Уур бухимдлын талаарх Бурханы шашны 8 зөвлөгөө

Бид уур бухимдлаа илэрхийлж болно гэж зөвлөдөг эрин үед амьдарч байна, гэвч Бурхан багш үүнтэй санал нийлэхгүй байх байсан болов уу. Уур бухимдлаар аливаа үйлдэл хийх нь түүнийг дараа дахин хийхэд хялбар болгож, хэзээ ч зогсохгүй эргүүлэгт хөтөлнө. Бурхан багш уурыг далдлахгүй бас гаргахгүй, харин түүнийг шинжилж, түүний цаана байх буруу бодлыг ойлгох хэрэгтэй хэмээсэн.
Study buddhism 8 buddhist tips dealing with anger

Бурханы шашинтан хүмүүс асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийн тухай, хүлээцтэй байх талаар их ярьдаг байж болох юм. Гэвч бүр Далай лам гэх мэт эрдэмтэн мэргэд хүртэл заримдаа уурладаг хэмээн хүлээн зөвшөөрч байхад үлдэж буй бидэнд найдлага бий болов уу? Шинжлэх ухаанд хүнд уур бухимдал төрөх нь хэвийн гэж үзэж, сэтгэл зүйчид бидэнд уур бухимдлаа илэрхийлэхийг зөвлөж, зарим шашин бүр зөв шударгыг баримтлан уурлаж болно гэж үзэж байж болох юм. Харин Бурханы шашин нь уур бол ямагт буруу гэдэг.

VIII зууны үед амьдарч байсан Бурханы шашны номч мэргэн Шантидэва гэгээн уурыг бидний хичээн байж хураасан сайн үйл бүгдийг үгүй хийх хамгийн хүчтэй муу үйл хэмээн тодорхойлсон. Энэ талаар бодоод үзээрэй. Буу шүүрэх боломж бүхий нэг агшны уур хүний ирээдүйг эрх чөлөөт амьдралаас нийгмээс тусгаар амьдралд түлхэн оруулж болно. Илүү өдөр тутам тохиолдох нэг жишээ гэвэл уур нь хэдэн арван жил зориулан бий болгосон нөхөрлөл, итгэлцлийг хэрхэн үгүй хийж чадаж байгаа жишээ байж болно. Эцэст нь уур бол дэлхий дээрх бүх галт бөмбөг, буу, хутгыг нийлүүлснээс илүү аюултай.

Видео: 14-р Далай лам — “Уур бухимдлыг шийдвэрлэх”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Уур бол сэтгэлийн сайхан төлөв байдал биш гэдгийг бид мэднэ, гэвч бид энэ талаар юу хийж чадах вэ? Бурханы шашин хүмүүст өөрийн сэтгэлийг өөрчлөхөд туслах энгийн аргуудыг санал болгодог. Сануулж хэлэхэд – ид шидтэй үрэл гэж байхгүй! Ингээд уур бурхимдлын талаарх хамгийн чухал Бурханы шашны 8 зөвлөгөөг танилцуулъя:

1. Энэ бол амьдрал: Орчлон

Бурхан багшийн 2500 жилийн өмнө заасан сургаал энэ санаанд шууд чиглэдэг: амьдрал үргэлж сэтгэлд хүрдэггүй. Юу гэвэл? Бидний амьдрал хэзээ ч сэтгэлд хүрэхгүй.

Бид төрдөг, үхдэг. Төрөх, үхэхийн энэ хооронд сайн үеүд ч тохионо, саар үеүд ч тохионо, олон зүйл тохиохгүй үеүд ч байж болно: энэ эцэс төгсгөлгүй эргэх орчлыг Бурханы шашинд “орчлон” (санс. samsara, мон. сансар) гэдэг. Энэ ертөнцөд төрөх үед хэн ч бидэнд амьдрал сайхан, хялбар, хэзээд хөгжилтэй байж, бүх зүйл бидний хүссэнээр болно гэж хэлээгүй. Орчлон дахь өөрийн нөцхөлийг ойлгох үед бид бусдын нөхцөлийг бас ойлгоно.

Бид бүгдээрээ хамт үүн дотор байна. Нөхцөл байдлуудад, бусдад эсвэл өөртөө уурлах нь юуг ч сайжруулахгүй. Бусад хүмүүс магадгүй бидний дургүй зүйлийг хэлж, хийнэ, учир нь – тийм – тэдний амьдрал ч бас эмх замбараагүй байна.

Ийм бодол нь бидний хандлагыг эрс өөрчилдөг. Хэдийгээр бид бүгд өөр өөрийн орчлон ертөнцийн төв мэт санагддаг байв ч энэ нь бүх зүйл бидний хүссэний дагуу явагдах ёстой – эсвэл явна – гэсэн үг биш.

