Төвөд цаг тоолол

Төвөд одон орны зурхай, цаг тоолол 

Төвөдийн одон орон судлал болон зурхай маш өргөн хүрээтэй. Үүнд таван жилийн хугацаанд Энэтхэгийн Дарамсала дахь Төвөдийн анагаах ухаан, одон орон судлалын төвийн одон орон судлалын салбарт суралцана. Суралцагсад бүх зүйлийг уламжлалт аргаар гараар модон хавтан дээр тооцоолол хийж сурна. Лавлах бүхий оддын ямар нэг зурхай, хүснэгт байдаггүй бөгөөд тус сургалтын гол тал нь бүх тооцоололд байх математик загварчлалд суралцах явдал байна. 

Калачакра систем нь хиндү уламжлалын адил “таван гараг болон цаг тооллын таван гол өгөгдөл”-ийг тодорхойлох томъёоллуудыг гаргаж өгнө. Таван гараг нь Буд, Сугар, Ангараг, Бархасбадь, Сачир гарагууд. Нар, сарны болон тэдгээрийн байрлал, огтлолцлыг эртний грек системд байдгийн адил математик загварчлалаар тооцно. Үүгээрээ тэнгэрийн биетүүдийн байршил болон хөдөлгөөнийг ихэвчлэн ажиглалтаар тодорхойлдог  хятад одон орон судлалаас ялгаатай. Хятад математикийг ашиглах үед тэр нь гол төлөв тэмдэгт ашигласан байна. 

Эртний грекүүд гарагийн хөдөлгөөнийг тодорхойлохдоо гол төлөв геометрийг, тухайлбал тэдгээрийн өөр өөр харьцаануудыг ашиглаж байсан. Хиндү систем нь синус функцыг гаргаж ирснээр дан ганц геометрын аргыг бус тригонометрийн аргыг хэрэглэх болсон. Харин төвөд системийн тооцоолол нь геометрийн харьцаа болон тригонометр функцын аль алийг багтаадаггүй зөвхөн арифметик арга байдаг. 

Цаг тоолол гаргах нь түүний таван гол зүйлтэй холбогдоно: гараг, сар, одны орд, нэгдэх үе, хөдөлгөөнт үе. Эхний хоёр нь нар, сарны тооллууд хоорондоо таардаг тэр механизмыг хамарна. 

Төвөд болон хиндү тоолол нь гурван төрлийн өдрийг үзүүлнэ. Зурхайн өдөр гэдэг нь зурхайг 360 градус эргэх хугацаа. Нарны өдөр нь үүрээс үдэш хүртэл байна. Сарны өдөр нь сарны үечлэлтэй холбоотой бөгөөд зурхайн орд бүр дэх шинэ сарны байрлалын хоорондох нэгээс гуч хүртэлх зайг сар туулах үе байна. Сарны тооллын өдрийн эхлэх цэгийг нар болон гарагуудын байрлалыг тодорхойлдогтой адил математик аргаар тооцно. Тэдгээр нь долоон хоногийн гарагийн циклээр тооцогдох ба өдрүүд нь долоон гарагийн нэрээр нэрлэгдэнэ. Сарны тооллыг нарны тоололтой холбох үед тэдгээр нь хоорондоо тохирч байх ёстой. Энэ маш нарийн. 

Юуны түрүүн шинэ сар нь сар бүр нэг адил хугацаанд таардаггүй. Ийм учраас сар өөрийн циклийн нэгээс гуч хүртэлх хоногийн зайг нарны тооллын ямар ч өдөр туулж эхэлж болно. Өөрийн циклийн нэгээс гуч хүртлэх хоногийн зайг туулах сарны хугацааг долоон хоногийн гарагаар нэрлэгдэнэ. Ийм учраас долоон хоногийн гараг нь нарны тооллын өөр өөр гараг дээр эхэлж болно. 

Түүнчлэн сарны хурд нь сарны өөрийн байрлал болон зурхай дахь нарны байрлалтай холбоотой өөр өөр байдаг учраас тэдгээр нэгээс гуч хүртлэх хоногийн зайг туулах хугацаа нь өөр өөр байна. Мөн дараалсан хоёр нарны тооллын өдрийн үүр цайх хугацааны хоорондох сарны өдрийн хэмжээ өөр байна. Энэ нь сарны өдрийн урт мөн адил өөр өөр байдагтай холбоотой.

