Цогчэн гэж юу вэ?

Цогчэн нь хялбар гэсэн нэр хүндтэй байж магадгүй, гэвч түүнийг зөв бүтээхийн (дадлага хийх) тулд юуны түрүүн бид гадаад болон дотоод зэхэл бүтээл гэж бидний мэдэх зүйлийг ойлгоход асар их хүчин чармайлтыг гаргах хэрэгтэй болно. Хичээнгүй болон билгүүнээр, цогчэн нь хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх туйлын гүн, үр дүнтэй арга болдог.

Цогчэн нь сэтгэлийн хамгийн гүнзгий, нарийн, суурь түвшингүүд дээр бясалгах маш гүнзгий бясалгалын систем. “Сэтгэл” гэдэг нь үзэгдэх байдлуудыг (сэтгэлийн голограмм (хавтгай бус бодит мэт харагдах лазер дүрс)) гаргах гэсэн өөр нэг үзлээр дүрслэгдэх, сэтгэлийн орнуудтай (тусагдахуун) танин мэдэх байдлаар холбогдох тасралтгүй үргэлжлэх сэтгэлийн үйл ажиллагааг илэрхийлнэ. 

“Цогчэн” гэдэг үг, Бурханы хутгийн бүх чанарууд сэтгэлийн түвшингүүдийн хамгийн гүн, суурь түвшин болох ригпагийн (зөв (цэвэр) мэдэхүй) түвшин дээр бүгд бүрдэнэ гэдэг утгаар “их бүрдэл” гэсэн утгыг илэрхийлнэ. Хэдийгээр эхлэл мөн төгсгөл үгүй “суурь ригпа” гэх зүйл дээр ямар нэг зүйл нэмэх шаардлагагүй боловч тэдгээр чанарууд одоогоор өөрийн бүрэн чадамжаар үүрэг гүйцэтгэхгүй байгаа. Яагаад? Учир нь мэгдлийн (будилах явдал) юмсыг ойлгомжгүй болгох хүчин зүйл нь түүнтэй эхлэл үгүй цагаас эхлэн нэг зэрэг урган гарч ирсээр байгаа.      

Мэгдэл” нь бүх үзэгдлийн хоосон чанарыг – оршихуйн байх боломжгүй хэлбэрүүд огт байхгүй байх явдлыг өөрийн эрхгүй үл мэдэх явдал байна. Энэ нь ригпагийн өөрийн цэвэр ариун мөн чанар болох “өөрийг таних мэдэхүй”-г будилуулна. Энэ ариун чанар нь гурван чанартай:

  • Суурь ариун чанар – Энэ нь ойлголтын (концепт) мэдэхүй, сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүд болон бүр ердийн мэдрэхүй гарах бүхий л бүдүүн түвшний мэдэхүйгүй байна. Энэ нь мөн, үүнд оршихуйн байх боломжгүй бүх хэлбэрүүд байхгүй байх байдлаар, ариун байна. 
  • Аяндаа бий болгох – Энэ нь бүх үзэгдэх байдлуудыг (сэтгэлийн голограммууд) гаргана. 
  • Хурдан, эерэг хариу үйлдэл үзүүлэх – Энэ нь шалтгаанууд, нөхцөлүүд болон бусдын хэрэгцээ шаардлагатай холбоотойгоор хариу урган гарна. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдгээр хэрэгцээнүүдтэй энэрэн нигүүлсэх байдлаар “харилцана.”

Эдгээр гурван хэсэгтэй чанар сэтгэл, бие, хэлний үйлийг захирна. 

Суурь ригпа нь мэгдлийн энэ түр зуурын хүчин зүйлийн хамт байх үед, суурь ригпа нь зуршлуудын алаяа (цэвэр мэдэхүй болох суурь ригпа нь мэгдэлтэй хавсарсан үед хязгаарлагдмал төрлийн мэдэхүй болж үүрэг гүйцэтгэх үе) – суурь мэдэхүй болох ба түүнээс дараах зүйлүүд шалтгаална: 

  • Ой санамжууд
  • Үйлийн чадамжууд болон чиг хандлагууд 
  • Сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдэд чиглэсэн чиг хандлага болон бодгалийн оршихуйн талаарх буруу ойлголтод дээр суурилсан сэтгэлийн тайван байдал алдагдуулах хандлагууд 
  • Оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг баримтлах зуршлууд.

