(11) Сэтгэлээ төлөвшүүлээгүй тэдгээр хүмүүст хоосон чанарыг заах
Бид бодьсадвын сахилуудыг авч үзэж байгаа. Бид 18 сахилын арвын талаар ярилцсан, одоо 11 дэхийн талаар ярилцах гэж байна. Энэ сахилаар бидний зайлсхийхийг хүсэх зүйл нь сэтгэлээ төлөвшүүлээгүй тэдгээр хүмүүст хоосон чанарыг заах. Энэ нь хоосон чанарын хамгийн гүнзгий түвшнийг заах талаар ярина, ялангуяа, энэ сургаалыг ойлгоход бэлэн биш бодь сэтгэлийн нэг сэдэлтэй хүнд заах ба тэрээр төөрөлдөн, түүнээс эмээж, улмаар бодьсадвын зам мөрөө орхин ердөө өөрийн хувийн гэтлэхүйд зорих хэн нэгэнд түүнийг заах тухай байна. Энэ нэлээд тодорхой байна. Тайлбарт, ийм хүн хоосон чанар гэдэг нь хэн ч оршдоггүй гэж ойлгож болно гэж гарна. Жишээ нь, тэд дараах байдлаар бодно: Хэрэв хэн ч оршдоггүй юм бол яагаад хэн нэгэнд тус болохыг хичээнэ гэж. Ингээд тэд ердөө өөрийн гэтлэхүйг хөөнө.
Энэ тайлбарыг бид зөвхөн Мадхъямака тогтсон тааллыг заах тухайд бус мөн Читтаматра үзлийг заах тухайд ойлгож болно. Учир нь Читтаматра үзэл нь – жишээ нь, энэ үзлийг ойлгохгүй төөрөлдсөн хэн нэгэн байна гэж бодох үед – зарим хүмүүс Читтаматра тогтсон тааллын хоосон чанарын үзлийн талаар төөрөлдсөн байж болдог ба тэд бүх зүйл бидний толгойд оршино, толгойд байх, сэтгэлд байх зүйлээс өөр бодит байдал гэж ердөө байхгүй гэж бодно. Тэд бусад хүмүүс ердөө бидний сэтгэлд орших бөгөөд тэд үнэндээ оршдоггүй, иймд яагаад тэдэнд туслахыг хичээн төвөг удна гэж бодож болно. Мэдээж, Мадхъямака үзлийн хувьд, тэд юу ч оршдоггүй гэж бодож болно.
Бидний зайлсхийхээр амлах энэ үйл нь түүнийг буруу ойлгож, улмаар Номыг бүрэн орхих ямар ч хүнд хоосон чанарын ямар ч түвшнийг заахаас зайлсхийх. Жишээ нь, тэд Бурханы шашин ердөө юу ч оршдоггүй гэж заах учраас, энэ бүрэн утгагүй гэж бодож болно. Тэдгээр сургаалуудад тодорхой дэвсгэр болох зүйлүүдийг өгөхийг хичээж, хүмүүсийг алгуур хөтлөх ба хэрэв бид хоосон чанарын талаар заах гэж байгаа бол тэдгээрийг хүмүүс төөрөлдөж эсвэл буруу санаа авахгүй байхаар маш энгийн үг хэллэгээр заана. Энэ үнэхээр маш хэцүү, учир нь бид зургаадах мэдрэхүйтэй биш бол, хэн нэгэн бидний тайлбарлаж байгаа зүйлийг ойлгох үгүйг эсвэл тэд ойлгоход бэлэн байгаа үгүйг мэдэх маш хэцүү.
Гэвч, бид туурвисан байдаг олон өөр бүтээлүүдийг авч үзэх үед, энэтхэгийн их мэргэд (Нагаржуна, Чандракирти гэх мэт) хоосон чанарын тухай олон өөр бүтээлүүдийг туурвисан байдаг, тэд Их хөлгөний зам мөрийг дагаж байсан нь гарцаагүй; Дээрхийн гэгээн Далай лам хоосон чанарын талаар үргэлж өргөн хэмжээгээр цугласан олон нийтэд заадаг. Тэд бодьсадвын энэ сахилыг зөрчиж байна уу? Тэд сэтгэлээ төлөвшүүлээгүй тэдгээр хүмүүст хоосон чанарыг зааж байна уу? Энэ нэг хэцүү асуулт, гэвч энд нэг тустай байж болох зүйл нь тэдний түүнийг зааж байгаа хэлбэр нь түүнийг ойлгоход бэлэн болоогүй тэдгээр хүмүүст ойлгоход үнэхээр ярвигтай, юу ч ойлгохооргүй хэцүү байдаг явдал. Тэд буруу ойлголт авахаар байдаггүй, тэд ердөө “Би үүнийг ойлгож чадахгүй байна” гэсэн санаа авна. Хэрэв бид хэн нэгэнд ганцаарчлан зааж байгаа бол тэр үед мэдээж бид тэдний ойлголт ямар байгааг үргэлж шалгаж, харж болно. Гэвч бид өргөн хэмжээний бүлэг хүмүүст зааж байгаа бол энэ илүү хэцүү байна. Гэвч, бид үүний гол тайлбар өгөгдөж байгаа хэлбэрээс, тайлбарын гол санаа нь бид аль хэдийн бодь сэтгэлийн сэдэл төрүүлсэн хэн нэгний тухай ярьж байх бөгөөд, хоосон чанарын тухай тус сургаал нь тэдэнд сургаалыг орхих шалтгаан болж болохыг харж болно.
(12) Бусдыг бүрэн гэгээрэлд хүрэх зорилгоос нь буцаах
Арван хоёрдох нь бусдыг бүрэн гэгээрэлд хүрэх зорилгоос нь буцаахаас зайлсхийх. Дахин хэлэхэд энэ үйлийн орон нь аль хэдийн бодь сэтгэлийн сэдэл төлөвшүүлсэн, гэгээрэлд хүрэхээр хичээж байгаа хүмүүс байна. Жишээ нь, бид тэдэнд тэд цаг үргэлж өглөг, тэвчээр гэх зэргийг үйлдэж чадахгүй гэж хэлэх. Бид тэднийг мохоож, тэд хэзээ ч Бурхан болж чадахгүй, тэр бол хэтэрхий хэцүү бөгөөд тэд ердөө өөрийн гэтлэхүйн төлөө хичээх нь дээр байх болно гэж хэлнэ. Гэвч хэрэв тэд үнэндээ гэгээрэлд хүрэхээр хичээхээс ухрахгүй бол энэ үйл бүрэн болохгүй. Нэг бодьсадвын хувьд бид хүн бүхэнд гэгээрэлд хүрэхэд нь туслахыг хичээх тул бид тэдэнд түүнээс буцах шалтгаан гаргахыг хүсэхгүй.
(13) Бусдыг ангид гэтлэхүйн сахилаас буцаах
Арван гуравдах нь бусдыг ангид гэтлэхүйн сахилаас буцаахаас зайлсхийх. Энэ нь хувь хүний гэтлэхүйн ангид гэтлэхүйн сахилын аль нэг түвшнийг илэрхийлнэ, тэдгээр нь гэргийтэн эсвэл эрэгтэй, эмэгтэй хувраг аль нь ч байж болно. Энд орон нь эдгээр ангид гэтлэхүйн сахилын бүлгийн нэгийг сахиж байгаа хэн нэгэн байх бөгөөд бид тэдэнд нэг бодьсадвын хувьд тэдгээрийг сахих хэрэггүй, учир нь бодьсадвын бүх үйл нь ариун байдаг тул, юу ч хийсэн болно гэж хэлнэ. Энэ унал (сахил зөрчих) бүрэн болоход тэд үнэндээ сахилаа буцаан өгсөн байх ёстой. Мэдээж гэтлэхүй эсвэл гэгээрэлд хүрч чадах суурь нь тодорхой түвшний ангид гэтлэхүйн сахил сахих явдал байна. Үүнтэй төстэй нэг дагалдах сахил байх ба түүнийг “шравака эсвэл Бага хөлгөнийг орхих” гэж нэрлэдэг. Энд бид Бага хөлгөний сургаалыг сонсох шаардлага байхгүй гэж бодож эсвэл нэг бодьсадвад хэлнэ; энэ нь Бага хөлгөний ангид гэтлэхүйн тухай сургаалыг голлон илэрхийлэх ба эсвэл бид тэдгээрийг сахих эсвэл тэдгээрт суралцах шаардлагагүй гэж тэдэнд хэлэх явдал байна. Энэ нь энэ дагалдах сахилын хилийн давахад хангалттай; энд тэд сахилаа бодитойгоор буцаан өгөх шаардлагагүй. Үүнтэй төстэй үндсэн сахил нь тэд сахилаа бодитойгоор буцаан өгөх тохиолдолд л энэ сахил зөрчигдөх явдал байна.