Сарны тооллын нэг сарын өдрүүд нь түүний хоёр дахь онцлог нь болдог бөгөөд нэгээс гуч хүртлэх өдөр байх ба нарны өдрүүдийн үүрээс үдэш хүртэл үргэлжилнэ. Асуудал нь сарны аль өдрийг долоон хоногийн аль өдөртэй тохирохыг тодорхойлох явдал. Шийдэл нь тийм тодорхой бус, учир нь сарны өдрүүд нь өөр урттай хугацаанд эхэлж мөн үргэлжилдэг бөгөөд нарны өдрийн Ням, Даваа гэх мэт гарагуудын алинд тохирохыг шийдэх нь тодорхойгүй. 

Зарчим нь долоон хоногийн өдөр нь нарны өдрийн үүрээр сарны ямар өдөр таарч байгаагаар тодорхойлогдоно. Жишээ нь, сарны өдрийн нэг Сумъяа гараг нарны нэг сарын хоёрдахь өдрийн үдээс хойш эхэлж гуравдахь өдрийн үдээс хойш дуусч байж болно. Гуравдахь өдрийн үүр нь өглөөний 05.00 цаг байхаар авч үзэхэд тэр үед сарны Сумъяа гараг байх ба энэхүү гуравдахь өдөр нь Сумъяа гараг болно. 

Нарны тооллын нэг өдөр нь давтагдаж эсвэл түүнийг алгасах боломжгүй. Ням гарагийн дараа Даваа гараг байх ба хоёрдахь Ням гараг эсвэл Ням гарагийн араас Мягмар гараг залгаж болохгүй. Гэвч зарим тохиолдолд хоёр дараалсан өдрийн үүр нь сарны нэг өдөр тохиодог. Жишээ нь, сарны тооллын Сумъяа (Даваа) гарагнь  нарны тооллын нэг сарын гуравдахь өдрийн үүрээс таван минутын өмнө эхэлж, дараагийн өдөр Мягмар гараг нь дөрөвдэх өдрийн үүрээс таван минутын дараа эхэлж болно. Энэ нь гуравдахь болон дөрөвдэх өдрийг Сумъяа гараг болгоно! Нарны тоололд дараалсан хоёр Даваа гараг байх боломжгүй. Эдгээр өдрүүдийн нэг нь орхигдох ёстой. Ийм учраас төвөд тоололд зарим өдрүүдийг алгасдаг. 

Нөгөө талаараа зарим тохиолдолд сарны тооллын хоёр өдрийн эхлэл нь дараагийн өдрийн үүрээс өмнө тохиож болно. Жишээ нь, хэрэв сарны тооллын Сумъяа (Даваа) гараг нарны тооллын нэг сарын гуравдахь өдрийн үүрээс таван минутын дараа эхэлж, дөрөвдэх өдрийн үүрээс таван минутын өмнө дуусвал эхний зарчмаар гуравдахь өдөр нь Ням гараг болж дөрөвдэх өдөр нь Мягмар гараг болно. Даваа гараг байхгүй болно. Ням гарагаас шууд Мягмар гараг залгах боломжгүй учраас эдгээр өдрүүдийн нэг нь Даваа гараг болох үүднээс давхарлах ёстой болно. Энэ нь төвөд сард зарим тохиолдолд хоёр найман, эсвэл хоёр хорин таван байдгийн учир. 

Сарны тооллыг нарны тоололтой тохируулахын тулд арван гуравдахь сарыг давхардсан буюу илүү сарын байдлаар нэмдэг. Ямар өдөр давхардах эсвэл түүнийг алгасах, хэзээ илүү сар нэмэх зарчим нь төвөдийн одон орон судлалын уламжлалуудад өөр өөр байна. Энэ нь тэдгээрийн гол ялгаа. Хиндү уламжлалын өөр өөр цаг тооллууд бас давхардсан эсвэл алгассан өдөртэй байдаг бөгөөд тэднээс гадна сонгодог хятад цаг тоолол бас илүү саруудтай байна. Баримталдаг зарчим нь төвөдийн аль ч системтэй адил биш. 

