Хардалт гэр бүлийн харилцаанд

How to jealousy ben blennerhassett unsplash

Хардалт нь биднийг бодит байдал, төсөөлөл хоёрыг ялгахгүй болгож, бидний гэр бүл, хамтын амьдралд сэв суулган, сэтгэлийн амгалан байдлыг бүрэн алдагдуулж гэр бүлийн хүн, найз нөхдийг маань биднийг орхин явахад хүргэдэг. Хэдий их бид хардаж, харамлаж, өмчирхөхийг хүснэ төдий чинээ бид бусдыг өөрөөсөө холдуулдаг. Бид бүгдэд тоо томшгүй олон хүн, юмсыг хайрлах чадамж байдгийг ойлгох нь хардалтыг даван гарахад тусална. Найз нөхөд, мэргэжил, спорт зэргийг хайрлах нь бидний гэр бүлийн биднийг гэх хайр эсвэл бидний тэднийг гэх хайрын хүчийг бууруулдаггүй; үнэндээ түүнийг баяжуулдаг.

Хардалт ба атаархал

Хардалт хэд хэдэн хэлбэртэй байна. Хэрэв та ганц бие бөгөөд гэрлэсэн ямар нэг хосод атаараж эсвэл хэн нэгний хамтрагчид татагдаж байвал энэ бол үнэндээ атаархал юм. Бид тухайн хүний хайр, анхаарлыг татах юмсан эсвэл ийм сайхан харилцаатай байх юмсан гэж хүсэж болно. Эдгээрийн аль ч тохилдол нь бид өөрт байхгүй ямар нэг зүйлийг өөртөө байлгахыг хүсэж буй явдал бөгөөд энэ нь өөрийг голох болон өөр бусад өөрийг үнэлэх үнэлэмжийн асуудлуудыг бий болгож болно.

Гэр бүлийн харилцаан дахь хардалт

Гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй хамтран амьдарч байгаа үед хардалт нь бүр илүү их сөрөг нөлөөтэй байна. Энэ үед өөр нэг хүнд байгаа зүйл дээр анхаарахаас илүүтэй өөрийн гэр бүлийн хүн эсвэл найз бүсгүй эсвэл залуу болон өөр нэг гуравдагч хүнийг авч үзнэ; бид ихэвчлэн өөрийн онцгой харилцааг тэрхүү гуравдагч хүнд алдах вий гэж эмээнэ. Бид ямар нэг өрсөлдөөн, зарим нэг тохиолдож болох шударга бус байдлуудыг хүлцэж чадахгүй болно. Жишээ нь, гэр бүлийн хүн нь өөрийн найз нөхөдтэй цагийг өнгөөрөх эсвэл ямар нэг үйл ажиллагаанд ганцаараа оролцоход бид дургүй байна. Бүр гэрийн тэжээвэр нохой ч хүртэл гэр бүлд шинэ хүүхэд төрөхөд ийм төрлийн атаархлыг гаргадаг. Ийм хардалт нь дургүйцэх, дайсагнах болон айх, болгоомжлох, үл итгэх сэтгэлийн хүчтэй элементүүдийг агуулж байдаг.

Хэрэв бид итгэлгүй байвал бидний гэр бүл эсвэл хамтран амьдрагч өөр бусадтай байх удаа бүрд хардаж эхэлнэ. Энэ бол бид өөрийн үнэ цэнэд итгэлгүй, тухайн хүний биднийг хайрлах сэтгэлд итгэхгүй байгаагийн улмаас гэр бүл, хамтран амьдрагчдаа итгэл үзүүлж чадахгүйд хүрч байгаа явдал. Биднийг орхино гэж бид боддог. Бүр гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагч нь өөр бусадтай ердөө цагийг өнгөрүүлдэггүй байсан ч ийм төрлийн итгэлгүй, айдастай байдал байж болдог. Хэт их өмчирхөх сэтгэлээр тэд биднийг хэзээ ч орхин явж болно хэмээн бодит бус байдлаар бодон эмээж байдаг.

