Хүсэл тачаал: Нисванисыг шийдвэрлэх нь

Хэн нэг хүнд сэтгэл татагдах энэхүү сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл (Нисванис) нь сэтгэлийн амгалан, өөрийн хяналтыг алдахад хүргэдэг. Ингэхдээ бид тэдний харагдах байдал гэх мэт сайн чанаруудыг хэтрүүлэн тухайн хүнийг нэг эд зүйл мэт авч үзэн, тэдэнд хүлэгдэж, явуулахыг хүсдэггүй. Гэвч олон янзын бясалгалын аргуудаар бид сэтгэл татагдах байдлыг арилгаж, тухайн хүнтэй эрүүл, зохистой харилцаа тогтоож чадна.

Бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын үндэс, түүний хамгийн гүнзгий шалтгаан нь аливааг мэдэхгүй байх явдал гэдэг талаар бид ярилцаж байсан. Бидний ярилцсанчлан мэдэхгүй байх явдал нь шалтгаан ба үр дагаварын талаар, тухайлбал бидний зан байдлын үр дагавар, бодит байдлын талаар мэдэхгүй байх явдал гэж хэлж болно. Шалтгаан ба үр дагаварыг мэдэхгүй байх гэдэг нь буруу зүйл хийх, сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийх гэдэг утгаар тайбарлагдана. Тэр бол үнэхээр юунд ч тусгүй зүйл. 

Бодит байдлыг, нөхцөл байдлыг мэдэхгүй байх нь ямарч зан байдлын, орчлонгийн зан байдлын цаана байж болно. Энэхүү мэдэхгүй байх явдал нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн цаана хэрхэн оршиж байдгийг мэдэхийг хүсвэл бид нөхцөл байдал, бодит байдлыг мэдэхгүй байх гэдгийг илүүтэйгээр авч үзэх хэрэгтэй. “Бодит байдал” гэдэг үг ойлгоход бэрх үг. Энэ нь олон өөр нэмэлт утга илэрхийлж болно. Иймд ихэнх тохиолдолд “үнэн” гэдэг үгийг хэрэглэдэг. Ямар нэг зүйлийн талаарх үнэн. Аливаа юмсын талаарх хоёр үнэн байдаг. Юмсын юу болох талаарх харьцангуй үнэн, юмс хэрхэн оршдог талаарх гүнзгий үнэн гэж бий. Энэ нь нэг үнэн нь нөгөө үнэнээсээ илүү үнэн байна гэсэн үг бус, харин үүнд үнэний “түвшин” гэдэг үг илүү утга санааг илэрхийлэх байх. Тэдгээр нь хоёулаа үнэн. Би “туйлын” гэдэг үгэнд их дуртай биш, туйлын гэвэл энэ нь нөгөө үнэнээсээ илүү үнэн гэж буй мэт сонсогдоно. “Гүн” гэдэг нь зохимжтой. Эдгээр нь юмс юу гэж харагдах, юу болох тухай ил үзэгдэх үнэн, юмс хэрхэн орших тухай гүн үнэний тухай асуудал юм. 

Ингээд үүнийг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн үүднээс авч үзье. Ингэвэл илүү тодорхой болох болов уу гэж найдаж байна. Шунал, хүлэгдэх сэтгэл гэж юу вэ? Энэ нь ямар нэг зүйлийн сайн чанарыг хэтрүүлдэг, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв юм. Шунал нь хэрэв тэр зүйл нь бидэнд байхгүй бол “Би түүнийг авах ёстой, өөрийн болгох ёстой!” гэдэг. Хэрэв бидэнд тухайн зүйл байвал хүлэгдэн, хайрлаж “Би алдахыг хүсэхгүй байна!” гэдэг. Аль аль нь ямар нэг зүйлийн сайн чанар эсвэл тухайн зүйлийн бидний сайн гэж бодож буй чанарыг хэтрүүлэх явдал дээр суурилна. 

Бид тухайн зүйлийн юу болох жинхэнэ үнэн, бодит байдлыг мэддэггүй. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн сайн чанар, сайн талыг нь харах бус харин тэдгээр талуудыг хэтрүүлдэг. Үүний зэрэгцээ бид түүний сул, сөрөг талыг нь ердөө хайхрахгүй, бууруулна. Ингээд бид тухайн зүйлийн жинхэнэ сайн тал, жинхэнэ сөрөг тал нь юу болохыг үнэндээ мэддэггүй. Жишээ нь бидний таних хэн нэгнийг бид маш аятайхан, үнэхээр гайхалтай гэж боддог. Эсвэл мөхөөлдсийг үнэхээр сайхан гэдэг. 

Бид өөрийн татагдаж буй, хайрлаж буй хэн нэгэнтэй ойр байхдаа жишээ нь түүний харагдах байдал, ямар нэг сайн чанарыг нь үнэхээр сайхан хэмээн хэтрүүлдэг. “Миний уулзаж байсан хамгийн сайхан хүн!” гэх мэтээр хэтрүүлнэ. Ингээд бид сул талыг нь хайхрахгүй, тэр талаар их бодохыг ч хүсдэггүй. Тэд үглэдэг, эв хавгүй идэж уудаг, хурхирдаг гэх мэт юу ч байж болно. Тэд харьцангуй сайхан харагддаг байж болно. Гэвч бид тэднийг маш сайхан харагддаг гэж бодно. Түүнийг нь бид үгүйсгээгүй байна харин энэ бол шунал болон хүлэгдэх сэтгэлийг бий болгож байгаа, тухайн хүний сул талыг бууруулж, хайхрахгүйд хүргэж буй хэтрүүлж буй явдал юм. Энэ нь явсаар асуудал, бэрхшээлд хүргэнэ. Учир нь энэхүү шохоорол нь эцэстээ буурч, бидний хайр, хүлэгдэх сэтгэл тухайн хүнд уурлаж бухимдах сэтгэл болж хувирна. 