Зарим хүмүүс бодьсадвын сахилууд хангалттай гэж бодно эсвэл тэд бүр тарнийн сахилууд хангалттай – бидэнд бодьсадвын эсвэл ангид гэтлэхүйн сахил шаардлагагүй гэж бодож болно. Богд Зонхов энэ төрлийн ойлголтыг маш хүчтэй эсэргүүцдэг. Зонхов ангид гэтлэхүйн сахилууд, тэдний тодорхой түвшин ямар ч бүтээлчид (сургаалыг дадлага болгож байгаа хүн) гэтлэхүй эсвэл гэгээрэлд хүрэхэд чухал бөгөөд Бурхан багш үүнийг маш ихээр онцлон тэмдэглэсэн гэсэн байр суурийг дэмжих олон өөр судар зэргийг үргэлж иш татна. Ерөнхийдөө, сөрөг зан байдлын олон өөр хүчтэй төрлүүдээс, багадаа л, худал хэлэх, хулгай хийх зэргээс зайлсхийх нь маш чухал.
(14) Шравака хөлгөнийг доорд үзэх
Арван дөрөвдөх нь шравака хөлгөнийг доорд үзэхээс зайлсхийх. Шравака хөлгөн гэдэг нь Бага хөлгөний өөр нэг нэр. Бодьсадвын сахилын зургаадах үндсэн уналд, бид Бага хөлгөний эх зохиол нь Бурхан багшийн жинхэнэ сургаалыг агуулсан байхыг үгүйсгэдэг. Энд бид тэдгээрийг Бурхан багшийн сургаал мөн гэж хүлээн зөвшөөрөх боловч тэнд байх сургаалуудыг дадлага болгосноор гарах үр дүнг үгүйсгэнэ. Бид тэдний зааврын дагуу сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг арилгах боломжгүй гэж баримтална. Энэ нь хялбар гарч болох зүйл. Орчин үед, олон өөр газруудад випассанагийн курсүүд нийтэд хүртээмжтэй болоод байгаа бөгөөд энэ нь голлон Теравада уламжлалаас эхтэй байх ба Их хөлгөний нэг бүтээлчийн хувиар бид тэдгээр нь үр дүнгүй гэж хэлж, тэдгээрийг дадлага болгох нь ухаангүй хэрэг гэж хэлэн элэглэж болно. Тэдгээр нь хүмүүст сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлөө даван гарахад туслахгүй бөгөөд ердөө суугаад амьсгалаа ажиглахын хэрэг юу байна гэнэ. Гэвч, энд асуудал нь бид эдгээр сургаал руу ихэвчлэн гүнзгий ордоггүй явдал гэж би боддог. Бид тэднийг ердөө өнгөц харж, тэднийг хэрэгсдэггүй бөгөөд тэдгээрийг дадлага болгох нийт нөхцөл, тэдгээрийн хөтлөх нийт цуврал бясалгалуудыг авч үздэггүй. Бусад бүтээлүүдэд хандах эдгээр сөрөг хандлагуудын тухайд бид үнэхээр маш хянуур байх ёстой, ялангуяа Бага хөлгөнд заасан бүтээлүүдийн (дадлагууд) тухайд. Их хөлгөн нь Бага хөлгөний бүх сургаалууд дээр суурилна. Энэ нь ердөө тодорхой хэсгийг нэмнэ. Дагалдах сахилд Бага хөлгөний сургаалууд гэх зэрэгт хүндэтгэл үзүүлэхийг үргэлж онцлон тэмдэглэдэг хэдий ч, бид, бидэнд нэг ижил зүйлд зориулсан Их хөлгөний арга байгаа бол бүх цагаа тэдгээр Бага хөлгөний аргуудад зориулахгүй гэснийг олж харна.
Хэрэв бидэнд Бага хөлгөний бүтээлчдийн дунд долоон хоногоос илүү хугацааг өнгөрөөхгүй гэх мэт хориг байгаа бол бид мөн түүнийг зөв ойлгох ёстой. Зөвхөн тэдний өөрийн гэгээрлийн төлөө хичээж байгаа, бусдын төлөө хичээх талаар анхаарахгүй, бидний Их хөлгөн эсвэл тарнийн бүтээлүүдийг элэглэх, биднийг мохоохыг хичээн, бидний дадлага болгож байгаа зүйлийг ямар ухаангүй: “Энэ бол Бурханы шашин биш” гэж бидэнд хэлж байгаа тэдгээр хүмүүсийн талаар бид ярьж байна. Хэрэв бид тэдэнтэй их цагийг өнгөрөөвөл тэд биднийг өөрийн бүтээлийг орхиход хүргэж болно. Мэдээж, Их хөлгөний бүтээлүүдэд ийм төрлийн хандлагаар ханддаггүй олон Теравада бүтээлчид лавтай байгаа. Энэ жишээ тэдгээр Теравада бүтээлчдийг илэрхийлээгүй.
Хэрэв бид нэг бодьсадвын хувиар, эсвэл нэг боломжит бодьсадвын хувиар өөрийн болон бусад хүн бүрийн гэгээрлийн төлөө хичээж байгаа бол бид биднийг түүнээс буцахад нөлөөлж болох нэг нөхцөлд орохыг хүсэхгүй бөгөөд бид бусдыг тэр зорилгоосоо буцах шалтгааныг гаргахгүй байхыг хүсэх – тэдэнд буцахыг тодорхой хэлэх байдлаар эсвэл тэднийг гэгээрэлд хүрэхээс буцаах шалтгаан болж болох ямар нэг зүйл заах байдлаар – гэсэн нэг ерөнхий сэдвийг бид энд харж болно.
(15) Хоосон чанарыг таньсан гэж худал зарлах
Арван тавдах нь хоосон чанарыг таньсан гэж худал зарлахаас зайлсхийх. Энэ нь бид хоосон чанарыг бүрэн таниагүй байгаа нэг нөхцөлийг илэрхийлнэ; гэвч бид таньсан мэт дүр эсгэн түүнийг заана, учир нь бид тэдгээр их мэргэдэд атаархаж буй. Тэдгээр их мэргэд түүнийг зааж байгаа бөгөөд зөв зааж байгаа ба бид түүнд атаархаж буй. Хэдий бид түүнийг ойлгоогүй ч бид нэг эрдэмт мэргэн мэт үйлдэл хийн, түүнийг ойлгосон мэт дүр эсгэнэ. Бидний хоосон чанарын талаарх энэ буруу сэтгэгдэл төрүүлж буй тэдгээр хүмүүст бид түүнийг заах үед тэд бидний тайлбарлаж байгаа зүйлийг ойлгож байх ёстой ба тэд бидний дүр эсгэж буй явдалд хууртах эсвэл бидний мэхэлж байгааг мэдэх хоёрт ялгаа байхгүй. Тэд бидийг үүнийг ойлгосон үнэхээр гайхалтай гэж бодож болно. Цаашилбал, тэд биднийг ойлгосон гэж ердөө дүр эсгэж буй ухаангүй хүн гэж бодож болно. Гэвч хэрэв тэд бидний тайлбарыг ойлгохгүй эсвэл сонсож чадахгүй байгаа бол тэр үед энэ үйл бүрэн биш болно.
Энэ сахил нь голлон хоосон чанарыг худал таньсан байхтай холбогдоно. Бид бодь сэтгэл эсвэл Номын бусад санаануудтай холбоотой ижил зүйлээс татгалзах хэрэгтэй. Түүнийг бүрэн ойлгосон гэсэн дүр бүү эсгээрэй, ойлгоогүй байтлаа ойлгосон мэт бүү заагаарай, учир нь бид хүн бүхэнд гэгээрэлд хүрэхэд туслахыг хичээж байгаа боловч бид тэдэнд бүрэн бус эсвэл худал мэдээлэл өгч байгаа болно. Гэвч бид хоосон чанарыг бүрэн ойлгоогүй байх үедээ, хэрэв бид түүнийг хүлээн зөвшөөрч “Би түүнийг үнэхээр бүрэн ойлгодоггүй; гэвч миний түүнийг одоо ойлгож байгаа тэр түвшинд, энэ нь ийм утгатай гэж миний бодож байгаа зүйл” гэж хэлэх байдлаар түүнийг заахад буруу байхгүй. Энэ нь зүгээр болно, хэрэв бид ямар нэг үнэн биш зүйлийг хийн дүр эсгээгүй бол.
