Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд (Нисванис)
Бид бүгд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл (Скрт. клеша, хорт сэтгэл, нисванис) буюу сэтгэлийн тайван байдал алдагдуулснаар өөрийгөө хянах чадваргүй болгодог сэтгэлийн төлөв байдлыг туулдаг. Нийтлэг жишээнүүд нь шунал, хүсэн хүлэгдэх сэтгэл, үзэн ядах сэтгэл, уур, атаархал юм. Тэдгээр нь сэтгэлийн янз бүрийн хандлагыг, тэр дундаа сөрөг үр дагаварт хүргэх үйлдэл хийх хандлагыг өдөөдөг. Тэрхүү хандлага нь бусдад эсвэл өөр рүүгээ чиглэсэн сөрөг үр дагаварт хүргэх үйлдэл хийх явдал байж болно. Үүний үр дүнд бид бусдад болон өөртөө юуны түрүүнд гарцаагүй, асуудал, зовлонгуудыг бий болгоно.
Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг маш олон янзын сэтгэл хөдлөл бий. Тухайн нэг нийгэм олонхи хүмүүсийнхээ нийтлэг туулдаг сэтгэл хөдлөлийг өөрсдөө тодорхойлж, тэдгээрийг шинж чанараар нь ангилж түүндээ нэр өгдөг. Мэдээж соёл тус бүр өөрийн гэсэн нийтлэг сэтгэл хөдлөлүүд, тэдгээрийг тодорхойлох өөр өөр шинж чанаруудыг тодорхойлсноор сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн олон өөр ангилал бий болдог.
Соёл бүрийн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг ангилсан ангилал нь ихэнх тохиолдолд яг давхцдаггүй. Учир нь тэдгээрийг тодорхойлсон тодорхойлолт нь бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь санскрит, төвд хэлэнд “атаархал” гэдэг утгатай нэг үг байдаг бол барууны ихэнх хэлэнд ийм утгатай хоёр үг бий. Англи хэлэнд “jealousy”, “envy” гэдэг үгнүүд байдаг бол герман хэлэнд “Eifersucht”, “Neid” гэдэг үгнүүд байх жишээтэй. Англи хэлний тэдгээр хоёр үгний хоорондын ялгаа нь герман хэлний дээрх хоёр үгний хоорондын ялгаатай адил байдаггүй, санскрит, төвд хэлний үгнүүд нь дээрх хоёр хэлний тэдгээр үг хэллэгүүдийн аль алинтай нь тохирдоггүй. Хэрэв барууны хүмүүс бид энэхүү ерөнхий ангилалаар тодорхойлогдох сэтгэл хөдлөлийн асуудлыг өөрийн хэл, соёлынхоо хүрээнд томьёолон ойлгож, түүнийг даван туулах үүднээс Бурханы шашны аргад суралцахыг зорьж байгаа бол бид сэтгэл хөдлөлөө задлан шинжлэх хэрэгтэй болох байх. Учир нь бид Бурханы шашинд тодорхойлсон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хэд хэдэн сэтгэл хөдлөлийг нийлүүлэн нэг ойлголт болгосон байдаг.
“Атаархал”-ыг тодорхойлсон Бурханы шашны тодорхойлолт ба англи хэлэн дэх “жөтөө” гэдэг үгийн утга
Бурханы шашны абидармын сургаалд “атаа” гэдгийг дургүйцлийн нэг хэсэг гэж тодорхойлсон байдаг. Тэдний тодорхойлсноор атаа нь “бусад хүмүүсийн ололт бүтээл, тухайлбал тэдний сайн чанар, эд хөрөнгө, эсвэл амжилтанд их анхаарал хандуулан, өөрт эд зүйл, хүндлэл хэт хүссэнээс тэдний ололт бүтээлийг тэвчиж чадахгүй байх сэтгэлийн тайван байдал алдагдууладаг нэг төрлийн сэтгэл хөдлөл” юм.
Энэ тохиолдолд хэт хүсэх гэдэг нь бусдын биднээс илүү амжилт гаргаад буй амьдралын нэг үйл явдалд илүү их анхаарал хандуулан түүний эерэг талыг хэтрүүлэн үнэлэх гэсэн утгыг илэрхийлнэ. Сэтгэлдээ бид амьдралын энэхүү үйл явдлыг амьдралын хамгийн чухал талуудын нэг болгож өөрийн үнэ цэнийн мэдрэмжийг түүн дээр үндэслэн тодорхойлдог. “Би”-д хүлэгдэх, түүнд хэвийн хэмжээнээс их санаа тавих зэрэг нь далд явагдаж байдаг. Иймд бид амьдралын энэ хүрээн дэх “өөрийн хүртэх зүйл эсвэл нэр хүндэд хэт сонирхсон” учраас атаархдаг. Жишээ нь бид өөрт буй мөнгө хөрөнгө, эсвэл харагдах байдалдаа маш их анхаардаг байж болно. Дургүйцлийг багтааж байдгаараа атаархал нь энэхүү өөр рүүгээ чиглэсэн сонирхол дээр тухайн хүрээн дэх бусдын хүрсэн зүйлд хүчтэй дургүйцэх хандлагыг багтаана. Энэ бол бусдын хүрсэн амжилтанд баясаж бахдахын эсрэг хандлага юм.
