Төвөд одон орон судлалын хамрах хүрээ
Цаг тоолол, одон орон, зурхай, тоон ухааны судлал нь төвөд хүмүүсийн амьдралын олон талыг хамарч байдаг. Тэдний уламжлал Төвөдөөс эхлэн Өвөр болон Гадаад Монгол, Манжуур, Зүүн Туркистан, Оросын Холбооны улсын Буриад, Халмиаг, Тува улс болон Гималайн бүсийн Төвөдийн соёлын нөлөө бүхий бусад орнууд, Төв Ази болон өнөөгийн Хятад улс хүртэл тархсан. Эдгээр ухаанууд Төвөдийн анагаах ухаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Анагаах ухаанд суралцаж байгаа оюутнууд одон орон судлалыг тодорхой түвшинд үздэг бол одон орон судлалын оюутнууд анагаах ухаанд суралцах шаардлага байдггүй.
Энэ сэдвийн хүрээн дэх мэдлэг нь гарагуудын байрлалуудыг тодорхойлох тооцооллын болон цаг тоолол, сарны хиртэлтүүдийн тооцооллыг авч үзнэ. Мөн хувь хүний болон үр тариа суулгаж эхлэх гэх мэт олон үйл ажиллагаанд сайн эсвэл муу байх өдрүүдтэй холбоотой жил тутмын мэдээлэл бүхий зурхайн тооцооллыг багтаана. Энэ маш өргөн хүрээ хамардаг ухаан.
Хар ба цагаан гэсэн хоёр тооцоолол байна. Хар болон цагаан нь Энэтхэг болон Хятадад уламжлал болгон өмсдөг хувцасны давамгайлах өнгөтэй холбоотой. Төвөд анагаах болон зурхайн ухаан нь Энэтхэгийн хиндү болон Хятад уламжлалтай адил төстэй талуудтай. Төвөд тооцооллыг гаргахын тулд тэдгээрийг зохих байдлаар нэгтгэн өөрчилж өөр аргаар хэрэглэсэн байдаг.
Гүн ухааны суурь нь
Энэтхэгийн хиндү, Төвөдийн Бурханы шашин болн Хятадын Күнзын сургаалд байх одон орны ухааны гүн ухаан нэлээд өөр өөр байна. Төвөдийн ухаан нь Калачакра тарниас эхтэй бөгөөд Калачакра гэдэг нь “Цагийн хүрдэн” гэсэн утгатай. Тарнийн энэ сургаалд Бурхан багш гадаад, дотоод болон нийтийн бус гэсэн гурван хүрдэнг үзүүлсэн байдаг. Гадаад хүрдэн нь гарагийн хөдөлгөөн, түүгээр тодорхойлогдох жил, сар, өдрийн циклийг авч үзэх бол дотоод хүрдэн нь бие махбодын энерги, амьсгалын циклийг авч үзнэ. Харин нийтийн бус хүрдэн нь Калачакра тарнийн бурханы бясалгал бүхий өмнөх хоёр хүрдэнг ариусгах бүтээл байна.
Гадаад болон дотоод цагийн хүрдэн нь нэг нэгэнтэйгээ давхцах бөгөөд нийтийн гадаад болон хувь хүмүүсийн дотоод энергийн (үйлийн үрийн) нөлөөгөөр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл гарагийн болон хүний биеийн энергитэй холбоотой бид бүгдийг холбож байх тодорхой энергийн импульс байна. Нэгэнт энерги болон сэтгэлийн төлөв байдал нарийн холбоотой учир бид тэдгээр циклүүдийг тайван болон тайван бус хэлбэрээр туулж байдаг. Калачакра бүтээлээр бид хяналтгүй дахин дахин гарах гадаад болон дотоод нөхцөлүүдийн (самсара буюу орчлон) нөлөөнд орохгүй байж бусдад аль болох ихээр тусалж чадах өөрсдийн бүрэн чадамжинд хүрч чадна.
Ихэнх тохиолдолд хүмүүс өөрийн зурхайн нөлөө эсвэл улирал, цаг агаар, сарны өөрчлөлт, эсвэл өөрийн амьдралын хүүхэд ахуй, нас биед хүрэх, өтөл нас гэх мэт мөчлөгийн ямар үед байгаа түүний нөлөөнд орж байдаг. Мөн тэд өөрийн бие махбодын тухайлбал сарын тэмдэг болон бэлгийн бойжилт гүйцэхээс эхлээд цэвэрших үе хүртлэх энергийн өөрчлөлтийн нөлөөнд ордог. Эдгээр нь хүмүүст нэлээд их хязгаарлагдмал байдлыг бий болгодог. Калачакра тарнийн бүтээл нь эдгээр өөрчлөлтийн нөлөөнд орох байдлыг даван гарч, бусдад хамгийн ихээр тусалж чадах боломж олгоно. Төвөдийн Бурханы шашин энэхүү гүн ухааны хүрээнд одон орон, зурхай судлалыг авч үзнэ. Энэ нь Хиндү шашны Ведийн сургаалаас нэлээд өөр бөгөөд түүнд суралцагсад эдгээр ухаануудыг Ведийн зан үйл хийх цаг хугацааг тодорхойлох үүднээс суралцдаг.
