Цагийн хүрдэн тарнийн ёс суртахуун бүхий зан байдлын 25 хэлбэр

Удиртгал 

Цагийн хүрдэн тарнийн авшигт бодьсадвын болон Цагийн хүрдэн тарнийн үндсэн сахилыг хүртэхээс гадна ёс суртахуун бүхий зан байдлын (brtul-zhugs) 25 хэлбэрийг хадгалах өөр нэг амласан үүргийг хүлээнэ. XV зууны эхэн үеийн их мэргэн, Гэлүгийн ёсыг үндэслэгч, Богд Зонховын (Tsong-kha-pa Blo-bzang grags-pa) Нууц тарнийн ёс зүйн сахилга батын тайлбар: Бодит эрдмүүдэд хүргэх шимийн хонгорцог (gSang-sngags-kyi tshul-khrims-kyi rnam-bshad dngos-grub-kyi snye-ma) бүтээлд үзүүлсэн тайлбарын дагуу, энэ амлалт нь бусад Ануттарайога (Ханьцашгүй дээд тарни) ёсуудад шаардлагагүй байна. Харин XVI зууны үеийн Нингма ёсны их мэргэн Нгари Панчэн (mNga’-ris Pan-chen Padma dbang-rgyal) Цогчэний мөн чанарын зам мөрийн салбар болох амласан хоригийн гурван түвшнийг магадлах нь (Rang-bzhin rdzogs-pa chen-po’i lam-gyi cha -lag sdom-gsum rnam-nges) зохиолдоо, ёс суртахуун бүхий зан байдлын эдгээр хэлбэрүүдийг сахихаар амлах нь Цогчэн ёсыг оролцуулсан бүх Ханьцашгүй дээд тарнийн ёсуудад нийтлэг байна гэж батлан харуулсан.  

Аль ч тохиолдолд ёс суртахуун бүхий зан байдал нь ихээр хүсэх сэтгэл, уур эсвэл бодит байдал болон зан байдлын шалтгаан ба үр дагаврын талаар мэдлэг туршлагагүй байх явдлаар сэдэлжсэн 25 сөрөг үйлийг зориудаар үйлдэхийг хорих явдал байна. Ёс суртахууны хувьд өөрийг хүндлэх хүндлэлийн (ngo-tsha med-pa) мэдрэмж үгүй байх эсвэл бидний зан байдал бидний Номын багш гэх мэт бидний хүндэтгэдэг тэдгээр хүмүүсийг (’khrel-med) хэрхэн тусган харуулахыг анхаарахгүй байх нь тэдгээр үйлдлүүдтэй дагалдсан байх ёстой.

Эдгээр 25 сөрөг үйл нь таван үйлээс бүрдэх таван бүлэгт хуваагдана. 

Таван хорт үйл 

Эхний энэ бүлэг нь гэргийтний сахилтай ижил бөгөөд тэдгээрийг зарим тохиолдолд таван дэг гэж нэрлэнэ. Хорих ёстой үйлүүд нь: 

(1) Амь таслах 

Бүх төрлийн амьд амьтдын амь хөнөөхийг хорих талаар ёс суртахуун бүхий зан байдлын хэлбэрийн энэ жагсаалтын хойд хэсэгт нарийвчлан үзүүлэх ба энд амь таслах нь ямар нэг хүн амьтанд бие махбодын хувьд гэм учруулах явдал байна. Бусдыг сэтгэл зүйн хувьд зовоох нь үүнд бас багтана. 

(2) Худал хэлэх 

Өөрийн сэдсэн үнэн биш зүйлийг заах нь онцгойлсон хүнд хэлбэр байна . Худал хэлэхэд шударга бус үнэ тогтоох гэх мэт бизнесийн үйл ажиллагаа багтана. Хэрэв бусад бидний гэрээ хэлцэл хийхэд баримтлах шударга байдлыг хэтрүүлэн ашиглах үед хэрэв бидний сэдэл шунал биш бол хатуу үнэ тогтооход буруу зүйл байхгүй. Өрсөлдөөн нь заавал сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлага байх албагүй. 

