Оршил
Сахил гэдэг нь зан байдлын төлвийг бий болгодог сэтгэлийн үргэлжлэлд байх ил харагддаггүй, маш нарийн хэлбэр юм. Тодруулбал энэ нь мөн чанараараа сөрөг үр дагавартай эсвэл тодорхой зорилгод хүрэхээр суралцаж байгаа хүмүүст Бурхан багшийн тусгайлан хориглосон үйлүүдийг хийхийг цээрлэх явдал. Эхнийхтэй нь холбоотой жишээ бол амьтны амь таслах, дараагийнхтай холбоотой жишээ бол хуврагуудын орой, өглөөний бясалгалдаа сэтгэлээ тодорхой байлгах үүднээс үдийн хоолноос хойш хооллохгүй байх жишээ юм.
Ерөөх болон орох бодь сэтгэлийг төлөвшүүлэх эдгээр хоёр түвшний хувьд бид зөвхөн сүүлийнх нь түвшинд бодьсадвын сахил авдаг.
Бодьсадвын сахил авснаар гэгээрэлд хүрч, бусдад аль болох их тус хүргэхээр бодьсадвын суртгаалд суралцаж буй тэдгээр хүмүүст Бурхан багшийн хориглосон хоёр бүлэг сөрөг үйлүүдийг хийхгүй байх үүрэг оногддоно. Үүнд
- хэрэв үйлдвэл сахилын үндсэн уналд орох арван найман үйл,
- гэм бүхий дөчин зургаан гишүүн үйл орно.
Үндсэн унал гэдэг нь бодьсадвын сахилыг нийтэд нь алдах гэсэн утгатай юм. Энэ нь зам мөрөөс ухарч, сайн чанар төлөвшихөд саад болох гэдэг үүднээс “унал” болно. Үндсэн гэдэг үг нь арилгах үндэс гэсэн утгыг илэрхийлэнэ. Хялбарчилбал, эдгээр хоёр бүлэг сахилыг бодьсадвын үндсэн болон гишүүн сахил гэдэг ба тэдгээр нь бусдад аль болох хиргүй, бүрэн дүүрэн туслахыг хүсэх тохиолдолд зайлсхийх шаардлагатай зан байдлын маш сайн удирдамж болдог.
Аравдугаар зууны сүүл үеийн Энэтхэгийн их мастер Атиша өөрийн Суматра арлын Дармакирти (Дармапала) буюу Суварнадвипа багшаасаа бодьсадвын сахилын энэхүү хувилбарыг хүртэж хожим түүнийг Төвдөд уламжлуулжээ. Суртгаалын хураангуйд (Скрт. Шикшасамучкаяа) дурдсанаар энэхүү хувилбарыг Шантидэва гэгээн наймдугаар зуунд, Энэтхэгт Акашагарба судраас авч эмхтгэжээ. Төвдийн бүх уламжлалт ёсууд одоогоор үүнийг баримталж байгаа бол Хятадын Бурханы шашны уламжлал нь бодьсадвын сахилын өөр нэг хувилбарыг баримтладаг.
Бодьсадвын сахилыг сахих амлалт нь зөвхөн энэ насанд төдийгүй гэгээрэлд хүртэлх бүх төрлүүдэд бас үйлчилнэ. Ийм учраас нарийн хэлбэрээрээ эдгээр сахилууд нь бидний сэтгэлийн үргэлжлэлээр ирээдүйн төрлүүдэд дамжин үргэлжилнэ. Хэрэв бид өмнөх нэг төрөлдөө эдгээр сахилуудыг аваад, энэ төрөлдөө сэргээгүй байгаа тохиолдолд бид мэдэхгүйгээр тэднийг зөрчсөнөөр сахилыг бүрэн алддаггүй. Энэ төрөлдөө эхний удаа тэдгээр сахилыг дахин авснаар тэднийг анх авсан цагаас эхэлсэн гэгээрэлд хандсан бидний хүчин чармайлтын урагшлах хүчийг нэмж өгдөг. Иймд Их хөлгөний эрдэмт мэргэд нас эцэслэхдээ бодьсадвын сахилыг бүрэн бүтэн, хүчтэй хадгалаж байхын чухлыг онцлон тэмдэглэдэг. Эдгээр сахил бидний сэтгэлийн үргэлжлэлд байснаар ирээдүйн төрлүүдэд ч, бүр тэднийг сэргээн аваагүй байсан ч эерэг хүчийг (буян) тасралтгүй хуримтлуулсаар байх болно.
Гэлүг ёсыг үндэслэгч Зонховын арван тавдугаар зуунд бодьсадын сахилын тайлбарласан Бодьсадвын ёс зүйн тайлбар: Гэгээрэлд хүрэх гол зам зохиолд сахилын үндсэн унал болох арван найман сөрөг үйлийг хэрхэн тодорхойлсныг авч үзье. Тэдгээр нь тус бүрдээ мэдэж байвал зохих нөхцөлдүүлэгч хэд хэдэн хүчин зүйлтэй.
