судалж үздэг хандлагатай байх ёстой. Бүтээлийн агуулга нь өөрсдийн амьдралтай холбоотой байгаа эсэхийг шинжилж үзэх хэрэгтэй. Энэ нь түр нэг хугацаанд ямар ач тустай байна? Мөн урт хугацааны ямар ач тустай байна вэ? Чин сэтгэлээсээ хандаж байгаа уншигчид сургаал номыг дагахаасаа өмнө нийтлэг тулгардаг асуудалд тухайн сургаал хэр зохимжтой байгааг мэдсэн байх ёстой.

Энэ бол жинхэнэ Наландирын арга юм. Сургаалыг уншиж хүлээн авч байгаа хүмүүс [эргэлзээтэй санагдсан зүйлээ] шинжилж үздэг байх ёстой. Эргэлзэх, итгэхгүй байх үед асуулт гарч ирдэг. Асуулт нь судалгаа шинжилгээ шаарддаг. Судалгаа шинжилгээ нь хариултыг авчирдаг. Энэ бол учир шалтгааны ухааны ганц арга.

Сүмбэр уул болон тамын орон байрлах газрын талаарх ойлголтыг няцаах нь

Дөчин жилийн өмнө Сар Ашрамд нэг үйл явдлын үеэр “Бурхан багш энэ гариг дээр газрын зураг зохиох гэж ирээгүй. Тийм болохоор Сүмбэр уул байгаа байхгүй талаар ярих нь Бурханы шашны хийх ажил биш. Энэ бол тийм чухал зүйл биш” гэж би хэлж байсан. Нэг иймэрхүү. Тэгэхээр бид [Абидармакошад, Мэдлэгийн тухай сэдвийн эрдэнийн санд гардаг] Васубандугийн тайлбарыг няцаах эрхтэй. Бид бэлэг тэмдгийн болон үгийн өөрийн утга хоёрыг хооронд нь ялгах ёстой. Дүйнхорт Сүмбэр уул болон энэ бүгд зүйл нь толгойн оройгоос хөлийн ул хүртэл хүний биеийг бэлэгддэг гэж гардаг. Үүнтэй адил тарнийн олон тайлбарууд байдаг. Тэгэхээр эдгээр бэлэгдлүүд нь тодорхой утгатай, тодорхой зорилготой.

Харин тамын амьтдын тухайд, там гэдэг ойлголтын хувьд Васубандугийн Абидармакошад дурдсанчлан Бодгаяагийн доор хорин багцадад [Скт. ёжана, зайн хэмжээс, 3.9 – 7.4 км] найман өөр тамын орон байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү. Багцад нь нэг километрээс хамаагүй урт хэмжээс. Хэрэв улам доош нь хөөгөөд явбал тамын орон нь Америкт байх хамгийн боломжтой болж таарна! Гэвч Америкийг там гэж хэлбэл ичгэвтэр болно биз дээ. Тэгэхээр эдгээр нь няцаахад хэцүү зүйлүүд биш.

Аливааг ойлгох гурван арга байдаг. Үүнд танин мэдэхүйгээр, учир шалтгааны ухаан дээр суурилан дүгнэлт гаргах, мөн сургаалын эх сурвалжид найдах гэж байдаг. [Сургаалын эх сурвалжийн хувьд] энэ нь гуравдагч хүнд найдах гэсэн үг юм. Би үүнийг бидний төрсөн өдрийн жишээтэй адил гэж олон хүмүүст хэлдэг. Бидний төрсөн өдөр үнэхээр хэзээ гэдгийг судалж тогтоох ямар ч арга байхгүй. Жишээлбэл бид гуравдагч хүн, ээждээ, найдах ёстой. Гуравдагч хүний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхийн тулд эхлээд бид тэр хүн үнэнч, итгэж болох мөн хэвийн оюун ухаантай гэдгийг батлах хэрэгтэй. Ингээд гуравдагч хүний хэлсэн, бидний судалж үзэж болох зарим бусад зүйлийг шалгах хэрэгтэй. Шалгаж үзээд зөв гэдгийг нь тогтоох үед тухайн хүнийг үнэнч, худал хэлэх эсвэл худал дүр эсгэх шалтгаангүй гэж мэдэх болно. Тэгээд бид тухайн хүний хэлсэн бусад зүйлүүдийг нь хүлээн зөвшөөрч болно.

