Оршил үг
Бурханы шашны бүх уламжлалууд Номын зам мөр дэх Номын багшийн чухлыг онцлон тэмдэглэдэг. Номын багш зөвхөн:
- Мэдээлэл дамжуулдаггүй
- Асуултад хариулдаггүй
- Шавийн ойлголтыг шалгадаггүй
- Шавийн оюуны, сэтгэл зүйн, бясалгалын дэвшлийг шалгадаггүй.
Номын багш:
- Сахил, авшиг хүртээнэ
- Үлгэр дуурайл үзүүлнэ
- Өөрсдийн хувийн жишээгээр урам өгнө
- Бурхан багш хүртэлх уламжлалын холбоо болно.
Олон өөр түвшний багш, шавь байдаг учраас зам мөрийн явц дахь багштай харилцах өөр өөр замууд байна.
Соёлын нөхцөл
Номын багшаас суралцах орчин цагийн Барууны нөхцөл нь уламжлалт Азийн хэв маягаас маш өөр.
Уламжлалт Азийн орнуудад ихэнх Номын шавь нар:
- Номын зам мөрийн тасралтгүй үүрэг, зорилготой эрэгтэй, эмэгтэй хуврагууд байна
- Ном үзэж, бүтээхээс өөр голлох ажил үүрэггүй
- Боловсрол хүртэж эхлээгүй бага наснаасаа Бурханы шашинд суралцаж эхэлнэ
- Улмаар насанд хүрэх үедээ математик, нийгэм, байгалийн шинжлэх ухаан гэх мэт “хар буюу иргэний” судлагдахууны ердөө нэг бага хэмжээний боловсролтой байна
- Эмэгтэйчүүдийн үүрэгтэй холбоотой уламжлалт Ази нийгмүүдийн үнэт зүйлүүдийг, эмэгтэйчүүд доор хэргэмтэй, шатлан захирах ёс хэм хэмжээ бүхий эрх мэдлийн тогтолцооны үзэл санааг хүлээн зөвшөөрнө.
Орчин цагийн Барууны орнуудад, ихэнх шавь нар:
- Мэргэжлийн болон хувийн завгүй амьдралтай гэргийтэн хүмүүс байна
- Номонд зарцуулах чөлөөт цаг бага
- Боловсрол эзэмшсэн насан хүрсэн үедээ Ном үзэж эхэлнэ
- Хүйсийн тэгш байдал, ардчилсан нийгмийн тогтолцоог шаардана.
Санхүүгийн тал дээр уламжлалт Азид Номын багш нар нь нийгмийн дэмжлэгийг хүртэнэ. Бүр ойрын шавь нар нь биш тэдгээр хүмүүс ч тэдэнд өргөл өргөнө. Орчин цагийн Баруунд Номын багш нар өөрсдийгөө санхүүжүүлэх хэрэгтэй болно. Олонх нь Номын төвүүд ажиллуулан санхүү, зохион байгуулалт, удирдлагын асуудлуудад анхаарна.
Энэ бүх хүчин зүйлүүд багш-шавийн харилцаанд нөлөөлнө. Олон номын зам мөр хөөгчид ач тусыг нь хүртээд байгаа боловч мөн ихээхэн буруу ойлголт, алдаа, сэтгэлийн шархнууд ч үүсээд байна.
Аюулууд
Төвөд уламжлалын хувьд “багшийг шүтэхүй”-н сургаалуудын дагуу аюулууд хүндэрдэг. Ийм сургаалуудыг үзэх ёстой хүмүүс нь тарнийн авшиг хүртэх бэлтгэл болгон тэдгээрийг сэргээн үзэх шаардлагатай сахил хүртсэн, зорилго, үүрэг хүлээсэн эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд байсан. Тус сургаал нь Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй, Номын төвийн эхлэн суралцагчдад ердөө зориулагдаагүй.
Бид хоёр хязгаараас зайлсхийх хэрэгтэй:
- Мэдлэг туршлагагүй гэнэн байдал нөгөө нь буруу ашиглахын үүдийг нээж Номын багшийг бурханчлан шүтэх
- Хэт болгоомжлох үүдийг нээж, жинхэнэ урам, гүнзгий ач тусыг хүртэх үүдийг хааж тэднийг муу хэмээн үзэх.