Англи хэлэн дэх атаархлыг тодорхойлсон тодорхойлолтуудын нэг нь “давуу талаа эдэлж буй хэн нэгэнд дургэйцэх” гэсэн утгыг илэрхийлнэ. Үүнд Бурханы шашинд тодорхойлсон утгын зөвхөн нэг хэсэг нь багтдаг. Нөгөө хүний давуу тал давамгайлсан амьдралын тухайн хүрээнд анхааран хүлэгдэх хүчин зүйл нь орхигдсон. Энэхүү тодорхойлолт нь зөвхөн тухайн давуу тал үнэн, эсвэл худал байж болох утга санааг илэрхийлж харин тухайн хүрээний бодит ач холбогдол эсвэл “би”-д хэт санаа тавих явдлыг багтаадаггүй.
Бурханы шашинд тодорхойлсон атаархал гэдэг ойлголтонд англи хэлний жөтөө гэдэг үгийн бүх утга бус, зарим утга нь багтана. Жөтөө гэдэгт бага зэрэг илүү утга санаа агуулагддаг. Тэр нь Бурханы шашны “хомхой сэтгэл” гэж нэрлэдэг сэтгэл юм. Хомхой сэтгэл гэдэг нь “хэн нэг өөр хүний эзэмшиж буй зүйлийг хэт их хүсэх” сэтгэл. Ийнхүү жөтөө гэдэг үг нь англи хэлэнд “хэн нэг хүний эдэлж буй давуу талд хөндүүр, дургүйцэх сэтгэлээр хандах, түүнийг адилхан эдлэхийг хүсэх” гэж тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, жөтөө нь, Бурханы шашинд дурддаг өөр бусдын амжилт гаргасан амьдралын нэг үйл явдал, тухайн хүрээний ач холбогдлыг хэтрүүлэн үнэлж түүнийг тэвчиж чадахгүй байх ба тийм амжилтыг өөрөө гаргахыг хүсэх сэтгэл юм. Бид ядуу эсвэл амьдралын тухайн хүрээний зүйлээр дутмаг, эсвэл бидэнд боломжийн хэмжээний, бүр илүү ч хэмжээтэй байж болно. Хэрэв бид жөтөөрхөн түүнээсээ илүү ихийг хүсвэл хомхой сэтгэл нь шунал болно. Заавал тийм байх албагүй ч, ихэнх тохиолдолд жөтөө нь цаашлан бусдыг хүрсэн зүйлээс нь салгаж, өөрөө түүнийг нь хүртэх хүслийг дагуулдаг. Энэ тохиолдолд сэтгэлд дараа дараагийн сэтгэл хөдлөл болох хорсох сэтгэл төрдөг.
Жөтөөнд атаархал болон хомхой сэтгэл хоёр хоршиж байдаг учраас энэ нь өрсөлдөөнд хөтөлдөг. Ийм ч учраас Трунгпа Ринбүүчи атаархал нь биднийг маш их өрсөлдөх сэтгэлтэй болгож, бусдаас эсвэл өөрөөсөө илүү сайн байхын тулд улайран ажиллахад хүргэдэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл хэмээн ярьж байсан. Энэ нь бид бүгдэд байдаг бурханы “үйл бүтээгч” гэж нэрлэгддэг догшин чанартай холбоотой юм. Бусдын хүрсэн амжилтанд атаархаж, жөтөөрхсөний улмаас бид өөрийгөө болон ойр тойрны бусад хүмүүсээ спорт болон бизнесийн ширүүн өрсөлдөөнд байдгийн адил илүү ихийг хийхийг шахдаг. Иймээс ч Бурханы шашинд атаархалыг мориор төлөөлүүлдэг. Морь нь өрсөлдөх сэтгэлийн үүднээс бусад морьтойгоо уралддаг бөгөөд бусад морьд илүү хурдан давхихыг тэвчиж чаддаггүй байна.
[Үзэх: Язгуурын таван бурханы чанар өдөр тутмын амьдралд: Гэлүгийн Ануттарайога тарнийн ёс ба Карма Гаржүдийн Махамудра ёс]
Атаархал ба өрсөлдөөн
Хэдийгээр атаархах сэтгэл нь заавал өрсөлдөөнд хүргэдэггүй ч Бурханы шашинд атаархлыг өрсөлдөөнтэй нарийн холбоотой гэж үздэг. Хэн нэг хүн бусдад атаархаж байвч өөрийгөө доогуур үнэлсэнтэй холбоотойгоор өрсөлдөхийг оролддоггүй. Үүний адил өрсөлдөх нь заавал атаархалтай холбоотой байх албагүй. Зарим хүмүүс ердөө хөгжилдөх үүднээс, өөрийгөө болон бусдыг хөгжөөхөөр, оноог эрхэмлэхгүйгээр спорт тоглоомоор өрсөлдөх дуртай байдаг.