Бүр Дээрхийн гэгээн Далай лам хүртэл “Тэгэхээр, би үүнийг үнэхээр бүрэн ойлгодоггүй гээд харин энэ бол миний одоогоор ойлгож байгаа зүйл” гэж хэлнэ. Дээрхийн гэгээнийг хоосон чанарын хамгийн хэцүү эх зохиолуудын заримыг тайлбарлахыг харах үнэхээр маш гайхалтай байдаг. Заримдаа тэрээр тодорхой нэг бадагт хүрээд “Би үүнийг үнэхээр ойлгохгүй байна” гэж хэлнэ. Тэрээр энэ тайлбар зохиол ингэж хэлж байна, тэр тайлбар зохиол тэгж хэлж байна, гэвч энэ үнэхээр ойлгомжгүй байна гээд, ингээд тэр түүнийг тойрон суусан хамгийн эрдэмтэй Гэвш нар эсвэл Кэнпо нараас үүнийг юу гэсэн утгатай гэж тэд бодож байгаа талаар асууна (Кэнпо гэдэг нь Гэлүгийн биш уламжлалууд дахь Гэвштэй адил цолны нэр). Хангалттай зоригтой тэдгээр Гэвш ямар нэг зүйл хэлж саналаа илэрхийлнэ. Заримдаа Дээрхийн гэгээн тэднийг биечлэн нэрээр нь дуудахад тэд ямар нэг зүйл хэлэх ёстой болно, хэдий бүр хорин мянган олон түмэн цугласан байсан ч. Ингээд Дээрхийн гэгээн ихэвчлэн тэдэнтэй мэтгэлцэж эхлэх ба “Тэгэхээр, ийм, тийм, тийм учраас тэр үнэхээр ийм утгатай байж болохгүй” гэж хэлнэ. Ингээд тэр өөр хэн нэгнээс асууна, учир нь гол төлөв юу болдог вэ гэвэл, хийдийн өөр өөр дотоод салбаруудын хэрэглэдэг өөр өөр эх зохиолууд өөр өөр тайлбартай байдаг.
Дээрхийн гэгээний Бурханлаг-чанарын талаар айлдаж байсан сургаалд үүнтэй адил нэг явдал болсон, Бурханлаг-чанарын өөр өөр төрлүүдэд багтах зүйлүүд, тэдгээрт хэрэглэгдэх тодорхой хэллэгүүдийн хэв маягуудын тухай ярьж байсан; энэ маш тодорхойгүй байв. Ингээд тэрээр тэнд хүрэлцэн ирсэн байсан тэдгээр хамгийн эрдэмтэй лам нартай нэлээд ярилцсаны дараа тэд ямар нэг дүгнэлтэд хүрээгүй. Гэвч, энэ жишээнээс маш тодорхой байсан зүйл нь Дээрхийн гэгээн ойлгохгүй байгаа зүйлээ ойлгосон мэт хэзээ ч дүр эсгэдэггүй явдал байсан бөгөөд энэ нь бусад зүйлүүдийг тэр үнэндээ ойлгодог гэсэн ихээхэн итгэл төрүүлдэг. Тэрээр нэг эх зохиолын аман дамжлага өгч байх үедээ түүнийг маш хурдтай унших боловч гэнэт зогсох ба учир нь тэр өөрийн ойлгохгүй байх нэг санаатай тааралдсан байдаг, ингээд тэр өөрийн эргэн тойрон суух хүмүүсээс тэдгээр асуултыг асууна. Тэд бүр эх зохиолд түүний зогссон газар хүртэл дагаж чаддаг нь итгэмээргүй, учир нь Дээрхийн гэгээн түүнийг үнэхээр хурдан уншиж байдаг, гэвч гайхмаар нь тэд хариулж чаддаг. Дээрхийн гэгээн маш хурдтай уншиж байсан хэдий ч тэр мэдээж бас ойлгож уншиж байгаа. Энэ маш сэтгэл хөдлөм, би ингэж хэлнэ.
(16) Гурван эрдэнээс хулгайлсан зүйлийг хүлээн авах
Арван зургаадах нь Гурван эрдэнээс хулгайлсан зүйлийг хүлээн авахаас зайлсхийх. Бид Бурхан, Ном, Хуврагийн чуулганд өргөсөн ямар нэг зүйлийг хулгайлахгүй эсвэл хэн нэгэн өөр хүнд хулгайлах шалтгаан гаргахгүй байх тухай сахилыг авч үзсэн, санаж байна уу? Энд бид түүнийг бэлгээр эсвэл өргөлөөр, эсвэл бидний цалин эсвэл шагнал болгон хүлээн авах ба бид түүнийг өөрөө биечлэн эсвэл хэн нэгнээр дамжуулан хийлгэсэн байх ёстой. Энэ нь өөр нэг үндсэн сахилд гарсны адил тэр зүйл нь дөрөв болон түүнээс дээш тооны сүм хийдийн гишүүдэд хамаарч байх ёстой. Энд тэр зүйл нь мөн нэг эсвэл хоёр эсвэл гурван эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагт хамаарч байна.
Бид тэр зүйл Гурван эрдэнээс хулгайлагдсан гэж мэдэж байх хэрэгтэй эсэх тухай тайлбарыг би хараагүй, гэвч бид тэр тухай мэдсэн байх хэрэгтэй гэж надад санагдаж байна. Мэдээж хэрэв дараа нь бид олж мэдвэл бид түүнийг буцааж өгөхийг оролдох нь гарцаагүй. Дахин хэлэхэд, бид яагаад Гурван эрдэнээс хулгайлах тухай энэ санааг ийм их онцлон тэмдэглэдэг болох талаар асууж болно. Гэвч хэрэв бодож үзэх юм бол, Номд дэм болох, жишээ нь, хэвлэх, эх зохиолуудыг орчуулах, сүм хийдэд дүрүүд бүтээлгэх, эрэгтэй, эмэгтэй хуврагуудын хүнсэнд зориулан өргөсөн мөнгө, эд зүйл энэ бүхэн нь бусад хүмүүст гэгээрэлд хүрэх нөхцөлийг хангахад туслах зорилготой. Бид мэдээж бодьсадвын сахилыг дадлага болгож байгаа ерөөхүйн түвшний бодьсадвын хувиар бусдыг гэгээрэлд хүрэхэд зориулсан боломжоос авах ямар нэг зүйл хийхийг хүсэхгүй.
(17) Шударга биш бодлого гаргах
Арван долоодох нь шударга биш бодлого гаргахаас зайлсхийх. Энэ нь ялгаварлал эсвэл эчнээ бодлын нэг төрлөөр үйлдэл хийх гэсэн утга илэрхийлнэ. Жишээ нь, бидний дургүй, бидний тэдэнд бухимдал төрүүлдэг боловч маш нухацтай зарим бүтээлчид (сургаалыг дадлага болгодог хүмүүс) байх ба бид тэднээс ямар нэг зүйлийг нь авч эсвэл тэднээс бага эрдэмд хүрсэн бидний сайн байх тэдгээрийн хүмүүсийн талыг барьж тэдэнд шударга биш хандана.
Нэг жишээ нь, бид манай Бурханы шашны төвийн бясалгагчдаас сүрдэх, ба Номын төвийг олон нийтийн үйл ажиллагааны нэг газраар харж болно; бид тэнд ижил сонирхолтой найзуудтайгаа уулзахаар очно. Жишээ нь, хэн нэгэн хүн төвд хандив өргөхөд, түүнийг бясалгалын даяан хийх байгууламж барьж байгуулахаар ашиглахын оронд сургаал айлдварын дараа хүмүүс уулзаж, амрах цай, кофены газар байгуулахад ашиглана. Энэ нь үүний илэрхийлж буй зүйл, шударга биш бодлого гаргах. Өөрөөр хэлбэл, бид үнэхээр нухацтай шавь нар, бүтээлчдийг бодолцон үзэж, тэдгээрийг онцлон тэмдэглэж, ердөө нухацтай биш тэдгээр хүмүүст (ердөө олон нийтийн үйл ажиллагааны зорилгоор ирж байгаа) туслахаас илүүтэй тэдэнд туслахад хүчин чармайлт гаргахыг хичээх нь мэдээж зөв. Тэд, гэтлэхүй болон гэгээрэлд хүрэхээр шаргуу хичээхээс илүүтэй ердөө Ном сайхан байдаг учраас түүнд ханддаг.