Бодьсадвын сахилын арван найман үндсэн унал
(1) Өөрийгөө магтах / эсвэл бусдыг муулах
Энэ нь өөрөөс доогуур байр суурь бүхий хүнд тэдгээр үгсийг хэлэх тухай юм. Өөрийгөө магтах үгийг хэлэх сэдэл нь тухайн хүнээс ашиг, магтаал, хайр халамж, хүндлэл зэргийг харсан, муулах үг нь тухайн хүнд атаархсан сэдэлтэй байдаг. Бидний хэлж буй зүйл үнэн эсвэл худал байхад ялгаа байхгүй. Өөрийгөө Бурханы шашинтан гэж сурталчлахдаа энэ уналыг хийж байгаа эсэхээ нягтлах хэрэгтэй.
(2) Эд, ном сургаалыг үл өгөх
Энэ тохиолдолд сэдэл нь юуны түрүүнд шунал, харамын сэтгэл байна. Үүнд бичсэн тэмдэглэл, хураасан бичлэгтээ өмчирхөх төдийгүй цагаа харамлан бидний тусламж шаардлагатай үед бусдад туслахаас татгалзах зэрэг орно.
(3) Бусдын уучлалыг хүлээн авахгүй байх эсвэл бусдыг цохих
Үүний аль алинд сэдэл нь уур бухимдал байна. Эхнийх нь хэн нэгэн рүү хашгичиж эсвэл цохих үед тухайн хүн уучлал хүсэх, эсвэл өөр хэн нэг хүн үүнийг зогсоохыг хүсэх үед татгалзах тухай юм. Харин дараагийнх нь хэн нэгнийг ердөө цохихыг хэлнэ. Заримдаа дэггүй хүүхдүүд, эсвэл гэрийн тэжээмэл амьтад зам руу гүйж, хориглох үед шаардлагыг биелүүлэхгүй бол таших шаардлага гарч болох боловч уураар хүмүүжүүлэх нь ердөө зохимжгүй, тусгүй.
(4) Их хөлгөний сургаалыг орхиж, өөрийн сургаалыг санал болгох
Энэ нь бодьсадватай холбоотой, жишээ нь, тэдний ёс зүйн талаарх зарим сэдвийн үнэн зөв сургаалыг үгүйсгэж оронд нь итгэл төрүүлэхүйц гэвч алдаатай сургаал гаргаж, түүнийг жинхэнэ сургаал хэмээн өөрийгөө дагалдагч нарыг тэлэхээр бусдад заах гэсэн утгатай. Энэ уналын нэг жишээ нь багш нарын сайн шавь нарыгаа сүрдэн холдохгүй байх үүднээс тэдэнд ёс зүйн чөлөөт байдлыг зөвшөөрч, бусдад гэм хүргэхгүй бол ямарч төрлийн үйл хийж болно гэж тайлбарладаг явдал юм. Энэ уналыг хийхэд бид заавал багш байх албагүй. Ийм алдааг бид бүр бусадтай харилцан ярилцаж байхдаа гаргаж болно.
(5) Чухаг дээд гуравт өргөсөн өргөлийг авах
Бурхан, Ном, Хуврагт өргөсөн зүйлсийг өөрөө эсвэл хүнээр дамжуулан хулгайлж эсвэл шамшигдуулж дараа нь тэдгээрийг өөрийн эд зүйл гэж үзэх нь энэ унал юм. Энэ тохиолдолд Хувраг гэдэгт дөрөв эсвэл түүнээс дээш тооны хуврагийг багтааж ойлгоно. Жишээ нь Бурханы шашны байгууламж барих, дүр, суварга босгох, Ном, судар хэвлүүлэх, лам хувраг нарыг хүнсэнд зориулан хандивласан хөрөнгө мөнгийг шамшигдуулах.
(6) Дээдийн номыг орхих
Энэ нь өөрийн санаа бодлыг илэрхийлснээр бусдад шравака, пратекабудда эсвэл бодьсадвын хөлгөний сургаалыг Бурхан багшийн сургаал гэдгийг үгүйсгэх ойлголт төрүүлэх тухай юм. Шравака гэдэг нь Бурханы сургаалыг оршиж байх үед нь сонсдог шавь нар бол пратекабудда гэдэг нь Номыг шууд сонсох боломжгүй харанхуй галавт амьдрч байгаа өөрсдийгөө хөгжүүлж буй бүтээлчид юм. Зам мөрөөр урагшлахын тулд тэд өмнөх төрлүүддээ судалж, бүтээж байсан өөрсдийн дотоод дахь ойлголтондоо найддаг. Эдгээр шавь нарт зориулсан сургаал нь бүхэлдээ орчлонгоос өөрөө гэтлэх тухай Хинаяна буюу “бага хөлгөний” сургаалыг бүрдүүлнэ. Их хөлгөний сургаал нь бүрэн гэгээрэлд хүрэх аргыг онцгойлон авч үзнэ. Бүх сургаалуудыг эсвэл тус хөлгөнүүдийн тодорхой нэг сургаалыг онцгойлон Бурхан багшийн сургаал гэдгийг үгүйсгэх нь үндсэн унал болно.