Уламжлалт бус дүн шинжилгээ хийх арга
Би асуудлыг дүгнэж үзээд Номын багштай барилдлага тогтоох: Зөв харилцаа бий болгох нь (Итака хот, Снов Лион хэвлэлийн газар, 2000 он) хэмээх бүтээлдээ эрүүл харилцаа бий болгох аргуудыг зөвлөсөн. Энд би гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, хам нөхцөлөөс хамаарах сэтгэл зүйн зөвлөгөөг бий болгосон эрдэмтдийн нэг Унгарын сэтгэл судлаач Доктор Иван Босзормений-Нагигийн бүтээлээс санаа авч, дэлгэрүүлсэн, асуудлыг дүгнэх шинжлэх уламжлалт бус, нэмэлт аргыг танилцуулъя.
Харилцааны зургаан хэмжүүр
Бид харилцааг шавь болон багшийн аль алиных нь талаас зургаан хүчин зүйл буюу хэмжүүрийн үүднээс дүгнэн шинжилж болно. Хэрэв харилцаанд асуудлууд байгаа бол энэ нь тэдгээр нь юунд байгааг тодорхойлоход тусалж болох бөгөөд ингэснээр талууд илүү эрүүл тэнцвэр бий болгох үүднээс тэдгээрийг тохируулан авч хэрэглэхийг оролдож болно.
Зургаан хүчин зүйл нь:
- Аль аль талуудтай холбогдох, харилцаа тогтоохтой холбоотой бодит байдлууд
- Талуудын харилцааны зорилго ба тэдгээрт нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлүүд
- Талуудын өөрийгөө болон нөгөө талаа тодорхойлсон харилцаанд гүйцэтгэх үүрэг ба тус тусын бие биеэсээ хүлээх хүлээлт, нэг нэгийгээ хэрхэн авч үзэх сэтгэгдэл
- Талуудын харилцаан дахь үүргийн түвшин, оролцоо, тэдгээрт нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлүүд
- Талуудын бусад сэтгэл зүйн хүчин зүйлүүд
- Харилцаа хэрхэн явагдаж байгаа байдал ба талуудад үзүүлж буй нөлөө.
Аль аль талуудтай холбогдох, харилцаа тогтоохтой холбоотой бодит байдлууд
Харилцаанд нөлөөлөх талуудын талаарх бодит байдлуудад дараах зүйлс багтана. Үүнд:
- Хүйс, нас
- Соёлын гарал – Ази эсвэл Барууны
- Нэг хэлээр ярьдаг эсвэл орчуулагч хэрэглэдэг – хувийн харилцаанд болон / эсвэл сургаал номд
- Лам хувраг эсвэл гэргийтэн
- Ном үзсэн хэмжээ ба ердийн боловсрол
- Сэтгэл зүйн болон ёс суртахууны төлөвшлийн хувьд Номын багш эсвэл шавь байх эрдмүүд
- Нэг нэгэндээ зарцуулж чадах цаг хугацаа
- Бусад шавь нарын тоо
- Багш нь суурин эсвэл ердөө үе үе зочлон ирдэг байх
Орчин нь дараах байдалтай байж болно. Үүнд:
- Барууны Номын төв – хотод байрлах эсвэл дотуур байр бүхий төв сууринаас алслагдмал төв
- Номын төв бол бие даасан эсвэл томоохон Номын байгууллагын салбар төв байх
- Хийд – Азид эсвэл Баруунд
Талуудын харилцааны зорилго ба тэдгээрт нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлүүд
Аливаа харилцаанд талуудын хувьд харилцааны зорилго нь бараг үргэлж холимог байна. Багш-шавийн харилцааны хувьд ч ялгаагүй.
Шавь нь Номын багш дээр дараах зорилгоор ирж болно. Үүнд:
- Мэдээлэл хүртэж, суралцах
- Бясалгал хийж сурах
- Өөрийн зан чанар, хувь хүнтэйгээ ажиллах
- Энэ насны амьдрал дахь зүйлсийг сайжруулах
- Ирээдүйн төрлүүдээ сайжруулах
- Хяналтгүй дахин дахин гарах төрлөөс (орчлон) гэтлэх
- Бусдад мөн адил гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд нь туслах үүднээс өөрөө гэгээрэлд хүрэх
- Тайвширч сурах
- Ижил сэтгэл оюун бүхий шавь нартай нийгмийн харилцаа тогтоох
- Сонин ховор зүйлд нэвтрэх
- Зарим бие махбод болон сэтгэл зүйн асуудлаа ер бусын аргаар анагаах арга зам хайж
- Номын буруу багшаас холбоогоо тасалж Номын зөв зам мөрд орох.