Цаг тооллын гуравдахь онцлог нь одны орд. Энэ нь таван гарагийн аргаар тооцдог сарны нэг өдрийн үүрийн гэгээнд байрлах сарны байрлалтай холбоогүй харн түүний дараагийн одны ордтой холбоотой. Тодорхой нэг сарны тооллын өдрийн хувьд, энэ нь сарны тооллын долоон хоногийн эхний өдрийн үүрээр байрлах сарны одны ордонд байрлах байрлал бөгөөд үүний дагуу тэр өдөр нь тус долоон хоногийн тухайн өдрөөр тодорхойлогдоно.               

Дөрөвдэх, тавдахь онцлогууд нь нэгдэх болон хөдөлгөөнт үе. Хорин долоон нэгдэх үеүд байна. Тус бүр нь нар болон сарны нэгдсэн хөдөлгөөн нь зурхайн нийт хорин долоон ордын нэгтэй тэнцэх үе байна. Ямар ч тохиолдолд, нэгдэх үеийг бид нарны залруулсан байрлалыг сарны дараагийн хүрэх одны орд дээр нэмэх байдлаар гаргадаг. Иймээс үе тус бүр өөр өөр хугацаанд эхэлнэ. Тэдгээр нь тодорхой нэр, илэрхийлэлтэй бөгөөд зарим нь сайн, зарим нь муу байна. 

Сүүлийнх нь арван нэгэн хөдөлгөөнт үе бөгөөд үүнийг сарны тооллын гучин өдрийг нэлээд тэгш хэмгүй аргаар хуваан гаргаж авдаг. Үүнд нарийвчилсан тайлбар шаардлагагүй ба тэдгээр арван нэгэн хөдөлгөөнт үе нь тодорхой нэртэй мөн аливаа ажил үйл хийх сайн, муу үеүдтэй байна. 

Төвөд цаг тооллын дүйчэн өдрүүд     

Төвөдийн цаг тоолол төвөд хүмүүсийн амьдралд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээрийн чухал хэрэглээний нэг нь Бурханы шашны цог өргөх буюу өргөл өргөх ёслолын өдрийг тодорхойлох. Сарны шинийн болон хуучрах аравны өдөр, өөрөөр хэлбэл, сар бүрийн арван, хорин тавны өдөр нь зарим тохиолдолд Хэрука гэж нэрлэгддэг Чакрасамвара бурхан, Важраёогини бурхан мөн Нингма ёсыг үндэслэгч Бадамжунай бурхадад тахил өргөх өдөр байна. Төвөд тооллын эдгээр бүх өдрүүдээс арван нэгдэх сарын хорин тавны өдөр нь Чакрасамвара бурханд тахил өргөх хамгийн чухал өдөр бол арван хоёрдахь сарын арваны өдөр нь Важраёогини бурханд тахил өргөх чухал өдөр байна. Сар бүрийн наймны өдөр нь Дарь эх бурханд тахил өргөх өдөр бөгөөд энэ нь зөвхөн шинэ сарын үе байна.    

Хэрэв төвөд тооллын тухайн нэг сар хоёр арваны өдөртэй байвал тахилын зан үйлийг тэдгээр өдрүүдийн эхний өдөр хийнэ. Хэрэв аравдахь өдөр нь тасарсан байвал зан үйлийг есний өдөр хийнэ. Үүнийг төвөд цаг тооллын тодорхой дүйчэн өдрүүдэд хийдэг бусад бүх зан үйлийг хийхэд баримилана. 

Төвөдийн Бурханы шашны уламжлал тус бүрд хийгээд уламжлал тус бүрийн доторх сүм хийд бүрд тухайн жилийн турш хийх зан үйлийн хуваарь нь төвөд цаг тооллын үүднээс тодорхойлогдоно. Зуны даяан нь төвөд цаг тооллын зургаадахь сарын арван зургаанаас долоодахь сарын гучин хүртэл үргэлжилнэ. Үүнийг зуны эхэн сарын даяан гэдэг. Лхасын Гюто болон Гюмэй тарнийн сургуулиуд төвөд цаг тооллын долоодахь сарын арван зургаанаас наймдахь сарын гучин хүртэл зуны сүүл сарын даяаныг хийнэ. Мөн Гэлүг ёсонд сар бүрийн хорин есний өдөр нь Важрабайрава буюу Ямандаг бурханы зан үйл хийдэг дүйчэн өдөр байх ба энэ нь саад тотгороос хамгаалах тухай байна. Ийм үүднээс тодорхой бясалгал бүтээлийг төвөд цаг тооллын аль ч сарын энэ өдөр эхлэхийг сайн гэж үздэг. 

