Номын багшаас суралцах

Номын багш болон шавийн олон түвшин бий. Сайн шавь болж болохуйц хүмүүс өөрийн болон багшийн чанаруудыг бодит байдлаас өндөрт тавих, эсвэл багшаа сэтгэл зүйчээр үзэх үед ихээхэн төөрөгдөл үүснэ. Өөрийгөө үнэнчээр шинжиж, багшийг бодитойгоор шалгаж үзэх үед бид тус бүрийн түвшинг тодорхой болгож, тэр үед бид багш-шавийн эрүүл харилцааг бий болгож чадна.

Багш-шавийн харилцааны талаарх туршлага дээр суурилсан анхаарах зүйлүүд 

Номын багш-шавийн харилцаанд гардаг төөрөгдлөөс зайлсхийхийн тулд бид туршлагаар бий болсон тодорхой зүйлүүдийг мэдэх хэрэгтэй. Үүнд:

  1. Бараг бүх номын зам мөр хөөгчид зам мөрийн явцад үе шаттайгаар ахиц гаргаж байдаг. 
  2. Ихэнх хүмүүс амьдралынхаа туршид хэд хэдэн багшаас суралцаж, тус бүртэй нь өөр өөр харилцаа бий болгоно. 
  3. Багш бүр ижил түвшний эрдэмд хүрсэн байхгүй. 
  4. Тодорхой нэг зам мөр хөөгч, тодорхой нэг багш хоёрын хоорондын тохиромжтой харилцааны хэлбэр нь тус бүрийн номын эрдмийн түвшингээс хамаарна. 
  5. Хүмүүс ихэвчлэн номын зам мөрөөр гүнзгийрэх хэрээр багштайгаа илүү гүнзгий түвшинд харилцдаг.      
  6. Нэг багш зам мөр хөөгч тус бүрийн Номын амьдралд өөр өөр үүрэгтэй оролцож болдог учраас тус багштай холбоотой тэдний тус бүрийн харилцаа өөр өөр байж болно.    

Номын багш болон номын мөр хөөгчийн түвшингүүд 

Ийнхүү Номын багш болон номын мөр хөөгч аль алины олон түвшин байна. Дараах багш нар байж болно. Үүнд:

  • Их дээд сургуульд өгдгийн адил мэдээлэл хүргэдэг Бурханы шашны эрдэмтэн багш 
  • Номыг амьдралд хэрхэн хэрэглэхийг харуулах Ном тайлбарлах багш 
  • Тай-ч’и эсвэл йог заахтай адил аргууд заах бясалгалын багш 
  • Гэргийтний эсвэл хуврагийн сахил, бодисадвын сахил, эсвэл тарнийн сахилыг шавьд хүртээн тухайн сахилынхаа түвшингээр ялгагдах Номын багш нар

Үүнтэй адил, дараах шавь нар байна. Үүнд:

  • Мэдээлэл хүртэхийг хүссэн Бурханы шашны шавь нар (оюутан) 
  • Номыг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэглэж сурахыг хүссэн Номд суралцагчид 
  • Сэтгэлийг тайвшруулах эсвэл сургах аргуудад суралцахыг хүссэн бясалгалд суралцагчид
  • Ирээдүйн төрлүүдээ сайжруулж, гэтлэхүй (зовлонгоос гэтлэх) эсвэл гэгээрэлд хүрэхийг хүсэж, эдгээр зорилгууддаа хүрэхэд туслах тодорхой түвшний сахил авахад бэлэн шавь нар. Хэдийгээр шавь нар энэ насны амьдралаа сайжруулахыг хүсэж байсан ч тэд үүнийг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зам мөрийн нэг хэсэг болгож харна.    

Түвшин бүр өөрийн гэсэн эрдэм чадвартай байх бөгөөд номын мөр хөөгчдийн хувьд бид өөрийн болон багшийн суурь нөхцөлүүдийг анхааралтай авч үзэх хэрэгтэй – Ази эсвэл Барууны, лам хувраг эсвэл гэргийтэн, боловсролын түвшин, сэтгэл зүй болон ёс суртахууны төлөвшлийн, хүлээсэн үүргийн түвшин гэх мэт. Иймд үйл явцад удаан, хянамгай хандах нь чухал. 

