Удиртгал
Хязгаартай буюу “бага” хөлгөн болон өргөн буюу “их” хөлгөн гэсэн утгатай Хинаяана (Theg-dman) болон Махаяана (Theg-chen) гэх үл хэллэгийг Махаяана хөлгөний (Их хөлгөн) давуу шинжийг харуулах байдлаар Ялгах ухааны чандад хүрэхүй (Sher-phyin-gyi mdo, санс. Пражнапарамита судар; Билгүүний чанадад хүрэхүй судар) сударт анх дурдсан байдаг. Түүхэнд Их хөлгөний сургаалаас өмнө үүссэн, тус бүрдээ өөр өөрийн гэсэн сүм хийдийн ёс суртахууны дүрмийн (‘dul-ba, санс. винаяа) бага зэрэг өөр өөр хувилбаруудтай арван найман урсгал сургууль гарсан. Хэдийгээр зарим хүмүүс тэдгээр арван наймыг бүхэлд нь нэрлэх өөр өөр нэрүүдийг зөвлөсөн байдаг ч бид тэдгээрийн нийтээр илүү мэдэх нэршил болох Хинаяана хөлгөн (Бага хөлгөн) гэх нэршлийг ямар нэг эс тоосон санаа илэрхийлэхгүйгээр хэрэглэнэ.
Теравада (gNas-brtan smra-ba, санс. Стхавиравада) нь Бага хөлгөний тэдгээр арван найман сургуулиас бидний үед хүрч ирсэн цорын ганц сургууль. Энэ нь Шри Ланк болон Зүүн өмнөд Азид дэлгэрсэн. Энэтхэг болон Төвөдийн Их хөлгөний эх зохиолууд Вайбхашика (Bye-brag smra-ba) болон Саутрантика (mDo-sde-pa) сургуулиудын гүн ухааны үзлийг үзүүлэх үед, Бага хөлгөний тус хоёр сургууль нь дээрх арван найман сургуулийн нэг болох Сарвастивада (Thams-cad yod-par smra-ba) сургуулийн салбар урсгалууд байдаг. Төвөдийн сүм хийдийн ёс суртахууны дүрмүүд нь Сарвастивада сургуулийн өөр нэг салбар болох Муласарвастивада сургуулиас (gZhi thams-cad yod-par smra-ba) гарсан дүрмүүд байна. Иймд Бага хөлгөний сургаалуудыг тайлбарласан төвөд тайлбаруудыг Теравада ёстой андуурч болохгүй.
Зүүн Азийн Бурханы шашны уламжлалууд тэдгээр арван найман сургуулийн өөр нэг сургууль болох Дхармагуптака (Chos-srung sde) сургуулийн сүм хийдийн ёс суртахууны дүрмүүдийг дагана.
Шакяамүни Бурхан
Шакяамүни Бурхан болсон Сиддхартха ханхүү МЭӨ 566 – 486 оны хооронд Хойд Энэтхэгийн төв хэсэгт амьдарч байсан. 35 насандаа гэгээрэлд хүрч, улмаар бадарчлан явж, сургаалаа заасан. Гэр бүлгүй, шашны зам мөр хөөгчдийн нэг бүлэг түүнийг дагалдан явах болсон. Ингээд шаардлага гарсан тул Бурхан багш тус бүлэгт зориулан ёс суртахууны дүрмүүдийг бий болгосон. “Хуврагууд” сард дөрвөн удаа эдгээр дүрмүүдийг уншихаар цуглаж, гарсан байж болох ямар нэг зөрчлийг ариусгадаг байв.
Бурхан багш өөрийн гэгээрэлд хүрснээс хойш ойролцоогоор хорин жилийн дараа хуврагууд жил бүр гурван сарын борооны улирлын даяан болгож нэг газар байх уламжлалыг эхлүүлсэн. Бурханы шашны сүм хийдүүд бий болох үйл явц энэ уламжлалаас эхэлсэн. Бурхан багш өөрийн нирваан дүрийг үзүүлэхээс цөөн хэдэн жилийн өмнө эмэгтэй хуврагийн уламжлалыг бас эхлүүлсэн.