Бурханы шашинд атаархал болон өрсөлдөх сэтгэлийг өөрөөр холбон авч үздэг. Жишээ нь Шантидэва гэгээн Бодьсадвын явдалд орохуй (Скрт. Бодичаряаватара) бүтээлдээ өөрөөсөө илүү хэн нэгэнд атаархаж, өөртэйгөө адил хэн нэгэнтэй өрсөлдөж, өөрөөс дорд нэгэнд оморхох тухай дурдсан байдаг. Энэ нь хамаг амьтныг тэгшид үзэж сурах санааг илэрхийлж байгаа юм.
Бурханы шашны анхаарлаа хандуулдаг асуудал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг дээрх гурван сэтгэл хөдлөлийн цаана байх “би” бол маш чухал гэх сэтгэл юм. Жишээ нь, найздаа машин хэрхэн жолоодохыг заах гэх мэт ямар нэг даалгаварыг зөвхөн “би” хамгийн сайн, зөв хийж чадна гэж бодох ба хэрэв хэн нэг өөр хүн зааж байвал бид атаархдаг. Энэ нь заавал өрсөлдөөнд чиглүүлэх албагүй. Харин амьдралдаа амжилттай байх гэх мэт зарим нэг тодорхой зүйлийг зөвхөн “би” хүртэх эрхтэй мэт санаж хэрэв хэн нэгэн өөр хүн амжилттай байвал жөтөөрхөн өрсөлддөг. Бид тодорхой хэмжээнд амжилт гаргасан байсан ч тухайн хүнээс илүү сайн байх ёстой гэдэг. Дээрх хоёр жишээнд, атаархах, жөтөөрхөхийн аль алины цаана “би”-г эрхэмлэсэн хүчтэй сэтгэл, цаг үргэлж зөвхөн өөртөө хүчтэй анхаарах сэтгэл байдаг. Бид өөрсөдтэйгөө адил бусдыг авч үздэггүй. Бид өөрсдийгөө онцгой гэж үздэг.
Ийм атаа, жөтөө, өрсөлдөх, оморхох сэтгэлээс үүдэлтэй асуудал, бэрхшээлийг арилгах Бурханы шашны санал болгодог арга нь энэ бүхний цаана байх “би”, “чи” гэдгийн талаарх буруу ойлголтыг засах явдал. Бид хүн бүрийг адил тэгш гэж үзэж, ойлгох хэрэгтэй. Хүн бүрт бурханы чанар бий гэдэг утгаараа бүгдэд нь суурь адилхан чадвар бий. Хүн бүр аз жаргалтай, амжилт бүтээлтэй байхыг хүсдэг, зовж зүдрэх, хүссэн зүйлдээ хүрч чадахгүй байхыг хүсдэггүй. Хүн бүр аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх, зовж зүдрэхгүй, хүссэн зүйлдээ хүрэх адилхан эрхтэй. Ингэж үзвэл “надад” онцгойрох зүйл юу ч байхгүй. Бурханы шашин нь мөн хүн бүрийг адилхан аз жаргалтай байхыг хүсэх асрал хайрын сэтгэлийн талаар сургадаг.
Хүн бүрт байх бурханы чанар болон асрал хайрын сэтгэлийн үүднээс хүн бүрийг тэгш үзэж сурах үед бидний хүрснээс илүү их эсвэл бидэнд байхгүй амжилтанд хүрсэн хэн нэгэнд чөлөөт сэтгэлгээгээр ханддаг. Бид хүн бүрийг аз жаргалтай байхыг хүсэж байгаа учраас тэдний амжилтанд баярлаж баясдаг. Бид бусадтай өрсөлдөж, тэднээс илүү байхыг хүсдэггүй харин тэдэнд амжилтанд хүрэхэд нь туслахыг хичээдэг. Биднээс бага амжилттай байгаа нэгэндээ амжилт гаргахад нь туслахыг хичээх ба тэднээс илүү байна хэмээн сайрхан бардамнаж, тэднийг тавладаггүй.
Атаархал, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх соёлын хүчин зүйл
Бурханы шашны эдгээр аргууд нь маш гүнзгий бөгөөд ялангуяа аяар зөндөө гарах атаархал, өрсөлдөөн нь барууны соёлын тодорхой үнэлэмжүүдээр улам нэмэгдэн, хүчтэй болж, бүр сайшаагдаж байгаа тохиолдолд хэрэглэхэд бүр хэцүү. Бараг бүх хүүхдүүд нь хожиж түрүүлэхийг хүсэх ба хожигдвол уйлах жишээтэй. Барууны олон орнууд капитализмыг ардчилсан нийгмийн хамгийн сайн жам ёсны хэлбэр гэж үздэг. Үүний цаана байгалийн шалгаралын онол байх бөгөөд энэ нь асрал, хайр энэрэлээс илүү өрсөлдөөнийг амьдралын үндсэн хөдөлгөгч хүч гэж тодорхойлдог. Барууны соёлд утга учиргүй, хийрхэл бүхий спортын тэмцээндүүдэд түрүүлэх, амжилт гаргах, дэлхийн хамгийн баян хүн, сайн тамирчин байхын чухлыг бататгаж байдаг.