(3) Эс өгснийг авах 

Энэ нь үнэ цэнээс шалтгаалахгүй ямар ч зүйлийг хулгайлах байх ба үүнд төлбөрөө төлөхгүй эсвэл зээлээ эргүүлэн төлөхгүй байх багтана. Бүр хэн нэгний компьютерыг зөвшөөрөлгүй хэрэглэх нь өгөөгүй зүйлийг авах нэг хэлбэр болно. 

(4) Эр, эмийн харилцааны зохисгүй үйл 

Тодорхой цаг хугацаа, газар, эрхтэн нь эр, эмийн харилцааны үйлд зохисгүй байна, учир нь тэдгээрт хандах нь ихэвчлэн хэт их дур төрөх болон эр, эмийн харилцааны асуудлуудыг ямар нэг байдлаар хорих хүсэлгүй байхаас гардаг. Гэвч эр, эмийн харилцааны хамгийн зохисгүй хэлбэр нь хэн нэгний хостой харилцаа тогтоох явдал байна. 

(5) Архи, согтууруулах ундаа хэрэглэх 

Шууд хэлэхэд, энэ нь бүр нэг дусал ч уухгүй байх гэсэн утгатай. Ижил төстэй нэг хориг нь мансууруулах бодис болон сэргээх бэлдмэлүүд байна. Сэдэл нь ямар байхаас үл хамааран согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэх нь бидний тунгаан бодох чадварыг бүрхэгдүүлж, өөрийн хяналтыг сулруулан, ихэнх тохиолдолд гэм бүхий зан байдал, үг эсвэл бодолд хөтөлнө. 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулах нэг сэтгэл хөдлөлөөр сэдэлжээгүй үед алкоголийг хэд хэдэн нөхцөлд хэрэглэх боломжтой. Энэ буруу биш, жишээ нь, багшийн тахилын хурал хурах үед алкоголь амсах – үнэндээ бэлгэдэн хүртэхээс татгалзах нь тарнийн нийтлэг үндсэн уналын нэг болно. Алкоголийг Ханьцашгүй дээд тарнид хоосон чанарын адистид бүхий мэдэхүйг өсгөхөөр зарим тохиолдолд хүртэх ба үүнд хүйсээр нэгдэх аргын хэрэглээтэй адил хязгаарлалт байна. Тухайлбал, алкоголь хэрэглэхийг хэзээ ч Номын үйлд тооцдоггүй эсвэл гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зам мөрөөр авч үздэггүй. Цаашилбал, алкоголь нь хийн бясалгалтай чадварлаг ажиллах егүзэрийн (тарнийн бүтээлийн гүнзгийрсэн түвшний эрэгтэй бүтээлч) гүнзгий чадвар болон хоосон чанарын адистид бүхий нэг мэдэхүйг бүрэн хадгалах чадвартай дагалдах үед л зөвхөн зам мөрд хэрэглэгдэнэ. Энэ нь XIX зууны Римэ ёсны Конгтрул гэгээний (’Jam-mgon Kong-sprul Blo-gros mtha’-yas) Мэдэж болох бүхний нэвтэрхий толь (Shes-bya kun-khyab) бүтээлдээ, ёс суртахуун бүхий зан байдлын энэ хэлбэрийг сахих нь багшийн тахилын хурал хурах үеэр алкоголь хүртэхийг (уруул хүргэх) эсвэл согтохгүй байх тохиолдолд түүнийг Номын зам мөрөө өсгөхөөр хэрэглэхийг хорихгүй гэж дурдсан тэр санааны утга. Тэрээр хяналттай эсвэл бага зэрэг алкоголь хэрэглэхийг зөвшөөрөөгүй. 