Үүний адил бидний ойголтоос цааш давсан, бидний туулж үзэж байгаагүй нууцлаг үзэгдлүүд байж болох юм. Хэрэв ийм үзэгдлүүдийг үнэхээр туулж үзсэн гэж хэлж байгаа хүмүүс байвал тэдний бичсэн зүйлүүдийг шалгаж үзэж тухайн дурдсанаас бусад санаанууд нь итгэж болохоор байгаа эсэхийг нь харж болно. Хэрэв итгэж болохоор байвал тухайн хүний бидний ойлголтоос хэтэрсэн тэдгээр зүйлүүдийг тайлбарласан тайлбарт нь найдаж болно. Ийм төрлийн аргыг бид Бурханы шашны эх сурвалжуудын зарим тайлбарууд дээр ашиглах хэрэгтэй.

Тэгвэл праманагийн дагуу – мэдлэг болон учир шалтгааны ухаан – [батлах, үгүйсгэх өөр өөр төрлийн аргууд байдаг. Нэг төрлийн няцаалт нь харагдаж байх ёстой боловч харагддаггүй тийм үзэгдлүүдийг няцаах арга юм.] Жишээлбэл, Абидармакошад, нар сар хоёр дэлхийгээс адилхан зайд оршдог ба Сүмбэр уулыг тойрон эргэх үед өдөр, шөнө ээлжилдэг гэж гардаг. Үнэндээ бидэн дээр [шөнийн цагаар] Сүмбэр уулын сүүдэр тусаж байгаа юм шиг байдаг. Гэвч хэрэв сүүдэр тусаж байгаа гэж үзэх юм бол бид уулыг харж байх ёстой болно биз дээ. Эртний Энэтхэгийн үед Васубандуд Сүмбэр уул байгаа эсэхийг шалгах боломж байгаагүй. Харин бидэнд одоо сансрын хөлөг байгаа болохоор түүнийг харж болно. Хэрэв Сүмбэр уул байдаг бол бид түүнийг харах л ёстой. Хэрэв бид харж чадахгүй байгаа бол түүнийг байдаггүй гэж хэлж болно.

Тэгэхээр өөрийн батлах гэж байгаа үзэгдлээ харж чадахгүй байх эсвэл тэр үзэгдлийнхээ бүр эсрэгийг нь олж харах ийм няцаалт бас байдаг. Дигнага, Дармакирти нар өөрсдийн бүтээлдээ энэ тухай тодорхой дурдсан байдаг. Бурханы шашны гүн ухааны мэдлэгийг ашиглаж Сүмбэр уулын оршихгүйг амархан баталж болно. Эдгээрийг үгүйсгэхэд ямарч асуудал байхгүй.

Өмнөд Энэтхэгт нэг удаа хийдэд шавилан сууж байгаа хуврагуудын нэг томоохон уулзалтын үеэр, арван мянга гаруй хувраг байсан гэж бодож байна (бүх том шашны сургуулийн хуврагууд цугласан), би шинжлэх ухаан чухал болох тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлж, бид шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухааныг судлах ёстой гэж хэлж байсан. Тэгээд би Сүмбэр уул гэх мэт зүйлд итгэдэггүй гэж ярьсан. “Гэвч намайг тасархайн хязгаарыг баримтлагч гэж битгий бодоорой” гэж хэлсэн. Эхний өдрийн сургаал Бурханы шашин болон барууны шинжлэх ухаан хоёрын харилцан хамаарлын тухай байсан. Хоёр дахь өдөр нь Бурхан багшийн сургаалыг тайлбарласан. Эхний өдрийн сургаалыг их шинэлэг хэлбэрээр тавьсан харин хоёр дахь өдрийн сургаал нь уламжлалт шашны хэлбэрээрээ болсон. Тэгэхээр дээрх байдлаар зарим зүйлүүдийг үгүйсгэхэд ямарч асуудал байхгүй.

Багшаа шүтэх явцад тохиолдож болох зарим анхаарах зүйлүүд

Хэрэв бид сургаалын үндэс рүү орвол багшаа шүтэхийг онцгойлон авч үздэггүй. Харин махамудра эсвэл цогчин гэх мэт салаа мөчрүүдийг нь харвал багшаа шүтэх бясалгал маш чухал байдаг. Гэтэл энэ нь амьдрал дээр тэдгээр лам нарыг буруу занд сурган, тэгээд төвүүд нь шашны бүлэглэл мэт болдог. Яагаад? Учир нь Бурханы шашны үндсэн сургаалаа мартаж, зөвхөн тэдгээр салаа мөчрүүд дээр анхаарснаас болж байгаа юм.

