Танка (хөрөг) болон сэрэг дүрүүд
Төвд хөрөг дүрүүдийн монгол хувилбаруудад Бурханы дүр нь хэвээр хадгалагдсан байдаг боловч дэвсгэр дүрслэлийг бага зэрэг өөрчилсөн байдаг. Төвд танканы (хөрөг дүрүүд) дэвсгэр нь цасаар хучигдсан оройтой уул нурууд байдаг бол монгол танканы дэвсгэр дээр үргэлжилсэн тал, толгод голлодог. Мөн дэвсгэр дээр дүрсэлсэн жижиг жижиг хүмүүсийн дүрүүд нь монголжуу дүр төрхтэй байх хандлагатай болсон ба улмаар гол бурхны нүүрний төрх нь бас монголжуу болж эхэлсэн. Гол бурхны нүүрний төрх нь төвд танка дээр дүрсэлсэн дүрүүдийн төрхөөс илүү өргөн, илүү дугуй болж булчингийн сүүдрийг төвд зарим танка дээр дүрсэлсэн байдаг шиг илүү сайн сүүдэртүүлэх болсон. Бага зэрэг ялгаатай боловч Буриадууд монголын хэв маягийг барьсан байдаг.
Анхдугаар Богд Занабазар Монголын хамгийн шилдэг уран барималч байсан. Түүний бүтээсэн баримлууд нь ижил төстэй төвд баримлуудаасаа илүү амьд дүр байдалтай, илүү өргөн цээжтэй байдаг. Тод томруун хуврагийн төрх байдалтайн дээр их сүр жавхлантай байдаг. 21 Дарь Эх гэх мэт дүрүүдийг мөн илүү гуа байдлаар бүтээсэн байдаг. Монголын уран барималчид түүний хэв маягийг баримтлах болсон.
Өвөр Монголын Долонор (Долнуур) болон Бээжин дэх олон төвдийн Бурханы шашны хийдүүдэд төвд уран зураг, уран баримлын маш сайн сургуулиуд байсан. Урчууд нь ихэвчлэн хятад хүмүүс байв. Төвдийн Бурханы шашны хөрөг болон сэрэг дүрүүдийг (баримал) Бээжинд 19-р зууны эхэн үеэс, Долонорт 19-р зууны хоёрдугаар хагасаас эхлэн их хэмжээгээр бүтээж, Монгол, Буриад, Төвд, Хятадын хойд нутгууд руу нийлүүлж байсан. Төвдийн Бурханы шашны дүрүүдийн хятад хэв маяг нь төвд танканы бүдэг өнгөтэй харьцуулахад илүү тод хурц өнгөтэй байдаг. Тэд төвд танкануудад хэрэглэснээс илүү их хэмжээний алтан ялтсыг хэрэглэсэн байдаг. Төвдийн Бурханы шашны дүрүүдийн хятад хэв маяг нь, тэр дундаа догшин дүрүүд нь төвд хэв маягаасаа илүү хүчирхэг, биеийн хоёр талын өөр байр байдлуудыг хурц гаргасан байдаг. Тэд Бурхадын дүрийн хэмжээг бага зэрэг өөрчилсөн. Олон хятад урчууд бас Монголд очиж байсан ба заримдаа тэдний бүтээлд монгол хэв маягийн нөлөө харагддаг.
Сүмийн архитектур
Монголын сүм хийдүүдийн архитектур нь Хятад болон Төвдийн Амдо нутгийн хүчтэй нөлөөтэй байдаг. Сүмүүд нь голдуу Төвдийн төв нутгуудад ер байдаггүй ногоон вааран хавтан дээвэртэй байдаг. Эрдэнэ зуу хийдэд цэвэр төвд маягийн трапец хэлбэрийн хар хүрээтэй цонхнуудтай налуу том том ханатай хэдэн барилга, тэдний хажууд хятад нөлөө бүхий монгол хэв маягийн архитектуртай барилгууд байдаг байсан.