Энд харуулж байгаа сэдэл нь бидний судлах, дадлага болгох зүйлийн хувьд тэд их зүйл хийж, хичээж, бид огтоос их зүйл хийхгүй байгаа учраас бид тэдгээр нухацтай шавь нарт дургүй, бид тэднээс сүрдэж, эсвэл бид тэдэнд уурлан бухимдаж байгаа явдал байгааг анзаараарай. Бид ердийн шавь нарт илүү татагдаж байгаа учир нь тэд илүүтэй бидний найз байна; тэд хамт байхад сайхан байж, бид тэдэнтэй хамт цай, кофе уун хөгжилдөх тул бид илүү нухацтай шавь нарыг муулан өөрийн бүх хүчин чармайлтыг нөгөө хэсэгт зориулна. Хэрэв бид энэ талаар бодож үзэх юм бол бид үүнтэй адил жишээнүүдийг сүм хийдүүд дээр бас олж харж болно: жишээ нь боловсролыг сайжруулахаас илүүтэй хийдэд ирэх зочдод зориулсан зочин байрлах газар байгуулахад мөнгийг хэрэглэхэд илүү анхаарах.
(18) Бодь сэтгэлийг орхих
Сүүлийн, арван наймдах нь, бодь сэтгэлийг орхихоос зайлсхийх. Энэ нь бусдын тусад гэгээрэлд хүрэх хүслийг орхих гэсэн утгатай. Санаж байна уу, бидэнд хоёр түвшний бодь сэтгэл байдаг: ерөөхүйн болон орохуйн бодь сэтгэл. Хүсэх эсвэл ерөөхүйн төлөв нь бусдын тусад гэгээрэлд хүрэхийг хүсэх хүсэл; орохуйн төлөв нь бодьсадвын сахил авч, бүтээлүүдэд (дадлагууд) бодитой орох. Энэ сахил нь эдгээр хоёрын эхнийхийг, бодь сэтгэлийн ерөөхүйн эсвэл хүсэхүйн төлөвийг орхих гэсэн утга илэрхийлнэ, учир нь хэрэв бид бусдын тусад гэгээрэлд хүрэх хүслийг орхивол, мэдээж бид бодьсадвын сахил сахих гэх мэт удаахыг бас орхих болно.
За, энэ бол бидний зайлсхийх тэдгээр зүйлүүд болох бодьсадвын сахилуудын жагсаалт. Зарим хүмүүс гомдоллон, “Өө, үнэхээр олон дүрэм, үнэхээр олон дагах зүйлүүд байна, энэ хэтэрхий их байна” гэж хэлж болно. Гэвч, бид сэтгэлдээ нэг бүлэг дүрэм хадгалах чадамжтай болох талаарх нэг тодорхой жишээ нь машин жолоодох. Бид машин жолоодох үед дагах хэрэгтэй болох нэг бүлэг хууль байгаа; машин хэрхэн жолоодох нь үнэндээ туйлын ярвигтай. Ихэнх улс оронд жолоодох үнэмлэхээ авахын өмнө бид замын дүрмүүдийг судалж түүн дээр шалгалт өгөн тэнцэх ёстой болдог; мэдээж, зарим оронд бид ердөө хахууль төлөөд үнэмлэхийг авч бодог хэдий ч. Бид нэрсийг дурдахгүй. Нэгэнт бид тэдгээрийг сурсан бол машин барих зуураа тэдгээрийг сэтгэлдээ хадгалдаг; бид зан үйлээ ажиглах чадвартай байх бөгөөд улаан гэрэл дээр эсвэл нэг тэмдэг дээр зогсож чадах ба зөв эгнээнд хэрхэн орох энэ бүх зүйлийг мэднэ. Мэдээж, түүнийг хийж чаддаггүй зарим хүмүүс байна.
Энд Москвад би маш битүү замын түгжрэлтэй холбоотой миний инээдийг хүргэсэн нэг зүйлийг ажигласан. Замын түгжрэл болоход энэ нь бидний Энэтхэгт хардаг зүйлтэй маш төстэй байсан, энэ нь бидний байгаа эгнээ бүрэн дүүрч, огт хөдлөхгүй зогссон байх үе байна. Би нэг эсвэл хоёр машин буруу эгнээ рүү (эсрэг зүгт явж байгаа тал руу) орж, бага хөдөлгөөнтэй байсан тэр эгнээгээр явж байхыг харсан. Гэвч ихэнх улсад ихэнх хүмүүс замын дүрмийг дагадаг. Би Мексик рүү нэлээд байнга явдаг бөгөөд тэдэнд нэг хөгжилтэй хэллэг байдаг. Тэд улаан гэрэл бол ердөө нэг зөвлөгөө гэдэг.
Энэ бүхний гол санаа нь эдгээр бүх олон өөр сахил байна хэмээн гомдоллох шалтгаан байхгүй явдал. Тэд туйлаас их тустай. Гэлүг ёсны уламжлалд, Зургаан-үет уншлага гэж нэрлэдэг нэг зүйл байдаг, энэ нь хэрэв бид ханьцашгүй дээд тарнийн эрх, авшиг авч байгаа бол дадлага болгох ёстой үүргүүдийн нэг нь түүнийг өдөр бүр зургаан удаа унших үүрэг байх ба үүний нэг хэсэг болгож бид эдгээр сахилуудыг уншдаг, ингэснээр энэ нь бидэнд тэдгээрийг санахад тусалдаг – мэдээж, хэрэв бид үүнийг маш хурдан уншиж тэр нь нэг “дэмий зүйл” болохгүй бол. Юутай ч, хэрэв бид тэдгээрийг үнэндээ цээжлээгүй бол, энэ нь төвөд хүний хийдэг зүйл, бид тэдгээр нь юу болохыг өөртөө дахин дахин сануулж байх хэрэгтэй. Тийм үү?
Асуулт, хариулт
Эдгээр сахилуудыг бид хэрхэн сулруулж (доройтуулж) эсвэл алдаж болох талаар ярилцаж эхлэхээс өмнө, дээрх сахилуудын талаар асуух асуулт байна уу?
Хэрэв хэн нэгэн Гурван эрдэнээс мөнгө хулгайлж мөн өргөл өргөсөн бол, түүний өргөсөн мөнгө нь түүний хулгайлсан мөнгө байх эсэхийг мэдэх боломжтой юу, ялангуяа хэрэв тэр нь бэлэн мөнгө биш, банкны дансаар хийгдсэн байвал? Тэр мөнгө нь түүний хулгайлсан мөнгө байх боломжтой, учир нь тэр хүнд хулгайлсан мөнгөнөөс гадна мөнгө байсан.
Миний үзсэн эх зохиолуудад тэр мөнгийг хулгайлсан гэж мэдэх ёстой үгүй талаар тодорхой гардаггүй. Мэдээж, бидний зүгээс үүнийг мэдэх маш хэцүү. Хэрэв тэр нь биет зүйл бол энэ нэлээд илэрхий. Жишээ нь, хулгайлсан Бурханы баримал дүр эсвэл тангкагийн (Бурханы зурмал дүр) тохиолдолд. Энэ нэг сайн жишээ. Соёлын хувьсгалын үеэр олон хүмүүс төвөдийн сүм хийдүүдээс Бурханы зурсан дүр, баримал дүрүүд зэргийг хулгайлан Хонг Конгод байх барууныхан зэрэг хүмүүст зарсан. Хэрэв бид тэдгээрийг тэдгээр сүм хийдүүдээс хулгайлсан зүйлүүдийн нэг байна гэж мэдэж байх юм бол тэр үед хэрэв бид тэднийг худалдаж авбал бид энэ сахилыг зөрчиж байгаа нь маш тодорхой. Зах зээл дээр байгаа эдгээр хуучны тангка зэргийн аль нь ч, бид тэдгээр нь Соёлын хувьсгалын үеэр хураагдсан эсэхийг нарийн мэдэхгүй байж болно, гэвч тэдгээрийг нэг хийдээс авсан байх нь гарцаагүй байх болов уу. Хийд тэдгээрийг зарахгүй.