Энэ сахилыг сахих нь зарим түүхэн үзэл баримтлалыг баримтлахгүй гэсэн үг биш. Бурхан багшийн сургаалууд нь бичигт буухаасаа өмнө олон зууны турш амаар дамжиж ирсэн бөгөөд ийм учраас мэдээж гуйвуулах, санаанаасаа зохиох явдлууд гарч байсан. Төвдийн Бурханы шашны их зохиолуудыг туурвисан мэргэдүүд худал гэж үзсэн зохиолуудыг мэдээж үгүйсгэнэ. Гэвч өөрсдийн гаргаж ирсэн дүгнэлтэн дээрээ үндэслэхээсээ илүүтэйгээр тэд долдугаар зууны энэтхэгийн их мастер Дармакиртигийн гаргаж ирсэн аливаа бүтээлийг үнэлэх шалгуур болох тухайн бүтээлийг хийснээр сайн төрөлд төрөх, гэтлэх, гэгээрэлд хүрэх гэсэн Бурханы шашны зорилгыг хангаж байгаа эсэхээр нь шалгаж байв. Бурханы шашны эх бүтээлүүдийн, бүр тодорхой эх зохиолуудын доторх бичлэгийн ялгаа нь сургаалын тодорхой хэсгүүдийг өөр өөр цаг хугацаанд бичигт буулгаж эсвэл өөр өөр хэлэнд орчуулсныг харуулдаг. Иймд судар бичгүүдийг орчин үеийн эх зохиолд дүн шинжилгээ хийх аргыг ашиглаж судлах нь ихэнх тохиолдолд тустай байдаг бөгөөд энэхүү сахилтай зөрчилдөхгүй юм.
(7) Хуврагийн сахилыг хураах эсвэл тэдний орхимжийг хулгайлж тухайн үйлдлийг үйлдэх
Нэгээс гурав хүртэл тооны Бурханы шашны хуврагт тэдний суралцаж буй сургаал, бүтээл эсвэл сахилын түвшингээс үл хамаарч ямар нэг гэм хор бүхий үйлдэл хийх нь энэ уналд тооцогдоно. Үүнд хорлох сэтгэлээр өдөөгдөсөн тэднийг цохих, үг хэлээр доромжлох, эд зүйлийг нь хураан авах, сүм хийдээс хөөн гаргах зэрэг үйлдлүүд багтана. Гэвч хэрэв тэд амьтны амь таслахгүй байх, тэр дундаа хүний амь хөнөөхгүй байх, хулгай хийхгүй, ялангуяа хурвагуудын эд зүйлийг хулгайлхгүй, худал хэлэхгүй, тухайлбал, зам мөрийн явцад хүрсэн эрдмийнхээ талаар худал хэлэхгүй, гэргийтэн бус амьдралаар амьдрах гэсэн дөрвөн гол сахилынхаа аль нэгийг зөрчсөн тохиолдолд тэднийг хийдээс гаргах нь унал биш.
(8) Завсаргүй таван нүглийн аль нэгийг үйлдэх
Завсаргүй таван нүгэл нь (а) эцгээ хөнөөх, (б) эхээ хөнөөх, (в) архадыг хөнөөх, (г) Бурханы биеэс муу сэтгэлээр цус гаргах, (д) хуврагийн эв эвдэх эдгээр юм. Хуврагийн эв эвдэх гэдэг нь Бурхан багшийн сургаал, сүм хийдийг хүлээн зөвшөөрөхгүй, хуврагуудыг тэндээс гаргаж өөрийн үндэслэсэн шашин, ёсондоо оруулах явдал. Энэ нь ялангуяа байгууллага дахь номын ёсны гажуудал болон номын багшаас шалтгаалан тухайн Номын төв, эсвэл шашны байгууллагыг орхин Бурханы шашны өөр төвд байгууллахтай холбоогүй. Цаашилбал завсаргүй таван нүгэлд дурдагдаж буй хувраг гэдэг үг нь сүм хийдийн хуврагуудыг хэлдэг. Энэ нь барууны Бурханы шашинтнуудын гаргаж ирсэн уламжлалт бус утгаар хэрэглэгддэг Номын төв, шашны байгууллагуудад ирдэг хүмүүсийг илэрхийлдэггүй.
(9) Буруу үзэл баримтлах
Энэ нь зан байдлын шалтгаан ба үр дагаварын тухай хууль (үйлийн үр), амьдралын аюулгүй эерэг зам мөр, дахин төрөл, түүнээс гэтлэх зэрэг үнэн, үнэт зүйлсийг үгүйсгэх, эдгээр үзэл болон түүнийг баримтлагчдыг хүчтэй эсэргүүцэх гэсэн утгатай.