Түүнчлэн ардчилалын улс төрийн тогтолцоо, сонгууль нь өөрсдийгөө нэр дэвшүүлэн албан ажлын хувьд өрсөлдөгчөөсөө хэр сайн болохоо сурталчилж сонголт хийлгүүлэх өрсөлдөөнийг шаардана. Барууны орнуудад түгээмэл байдагчлан ийм сурталчилгааны ажилд өрсөлдөгчийнхөө байж болох бүх сул талыг олж илрүүлэхэд маш их хүчин чармайлт гарган бүр хувийн амьдралынх нь асуудлыг хөндөж, хувь хэмжээг хэтрүүлэн, түүнийг нэр хүндийг нь унагах үүднээс өргөн хэмжээнд сурталчилдаг. Атаархал, өрсөлдөөн дээр суурилсан ийм төрлийн үйл ажиллагааг олон хүмүүс бүр сайшаан, зөв гэж үздэг.
Харин Төвдөд бусдыг муушааж, өөрийгөө тэднээс илүү гэх ямар ч хүн рүү хөмсөг зангиддаг. Үүнийг сөрөг зан чанар гэж тооцно. Үнэндээ бодьсадвын үндсэн сахилын хамгийн эхний сахил нь өөрийгөө магтаж, өөрөөсөө доогуур тушаалтай тэдгээр хүмүүсийг муушаахгүй байх явдал бөгөөд сонгогчдод дээрхийн адил сурталчилгаа явуулах нь үүнд хамаарч болно. Ийм үйлдлийн санаа нь тухайн үйлдлийг хандан хийж байгаа хүмүүсээс ашиг тус, магтаал, хайр, хүндлэл зэргийг хүртэхийг хүссэн байдаг бол муушааж буй хүмүүст атаархах атаархал дээр үндэслэдэг. Бидний хэлж буй зүйл үнэн эсвэл худал байх нь ялгаагүй. Харин эсрэгээрээ өөрийнхөө тухай ярихдаа даруу байдлаар “надад чадах, мэдэх зүйл байхгүй” гэхийг магтууштай гэж үздэг. Ийм учраас хэрэв ардчилал болон сонгуулийн сурталчилгааг барууны хэв маягаар нь Төвдийн нийгэмд нэвтрүүлбэл үнэхээр гажууд, тохиромжгүй байх болов уу.
Ердөө нэр дэвшье гэж хэлэхийг хүртэл бусдад туслах сэдэлгүй, омог бардам зангийн шинж гэж үзнэ. Байж болох цорын ганц нэр хүндэд нөлөөлөх хэлбэр нь нэр дэвшигчийн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ чадвар, амжилтуудыг өрсөлдөгч нартай нь харьцуулахгүйгээр, тэдний талаар ямар нэг муу зүйл ярихгүйгээр бусдад хүргэх ба нэр дэвшигч өөрөө ийм зүйлийг ер дурддаггүй байна. Гэвч ийм үйл ажиллагаа бараг болдоггүй. Ихэнх тохиолдолд язгууртан гэр бүлийн эсвэл хойд дүрийн лам нар гэх мэт олонд танигдсан хүмүүсээс нэр дэвших хүсэлтэй байгаа эсэхийг бараг асуухгүйгээр нэрийг нь дэвшүүлдэг байна. Хэрэв тэд өрсөлдөх хүсэлгүй байгаагаа илэрхийлбэл түүнийг даруу зангийн илэрхийлэл гэж үзнэ. Учир нь шууд “зөвшөөрч байна” гэж хэлэх нь бардам, эрх мэдэлд тэмүүлж байгаагийн илэрхийлэл болно. Нэр дэвшигч нэрээ татах нь бараг боломжгүй. Ингээд сурталчилгаагүйгээр сонгууль явагдах ба хүмүүс нь хамгийн их олонд танигдсан нэр дэвшигчид саналаа өгдөг байна.