Хятадын сонгодог гүн ухааны хувьд хүмүүс хууль, засаглалыг хадгалж байх үүднээс одон орон, зурхай судлалыг ашигладаг. Күнзын сургаалд эзэн хааныг газар, тэнгэрийг холбогч гэж үзнэ. Хэрэв эзэн хаан, хааны шүүх, засгийн газар улирал, цаг тоолол болон гараг ертөнцийн хүчний өөрчлөлтийн ерөнхий зарчимтай нийцэн үйл ажиллагаагаа явуулбал хаант улсад бүх зүйл сайн байна гэж үзнэ. Тэд үнэхээр “тэнгэрийн эрх”-тэй байдаг. Хэрэв тэд циклээс гажвал буруу засаглаж байгаагийн илрэл болон байгалийн гамшиг тохиолдоно. Иймд эв нэгдэл, улс төрийн эрхийг хадгалахын тулд улирал болон одон орны хүчний урсгалын цагуудыг нарийн мэдэж байх нь чухал.
Ийнхүү одон орон, зурхайн ухааны Хятадын гүн ухааны ойлголт нь Төвөдийн Бурханы шашны хүрээнээс бас нэлээд өөр байна. Түүний гол зорилго нь улс төрийн зорилго байсан. Хувь хүний зурхай нь Хятадад VIII зууны үеэс хойш дэлгэрсэн бөгөөд энэ нь Бурханы шашны нөлөөтэй ихээхэн холбоотой болов уу.
Цагаан тоолол
Төвөдийн одон орон судлалд байх Энэтхэг гаралтай эх сурвалж нь Бурханы шашны Калачакра буюу Цагийн хүрдэний тарнийн сургаал болон Бурханы шашин, Хиндү шашны аль алинд нийтлэг байдаг Свародаяа буюу Дуун тарнийн сургаалаас эхтэй.
Калачакра тарнийн гадаад цагийн хүрдэн нь гараг ертөнцийн хөдөлгөөн, одны ордны байрлал, цаг тооллын тооцооллыг үзүүлнэ. Үүнээс хоёр математик загвар гарсан байдаг бөгөөд эхнийх нь сиддханта буюу уламжлалт загвар, удаах нь карана буюу товч загвар.
XV–XVII зууны хооронд олон төвөд эрдэмтэд уламжлалт загварыг дахин боловсруулсан. Ийнхүү Төвөдийн одон судлал нь одоогоор энэхүү хоёр тооллын аль алийг зааж байгаа бөгөөд уламжлалт загварыг баримталдаг зарим урсгалууд илүү нарийн заадаг учраас нар, сарны хиртэлт зэргийг тооцоолохдоо товч загварыг мөн авч хэрэглэдэг.
Өөр нэг энэтхэг эх сурвалж болох Юуддхажаяа нь төвөд хэлэнд орчуулагдан Данжуурт орсон нэг Шайвитэ хиндү эх сурвалж юм. Үүний голлох онцлог чанар нь хувь хүний зурхайг зурах арга. Хувь хүний зурхай зурах барууны арга нь төрөх үеийн нөхцөлийг хардаг бөгөөд түүнээс хувь хүний зан чанарыг тодорхойлдог бол энэтхэг мөн Хиндү болон Бурханы шашны аргад энэ нь тийм гол байр суурь эзлэхгүй боловч түүнд багтсан байна. Тэдгээрт гол байр суурь эзлэх зүйл хувь хүний амьдралыг тодорхойлох явдал.
Урьдчилан хэлэх
Энэтхэгийн бүх одон орон судлалын уламжлалууд есөн тэнгэрийн ордын нөлөөгөөр гарах үечлэлүүдийн үүднээс амьдралын мөчлөгийг тооцоолон, дүгнэлт хийдэг. Бурханы шашны арга нь насны хэмжээг төрсөн цаг, төрөх үеийн сарны байрлалаас тооцоолон түүнийг тодорхой загварын дагуу есөн үед хуваана. Хиндү ёсны хувилбар нь насны хэмжээг авч үзэхгүй. Тэр нь мөчлөгүүдийг өөр аргаар хуваана. Аль ч хувилбарт зурхайчид тухайн мөчлөгийг түүнд нөлөөлж буй гараг, төрсөн өдөр цаг, настай холбож зурна.
Бурханы шашны зурхай нь хүмүүсийн насны хэмжээг тооцоолдог ч энэ нь ердөө өөрчлөгдөхгүй гэсэн зурлага байдаггүй. Тэр нь хэдий их эерэг сайн үйл хийнэ төдий хэрээр хэрхэн нас уртсах тооцоог мөн гаргадаг. Калачакра сургаалд үзүүлсэн насны дээд хэмжээ нь 108 байдаг бол хиндү зурхайд түүнийг 120 гэсэн байна. Төвөд зурхайд 108-ыг багасган 80 гэсэн байх ба энэ нь цөвүүн цагт насны хэмжээ багасана гэдэгтэй холбоотой. XIX зуунд Нингма ёсны лам Мипам насны хэмжээний тооцоог засварлан түүнийг 100 гэж тодорхойлсон. Насны дээд хэмжээг хэрхэн тодорхойлохоос үл хамаарах түүнийг тооцоолох дөрвөн өөр арга төвөд зурхайд байх бөгөөд хүн бүрд олон өөр боломжит насны хэмжээ байна. Бид аль нь боловсорч болох олон өөр үйлийн үртэй төрдөг.