2. Эрэлхэг бай: Тэвчээр

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг тэдний эсрэг сэтгэлээр шийдвэрлэх нь хамгийн сайн; галтай галаар тэмцвэл ердөө амжилтанд хүрэхгүй. Яагаад? Сэтгэл дотор хоорондоо эсрэг хоёр сэтгэл хөдлөл зэрэг байх боломжгүй. Хэн нэгэн уруу хашхичаад түүнийхээ зэрэгцээ тэвчээртэй байх боломжгүй – ийм үйл явц ердөө явагдахгүй. Тэвчээрийг олон хүмүүс ихэнх тохиолдолд бусдыг өөр дээрээ алхуулж, тэдний хүссэн зүйлийг аваад явж одох сул талын шинж гэж хардаг. Гэвч бодит байдал дээр түүнээс тийм ч өөр байдаггүй. Бухимдсан үед орилж, хашхичих хэчнээн амархан билээ? Харин тайван байж, сэтгэл хөдлөлөө хянах хэчнээн хэцүү билээ? Сэтгэл биднийг хааш нь хөтөлнө тийш дагах нь биднийг эрэлхэг болгохгүй, энэ нь биднийг сул дорой болгоно. Дараагийн удаа хашхирч өөрийн толгойг авахын ирмэг дээр тэвчээрийн сэлмээ суга татаж түүний оронд өөрийн уурын толгойг тасал.

Яаж? Хэрэв бид өөрийгөө тайван биш болж байгааг анзаарвал – уурласан үеийн богино, хурц амьсгалын шууд ерөндөг – гүнзгий амьсгал авахыг оролдоод үзэж болох юм. Хожим нь харамсах зүйл хэлэхээс сэргийлэн 100 хүртэл удаан тоолж болно. Эсвэл хэрүүл, маргаантай тулсан байгаа үед бүх зүйл эвгүйдэхээс өмнө тухайн нөхцөлөөс өөрийгөө гаргахыг хүсэж болно. Нөхцөл байдал бүр ондоо учраас өөрт тань юу илүү тохирохыг харах үүднээс тархиа ашиглах хэрэгтэй болно.

3. Бодитоор хар: Нөхцөл байдлыг шинжилж дүгнэ

Уурлах үед уур нь тулаанд туслах, сонирхлоо хамгаалах хамгийн сайн найз, нэг төрлийн хамгаалагчаар ирж байгаа мэт санагддаг. Энэ бодит биш ойлголт уурлахыг зөв гэж бодох боломж олгодог. Анхааралтай авч үзвэл уур бидний нөхөр биш, харин дайсан байдаг.

Уур нь стресс, шаналал, нойргүйдэл, хоолны дуршил буурах энэ бүхэнд хүргэнэ. Хэрэв бид хэн нэгэнд уурласаар байвал бусдад сөрөг сэтгэгдэл үлдээнэ. Тулаад харцгаая: ууртай хүний дэргэд хэн байхыг хүсэх билээ?

Биднийг ямар нэг зүйлд буруутгаж, тэр үед хэвлийд өөрийгөө хамгаалахаар булчингууд чангарч эхлэх үед түр зогсож, учир шалтгааныг нь тунгаан бодож эхлэх хэрэгтэй. Ердөө хоёр сонголт байдаг: буруушаалт нь зөв, эсвэл буруу байна. Хэрэв зөв бол яагаад уурлах ёстой гэж? Хэрэв бид боловсорч гүйцсэн насанд хүрэгчид байхыг хүсэж байгаа бол түүнийг хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцаж, амьдралаа нэг алхамаар урагшлуулах хэрэгтэй. Хэрэв зөв биш бол яагаад бас уурлах ёстой гэж? Тэр хүн алдаа гаргасан байна – энэ бидний амьдралдаа гаргаж байгаагүй зүйл гэж үү?

4. Сэтгэлээ ажигла: Бясалгал

Бясалгал болон дурдлын дасгал нь ууртай тэмцэхэд туйлын тустай байж болно. Олон хүмүүс бясалгалыг цаг үрсэн зүйл гэж хардаг байж болно – өдрийг ашиглаж өнгөрүүлэхийн оронд яагаад 20 минутыг дэвсгэр дээр сууж өнгөрүүлнэ гэж, гэдэг тийм үү? Зарим нь бясалгалыг бодит амьдралаас зугтах хүүхдүүдээс/цахим шуудан/нөхөр/эхнэрээс хол цагийг өнгөрөөх, сайхан боломж гэж хардаг.