Бурханы шашны анхны ассамблей
Бурхан багш магадха хэлний (Yul Ma-ga-dha) пракрит (Tha-mal-pa) аялга дээр сургаалаа заасан, гэвч түүний амьдарч байсан хугацаанд нэг ч зүйлийг бичигт буулгаагүй. Үнэндээ, Бурхан багшийн сургаалуудыг ердөө МЭӨ I зууны эхээр анх бичигт буулгаж эхэлсэн бөгөөд эдгээр нь Теравада ёсны сургаалууд байсан. Тэдгээр нь Шри Ланкад пали хэл дээр бичигдсэн. Үүнээс хэдэн зууны өмнө хуврагууд Бурхан багшийн сургаалуудыг цээжилж, тэдгээрийг тодорхой цаг хугацааны дараа унших байдлаар хадгалж ирсэн.
Бурхан багшийн сургаалуудыг цээжээр унших уламжлал Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хэдэн сарын дараа эхэлсэн. Энэ нь таван зуун шавь байлцсан Ражагрхад (rGyal-po’i khab, одоогийн Ражгир) болсон Бурханы шашны анхны ассамблей дээр тохиосон. Уламжлалт түүх яриануудад бүх оролцогчид нь архадууд (dgra-bcom-pa), гэтэлсэн төрөлхтнүүд байсан гэж тэмдэглэсэн байдаг.
Вайбхашика хувилбарын дагуу, архадуудын гурав нь сургаалыг цээжээрээ уншсан. Хэрэв ассамблейгийн бусад бүх гишүүд эдгээр архадын уншсан зүйл Бурхан багшийн заасан сургаал чухам мөн гэж санал нэгдвэл энэ нь сургаалын үнэн зөв байдлыг батлах байв.
- Ананда (Kun-dga’-bo) судрын сургаалуудыг (mdo) (Судрын аймаг) уншсан – Бурханы шашны бүтээл (дадлага) хийх олон өөр сэдэвтэй холбоотой илтгэл.
- Упали (Nye-bar ‘khor) винаяа сургаалыг (Номхотголын аймаг) уншсан – сүм хийдийн ёс суртахууны дүрмүүд.
- Махакашяапа (‘Od-bsrung chen-po) абхидхарма сургаалыг (chos mngon-pa) (Илт номын аймаг), мэдлэгийн тухай тусгай сэдвүүдийг уншсан.
Бурхан багшийн сургаалын эдгээр гурван салбар нь Гурван аймаг савын бүтээлүүдийн ангиллыг (sDe-snod gsum, санс. Трипитака, Гурван аймаг сав) үүсгэсэн.
- Номхотголын аймаг (Винаяа) нь хувийн ёс зүйн сахилга батын талаарх сургаалуудыг багтаана,
- Судрын аймаг (Судар) нь төвлөрлийн талаарх сургаалуудыг,
- Илт номын аймаг (Абхидхарма) нь ялгах ухаан буюу “билгүүн”-ий талаарх сургаалуудыг багтаана.
Түүх яриануудын Вайбхашика хувилбарт Бурхан багшийн бүх абхидхармын сургаалуудыг энэхүү эхний ассамблей дээр уншаагүй гэсэн санааг гаргасан байдаг. Заримыг нь ассамблейгээс гадуур амаар дамжуулан хожим нэмсэн гэж өгүүлнэ.
Саутрантика хувилбарын дагуу ассамблей дээр уншсан абхидхармын сургуулиуд нь Бурхан багшийн сургаал ердөө биш байсан. Энэ аймаг савд багтах абхидхармын долоон эх зохиолыг үнэндээ тэдгээр архадуудын долоо нь зохиосон гэдэг.
Бурханы шашны хоёрдох ассамблей, Махасангхика урсгалын үүсэл
Бурханы шашны хоёрдох ассамблей МЭӨ 386 эсвэл 376 онд Вайшалид (Yangs-pa-can) долоон зуун хувраг цугласан хуралдаанаар хуралдсан. Хуралдааны зорилго нь хуврагуудын ёс зүйн сахилга баттай холбоотой арван асуудлыг шийдвэрлэх байв. Санал нэгдсэн гол шийдвэр нь хуврагуудад алт хүлээн авахыг зөвшөөрөөгүй. Орчин цагийн хэллэгээр, энэ нь хуврагуудад мөнгө зарцуулахыг зөвшөөрөхгүй гэсэн утгатай. Ингээд ассамблей Винайн аймгийг түүний ариун байдлыг бататгах үүднээс уншсан.