Марпагийн багш Наропа нь Гаржүд ёсны гол төлөөлөл. Наропа нь Наландирын сургуулийн эрдэмтэдийн нэг байсан. Хожим нь тэрээр ядуу хүний (саду) дүр байдалтайгаар тарнийн ёсны бүтээл хийж байсан. Наропа Наландирын ёсны бүх чухал эх зохиолуудыг судалсан байсан учраас ийм бүтээл хийх бололмжтой болсон. Гэтэл орчин үед барууны зарим бүтээлчид, зарим төвд, ладак бүтээлчдийн дотор бас Бурханы номын суурийг сайн мэдэхгүйгээр ламынхаа хэлсэн бүрийг хийдэг хүмүүс байна. Бүр лам нь “буруун бол зүүн” гэхэд ч “аан, тэр зүүн юм байна” гэж итгэж байна. Энэ бол Наландирын ёсны эсрэг зүйл.

Мэдээж Бурханы шашны талаарх үндсэн мэдлэгт бүрэн гаршсан хүмүүс над мэтийн ердөө л өндөр сэнтий дээр суудаг, үзэж судалсан нь хязгаарлагдмал хүмүүсээс ялгаатай байдаг. Энэ нь би тэдгээр лам нарт бага зэрэг атаархаж байгаа юм шиг санагдаж болох юм! Гэвч өөрт тохиолдож байсан зүйлүүдээс харахад ийм нөхдүүд зөвхөн тухайн салаа мөчрөө (тухайн нэг ёсыг) онцолдог ба зөв зохистой, бүрэн мэдлэггүй байдаг. Энэ байдал үнэхээр их буруу ойголтууд төрүүлж байдаг. Үүнийг ойлгох нь чухал.

Бурханы шашныг барууны хэв маягт тохируулах нь

Барууны хэв маягтай Бурханы шашинтай байх санаа бол тун зөв, зүгээр. Бурханы шашин Энэтхэгт үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улмаар өөр өөр оронд дэлгэрэхдээ тухайн газрынхаа соёл, зан заншилтай холбогдож Төвдийн бурханы шашин, Хятадын, Японы гэх мэт хэлбэртэй болж эхэлсэн.

Төвдийн сүм хийдүүдэд хэрэглэдэг зарим хөгжмийн зэмсэг нь Наландирын ёсны зэмсэг биш харин Хятад гаралтай байдаг. Гялин [төвд жимбүүр хөгжим] нь уг нь “хятад цоор” хөгжим юм. Зарим хийдүүдэд тэр хөгжмийг тоглож байгаа хүмүүс нь хятад маягаар хувцасладаг. Энэ бол Бурханы шашны хэсэг биш, энэ бол ердөө соёлын тал нь. Үүнтэй адил барууны Бурханы шашинтнууд та нар орчин үеийн хөгжмийн зэмсэг хэрэглэж, барууны дуу хөгжмийн аялгуунд тааруулан ерөөлөө ч уншиж болно. Энэ зүгээр, ямар нэг асуудал байхгүй.

Хутагтын дөрвөн үнэн, бусдын тусыг бодох сэтгэл энэ бүгдийг харахад Бурханы шашин нь сэтгэлийг судалдаг ба өнөөгийн хүмүүсийн сэтгэл 2600 жилийн өмнөх үеийн хүний сэтгэлтэй адилхан байгаа. Хүний сэтгэл нь миний бодож байгаагаар сүүлийн дөрөв, таван мянган жилийн турш адилхан байсаар ирсэн, дараагийн хэдэн мянган жилийн турш ч адилхан байх болно. Арав, хорин мянган жилийн дараа тархины шинэ хэлбэр бий болвол арай өөр болж болох юм. Гэвч тэр болтол нилээн хол байна. Бидний үед зориулж сургаалыг өөрчлөх шаардлага байхгүй, дараагийн үед ч тэр, түүний дараагийн үед ч тэр хүний уураг тархи адилхан, сэтгэл нь ч адилхан байна. Эрдэмтэдээс, мэргэжлийн хүмүүсээс нь энэ талаар асууж болно. Тэд “Хамгийн багаар бодоход дараагийн хэдэн зууны турш хүний уураг тархи адилхан байна. Өөрчлөлт гарахгүй” гэж хэлнэ. Ийм жишээтэй. Тэгэхээр Бурхан шашны үндсэн сургаал одоо ч гэсэн бодитой юм.