Сайн шавь, сайн Номын багш болох шалгуурууд 

Сайн шавь болохын хувьд бид өөрийн төлөвшлийн түвшинг шалгах хэрэгтэй. Ингэснээр бид бэлэн болоогүй байгаа харилцаанд өөрийгөө оруулахгүй. Шавьд хэрэгтэй гол чанарууд нь: 

  1. Өөрийн урьдчилан бодсон бодол болон үзэл бодолдоо хэт хүлэгдээгүй, нээлттэй сэтгэлтэй 
  2. Юу зөв, юу буруу болохыг ялгах ухаантай 
  3. Номд мөн зохих эрдэм чадвар эзэмшсэн багштай болох хүчтэй сонирхолтой 
  4. Ном болон сайн эрдэм чадвартай багш нарт талархаж, тэдгээрийг хүндэтгэдэг
  5. Анхааралтай 
  6. Сэтгэл зүйн төлөвшил, туйлбарын суурь түвшинтэй 
  7. Ёс зүйн хариуцлагын суурь ухамсартай.      

Багшийн түвшинтэй холбоотой, багшид илүү их эрдэм чадвар байх хэрэгтэй. Ерөнхий гол чанарууд нь: 

  1. Өөрийн Номын багш нартай зөв харилцаатай 
  2. Шавиасаа илүү өргөн Номын мэдлэгтэй 
  3. Бясалгал болон өдөр тутмын амьдралдаа тэдгээрийг хэрэглэсэн туршлага, тодорхой түвшний амжилттай 
  4. Амьдралд Номыг хэрэглэснээр гарах тустай үр дүнгийн үлгэр дуурайл бүхий жишээ үзүүлэх чадвартай    
  5. Ёс зүйн хувийн сахилга баттай 
  6. Сэтгэл зүйн томоохон асуудлуудаас ангид байдал дээр суурилсан сэтгэл зүйн төлөвшил болон туйлбартай
  7. Багшлах үндсэн сэдлээр шавь нартаа тус хүргэх чин сэтгэлтэй 
  8. Сургаал айлдахдаа тэвчээртэй 
  9. Дүр эсгэдэггүй (өөрт байхгүй эрдэм чадваруудыг өөрт буй мэт дүр эсгэх), далдалдаггүй (мэдлэг, туршлагагүй гэх мэт өөрт буй сул талуудыг нуудаггүй).       

Бид юмсыг нөхцөл байдлын бодит байдалд тохируулах хэрэгтэй – манай хотод буй багш нар ямар түвшний эрдэм чадалтай, бидэнд хэр их чөлөөт цаг, хүлээсэн үүрэг буй, бидний зам мөрийн зорилго юу болох (үнэндээ, зөвхөн оюун санаандаа “хамаг амьтны тусад” бус) гэх мэт. Хэрэв бид багш шавийн барилдлага тогтоохын өмнө сайн багш болох багшийн эрдэм, чанаруудыг шалгаж үзэх юм бол бид багшийг тэнгэр эсвэл буг чөтгөр мэт үзэх туйлшралуудаас зайлсхийж болно. Бид Номын багшийг тэнгэр мэт үзэх үед бидний мэдлэг туршлагагүй байдал гарч болох буруугаар ашиглах явдлыг нээдэг. Хэрэв бид багшийг буг чөтгөр мэт үзвэл бидний хий сэжиглэл тус харилцаанаас ач тус хүртэх явдлыг хязгаарлана. 

Номын багшийн шавь болох болон сэтгэл зүйчийн үйлчлүүлэгч болох хоёрын ялгаа

Номын багш-шавийн харилцаанд гардаг төөрөгдлүүдийн гол эх сурвалжуудын нэг нь Номыг багшийг сэтгэл зүйч адил байхыг хүсэх явдал. Жишээ нь, амьдралынхаа турш сэтгэлийн амар амгалан, сайн харилцаа хүсэж байгаа хэн нэгнийг авч үзье. Энэ зорилгод хүрэхээр Номын багшийн шавь болох нь олон талаар тийм зорилгоор сэтгэл зүйчийн үйлчлүүлэгч болохтой адил. 