Цаашлаад шавь багш дээр дараах зүйлийн үүднээс ирж болно. Үүнд:
- Бурханы шашны зам мөрөөр явах заавар, үлгэр дуурайл авах
- Сэтгэл зүйн зөвлөгөө авах
- Багшийн заавар авах
- Эцэг, эхийг орлох
- Сэтгэл зүйн дэмжлэг авах
- Амьдралд юу хийхийг хэлж өгөх хэн нэгэн болгох.
Харин Номын багш нь дараах зүйлсийг хүсэж болно. Үүнд:
- Сургаал айлдах
- Аман дамжлага хүртээх, Номыг уламжлуулан дамжуулах
- Шавийн зан чанар, хувь хүн дээр ажиллах
- Шавийн ирээдүйн амьдралд тус болох үр суулгах
- Шавьд сайн төрөлд төрөх, гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд нь туслах
- Номын төв байгуулах
- Өөрийн дамжлага, уламжлалдаа оруулах
- Энэтхэг дэх аль нэг хийдийг санхүүжүүлэх эсвэл Төвөдөд хийд байгуулах хандив бий болгох
- Дүрвэгчийн хувиараа тогтвортой суурь олох
- Амьдрах арга болгох эсвэл баяжих
- Бусдыг хянах байдлаар эрх мэдэл олж авах
- Сексийн хувиар ашиглах.
Талуудад нөлөөлөх сөрөг сэтгэл зүйн хүчин зүйлүүдэд дараах сэтгэл зүй багтаж болно. Үүнд:
- Ганцаардал
- Уйтгар гуниг
- Асуудлууд
- Баталгаагүй байдал
- Сүүлийн үеийн чиг хандлагатай байх хүсэл
- Бүлгийн дарамт.
Талуудын өөрийгөө болон нөгөө талаа тодорхойлсон харилцаанд гүйцэтгэх үүрэг ба тус тусын бие биеэсээ хүлээх хүлээлт, нэг нэгийгээ хэрхэн авч үзэх сэтгэгдэл
Номын багш өөрийгөө, эсвэл шавь нь багшаа дараах байдлаар авч үзэж болно. Үүнд:
- Бурхан шашны талаар мэдлэг өгч буй эрдэмтэн
- Номыг амьдралд хэрхэн хэрэглэхийг үзүүлэх Номын багш
- Бясалгал, зан үйлийн заавар өгөх багш
- Сахилууд хүртээх Номын багш
- Тарнийн авшиг хүртээх тарнийн сургаалын багш
Шавь өөрийгөө эсвэл Номын багш шавийг дараах байдлаар авч үзэж болно. Үүнд:
- Мэдлэг олж авч буй Бурханы шашны шавь
- Номыг амьдралд хэрхэн хэрэглэхэд суралцаж буй Номын шавь
- Бясалгал, зан үйлд суралцаж буй суралцагч
- Багшаас ердөө сахил хүртээд буй шавь
- Багшаар хувиараа хөтлүүлж буй шавь
Энэ хэмжүүрийн өөр нэг тал нь тухайн харилцааны үүднээс талууд өөрийгөө хэрхэн үзэж буй сэтгэгдэл байна.
Шавьд дараах сэтгэгдэл төрж болно. Үүнд:
- Хамгаалагдсан
- Хэн нэгэнд хамаатай байх
- Бүхэл бүтэн
- Санаандаа хүрсэн
- Хүчин зүтгэгч
- Бүлгийн гишүүн
Багшид дараах сэтгэгдэл төрж болно. Үүнд:
- Багш
- Эгэл Номын бүтээлч
- Авран хамгаалагч
- Хийдийн тэргүүн
- Сэтгэл зүйч
- Номын төвийн тэргүүн
- Аль нэг хийдийн санхүүгийн дэмжлэг үзүүлэгч.