Теравада хувилбарын дагуу, сүм хийдийн нийгэм анх удаа хуваагдсан үйл явц энэ ассамблей дээр явагдсан. Маргаан гаргаж байсан хуврагууд Махасангхика (dGe-‘dun phal-chen-po) урсгалыг бий болгохоор салан гарсан бол хууччууд нь Теравада урсгал болж үлдсэн. “Теравада” гэдэг нь пали хэлээр “Хууччуудыг дагагчид” гэсэн утгатай. “Махасангхика” гэдэг нь “бүлгийн олонх” гэсэн утгыг илэрхийлнэ.
Бусад түүх яриануудын дагуу, бодитойгоор хуваагдсан үйл явц нь хожим нь МЭӨ 349 болсон гэдэг. Санал зөрөлдсөн гол зүйл хуврагуудын ёс суртахууны асуудлаар байгаагүй, харин гүн ухаан үзлийн талаар байсан. Санал зөрөлдсөн асуудал нь архад – гэтэлсэн төрөлхтөн нар нь сул талтай байх эсэх тухай байсан.
- Теравада ёсны хууччуул архад нар нь мэдлэгийн хувьд сул талтай (хязгаарлагдмал) гэж хүрээн зөвшөөрч байв. Жишээ нь, тэд аялж явах үедээ чиглэлүүдийг мэдэхгүй байж болох бөгөөд тийм зүйлүүдийн талаарх мэдээллийг бусдаас авч болно гэж үзэж байв. Гэвч тэд Номын асуудлын талаар бүх зүйлийг мэдэхгүй байх ба хэдийгээр тэд хүрсэн түвшнээсээ доогуур түвшинд хүрч ирэхгүй ч өөрсдийн хүрсэн эрдэмдээ бүр эргэлзэж болно гэж үзсэн. Гэвч Теравада ёсныхон архадуудыг шунал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээс бүрэн чөлөөлөгдсөн байна гэж баттай үзэж байв.
- Махасангхика буюу “бүлгийн олонх” сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн тухайд санал нийлээгүй. Тэд архадууд зүүдэндээ дур төрж, шөнө үрийн дуслыг гадагшлуулж болно, учир нь архадуудад хүсэл төрөх явдал бага хэмжээгээр байна гэж үзсэн. Ийм байдлаар Махасангхика архад болон Бурхан хоёрын хоорондын нэг тодорхой ялгааг гаргасан.
Теравада урсгалыг дагагчид Хойд Энэтхэгийн баруун нутаг руу нүүсэн. Махасангхика урсгалыг дагагчид Хойд Энэтхэгийн зүүн нутаг рүү нүүдэллэж, дараа нь Өмнөд Энэтхэгийн зүүн нутаг, Андхрагаар таран суусан. Их хөлгөний уламжлал хожим Андхрад гарсан. Барууны эрдэмтэд Махасангхикаг Их хөлгөний уламжлалын суурь гэж үзнэ.
Бурханы шашны гуравдах ассамблей, Сарвастивада болон Дхармагуптака урсгалын үүсэл
МЭӨ 322 онд Чандрагупта Мауряа, Бурханы шашны өлгий нутаг Магадха гэж олны мэдсээр ирсэн Хойд Энэтхэгийн төв нутагт Мауряагийн эзэнт улсыг байгуулсан. Эзэнт улс хурдтай хөгжиж, МЭӨ 268 – 232 онд, Ашока (Mya-ngan med-pa) хааны захиргаан дор хөгжлийнхөө оргилд хүрсэн. Энэ үеэр Мауряа эзэнт улс одоогийн Афганистаны зүүн хэсэг болон Балочистанаас Ассам хүртэл тэлэн, улмаар Өмнөд Энэтхэгийн ихэнх хэсгийг өөртөө багтаасан.