Бурханы шашин, сэтгэл зүйн зөвлөгөө хоёрын аль аль нь: 

  1. Өөрийн амьдрал дахь зовлонг танин мэдэж, түүнийг арилгах хүслээс гарна
  2. Бидний асуудал, түүний шалтгааныг ойлгож, мэдэх хэн нэгэнтэй ажиллана. Үнэндээ, сэтгэл зүйн зөвлөгөөний олон хэлбэр нь ойлголт бол өөрийгөө өөрчлөх түлхүүр гэгдэх Бурханы шашны баримтлалтай ижил байна
  3. Өөрийн асуудлын шалтгааныг гүнзгий ойлгохыг онцолдог сэтгэлгээний урсгал сургуулиуд, асуудлын хүчин зүйлүүдийг даван гарах тогтсон онолыг хэт баримтлахгүй, нөхцөл байдалд нийцсэн асуудал шийдвэрлэх прагматик аргуудыг онцгойлон үздэг уламжлалууд, мөн эдгээр хоёр аргыг тэнцвэртэй хослуулахыг зөвлөдөг үзэл санааны цогцуудыг баримтална
  4. Өөрийг хөгжүүлэх үйл явцын нэг чухал хэсэг болгож багш эсвэл сэтгэл зүйчтэй сэтгэл зүйн зөв харилцаа тогтоохыг зөвлөнө
  5. Сэтгэл зүйн зөвлөгөөний ихэнх сонгодог хэлбэрүүд үйлчлүүлэгчийн зан байдлыг засах ёс зүйн заавар хэрэглэхээс зайлсхийдэг боловч цөөн хэдэн шинэ-сонгодог үеийн урсгал сургуулиуд Бурханы шашинд байдагтай төстэй ёс зүйн зарчмуудыг зөвлөдөг. Ийм зарчмууд харилцаа нь хэвийн бус байгаа гэр бүлийн бүх гишүүдэд тэгш шударга байх, уур бухимдал гэх мэт сөрөг гэнэтийн зан байдлаас зайлсхийх зөвлөмжийг багтаана.

Ийм ижил төстэй зүйлүүд байх боловч Бурханы шашны багшийн шавь болох, сэтгэл зүйчийн үйлчлүүлэгч болох хоёрын хооронд ямартай ч дараах таван онцлог ялгаа бий. Үүнд: 

(1) Тухайн хүний харилцаа тогтоож байгаа үеийн сэтгэл зүйн үе шат. Сайн үйлчлүүлэгч болох хүмүүс сэтгэл зүйчид сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа үедээ ерөнхийдөө хандана. Тэд бүр сэтгэлийн хямралтай болж, зөвлөгөөний хэсэг болгож эм уух ч шаардлагатай болсон байж болно. Сайн шавь болох хүмүүс эсрэгээрээ номын зам мөрийн эхний алхам болгож Номын багштай харилцаа тогтоодоггүй.  Үүний өмнө тэд Бурхан багшийн сургаалаас суралцаж, өөрсөдтэйгөө ажиллаж эхэлсэн байна. Тэд сэтгэлийн төлөвшил, туйлбартай байдлын хангалттай түвшинд хүрснээр тэдний тогтоох багш-шавийн харилцаа Бурханы шашны үүднээс эерэг болно. Өөрөөр хэлбэл Бурханы шашны шавь сэтгэлийн хямралтай холбоотой хандлага, зан байдлыг аль хэдийн харьцангуй шийдвэрлэсэн байх шаардлагатай байдаг. 

(2) Хүлээх харилцаа. Сайн үйлчлүүлэгч болох хүмүүс ихэвчлэн тэднийг сонсох хүнтэй байхыг сонирхоно. Иймээс тэд сэтгэл зүйчээс тэдэнд, тэдний хувийн асуудлуудад, бүр бүлэгт зөвлөгөө өгөх нөхцөлд ч, сэтгэл зүйчээс тэдэнд хүчин чармайлт гарган анхаарал тавихыг хүлээнэ. Шавийн хувьд эсрэгээрээ багштайгаа ерөнхийдөө хувийн асуудлаа хуваалцаж, өөрт нь зориулсан анхаарал тавихыг хүлээдэггүй. Хэдий тэд багшаасаа хувийн зөвлөгөө авдаг ч тогтмол зочлохгүй. Харилцааны гол анхаарал нь сургаал сонсох байна. Бурханы шашны шавь хүн бүрд тулгарах ерөнхий асуудлуудыг даван гарах аргуудыг голлон багшаасаа суралцана. Ингээд тэд өөрсдийн тодорхой нөхцөл байдлуудад тэдгээр аргуудыг хэрэглэх хувийн хариуцлага хүлээнэ.   