Хэдий бид тухайн нэг хүнийг тодорхой насны хэмжээтэй гэж хэлж болох ч тэр нь ер бусын нөхцөл шалтгаан түүнийг уртасгаж бас богиносгож болно. Хэн нэгэн эдгэршгүй өвчтэй байгаад эдгэрэх боломжгүй байж гэж бодъё. Гэвч эрдэмтэй багш нарын ерөөл, тодорхой зан үйлээр тухайн насанд гарах боломжгүй байсан нэлээд гүн урт насны нэг эерэг үйлийн үр боловсорч болно. Үүнтэй адил газар хөдлөлт, дайн гэх зэрэг шалтгааны улмаас тухайн насанд гарах боломжгүй байсан нэлээд гүн, богино наслах нэг муу үйлийн үр боловсорч болно. Ийм тохиолдолд бид түүнийг “цаг бусын үхэл” гэж хэлж болно. Аль ч тохиолдолд хэрэв бид гүн хадгалаастай үйлийн үр байхгүй бол энэ насанд хэдий хатуу ширүүн нөхцөл байдал бий болж байсан ч тэр нь үр нөлөө үзүүлэхгүй байж болно. Тусгай зан үйл нь зарим хүмүүст нөлөө үзүүлэхгүй бөгөөд зарим хүмүүс ч газар хөдлөлтөөс амьд мэнд гардаг.
Төвөд зурхай нь тэгэхээр тухайн амьдралд тохиолдож болох нэг боломжийг ерөнхийлөн үзүүлэх ба бидний амьдрал үнэндээ тэр маягаар явах баталгаа байдаггүй. Өөр боломжууд байх ба учир нь зурхай мөн ондоо насны хэмжээг зааж болно. Аль ч боломж нь квант түвшинтэй ижил. Тэд бүгд бидний үйл, бүтээл, мөн ер бусын гадаад нөхцөлүүдээс шалтгаалсан магадлал бүхий байна. Бидний амьдралд тохиолдох зүйлүүд бидний энэ болон урдын олон насанд хураасан үйлийн үрийн боловсролоос шалтгаална. Тийм биш бол нэг цаг, нэг газар төрсөн нэг хүн, нохой хоёр адилхан амьдрал туулах болно.
Төвөд зурхайн гол зорилго бидний туулж болох боломжит амьдралын чиг шугамыг анхааруулах явдал. Тэдгээр нь бодит болох эсэх нь биднээс шалтгаална. Хэдийгээр бидэнд олон олон үйлийн үрийн чадамжууд байдаг ч зурхайгаас тэдний нэг хэсгийг мэдэж авах нь номын мөрөөр явж түүнийхээ зорилгод хүрэхэд эрдэнэт хүний төрлийн хэргийг гаргах урам өгч болно. Калачакра сургаалын хувьд бид бидний бусдад туслах бүрэн чадамжийг хязгаарлаж байдаг муу үйлийн үрийг арилгах тухайд зорьж байдаг. Өөрийн зовлон дээр бясалгах нь зовлонгоос ангижрах шийдвэр (магад гарах сэтгэл), бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэхэд бидэнд тусална. Үүний адил зурхайд тэмдэглэсэн нэг насанд туулж болох зовлонг бясалгах нь мөн бидний номын зам мөрд тусалж болно. Төвөд зурхай нь номын зам мөрөөр урагшлах үүднээс зурхай сонирхож буй тэдгээр хүмүүст туслах нэг арга болох боломжтой. Төвөд зурхай нь ирээдүйг хөдлөшгүй, өөрийн мөн чанар бүхий үнэн гэж ердөө тодорхойлдоггүй.
Бусад зурхайтай харьцуулсан харьцуулалт
Энэтхэг гаралтай цагаан тооллын арга нь эртний грекийн одон орон судлалтай зарим талаараа ижил төстэй байдаг. Хамгийн их олны мэдэх нэг жишээ бол ордыг арван хоёр гэрт хуваах ба тэдгээр нь өрнийн зурхайн ордын нэртэй адил байх боловч төвөд орчуулгатай байна. Ийнхүү төрсөн өдрийн зурхай нь өрнийн зурхайтай адил гарагуудыг ордын гэрт хуваарилан авч үзнэ. Хиндү аргад ийм ордыг гэрт хуваах арга хэрэглэгдэх боловч гарагуудын хоорондох охин тэнгэрүүдийг онцгойлон авч үзэхгүй бөгөөд түүний нөлөө чухал биш байна.
Оддын зурхай нь нар, сар, гарагуудын дэлхийг тойрон эргэх бүслүүр зам. Ихэнх тоололд энэ бүслүүр арван хоёр ордод хуваагдахаас илүүтэй хорин долоон сарны ордод хуваагддаг. Энэ арга эртний грекийн буюу өрнийн зурхайд байдаггүй харин хиндү аргад байна. Заримдаа хорин найман ордыг зурах ба хиндү аргад бүслүүрийг хорин найман тэнцүү хэсэгт хуваадаг бол төвөд аргад хорин долоон хуваасааны нэгийг дахин хоёр хэсэгт хуваадаг байна.