Ашока хааны төр барих үед, МЭӨ 237 онд, Сарвастивада урсгал мөн Теравада урсгалаас тодорхой гүн ухааны асуудлаар салсан. Энэ хуваагдах үйл явцыг тохиолдуулан Теравада урсгал Гуравдугаар ассамблейг одоогийн Патна, тэр үеийн Паталипутрагийн Мауряа нийслэлд эзэн хааны ивээл дор хуралдуулсан. Гэвч, тэд энэ ассамблейг тус салах үйл явцыг Сарвастивада уламжлалд тэмдэглэснээс хорин жилийн өмнө МЭӨ 257 онд болсноор тооцно. Үүний учир нь Теравада уламжлалын дагуу тус ассамблей Теравада урсгалын үзлийн ариун байдлыг бататгасны дараа, Ашока хаан дараа жил нь Бурханы шашныг өөрийн эзэнт улс болон түүнээс цааших шинэ бүс нутгуудад дэлгэрүүлэхээр төлөөлөгчдийг илгээсэн явдал байсан. Эдгээр төлөөлөгчдөөр дамжин Теравада Бурханы шашин өнөөгийн Пакистан (Гандхара, Синдх), өнөөгийн Афганистаны зүүн өмнөд нутаг (Бактриа), Гужарат, Өмнөд Энэтхэгийн баруун хэсэг, Шри Ланк болон Бирмд дэлгэрэв. Ашока хаан нас эцэслэсний дараа түүний хүү Жалока Сарвастивада урсгалыг Кашмирт дэлгэрүүлж, энэ нь тэндээс өнөөгийн Афганистанд хүрсэн.
Ассамблей хэзээ хуралдсанаас үл хамааран, түүний гол үүрэг нь Бурхан багшийн сургаалуудыг дүгнэж, Теравада урсгалын хуучныг баримтлагч өндөр тушаалын гишүүдийн зөв үзэл гэж баримтлах зүйлүүдийг үгүйсгэх явдал байв. Ассамблейн тэргүүн хувраг Моггалипутта Тисса эдгээр аналитик няцаалтуудыг Теравада урсгалын Абхидхамма аймгийн долоон эх зохиолын тавдах болсон Зөрчилдөөний сууриуд (пали. Катхаваттху) бүтээлээр нэгтгэсэн.
Бусад Бага хөлгөний уламжлалууд тус ассамблейг Теравада урсгалын бичиж үлдээсний адилаар тэмдэглэдэггүй. Аль ч тохиолдолд, хуваагдах үйл явц гарсан гол гүн ухааны ойлголтуудын нэг нь өнгөрсөн, одоо болон ирээдүйн үзэгдлүүдийн оршихуйн талаар байсан.
- Сарвастивада урсгал бүх зүйл тохиолдохоо-больсон-зүйлс, одоо-тохиолдож-байгаа-зүйлс, болон хараахан-тохиолдоогүй-байгаа зүйлсийн байдлаар оршино гэж үзнэ. Үүний учир нь юмсыг бүрдүүлэх атомууд нь мөнх байх явдал; зөвхөн тэдний авах хэлбэрүүд өөрчлөгдөнө. Иймд, атомуудын авах хэлбэрүүд нь хараахан-тохиолдоогүй-байгаа зүйлээс одоо-тохиолдож-байгаа зүйлс болж, дараа нь тохиолдохоо-больсон зүйлс болж хувирч болно. Гэвч эдгээр зүйлс тус бүрийг бүрдүүлэх атомууд нь нэг хэвээр байх мөнхийн атомууд байна.
- Теравада урсгал төдийгүй Махасангхика урсгал үр дүнгээ хараахан гаргаагүй байгаа одоо-тохиолдож-байгаа зүйлүүд, мөн тохиолдохоо-больсон зүйлс л зөвхөн оршино гэж үзнэ.
- Гэвч Сарвастивада урсгал архадууд сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлүүдийн багахан хэлбэр бүхий сул талуудтай байна гэдэг дээр Махасангхика урсгалтай санал нэгдэнэ.
МЭӨ 190 онд Дхармагуптака урсгал мөн Теравада урсгалаас салсан.