Хардалтыг даван туулах

Хардалтыг шийдвэрлэхийн тулд бид бидний зүрх сэтгэлд хүн бүрийг хайрлах чадамж хэрхэн оршиж байдаг талаар бодож үзэх хэрэгтэй болно – энэ бол бидний Бурханы-чанарын нэг тал юм. Энэхүү үнэнийг зөвшөөрөх үед энэ нь нэг хүнийг хайрласнаар бусдыг хайрынхаа гадна үлдээх боломжгүй гэдгийг ойлгох байдлаар хардалтыг даван туулахад бидэнд тусална. Ердөө бид өөрсдийгөө, хэрхэн бид тэдгээр олон хүн, амьтан, алив зүйлд зүрх сэтгэлээ нээж болохыг авч үзэх хэрэгтэй. [Үзэх: Асрах сэтгэл гэж юу вэ?] Олонд нээлттэй зүрх сэтгэлээр бид гэр бүл, найз нөхөд, үр хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан, эцэг эх, улс орон, байгаль, тэнгэр бурхан, хобби энэ бүгдийг хайрлана. Хайр гэдэг бол тусгай зориулалт бүхий зүйл биш учраас бидний сэтгэлд энэ бүхнийг багтаах зай байдаг. Бидний хайранд багтах энэ бүх зүйлтэй холбогдож, тэдгээртэй харилцах чадамж бидэнд бүрэн дүүрэн бий. Мэдээж бид нохойгоо хайрлахдаа түүнд гэр бүл эсвэл эцэг эхдээ үзүүлдгийн адил хайр элбэрлийг үзүүлэхгүй!

Хэрэв бид өөрөө олонд нээлттэй зүрх сэтгэлтэй байж чадвал бидний гэр бүл, найз нөхөд мөн тийм байна. Хүн бүрийн зүрх сэтгэл нь тоо томшгүй олон хүн, юмыг – бүр дэлхий ертөнцийг бүхэлд нь хайрлах адилхан чадамжтай байдаг. Тэднээс зөвхөн биднийг хайрлаж, өөр бусад ямар нэг сайн нөхөрлөл, сонирхлоос хол байхыг хүлээх, бүр шаардах нь шударга бус, бодит амьдралд нийцэхгүй. Тэдний сэтгэлд биднийг бусад хүмүүсийн хамтаар багтаах зай байхгүй гэж бодох тийм багаар бид тэднийг үздэг гэж үү? Тэднийг Бурханы-чанар бүхий хайрлах чадамжаа төлөвшүүлэх, улмаар амьдралын хамгийн агуу баяр баяслаас хүртэхийг та хорьж байна гэж үү?

Энд бид гэр бүлээс гадуурх сексийн харилцааны тухай яриагүй байна. Нэг эхнэр, нөхөртэй эсвэл сексийн нэг харилцагчтай байх мөн гэр бүлээс гадуур сексийн харилцаатай байх гэх мэт асуудлууд нь үнэхээр ярвигтай бөгөөд дараа дараагийн олон асуудлуудыг дагуулж байдаг. Ямар ч тохиолдолд хэрэв бидний сексийн хамтрагч, ялангуяа бидний гэр бүл үнэнч биш байх эсвэл олон цагийг бусадтай өнгөрүүлдэг бол – ялангуяа бага насны хүүхэдтэй үед – хардах, дургүйцэх, өмчирхөх сэтгэл хэзээ ч тустай сэтгэл зүйн хариу үйлдэл болохгүй. Бид тухайн нөхцөлийг тайван, ухаалаг аргаар шийдэх хэрэгтэй. Учир нь гэр бүл уруугаа хашхичих эсвэл тэднийг гэм буруутай болгохыг оролдох нь тэдний хайр хүндэтгэлийг хүлээх бидний оролдогод барагтай л бол амжилт авчрахгүй.

Зүрх сэтгэлээ нээж бусдыг асарч хайрлах

Ойр дотно асрал хайр бүхий нөхөрлөлийг зөвхөн нэг хүнийг тусгайлан хайрлах гэж ойлгох үед бид хайр нь бидэнд чухал байх зөвхөн нэг хүн – бидний гэр бүл эсвэл найз – байна гэж боддог. Биднийг хайрладаг олон өөр хүн байсан ч бид “Тэр бол чухал биш” гэж бодон бодит байдлыг хайхрахгүй байх хандлагатай байдаг. Аль болох олон хүнд зүрх сэтгэлээ байнга нээж, бусдын – найз нөхөд, ах дүү, бидний тэжээвэр амьтад гэх мэт – одоо биднийг хайрлаж байгаа, өнгөрсөнд хайрласан, ирээдүйд хайрлах хайрыг хүлээн авах нь бидэнд сэтгэл зүйн хувьд илүү итгэл дүүүрэн байхад тусалдаг. Энэ нь эргээд бидэнд хэн нэг хүнийг тусгайлан хайрлах ёстой гэж үзэх хандлагаа даван туулахад тусална.