Сарны хорин найман ордны арга нь Хятадын одон орон судлалд бас байна. Үүнд Алтан гадас одыг тэнгэрийн төв гэж онцлох ба энэ нь Хятадын эзэн хааны адилд тооцогдоно. Ордууд нь жанжнуудын адил байх ба түүнийг тойрсон бүсийн дагуу эргэх тул энэтхэг гаралтай аргад байх ордуудаас арай өөр одны бүлгийг бүрдүүлнэ.
Мөн хятадын хорин найман сарны орд нь огторгуйг тэнцүү хэсэгт хуваадаггүй.
Калачакра сургаал нь арван тэнгэрийн биетийг авч үзэх ба тэдгээрийг бүгдийг “гараг” гэж нэрлэнэ. Эхний наймд нар, сар, Ангараг, Буд, Бархасбадь, Сугар, Санчир гараг болон нэгэн сүүлт од багтана. Энэ сүүлийн гараг нь зурхайд хэрэглэгдэхгүй. Үлдсэн хоёр тэнгэрийн биетийг сарны хойд болон өмнөд төв болох гарагууд бүрдүүлнэ.
Нар, сарны тойрог зам оддын зурхайн бүслүүр дээр байрлах ба тэдгээр нь огтлолцоно. Тэдгээрийн огтлолцлын цэгүүдийг сарны хойд ба өмнөд төв гэдэг. Шинэ сар тохиох удаа бүр нар, сар хоёр нэг нэг дээрээ давхардана. Энэ нь хойд, эсвэл өмнөд төв дээр тэдгээрийн тойрог замууд огтлолцох үе ба энэ үед нарны хиртэлт болно. Бүтэн сар тохиох үед нар, сар хоёр эсрэг зүгт байрлах ба энэ үед нэг нь сарны хойд төв, нөгөө нь өмнөд төв дээр тусан бүрэн эсрэг байрлах үед сарны хиртэлт болно.
Хиндү болон Калачакра системийн аль аль нь сарны хойд болон өмнөд төвийг гараг гэж үздэг бол эртний Грекийн системд тийнхүү үздэггүй. Энэтхэг аргууд нь хиртэлтийг нар, сарны тэдгээр төв гэгдэх гарагуудын давхарталтаар тайлбарлана.
Калачакра системд хойд төвийг Раху, үгчилбэл “луун дуу” буюу луун толгой гараг гэдэг бол өмнөд төвийг Калагни буюу “цагийн гал”, лууны сүүл гараг гэнэ. Хиндү системд өмнөхийг мөн адил Раху гэх бол удаахыг нь “урт сүүл” буюу Кетү гэх ба энэ нь лууны сүүлийг мөн илэрхийлнэ. Энэтхэг домгуудад тэрхүү “луу” нь нар, сарны хиртэлтийн үеэр тэдгээрийг залгидаг гэж гарна. Гэвч Калачакра сургаалд Кетү нь арав дахь гараг болох тэрхүү сүүлт одны нэр бөгөөд энэ нь ердөө ес эсвэл долоон тэнгэрий биетийг авч үздэг хиндү, грек системд байдаггүй.
Хятадын сонгодог системд сарны эдгээр хойд, өмнөд төвийг дурддаггүй. Хятадууд зөвхөн нар, сар, Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Санчир гарагуудын талаар дурдана. Хожим нь сарны хойд, өмнөд төвийн талаар дурдаж эхлэх үед тэд түүний энэтхэг эх сурвалжийн дагуу луун толгой ба сүүл гэж авч үзэх болсон. Гэвч тэдгээрийг гараг гэж үзээгүй.
Эртний грек болон хиндү системийн өөр нэг адил төстэй тал нь долоон хоногийн өдрүүдийг гарагуудын нэрээр нэрлэсэн явдал байв. Ням гарагийг Нар, даваа гарагийг Сар, мягмар гарагийг Ангараг, лхагва гарагийг Буд, пүрэв гарагийг Бархасбадь, баасан гарагийг Сугар, бямба гарагийг Санчир хэмээн нэрлэсэн байдаг. Үүнтэй адил төвөд долоон хоногийн гарагуудыг тэдгээр гарагийн нэрээр мөн нэрлэнэ.
Хятад нь уламжлалд долоон хоног нь арван өдөртэй байсан бөгөөд МЭVII зуунаас эхлэн Хятадад амьдарч байсан перс, согд Несторын шашинтай худалдаачдын нөлөөгөөр долоон өдөртэй тооллыг хэрэглэж эхэлсэн. Хятадад долоон хоногийн өдрүүдийг гарагуудын нэрээр биш тоогоор нэрлэнэ.
Грек болон Хиндү аргын гол ялгаа нь тэд ямар төрлийн оддын зурхай хэрэглэж байгаагаар тодорхойлогдоно. Орчин үеийн өрнийн зурхайн адил эртний грекүүд тропикал зурхайг хэрэглэж байсан бол хиндү систем нь сидерил зурхайг хэрэглэнэ. Эдгээр хоёр зурхайн ялгаа нь хонины ордоор тодорхойлогдох эхлэлийн тэг цэгийн байрлалыг өөр өөрөөр авч үзэх явдал. Тропикал зурхайд нар экваторт ойртон ирж өдөр, шөнө тэнцэхэд түүнийг тэг цэг гэж авч үздэг бол сидерил зурхайд нар хонины ордод байрлах үеийг тэг цэг гэж авч үзнэ.