Шагжамүни Бурхан багшийн төрсөн, паринирван үзүүлсэн, гэгээрсэн өдөр нь төвөд цаг тооллын дөрөвдэх сард тохионо. Энэ сарыг Пали хэлэнд Весак зарим тохиолдолд Восак гэх ба Теравада ёсны орнуудад хэрэглэгдэнэ. Сарын санскртит нэршил нь Вайшака буюу хоёрдахь Цагийн хүрдэн, Калачакра. Энэ өдрийг тухайн сарын арван тавны өдөр бүтэн сартай өдөр тэмдэглэнэ. Теравада ёсны цаг тоолол нь төвөд цаг тооллоос өөр, энэтэхэг хиндү системээс гаралтай учир Весак нь төвөд тооллын сараас нэг сарын өмнө тохионо. 

Шагжамүни Бурханы амьдралын хоёр өөр үйл явдлыг тэмдэглэдэг. Бурхан багш Бодгаяад бодь модны доор гээгээрэлд хүрснийхээ дараа хамгийн түрүүнд сургаалаа айлдсан хүн нь түүний ээж бөгөөд тэрээр түүний төрүүлээд насан эцэслэж Гучин гурван тэнгэрийн орон Түшидийн оронд төрсөн байдаг гэдэг. Бурхан багш ээждээ сургаал айлдахаар тэнд очсон. Тэнгэрийн орноос буусан өдрийг төвөд цаг тооллын зургаадахь сарын дөрөвний өдөр тэмдэглэдэг ба энэ нь Бурхан багшийн энэ дэлхийд эргэн ирсэн өдөр. Түүний дараа Бурхан багш Сарнат явж өөрийн анхны шавь нартаа сургаал айлдсан. Номын хүрдэн эргүүлсэн энэ өдрийг төвөд тооллын есдүгээр сарын хорин хоёронд тэмдэглэнэ. 

Төвөдийн Бурханы шашны уламжлал тус бүр өөрсдийн гэсэн дүйчэн өдрүүдтэй. Жишээ нь, Гэлүг ёсонд Богд Зонховын өдрийг төвөд цаг тооллын аравдугаар сарын хорин тавны өдөр тэмдэглэнэ. Монлам буюу Лхасын Их ерөөлийн өдөр төвөд цаг тооллын нэгдүгээр сарын гурванаас хорин дөрвөн хүртэл үргэлжилнэ. Сүүлийн өдөр нь сор залах ёслол болох энэ үеэр ирэх жилийн саад тотгор бүгд бэлэгдлийн маягаар арилна гэж үзнэ. Дараагийн өдөр болох нэгдүгээр сарын хорин тавны өдөр дараагийн залрах Бурхан болох Майдар бурханыг эргэх өдөр байх ба Майдар бурханы дүрийг Бурхан багшийн дүрийн хамтаар тэргэнд байрлуулан Лхасыг тойрон горооолно. 

Төрийн зөнч нартай зөвлөлдөх тусгай өдрүүд бас байна. Жишээ нь, Төвөдийн засгийн газар төрийн зөнч Нэчүнтэй төвөд тооллын нэгдүгээр сарын арваны өдөр зөвлөлдөнө. Төвөдөд Дрэпун хийдийн хамба лам нар төвөд тооллын сар бүрийн хоёрны өдөр Нэчүн зөнчтэй зөвлөнө. 

Төвөд цаг тоолол нь гурван муу өдрийг зааж өгнө. “Муу өдрүүдийг” төвөд цагаан толгойн за үсгээр тэмдэглэх ба үүрийн гэгээгээс дараагийн үүрийн гэгээ хүртэл үргэлжилнэ. “Хар өдрийг” ня үсгээр тэмдэглэх ба зөвхөн өдрийн цагийг хамарна. Аль аль нь жил бүрийн тогтсон өдрүүдэд тохиох ба нэг нь Калачакра сар бүрийн дундуур тохионо. Гуравдахь муу өдрийг яа үсгээр тэмдэглэх ба өдөр, шөнийн турш үргэлжилнэ. Үүнийг хятад бурхан нэрээр “Ен куонг” өдөр гэнэ. Жил бүр арван гурван өдөр тохиох ба шар системийн хятад тооллын сарын тогтсон өдрүүдэд тохионо. Цаашлаад хятад махбодын тооллын системээс гаралтай жил бүр тохиох хоёр “хар” буюу муу сар байна. Мөн “хар” жил гэж байна. 