Зарим хүмүүс Цагийн хүрдэн тарнийн авшиг авахын хувьд бусад амласан үүргүүдийг сахихад бэлэн болсон байдаг боловч тэд дахин хэзээ ч алкоголь уухгүй гэж амлахыг хэцүү гэж үздэг. Тэд энэ нь авшгийг бүрэн оролцоотойгоор авч чадахгүй гэсэн утгатай байх болов уу гэж гайхна. Энэ асуултад хариулах үүднээс бид бодьсадвын сахил болон сургтгаалуудыг аргачлал болгон харж болох байх. Бодьсадвын дагалдах сахилуудын олонх нь дараах болзолт нөхцөлтэй байна. Тухайлбал, хэрэв бид сэтгэлийн тайван байдал алдагдуулах хүчтэй сэтгэл хөдлөлүүдийн улмаас нэг сөрөг үйлдлийг хийхийг хараахан хорьж чадахгүй байвал, хэрэв бид тэр үйлийн хүчийг багасгаж, ирээдүйд түүнийг хийхгүй байхаар өөртэйгөө нухацтай ажиллавал бид нэг хүнд гэмээс зайлсхийж чадна. Иймд зарим багш нар авшиг авч болох боломжтой боловч алкоголийг орхиход хүлэгдэх сэтгэл нь их байх ийм асуудалтай тулгарах тэдгээр хүмүүст энэ сахилаар наад зах нь хэрэглээгээ хязгаарлаж, дараа нь бага багаар түүний хэмжээг бууруулж, хэрэглэх явцдаа холбогдох дөрвөн хүчин зүйлийг (kun-dkris bzhi) гаргахгүй байхыг зөвлөнө. Гэвч үүнийг алкогольд дурлах шалтаг болгохгүй байх нь чухал. Бүр ихэнх хүмүүс нь хоолтойгоо дарс эсвэл шар айраг хэрэглэдэг орнуудад ч, хэн нэгэнд таагүй сэтгэл төрүүлэхгүйгээр уух зүйлээс эелдэг, дипломат байдлаар татгалзах нэг арга үргэлж байдаг.

Таван хорт туслах үйл 

(6) Мөрийтэй тоглох

Мөнгө хожих, цаг өнгөрүүлэх, эсвэл өрсөх сэтгэлийн улмаас шоо, хөзөр, хөлөгт тоглоом зэргийг тоглох нь үүнд багтана. Ийм цаг хороох үйл ажиллагаанууд нь бидний эерэг энергийг сарниулна. Гэвч боловсролын зорилгоор эсвэл хүүхдүүдтэй мөн дуугай хүмүүстэй харилцах нэг арга болгож тоглоом тоглоход буруу байхгүй. 

(7) Зохисгүй мах идэх 

Энэ нь цагаан хоолтон байхыг амлах амлалт биш боловч хэрэв эрүүл мэндийн болон бусад нөхцөлүүдтэй нийцэж байвал ийм хоолны дэглэм хамгийн сайнд тооцогдоно. Харин энэ нь бидний хэрэглээнд тусгайлан зориулж гаргасан амьтны мах болов уу гэж тааварлаж байгаа эсвэл мэдэж байгаа тийм махыг идэхээс зайлсхийх амлалт. Ийм махыг “зохисгүй” гэнэ. Алкоголь болон хүйсийн нэгдлийг ашиглахтай адил өөрийн энергийг хүчтэй болгох байдлаар адистид бүхий мэдэхүйг нэмэгдүүлэх үүднээс Ханьцашгүй дээд тарнийн бүтээлд заримдаа мах идэхийг ашиглана. Гэвч мах идэх нь гэтлэхүй эсвэл гэгээрэлд хөтлөх нэг зам мөрд тооцогдохгүй ба бид үүнийг зөвхөн хоосон чанарын талаарх адистид бүхий мэдэхүйн зарим түвшинд хүрсэн болон өөрийн энергийн хийтэй ажиллаж сурсан үед л хэрэглэх ба ингэснээр тэдгээр нь махнаас шалтгаалсан хүнд чанартай болохгүй. Цаашилбал, энэ нөхцөлийн хүрээнд мах идэх үед, амь өргөгдсөн тэр амьтанд ерөөл өргөж, тэр нь нэг амьд амьтан байсан тухай бодит байдлыг умартахгүй байх нь чухал. 