Цогчэн бясалгалын зорилго нь (1) мэгдлийн жинхэнэ хорихуйд хүрснээр зуршлуудын алаяаг (цэвэр мэдэхүй болох суурь ригпа нь мэгдэлтэй хавсарсан үед хязгаарлагдмал төрлийн мэдэхүй болж үүрэг гүйцэтгэх үе) үнэн зогсоож, (2) хамаг амьтанд бүрэн тус болохын тулд ригпагийн бүхий л дотоод сайн чанаруудын бүрэн үйл ажиллагаанд хүрэх явдал байна. 

Цогчэнг Төвөдийн Нингма ёс болон Боны ёсонд сургадаг бөгөөд хожим нь мөн Гаржүд ёсны өөр өөр урсгал сургуулиудад багтах болсон. Нингма ёсны сэтгэлийн есөн хөлгөний ангиллын системд үүнийг атийога гэх ба энэ нь тарнийн зургаан хөлгөний хамгийн дээд хөлгөн байна. Гэвч, өнөө үед, цогчэн-төрлийн бясалгалыг гол төлөв түүний судар болон тарнийн сургаалын хам нөхцөлөөс гадуур, жишээ нь, сэтгэлийг тайвшруулж, шаматхагийн (тайван, тогтсон сэтгэлийн төлөв) бүрэн төвлөрөлд хүрэх нэг арга болгон сургаж байна. Гэвч, гэтлэхүй (зовлонгоос ангижрах), гэгээрэлд хүрэхийн хувьд, цогчэн бүтээлийг өргөн хэмжээний сургалт болон дараах бүтээлүүдийн суурин дээр бүтээнэ (дадлага болгоно): 

  • Гадаад зэхэл бүтээл – эрдэнэт хүний төрөл, мөнх бус, орчлонгийн зовлон, үйлийн шалтгаан ба үр дагавар (ёс суртахуун), гэтлэхүйн (магад гарах сэтгэл) ач тус болон эрдэм бүхий Номын багштай тогтоох зөв, хүчтэй харилцаа
  • Дотоод зэхэл бүтээл – мөргөл, асрал хайр болон энэрэн нигүүлсэх сэтгэл дээр суурилсан бодь сэтгэл бүхий аврал (аюулгүй зүг), Базарсад бурханы ариуслын бүтээл, мандал өргөх, өөрийн биеийн чод өргөл болон багшийн йог. 

Энэ бүхнийг гүйцээсний дараа, тарнийн авшиг (эрх) хүртэж, өөрсдийн авсан сахилуудыг чанд баримтлах шаардлагатай. Үүний суурин дээр, дараагийн зүйлүүд шаардагдана. Үүнд: 

  • Махайога тарнийн бүтээл – Бурханы дүрүүд болон маани бүхий өөрийг нэг Бурханы дүрээр дүрслэх бясалгал 
  • Ануйога тарнийн бүтээл – нарийн хий, судал болон энергийн дуслуудтай ажиллах бүтээл. 

Хүчтэй эерэг хүч (буян) хураах болон эдгээр бүх бүтээлүүдийн үр дүнд гарах гүн мэдэхүй, эрдэм бүхий багшийн үлгэр дуурайл болон багшийн нарийвчилсан зааваргүйгээр цогчэн бүтээлд амжилт гаргах боломжгүй; энэ ердөө хийхэд маш нарийн, хэцүү. 