(10) Хот, тосгоныг эвдэн сүйтгэх
Хот суурин, тосгон, хөдөөгийн хүн ам суурьшдаг газар, түүний ойр орчмыг санаатайгаар түйвээн сүйтгэж хүн, амьтан амьдрахад хэцүү, хор хөнөөлтэй, тохиромжгүй болгох нь энэ уналд орно.
(11) Эс судалсанд хоосон чанарыг номлох
Энэ уналыг гаргах голлох орон нь хоосон чанарыг ойлгоход хараахан бэлэн болоогүй бодь сэтгэл бүхий хүмүүс юм. Эдгээр хүмүүс тус сургаалаас эмээн улмаар бодьсадвын зам мөрөөс гарч гэтлэхүйн зам мөрд ордог. Энэ нь хэрэв бүхий л үзэгдэлд өөрийн мөн чанар, оршихуй үгүй тул юуны учир бусдад туслахаар зүтгэнэ гэж гэсэн бодлын үр дүнд бий болно. Үүнд хоосон чанарын сургаалыг буруу ойлгох боломжтой хүнд зааснаар, жишээ нь тухайн хүн Бурханы шашин нь юу ч оршдоггүй хэмээн зааж байгаа нь дэндүү утгагүй гэж бодсоноор Номыг бүрэн орхих явдал орно. Далд мэдрэхүйгүйгээр бусдын сэтгэл бүхий л үзэгдлийн хоосон чанарын тухай сургаалыг буруу ойлгохгүй байх хэмжээнд хангалттай төлөвшиж хөгжсөн эсэхийг мэдэхэд хэцүү юм. Иймд эдгээр сургаалыг хөнгөнөөс нь хүнд түвшин рүү шатлан тайлбарлаж, ойлголтыг нь тогтмол шалгаж байх нь маш чухал.
(12) Бусдыг төгс гэгээрлээс буцаах
Энэ уналыг гаргах орон нь бодь сэтгэлийн сэдэл төлөвшүүлэн гэгээрэлд зорьж буй хүмүүс юм. Цаг үргэлж өглөг өгч, тэвчээр гаргах зэргийг тэд хийж чадахгүй, тэд Бурхан болох нь бараг боломжгүй учир ердөө өөрсдөө орчлонгийн золвонгоос гэтлэх нь илүү дээр гэж хэлэх нь энэ уналд орно. Гэвч тэд гэгээрлээс үнэндээ ухраагүй бол энэ унал гүйцэд болохгүй.
(13) Бусдыг ангид гэтлэхүйн санваараас буцаах
Пратимокша буюу ангид гэтлэхүйн (хувийн ёс зүйн) сахил гэдэг гэргийтний сахил, эмэгтэй хуврагийн туршилтын хугацааны сахил, эрэгтэй, эмэгтэй хуврагийн эхний болон бүрэн сахил юм. Энэ уналыг гаргах орон нь эдгээр пратимокша сахилын аль нэгийг сахиж байгаа хүн байна. Бодьсадвагийн хувьд бүх үйл нь ариун учраас пратимокша сахилыг сахих шаардлага байхгүй гэж хэлэх нь энэ уналд тооцогдоно. Тэд сахилаасаа татгалзсанаар энэ унал гүйцэд болно.
(14) Шравака хөлгөнийг муулах
Зургаа дахь үндсэн унал нь шравака болон пратекабудда хөлгөний эх зохиолуудыг Бурхан багшийн жинхэнэ сургаал гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Үүнд бид тэдгээрийг Бурхан багшийн сургаал мөн гэж хүлээн зөвшөөрөх боловч тэдгээр сургаалуудын үр дүнг үгүйсгэж, жишээ нь тэдний випассана (гүн ойлголтын) бясалгалын аргаар сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгах боломжгүй гэж үздэг.
(15) Хоосон чанарыг таньсан хэмээн худал өгүүлэх
Хоосон чанарыг бүрэн таниагүй боловч эрдэмт мэргэдэд атаархснаар түүнийг таньсан хэмээн энэ сэдвээр сургаал тавьж, бүтээл туурвих нь энэ унал болно. Бидний ийнхүү өгүүлэхэд уншигч болон шавь нар итгэх, үгүйд ялгаа байхгүй. Гэвч бидний тайлбарласан зүйлийг ойлгосон байх ёстой. Хэрэв тэд бидний ярьсан зүйлийг ойлгоогүй бол энэ унал гүйцэхгүй. Хэдийгээр энэ унал нь ялангуяа хоосон чанарыг таньсан хэмээн худал өгүүлэхтэй холбоотой боловч бодь сэтгэл болон сургаалын бусад ойлголтуудыг заахдаа бас энэ уналаас зайлсхийж байх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэвч хоосон чанарыг бүрэн таниахаас өмнө энэ сэдвээр сургаал тавихдаа түүнийг ердөө өөрийнхөө одоогийн түр ойлголтын түвшинд тайлбарлаж байгаагаа нээлттэй илэрхийлж буй тохиолдолд гэм гарахгүй.