- Дхармагуптака урсгал архадуудад сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөл байхгүй байна гэдэг дээр Теравада урсгалтай санал нэгдсэн.
- Гэвч, Махасангхика урсгалын адил, Дхармагуптака урсгал Бурхан багшийг өндөрт авч үзэх хандлагатай байв. Тэд хуврагуудад өргөл өргөхөөс Бурхадад өргөл өргөх нь илүү чухал гэж үзэж, ялангуяа Бурхадын чандар агуулсан дурсгал болох суваргуудад өргөл өргөхийг онцлон тэмдэглэж байв.
- Дхармагуптака урсгал дөрөвдөх аймгийн бүлэг сургаал болох Дхарани аймгийг нэмсэн. “Тогтоон хадгалах томьёо” гэсэн утгатай “дхарани” (gzungs) нь залбирлын санскрит үгс буюу үеүдийн хэлхээ бөгөөд тэдгээрийг унших үед бүтээлчдэд (сургаалыг дадлага болгодог хүмүүс) Номын үг болон утгуудыг хадгалахад нь тусалж ингэснээр эерэг үзэгдлүүдийг хамгаалж, сөрөг үзэгдлүүдийг багасгана. Дхараниудын энэ үүсэл Хиндү шашны сонгодог бүтээл болох Бхагавад Гита зохиогдсоноор бий болсон сүсгийн сэтгэлгээний үетэй давхцана.
Дхармагуптака урсгалын суурь одоогийн Пакистаны баруун хойд бүс болон Афганистаны зүүн хойд бүсийг хамарч байсан нутаг болох Гандхарад тавигдсан. Хамгийн эрт бичгээр олдсон Бурханы шашны зохиолууд нь МЭӨ I зуунд хамаарах бөгөөд тус нутгийн хэл болох гандхари пракрит дээр байх ба тэдгээр нь голдуу Дхармагуптака урсгалын бүтээлүүд байна. Гандхари пракрит хэл нь кхарошти бичигтэй байсан бөгөөд цагаан толгойг нь түүний эхний үсгүүд болох “а ра па ца на” үсгүүдээр нэрлэж байв. Бурхадын ялгах ухааныг (билгүүн) өөртөө агуулсан Бурханы шашны дүр болох Манзушир бурханы олны хамгийн сайн мэдэх тарни нь Ум арапацани дхих байдгийг тэмдэглүүштэй. Дхармагуптака урсгал Гандхарагаас Иран, Төв Ази, мөн Хятад хүртэл дэлгэрсэн. Хятадууд эрэгтэй, эмэгтэй хуврагуудын сахилын Дхармагуптака урсгалын хувилбарыг сонгон авав. Хэд хэдэн зуун дамжин хуврагуудын ёс суртахууны дүрмүүдийн энэ хувилбарыг Солонгос, Япон болон Вьетнамд уламжлан баримтлах болсон.
Бурханы шашны дөрөвдөх ассамблей
Теравада болон Сарвастивада урсгалуудын аль аль нь өөр өөрийн дөрөвдөх асамблейг зохион байгуулсан.
Теравада урсгал өөрийн дөрөвдөх асамблейг МЭӨ 29 онд Шри Ланкад зохион байгуулсан. Бурхан багшийн сургаалуудыг тайлбарлах ялгаагаараа Теравада урсгалаас олон бүлгүүд салан гарсан ч Теравада урсгалын 500 ахлах хуврагууд болон Махараккхита урсгалын хуврагууд Бурхан багшийн сургаалуудыг жинхэнэ эхээр нь хадгалах үүднээс хамтаар тэдгээрийг уншиж, бичигт буулгаж байсан. Энэ удаад, тэдгээр сургаалуудыг пали хэлэнд орчуулсан. Гурван аймаг савын, Типитакагийн бүтээлүүдийн энэ хувилбарыг хүмүүс нийтээр Пали канон буюу Сүм хийдийн ёсны пали дүрэм гэдгээр нь мэднэ. Гэвч Бага хөлгөний бусад урсгалууд сургаалуудыг аман хэлбэрээр үргэлжлүүлэн дамжуулж байсан.