Гүнзгий түвшний сургаалыг буруу ойлгох явдал

Одоо хэдэн сайн үр дүнд хүргэх шүүмжлэл хэлье гэж бодож байна. Барууны оронд, бага зэрэг зүйл мэдэж авсан боловч “өө, би бүгдийг мэднэ” гэж боддог зарим хүмүүстэй би тааралддаг. Тэгээд тэд өөрсдийн хязгаарлагдмал мэдлэг, буруу ойлголтоороо сургаал зохиодог. Мэдээж төвдүүдийн дунд, ялангуяа эдгээр гүн ухааны эх зохиолуудаа судлаагүй хүмүүс ч бас тэгж болох юм.

Та нартай хуваалцаж болно гэж миний бодож байгаа нэг жишээ байна. Нэг том газар хөдлөлт болсоны дараа би Сан Францискод очсон юм. Тэр үед миний жолооч тус мужийн жолооч биш, тэндэхийн нэг Номын төвийн гишүүн хүн хувийн машинтайгаа үйлчилж байсан. Тэр хүн цогчин бүтээл хийдэг байсан. Би түүнээс “Энэ том газар хөдлөлт болоход чамд юу гэж санагдав?” гэж түүнтэй энгийн яриа өрнүүлсэн юм. Тэрээр “Маш гэнэтийн, хүчтэй цочрол байсан болохоор цогчин бүтээл хийх том боломж болсон” гэж хэлж байсан.

Гэвч ямарч бодолгүй, их цочролд орох нь – хэрэв тэр түүнд жинхэнэ цогчин бүтээл гэж санагдсан бол тэр бүтээл их амархан байх юм байна гэж бодож байна. Цочролд ороод л тэгээд цогчин бүтээл хийж болдог! Цогчин бүтээл бол тийм амархан биш. Би өөрөө цогчин бүтээл хийж байсан. Энэ үнэхээр хэцүү, маш хэцүү.

“Бага мэдлэг бол аюултай зүйл” гэдэг үг байдаг. Маш бага үнэний хувь байгаа учир болгоомжтой бай. Сайн сур. Ламын зааварт битгий найд, эдгээр жинхэнэ бүтээлүүдэд найд. Энэ бол чухал. Миний үгэнд битгий найд. Нагаржуна, Аръядэва, энэ бүх Бурханы шашны мастеруудын бичсэн жинхэнэ бүтээлүүдийг судал. Сургаалуудыг нь хэдэн зууны турш эдгээр мастерууд шалгасан. Аръяа Асанга бүтээл туурвиж, бусад сэтгэгчидтэй маргаж байсан. Жишээ нь Нагаржунагийн бичсэн зарим зүйлийг Аръяа Асанга бага зэрэг шүүмжилж байсан, дараа нь өөр нэг мастер Аръяа Асангагийн бүтээлийг судалж үзээд түүнийг шүүмжилсэн.

Эдгээр мастеруудын энэ бүх их бүтээлүүд хэдэн зууны турш туршигдаж, шалгагдсан учраас үнэхээр найдаж болох бүтээлүүд юм.

Мөн (сургаал) дууллууд байдаг [өндөр эрдэмд хүрсэн мастеруудын сэтгэлээс аяндаа гарсан дуулал – сургаалууд]. Наропа, Тилопа гэх мэт эдгээр маш онцгой бүтээлчид Наландирын ёсыг бүрэн судалсан байдаг. Ингээд бүтээл хийж, бүх ертөнцийн амьдрал, сүм хийдийн амьдралыг орхиж бүтээлч, егүзэрийн амьдралаар амьдарсан. Өөрсдийн туулж өнгөрүүлсэн туршлагаараа тэд эдгээр яруу найргийг өөсрдийн гүн ойлголт, энгийн үгээр тууривсан. Иймд зөвхөн нэг ёс төдийг мэддэг [өөр илүү мэдлэггүй] хүмүүс энэ бүхнийг буруу ойлгох аюул байдаг.