(3) Тус бүхий харилцаанаас хүлээх үр дүн. Сэтгэл зүйн зөвлөгөөний зорилго нь бид амьдрал дахь асуудлуудтайгаа эвлэрч амьдарч сурах эсвэл тэдгээрийг багасгаснаар тэдгээр нь хүлцэж болохуйц болох явдал байна. Хэрэв бид Бурханы шашны Номын багшид энэ насны амьдралын сэтгэл зүйг сайн сайхан байлгах зорилготой хандах юм бол бид мөн өөрийн асуудлуудыг багасгахыг хүлээж болно. Амьдрал хэдийгээр хэцүү ч – Бурхан багшийн заасан Хутагтын дөрвөн үнэн сургаалын нэг дэх үнэн нь – бид зовлонг багасгаж болно гэх сургаал байна. 

Гэвч амьдралыг сэтгэл зүйн хувьд хэцүү биш болгох нь Бурханы шашны сонгодог зам мөрөөр орох ердөө эхний алхам. Номын багшийн шавь нар сайн дахин төрөл, гэтлэхүй (зовлонгоос гэтлэх), гэгээрэл гэсэн илүү том зорилгуудад хүрэхээр наад зах нь тийш чиглэсэн байна. Цаашлаад Бурханы шашны шавь нар Бурханы шашинд тайлбарладаг дахин төрлийн талаар юутай ч оюуны түвшинд ойлголттой, эсвэл түүнийг байдаг гэсэн бүрэн итгэлтэй бус ч хүлээн зөвшөөрдөг байна. Сэтгэл зүйн зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчдэд дахин төрлийн талаар эсвэл тэдний одоо байгаа нөхцөлүүдийг сайжруулахаас цааших зорилгын талаар бодох шаардлага байхгүй. 

(4) Өөрийг өөрчлөх үүргийн түвшин. Сэтгэл зүйн зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчид цагийн хөлс төлөх боловч хандлага, зан байдлаа өөрчлөх нэг насны өөрчлөлтөд өөрсдийгөө зориулдаггүй. Бурханы шашны шавь нар харин эсрэгээрээ сургаал номд төлбөр төлсөн ч, төлөөгүй ч байж болох ч тэд албан ёсоор амьдралынхаа зүг чигийг өөрчилдөг. Шавь нар аюулгүй зүгт (авралд) орохдоо Бурхан багшийн бүрэн туулж, дараа нь зааж, өндөр эрдэмд хүрсэн номын хүмүүс түүнийг дагахаар хичээн чармайсан өөрийг хөгжүүлэх үйл явцад өөрийг бүрэн зориулна.      

Цаашлаад, Бурханы шашны шавь нар амьдралд ёс зүйтэй, зөв үйл хийх, ярих, бодох үүрэг өөртөө хүлээнэ. Тэд сөрөг хэв маягаас зайлсхийн, түүний оронд ач тустай, эерэг хэв маягийг баримтлахыг аль болох их чармайна. Шавь нар хяналтгүй гарах дахин төрлийн дахин дахин гарах асуудлуудаас гэтлэхийг чин сэтгэлээс хүсэх үед тэд илүү хүчтэй үүрэг аван албан ёсоор гэргийтний эсвэл хуврагийн сахил хүртэнэ. Өөрийн хөгжлийн энэ үе шатандаа шавь нар уг чанараараа сөрөг эсвэл Бурхан багшийн тодорхой хүмүүсийн хувьд тодорхой зорилгоор зайлсхийхийг зөвлөсөн тэдгээр зан байдлуудын тодорхой хэлбэрүүдээс бүх цаг мөчид зайлсхийх насан туршийн сахилыг авна. Сүүлийн хэлбэрийн жишээ гэвэл хүлэгдэх сэтгэлийг багасгах үүднээс хуврагууд гэргийтний хувцас бус түүний оронд орхимж өмсөнө. Бүр бүрэн гэтлэх (зовлонгоос гэтлэх) сэтгэл төрүүлэхээс өмнө ихэвчлэн шавь нар гэргийтний эсвэл хуврагийн сахил хүртдэг. 