Сарвастивада урсгалын дотор сургаалуудыг тайлбарлах өөр өөр ялгаанууд алгуур гарсан. Гарч ирсэн эхний ялгаа нь Вайбхашика урсгалын өмнөх үзэл байсан. Ингээд МЭ 50 оны орчим Саутрантика үзэл гарав. Эдгээр нь тус бүрдээ абхидхарма сургаалын олон ойлголттой холбоотой өөр өөрийн гэсэн тайлбартай.
Энэ хооронд Төв Азийн Юэжчичүүдийн (уэйдэ-жайлэз. Юүэх-чих) булаан эзлэлтийн улмаас Хойд Энэтхэг, Кашмир болон Афганистаны улс төрийн нөхцөл гол өөрчлөлтөд орж байсан. Юэжичичүүд гарал үүслийнхээ эхээр Зүүн Туркистанд амьдарч байсан энэтхэг-европ хүмүүс байсан. МЭӨ II зууны сүүлээр, баруун талаасаа эхэлж дараа нь өмнө зүг рүүгээ тэлсэн өргөн газар нутгийн эзэлж байгаад улмаар Кушаны улсыг байгуулан МЭ 226 он хүртэл оршин тогтносон. Оргил үедээ Кушаны эзэнт улс өнөөгийн Тажикстан, Үзбекстан, Афганистан болон Пакистанаас эхлэн Кашмир, Энэтхэгийн баруун хойд хэсгээр дамжин Хойд Энэтхэгийн төв хэсэг болон Төв Энэтхэг хүртэл тэлсэн. Торгоны замыг Инд мөрний адаг дахь далайн боомтын хотуудтай холбох замаар тус эзэнт улс Бурханы шашныг гадаадын олон нөлөөтэй холбосон. Энэ холбоотой адил арга замаар Бурханы шашин Хятадад дэлгэрэв.
Кушаны удирдагчдаас хамгийн алдартай нь Канишка хаан байсан бөгөөд зарим эх сурвалжуудад түүнийг МЭ 78 – 102 хооронд, бусад эх сурвалжуудад МЭ 127 – 147 оны хооронд төр барьсан гэж тэмдэглэсэн байдаг. Аль аль эх сурвалжид нь Сарвастивада урсгал түүний төр барих үеэр тус улсын нийслэл хот Пурушапура (өнөөгийн Пэшавар) эсвэл Кашмирын Сринагарт өөрийн дөрөвдөх асамблейг хуралдуулсан гэж өгүүлдэг. Асамблей Саутрантика урсгалын абхидхарма сургаалыг үгүйсгэж, Их тайлбар (санс. Махавибхаша) бүтээлдээ өөрийн абхидхарма сургаалыг оруулсан. Асамблей мөн Гурван аймаг савын сургаалын Сарвастивада хувилбарын пракрит хэлнээс санскрит хэлэнд орчуулсан орчуулга болон тэдгээр санскрит эх зохиолуудыг бичигт буулгах ажлыг нягталсан.
МЭ IV -V зууны хооронд, Муласарвастивада урсгал Кашмирт Сарвастивада урсгалын Вайбхашика гол үзлээс салбарлан гарав. МЭ VIII зууны сүүлээр төвөдүүд тус урсгалын хуврагуудын ёс суртахууны дүрмүүдийн хувилбарыг авч, энэ нь Төвөдөөс Монголд, дараа нь Оросын монгол болон зарим түрэг бүс нутгуудад дэлгэрсэн.
Махасангхика урсгалын салбар урсгалууд
Энэ хооронд Өмнөд Энэтхэгийн зүүн бүсэд голлон нутагшиж байсан Махасангхика урсгал таван салбарт хуваагдсан. Тэд бүгд архадууд нь бүрэн гэтлээгүй, харин Бурхад нь хамгийн дээд төрөлхтөн байна гэж хүлээн зөвшөөрч байсан бөгөөд тэд бүгд энэ баримтлалаа цааш төлөвшүүлэн, Их хөлгөний мөрийг гаргасан. Голлох гурван урсгалыг авч үзвэл:
- Локоттаравада (‘Jig-rten ‘das-par smra-ba) урсгал Бурхан багшийг бүхнээс хэтэрсэн төрөлхтөн бөгөөд түүний бие ертөнцийн биесээс давсан бие байна гэж үзнэ. Энэ үзэл Бурханы гурван лагшингийн (бие) талаарх Их хөлгөний тайлбарын суурь болсон. Локоттаравада урсгал Афганистанд дэлгэрч, тэнд МЭ III – V зууны хооронд, дагагчид нь бүхнээс хэтэрсэн Бурхадын талаарх тэдний үзлийг харуулах асар том Бурхадын дүрүүдийг Бамияанд бүтээсэн.