Нингма ёсонд есөн хөлгөнтэй нэг систем байдаг. Эхний гурван хөлгөн нь – шравака, брадигабуд, бодьсадвын хөлгөн [гурван судрын хөлгөн] – ихэвчлэн хутагтын дөрвөн үнэн дээр суурилдаг. Дараагийн гурван хөлгөн – крияа, үпа, иога нь [тарнийн гадаад гурван ёстой холбоотой хөлгөн] – ариусгах бүтээлийг онцолдог. Сүүлийн гурван хөлгөн – маха, ану, ати нь [тарнийн дотоод гурван ёстой холбоотой] – өөрийн сэтгэлийг хянах бүтээлийг онцгойлон үздэг.

Сүүлийн гурван хөлгөний цаад гол утга нь сэтгэл хөдлөлийн нөлөөнд орохоосоо илүү түүүнийг төлөвшүүлэх, сэтгэл нь сэтгэл хөдлөлийн цаад мөн чанарыг харж чаддаг болох явдал юм. Тэр бол тод гэрэл. Тэгэхээр сүүлийн эдгээр гурван хөлгөнд хорт муу сэтгэлүүдийг бидний даван туулах ёстой зүйл гэж хардаггүй харин эдгээр хорт сэтгэлүүдийн мөн чанар, бодит байдлыг олж хардаг. Тэгэхээр энэ үе шатуудыг аль хэдийн туулсан өндөр түвшний бүтээлчдийн зарим сургаал нь бидний түвшинд бүтээхэд хэцүү байдаг. Эдгээр есөн үе шат ердөө хялбар биш.

Хүмүүнлэг гэдэг нэрийн дор аливаа үйлдийг хийх үү эсвэл Бурханы шашин гэдэг нэрийн дор хийх хэрэгтэй юу?

Саяхан би Бихар мужийн Патнад очсон. Тэд Бурханы шашны нэг том хийд барьсан байсан. Тэд Бурханы шашинтай өөр өөр орнуудаас эрдэнийн чандар хүссэн байсан, би бас тэдэнд чандар өргөсөн. Энэ ёслолын үеэр ерөнхий сайд нь Бурхан багшийн адиститаар Бихар муж эрчимтэй хөгжинө гэж хэлж байсан. Тэгээд би түүнийг сайн таньдаг учраас түүнд “Бурхан багшийн адистид Бихар мужийг хөгжихөд тусалж чаддаг бол бүр эрт, Бурхан багшийн адистит байсан тэр үед аль хэдийн хөгжсөн байх байсан. Бүтээлч хэн нэгэн сайд иртэл хөгжил явагдахгүй. Бурхан багшийн адистит нэг хүний гараар л дамжих ёстой” гэж хэлсэн юм.

Ерөөл хэдий сайхан ч бодит үр нөлөө байхгүй, харин ямар нэг зүйл хийж байвал өөр хэрэг биз дээ? Бодит нөлөө ямар нэг зүйл хийхийг шаарддаг. Тийм учраас л Бурханы шашинд “Үйлийн үр, үйлийн үр” гэж хэлж байдаг. Үйлийн үр (Карма) гэдэг нь “үйл” гэсэн утгатай. Тэгэхээр бид идэвхитэй байх ёстой.

Үйлдлийг “Би долоон тэрбум гаруй хүний нэг. Би долоон тэрбум гаруй хүний сайн сайхныг талаар санаа тавих үүрэгтэй” гэж бодож хийх хэрэгтэй. Ийм байдлаар. Хэрэв бид Бурханы шашны ерөөл өргөж байгаа бол бид түүнийгээ үргэлж хамаг амьтны тусад гэж хэлдэг. Нэг ч Бурханы шашинтан ерөөлөө зөвхөн Төвдийн төлөө гэж уншдаггүй. Хэзээ ч тийм хэлбэрээр ерөөдөггүй. Эсвэл зөвхөн энэ гариг гэдэггүй – тоолшгүй олон гариг ертөнц, тоолшгүй олон амьтан байдаг. Бид түүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Хэрэв үгүй бол бидний ерөөл хуурамч дүр эсгэх байдалтай болно. Нэг том “бид” гэсэн суурин дээр ерөөж байгаа боловч бидний бодит карма – “үйлдэл” нь “бид”, “тэд” (миний, чиний) гэсэн хүчтэй сэтгэл дээр суурилвал энэ нь хуурамч дүр эсгэх байдал болно.

