Ерөөхүйн бодь сэтгэлийг үл орхиход суралцах

Ерөөх болон орох бодь сэтгэл

Бодьсадва гэдэг нь бусдад сэтгэлээ бүрэн зориулсан, тэдэнд хамгийн сайн тус болох үүднээс гэгээрэлд хүрэхийг зорьж буй хүмүүс юм. Бодь сэтгэлийн

  1. ерөөх,
  2. орох

гэсэн хоёр түвшин байдаг.

Ерөөх бодь сэтгэл нь өөрийн сул талыг даван туулж, хамаг амьтанд тус болох чадвартаа хүрэхийг хүчтэй хүссэн сэтгэл юм. Орох бодь сэтгэл гэдэг нь энэ зорилгодоо хүрэх бүтээл хийх, энэ зорилгод сөрөг нөлөө үзүүлэх үйлдлүүдээс сэргийлэх үүднээс бодьсадвын сахил сахих тухай юм. Эдгээр хоёр түвшний ялгаа нь эмч болохыг хүсэж улмаар анагаахын сургуульд суралцахтай адил.

Эгэл ерөөх бодь сэтгэл ба үүрэг хүлээх бодь сэтгэл

Тусгай ёслолын зан үйлд оролцон бид ерөөх бодь сэтгэлийг төрүүлж болно. Гэвч үүнд бодьсадвын сахил дагалдахгүй.

Ерөөх бодь сэтгэл нь хоёр үе шаттай. Үүнд:

  1. хамаг амьтны тусад Бурхан болохыг хүсэл төдийд төрүүлэх
  2. зорилгодоо хүрэх хүртэл түүнийг орхихгүй байх үүрэг авах.

Үүрэг хүлээх бодь сэтгэлээр шийдвэрээсээ хэзээ ч ухрахгүй байхад тус болох таван зүйлд суралцах үүрэг хүлээнэ. Эгэл хүсэл бүхий бодь сэтгэлийг төрүүлэхэд энэхүү үүргийг хүлээхгүй. Суралцах таван зүйлийн эхний дөрөв нь энэ насанд бодь сэтгэлээс буцахгүй байхад тусалдаг бол тав дахь нь ирээдүйн төрлүүдэд ч түүнийг алдахгүй байхад тусална.

Энэ насанд бодь сэтгэлээс буцахгүй байх сэтгэлийг төлөвшүүлэх дөрвөн зүйл

  1. Өглөө, орой бүр бодь сэтгэлийн ач тусыг дурдаж байх. Бид хүүхдүүддээ туслах шаардлагатай болох үед ядарснаа умартан, хүчээ шавхахад бэлэн байдагтай адил бидний амьдралын анхдагч сэдэл нь бодь сэтгэл бол бид бүхий л бэрхшээлийг хялбар туулж, бүхий л нөөц боломжоо ашиглаж чадна.
  2. Өдөр бүр өглөө гурван удаа, үдэш гурван удаа сэтгэлээ бусдад, гэгээрэлд зориулах ерөөл тавьж энэхүү сэдлээ бататган чангатгах.
  3. Гэгээрлийг бий болгох эерэг хүч болон гүн ойлголтыг батжуулахыг (буян хурааж, билиг ухаан төрүүлэх) чармайх. Өөрөөр хэлбэл бодит байдлын талаарх аль болох гүн гүнзгий ойлголтын үүднээс чадах чинээгээрээ бусдад үр дүнтэй туслах гэсэн үг.
  4. Тухайн нэг хүн хэдий түвэгтэй хүн байсан ч түүнд туслахыг хичээхээс хэзээ ч ухрахгүй, наад зах нь туслахыг хүсэх сэтгэлтэй байх.

Ирээдүйн төрлүүддээ бодь сэтгэлийг орхихгүй байх

Суралцах тав дахь зүйлд нь өөрийн булингар бүхий дөрвөн зан байдлыг (хар үйлийг) арилгаж, харин тунгалаг дөрвөн зан байдлыг (цагаан үйлийг) төлөвшүүлэх үүрэг багтана. Дараах дөрвөн бүлэг үйл тус бүрд эхэнд нь бидний арилгахыг хичээх булингар бүхий үйл, дараа нь төлөвшүүлэхийг хичээх гэгээтэй үйлийг дурдана.

  1. Номын багш, эцэг эх, эсвэл Гурван эрдэнийг юу ч болж байсан хуурч мэхлэхийг зогсоох. Харин үргэлж тэдэнд үнэнч, тэр дундаа бусдад туслах хүчин чарайлт, сэтгэлийнхээ хувьд үнэнч байх.
  2. Бодьсадва нарыг юу ч болж байсан буруутгах, басамжлахыг зогсоох. Хэн жинхэнэ бодьсадва болохыг зөвхөн Бурхад хэлж мэдэх учраас хүн бүрийг хиргүй сэтгэлээр бидний багш гэж үзэх. Хүмүүс бүр бохир, болхи бүдүүлэг байдлаар үйлдэл хийж байсан ч түүгээрээ тэд бидэнд тийм үйлдэл хийж болохгүйг сургаж байдаг.
  3. Бусдыг аливаа хийсэн эерэг зүйлдээ ямарч тохиолдолд харамсахад хүргэхгүй байх. Хэрэв хэн нэг хүн бидэнд захиа бичиж өгч байхдаа алдаа гаргах үед нь бид түүнд уурсан хашгичвал тухайн хүн дахин бидэнд хэзээ ч туслахгүй байх. Харин бусдыг эерэг үр дагаварт хүргэх үйл хийх, хэрэв тэд хүлээн авах хүсэл сонирхолтой бол сул талаа даван туулж, бусдад илүү их тус болох сайн чанараа илрүүлэн төлөвшүүлэхэд нь зоригжуулах.
  4. Бусдад хандахдаа юу ч болж байсан худал дүр эсгэхгүй байх. Өөрөөр хэлбэл өөрийн гэмийг нууж, өөрт байхгүй сайн чанарыг өөртөө байгаа мэт дүр эсгэх. Харин үргэлж үнэнч байж, өөрийн сул тал болон чадвараа ний нуугүй илэрхийлэх, бусдад туслах үүргийг өөртөө авах. Бусдад буруу итгэл төрүүлэн өөрийн чадлаас илүү зүйл амлах нь тэдэнд хожим маш хүнд тусна.
Top