Тангка эсвэл баримал дүрийг бэлэг болгон өгдөг тодорхой хийдүүд болон өндөр хэргэмтэй багш нар байх боловч сүм хийдүүд дээр, юу хийдэд ерөнхийдөө хамаарах, юу хувийн эд зүйл байх нь маш хатуу чанд байна. Бид нэг ахуйд зориулан хандив өргөж байгаа бол, жишээ нь, нэг төвөд сүм хийдэд, нэг Ринбүүчигийн гэр ахуйд зориулан – эсвэл тэд тэр хийдэд амьдраагүй байж болно, тэд дүрвэсэн байж болно – бид тэр хандивыг өргөхдөө маш тодорхой байх ёстой. Энэ нь ахуйд ерөнхийд нь зориулсан уу – үүнийг төвөдөөр “лабран” гэдэг – эсвэл бид тухайн ахуй дахь хэн нэгний хувийн хэрэгцээнд тусгайлан зориулан өргөж байгаа эсэхийг. “Гэр ахуй” гэдэг нь сууц бүхэлдээ гэсэн утгатай. Тэр Ринбүүчигийн сууцанд олон өөр туслахууд болон шавь нар амьдардаг гэж бодъё, тэд бүгдийг төвөд хэлэнд лабран гэнэ. Би үүнийг тодорхой нэг үгээр орчуулахыг оролдож байна, ингээд үүнийг “гэр ахуй” гэж нэрлэе. Гэрийн эзэн гэвэл хэн нэгэн өөр хүн болно; энэ бол гэргийтэн хүн. Хэрэв бид тус мөнгийг лабранд өргөж байгаа бол, гэр ахуйд өөрт нь, үүнийг зөвхөн хүн бүрийг хооллох нийтийн гал тогоо, эсвэл сууц болон барилгыг сайжруулахад зарцуулна; энэ нь тухайн ахуйн тодорхой нэг гишүүнд зориулагдан зарцуулагдахгүй, үүнд Ринбүүчи бас хамаарна, шинэ орхимж (хуврагийн хувцас) худалдан авах эсвэл ердөө тэдэнд зориулан эсвэл тэдний хувийн хэрэгцээнд зориулан ямар нэг зүйл хийхэд. Тэд түүнийг гэр ахуйд, тодорхой зан үйл үйлдэх, хурал хурахад тахилын идээ бэлтгэх гэх мэтэд хэрэглэнэ. Лабрангуудад үүнийг маш чанд баримтална.
Таны асуулт илүү хэцүү. Хэн нэгэн Гурван эрдэнээс мөнгө хулгайлах үед, хэн нэгэн нэг Бурханы шашны төвд мөнгө хандивлаж байна гэж бодъё – хэдийгээр, чухамдаа, Бурханы шашны төвүүд нь тусгайлан үүнд багтахгүй ч; бид Хувраг гэдэг үүднээс, сүм хийдийн тухайд ярьж байна. Баруунд ихэвчлэн гардаг нөхцөлүүдэд бид Номын төвүүдийн тухай ярьж байдаг; баруунд бидэнд тийм олон хийдүүд байдаггүй гэж би хэлж байгаа юм. Баруунд бид “Хуврагийн чуулган” гэдэг үгийг уламжлалт төвөд эсвэл Бурханы шашны хүн хэзээ ч хэрэглэхгүй тийм хэлбэрээр маш сул утгаар хэрэглэдэг – ердөө гэргийтэн хүмүүсийн нийгмийн бүлэг дэх Номын төвийг илэрхийлэх байдлаар, гэвч тэр бол мэдээж Хуврагийн чуулган биш. Бид Номын төвд өргөсөн мөнгийг өөрийн хувийн зорилгод ашиглахаар хулгайлахад энэ сахил хамаарах уу гэж асууж байгаа. Тэгэхээр, угтаа бол, тайлбар зохиолуудын дагуу, Хуврагийн чуулганаас хулгайлах тухай бид ярих үед, бид дөрөв эсвэл түүнээс дээш тооны эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагийг илэрхийлж байдаг. Нэг эсвэл хоёр эсвэл гурван эрэгтэй эсвэл эмэгтэй хуврагаас хулгайлах тухай тусдаа нэг сахил байна. Шууд хэлэхэд эдгээр сахилуудыг боловсруулж байх үед мэдээж гэргийтэн хүмүүст зориулсан Номын төвүүд байгаагүй. Нэг Номын төвд өргөсөн өргөлийг хулгайлах нь бодьсадвын энэ сахилыг зөрчих эсэхийн хувьд энэ нь мэдээж бидний зайлсхийхийг хүсэх нэг зүйл байна.
Баруунд илүү нийтлэг байж болох зүйл нь хэн нэгэн Номын төвд мөнгө хандивлахад захирал нь эсвэл нярав нь эсвэл тэр мэт хэн нэгэн хүн тэр мөнгийг ердөө өөрийн хувийн банкны дансанд хийж болно. Бид миний өмнө ярьсанчлан тэр мөнгөөр цалинжих ажил хийж байгаа хэн нэгний талаар яриагүй байна. За, тэгэхээр одоо тэр мөнгө бусад олон мөнгөтэй хамт нэг банкны дансанд байна. Ингээд тэр хүн бидэнд бэлэг өгч байна, бидэнд ямар нэг зүйл, мөнгө өгч байна. Тэр хүн “Би хулгайлсан мөнгөө танд өгөхөөр хэрэглэж байна” гэж бүр мэдэж хэлж байгаа эсвэл тэр мөнгийг өөрийн мөнгөтэй нийлүүлж, тэдгээрийг ялгахгүй байгаа эсэхийг хэлэхэд маш хэцүү. Үндсэндээ, бид нэг Номын төв эсвэл нэг хийд эсвэл ямар нэг төрлийн Номын төслийн сангаас хулгай хийж эсвэл ямар нэг зүйл шамшигдуулж байгааг нь мэдсэн хэн нэг хүнээс ямар нэг зүйл авахаас зайлсхийх нь дээр болов уу.
Хэн нэгэн хүн зарим нэг баримал дүр эсвэл тангка хулгайлсан байгаад түүнийг зарж мөнгийг нь хэн нэгэнд өгөх, эсвэл тэр мөнгөөр ямар нэг зүйл худалдаж авч хэн нэгэнд өгөх үүнтэй ижил үү? Энэ ижил үү?
Логикийн хувьд, тийм.
Хэн нэгэн жишээ нь нэг Бурханы баримал дүр хулгайлсан боловч тэрээр буруугаа ойлгож эсвэл түүндээ харамсаж байвал яах вэ. Ингээд тэр тэр дүрийг өөртөө байлгахыг хүсэхгүй болсон тул тэрээр түүнийг хэн нэгэнд эсвэл зарим нэг төвд аваачиж өгөх нь дээр үү?
Угтаа бол, тэр хүн түүнийг хулгайлсан тэр газартаа буцаан аваачиж өгвөл дээр. Гурван эрдэнээс хулгайлахын хувьд тэр үйл нь “одоо энэ минийх боллоо” гэх сэтгэл бүрдэж байж бүрэн болох ёстой гэж хэлдэг. Хэрэв тэр хүн түүнийг хулгайлсандаа харамсаж, түүнийг “минийх” гэж бодохоо больсон байвал тэр үед мэдээж түүнийг буцааж өгөхийг хичээнэ. Гэвч, бид түүнийг хэн нэгэн өөр хүнд зарахгүй байх хэрэгтэй болов уу.
Гэвч бидэнд энэ боломж үргэлж байдаггүй. Жишээ нь, хэрэв бид зарим нэг өөр оронд очоод, тэнд хулгай хийсэн бол бид гэртээ эргэн ирж, олон жил өнгөрнө. Миний санаа хоёр өөр сэдэл байх тухайд байна. Эхний тохиолдол нь бид хэн нэгэнд нэг зүйлийг өргөхөөр түүнийг хулгайлсан байна. Нөгөө нэг тохиолдол нь бид сэтгэлээ өөрчилж, өөрийгөө өөрчилж, дараа нь түүнийг хийж байна. Сэдэл нь өөр.
Тийм, сэдэл нь өөр. Таны хэлсэн тохиолдолд, бидний гэрт нэг тангка эсвэл Бурханы баримал дүр байх ба олон жилийн дараа бид түүнийг Соёлын хувьсгалын үеэр хулгайлсныг олж мэдэж байна гэж бодъё. Бидэнд түүнийг хулгайлсан тэр хийдэд буцаан аваачиж өгөх боломж байхгүй; магадгүй тэр хийд байхаа больсон байж болно. Гэвч хэрэв би тэр дүр эсвэл тангкаг яахаа мэдэхгүй байгаа бол, би дараах байдлаар бодох байх, энэ миний хувийн бодол, бид нэг Номын төвд очиж түүнийг нэг бэлэг болгон өгөх боловч, мэдээж бид түүнийг зарахгүй, нөхцөл байдлыг тайлбарлана. Эсвэл нэг хийдэд өргөх ба нөхцөл байдлыг тайлбарлана, ингээд бид түүнийг Гурван эрдэнэд буцаан өгч буй нэг утгатай болно. Энэ миний санаанд орж байгаа цорын ганц боломж.