Ямар нэг урьдчилсан ойлголт (концепт), хүлээлт эсвэл санаа зовох сэтгэлгүйгээр, цогчэн бясалгалыг, “энэ,” “тэр” гэх үгэн ойлголтын (концепт) түвшний бодлуудын хооронд байх тэр зайд өөрийн сэтгэлийн үйл ажиллагааг тайвшруулахаар эхэлнэ. Агшин бүр мөн тэдгээр бодол тус бүрийн үгийн үе тус бүр нэг зэрэг урган гарч, түр оршин, дуусна. Бид урган гарч, түр оршин, дуусах хоосон чанар болон тус үйл явцыг хянах эсвэл ажиглах нэг олж болох “би” огт байхгүй байх тухай Мадхъямака тайлбарыг өмнө нь судалж, түүн дээр бясалгасан үед зөвхөн үүнийг зөв тодорхойлж чадна. Энэ нэг зэрэг урган гарч, түр оршин, дуусах явцыг дурдан санаснаар, үгэн ойлголтын (концепт) бодол аяндаа “өөрөө чөлөөлөгдөнө” – тэр нь өөрөө үгүй болно гэсэн утгатай – үүнд зориудын хүчин чармайлт гаргах шаардлага байхгүй байна, ингээд бид бодлуудын хооронд байх төлөвт төвхнөнө.  

Үүний дараа, бид өөрийн ойлголтын бус мэдрэхүйн мэдэхүйн бичил секундэд (нэг секундийг сая хуваасны нэг) нэг зэрэг урган гарах, түр орших, дуусах явцыг ялгаж мэдэх хэрэгтэй. Ийм бичил секундийн үеэр – тэдгээрийг ялгах үнэхээр хэцүү – бид зөвхөн нэг мэдрэхүйн чадварын мэдээллийг (жишээ нь, ердөө өнгө бүхий дүрсүүд) цухас хүртэнэ (мэдэрнэ); бусад мэдрэхүйн мэдээлэл болон дараагийн бичил секундийн мэдээллийг ойлголтоор (концепт) синтезэд (өөр эсвэл шинэ бүхэл зүйл гаргаж авах үүднээс өөр өөр санаа, юмсыг холбон нэгтгэх) оруулж, тус сэтгэлийн синтезийг “энэ,” “тэр” гэх үг эсвэл ойлголтоор тодорхойлох эгэл (энгийн ухаанаар) туулж мэдэх зүйлээр тодорхойлохоос өмнө. Бид бүр тэдгээр бичил секундүүдийн хооронд байх сэтгэлийн үйл ажиллагааны түвшинд төвхнөж чадах үед, бид зуршлуудын алаяад нэвтэрсэн байна. Гэвч, энэ нь хязгаарлагдмал мэдэхүйн нэг төрөл байсаар байна, учир нь энэ нь мэгдлийн хүчин зүйлүүдтэй хавсарсан хэвээр байна. 

Бид илүү гүн, илүү нарийн түвшин рүү орох хэрэгтэй бөгөөд ингэснээр бид өөрийн гурван чанар (суурь ариун чанар, аяндаа бий болгох, хурдан, эерэг хариу үйлдэл үзүүлэх) бүхий мөн чанарын гүн мэдэхүй бүхий мэдэхүйн завсрын зайг туулж мэдрэн, танина. Бид үүнийг өөрийн сэтгэлийн мөн чанарыг таних боломж олгох тусгай аргуудыг өөрийн багшийн тусламжтайгаар хэрэглэх байдлаар хийнэ. Өмнөх ануйога бүтээлээр өөрийн энергийн-судлуудын замыг “толигор” болгосон учраас сэтгэлийн үйл ажиллагааны бүх бүдүүн түвшний үйл ажиллагаа, ямар нэг зориудаар түүнийг уусгах чармайлтгүйгээр, аяндаа уусна.      