Төвөд цаг тооллын өөр нэг өдрийг са үсгээр тэмдэглэх ба эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудын сахилын гэм ариусгах сард хоёр удаа тохиох сожон сахих өдөр. Жил бүр эдгээр хоёрын эхний зан үйлийг нарны тооллын шинэ жилийн дараагийн арван таван өдөрт хийнэ. Төвөд сарууд шинэ сараар эхэлдэг. Сар бүрийн хоёрдахь сожон хуучрах сарын сүүлд, өмнөх зан үйлээс хойш, арван дөрвөн хоног үргэлжилнэ. Хэрэв өдөр давхардсан бол тэдгээр хоёр өдрийг нэг гэж тоолно. Хэрэв өдөр алгассан байвал арван дөрөв болгох үүднээс нэг өдөр нэмнэ. Сар бүрийн эхний сожон шинэ сарын сүүлээр, өмнөх зан үйлээс хойш нарын тооллын арван таван өдрийн турш үргэлжилнэ. Үүнд давхардсан өдөр, алгассан өдөр хамаарахгүй. 

Сарын шинийн өдрүүд хуучрах өдрүүдээсээ илүү сайн байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Иймд ихэнх төвөд хүмүүс эерэг, сайн үйлүүдийг сарны тооллын эхний хагаст эхлүүлснээр үр дүн нь шинийн сар мэт дэлгэрч, аривжина гэж үздэг. 

Сайн, муу өдрүүд 

Мөн тодорхой өдрүүд тодорхой үйлүүдэд зарим нь сайн, зарим нь муу байна гэж үзнэ. Жишээ нь, сарны тооллын сарын есөн, арван есөн, хорин есний өдрүүд замд гарахад сайн өдөр байдаг бол хоёрон, найман, арван дөрвөн, хорин, хорин зургаан нь муу өдөр байна. Ийм учраас хэрэв төвөд хүмүүс ямар нэг сайн өдөр замд гарч чадахгүй бол тэд нэг сайн өдөр ачаагаа зам дагуу өөр нэг айлд аваачсанаар тэр өдөр бэлэгдлийн маягаар замд гарч байгаа болдог байна. Гэвч хэрэв хэн нэгэн есөн, арван есөн, хорин есний өдөр болон сар есдэх одны ордод байралсан, эсвэл Ням гараг болон ялангуяа эдгээр гурав давхардсан өдөр нас барвал түүнийг ард үлдэж байгаа хүмүүстээ муу гэж үздэг. 

Жилийн хамгийн муу өдөр нь “өсөн муу зэтгэртэй өдөр” бөгөөд төвөд тооллын арван нэгдэх сарын зургааны үдээс эхлэн долооны өдрийн үд хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд ихэнх төвөдүүд ямар нэг шашны болон эерэг зан үйл хийхгүй байж салхинд гарч амарч тоглохыг хичээдэг. Энэ уламжлалын түүх нь Бурхан багшийн амьдарч байсан үед нэг хүн энэ өдөр олон сайн үйл хийхийг хичээсэн боловч түүнд есөн муу зүйл тохиолдсон гэдэг. Ингээд Бурхан багш ирээдүйд жилийн энэ өдөр сайн үйл хийхийг хичээхгүй байх нь сайн гэж зөвлөсөн. 

Гэвч хорин дөрвөн цагийн энэ үеийн араас, долооны өдрийн үдээс эхлэн наймны өдрийн үд хүртэл “арван сайн бэлэгдлийн өдөр” эхэлнэ. Бурхан багшийн амьдарч байсан үед энэ өдөр нөгөө сайн зүйл хийхийг оролдож байсан хүнд арван гайхалтай зүйл тохиолдсон гэдэг. Энэ үе нь сайн үйл хийх хамгийн сайн өдөрт тооцогддог боловч төвөдүүд ерөнхийдөө энэ үеийг салхинд гарах, тоглоом наадгайнд зориулна. 