(16) Гурван эрдэнээс хулгайлсан зүйлийг хүлээн авах
Бурхан, Ном, Хуврагийн эсвэл нэгээс гурав хүртэл тооны эрэгтэй, эмэгтэй хуврагийн эд зүйлийг өөрөө эсвэл хэн нэгнийг илгээн хулгайлж эсвэл шамшигдуулж авсаныг бэлэг, өргөл, цалин хөлс, шагнал, торгууль, хахууль зэргээр хүлээн авах нь энэ уналд тооцогдоно.
(17) Шударга бус бодлого явуулах
Энэ нь сайн бүтээлчдэд уурсах, үзэн ядах сэтгэлээр тэднийг ялгаварлан гадуурхаж, бага эрдэмтэй эсвэл огт эрдэмгүй хүмүүсийг дэмжих гэсэн утгатай. Энэ уналын жишээнд багш хүний хувьд өндөр төлбөр төлдөг өөрийн энгийн шавь нартаа ихэнх цагаа зарцуулан, төлбөр төлөх чадваргүй сайн шавь нараа хайхрахгүй байх явдал орно.
(18) Бодь сэтгэлээс буцах
Бусдын тусад гэгээрэлд хүрэх зорилгыг орхих. Ерөөх болон орох гэсэн хоёр түвшний бодь сэтгэлийн хувьд энэ унал нь эхний түвшний бодь сэтгэлийг орхихтой холбоотой. Эхнийхийг нь орхисноор сүүлийнхийг нь бас орхино.
Зарим тохиолдолд арван ес дэх үндсэн уналыг тодорхойлдог.
(19) Бусдыг егөөдсөн үгээр муушаах
Энэ нь бодьсадвын эхний үндсэн уналд багтаж болно.
Сахил сахих
Хүмүүс энэ мэт сахилыг талаар сонсоод заримдаа тэднийг сахих нь хэцүү хэмээн авахаасаа эмээдэг. Гэвч бид сахил гэдэг нь чухам юу болох талаар тодорхой мэдэж авснаар энэ айдсыг арилгадаг. Үүнийг тайлбарлах хоёр арга бий. Нэг дэх нь сахил гэдэг бол тодорхой сөрөг зан байдлаас өөрсдийгөө сэрэмжлэх үүднээс амьдралд төлөвшүүлдэг хандлага юм. Нөгөө нь өөрсдийн амьдралд гаргаж буй нарийн хэв шинж юм. Эдгээрийн аль аль тохиолдолд сахил нь дурдан санах, анхаарал, өөрийгөө хянах хяналтыг шаардана. Дурьснаар бид өдөр бүр өдрийн туршид сэтгэлдээ сахилаа санаж байдаг. Анхаарлаар өөрийн зан, үйлдлийг сахилтай нийцэж буй эсэхийг шалгана. Хэрэв бид сахилаа зөрчиж буйг, зөрчих гэж байгааг мэдэх үед өөрийгөө хянах хяналтыг ашиглана. Ийм маягаар бид өөрийн амьдалд ёс зүйн хэв загварыг тодорхойлж, хадгалдаг.
Сахил сахиж, тэднийг дурдан санаж байх нь хийхэд тийм хэцүү зүйл биш. Машин жолоодоход осол аваарыг багасгаж, аюулгүй байдлыг хангах үүднээс бид тодорхой дүрмүүдийг баримтлахад санал нэгддэг. Эдгээр дүрмүүд, хурд хэтрүүлэхгүй байх, замын зөв талыг барих зэрэг нь бидний жолоодох үйл ажиллагааг эмх цэгцтэй болгож зорьсон газартаа хүрэх хамгийн амьдралд ойрхон, бодит аргыг гаргаж өгдөг. Тэдгээр дүрмийг хэсэг хугацаанд хэрэгжүүлнээр тэдгээр нь энгийн зүйл болж тэднийг санах нь хялбар, түвэггүй болно. Бодьсадвын болон бусад ёс зүйн сахилуудыг сахих нь үүнтэй адил.
Сахилын унал хүндрэх дөрвөн шалтгаан
Амьдралаасаа тэрхүү хэв шинжийг бүрэн гаргаж, сахилуудыг сахихыг хичээхээ зогсоох үед бид сахилаа алдана. Үүнийг үндсэн унал гэдэг. Ийм унал гарах үед түүнийг дахин сэргээх цорын ганц арга бол хандлагаа дахин шинэчилж, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийн бясалгал хийх байдлаар ариусгах үйл явцыг хийж, сахилыг дахин авах явдал. Бодьсадвын арван найман үндсэн уналын ес болон арван найм дахь сэтгэлийн хандлага бий болох буруу үзэл төрөх, бодь сэтгэлээс буцах үед сэтгэл өөрчлөгдсөн нөхцөл байдлаас болж бид бодьсадвын сахилаар төлөвшсөн амьдралын ёс зүйн хэв шинжээ алдаж, түүнийг хадгалах бүхий л хүчин чармайлт зогсдог. Ингээд зөвхөн бидний тусгайлан орхисон тэдгээр сахил бус бодьсадвын бусад бүх сахилаа шууд алдана.