Мэгдэл зогсох үед, бидний зуршлуудын алаяа нь гэрэлтэх ригпа – энэ нь, ригпа өөрийн мэдэхүйн үзэгдэх байдлуудыг (сэтгэлийн голограммууд) идэвхтэй гаргаж, тэдгээрийг идэвхтэй таних, тус хоёрын өмнөх нь илүү давамгай байх, чанар дээр байх ригпа байна. Гэвч бид бүр үүнээс гүнзгий түвшинд орох хэрэгтэй. Гэрэлтэх ригпагийн цэвэр үзэгдэх байдлуудын бичил секундүүдийн нэг зэрэг урган гарах, түр орших, дуусах явц дээр төвлөрсөн хэвээр бид гол мөн чанарын ригпаг таних хэрэгтэй болно. Энэ нь, ригпа нь, үзэгдэх байдлууд гарах боломжийг олгож, тэднийг таних, тус хоёрын сүүлийнх нь илүү давамгай байх, “задгай орон зай” буюу “мэдэхүйн хүрээ” болох чанартаа байна гэсэн үг. Бид үүнийг таньж, үүн дээр төвлөрч байх үед бид сэтлэх үе шат (цогчэн бүтээлд хийх бүтээлийн үр дүн болох хязгаарлагдмал сэтгэлийн түвшинг сэтэлж, мөн чанарын ригпаг таних болон түүнд нэвтрэх) нэг шатанд, гэгээрэлд хүрэх зам мөр болох таван сэтгэлийн мөрийн гурав дахь сэтгэлийн мөр болох  сэтгэлийн үзэх зам мөрд (үзэхүйн зам мөрд) хүрнэ. 

Ингээд маха-йогад байх Бурхадын дүрүүдээр хийх бүтээлийн үр дүнд, гэрэлтэх ригпа нь нэг солонгон бие болох өөрийг төрүүлж, түүнийг танина; эгэл цогцуудаар бус (эгэл таван цогц: дүрст цогц, сэрэхүйн цогц, хуран мэдэхүйн цогц, хураан үйлдэхүйн цогц, тийн мэдэхүйн цогц). Ингээд, урагш-үсрэх үе шат дээр (цогчэн бүтээлд хийх бүтээлийн үр дүн болох сэтлэх үе шатаас урагш үсрэх үе шат болох гэрэлтэх ригпаг өөрийг нэг солонгон биеэр таньж, түүнд хүрснээр гэрэлтэх ригпа нь улам давамгай болж, ман чанарын ригпа нь хадгалагдсан хэвээр байх үе шат) – дөрөв дэх сэтгэлийн мөр, сэтгэлийн дасан сурах зам мөртэй (бясалгалын мөр) дүйх энэ мөр дээр, давамгай болсон мөн чанарын ригпаг нэг зэрэг хадгалахын хамтаар гэрэлтэх ригпа нь илүү давамгай болно. Гэрэлтэх ригпа болон мөн чанарын ригпа нь тэнцүү байдлаар давамгай болж ирэх үед бид тус бүтээлийн туршид хадгалсан өөрийн асар их хэмжээний асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, бодь сэтгэлийн зорилгын үр дүнд гэгээрэлд хүрч, боломжит хамгийн их хэмжээгээр хамаг амьтанд тус хүргэж чадна. 

Дүгнэлт 

Цогчэн нь ердөө сэтгэлийн өөрийн төрөлх төлөвт төвхнөх шууд, хялбар зам мөр гэдгээр олонд танигдсан байдаг. Хэдийгээр ердөө өөрийн мэдэхүйн туулах явцад тохиолдох зүйлийг таньснаар, ойлголтын (концепт) түвшний сэтгэхүй болон бусад бүх хязгаарлагдмал мэдэхүйн түвшингүүд арилж, бидний сэтгэл Бурханы бүх бүрэн чадвар бүхий өөрийн цэвэр ариун үзэгдэл гаргах нь үнэн боловч хэрэв бид энэ болон өмнөх олон төрөлдөө бүх судрын болон тарнийн зэхэл бүтээлүүдэд маш их хэмжээний хүчин чармайлт гаргаагүй бол эдгээрийн аль нь ч төрөх бараг боломжгүй. Бид мэдлэг туршлагагүй байж, цогчэн бүтээлийн хялбар биш байх явдлыг дутуу үнэлж болохгүй. Гэвч, энэ нь, хангалттай зэхэл бүтээлээр, хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх хамгийн гүнзгий аргуудын нэг байна.                       

Top