Иймд Бурханы шашны бусдын ялалтанд баярлах, бүр түүнчлэн бусдад ялалт өгч өөрөө ялагдлыг хүлээх арга нь капитализм хийгээд барууны сонгуулийн тогтолцоог ёс зүйт гэж үздэг барууны хүмүүст хэрэглэж үзэхэд тохиромжтой эхний арга биш байж болох юм. Барууны хүмүүсийн хувьд бид эхлээд өөрсдийн үнэлэмжийнхээ хүчин төгөлдөр, зөв зүйтэй эсэхийг дахин нягталж үзээд, атаархал, өрсөлдөх сэтгэлийн аяндаа гарч ирэх хэлбэр рүү хандахаасаа өмнө тэдгээр нийгмийн үнэлэмжээс шалтгаалан гарах, үзэл баримтлал дээр суурилсан хэлбэртэй нь ажиллаж эхлэх хэрэгтэй болов уу.
Барууны соёл дээр суурилсан атаархал, өрсөлдөөний харьцангуй байдлыг ойлгоход тустай байж болох нэг жишээ бол Энэтхэгийн зах зээл. Энэтхэгт бөс бараа, үнэт зүйл, ногооны гэх мэт захууд бий. Эгнээ бүхий лангуу, дэлгүүрүүд байх бөгөөд бүгд бараг адилхан бараа зарна. Эздүүд нь бараг бүгдээрээ хоорондоо найз бөгөөд дэлгүүрийнхээ гадаа хамт сууцгааж, цай ууна. Тэд ашиг орлого нь тэдний үйлийн үрээс шалтгаална гэж үздэг.
Атаархал барууны ойлголтоор
Бурханы шашинд атаархалын талаар ярихдаа хэдийгээр бүх утгыг нь хамрахгүй ч гэсэн англи хэлэнд “жөтөө” гэж тодорхойлогдох сэтгэлийн тайван байдал алдагдуулах сэтгэл хөдлөлийг юуны түрүүнд авч үздэг бол англи хэлэнд өөр нэг адил төстэй сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг “атаархал” гэж тодорхойлдог. Ихэнх барууны хүмүүсийн хувьд энэ төрлийн атаархал нь Бурханы шашинд тодорхойлдог атаархлаас бүр илүү их зовлон бэрхшээлийг бий болгодог байна.
Атаархалын энэ хэлбэр нь бусад хүний бидэнд байхгүй зүйлд анхаарал хандуулахаас илүүтэйгээр бусад хүний бидэнд бус өөр бусдад өгч буй зүйл дээр анхаардаг. Иймээс ч англи хэлний толь бичигт атаархалыг тодорхойлсон эхний тодорхойлолт нь “мөчөөрхөл эсвэл шударга бус байдлыг тэвчихгүй байх” гэж байдаг. Жишээ нь бид гэр бүлийнхээ хүнийг гэр бүлээс гадуур явах, бусадтай их цагийг өнгөрүүлэхэд атаархдаг. Бүр нохой ч хүртэл гэр бүлд шинэ хүүхэд төрөхөд энэ төрлийн атаархалыг гаргадаг. Энэ мэтчилэн үүнд Бурханы шашинд тодорхойлдгийн адил дургүйцэх, сөргөлдөх элементээс гадна айх, үл итгэх маш хүчтэй элементүүд байдаг.
Өөртөө итгэлгүй айдастай тохиолдолд үерхдэг хүн, эсвэл гэр бүлийн хүн нь өөр хэн нэгэнтэй байвал бид атаархдаг (бухимддаг). Энэ бол бид өөрийнхөө үнэлэмжиндээ итгэлгүй, тухайн хүний “өөрийг тань” хайрлах хайранд итгэлгүй байгаагийн шалтгаан бөгөөд ийм ч учраас тэдэнд итгэдэггүй байна. Тэр “намайг” орхих вий гэж айдаг.
Ийм төрлийн сэтгэлтэй ажиллахын тулд бид хүн бүрийн адил тэгш байдлыг мэдсэн байх хэрэгтэй. Энэ тохиолдолд бидний асуудал соёлын үнэлэмж, үзэл баримтлал дээр сууриалгүй учир Бурханы шашны ойлголтыг шууд хэрэглэхэд хялбар байж болно. Сэтгэлд хүн бүрийг хайрлах чадвар байдаг. Энэ бол Бурханы чанарын нэг шинж. Үүнийг санах нь хардалтыг даван туулах нэг арга. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн сэтгэлд, бидний найз, хайртай хүний сэтгэлд ч тэрхүү чадвар бий. Хэрэв тэдний сэтгэлд намайг багтаах зай байхгүй тийм хязгаарлагдмал бид тэднийг энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлж болно. Тэд өөрсдийн Бурханы чанараа ойлгож таниагүй төдийгүй өөрсдийгөө амьдралын хамгийн гайхамшигт баяр цэнгэлээс холдуулж байна.