Сэтгэл зүйчдийн үйлчлүүлэгч нар эсрэгээрээ тавин минутын уулзалтын хуваарийг баримтална гэх мэт тодорхой арга техникийн дүрмүүдийг зөвлөгөөний гэрээний хэсэг болгож мөрдөхөөр санал нэгддэг. Гэвч эдгээр дүрмүүд нь зөвхөн курсийн хугацаанд хадгалагдана. Тэд курсээс гадуур нөхцөлд тэдгээрийг ашиглахгүй бөгөөд мөн чанараараа сөрөг зан байдлаас зайлсхийхийг чухалчилдаггүй, тэдгээр нь насан туршийнх биш байна.            

(5) Багш эсвэл сэтгэл зүйчид хандах хандлага. Шавь нар өөрийн Номын багшийг өөрийн хүрэхээр зорьж байгаа зүйлийн амьд жишээ болгож харна. Тэд багшийн сайн чанаруудыг зөв таньсан явдал дээр суурилж тэднийг ийм байдлаар авч үзэх бөгөөд энэ үзлээ гэгээрэлд хүрэх шаталсан зам мөрийн турш улам хүчтэй болгож, хадгална. Үйлчлүүлэгч нар эсрэгээрээ сэтгэл зүйчээ сэтгэл зүйн эрүүл мэндийн үлгэр болгож авч үзэж болох боловч тэдэнд сэтгэл зүйчийн сайн чанаруудын талаарх зөв ойлголт шаардлагатай байдаггүй. Сэтгэл зүйчтэйгээ адил болох нь харилцааны зорилго биш. Курсийн хугацаанд сэтгэл зүйч үйлчлүүлэгчээ бодит бус зүйлүүдийг тусган харахгүй байхад чиглүүлнэ.   

“Шавь” гэх үгийн зохисгүй хэрэглээ 

Заримдаа хүмүүс багш нь, эсвэл аль аль нь тэдгээр үгийн зөв утгад үнэндээ нийцэхгүй байтал өөрсдийгөө номын багшийн шавь гэдэг. Тэдний мэдлэг, туршлагагүй байдал нь ихэвчлэн бодит бус хүлээлт, буруу ойлголтууд, сэтгэл хөндөх бүр тэднийг буруугаар ашиглахад хөтөлдөг. Хүчирхийллийн хохирогч болох гэдэг нь, энэ нөхцөлд, бэлгийн, сэтгэл зүй, эсвэл санхүүгийн хувьд ашиглуулах, хүч үзүүлэх хэн нэгний аргад орох гэсэн утгатай. Номын багш нартай асуудалд амархан ордог, жинхэнэ биш-шавь нарын Баруунд нийтлэг тохиолддог гурван хэлбэрийг авч үзье.   

(1) Зарим хүмүүс Номын төвд өөрсдийн уран сэтгэмжийг гүйцэлдүүлэх зүйл хайж ирнэ. Тэд “нууцлаг Ази” эсвэл олны танил багш нарын талаар ямар нэг зүйл уншсан эсвэл сонссон байгаад өөрсдийн тийм сайн биш санагдах амьдралаа нэг ер бусын, нууцлаг зүйлээр өөрчлөхийг хүсдэг. Тэд номын багштай учраад шууд өөрсдийгөө шавь хэмээн зарлана, ялангуяа багш нь ази эсвэл орхимж өмссөн, эсвэл аль аль нь байх тохиолдолд. Тэд ази нэр устай, тухайн хүн нь орхимж өмссөн, өмсөөгүй ялгаагүй Барууны багш нарт мөн адил зан байдлыг гаргах хандлагатай байна. 