Тэгэхээр хийдүүд маш ядуу байж, тэд үнэт зүйлүүдээ урлагийн бүтээлүүд зардаг худалдаачдад зарах тийм нөхцөлүүд байна. Тэгэхээр энэ ёс зүйд нийцэх үү эсвэл үгүй юу? Би сайн мэдэхгүй байна. Тэд хулгайлаагүй, гэвч түүнийг ашиг хийхэд хэрэглэж байна. Хэрэв тэд түүнээс ямар нэг шалтгаангүй ашиг гаргаж байвал, ерөнхийдөө, тэдний зарж байгаа зүйл нь Номын зүйл байх эсэх нь хамаагүй, тэд түүнийг шуналын сэтгэлээр үйлдэж байгаа болно. Энэ тийм сайн биш.
Мэдээж, хэн нэгэн Винайн (ёс суртахууны сургаал) судлал хийн, нэг хууль ч адил, энэ бүх зүйлийг, маш нарийн жижиг деталиудыг болон онцгой тохиолдлууд зэргийг олохыг оролдож болох ба үүнийг хийсэн, цаашид хийх эрдэмтэд мэдээж байгаа. Гэвч Бурханы шашны ёс зүйн талаар бидний ярьсан ярианы эхэнд миний тайлбарласанчлан бидний хийхийг хүсэх зүйл бол өөрийн ялгах мэдэхүйг төлөвшүүлэн, нөхцөл байдал үнэндээ юу болох, түүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга юу болохыг ойлгохыг хичээх явдал – гэрт байсан зарим нэг зүйл нэг хийдээс хулгайлагдсан болохыг мэдэх бидний тохиолдлын адил. Бид тэр сахилыг зөрчих байдлын хүнд, хөнгөнийг багасгахыг хичээнэ.
Сахилыг сулруулах эсвэл алдах
Гол санаа нь эдгээр сахилууд маш нарийн хэлбэрүүд, бидний сэтгэлийн үргэлжлэл дэх үл-ил гарах хэлбэрүүдийн тухай бид авч үзсэн, санаж байна уу, тэдгээр нь бидний зан байдлын хэв маягийг гаргах үүрэгтэй байна. Тэр нарийн хэлбэрийн хүч нь бүрэн бүтэн, хүчтэй байх ба эсвэл сул байж болно. Энэ нь анх эдгээр сахилуудыг авахаас, бидний сэдлийн хүчээс шалтгаална гэж би бодож байна. Хэрэв бид тэдгээр сахилуудыг ердөө бидний найзууд авч байсан бөгөөд би үлдэхүй байхыг хүссэн учраас авсан бол тэр үед мэдээж тэр сахилын хүч нь бидэнд үнэхээр магад гарах сэтгэл эсвэл бодь сэтгэл байснаас хамаагүй илүү бага байна. Ийм учраас бодьсадвын сахилын хувьд бид өдөр тутмын уншлагадаа сэдлээ дахин төрүүлэх замаар тэднийг хүчтэй болгох байдлаар тэдгээрийг өдөр бүр шинэчилж, хүчитгэдэг. Хэрэв бид эдгээр сахилуудын хилийг давах юм бол, бид бүгдээрээ үүнийг гарцаагүй хийдэг, ихэнх тохиолдолд, бид ердөө тэр сахилын хүчийг сулруулж байдаг. Сэтгэлийн үргэлжлэлээсээ сахилуудыг үнэндээ алдахад бүрдэх ёстой нэг тодорхой тооны зүйлүүд байна – “Би болилоо. Би тэднийг сахихаа хүсэхгүй боллоо” гэж ердөө хэлэхийн хажуугаар, мэдээж, бид энэ байдлаар тэдгээрийг алдана.
Юуны түрүүнд биднийг өөрийн сахилыг алдахад хүргэх хүчин зүйлүүдийг олон өөр эх зохиолуудад жагсаан харуулсан байдаг. Нэг нь тэр сахилыг мэдэхгүй байх. Бид ердөө л түүнийг мэддэггүй. Хоёрдох нь анхаарахгүй байх; өөрөөр хэлбэл, хайхрахгүй байх. “Би өөрийн зан байдлын талаар санаа тавихгүй. Би сахилуудын талаар санаа тавихгүй. Тэд чухал биш.” Өөр нэг шалтгаан нь зарим сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлд автаж, ингэснээр бид уурлаж эсвэл ихээр дур хүсэл төрж бид сахилаа мартан, түүнийг зөрчиж болно. Өөр нэг шалтгаан нь үл хүндлэх явдлаас болж болно. Бид сахилуудыг эсвэл тэдгээрийг сахиж байгаа хүмүүсийг хүндэтгэхгүй. Өөр нэг нь тэдгээрийг мартах, мартах байдал. Эцэст нь, өөр нэг нь дурдал сул байх. Бидний ой санамж сул, бид өөрийн зан байдалдаа анхаарал тавих нь сул байна.
Эдгээр 18 сахилын дотроос “гуйвуулсан, дайсагнасан үзэл баримтлах” болон “бодь сэтгэлийг орхих” гэсэн хоёр сахилаас бусад сахилуудыг бүрэн алдахад дөрвөн хүчин зүйл бүрдсэн байх шаардлагатай. Бидэнд гуйвуулсан, дайсагнасан, “Энэ ердөө ухаангүй юм!” “Би бодьсадвын зан байдал ямар нэг үнэ цэнэтэй гэж бодож байгаа хэн нэгэнтэй маргана” гэх бодол төрнө. Ингэж бодмогц эсвэл бид тэр ерөөхүйн бодь сэтгэлийг орхивол бид сахилыг алдана.
Бусад 16 сахилын хувьд, тус сахилыг зөрчих сэдлийг төрүүлсний яг дараачаас эхлэн – тэр агшнаас эхлэн сахилыг зөрчих тэр үйлийг гүйцээж дуусах тэр агшин хүртэл тэдгээр холбогдох дөрвөн хүчин зүйлийг бид хадгалж, барина. Гэвч хэрэв сахилыг зөрчиж байх явцдаа бид хийж байгаа зүйлдээ харамсвал, тэр үед энэ нь бүрэн болохгүй. Бид тэдгээр дөрвийг бүгдийг сахилыг зөрчих бодит үйлийнхээ туршид хадгалах ёстой.
Эдгээрийн эхнийх нь хийж байгаа зүйлээ гэм хортой гэж тооцохгүй байх. Өөрөөр хэлбэл, бид хийж байгаа зүйлээсээ ямар нэг буруу зүйл харахгүй, зөвхөн давуу тал харж, тухайн үйлийг ямар ч харамсах сэтгэлгүйгээр үйлдэнэ. Хоёрдох нь сахилыг өмнө зөрчсөн бөгөөд одоо эсвэл ирээдүйд түүнийг дахин давтахыг болих хүсэл эсвэл санаагүй байна. Гуравдах нь хийж байгаа зүйлдээ бахдалтай байж, түүнийг баяртайгаар хийнэ. Хийж байгаа зүйлдээ баяртай байна; энэ сахилын хил давж байгаа. Дөрөвдөх нь ёс суртахууны өөрийг үнэлэх мэдрэмжгүй байж, бидний зан байдал бусдыг хэрхэн тусган харуулах талаар санаа тахихгүй байх. Жишээ нь, өөрийн нэр хүндэд анхаарал тавихгүй байх. Бид өөрсдийн, ёс суртахууны өөрийг үнэлэх мэдрэмжгүй байхын үр дагаврын талаар санаа тавьдаггүй. Үүний өөр нэг тал нь бидний үйлдэл бидний багшийг эсвэл Бурханы шашныг эсвэл хэн нэгнийг хэрхэн тусган харуулахад санаа тавихгүй байх явдал. Хэрэв эдгээр дөрвөн хандлага дөрвүүлээ бүрдсэн байвал бид сахилаа алдана, бүх бодьсадвын сахилыг. Хэрэв эдгээр дөрвөн хандлага дөрвүүлээ бүрдээгүй бол тэр үед сахил ердөө сул болно.