Калачакра систем нь хиндү аргад шүүмжлэлтэй хандаж тропикал зурхайг зөвлөдөг. Гэвч төвөдүүд Калачакра сургаалын энэ онцлогийг харгалзахгүй сидерил системийг эргэн хэрэглэсэн байдаг. Гэвч Калачакра, грек болон орчин үеийн өрнийн зурхай нь хоорондоо ялгаатай байдгийн адил хиндү, төвөд сидерил систем нь хоорондоо ялгаатай. Эдгээрийн ялгаа нь нэлээд нарийн тул яриагаа хялбарчлах үүднээс эртний грекийн системийн талаарх яриаг түр орхиё.
Ойролцоогоор МЭ290 оны үед ажиглалтаар өдөр шөнө тэнцэх үе нь хонины ордны эхэнд байрлаж байсан. Тэр үеэс эхлэн энэ байрлал бага багаар ухран 72 жил тутамд нэг гардус болж нэмэгдэж байв. Энэ үзэгдлийг “өдөр шөнө тэнцэх цэгийн шилжилт” буюу өдөр, шөнө тэнцэх нарны байрлалын ухрах хөдөлгөөн гэдэг. Хонины ордын тэг цэг, өдөр шөнө тэнцэх нарны байрлалын тэг цэг хоёрын хоорондын зөрүү нь дэлхийн тэнхлэгээ 26 000 жилд нэг удаа тойрох үечлэлээр хонины ордын тэг цэг рүү ойртон ирдгээр тодорхойлогдоно.
Өдөр, шөнө тэнцэх цэг одоогоор хонины ордын дараагийн орд болох загасны ордоос хойш хорин гурав, хорин дөрөвдүгээр зэргийн хооронд тохиож байна. Ийнхүү орчин үеийн өрнийн зурхайд хонины ордын тэг цэгийг загасны ордын зургаа болон долдугаар зэргийн хооронд байна гэж үзэж байгаа ба тропикал зурхайн байрлалын хувьд тэр нь хасах хорин гурав, хорин дөрөвдүгээр зэргийн хооронд байна.
Эдгээр нь бага зэрэг ярвигтай. Энэтхэг хиндү зурхайн тооцооллын таван өөр уламжлал байсан ба хамгийн түгээмэл, одоо хэр нь Энэтхэгт хэрэглэгдэж байгаа арга нь Суряа Сиддханта (Нарны системийн тоолол). Үүнд өдөр, шөнө тэнцэх цэгийг ойролцоогоор МЭ500 оны үед хонины ордын тэг цэг гэж үзэж байсан бөгөөд тэр үед энэ цэгийг аль хэдийн загасны ордны зэрэг рүү орсон гэж үзэж байсан. Суряа Сиддханта системд өдөр, шөнө тэнцэх цэг нь хонины ордын эхлэл байна гэж тооцон сидерил зурхайг гаргасан.
Энэтхэгийн хиндү систем нь өдөр, шөнө тэнцэх цэгийн өөрчлөлтийг мэдэж байсан бөгөөд түүний нөлөөг тооцох математик тооцоолол гаргаж байсан. Гэвч хонины орд болон өдөр, шөнө тэнцэх цэг хоёрын хоорондын зөрүү нь ойролцоогоор 26 000 жилийн дараа давхцах хүртлээ алгуур нэмэгдэж байсан ч Суряа Сиддханта арга нь тэр зөрүүг өөрчлөгддөг гэж тайлбарласан. Өдөр шөнө тэнцэх эхний цэг нь хонины ордын тэг цэгийн ард, хорин долдугаар зэрэг хүртэл алгуур ухарна. Дараа нь чиглэлээ өөрчлөн хорин долдугаар зэргийн өмнө хүртэл эсрэгээр урагш хөдөлнө; тэндээс дахин эсрэг чигт хөдлөн хонины ордын тэг цэг хүртэл нүүнэ. Хэлбэлзэл дахин давтагдана. Хэлбэлзлийн энэ хэлбэр нь хонины ордын эхлэх цэг болох тэг цэг болон Суряа Сидданта аргын хонины ордын тэг цэгтэй холбоотой нарны өдөр, шөнө тэнцэх цэгийн байрлалын бодит өөрчлөлттэй холбоогүй.
Зурхайн Калачакра систем нь Суряа Сиддханта системийн хэрэглэдэг сидерил арга болон Энэтхэгийн бусад хиндү систем, өдөр шөнө тэнцэх цэгийн хэлбэлзэх хөдөлгөөний тухай ойлголтуудад шүүмжлэлтэй хандаж түүний оронд өөрсдийн засварласан тропикал зурхайг санал болгодог. Калачакра системийн үздэгээр өдөр, шөнө тэнцэх цэгийг жаран жил тутмын ажиглалтаар хэмжих хэрэгтэй байдаг. Тэрхүү дөр, шөнө тэнцэх цэгийг хонины ордын тэг цэгээр тодорхойлон тогтвортой байлгаж дараагийн жаран жилийн эхэнд засна. Цаашлаад орчин цагийн өрнийн зурхайтай адил өдөр, шөнө тэнцэх цэгийн хөдөлгөөнийг ямар нэг хэлбэлзэлгүй, алгуур ихсэх маягаар зурхайг буцаж тойрно гэж тодорхойлдог.