Ер бусын зүйл эрж хайсан хайгуул нь ийм зам мөр хөөгчдийн Номын багштай тогтоосон харилцааг ихэвчлэн хэврэг болгоно. Хэдий тэд өөрсдийгөө зөв эрдэм боловсрол олсон багш нарын шавь хэмээн зарласан ч тэд тэдний төсөөлөлд л болоогүй бол ямар нэг ер бусын зүйл гарахгүй бол тэдгээр багш нарыг орхино. Цаашлаад “хором зуурын шавь нар”-ын бодит бус хандлага, өндөр хүлээлт тэдний асуудал хөндөх чадварыг ихэнх тохиолдолд хаана. Ийм хүмүүс ялангуяа сайн дүр байдал эсгэсэн шашин номын хуурамч хүмүүст хууртах боломжтой болдог.       

(2) Бусад нь сэтгэл зүйн эсвэл бие махбодын зовууриа даван гарахад туслахаар төвүүдэд ямар ч аргагүйдэн ирж болно. Тэд олон янзын эмчилгээ, зөвлөгөө авч үзсэн боловч үр дүнгүй байсан байж болно. Ингээд тэд ид шид/домоор анагаах арга эрдэг. Тэд тэдэнд маанийн үрэл өгч, олон дахин унших тусгай уншлага, маани тарни хэлж өгөх, эсвэл тэдэнд зуун мянган мөргөл гэх мэт – тэр нь тэдний асуудлуудыг автоматаар засах – хүчтэй нөлөөтэй бүтээл хийлгэхээр өгч болох хэн нэгний шавь хэмээн өөрсдийгөө зарлана. Тэд ялангуяа ер бусын зүйл эрж хайсан хүмүүсийн сонирхлыг татдаг тийм төрлийн багш нарт хандана. Ид шид хайсан “шууд-засах” сэтгэлгээ нь ихэвчлэн бүр эрдэм мэдлэгтэй багшийн зөвлөгөөг дагаад ч ид шид бүхий үр дүн гарахгүй байснаар арга барагдах, цөхрөх байдалд хүргэдэг. “Шууд-засах” сэтгэлгээ нь мөн шашны нэр барьсан хуурамч хүмүүсийн зүй бус үйлдлийн хохирогч болоход хүргэнэ.    

(3) Бусад хэсэг нь, ялангуяа урамгүй болсон, ажилгүй залуус амьд хүч авах итгэл найдвар тээн нэр хүнд олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс бүхий Номын төвүүдэд ирдэг. Хүний анхаарлыг татах аугаа ихийн сэтгэлгээтэй тэдгээр хүмүүс тэднийг “шашны фашист” аргаар татна. Тэд өөрсдийн шавь гэх тэдгээр хүмүүст хэрэв тэд тэдний бүлэглэлийн бүрэн холбоотон болно гэвэл тэдэнд ихээхэн хүч өгнө гэж амлана. Ялангуяа тэдгээр муу зүйл, Бурханы шашны бохир уламжлалыг дагагчид шавь нарыг өөрийн дайсныг дарна хэмээн догшин сахиуснуудын хурц тодорхойлолтоор татна. Өөрсдийн хөдөлгөөнийг үүсгэгчийн хүний чадлаас давсан хүчтэй хүн болох тухай сүртэй түүхүүдээр тэд шавь нарын шашны, эрх мэдэлтэй албан тушаал бүхий хүчтэй удирдагч болох мөрөөдлийг биелүүлнэ гэдэг. Эдгээр амлалтад орон тэдгээр хүмүүс өөрсдийгөө маш хурдан шавь хэмээн зарлаж, захирагч багш нь ямар ч заавар эсвэл үүрэг өгснийг харанхуйгаар дагаж биелүүлнэ. 

Дүгнэлт 

Товчоор хэлбэл, Бурханы шашны төв дээр багшлах бүх багш нар жинхэнэ Номын багш байдаггүйтэй адил төв дээр сурч буй хүн бүр жинхэнэ шавь байдаггүй. Бидэнд багш, шавь гэдэг аль аль үгийн оновчтой хэрэглээ хэрэгтэй. Энэ нь шашин Номын үнэнч, дүр эсгэхгүй байдлыг шаардана. 

Top