Бид өөрсдөө хүн бүрт сэтгэлээ нээх хэрэгтэй. Сэтгэлээ чөлөөлж нээж өгсөнөөр бид найз, гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, улс орон, ард түмэн, байгаль, Ертөнцийн эзэн, сонирхдог зүйл, ажил гэх мэт бүгдийг хайрлаж чадна. Энэ бүхнийг бүгдийг хайрлах орон зай бидний сэтгэлд бий. Хайр нь шилж сонгодог зүйл биш. Бид бүхий л хайрлаж буй зүйлтэйгээ харилцаж, тус бүрд нь тохирох аргаар сэтгэлээ илэрхийлэх бүрэн боломжтой. Бид нохойгоо хайрлахдаа эхнэр нөхөр, эцэг эхдээ хайр халамжаа илэрхийлдэгийн адил илэрхийлэхгүй. Бид тэдэндтэй бүгдтэй нь сексийн харилцаанд ордоггүй.
Сексийн нэг харилцагчтай байх ба сексийн харилцаандаа үнэнч бус байх тухай асуудал нь маш ярвигтай бөгөөд дараа дараагийн олон асуудлуудыг дагуулдаг. Тэд бол энэ удаагийн ярианы сэдэв биш. Ямарч тохиолдолд хэрэв бидний сексийн хамтрагч, тэр дундаа гэр бүлийн хүн, тэр дундаа бага насны хүүхэдтэй үед, үнэнч биш байх, бусадтай их цагийг өнгөрүүлж байгаа тохиолдолд хардах, дургүйцэх, өмчлөх зэрэг нь тустай болох сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлүүд болдоггүй. Бид нөхцөл байдлыг илүү тайван аргаар шийдвэрлэх хэрэгтэй. Тэдэнд рүү хашгичих, тэднийг гэм буруутай мэт болгохыг хичээх нь өөрсдийгөө хайрлуулах сайн арга хэзээ ч болохгүй.
Ийм сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хариу үйлдлүүд нь тодорхой хэмжээний соёлын нөлөөтэй байдаг. Жишээ нь, Япон, Энэтхэгт эхнэрүүд нь гэр бүлийнхээ хүнийг ажлын дараа чөлөөт цагаа өөртэй нь өнгөрүүлнэ гэж хүлээдэггүй ба харин түүний эрэгтэй найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх нийгмийн тогтсон хэм хэмжээг дагадаг. Ийнхүү ихэнх тохиолдолд эхнэрүүд нь өөрийн эмэгтэй найз нартайгаа, нөхрөөсөө тусдаа өөрийнхөө нийгмийн амьдралаа хөтлөхдөө сэтгэл ханамжтай байдаг.
Цаашилбал, хайрлах, ойр дотно найзтай байх гэдэг нь зөвхөн нэг хүнийг онцгойлсон байх ба хэрэв тухайн хүн нь өөр хэн нэгэнтэй найзын харилцаатай болбол “надад” орон зай байхгүй болно гэж бодож байвал энэ нь атаархал болно. Энэ нь түүний хувьд онцгой байх ёстой “би”, зөвхөн түүний хайрыг хүсэх онцгой “чи” гэх сэтгэл дээр үндэслэдэг. Бидэнд хайртай мөн бидний хайралдаг өөр олон хүн байсан ч бид үүнийг үл харгалзан “тэр чухал биш” гэж боддог.
Аль болох олон хүнд сэтгэлээ нээн, бидний найзууд, ах дүүс гэх мэт бусад хүмүүсийн биднийг одоо хайрлаж байгаа хайр, өнгөрсөн хайрлаж байсан хайр, цаашид ч хайрлах хайранд талархах нь бидэнд сэтгэл санааны хувьд илүү тайван байхад тусалдаг. Энэ эргээд бид зөвхөн нэг онцгой хайрлах хүнтэй байх, бүр түүнчлэн өөрөө хэн нэгний онцгой хайрлах хүн нь байх сонирхолыг даван туулахад тусалдаг.
Бүхнийг илт мэдэх, бүгдийг хайрлах гэдгийн аль аль нь хүн бүрийг сэтгэл, зүрхэндээ багтаана гэсэн үг. Бурхан нэг хүнийг анхаарч эсвэл түүнтэй хамт байхдаа 100% тухайн хүнд анхаарлаа хандуулдаг. Иймд хүн бүрийг хайрлах гэдэг нь хүн тус бүрийг хайрлах хайрыг багасгана гэсэн үг биш. Иймд хэрэв бид сэтгэлээ олон хүнд нээвэл бидний хүн тус бүртэй харилцах харилцаа сул, дутуу дулимаг болно гэж эмээх хэрэггүй. Бид бүхий л сонирхолыг хангах нэг харилцаагаар хязгаарлагдаж, түүнээс хамааралтай байх байдал нь багасаж, хүн бүрт зарцуулах цаг нь богиносож болох боловч харилцаа тус бүрд сэтгэлээ бүрэн зориулж оролцдог. Энэ нь хэн нэг өөр хүнд бас хайртай учир бусдын биднийг хайрлах хайр багасана гэж үзэхийн хувьд бас адил.