Буриадад сүм хийдүүдийг сибирийн хэв маягаар голдуу дүнзээр барьдаг байсан. Чулуу шавраар хийдээ барьдаг Монгол, Төвдөд ийм хийд байгаагүй. Буриадын анхны сүм хийдүүдийг орос ажилчид барьсан ба оросын үнэн алдартны сүмийн загварын нөлөө байсан. Бүр зарим нэг нь голдоо нэг бөмбөгөр оройтой, дөрвөн буландаа арай жижиг бөмбөгөр дуулган оройтой байдаг. Тувад бас сүмүүдийг дүнзээр барьж байсан ба буриадын сүмүүдийг бодвол илүү дөрвөлжин хэлбэртэй байв.
Халимагуудын өвөрмөц архитектуртай сүмүүд нь заримдаа шовх ганжиртай байдаг байсан. Гэвч ихэнх сүмүүд нүүдлийн дөрвөн дугуйтай том гэр тэрэг дээр байрладаг. Халимагийн гол хийд Хөшөөт Хүрүлд Ленинградын Казанийн цогчин дуганы архитектурын нөлөө байдаг. Энэ сүм нь Ромын Гэгээн Петрийн сүмийн загвартай адил багануудтай сэрүүн асар бүхий том хашаагаар хүрээлэгдсэн байдаг. Хөшөөт Хүрүлийг халимагийн морин цэргийн жанжин Түмэн 19-р зууны эхээр оросууд Напелеоныг ялсан ялалтыг тэмдэглэж барьсан. Халимагийн жанжин Францын эсрэг дайнд Оросод тусалж Парисын тулалдаанд оролцсон. Казаний цогчин дуганд хоёр зууны өмнө Польшийн Орос руу хийсэн түрэмгийллийн ялалттай холбоотой шүтээн байрлуулсан байдаг. Энэ сүмийн шүтээнд Напелеоны армийг мөн адил хөөн гаргах тухай залбиралыг хийж байсан. Үүнээс үүдэж Түмэн дайнд оролцсоныхоо дурсгал болгож Казаний цогчин дуганы архитектуртай адил Бурханы шашны хийдийг Халимагт байгуулахаар хөрөнгө хандивласан байдаг.
13-р Далай ламын хийд болох Ленинградын дацан төвд хэв маягаар баригдсан. Гэхдээ гол дуганы дээврийн цонх гэх мэт нь европ шинжийг бас агуулсан байдаг.
Монгол, Буриад, Тува, Халимаг, Ленинградын сүм дугануудын гадаад хэв маяг нь тухайн нутаг орны таашаал, уламжлал соёлын нөлөөтэй байсан хэдий ч гол дуганы дотоод засал, зохион байгуулалт нь төвд стандарттай байсан. Олон өнгийн хоргой танканууд зүүсэн эгнээ баганууд, тод өнгө өнгийн уран нарийн зураг бүхий ханануудтай. Урд хананд нарийн хийцтэй Бурханы дүр болон судар залах тавиур, голд нь маш том, ихэвчлэн Бурхан багшийн дүр залсан байдаг. Түүний урд Далай ламд зориулсан сэнтий байрлуулдаг. Боломжтой бүх газарт танка зүүж, нарийн хээ хуараар чимэглэсэн байдаг.
Хуврагууд дуганы урд хэсгээс эгц урд урдаасаа харж эгнэж суудаг. Бүх хуврагууд уншлаганд өөрийн дуу хоолойгоор оролцох боломжийн үүднээс уншлагыг Гэлүг хэв маяг болох бүдүүн баргил хоолойгоор уншдаг. Урт гуулин бүрээ, даралтат бүрээ, дун, цан, хонх, дамрыг уншлаганд хэрэглэдэг уламжлал дээрх бүх газруудад байсан. Давстай сүүтэй цайг Бурханы шашинтай Төв Азийн орнууд болон Төвдөд их уудаг.