(8) Муу бичвэрийг унших 

Энэ нь уур эсвэл хүсэл гэх мэт сэтгэлийн тайван байдалд алдагдуулах сэтгэл хөдлөлүүдийг хянаж чадахгүй болгох ном, бичвэр унших эсвэл орчин үеийн нөхцөлд зураг үзэх эсвэл цахим хуудаст нэвтрэх эсвэл дүрс бичлэг үзэхийг илэрхийлнэ. Ийм үйл ажиллагаанууд нь ердөө л бидний төөрөгдлийг нэмэгдүүлнэ. Жишээ нь, нэг хорон санаатны тухай уншвал бид тэр хүнийг үзэн ядаж, нэг баатар түүнийг егүүтгэвэл бид даган баясна. Энэ сөрөг үйлийн өөр нэг томьёолол нь тухайлан уур төрүүлэх эсвэл хүслийг нэмэгдүүлэх түүхүүд хүүрнэх эсвэл тийм сэдвүүдийн талаар ярихтай холбоотойгоор сэтгэлд орж ирсэн ямар нэг зүйлийг ярих явдал байна. 

(9) Өвөг дээдэст залбирал үйлдэхтэй холбоотой тахил өргөх 

Энэ нь өөд болсон хамаатан саднаа хүндэтгэн дурсахаар лаа барьж эсвэл цэцэг өргөхийг илэрхийлэхгүй, харин лус савдаг шүтэх явдлыг илэрхийлнэ. Ямар ч төрлийн савдаг шүтэх нь бидний бүтээлийг муутгана. Энэ нь үйлийн үрийг умартаж, лус савдгийг эсвэл өөд болсон хүмүүсийн хий сүгийг аргадсанаар зовлонгоос гэтэлж, амгаланд хүрнэ гэж төсөөлөх шалтгаан болно. Лус савдагт тахил өргөх нь зохистой болох нөхцөлүүд нь тэр нь тэдний зовлонг арилгахад туслах эсвэл хэрэв бид тэдний сэтгэлд үл нийцэх зүйл хийсэн бол тэднийг аргадах гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэлээр өдөөгдсөн тохиолдол байна. Гэвч шинжлэх ухаанаар тайлбарлагддаггүй гадаад хүчний тусламж авахаар өргөл өргөх, залбирал үйлдэх нь хэзээ ч хоосон чанарыг ойлгох, бусдад туслах зэрэг эерэг үйлүүдийг орлож чадахгүй гэдгийг ойлгох нь чухал. 

(10) Амьтан болон цусаар тахил өргөх гэх мэт экстремист заншлуудыг дагах 

Хэдийгээр ийм төрлийн зан үйлүүдийг үйлдэх нь орчин үед ховордсон боловч бид амжилт олохын тулд бусдын сайн сайхныг үгүй хийж байгаа эсэхээ шалгах нь тустай.                                                                      

Амь таслах таван хэлбэр 

(11) Мал сүрэг хөнөөх, амьтдыг төлөөлүүлнэ 

Хүмүүс ан хийх, загасчлахыг хорих нь харьцангуй хялбар байж болох ч хорхой шавжийг алахыг хорих илүү хэцүү гэж үзэж болно. Нэг шавж харах үед бидний хийх автомат хариу үйлдэл нь түүнийг няцлах байвал бид амьдрал дахь бухимдал бүрийг нэг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх зуршил бий болгоно. Гэр дэх эсвэл тариалангийн талбай дахь хорхой шавжийг гаргаж, арилгах олон өөр аргууд үргэлж байдаг. Хэрэв ямар ч арга байхгүй байж бид эрүүл мэнд, эдийн засгийн шалтгаанаар хортон шавжийг арилгах ёстой болбол түүнийг уур эсвэл хорсох сэтгэлээр хийхгүй байх нь чухал. 