Мөн бүхий л талаар бидний дутууг гүйцээх, амьдралын бүхий л талыг хуваалцах “биеийн нэг тал” болж төгс зохицох нэг хүн байна гэж хүлээх нь бодит байдалд нийцэхгүй. Ийм үзэл нь эрэгтэй, эмэгтэй хүн нь анх нэг хүн байж байгаад улмаар хоёр хуваагдсан гэж гардаг Платогийн бичсэн эртний Грекийн нэгэн домог дээр суурилдаг юм. “Хаа нэгтээ” бидний нөгөө хагас байгаа; бид нэг нэгийгээ олж тэдгээрийг дахин нэгтгэх үед тэр бол жинхэнэ хайр болно гэдэг. Хэдийгээр энэ домог нь барууны ертөнцийн романтизмын үндэс болсон ч бодит байдалтай холбоогүй. Үүнд итгэх нь цагаан морь унасан ханхүү биднийг аврахаар ирнэ гэж итгэхтэй адил тухайн нэг соёлын бий болгосон үзэгдэл юм.
Атаархах, жөтөөрхөх сэтгэлийн цаана байх бодит байдлын талаарх буруу ойлголт
Бидний ярилцсанчлан атаархал нь бидний ач холбогдлыг нь хэтрүүлэн үнэлдэг, хэн нэг хүний, тухайлбал санхүүгийн гэх мэт амжилтыг нь тэвчиж чадахгүй байх явдал. Түүнд мөчөөрхөн бид түүнийг авахыг хүсдэг. Үүний өөр нэг хувилбар нь хэн нэг хүн өөр хэн нэг хүнээс хайр, халамж гэх мэт ямар нэг зүйл хүртэх үед илэрдэг. Бид түүнийг хүртэхийг хүсдэг.
Энэхүү сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл нь төөрөгдөл болон юмсын хэрхэн оршдогийг мэдэхгүй байх явдалтай холбоотойгоор бидний сэтгэлийн бий болгож, тусгадаг хоёр хуурмаг үзэгдлээс шалтгаалдаг. Эхнийх нь (1) мөн чанарынхаа үүднээс тухайн нэг зүйлийг авах, хүртэх ёстой биш ч тийм мэт санагдах бодит “би” болон (2) мөн чанараараа тухайн зүйлийг хүртэх эрхгүй, бодит “чи” гэж байх мэт санагдах дуалист (эсрэг, тэсрэг хоёр хэсэгт хуваах) үзэгдэл юм. Бид өөрийн мэдэлгүй хүмүүс бидэнд ямар нэг зүйл өгөх өртэй мэт санан хэрэв бусад түүнийг хүртвэл тэр нь шударга биш мэт санагддаг. Бид хүмүүсийг “ялагч”, “ялагдагч” гэсэн хатуу хоёр хэсэгт хуваан ийм бодит ангилал бүхий хайрцагт үнэхээр бодитой оршдог гэж боддог. Ингээд бид өөрийгөө “ялагдагч” гэсэн хөдлөшгүй хатуу ангилалд, нөгөө хүнийг “ялагч” гэсэн хөдлөшгүй хатуу ангилалд тавьдаг. Бид бүр өөрөөсөө бусад бүгдийг ялагчийн ангилалд тавьж болох юм. Бид дургүйцэн бухимдах төдийгүй, биднийг зориуд ийм байдалд оруулсан мэт санадаг. Энэ нь “би азгүй хүн” гэх хэцүү бодлоос салж чадахгүйд хүргэдэг.
Зан байдал нь шалтгаан болж, үр дагавар дагуулах (үйлийн үрийн) талаар мэдэхгүй байх нь ихэнх тохиолдолд атаа, жөтөөг дагуулж байдаг. Жишээ нь бид ямар нэг албан тушаал, хайр халамж хүртэж байгаа хүн түүнийг хүртэх ямар нэг зүйл хийсэн гэдгийг ойлгодоггүй, бүр үгүйсгэдэг. Цаашлаад түүнийг хүртэх ямар нэг зүйл хийлгүйгээр хүртэх ёстой мэт санадаг. Эсвэл ихийг хийсэн боловч одоо хэр нь зохих шагналыг хүртээгүй гэж боддог. Сэтгэл ийнхүү түүний дараагийн хуурмаг үзэгдлийг бий болгож, тусгадаг. Бидний будилсан сэтгэл юмсыг ямарч шалтгаангүйгээр, эсвэл ердөө нэг шалтгаанаар, зөвхөн өөрсдийн хийсэн зүйлийн шалтгаанаар болж буй мэт харагдуулдаг.
Хуурмаг үзэгдлийг эвдэх
Бид эдгээр хоёр хуурмаг үзэгдлийг эвдэх хэрэгтэй. Бидний соёл амьд ертөнцийн суурь зарчим бол өрсөлдөөн буюу ялах хүч, байгалийн шалгарал гэж сургасан байж болно. Гэвч энэ ойлголт үнэн биш байж болно. Хэрэв бид дээрх ойлголтыг хүлээн зөвшөөрвөл дэлхий ертөнц ялагч, ялагдагч гэсэн эсрэг тэсрэг хоёр туйлд хуваагдах мөн чанартай гэж итгэнэ. Улмаар бид ертөнцийг ялагч, ялагдагч гэсэн үзэл баримтлалын хатуу тогтсон ангилалаар ойлгож мэдээж өөрсдийгөө тийм үзэл баримтлалын хүрээнд харна.