Гэвч Калачакра систем XI зууны эхээр Төвөдөд нэвтрэх үед төвөдүүд өдөр, шөнө тэнцэх цэгийн үечлэлийн засварыг зогсоосон. Улмаар төвөдүүд төвөд зурхайн системийг сидерил системд оруулсан ба ингэхдээ энэтхэг хиндү системүүдэд байдаг сидерил системийн тэг цэгийн байрлал болон хонины ордын тэг цэгийн байрлал хоёрын зөрүү нь өөр байдаг тэр зөрүүг авч хэрэглэсэн. Одоогоор энэ нь ойролцоогоор гучин дөрвөндүгээр зэрэг байна.
Ажиглалтаар өрнийн системийн хонины ордын тэг цэг нь хорин гурав болон хорин дөрөвдүгээр зэргийн хоорондох хасах хөдөлгөөний хонины ордын эхтэй тохирч байгаа нь харагдсан. Энэ нь арын дараагийн орд болох бумбын орд руу шилжих үед, ойролцоогоор дөрвөн зууны дараа “Бумбын шинэ эрин үе” гэгдэх үе эхэлнэ. Хүмүүс Бумбын орд удахгүй эхэлнэ гэж ярих үедээ түүнийг шинэ алтан үеийг илэрхийлсэн мянганы өөрчлөлт гэгдэх Христийн шашны ойлголттой түүнийг хольдог.
Энэтхэгт Мугхалын үед, тэр дундаа XVIII зуунаас эхлэн гарагуудын байрлалын талаарх ажиглалтад араб зурхайн нөлөө их болж, өрнийн одон орон судлал нэвтрэх болсон үед олон хиндү системүүд зөвхөн нар төдийгүй бүх гарагуудын байрлалыг тооцоолох уламжлалт аргаа гээсэн. Тэд өрнийн арга нь телескоп зэрэг олон хэмжих багажуудын тусламжтайгаар илүү нарийн тооцоолол гаргаж авч байна гэж үзэж тэдгээрийг мөн хэрэглэх болсон. Тэд өдөр, шөнө тэнцэх цэгийн хэлбэлзэх хөдөлгөөний тухай ойлголтыг алдаатай байсан гэж үзсэн. Ингээд сидерил зурхайг баримтлах боловч түүнд тохирох байрлалыг гаргаж ирэх үүднээс өрнийн гаралтай тропикал зурхайн бүх гарагуудын байрлалуудын стандарт хөдөлгөөний хэмжээг хасах шинэ аргыг авч хэрэглэсэн. Хиндү уламжлал тус бүр бага зэрэг ялгаатай шилжилтийн хэмжээг тэдгээрийн хөрвүүлэх нэгж болгосон. Хамгийн нийтлэг хэрэглэгддэг нь хорин гурав, хорин дөрөвдүгээр зэргийн хооронд байх ба энэ нь ажиглалтын үр дүнд гарсан бодит зөрүү юм.
Гэвч зарим хиндү зурхай судлаачид уламжлалт аргаар тооцоолсон гарагуудын байрлалууд нь илүү зөв зурхайн мэдээлэл өгдөг гэж үздэг. Энэ маш чухал санаа. Учир нь төвөд зурхай нь одоогоор хиндү зурхай судлал өрнийн одон орон судлалтай холбогдох болсон XVIII зууны үеийн тэр түвшинд явж байгаа. Калачакра системийн математик загвараар гаргаж авсан гарагуудын байрлал нь ажиглалтаар гарч ирдэг байрлалуудтай мөн тохирдоггүй. Уламжлалт аргаа орхин ажиглалтаар өөрчилсөн өрнийн хэмжээг хэрэглэсэн хиндү жишээг дагах эсэх нь хараахан шийдэгдээгүй байна.
Гарагуудын ажиглалтаар гарч ирсэн байрлалууд тийм их чухал биш, учир нь Төвөдийн Бурханы шашны одон орны систем нь сар руу пуужин эсвэл сансрын хөлөг илгээх зорилготой хэзээ ч байгаагүй гэж зарим нь маргаж болно. Одон орны талаарх мэдээлэл зурхайн зорилгоор тооцлогдох бөгөөд хэрэв зурхайн мэдээлэл зөв, тустай байвал тэр нь чухал.
Төвөд зурхай нь амьдралын өөрийн үйлийн үрийн суурь нөхцөлүүдийн мэдсэнээр бусдад хамгийн сайн тусалж чадахын тулд бид өөрийн сул талыг арилган, бүх чадамжиндаа хүрэх үүднээс тэдгээртэй ажиллах боломж олгох зорилготой. Энэ бол төвөд одон орон судлалыг авч үзэх Бурханы шашны агуулга юм. Ажиглалтаар тодорхойлогдсон гарагуудын байрлалтай түүнийг тохирохгүй байна гэдэг үндэслэлээр түүнийг дүгнэх, өөрчлөх нь ач холбогдолгүй мэт санагдана.