Нэг жишээ нь, бид хэн нэгэнд Бурханы шашны номуудынхаа нэгийг түр хэрэглүүлэхээр өгөхгүй байх бөгөөд учир нь бид түүнд хүлэгдэх сэтгэлтэй, харам байна. Ингээд бид үүнд ямар нэг буруу зүйл харахгүй, учир нь нөгөө хүн түүн дээр кофе асгаж эсвэл буцааж өгөхгүй байж магадгүй. Бид өмнө нь өөрийн Номтой холбоотой номуудаа хэзээ ч бусдад түр хэрэглүүлэхээр өгч байгаагүй бөгөөд үүнийг одоо эсвэл ирээдүйд өөрчлөх ямар ч санаагүй байна. Ингээд татгалзах үедээ бид өөрийн шийдвэртээ баяртай байна. Бид хүн бүхэнд гэгээрэлд хүрэхэд нь туслах ёстой байтал үгүй гэж хэлж байгаа талаараа ичихгүй байна. Бид Номтой холбоотой нэг номоо хуваалцахыг хүсэхгүй байж хэрхэн чадаж байн аа? Бид энэ талаар бага ч гэсэн ичихгүй байх ба энэ нь бидний Бурханы шашны багш нарыг хэрхэн тусган харуулах талаар санаа тавихгүй байна. Цаашлаад, бид өөрийн хувиа хичээсэн үйлээ сөрж тэнцвэржүүлэх ямар нэг зүйл хийх санаагүй байна. Энэ нь энэ дөрөвдөх хүчин зүйлийн нэг хэсэг байсан, би дурдахгүй өнгөрөөсөн байна, бид хийсэн зүйлээ сөрж тэнцвэржүүлэх санаагүй байна. Хэрэв эдгээр бүх хандлагууд бүрдсэн бол, бид хэн нэгэнд номоо түр хэрэглүүлэхээр өгөхөөс татгалзах үед, энэ үед би бодьсадвын сахилаа алдсан байна. Гэвч хэрэв бидэнд эдгээр хандлагуудын зарим нь байгаагүй бол бид сахилыг зөвхөн сулруулсан байна, эдгээр хандлагауудын хэд нь бүрдсэнээс хамааран.
Бид эдгээр сахилуудын нэгийн хил давсан (зөрчсөн) боловч тэдгээр холбогдох дөрвөн хүчин зүйл тэнд бүрдээгүй тохиолдолд энэ нь ямар байх вэ? Энэ тохиолдолд, бид үнэндээ сахилыг сулруулахгүй. Жишээ нь, хэн нэгэн бидний Номтой холбоотой ном эсвэл тэмдэглэлийг түр хэрэглэхээр хүсэх үед бид түүнийг тэдэнд өгөхгүй байна гэж бодъё. Энэ нь Ном хуваалцахгүй байгаа явдал. Бид үүнийг үндсэндээ буруу гэж мэдэж байгаа бөгөөд үүнийг бодлогоор хийх санаагүй байгаа. Бид үгүй гэж хэлэхдээ ичсэн ба өөрийн үнэлэмжид мөн энэ нь бидний багш нарыг хэрхэн тусган харуулах талаар санаа зовсон боловч бидэнд нэг татгалзах хүчинтэй шалтгаан байсан. Жишээ нь, бидэнд өөрт тэр номыг хэрэглэх хүчтэй хэрэгцээ шаардлага байсан, бид Номын орчуулга хийж байх ба хэн нэгэн бидний толь бичгийг хэдэн өдөр түр хэрэглэхийг хүссэн гэж бодъё. Тэгэхээр, бидэнд орчуулахад тэр толь бичиг хэрэгтэй, ийн бидэнд түүнийг хэрэглэх хойшлуулшгүй хэрэгцээ байгаа, эсвэл бид хэн нэгэн өөр хүнд түүнийг түр хэрэглүүлэхээр амласан байгаа. Энд бидний сэдэл нь тэр ном хүлэгдэх, харамлах сэтгэл биш байх ба бид түүнийг сөрж тэнцвэржүүлэхийг хичээн түр хэрэглүүлэхээр өгч чадахгүй байгаадаа уучлалт хүсэн, учрыг тайлбарлан, дараа аль болох удаахгүйгээр түүнийг тэр хүнд түр хэрэглүүлэхээр өгнө гэдгээ илэрхийлнэ. Үүнийг орлуулах үүднээс, бид тухайн номоос тэмдэглэж авсан тэмдэглэлээ хуваалцах эсвэл тэр номоос зарим зүйлийг тайлбарлах, эсвэл тэднийг өөрийн гэрт байж түүнийг хэрэглэх зэргийг санал болгож болно. Ийм байдлаар бид өөрийн бодьсадвын сахилыг бүрэн хадгална, бүр хэдий энэ нь зарчмын хувьд бид тус сахилын хил давж байгаа мэт харагдаж байсан ч, учир нь бид Номтой холбоотой тэр номыг түр хэрэглүүлэхээр өгөхгүй байгаа.
Хүч нь хэр зэрэг ялгаатай байх тухайд нэг бүтэн жагсаалт байна, сахил хэр хүчтэй хэвээр байгаа, бид түүнийг хэр зэрэг их сулруулсан зэрэг нь эдгээр дөрвөн хүчин зүйлийн аль нь бүрдсэн, хэрхэн хосолж байгаа зэргээс шалтгаалан өөр өөр байна. Бүх сахилын тухайд эсвэл бидний хийхгүй байхаар амлаагүй тэдгээр сөрөг зан байдлын хувьд, тэдгээрийн сөрөг үйлийн үрийн хүчийг, сөрөг хүчийг, аль болох ихээр сулруулж байхыг хичээх нь чухал. Энгийн үгээр хэлбэл, бид түүнийг тийм муу байхгүй байлгахыг хичээнэ. Учир нь үйлийн үр дагаврын хүч нь олон хүчин зүйлээс шалтгаална, зөвхөн эдгээр дөрөв биш. Үйлд оролцож байгаа сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл нь хэр хүчтэй байна? Түүнийг бид хэр байнга хийдэг вэ?
Энэ нь мөн тухайн үйлд оролцож байгаа хүний Номд эзлэх байр сууриас шалтгаална. Жишээ нь, хэрэв бид Номтой холбоотой номоо шавь нартаа ямар нэг зүйл тайлбарлах үүднээс түүнийг лавлаж харах шаардлагатай болсон Номын багшдаа хэрэглүүлэхээс татгалзах нь тийм тодорхой сайн шалтгаангүй ямар нэг зүйл харахаар сонирхож байгаа хүнд түүнийг түр хэрэглүүлэхээр өгөхгүй байхаас илүү хүнд байна. Мөн хүнд, хөнгөн нь бидний өөрийн Номд эзлэх байр сууриас шалтгаална. Бид түүнийг хийхгүй гэсэн нэг сахил авсан уу эсвэл аваагүй юу? Ийм учраас хэрэв бид тухайн сахилыг сахиж чадахгүй бол тэднийг авдаггүй. Ийм учраас гэргийтний таван сахилд бидний сахиж чадах тэдгээр тооны сахил авах сонголт байдаг нь их тустай байдаг. Хэрэв бид архи, согтууруулах ундаанаас зайлсхийх эсвэл эр, эмийн харилцааны зохисгүй зан байдлын тодорхой хэлбэрүүдээс зайлсхийх боломжгүй бол тэр сахилыг авахгүй байж болно. Үйлийн үрийн нөлөөг хүчтэй болгоход оролцоотой эдгээр бүх зүйлүүдийг бид үйлийн үрийн талаарх нарийвчилсан сургаалаас харж болно; нэг урт жагсаалт байдаг. Бид нэг сахилыг зөрчсөнөөр гарах сөрөг хүчийг аль болох ихээр сулруулахыг хичээнэ.
Бид тэдгээр холбогдох хүчин зүйлүүдийн эсрэгийг хийхийг хичээнэ. Үүнд буруу зүйл юу ч үгүй гэж бодохын оронд, бид энэ зөв байгаагүй, алдаа байсан гэж нээлттэй хүлээн зөвшөөрнө; бид хийсэн үйлдэлдээ харамсана, түүнд даган баясаж, тэр талаар баяртай сэтгэл төрүүлэхгүй. Харамсах гэдэг нь гэм буруутайд санах гэсэн үг биш; энэ ердөө бид түүнийг хийгээгүй эсвэл хийх шаардлагагүй байсан болоосой гэж хүсэх гэсэн утгатай – би хэн нэгэнд номоо түр хэрэглүүлж чадсангүй гэх мэт. Бид энэ сахил зөрчсөн явдлыг дахин давтахгүй байхаар шийднэ. Бид түүнийг дахин давтахгүй байхад хамгийн сайнаараа хичээнэ – түүнийг болих ямар нэг санаагүй байх бус.