Одоо тэгвэл бид үйлдлүүдийг Бурханы шашны нэрийн дор хийх үү эсвэл хүмүүнлэгийн гэсэн нэрийн дор хийх нь дээр үү? Хэрэв та Бурханы шашны үүднээс хүний суурь үнэт зүйлийг дэвшүүлэн тавих гэж байгаа бол энэ их явцуу байх болно, бүх нийтийнх болж чадахгүй. Энэтхэгийн мянган жилийн түүхэн уламжлал нь шашны олон ургалч (өөр өөр шашин, итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрөх) үзэл бөгөөд энэ нь иргэний (шашнаас ангид) – нэг шашныг бусад шашнаас онцолж авч үзэхгүй, бүх шашныг хүндэтгэх гэсэн утгатай байдаг. Өөрийн үндэсний шашнуудын зэрэгцээ дэлхийн бүх гол гол шашнууд Энэтхэгт аажмаар дэлгэрсэн байна. Тэгэхээр хамгийн багаар бодоход сүүлийн хоёр мянган жилийн турш дэлхийн бүх гол шашнууд энэ оронд зэрэгцэн оршиж ирсэн. Ийм бодит байдлын улмаас аяндаа тэд иргэний ёс зүйг төлөвшүүлсэн байна. Энэ маш сайн хэрэг. Шашны итгэл үнэмшлийг үгүйсгэх боломжгүй олон шашин оршиж байгаа учраас цорыг ганц бодит, боломжтой арга зам нь шашиныг хөндөөгүй – ердөө л иргэний ёс зүйн арга байх юм.

Би бүрэн үүрэг хариуцлага хүлээсэн Бурханы шашинтан хүн. Тэгээд ч хэн нэгэн хүн Бурханы шашныг сонирхоход надан сайхан санагддаг боловч би хэзээ ч Бурханы шашинд олноор нь хамруулан оруулахыг оролдоггүй. Шашны итгэл үнэмшил бол хувь хүний асуудал байдаг. Харин иргэний ёс зүй бол бүх нийтийн асуудал. Иймд Бурханы шашинтан бид өөрсдийн өдөр тутмын бүтээл, дадлынхаа зэрэгцээ эдгээр чиг шугамын үүднээс боддог байх хэрэгтэй байна.

Би Христийн шашинтай ах дүү нарынхаа хийсэн зүйлд үнэхээр их талархдаг. Тэд энэ дэлхий дээр боловсролыг хөгжилд маш их хувь нэмэр оруулсан гэж боддог. Бид өөр ямарч шашин ийм зүйл хийж байгааг харахгүй байгаа биз дээ. Саяхан Энэтхэгт Рамакришна хөдөлгөөнийхөн [бүх нийтийн боловсролд зориулан] үйл ажиллагаа зохион байгуулж байхад үлдсэн бусад шашныхан сүм хийддээ суугаад мөнгө хураагаад байж байсан. Та нар ойлгож байгаа биз, бид илүү сайн, илүү эрүүл нийгмийг бий болгоход идэвхитэй оролцох ёстой. Энэ түвшинд, бидний Христийн ах дүү нар хүн төрөлхтөнд гайхалтай үйлчилсэн гэж болдож байна. Гэвч энэ хооронд тэд шашны ухуулга хийж, шашин шүтлэгийг нь өөрчилж байсан нь хүндрэл бэрхшээл бий болгож байсан.

Нэг удаа Салт Лаке хотод Мормончууд намайг өөрсдийн удирдах байгууллагынхаа байранд урьсан юм. Би тэдний удирдлагуудтай уузсан, тэгээд дараа нь олон нийтэд лекц уншсан. Тогтсон шашны уламжлалгүй газар орноор явж байгаа үед тэндэхийн хүмүүст шашин сурталчилж, Христийн шашинд оруулах нь сайн хэрэг гэж би хэлж байсан. Хэрэв тэнд ямар нэг тогтсон гүн ухаан өмнө нь байгаагүй бол энэ үнэхээр сайн хэрэг. Харин тухайн газар оронд шашны тогтсон итгэл үнэмшил байгаа тохиолдолд өөр шашин сурталчлах нь зөрчил, хүндрэл бий болгодог.

Зарим тохиолдолд тэд шашинд оруулах зорилгоор мөнгө олгодог. Шашнаа сольж орох тохиолдолд арван таван доллар төлдөг. Монголчууд энэ тал дээр нилээн овжин хандаж жил бүр энэ үйл ажиллагаанд оролцож, жил бүр арван таван доллар авдаг!

Top