Өөр нэг хоёр үеийг хуанлид тэмдэглүүштэй гэсэн байдаг. Эхнийх нь “Риши одны буулттай” өдөр гэнэ. Энэ өдрийг тодорхой нэг аргын үүднээс тооцоолох ба энэ нь төвөд тооллын наймдугаар сард тохиож долоон хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд “Риши” одноос гэрэл цацран тодорхой нэг бурханы дүрийн орой дээр тусаж түүнээс рашаан буулгадаг гэдэг. Энэ үед халуун рашаанууд хамгийн ихээр идэвхжих ба энэ долоон хоногт төвөдүүд өвчнийг анагаах үүднээс халуун рашаанд ордог угаалын өдөр болно. 

Өөр нэг үеийг “хар өдрүүд” гэх ба энэ нь долоон хоног үргэлжилнэ. Эдгээр нь төвөд тооллын тавдугаар сард тохиох ба энэ үеэр хортой борооны нөлөөгөөр ус бохирдоно гэж үзнэ. Тэдгээр өдрүүдэд түүсэн ямар ч эмийн ургамал хортойд тооцогдоно. Үүнтэй адил халуун рашаанууд маш гэмтэй болох тул хүн бүр түүнээс сэргийлнэ. 

Хятад гаралтай тооллын системээр тодорхойлогддог бидний амь насанд саадтай үеүд байх боловч төвөдүүдийн үздэг хамгийн гол үе нь “насны цөвтэй жил.” Энэ нь бидний төрсөн жилийн жил тохиох үе байна. Ийнхүү хэрэв бид хулгана жилд төрсөн бол дараа дараагийн хулгана жил нь муу жил болно. Энэ нь арван хоёр жил тутам тохионо. Төвөд хүмүүсийн нас тоолох аргын дагуу бидний амьд байгаа хуанлийн нэг жил бүр нь насны нэг жил болох ба эдгээрийн хамгийн эхний жил бид нэг настай байна. Хоёр дахь арван хоёр жилийн эхэнд арван гурван настай гэх мэт. 

Төвөд хүмүүсийн дундах зурхайн түгээмэл хэрэглээ 

Цагийн зурхай буюу өдрийн сайн цаг нь төвөд хуанлийн гол зурхайн тал. Энэ нь төвөд хүмүүсийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд сарны толлын гаргууд, сарны орд гэсэн цаг тооллын эхний хоёр онцлог тал хамарна. 

Хорин найман сарны орд болон долоон хоногийн гараг бүр, мөн тэнгэрийн биетүүд тус бүрдээ дөрвөн махбодын нэгтэй холбогдоно. Тэдгээр нь шороо, ус, гал, хий гэсэн энэтхэг таван махбодын дөрөв нь байна. Сарны тухайн нэг өдрийн байрлалын махбодыг долоон хоногийн тохирч буй өдрийн махбодтой харьцуулна. Махбодын боломжит арван нийлэмж тус бүр өөр өөр илэрхийлэлтэй бөгөөд түүн дээр суурилан тухайн нэг үйлийг тэр цагт хийх нь сайн эсэхийг тодорхойлно. 

Энэ систем нь арван бага нийлэмжтэй систем. Тухайлбал, хэрэв бид тухайн нэг бүтээлийн төгсгөлд гал тахих ёслол үйлдэх гэж байгаа бол давхар гал махбодтой үеийн цаг сонговол хамгийн сайн бөгөөд энэ нь галыг нэмэгдүүлэх бол ус-гал махбодтой үе нь гал унтраах чанартай байна. 

Төвөдүүдийн дунд шинэ төрсөн хүүхэд, гэрлэлт, нас баралтын тухайд зурхайчдаар зурхай зуруулах нь хамгийн нийтлэг байна. Зурхай зурахад цагаан, хар тооцооллын аль аль талыг хамруулна. Цагаан тооцооллын систем нь энэтхэг одон орон судлалаас гаралтай бол хар тооцоолол нь хятад одон орон судлалаас гаралтай. Төвөд эцэг эхчүүдийн ихээхэн сонирхдог зүйл нь хүүхдийн насны хэмжээ байна. Хэрэв богино настай бол олон саад тотгор байна гэж үзэж шашны олон зан үйл, Бурханы дүр бүтээхийг зөвлөнө. 