Бусад арван зургаан сахилыг алдахад дөрвөн хүндрэх шалтгаан бүхий хандлага хавсраагүй бол үндсэн унал болохгүй. Эдгээр дөрвөн шалтгаан нь сахилаа зөрчих сэдэл төрсөн агшнаас эхлэн зөрчиж дуусах хүртэл хадгалагдсан байх ёстой.
Хүндрэх дөрвөн шалтгаан нь:
- Тухайн сөрөг үйлийг хор уршигтай гэж үзэхгүйгээр зөвхөн түүнийг хийснээр гарах ашгийг харж, үйлдлийг хийхдээ гэмшихгүй байх.
- Тухайн сөрөг үйлийг өмнө нь үйлдэж зуршил болсон бөгөөд түүнийг одоо болон ирээдүйд давтахгүй байхыг хүсэхгүй байх.
- Сөрөг үйлдэлдээ хөөрөн, түүнийг баяртайгаар үйлдэх
- Ёс суртахууны өөрийн үнэлэмжгүй (нэр төрөө эрхэмлэхгүй), бидний үйлдэл багш, эцэг эх зэрэг бусад хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар санаа тавихгүй (нэр нүүрийг нь бодохгүй), өөртөө хүргэж буй гэм алдаагаа засахыг хүсэхгүй байх.
Хэрэв эдгээр дөрвөн хандлага нь тэрхүү арван зургаан сахилын аль нэгийг зөрчихөд дагалдаж байвал амьдрал дахь бодьсадвын хэв шинж хадгалагдсан хэвээр, түүнийг хадгалах хүчин чармайлт байгаа хэдий ч энэ хоёр нь суларна. Энэ арван зургаан сахилын хувьд тэдгээрийг ердөө зөрчих, алдах хоёрын хооронд том ялгаа бий.
Жишээ нь бид номоо харамлах, түүнийг хайрлаж хямгадах сэтгэлээр түүнийг хүнд өгдөггүй гэж бодъё. Тухайн хүн түүн дээр кофе асгах, түүнийг бүр буцааж өгөхгүй байх гэж бодохдоо бид ямарч бурууг олж хардаггүй. Бид өмнө нь хэзээ ч түүнийг хэн нэгэнд өгч байгаагүй, одоо ч, ирээдүйд ч энэ хандлагаа өөрчлөх хүсэлгүй байна. Цаашлаад бид татгалзсан шийдвэртээ баяртай байдаг. Ёс суртахууны өөрийн үнэлэмжгүй учраас бид үгүй гэж хэлэхдээ ичдэггүй. Бидний татгалзсан хариу бусдад хэрхэн нөлөөлөх талаар бид санаа тавьдаггүй. Бид хамаг амьтныг гэгээрэлд хүргэхийг хүсэж байх ёстой байтал яаж бид өөрт байгаа аливаа мэдлэгийн эх сурвалжаа хуваалцахгүй байж болох вэ? Бидний татгалзсан хариу номын багш нарт маань, Бурханы шашинд нийтэд нь хэрхэн нөлөөлөх талаар бид санаа тавьдаггүй, ичиж зовдоггүй. Бидэнд өөрийн хувиа хичээсэн үйлдлийг саармагжуулах ямар нэг зүйл хийх санаа байдаггүй.
Хэрэв номоо хүнд хэрэглүүлэхээс татгалзах үед бидэнд энэ бүх хандлага байвал бид амьдрал дахь бодьсадвын хэв шинжээ гарцаагүй алдсан. Бид Их хөлгөний сураалыг алдсан, бодьсадвын сахилаа унагасан гэсэн үг. Нөгөө талаараа хэрэв бидэнд эдгээр хандлагуудын зарим нь байгаагүй, тэгээд номоо хэрэглүүлээгүй бол амьдрал дахь бодьсадвын хэв шинжээ сулруулна. Бид сахилаа алдахгүй боловч тэдгээр нь суларна.