Аль аль системээсээ суралцах, ач тусыг нь хүртэх үүднээс өрнийнхөн болон төвөдүүд нэг нэгийнхээ мэдлэг, ухааны хүрээг холбох хэрэгтэй. Санаануудыг хуваалцаж, шинэ судалгааны хүрээг гаргаж болох боловч ямар нэг шүүмжлэлгүйгээр уламжлалт аргаа орхин гадны аргыг авч хэрэглэх нь буруу. Төвөдийн анагаах ухаан, зурхайн ухааны түүхээс гадны соёлоос үзэл ойлголтуудыг харанхуйгаар авч байгаагүй гэдэг нь харагдаж байна. Тэдгээр нь төвөдүүдийг өөрийн систем дээрээ өөрсдийн судалгаа, туршлагаар ажиллахыг өдөөж өгдөг ба ингэж гадны санаа шинэ хэлбэртэй болдог байна. Энэ бол бүхний тусад ахиц дэвшил гарах хэлбэр.
Хар тоолол
Махбодын тоолол гэж мөн нэрлэгддэг Хятадаас гаралтай хар тоолол нь төмөр морин жил гэх мэт жил болон махбодын корреляц зэрэг хэд хэдэн шинэ зүйлийг төвөд цаг тоололд нэмж өгсөн. Тэдгээр нь мөн хувь хүний зан чанар болон зурхайн ерөнхий төлөвийг гаргах дараа дараагийн хувьсах хэмжигдэхүүнийг гаргаж өгдөг. Ингээд эдгээрийг цагаан тооллын системийн бусад мэдээлэлтэй уялдуулна.
Хятад гаралтай зурхай нь дараах таван гол хүрээг хамарсан тооцооллыг багтаадаг. Эхнийх нь жил бүр тохиолдох зүйлийг харуулах жилийн суурь явц. Хоёрдахь нь өвчнийг авч үзэх ба ингэхдээ тэдгээр нь лусын хорлол эсэх, хэрэв тийм бол ямар төрлийн лусын хорлол болох хийгээд тэдгээрийг аргадах зан үйл, тэдгээр нь хэр удаан үргэлжлэхийг тодорхойлно. Гуравдахь нь нас барагсадтай холбоотой байх ба үүнд гэрээс шарилыг хэзээ, ямар зүгт гаргах, түйтгэрийг арилгах ямар зан үйл хийхийг тодорхойлно. Дөрөвдэх нь барцад саадыг тооцоолох ба ингэхдээ тэдгээр нь ерөнхий тоолол болон тодорхой нэг хүний амьдралд хэзээ тохиохыг заана. Тавдахь нь гэрлэлттэй холбоотой бөгөөд суух хосуудын хоорондын зохицолыг авч үзнэ. Махбодын тоолол нь гол төлөв зурхайн зорилгоор хэрэглэгдэнэ.
Энэтхэг гаралтай тоолол болон энэтхэг хиндү системийн адил хятад гаралтай тоолол нь орчин цагийн хятад одон орны урсгалуудтай олон талаараа ижил байна. Гэвч төвөд тооллын төлөвшил, тэдгээрийн хэрэглээ нь нэлээд ялгаатай.
Махбодын тооллын систем нь жаран жилийн үечлэл бүхий цаг тооллыг гаргаж ирдэг ба жил нь арван хоёр жилээр тодорхойлогдоно. Хятад дараалал нь хулгана жилээр эхэлдэг бол төвөд дараалал нь хятад дарааллын дөрөвдэх жил болох туулай жилээр эхэлнэ. Ийнхүү жаран жилийн үечлэлийн эхлэл нь өөр өөр байна.
Арван хоёр жилийн дараалал нь жил тус бүрийг тодорхойлох махбодтой холбогдох ба тэдгээр нь мод, гал, шороо, төмөр, ус гэсэн хятад таван махбодын нэг байна. Махбод бүр хоёр жилийг дараалан тодорхойлох ба эхний жил нь эр, дараагийн жил эм жил байна. Төвөдүүд хятадын ян, ин-ий тухай ойлголтыг хэрэглэдэггүй. Ийнхүү энэ нь тодорхой нийцэллээр, хятад дарааллын хувьд эхний жил нь модон эр хулгана жил, төвөд дараалалд эхний жил нь гал эм туулай жил байх гэх мэтээр жаран жил үргэлжилнэ.
Төвөд одон орны систем нь хятадын тэнгэрийн арван үндэс, газрын арван хоёр салбарыг авч үздэггүй. Хятад систем нь түүнийг жаран жилийн үечлэлтэй холбон өөрийн цаг тоолол болон зурхай судлалдаа жил болон махбодоос илүүтэй тэдгээрт ач холбогдол өгдөг.
Төрсөн жилийн жил болон махбодын нийлэмжээс гадна нас бүрд гарах явцын нийлэмж байх ба эрэгтэй, эмэгтэй хүмүүст энэ нь өөр өөр аргаар тооцоологдоно. Хятад гаралтай ихэнх тооцоолол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байна. Төвөд болон хятад аль аль системд бидний нас амьд байсан календарын жилийн тоогоор тоологдох ба үүнд тухайн жилд ямар хугацаа байсан нь хамаарахгүй. Жишээ нь, төвөд календарын аравдахь сард төрсөн хүн төвөд шинэ жил болоход нэг настай болж, түүний дараа шууд хоёр настайгаа золгоно. Хэдийгээр тухайн хүн ердөө гурван сар хүрсэн байсан ч энэ нь хоёр календарын жил болно. Ийнхүү төвөд шинэ жил болоход хүн бүр нэг нас нэмэх ба тэд барууны маягаар төрсөн өдрийг тоолж, тэмдэглэдэггүй. Төвөд нас нь хүний насыг төрсөн өдрөөс нь хойш нэг, нэг бүтэн жилээр тоолдог барууны насны тухай ойлголтоос өөр.