Гэрлэхийн өмнө хар тооллын системийн хоёр онцлог болох чулуун махбод болон триграмаар хосуудын нийцлийг үзнэ. Бямба гараг дэлгэрэх барилдлагатай өдөр байна. Иймээс гэрлэлтийн зурхайд үүнийг сүйт бүсгүй ирээдүйн нөхрийнхөө гэрт ирэх долоон хоногийн хамгийн сайн өдөр гэж үздэг. Хосуудын эцэг эх зурхайчид хурим хийхээр төлөвлөж буй долоон хоногийг хэлнэ. Тухайн долоон хоногийн хамгийн сайн өдрийг арван бага харьцуулалтын системийн дагуу сонгож авна. Хэрэв Бямба гараг сайн өдөр байж таарвал тэр өдөр хурим хийх нь хамгийн сайн байна. Хэрэв Бямба гараг нь муу өдөр байвал дараагийн сайн өдрийг сонгох хэдий ч сүйт бүсгүйг нөхрийнхөө гэрт өмнөх Бямба гараг нь ирэхийг зөвлөдөг. 

Бараг бүр төвөд хүмүүс хэн нэгэн нас барах үед зурхайчид хандана. Хэзээ нас эцэслэсэн дээр суурилан  хятад гаралтай махбодын системээр биеийг хэдэн цагт, ямар зүгт гарган тавих газар хүргэх тооцооллыг гаргана. Оршуулах болон чандарлах цагийг тооцоолдоггүй бөгөөд арван бага тохиргооны аргаар тооцоолсон сайн, муу өдөр үүнд ордоггүй. Нас барагсдад зориулан хийх зан үйлүүдийг тодорхойлох ба хэрэв нас барахад гаднын саад нөлөөлсөн бол түүнийг тусгайлан хийнэ.  

Төвөдүүд мөн нүүх, шинэ бизнес, худалдаа эхлүүлэх, худалдаа хийхээр явах сайн өдрийг зурхайчаас асууна. Төвөдөд жин эхлүүлэх өдөр, цагийг голлон авч үздэг бол Энэтхэгт тэд олон хотуудад гудамжинд бэлэн хувцас зарахаар гэрээсээ гарах өдрийг асуух нь элбэг. Энэ нь төвөд дөрвөгсдийн дундах хамгийн нийтлэг амин зуулга байдаг. 

Сайн өдөр сонгодог өөр үйл явдлууд нь хойд дүрээр тодорсон лам хүүхдийг сэнтийд залах, хожим нь тэрээр хийддээ шавилан суухаар өргөл өргөх, айл хүүхдээ хийдэд суулгахаар явуулах, шинэ гэвш дамжаагаа барьж дуусган шалгалтууддаа тэнцэж хийддээ өргөл өргөх үеүд байна. Мөн хүүхдийг төрснөөс хойш ойролцоогоор нэг жилийн дараа сэвлэг үргээх нь төвөд уламжлал. Үүнийг сайн өдөр үйлдэх ёстой, үгүй бол хүүхэд бэртэж гэмтэх гэмтэй гэж үзнэ.         

Төвөд эмч нар зүү тавих гэх мэт тусгай эмчилгээ хийх сайн өдрийг тодорхойлохдоо анагаахын зурхайгаас лавлана. Өвчтний амин болон сүлд өдрийг тэдний төрсөн жилээр тодорхойлж сонгон авах ба үхэх өдөр эмчилгээ хийхээс зайлсхийнэ. 

Багш нарт бат оршил өргөх үед зан үйлийг тэдний амин болон сүлд өдрийн өглөө эрт хийнэ. Дээрхийн гэгээн XIV Далай лам шороон гахай жилд төрсөн. Түүний сүлд өдөр нь Лхагва гараг бөгөөд олон багш нар бэлэг дэмбэрэлтэй гэж үзэн долоон хоногийн энэ өдөр айлдвараа эхэлдэг. Өвчтэй хүнд зориулан зан үйл үйлдэх бол түүний амин болон сүлд гарагийг мөн сонгоно. 

Төвөд хүмүүсийн зурхайчаас асуудаг дараагийн нэг зүйл нь тухайн жилд бизнес арилжаа амжилттай байх эсэх. Зурхайч Свародаяа системд байдаг аргын дагуу нэг прогноз гаргана. Асуултыг албан ёсоор тавих бөгөөд тооцооллыг асуултанд байгаа үгийн тоо, асуулт асуух үед байсан хүмүүсийн тооноос тооцоолж гаргана.