Гэвч бясалгал бол үүнээс илүү их зүйл – энэ бол бодит амьдралын бэлтгэл. Өглөө бүр энэрэн нигүүлсэх сэтгэл дээр бясалгаад харин ажил дээрээ очмогц ажилчид уруугаа хашхичин, хамт ажиллагсадынхаа талаар гомдоллож эхлэх юм бол үнэхээр сайн биш.

Бясалгал нь сэтгэлийг тэвчээр, асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт эерэг сэтгэлүүдэд дасгадаг бөгөөд үүнийг хаана ч, хэзээ ч хийж болох зүйл юм. Хэрэв бид өглөө ажил, сургуульдаа очих хагас цагийг дуртай дуу, хөгжмөө сонсож өнгөрүүлдэг бол бидний наад зах нь хийж болох зүйл бол уур бухимдлыг багасгахад үнэхээр нөлөөтэй, биднийг хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн хүн болгох нэг зүйл болох бусдын ачийг санах сэтгэлийг үүсгэхэд арван минутыг зарцуулж болно.

5. Мэхий: Дайснаасаа суралц

Бурханы шашин гол төлөв бидний ердийн хийдэг зүйлийн яг эсрэгийг хийхийг сургадаг. Бусдад бухимдах үед биднийг түлхдэг зүйл нь хариу авах сэтгэл байдаг. Үр дүнд нь юу болох вэ? Бүр илүү их зүйл болоогүй бол, бид өмнөхөөсөө илүү өрөвдөлтэй мэт болж хоцорно. Эсрэгийг нь хийснээр бидний хүлээж байгаагаас өөр зүйл болох мэт санагдаж байв ч энэ нь эсрэг үр дүнд хүргэдэг: жаргалын зам.

Солиотой мэт санагдаж болох ч уур хүргэж буй зүйлээ багш гэж авч үзэх талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрэв бид илүү сайн байхыг хүсэж байгаа бол – энэ нь илүү тэвчээртэй, илүү асрах сэтгэлтэй, ач санадаг, жаргалтай хүн байх гэсэн үг – бидэнд дадлага хэрэгтэй. Бид бүгд дэлхийн түвшний хөл бөмбөгчин, эсвэл хийлч болохыг хүсвэл үүнд цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдана гэдгийг мэднэ, тэгвэл сэтгэлийн дасгал хийхэд яагаад үүнээс өөр байна гэж? Хэрэв бид өөрийн хүссэн зүйл бүхэнтэй санал нийлдэг, хүссэн бүхнийг хийдэг хүмүүсээр үргэлж хүрээлүүлж байвал бидэнд ямар нэг сорилт ердөө гарахгүй.

Ийм маягаар биднийг бухимдуулдаг хүн нь тэвчээр гаргахыг бодитой оролдож үзэх боломж олгож байгаа, үнэхээр эрдэнэ мэт ховор зүйл болдог. Энэ нь бухимдсан сэтгэлийн түрлэгийг шууд зогсоодог. Учир нь энэ нь тэдний бидэнд хийсэн, хийж байгаа зүйлийг харах өнцөгийг өөрчилдөг.

6. Үхлийг сана: Мөнх бус

Та ч нас эцэслэнэ. Би ч нас эцэслэнэ. Бид бүгд нас эцэслэнэ. Бидний тэвчиж чаддаггүй тэр хүн бидний бухимдлыг үнэхээр төрүүлэх зүйл хийх үед түр зогсоод, бодох хэрэгтэй: “Үхэл ирэх цагт үүнийг би анхаарах билүү?” Хариулт нь хэрэв тэр хүн дэлхийг гартаа авч, сүйрүүлэхээр үнэхээр улайрсан байгааг мэдэж байгаа биш бол бид “үгүй” л гэх байх. Энэ бяцхан зөвлөгөө үнэхээр энгийн боловч амьдралын олон жижиг бухимдлуудыг хөнгөвчлөхөд тусалдаг.

Бид бүгд өөрсдийгөө нас эцэслэнэ гэдгийг мэдэх боловч энэ бол бидний үнэхээр мэддэг зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Үхэл гэдэг бол – настай, өвчтэй, том хэмжээний осолд өртсөн бусад хүмүүст тохиолддог – хийсвэр, биднээс алс хол байдаг ойлголт. Гэвч энэ бол бодит байдал биш. Залуу хүмүүс ч настай хүмүүсээс өмнө нас эцэслэх нь байна, эрүүл хүн ч өвчтэй хүнээс өмнө нас эцэслэх нь байна, өдөр бүр тохиолддог.

Ирээдүйд гарцаагүй ирэх үхэх цагийг бодож үзэхэд (маргааш уу? жилийн дараа юу? 50 жилийн дараа юу?) нэг үгээр хэлбэл, ердөө биднээс холдон одох олон зүйлүүд юу ч биш болдог. Энэ нь тэдгээр зүйлүүд бидэнд төвөг удахаа болино гэсэн үг биш харин бид хайран цаг хугацаа, амьдрал, эрч хүчээ тэдэнд дэмий үрэх нь утгагүй гэдгийг ойлгоно гэсэг үг.