Сахилыг сулруулах
Эдгэээр арван зургаан сахилын аль нэгийг хүндрэх дөрвөн хүчин зүйлгүйгээр зөрчсөн бол бодьсадвын сахилыг үнэндээ бид сулруулахгүй. Жишээ нь бид номоо хүнд хэрэглүүлээгүй боловч түүнийг буруу гэдгийг мэддэг. Бид үүнийг өөрийн баримтлах зарчим болгож хийгээгүй, үгүй гэж хэлэхдээ харамсаж, татгалзаж буй явдал нь бидэнд болон багш нарт хэрхэн нөлөөлөх талаар санаа зовсон. Түүнийг хэрэглүүлэхээр өгөхгүй байх хүчин төгөлдөр шалтгаан байсан. Жишээ нь өөрөө түүнийг хэрэглэх шаардлагатай байсан эсвэл өөр хэн нэгэнд өгөхөөр амласан байсан гэх мэт. Бидний сэдэл номыг харамлах, хайрлаж хямгадах явдал байгаагүй. Бид хэрэглүүлж чадахгүй байгаадаа уучлал хүсэж, учир шалтгаанаа тайлбарлаж, түүнд аль болох удахгүй хэрэглүүлэхээ илэрхийлэх. Уналыг арилгахын оронд бид өөрийн тэмдэглэлийг хэрэглүүлж болохыг илэрхийлэх. Ийм байдлаар бид амьдрал дахь бодьсадвын хэв шинжээ бүрэн хадгална.
Бид хайрлаж хямгадах, харамлах сэтгэлийнхээ нөлөөнд алгуур орж сахилаа баримтлах нь суларч тэрхүү хэв шинжээ алгуур алдаж эхэлнэ. Ном сургаал, мэдлэгийн эх сурвалжийг хуваалцахгүй байхыг цээрлэх сахилыг сахих нь бидний номоо хайрлах, харамлах сэтгэлийг арилгадаггүй гэдгийг санаарай. Сахил нь ердөө тэдгээр сэтгэлийн нөлөөнд орж үйлдэл хийхээс сэргийлдэг. Бид номоо түр хэрэглүүлэхээр өгч ч болно, эсвэл өөрт яаралтай хэрэгтэй учраас энэ удаа өгөөгүй байж ч болно, гэвч цаагуураа номоо хайрлаж хямгадан, харамласан хэвээр байдаг. Хэдий тийм боловч сахил нь эдгээр сөрөг сэтгэлийг арилгаж, тэдний бий болгодог асуудал, зовлонгуудаас гэтлэх хүчин чарайлтанд тус болдог. Тэдгээр түвэг учруулагчид хэдий хүчтэй байна бидний зан байдлыг дарангуйлах тэдний нөлөөнд орохгүй байхаар өөрийгөө хянаж сурах нь төдий чинээ хэцүү байна.
Хэрэв бидний хайрлаж хямгадах, харамлах сэтгэл алгуур давамгайлбал бидний сахил алгуур суларна. Энэ үед номоо хэрэглүүлэхгүй байгаа нь буруу гэдгийг мэдэж байх боловч хүндрэх дөрвөн хүчин зүйлийн нэгээс гурав нь хавсарсан байна. Эдгээр нь сахилын бага хэмжээний уналын бага, дунд, их уналыг бүрдүүлнэ. Жишээ нь номоо хэрэглүүлэхгүй байх нь буруу гэдгийг мэдэж байгаа боловч бид өгөхгүй байхаар төлөвлөж, түүнийгээ дагадаг. Хэрэв бидний ингэж татгалзах нь өөрт болон бидний багш нарт хэрхэн нөлөөлөх талаар ичиж санаа зовж байвал амьдралдаа бий болгохыг оролдож буй бодьсадвын хэв шинж их сулрахгүй. Харин бид өөрсдийн гаргасан шийдвэртээ баясан, өөрийн болон багшийн тань талаар бусад юу гэж бодох талаар санаа тавихгүй байвал бид шунах, харамлах сэтгэлдээ улам их олзлогдож байна гэсэн үг.
Номоо хэрэглүүлэхээс татгалзах нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх үед амьдралын тэрхүү хэв шинж илүү сул түвшинд хүрч ирнэ. Энэ бол сахилын дунд хэмжээний уналын бага унал юм. Хэрэв үүн дээр унал хүндрэх дөрвөн хүчин зүйлийн хоёр дахь, гурав дахь хүчин зүйл нь нэмэгдвэл бид бодьсадвын хэв шинжээ улам цааш нь сулруулж, сахилын дунд уналын их унал, цаашлаад сахилын их уналд хүрнэ. Хэрэв дөрвөн хүчин зүйл нь бүрдэх юм бол бид үндсэн уналд орж, бодьсадвын сахилыг бүрэн алдана. Ингээд бид шунал, хармын давалгаанд бүрэн орж тэдгээрийг даван туулах арилгах, бусдад туслах нөөц боломжоо олж танихыг хичээхгүй болно. Орох бодь сэтгэлийг бүрэн орхисноор бодьсадвын сахилаа алдана. Ингэж энэ түвшний унал гардаг байна.
