Хүн бүр Бурхан болж чадна

04:54
Бид бүгд удаан хугацаанд жаргалтай байхыг хүсэх бөгөөд үүнд хүрэхийн тулд хийх хамгийн утга учиртай, учир ухааны үндэслэлтэй зүйл бол тэр зорилгодоо хүрэхийн тулд бодитойгоор ажиллах явдал. Материаллаг эд зүйлс зарим аз жаргалыг өгч болох боловч аз жаргалын жинхэнэ уг сурвалж бол бидний сэтгэл. Бидний бүх чадвар бүрэн хөгжиж, бүх сул талууд арилах үед бид Бурхан буюу зөвхөн өөрийн төдийгүй бусдын аз жаргалын эх сурвалж болно. Бид бүгд Бурхан болж чадна, учир нь бид бүгдэд түүнд хүргэх чадамж бүхий бүрэн ашиглаж болох хүчин зүйлүүд бий. Бид бүгдэд Бурханы-чанар байдаг.

Бурхан багш бид бүгд Бурхан болж чадна хэмээн онцлон тэмдэглэсэн. Тэгвэл энэ чухам юу гэсэн үг вэ? Бурхан гэдэг бол бүх сул талаа арилгасан, бүх дутагдлаа зассан, бүх чадвартаа хүрсэн хүн. Бүх Бурхад бидний адил бодит байдлын талаарх төөрөгдөл, бодит бус төсөөллөөсөө шалтгаалсан бэршхээлүүдийг амьдралдаа дахин дахин эдэлж байсан эгэл хүн байснаас эхэлсэн. Тэд өөрсдийн мугуйд төсөөллүүд үнэндээ бодит байдалтай нийцэхгүй байгааг ойлгон, зовлон бэршхээлээс ангижрах хүчтэй шийдвэр гарган улмаар сэтгэлээр бий болгож байгаа уран зөгнөлүүдэд итгэхээ больсон. Тэд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг гаргахаа больж, өөрийн эрхгүй, хяналтгүй аливаа үйлдэл хийхээ больж, бүх зовлонгоос өөрсдийгөө чөлөөлсөн.

Ингэхдээ тэд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт эерэг сэтгэлүүдийг хүчтэй болгохоор ажиллаж, бусдад чадах чинээгээрээ тусалж байв. Тэд ганц хүүтэй эхийн хүүгээ гэх тэрхүү сэтгэлтэй адил сэтгэлийг бусдад төрүүлэх болсон. Хүн бүгдэд төрүүлэх энэхүү их асрах, их энэрэн нигүүлсэх сэтгэл болон бүгдэд тусалъя гэсэн үлэмжийн санааны хүчээр тэдний бодит байдлын талаарх ойлголт улам бүр хүчтэй болов. Ойлголт нь улам хүчтэй болж улмаар сэтгэлд нь юмс үзэгдэл бүхэн, хүн бүхэн бусад зүйлтэй холбоогүй, бие даан оршдог гэсэн буруу үзэгдэл төрөхгүй болов. Оршин байгаа бүх зүйлийн хоорондын холбоо, харилцан шүтэлцээг ямар нэг бэрхшээлгүйгээр тодорхой харах болов.

Ийм амжилтанд хүрсэн учраас тэд гэгээрсэн: Бурхан болсон. Тэдний бие буюу харилцах чадвар, сэтгэл нь ямар нэг чадахгүй зүйлгүй болсон. Аливаа зүйлийн хүн тус бүрд үзүүлэх нөлөөг мэдэх болсон учраас тэд тэдэнд зааж сургах болсон бөгөөд хамаг амьтанд аль болох ихээр туслах чадвар нь бодитой боломжтой болсон. Гэвч Бурхан ч хүртэл бүхнийг чадагч биш юм. Бурхан зөвхөн түүний зөвлөгөөг авах, зөв дагах нээлттэй, шинэ зүйлийг хүлээн авахад бэлэн тэдгээр бодгальд л эерэг нөлөө үзүүлж чадна.

Бурхан багш хүн бүр түүний хүрсэнд хүрч чадна; хүн бүр Бурхан болж чадна гэж хэлсэн. Учир нь бидэнд “Бурханы-чанар” – Бурханы хутагт хүргэх, ашиглаж болох суурь хүчин зүйлүүд байна.

Мэдрэл судлалын ухаан нейропластисити буюу тархины амьдралын туршид өөрчлөгдөж, шинэ мэдрэхүйн замыг бий болгох чадварын тухай ярьж байна. Жишээ нь: тархины баруун гарыг удирддаг хэсэг мэдээгүй болох үед физик эмчилгээгээр тархи зүүн талаа ашиглах шинэ мэдрэхүйн замыг бий болгоход нь нөлөөлдөг. Сүүлийн үеийн судалгаанууд энэрэн нигүүлсэх сэтгэлийн бясалгал гэх мэт бясалгалууд нь илүү их аз жаргалтай, сэтгэл тайван байхад чиглүүлэх шинэ мэдрэхүйн замуудыг бас бий болгодгийг харуулаад байна. Тархины нейропластисити гэж ярьдгийн адил бид сэтгэлийн нейропластисити гэж ярьж болно. Сэтгэл болон түүнээс улбаалсан бидний хувь хүний шинж чанар хувирахгүй, өөрчлөгдөхгүй биш бөгөөд тэдгээрийг өдөөж тэдэнд шинэ эерэг замууд бий болгож болно гэдэг нь бид бүхэн гэгээрсэн Бурхан болж болох хамгийн суурь хүчин зүйл юм.