- Бахушрутияа (Mang-du thos-pa) урсгал Бурхан багшийг ертөнцийн болон энэ ертөнцөөс хэтэрсэн аль аль сургаалыг заасан гэж үзнэ. Энэ нь Бурхан багшийн Хувилгааны лагшин (sprul-sku, санс. нирманакаяа) болон Төгс жаргалангийн лагшин (Бүрэн хэрэглэх) (longs-sku, санс. самбхогакаяа) хоорондын Их хөлгөний сургаалын гаргадаг ялгаанд чиглүүлсэн.
- Чатика урсгал Бахушрутияа урсгалаас салж, Бурхан багш энэ ертөнцөд залрахаас өмнө аль хэдийн гэгээрсэн байсан бөгөөд ердөө бусдад арга замыг үзүүлэх үүднээс өөрийн гэгээрлийг үзүүлж байсан гэж үзсэн. Энэ тайлбарыг хожим Их хөлгөний ёс хүлээн зөвшөөрсөн.
Их хөлгөний ёсны үүсэл
Их хөлгөний ёсны судрын ёс МЭӨ I зуунаас МЭ IV зууны хооронд Махасангхика урсгал дэлгэрч байсан бүс нутаг, Өмнөд Энэтхэгийн зүүн хэсэг, Андхрад анх үүссэн. Бурханы шашны уламжлалт түүх ярианд тэдгээр судрын сургаалуудыг Бурхан багш заасан боловч Бага хөлгөний бүтээлүүдээс илүү хувийн байдлаар амаар дамжуулж байсан гэж өгүүлдэг. Зарим сургаал нь бүр хүний төрлөөс өөр төрлийн орнуудад хамгаалагдан үлдсэн гэнэ.
Тэр үед олон нийтэд хүртээлтэй байсан Их хөлгөний хамгийн чухал судрууд нь:
- Эхний хоёр зууны үедэх Билгүүний (ялгах ухаан) чанадад хүрэхүй судар (санс. Пражнапарамита судар) болон Вималакиртигийн тайлбарын судар (Dri-ma med-pa grags-par bstan-pa’i mdo, санс. Вималакирти-нирдэша судар) – эхний судар нь бүх үзэгдлийн хоосон чанарыг авч үзэх бол удаах нь гэргийтэн бодьсадва нарыг дүрслэнэ.
- МЭ 100 оны орчим Адистидын судрын (ариун) орны гоёл (bDe-ba-can-gyi bkod-pa’i mdo, санс. Сукхавати-вюуха судар) судар – Цаглашгүй гэрлийн бурхан Амитабхагийн Сукхаватигийн ариун орныг танилцуулсан.
- МЭ 200 оны орчим Ариун Номын лянхуа судар (Dam-pa’i chos padma dkar-po’i mdo, санс. Саддхармапундарика судар) бүтээлд хүн бүрийн Бурхан болох чадварыг онцлон тэмдэглээд, иймд Бурхан багшийн сургаалуудын бүх хөлгөн уран арга болж хоорондоо нийцнэ гэж үзсэн. Тус сургаалд үзүүлсэн тайлбар маш бишрэнгүй шинжтэй.
Их хөлгөний дотор Мадхъямака (dBu-ma) болон Читтамарта (Sems-tsam-pa) урсгалууд Өмнөд Энэтхэгийн Андхрад анх бүрэлдэн тогтсон.