(12) Хүүхдийн амь хөнөөх 

Хүүхдүүдийг яагаад нэг тусдаа ангиллаар ялгах болсон талаар тайлбар зохиолуудад гардаггүй. Энэ нь эрэгтэй хүүхдийг илүүд үздэг улс орнуудад үйлдэгддэг эмэгтэй нярай хүүхдийг хөнөөх явдалтай холбоотой байх. Мөн дотоод Цагийн хүрдний сургаалд үр хөврөлөөс эхлэх амьдралын арван үе шатыг үзүүлсэн байдаг тул үүнд үр хөндөлт багтдаг байж магадгүй. Эрүүл мэндийн асуудал гэх мэт үр хөндөлттэй холбоотой тодорхой аргагүй шалтгаанууд байж болох ба энэ нь нарийн бөгөөд хувь хүний нөхцөл байдлуудаас шалтгаалах асуудал байна. Гэвч ихэнх тохиолдолд тэдгээрийн шалтгаан нь өөрийн тав тухтай байдалд хүлэгдэх, эсвэл хүчингийн явцад олдсон жирэмслэлтээс шалтгаалсан уур бухимдал, эсвэл үр хөндөлтийг төрөлтийг хянах хоргүй аргад тооцох гэх мэт мэдлэг, туршлагагүй байдал зэрэг сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл, хандлага байна. Гэвч сэдэл нь ямар байхаас хамаарахгүй үр хөврөлийн хөгжлийн тодорхой үе шатны дараах үр хөндөлт нь амь таслах явдал мөн. Тухайн амийг авахаас зайлсхийх ямар ч арга байхгүй бол гарах үр дүнг нь – шууд гарах сэтгэл зүйн үр нөлөө болон урт хугацааны явцад гарах үйлийн үрийн үр нөлөөг – арай дээрдүүлэхийг хичээх нь чухал, төрж чадаагүй тэр хүүхдэд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлэх байдлаар. Жишээ нь, тэр хүүхдэд нэг нэр өгч, зохих хөдөөлүүлэх зан үйлийг үйлдэн түүнийг хүндэтгэх байдлаар тэр амьдралыг хүлээн зөвшөөрөх нь тустай байж болох юм. 

(13) Эмэгтэй хүний амь хөнөөх 

(14) Эрэгтэй хүний амь хөнөөх 

Эдгээр хоёр сөрөг үйл нь эдгэршгүй өвчтөнийг, хүний гарт орсон өндөр настныг өрөвдөн егүүтгэх ёсны асуудлыг хөндөнө, хүн болон гэрийн тэжээвэр амьтан аль алины хувьд. Хэн нэгэнд үхэлд хүргэх тарилга хийх болон тогтоон барих боломжгүй амьдралыг хиймлээр уртасгах эмчилгээний тусламжийг зогсоох хоёрын хооронд маш том ялгаа бий. Үйлийн үрийн тухай үзлийн үүднээс, жам ёсоор өнгөрөх боломжийг олгох сүүлийн сонголт нь илүү дээр байна, өвчин намдаах эмийн тусламжтайгаар тухайн хүн эсвэл амьтныг аль болох таатай байлгах нөхцөлийн хүрээнд.  

(15) Бурханы гэгээрсэн бие, хэл, сэтгэлийн төлөөллүүд болох – Бурханы дүр, судар бичиг, болон суваргыг (санс. стүпа) сүйтгэх – эсвэл ёс зүйн хувийн сахилга бат, төвлөрөл, ялгах ухаанд (Гурван суртгаал: шагшаабад, даяан, билиг билгүүн) суралцаж байгаа тэдгээр хүмүүсийн амь хөнөөх 

Хэрэв бид ямар нэг шалтгаанаар шашны бичвэрийг хэрэглэхгүй болсон тохиолдолд баримтлах заншсан ёс нь тэдгээрийг хүндэтгэлтэйгээр шатаах явдал байна.