7. Юу болж байдаг вэ?: Үйлийн үр

Юу тарина, түүнийгээ хураана гэсэн утгаар хүмүүс “Хийсэн зүйлийн үр дүн өөрт эргэж нөлөөлнө” эсвэл “Энэ түүний үйлийн үр – тэр энэ бүхнийг эдлэх ёстой” гэдэг. Энэ бол үйлийн үрийг ойлгох Бурханы шашны бүрэн ойлголт биш. Бурханы шашинд энэ нь илүү нарийн, цогц ойлголт байдаг. Гэвч хүмүүс бусдын зовлонг тэдний үйлийн үр гэж заах боловч, ихэнх нь өөрөө таагүй нөхцөл байдалд байх үедээ түүнийгээ өөрсдийн үйлийн үр гэж харахгүй чимээгүй байдаг мэт санагддаг.

Бидний туулж үзэж байгаа бүх зүйл – гайхалтай сайхан цаг мөчүүдээс эхлээд хэцүү зовлон хүртэл – шалтгаанаас бий болдог. Тэдгээр шалтгаанууд нь гэнэт бидний өвөр дээр унаж ирээгүй харин бид түүнийг өөрсдөө бий болгосон. Иймд таагүй нөхцөл байдлыг туулах үедээ уур бухимдалд автахын оронд түр зогсоод, бодох хэрэгтэй: энэ хаанаас гарч ирэв, би үүнийг улам дордуулахыг хүсэж байна уу, үгүй юу?

Үйлийн үр гэдэг бол аливаад нэг л хэв маягаар хэрхэн өөрийн эрхгүй хариу үйлдэл үзүүлэх тухай юм. Үйлийн үр хэрхэн явагддагийг ойлгох үед одоо хийж байгаа зүйлээрээ ирээдүйг өөрчлөх чадвар бидэнд байгааг олж харна – энд тэр нь уур хүрэх үед тэвчээр гаргах гэсэн утгыг илэрхийлнэ.

8. Жинхэнэ биш: Хоосон чанар

Тэвчээр нь уурын шууд ерөндөг болдог бол хоосон чанар нь зөвхөн уур төдийгүй бидний бүх асуудал, бэрхшээлийн хамгийн хүчтэй ерөндөг болдог. Хэрэв бид хоосон чанарыг ойлгоогүй бол үнэндээ хэр зэрэг тэвчээртэй байхаас үл хамааран асуудлууд Энэтхэгийн борооны улиралын бороо адил бидэн дээр асгарсаар байх болно.

Уурласан үедээ нэг хором сэтгэлээ шинжилж үзэх юм бол бид нэг зүйлийг анзаарна: “би” эсвэл “намайг” гэсэн хүчтэй мэдрэмж. “Чиний надад хэлсэн зүйлд “би” үнэхээр уурлаж байна. Түүний миний найзад хийсэн зүйлд би үнэхээр итгэхгүй байна! Энэ миний зөв, түүний буруу!” Би, би, би.

Уурлах үед, үнэхээр тод томруун харагдах энэхүү “би” гэдгийг шинжилж үзэх таатай боломж гардаг. Би оршдоггүй! Энэ нь бид оршдоггүй эсвэл юу ч хамаагүй гэж хэлж байгаа хэрэг биш юм, харин “би” гэдгийг хайж үзэхэд, – сэтгэлд байдаг юм уу? биед байдаг юм уу? хоёуланд нь байдаг юм уу? – “Тийм байна, энд байна!” гэж хэлэх арга үнэндээ байдаггүй.

Үүнийг ойлгоход хэцүү боловч үнэндээ бодит байдлыг шинжилж эхлэх үед энэ нь бидний алсын харааг хүчтэй өөрчилдөг. Анхнаасаа уурлах зүйл юу ч байгаагүй гэдгийг ойлгодог.


Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Уурыг даруй анагаах”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Дүгнэлт

Ямар нэг бодитой хичээл чармайлт гаргахгүй бол “Би уурлахгүй” гэж хэчнээн олон удаа хэлсэн ч бид бүгдийн хүсдэг тэрхүү сэтгэлийн амгаланд хэзээ ч хүрэхгүй.

Дээрх санаанууд бол ердөө нэг сайхан жагсаалт биш – тэд бол уур, бухимдал, гутралаас өөрийгөө чөлөөлөхөд хэрэглэж болох бодит аргууд. Дадлага болгосноор бидний хэн ч үүнийг хийж чадна.

Top