Бид мөн өөрийн Номын суурь зүйлүүдээ бататгана, энэ нь аюулгүй зүг буюу аврал болон бодь сэтгэл; ёс суртахууны өөрийн үнэлэмжийн мэдрэмжгүй байх эсвэл бидний үйлдэл бусдыг, бидний багш нарыг, хэрхэн тусган харуулах талаар санаа тавихгүй байхаас илүүтэйгээр. Өөрөөр хэлбэл, бид ирээдүйнхээ талаар, бид юу эдэлж туулах талаараа санаа тавина; бид багш нар гэх мэт бусдын талаар санаа тавина, бид энэ аюулгүй зүг болон бодь сэтгэлээ өөрийн амьдрал дахь гол зүйл болгон буцаан тавина. Бид энэ сахил зөрчих явдлыг сөрж тэнцвэржүүлэх зарим сөрөх эсвэл ерөндөг болох үйлүүдийг хийнэ, өөртөө учруулсан гэмийг засах санаа байхгүй байх бус. Энэ нь бид ерөндгийн дөрвөн хүчийг тэдгээр холбогдох дөрвөн хүчин зүйлийн эсрэг үйл болгон хэрхэн хэрэглэдэг явдал.
За, эдгээр нь бодьсадвын сахилын талаарх үндсэн айлдвар. Бид сахилыг авахад зохих сэдэл болон бэлтгэлтэй байх хэрэгтэйг, мөн бид тэдгээрийг өөрсдөө эсвэл нэг Номын багшаас дахин дахин авах байдлаар хүчтэй болгож болдгийг харлаа. Эдгээр сахилууд нь юу байдгийг санаж байх нь маш чухал. Хэрэв бид өдөр бүр тэдгээрийг өөртөө сануулж амжихгүй бол, наад зах нь жагсаалтыг заримдаа унших байдлаар, үндсэн болон дагалдах сахилуудын аль алиныг өөртөө сануулна, ингээд хэрэв бид тэдгээрийг зарим шалтгаанаар зөрчих хэрэгтэй нөхцөлд орох үед тэдгээр холбогдох дөрвөн хүчин зүйлийг бүрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Сахилыг зөрчих явдлыг (унал) аль болох сул байлгахыг хичээж, дараа нь сахилуудаа дахин хүчтэй болгохыг хичээнэ.
Төгсгөлийн асуулт, хариулт
Зохиогчийн эрхийн талаар надад нэг асуулт байна. Номтой холбоотой номуудад зохиогчийн эрх байдаг ба та үнэндээ тэдгээрээс нэг хэвлэлд хувилан хэвлэж болохгүй. Хэрэв та өөрийн хувийн хэрэгцээнд тэдгээрээс хувилж авбал энэ нь та Гурван эрдэнээс хулгайлж байгаа хэрэг болно гэсэн утгатай юу? Мөн, цахим хуудаснуудын хувьд эсвэл интернэтэд танд байх ямар ч хуудас байсан – тэдгээрийг түүгээр зарах үед ямар байх вэ?
Нэг талаар бодоход, бид үүнийг хуульчаас асуух ёстой, учир нь, интернэтийн хувьд, миний ойлгосноор, энэ нь олон нийтийн домэйн байх ба иймд хэн ч хуулж аваад, буулгаж болно. Хэрэв хэн нэгэн интернэтэд биднийг тэдний материалыг хэрэглэхийг хүсэхгүй бол тэд биднээс төлбөр шаардана ба хэрэв бид төлөхгүй бол бид тэр материалыг хэрэглэж чадахгүй. Мэдээж, түүнийг ашиглаж чадах цахим дээрэмчид байх ба хэрэв зориулалт нь бид төлөх ёстой бол тэр Ном хулгайлж буй хэрэг болно.
Гэвч, зохиогчийн эрхийн асуудал бол, энэ хуулиар шийдэгдэх асуудал. Одоо Гүүглтэй холбоотой нэг том хууль зүйн хэлэлцүүлэг явж байгаа. Тэд бүх номуудыг интернэтээс хэрэглэх боломжтой болгохыг хүсэж байгаа. Тэд түүнийг үнэгүй эсвэл төлбөртэй байрлуулах талаар би сайн мэдэхгүй байгаа, гэвч тэдгээрийг интернэтэд байрлуулна. Тэдгээр нь хэвлэгдээд гарсан зүйлүүд байна, гэвч хэвлэлийн газар эсвэл зохиогч аль аль нь зохиогчийн эрхтэй байна. Энэ талаар хууль зүйн томоохон хэлэлцүүлэг явагдаж байгаа ба Гүүгл зохиогчид нь бага зэрэг төлбөр төлөх хүсэлтэй байгаа, гэвч юу болох нь тодорхойгүй байна.
Тэгэхээр, Номоор мөнгө хийж, ашиг олох тухай бүхэл бүтэн асуудал байна, энэ нэг бүхэл өөр ёс зүйн асуудал, бидэнд үүнийг дэлгэрүүлэн ярих цаг үнэхээр байхгүй байна. Гэвч Шантидэва гэгээн хэрэв үйлчлэгч сайн ажил хийсэн бол үйлчлэгчид хэрэгтэй байгаа зүйлийг түүнд төлөх нь чухал гэж хэлсэн. Хэрэв үйлчлэгч сайн ажиллаагүй эсвэл ердөө ажиллаагүй бол тэр үйлчлэгчид төлөх нь зохисгүй. Мэдээж, бид бидэнд ажиллаж байгаа хэн нэгний, манай ажилчны, тэр жишээг хэрэглэж болно. Ижил зүйл нь бид нэг бодьсадва байгаад хамаг амьтдад үйлчлэхээр өөрийгөө үйлчлэгчээр өргөх явдал. Жишээ нь, бид өөрийнхөө амьдралыг Номтой холбоотой ном зохиол орчуулж эсвэл тэдгээрийг хүртээмжтэй болгох гэх зэрэг ажлыг хийн зориулж байгаа бол хэрэв бид тэр ажлыг бодитойгоор хийж байгаа бол өөртөө төлбөр төлөх нь, “үйлчлэгчид төлөх” нь зүгээр, болно. Гэвч хэрэв бид тэр ажлыг хийгээгүй байгаа бол бид төлөхгүй. Энэ нь баяжих тухай бус, харин өөрсдийгөө ердөө хангах тухай байна. Энэ нь Шантидэва гэгээний зөвлөгөөтэй таарах мэт санагддаг. Хэрэв хүмүүс өөрсдөдөө төлөхөөр, тэдэнд ажиллаж байгаа хүмүүс, зохиогчид төлөх гэх мэтээр төлбөр хийх үүднээс Номтой холбоотой номоос төлбөр авч байгаа бол, тэгэхээр өөртөө төлөхөөр бус – зөвхөн номыг олшруулах зорилгоор – төлбөр авч байгаа бол тэр, мэдээж, нэг асуудал.
Энэ нэлээд хэцүү болж ирнэ. Бид номын сангийн номоос сканердаж эсвэл хувилж авч байна уу? Тэгэхээр, оюутнуудад хувилж авахад нь зориулан хувилагч машинуудыг номын санд байрлуулсан байдаг. Тэд бидэнд номыг бүтнээр хувилахгүй байх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгвэл, хэр ихийг бид хувилж авч болох вэ? Энэ нь бүхэлдээ нэг хууль зүйн хэлэлцүүлэг болж эхэлнэ. Олон зүйл бидний сэдлээс шалтгаална гэж би бодож байна. Хэрэв бидэнд түүнийг өөрөө худалдан авч чадах мөнгө байгаад, бид хэвлэлийн газрыг завшиж чадаж байгаа нь ямар ухаантай хэрэг вэ гэж бодсон учраас худалдаж авахгүй байвал энэ нь тус номд байгаа материалыг өөрийн дадлагадаа хэрэглэх шаардлагатай болсон боловч тэдэнд түүнийг худалдаж авах мөнгө байхгүй байгаа Номын маш нухацтай бүтээлчээс (сургаалыг дадлага болгож байгаа хүн) маш өөр байна. Энэ маш өөр гэж би бодож байна. Бүх зүйл сэдлээс шалтгаална гэж би бодож байна. Сахилыг үнэхээр зөрчиж байсан эсвэл үгүй байсан ч гол зүйл нь гарч болох ямар ч сөрөг үйлийн үрийг аль болох сул байлгах явдал.
Дахин хэлэхэд, Бурханы шашны ёс зүйн хувийн сахилга батын талаарх бүтээл (дадлага) нь ялгах мэдэхүй, сэдэл болон тэдгээр бүх бусад хүчин зүйлтэй маш их холбоотой байна. Энэ нь “Ердөө хуулийг дага. Дуулгавартай бай” гэх явдал биш.