Талуудын харилцаан дахь үүргийн түвшин, оролцоо, тэдгээрт нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлүүд
Шавь нь дараах үүрэгтэй байж болно. Үүнд:
- Өргөл өгөх маягаар тогтмол хандив өргөх, эсвэл багшдаа ямар нэг зүйл өргөхгүйгээр суралцах
- Бурханы шашин, багш, тодорхой нэг уламжлалтай ердийн байдлаар холбоотой байх эсвэл бие сэтгэлээ бүрэн зориулан холбогдох
- Багшаасаа сахил хүртэхээр зэхэж байгаа эсвэл хүртээд буй эсвэл тийм үгүй
- Багшдаа туслах үүрэг хүлээх
- Ачийг нь санаж явах
- Талархаж явах
- Тууштай үнэнч байх ёстой гэж санах – үүнд бүлгийн дарамтын нөлөө их
- Ямар нэг зүйл буруу хийвэл тамд төрнө гэсэн ойлголттой байх.
Номын багш өөрийгөө дараах үүрэгтэй гэж үзэж болно.Үүнд:
- Шавийг ёс зүйтэй хөтлөх үүрэг хүлээнэ
- Шавийн амьдралыг жолоодож, тэдэнд юу хийхийг хэлж өгөхийг хүсэх
- Өөрийн багш нар түүнийг багшлуулахаар илгээсэн учраас тэрхүү үүргийг гүйцэтгэж буй
- Ердөө нэг ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэх.
Энэхүү хэмжүүрт нөлөөлөх сөрөг сэтгэл зүйн хүчин зүйлд дараах зүйл багтана. Үүнд:
- Хүлээсэн үүргээсээ болгоомжлох
- Магадгүй боловсрол, мэдлэгээсээ шалтгаалан эрх, үүрэгтээ бүрэн итгэлтэй бус байх
- Хэн нэгэнд хэрэгтэй байх эсвэл хайрлуулах хэрэгцээ
- Анхаарал татах хэрэгцээ
- Бусдыг хянах хэрэгцээ
- Өөрийгөө батлан харуулах хэрэгцээ.
Талуудын бусад сэтгэл зүйн хүчин зүйлүүд
Үүнд талууд дараах зан чанартай эсэх хамаарна:
- Нийтэч эсвэл бүрэг
- Сэтгэхүй сайн, дэврүү эсвэл сүсэгтэй
- Халуун дулаан эсвэл хүйтэн хөндий
- Тайван эсвэл тайван бус
- Цаг хугацаа, анхааралд дуртай
- Бусад шавь нарт эсвэл бусад багш нарт атаархуу
- Өөрийгөө доогуур үнэлдэг эсвэл өөртөө их итгэлтэй.
Харилцаа хэрхэн явагдаж байгаа байдал ба талуудад үзүүлж буй нөлөө
Багш, шавь хамтдаа дараах зүйлийг бий болгож байгаа эсэх:
- Сайн эсвэл муу баг
- Нэг нэгийнхээ сайн чадваруудыг гаргаж ирж байгаа эсвэл нэг нэгнийхээ чадварт саад болж байгаа баг
- Өөр өөр хүлээлттэй учраас нэг нэгийнхээ цагийг үрж буй баг
- Шатлан захирах ёс хадгалагдаж байгаа баг бөгөөд үүнд шавь ашиглуулж, удирдуулж түүгээрээ дорд мэт санаж (өөрийгөө доогуур үнэлж), багш нь өөрийгөө эрх мэдэлтэй, давуу гэж санаж буй баг – нэг талд төрж буй сэтгэл нөгөө талд төрж буй сэтгэлтэй нийцэхгүй байж болохыг анхаарах
- Талууд урам зоригтой эсвэл хүчээ барж буй баг.
Дүгнэлт
Бид багш-шавийн харилцааг бүх зургаан хэмжүүр ба тэдгээрийн бүрэлдэхүүн хүчин зүйлүүдийн үүднээс дүгнэх хэрэгтэй. Хэрэв хүчин зүйлүүд хоорондоо тохирохгүй байвал хоёр тал хоёулаа тэдгээрийг эвлүүлэн тохируулж эсвэл өөрсдөө дасан зохицохыг оролдох хэрэгтэй. Хэрэв нэг тал нь соёлын ялгаа эсвэл сэтгэл зүйн хүчин зүйлүүдээс шалтгаалан асуудал шийдвэрлэх энэхүү аргыг хүлээн авахгүй бол нөгөө тал нь өөрөө тохируулалт хийж эсвэл тус харилцаанаас хол байх хэрэгтэй.