Сахилыг сэргээх
Сахилыг сэргээх эхний алхам бол хэрэв тэднийг сулруулсан эсвэл алдсан тохиолдолд тэдгээрийг алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Бид үүнийг наминчлах зан үйлээр хийж болно. Энэ зан үйлийг хэсэг хүмүүсийн өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч, эсвэл Бурханаас өршөөл гуйх байдлаар хийдэггүй. Бид өөртөө болон өөрийн үүрэгт үнэнч байх хэрэгтэй болно. Хэрэв тодорхой нэг сахилыг зөрчих үедээ түүнийг буруу гэдгийг мэдэж байсан бол бид түүнийгээ дахин илэрхийлнэ. Түүний дараагаар сөрөх хүч болох дөрвөн арга хэмжээг авна. Эдгээр дөрөв нь:
- Өөрийн үйлдэлд харамсах. Сахилыг зөрчих үед болон дараа харамсах нь гэм буруутайд тооцохтой ижил биш. Харамсах гэдэг нь тухайн үйлийг хийх шаардлага гараагүй байсан болоосой хэмээн хүсэх явдал. Энэ нь хийж буй үйлдээ баяртай байх, дараа нь түүнийгээ сайшаан бодохын эсрэг. Гэм буруутайд тооцох нь бидний хийсэн зүйл маш муу, түүнчлэн өөрийгөө үнэхээр муу хүн гэж хүчтэй бодох явдал. Үүнийг үргэлжийн мөн чанартай гэж үзэн, хэт эмзэг хандан байнга бодсоор байдаг. Гэмшил нь алдаандаа хандах зохимжтой, тус болох хэлбэр ердөө биш. Жишээ нь хэрэв бид ямар нэг хоол идэж, дараагаар нь өвдөх юм бол бид хийсэн үйлдээ харамсдаг, тэр бол алдаа. Гэвч тэр хоолыг идэх нь биднийг уг мөн чанараараа муу хүн болгохгүй. Бид өөрсдийн үйлдэл, түүний үр дагаварт хариуцлага хүлээх болохоос өөрийн үнэ цэнэ, үнэлэмжийг байхгүй болгохуйц гэм буруутай биш.
- Алдаагаа дахин давтахгүйг хичээхийг амлах. Сахилыг зөрчих үед бид энэ бодлыг агуулж байсан ч шийдвэрийг дахин илэрхийлнэ.
- Энэ бүхнийг хийж буй шалтгаанаа эргэн санах. Энэ нь амьдралын аюулгүй, зөв зам мөрөө дахин тодорхойлоод хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэхэд зүрх сэтгэлээ дахин зориулах буюу өөрөөр хэлбэл, аврал, ерөөх бодь сэтгэлээ сэргээж, хүч өгөх гэсэн утгатай.
- Сахилын уналыг саармагжуулах арга хэмжээ авах. Үүнд бусдын тусыг хичээгээгүй үйлдлийнхээ бурууг хүлээн асрал хайр, өглөгийн сэтгэл дээр бясалгал хийх болон бусад эерэг үйлүүд багтана. Эерэг үр дагаварт хүргэх үйлдэл хийх нь ёс зүйн өөрийн үнэлэмж, бидний хүндэтгэдэг хүмүүст бидний үйлдэл хэрхэн нөлөөлөх талаар тавьсан анхаарал зэргийг шаарддаг учраас бидний сөрөг үйлдэлтэй хавсарч байж болох эдгээр хүчин зүйлүүд дутагдах байдлыг сөрнө. Хэдийгээр бид сахилаа зөрчихдөө ичиж, санаа зовж байсан ч эдгээр эерэг алхамуудыг хийснээр өөрийгөө хүндэтгэх, бусад бидний багшийг хэрхэн авч үзэх хандлагыг дээшлүүлдэг.
Төгсгөлийн үг
Бодьсадвын сахилыг бүрэн алдах нь үнэндээ тийм хялбар биш гэдгийг бид эндээс харж байна. Хэрэв бид чин сэтгэлээсээ тэдгээр сахилыг хүндэтгэж, удирдлага болгохыг хичээж байвал бид хэзээ ч тэднийг алддаггүй. Учир нь хэдийгээр бидний сөрөг сэтгэл хөдлөл аль нэг сахилыг алдахад хүргэж байсан ч хүндрэх дөрвөн шалтгаан нь бүгдээрээ бүрддэггүй. Бүр буруу үзэл баримтлан, бодь сэтгэлээс буцсан ч хэрэв бид өөрийн алдааг хүлээн зөвшөөрч харамсах гэх мэт ерөндөгийн дөрвөн хүчийг хэрэглэж сахилыг дахин авч зам мөрөө сэргээн, эргэн орж болно.
Иймд сахил авах эсэхийг шийдэхдээ сахилыг маш сайн сахих өөрийн чадвараас илүүтэйгээр тэднийг удирдлага болгохыг хичээх байнгын хүчин чармайлт гаргах чадвар дээрээр үндэслэн шийдвэр гаргах нь илүү ухаалаг алхам болно. Гэвч сахилаа сулруулах, алдахгүй байх нь хамгийн чухал. Хөлөө гэмтээгээд эдгэрэн буцан алхаж чадах ч бид доголдог болж болно шүү дээ.