Бүхнийг мэдэх, бүхнийг хайрлахын аль аль нь хүн бүрийг өөрийн сэтгэл, зүрхэндээ багтаахыг хэлнэ. Бурхан нэг хүн дээр анхаарал хандуулахдаа түүн дээр 100% анхаарлаа төвлөрүүлдэг. Иймд хүн бүрийг хайрлах үед хүн тус бүрийг хайрлах хүч бага байна гэсэн үг биш. Хэрэв бид олон хүнд зүрх сэтгэлээ нээвэл бидний хувийн эсвэл гэр бүлийн харилцааны хүч сул эсвэл бага болно гэж эмээх шаардлагагүй. Бид бүх зүйлийг хангаж өгөх зөвхөн нэг харилцаанд баригдах, түүнээс шалтгаалах нь бага болж, харилцаж буй нэг хүнд харьцангуй бага цаг зарцуулах боловч харилцаа нь бүрэн төгс байх боломжтой болж болно. Бусдын биднийг хайрлах хайрын хувьд ч энэ бас адилхан байна. Бид тухайн хүн бусадтай сайхан харилцаатай байгаа учраас түүний биднийг хайрлах хайр сул байна гэж харддаг. Энэ бол тийм биш.

Бүх талаараа бидний дутууг гүйцээх, түүнтэй өөрийн амьдралын бүхий л талыг хуваалцах, бидний “нөгөө тал” болох, бидэнд өв тэгш таарах нэг хүний тухай бодох нь бодит байдалд нийцэхгүй. Энэ санаа нь бид анх нэг бүхэл бодгаль байж байгаад түүнээс хуваагдан хоёр болон гарсан хэмээх Платогийн зохиосон эртний грек домог дээр суурилсан байдаг. Хаа нэгтээ “нэг газар” бидний нөгөө тал байна; жинхэнэ хайр сэтгэл бол бид нөгөө талаа олж нэгдэх үе гэдэг. Хэдийгээр энэ домог Барууны хайр дурлалын үзэл санааны суурь болсон ч энэ нь бодит байдалд нийцдэггүй. Үүнд итгэх нь цагаан морь унасан дур булаам хунтайж ирж биднийг аварна хэмээн итгэхтэй адил. Бидэнд бүхий л сонирхол, хэрэгцээгээ хуваалцах олон найз нөхөд бүхий сайхан нөхөрлөл хэрэгтэй. Хэрэв энэ бидний хувьд үнэн бол энэ нь бидний гэр бүл, найз нөхдөд ч адил байна. Бид тэдний бүх хэрэгцээг хангах боломжгүй учраас тэдэнд ч бас өөр нөхөрлөл хэрэгтэй.

Дүгнэлт

Бидний амьдралд хэн нэгэн шинэ хүн орж ирвэл түүнийг бид бидний цонхон дээр ирсэн нэг гайхалтай шувуу адилаар харах нь чухал. Хэрэв бид тэрхүү шувууг бусдын цонхон дээр очиж суух вий хэмээн хардаж түүнийг барьж авч торонд хийвэл тэрээр баяр баясгалан үгүй, золгүй нэгэн болж, бүр үхэж ч болно. Хэрэв өмчирхөх сэтгэлгүйгээр бид түүнийг чөлөөтэй нисгэвэл тэр шувууны бидэнтэй хамт байгаа гайхалтай хугацааг баяртай өнгөрүүлж болно. Түүний эрх учраас шувуу нисэн одох үед хэрэв түүнд бидний дэргэд байхад аюулгүй мэт санагдсан бол эргэж ирэх илүү их магадлал бий. Хэрэв бид хүн бүр биднийг оролцуулсан олон дотно найзтай байх эрхтэй гэж хүлээн зөвшөөрч, түүнийг хүндэтгэх юм бол бидний харилцаа илүү эрүүл, илүү бат тогтвортой байна.

Top