Ямар нэг эерэг зүйл хийж, ярьж, бодох бүрд бид түүнийг хийхэд хялбар, дахин давтах хандлага бий болгох эерэг мэдрэхүйн замыг физиологийн түвшиндээ бэхжүүлнэ. Харин Бурханы шашинд үүгээр сэтгэлийн түвшинд эерэг хүч, чадамжийг хуримтлуулна гэдэг. Ийм эерэг хүчний үйлчлэлийг хэдий чинээ их нэмэгдүүлнэ, тэр дундаа бусдад туслах үед, төдий чинээ тэр нь хүчтэй болж ирнэ. Бурхан болж хамаг амьтанд бүрэн туслах чадварт чиглэсэн ийм эерэг хүч нь бусдад олон язнзаар тус хүргэх тэр зорилгод хүргэх зүйл юм.

Үүний адил, бодит байдлын талаарх бидний алдаатай төсөөлөлд тохирох ямар нэг бодит зүйл байдаггүй гэдэг дээр хэдий их төвлөрнө төдий чинээ сэтгэл дэх утга учиргүй зүйлүүдэд итгэх, тэдгээрийг тусган харах мэдрэхүйн замууд суларна. Улмаар эдгээр эндүү ташаа мэдрэхүйн болон сэтгэлийн замууд сэтгэлээс арилж сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, тэдгээрээс шалтгаалан өөрийн эрхгүй гардаг зан төлөвийн хэв маягуудын замууд бас арилна. Тэдгээрийн оронд бодит байдлын талаарх гүн гүнзгий ойлголтыг ойлгох хүчтэй замууд бий болно. Эдгээр замууд, хамаг амьтан бүрд хамгийн сайн хэрхэн туслахыг мэдэх Бурханы илт мэдэлд зорьсон энергиэр хүч нэмбэл тэрхүү гүн гүнзгий ойлголтын харилцан үйлчлэл нь бидэнд Бурханы сэтгэлийн төлөвт хүрэх боломж олгоно.

Бид бүгдэд бусадтай харилцах бололцоо бүхий бие, ялангуяа хэл, бас сэтгэл байгаа учраас Бурханы бие, хэл, сэтгэлийн төлөвт хүрэхэд ашиглаж болох хэрэгсэл бид бүгдэд байна гэж үзнэ. Энэ гурав нь бас Бурханы-чанар бүхий хүчин зүйлүүд юм. Бидэнд тодорхой хэмжээний сайн чанарууд бий – өөрийгөө хамгаалах зөн, амьтны төрөл зүйлүүдийг хамгаалах зөн, эцэг эхийн хайр гэх мэт, мөн бусдад нөлөөлөх, аливаа үйлдэл хийх чадвар бий. Эдгээр нь мөн адил Бурханы-чанар бүхий хүчин зүйлүүд юм. Үүн дээр их асрахуй сэтгэл гэх мэт сайн чанарууд болон Бурханы гэгээрсэн үйлүүдийг төлөвшүүлнэ.

Сэтгэлийн үйл явц хэрхэн явагддагийг шинжлэх явцад бид Бурханы-чанарын гүнзгий түвшний хүчин зүйлүүдийг олж мэднэ. Бид бүгд мэдээллийг хүлээн авч, зарим ижил чанартай зүйлүүдийг бүлэглэж, юмсын онцлог шинжүүдийг ялгаж, мэдэрч буй зүйлүүдэд хариу үйлдэл үзүүлж, юмсын юу болохыг таньж чадна. Бидний сэтгэлийн (оюуны) үйл явц явагдах эдгээр хэлбэрүүд нь хязгаарлагдмал юм. Гэвч эдгээр нь сэтгэлийн чадамжийн оргил түвшинд үйл ажиллагаа нь явагддаг тийм Бурханы сэтгэлийн төлөвт хүргэх хэрэгсэл болно.



Видео: Маттхиеу Рикард — “Хүний сэтгэл ба амьтны сэтгэл”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Бид бүгдэд Бурхан болоход ашиглаж болох хэрэгсэл байгаа бөгөөд энэ бүхэн нь ердөө хотол өдөөлт (санаа) төрүүлэх болон гэгээрэх хүртэл тасралтгүй шаргуу хөдөлмөрлөх тухай асуудал юм. Ахиц нь үргэлж шулуун өсөлттэй байдаггүй: зарим өдөр сайн, зарим өдөр муу байна; Бурханы хутагт хүрэх зам урт, бас хялбар биш. Гэвч хэдий чинээ их Бурханы-чанар бүхий хүчин зүйлээ өөртөө сануулна төдий чинээ шантрах нь бага байна. Мөн бидэнд хэзээ ч арилахгүй муу зүйл гэж нэгээхэн ч байхгүй гэж бодож байх хэрэгтэй. Бид хангалттай хүчтэй сайн зоригдлоор (хотол өдөөлтөөр) мөн энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухаан хоёрыг чадварлаг хослуулсан бодит аргыг дагах замаар бүх саадыг давж чадна.

Top