Ялагч, ялагдагч, өрсөлдөөн гэсэн эдгээр үзэл баримтлалууд хувьслыг тайлбарлахад хэрэгтэй байж болох ч бид тэдгээрийн дан ганц сэтгэлийн оролцоотой бий болсон үзэл баримтлал гэдгийг ойлгох хэргэтэй. Эдгээр нь уралдаанд түрүүлэх, хэн нэгэнтэй өрсөлдөж албан тушаал авах, үйлчлүүлэгчээ алдах, оюутан сурагчид хэн нэгэнтэй өрсөлдөх гэх мэт тодорхой үйл явдлуудыг тодорхойлоход тохиромжтой сэтгэлийн ангилал юм. Бид “сайхан” гэдгийг хэрхэн тодорхойлохоос шалтгаалан хүмүүсийг “сайхан хүн”, “сайхан хүн биш” гэдэг ангилалд хялбархан хувааж чадна.
Бид энэ бүх эсрэг тэсрэг бүлэгт хуваах ангилал нь ердөө сэтгэлд бий болдог зүйл гэдгийг ойлгох үед бид “би” эсвэл “чи”-д хатуу ангилалд хуваагдах бодит мөн чанартай зүйл юу ч байхгүй гэдгийг ойлгож эхэлнэ. Бид ялагдагч гэсэн мөн чанартай биш. Өөрийгөө ялагдагч гэж бодох нь улмаар жинхэнэ “би” бол ялагдагч гэж олж харахад хүргэдэг. “Би” азгүй хүн гэдэг. Гэтэл бидэнд хэн нэгэнд үйлчлүүлэгчээ алдах гэдгээс өөр олон чанар бий. Иймд яагаад зөвхөн тухайн нэг зүйл дээр төвлөрч тэр нь жинхэнэ “би” мэт санана гэж.
Цаашилбал энэ нь ердөө бидний хязгаарлагдмал сэтгэл, “би азгүй хүн”, “чи бол зальт этгээд” гэх бодолд баригдаж, амжилт, ухралт, ашиг, алдагдал нь ямарч шалтгаангүйгээр, эсвэл ямар нэг хамааралгүй шалтгаанаар гарч ирдэг мэд санагддаг. Ийм учраас бидэнд тохиолдож буй зүйлийг бид шударга бус гэж үздэг. Гэвч орчлон ертөнцөд болж буй зүйл нь маш том сүлжээ бүхий шалтгаан ба үр дагавараас шалтгаалж байдаг. Бидэнд болон бусдад тохиолдож буй зүйлд маш олон зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээр бүх хүчин зүйлийг тоочно гэвэл барагдахгүй.
Хэрэв бид эдгээр хоёр хуурмаг үзэгдлийг (ялагч, ялагдагч ба юмс шалтгаангүйгээр тохиолдох) эвдэж, тэдгээрийг бодитой мэт тусгаж харахыг зогсоох үед шударга бус санагдах сэтгэл намждаг. Атаархал нь ердөө юунд хүрсэн, юу тохиолдсоныг анхаарсны үндсэн дээр бий болдог. Бид үйлчлүүлэгчээ хэн нэгэнд алдаж, тухайн үйлчлүүлэгч түүнийх болно. Энэ нь бидний хүрэх зорилгыг тодорхойлно. Хэрэв бид түүний үүнд хүрсэн явдалд атаархахгүй байвал тэднээс түүнд хэрхэн хүрсэнийг суралцаж болно. Энэ нь бид өөрсдөө хэрхэн ийм амжилтанд хүрэхийг ойлгох боломж олгоно. Тухайн нөхцөл байдлыг эсрэг тэсрэг хоёр хэсэгт хувааж, хөдлөшгүй мөн чанартай гэж үзсэнээр л бидэнд атаархал төрдөг.
Дүгнэлт
Бид атаархал, жөтөөг Бурханы шашны тодорохойлолтоор эсвэл барууны тодорхойлолтоор тодорхойлж байсан ч ялгаагүй, Бурханы шашин нь эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг даван туулах олон янзын аргыг санал болгодог. Эдгээр ерөнхий ангилалд хамаарах сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг аль нэг сэтгэл хөдлөлтэй тулгарах үед биднээс хүчин чармайлт шаардах зүйл нь түүний шинж чанар, соёлын хүчин зүйлийг зөв тодорхойлох явдал юм. Хэрэв бид бясалгал бүтээлийн олон арганд суралцсан бол өөрт тохиолдоод буй сэтгэл санааны аливаа асуудлыг даван туулахдаа тохирох нэгийг нь сонгож болно.