Зурхайг авч үзэх Бурханы шашны хандлага 

Нийтэд болон хувь хүмүүсийн хувьд тухайн нэг үеийг илэрхийлэх илэрхийлэлд нөлөөлөх үнэхээр олон хувьсах нэгжүүд байна. Бүгд адил ач холбогдолтой биш. Зөвхөн тодорхой нэг хувьсагчуудыг нэг болон нөгөө нөхцөлд шалгаж үзэх ба зарим нь нэгийгээ давамгайлж байна. Иймд хэрэв нэг аяллыг есөн, арван есөн, хорин есөнд эхэлж болох бол эсвэл Калачакра авшгийг бүтэн сартай өдөр хүртээхэд сайн бол бусад хүчин зүйлүүд нь сайн биш байх нь тийм их чухал биш. 

Энэ системийн зорилго нь мухар сүсгээр хүмүүсийг айлгах биш, харин цаг агаарын мэдээ адил санааг хүмүүст өгнө. Хэрэв бид тухайн нэг өдөр тийм сайн өдөр биш гэсэн ерөнхий ойлголттой байвал зан үйл үйлдэх, асуудлуудаас гарах, сэргийлэх арга болгон тус санасан сайхан сэтгэл, хянуур байдлаар үйлдэл хийж болно. Энэ нь бороо орно гэж сонссон хүн шүхэр барьж гарахтай адил. 

Бурханы шашинд зурхайг хэн нэгний сэтгэлийн үргэлжлэлд ямар ч холбоогүй гадны нэг бие даан орших тэнгэрийн биетээс ирэх нөлөө гэдэг үүднээс бус харин бидний өмнөх төрлийн өөрийн эрхгүй төрөх зан байдал, үйлийн үрийн үр дүн гэж харна. Зурхай нь үнэндээ бидний үйлийн үрийн тал байдлуудлыг унших нэг газрын зураг адил. Өмнөх төрлүүддээ өөрийн эрхгүй хийж байсан үйлдлүүдийн үр дүнгийн нэг нь бидний төрөх одон орны болон зурхайн зурлагад байх үйлийн үрийн нөхцөлийн илэрхийлэл болно. Иймд одон орны мэдээлэл нь хэрэв бид нөхцөлийг өөрчлөх сэргийлэх арга хэмжээ авахгүй бол бидний өмнөх төрлүүдийн өөрийн эрхгүй үйлдсэн үйлээс гарч болох үр дүнг харуулна. Иймд энэ нь ямар нэг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхэд тусална. Мөн зурхай нь олон тооны хүмүүсийн хамт туулах, мөн хамтаар бий болгосон үр дүнг илэрхийлнэ.  

Бурханы шашны үзлийн хувьд хувирч өөрчлөгдөхгүй гэх зүйл нэг ч үгүй. Одоогийн байгаа нөхцөл шалтгаан болон нөхцөлөөс үүссэн. Хэрэв бид тэр нөхцөлийг зөв харж чадвал өөрт болон бусдад тус болох үүднээс бүр энэ насанд ч түүнийг сайжруулах өөр нөхцөл, шалтгаануудыг бий болгох байдлаар үйл үйлдэж болно. Энэ нь янз бүрийн тэнгэрийг аргадаж, тэдний хорлолыг зайлуулах үүднээс тэдгээрт өргөл, тахил өргөх бус харин өөрийн хандлага, зан байдлыг тохируулан өөрчилнө гэсэн утгатай. 

Олны мэдэх өөр нэг түвшинд насны барцадыг арилгах үүднээс зарим тохиолдолд тодорхой нэг Бурханы дүр бүтээхийг зөвлөдөг ба энэ нь тэрхүү Бурханы таалал хүртэх гэж буй мэт санагдаж болно. Энэ бол буруу ойлголт. Түүнийг бүтээх ерөнхий хандлага нь хамгийн их нөлөөтэй байна. Хэрэв тэр нь айдас, эсвэл өөрийг эрхэмлэх үзэл байвал үр дүн нь хамгийн бага байна. Нас уртасгах, эрүүл мэнд, материалллаг нөхцөл байдлаа сайжруулахад хамгийн их нөлөөтэй нь бусдад тус болох чадах гэсэн сэдлээр хийгдэж буй тодорхой бясалгал бүтээлүүд байна.

Top