Үл хүндэтгэх таван төрөл 

(16) Ном эсвэл дэлхий нийтэд ерөнхийд нь тус хүргэж байгаа найзууддаа дургүйцэх

Хэрэв бид хүмүүсийн бусдад туслахаар хэрэглэж байгаа аргыг тийм чадварлаг биш гэж үзэн, сэтгэл хөдлөлийн хувьд тавгүй байвал бид тэдгээр хүмүүс болон тэдгээр аргуудын авчрах ямар ч ач тусыг үгүйсгэнэ. Ийм басамжлах хандлага нь зөвхөн бид бусдад хэрхэн тус болохыг хамгийн сайн мэднэ гэсэн өөрийг эрхэмлэх сэтгэлгээнд хялбар хөтөлнө. Ийм хандлага бидний бусдад хялбар туслах чадварт нэлээд саад болно. 

(17) Хүндэлбэл зохих настнууд болон удирдагчдад дургүйцэх 

Бидэнд хүн бүрийн зан чанар таалагдахгүй байж болно, гэвч бидний илүү гэж үзэх хувийн бодол нь хэнийг бишрэн хүндэтгэвэл зохистой, үгүйг ялгах бидний чадварыг бүрхэгдүүлэх үед бид бодит байдлыг ялгах чадвараа алдана.    

(18) Номын багш нар эсвэл Бурхадад дургүйцэх 

Энэ үйлийн орон нь зөвхөн бидний Номын багш нар төдийгүй бусад Номын багш нар байна, хэдий тэд зохих боловсролыг бүрэн эзэмшээгүй байсан ч. Багш нарын алдаа болон дутагдлыг харах нь тэдэнд хувь хүнийх нь хувьд дургүй байхтай адил биш. Зарим хувилбараараа энэ сөрөг үйл нь Бурхадыг эсвэл Номыг үл хүндэтгэх байдлыг харуулна.  

(19) Хуврагийн чуулганы, тухайлбал, аръя төрөлхтөн нарын бүлгийн гишүүдэд дургүйцэх 

Хэдийгээр энэ сөрөг үйлийн гол орон нь аръя төрөлхтөн (өндөр эрдэмтэй төрөлхтөн) нар – хоосон чанарын ойлголтын (концепт) бус, шууд түвшний хүртэхүйтэй тэдгээр хүмүүс – боловч Хуврагийн чуулган нь янагуух утгаар сүм хийдийн хуврагуудыг төлөөлнө. Зарим хүмүүс Номын бус зорилгоор эрэгтэй эсвэл эмэгтэй хувраг болж болох боловч тэдний орхимжийн (хуврагийн хувцас) төлөөлөх зүйлийн үүднээс тэднийг үл хүндэтгэх нь зохисгүй. Барууны хүрээнд Хуврагийн чуулган (sangha) гэдэг үг нь Бурханы шашны төвийн гишүүд гэсэн утгыг авна. Ийм бүлгүүдийн хүрээн дэх бие биедээ дургүйцэх хандлага нь зам мөрд гарах дэвшилд ноцтой аюул учруулна.  

(20) Бидэнд итгэл хүлээлгэх тэдгээр хүмүүсийг хуурах 

Энэ сөрөг үйлд бидний тусламжаас хамаарах тэдгээр хүмүүсийн итгэлийг алдагдуулах мөн эрх мэдэл бүхий албан тушаалаа буруу ашиглах явдал багтана. 

Таван хүсэл 

Таван хүсэл нь дараах таван таашаал бүхий мэдрэхүйд хэт дурлах явдал байна. Үүнд: 

(21) Дүрс

(22) Дуу

(23) Үнэр

(24) Амт

(25) Хүрэлцэхүй буюу биеийн мэдрэхүй

Ийм хэт дурлах мэдрэхүй нь хоосон чанарын үл хувирах адистид бүхий мэдэхүйд хүрэх бидний анхаарлыг хязгаарлана. Энэ нь таашаалуудыг тэвчих амлалт биш, харин тохиромжтой хязгаар тогтоож, өөрийн хяналтыг дадлага болгох үүрэг, жишээ нь хооллох үед. 

Top