Жаран жилийн үечлэлд байх таван махбодын өөр өөр нэгдэл бүхий арван хоёр жил нь чулууны үр гэх таван хавсарга махбодтой байна. Тэдгээр нь амь, бие, эрхтэн, хийморь, сүлдний чулуун махбодууд. Эхний дөрвөн чулуун махбод нь хятад зурхайд мөн байх ба эрхтний махбод нь эд баялгийг илэрхийлнэ. Сүлдний буюу амьдралыг чиглүүлэх хүчний (Төвд. bla) тухай ойлголт нь илүүтэй төвөд ойлголт бөгөөд Бон ёсны уламжлалд мөн байна.
Төрсөн өдрийн чулуун махбод болон тухайн жилийн чулуун махбод хоёрын холбооны үндсэн дээр бид амин махбодын чулуунаас тус жилд гарч болох амь насны аюул, биеийн махбодын чулуунаас эрүүл мэндтэй холбоотой зүйлийг хэлж болно. Эрхтний чулуунаас бизнес зэрэгт гарах амжилт, хийморийн чулуунаас ерөнхий ирээдүй, сүлдний чулуунаас суурь амьдралыг чиглүүлэх хүч түүний тогтвортой байдлыг харж болно. Хэрэв тухайн жилд сайн биш харьцаа гарч байвал харшлах байдлыг багасгах үүднээс тодорхой шашны зан үйлүүдийг зөвлөнө.
Хүний төрсөн арван хоёр жил тус бүр амин, сүлд, үхэх гэсэн гурван өдөртэй холбогдоно. Адил төрсөн жилтэй хүн бүрийн хувьд эхний хоёр өдөр нь долоон хоногийн сайн өдөр байх бол сүүлийнх нь муу өдөр нь байна. Энэ нь гол төлөв эмчилгээ хийх өдрийг сонгохтой холбогдоно.
Мөн хөлөл гэж байх ба үүнд нэгээс ес хүртэлх тоог гурав гурваар, хөндлөн, босоо, диагональ нийлбэр нь тус бүр арван тав байхаар байрлуулна. Тэдгээр есөн тоо нь жаран жилийн үечлэлтэй нэгдэх ба 180 жил тутам нэг ижил хөлөл нэг ижил махбод бүхий он жилтэй таарна. Дараалал нэгээс эхэлж дараа нь ес, найм, долоо гэх мэтээр урвуу дарааллаар үргэлжилнэ. Есөн хөлөл (суудал) тус бүрдээ нэг өнгө, хятад таван махбодын нэгтэй холбогдоно. Тоо нь голдуу өнгөтэйгээ холбоотой байна. Нэг-цагаан нь төмөр, хоёр-хар нь ус, гурван-хөх нь ус, дөрвөн-ногоон нь мод, таван-шар нь шороо, зургаан-цагаан нь төмөр, долоон-улаан нь гал, найман-цагаан нь төмөр, есөн-улаан нь гал махбодтой байна. Хөлөлийг зурах үед хүснэгт тус бүрийн өнгө дараах байдалтай байна.
Төрсөн жилийн хөллийн тооноос дараа дараагийн жилийн хөллийг гаргана. Махбод болон жилийн хамаарлаас шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүнд тооцоолол нь өөр өөр байна. Төрсөн жилийн хөлөл (суудал) тус бүр урд төрлүүд, тэдгээрээс энэ насанд үлдсэн авьяас, мөн дараа төрлийн дүр зургийг гаргах ба тэдгээрийг сайжруулах үүднээс шашны зан үйл хийснээр дараа төрөл нь ямар байж болохыг тодорхойлно. Энэ нь төвөд зурхай дахь урд болон хойд төрлийн талаарх мэдээлэл өгдөг эх сурвалж. Бие, амин, эрхтэн, хийморийн суудлыг махбодыг хэрхэн тооцдогийн адилаар бас тооцоолж болно.
Найман триграмын арга мөн төвөд буюу хар тоололд хэрэглэгддэг боловч жаран дөрвөн одны арга хэрэглэгддэггүй. Жил тутмын триграм нь түүний зохион байгуулалтаас тодорхойлогдоно. Тооцоолол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байна. Ижил хүйсний хүмүүсийн хувьд триграм нь жил тус бүр ижил байна.
Төвөд зурхайн Бон уламжлалаас бусад аргад жил тутмын триграм байдаггүй, энэ нь жил тутамд ерөнхий байдлаар тодорхойлогдоно. Төрсөн жилийн триграм нь эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүст тэдний төрсөн жилээр бус эхийн тус хүүхдийг төрүүлсэн насны триграмаар тодорхойлогдоно. Төрсөн жилийн болон түүнээс хойших триграм нь ирээдүйг зурах мэдээлэл өгнө.
Мөн амь, бие, эрхтэн, хиймрийн триграмыг тооцоолж болох ба эдгээр нь төрсөн жилийн мэнгэнээс тооцоолсон суудлын дөрвөн янзын төрлөөр тодорхойлогдоно. Гэрлэгсдийн эдгээр дөрвөн триграм болон төрсөн жилийн амь, бие, эрхтэн, хийморийн чулуун махбодоор тэдгээрийн зохицлыг тооцоолно.