- Мадхъямака урсгал МЭ 150 – 250 хооронд Андхрад амьдарч байсан, Пражнапарамита судрыг тайлбарласан Нагаржуна гэгээнээс эхтэй. Уламжлалт түүх яриануудад, Нагаржуна гэгээн эдгээр судруудыг лусууд Бурхан багш тэдгээрийг Хойд Энэтхэгийн Ражагрха төв нутгийн ойролцоох Тасын цогцост (оргил) (Bya-rgod phung-pa’i, санс. Грдхракута) ууланд заасан үеэс эхлэн хамгаалж байсан далайн гүнээс олсон хэмээн өгүүлдэг. “Лус” гэдэг нь газрын мөн усны доор амьдрах хагас хүн, хагас могой биетэй төрөлхтөн.
- Читтаматра урсгал Ланка судрын гарал (Lan-kar gshegs-pa’i mdo, санс. Ланкаватара сутра) бүтээл дээр суурилсан. Хэдийгээр энэ судрыг анх Андхрад туурвисан боловч Читтаматра урсгалын сургаалуудыг МЭ IV зууны эхний хагаст, Гандхарад, өнөөгийн Пакистаны төв нутаг орчим амьдарч байсан Асанга гэгээн цааш гүнзгийрүүлэн боловсруулсан. Асанга гэгээн тэдгээр сургаалуудыг Майдар Бурханыг үзсэнээр түүнээс хүлээн авсан.
Сүм хийдийн их сургуулиуд болон тарнийн сургаалын төлөвшил
Бурханы шашны анхны их сургууль Наланда нь МЭ II зууны эхээр Ражагрха хотын ойролцоо байгуулагдсан. Нагаржуна гэгээн болон Их хөлгөний дараа дараагийн олон мэргэд тэнд багшилж байв. Гэвч тэдгээр их сургуулиуд МЭ IV зууны эхээр Гупта улс байгуулагдах үед онцгой өргөжин тэлсэн. Хөтөлбөр нь гүн ухааны үзлүүдийн судалгаанд онцгой анхаарал хандуулж, хуврагууд МЭ III – VI зууны хооронд төлөвшин тогтсон зургаан Хиндү болон Жайнизм урсгалын төлөөлөгчидтэй хурцаар мэтгэлцэж байв.
Тарнийн сургаал мөн МЭ III – VI зуунд мөн адил Өмнөд Энэтхэгийн Андхрад анх үүсэх байдлаар бүрэлдсэн. Энэ нь Гухяасамажа тарнийн (dPal gSang-ba ‘dus-pa’i rgyud) сургаал байв. Нагаржуна гэгээн үүнд хэд хэдэн тайлбар бичсэн. Бурханы шашны уламжлалын дагуу тарнийн сургаалууд нь мөн Бурхан багш тэдгээрийг заасан үеэс эхлэн Их хөлгөний судрын сургаалаас бүр илүү хувийн байдлаар амаар дамжин ирсэн.
Тарнийн сургаал удалгүй хойд зүгт дэлгэрсэн. Энэ нь МЭ VIII зууны дунд үеэс IX зууны дунд үе хүртэлх хугацаанд Оддияанад (U-rgyan), өнөөгийн Пакистаны баруун хойд хэсэг дэх Сватын хөндийд онцгой дэлгэрсэн. Хамгийн сүүлд төлөвшсөн тарнийн сургаал нь Цагийн хүрдэн тарнийн (dPal Dus-kyi ‘khor-lo’i rgyud) сургаал байсан. Энэ нь МЭ X зууны дунд үед тохиосон.
Бурханы шашны их сургуулиуд нь Хойд Энэтхэгийн Пала улсын үед (МЭ 750 оноос XII зууны сүүл үеийн хооронд) төлөвшлийнхөө оргилд хүрсэн. Викрамашила гэх мэт олон шинэ их сургуулиуд хаадын ивээл дор байгуулагдаж байв. Тарнийн сургаалыг эдгээр их сургуулиудын заримд, ялангуяа Наланда их сургуульд зааж эхэлсэн. Гэвч тарнийн сургаалд суралцаж, бүтээл хийх явдал нь МЭ VIII – XII зууны хооронд сүм хийдүүдээс гадуур, ялангуяа 84 махасиддха (grub-thob chen-po) нарын уламжлалаар илүү дэлгэрч байв. “Махасиддха” нар бол өндөр эрдэмд хүрсэн тарнийн сургаалын бүтээлчид.