Уур, бухимдал бол ердөө тэдгээрийн эсрэг нь. Бид сул чанар, сөрөг талыг хэтрүүлж, сайн талыг нь үл хайхарна. Бид тэдний өрөөгөө цэвэрхэн байлгаагүйг, хааш яаш, гэр орны ажилд туслахгүй байх гэх мэтийг маш том зүйл болгодог. Тэдгээрийг том болгон, ач холбогдлыг нь хэтрүүлж, уурлаж бухимдан тэдний сайхан сэтгэл, хариуцлагатай, тууштай байдал гэх мэт сайн талуудыг нь үл хайхран, тэр талуудыг нь орхигдуулдаг. Ердөө “Тэдний бохир оймсоо шалан дээр орхихыг нь тэвчиж чадахгүй байна” гэдэг. Ингэж бухимддаг. 

Энэ мэтээр хэн нэгний талаарх ердийн үнэнийг, тэдний сайн талууд нь юу болох, сөрөг талууд нь юу болохыг мэдэхгүй байгаа нь, бидний мэдэхгүй, хайхрахгүй, хэтрүүлэх зэрэг нь бид тэр бүхнийг буруу ойлгосонтой холбоотой. Бидний хүлэгдэх сэтгэл, уур бухимдлын цаана тэр буруу ойлголт байдаг. Үүний цаана илүү гүнзгий түвшинд тэдний гүнзгий үнэн, тэдний хэрхэн оршдог талаар мэдэхдгүй байх явдал байдаг. Энэ талаар бид илүү нарийн, ярвигтай түвшинд ярилцаж болох ч энэ үдшийн сэдвийн хүрээндээ илүү хялбар түвшинд ярилцъя. Тухайн хүн бидэнд өөрийн мөн чанараар, биет, гадуураа ямар нэг хуванцар ч юмуу зүйлээр бүрэгдэн оршдог мэт санагддаг. Энэ нь бид тэднийг өөрийнхөөрөө хатуу бодитой оршдог гэж бодсон явдал дээр үндэслэнэ. Энэ бол андуурсан, буруу ойлголт. Яагаад гэвэл үнэндээ тэдний сэтгэл санааны байдал байнга өөрчлөгдөж байдаг, тэдний бие махбод үргэлж өөрчлөгдөж байдаг, тэдний сэтгэл хөдлөлийн төлөв байдал үргэлж өөрчлөгдөж байдаг. Хуванцар саванд хийсэн мэт хатуу биет зүйл ердөө биш юм. 

Ийм учраас энэ бол илүү гүнзгий ойлголт юм. “Чи” гэх тэр суурь нь нэг биет зүйл байх бөгөөд түүн дээр үндэслэн, “Чи үргэлж ингэж байдаг; чи үргэлж оймсоо шалан дээр хаядаг” гэдэг. Энэхүү “биет зүйл” нь бидний сайн чанарыг нь хэтрүүлэх явдлын цаад суурь, эсвэл нөгөө талаараа биднийг бухимдуулах, орны нөгөө талд хэвтэх тэр “зүйл”-ийн (гэр бүлийн хүн) муу чанарыг хэтрүүлэх суурь болдог. Эсвэл бид чи үнэхээр сайхан учраас би гараа ч салгаж чадахгүй нь, би тэр хүнийг унтуулж ч чадахгүй нь гэдэг. 

Хэрэв бид эдгээр хоёр түвшний мэдэхгүй байх явдлыг арилгах юм бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл гарч ирэхгүй. Бид тухайн хүнийг цаг үргэлж өөрчлөгдөж байгааг, өөрчлөгдөх боломжтой, хуванцар саванд хийсэн хатуу зүйл биш гэдгийг ойлгоно. Бид үүнийг ойлгож, хуванцар саван дотор байх энэ зүйл нь бидний хэтрүүлдэг ийм ийм сайн чанаруудтай гэж бодохгүй. Бид бүр тэдгээрийн бодит харьцаа, ямар хэмжээтэй байдгийг ч мэдэхгүй. Хүн бүр сайн, муу талуудтай гэдгийг бид мэдэх болно, ойлгох болно. Бид тэдгээр талуудыг үгүйсгэхгүй бас хэтрүүлэхгүй. Үүний үндсэн дээр бид маш буурь суурьтай, халамжлах, туслах сэтгэлээр, тэвчээртэй, хүлээцтэй, тэднийг ойлгож хандаж чадна. Салж ядан зууралдаж, эсвэл уурлаж бухимдахгүй. 

Энэ нь дуу хураагууртай адил зүйл. Хайрлаж хүлэгдэх, уурлаж бухимдах хоёрын цаана юу байдаг вэ? Юуны түрүүнд бид түүнийг их том зүйл болгодог. Бат бэх, үргэлжид байх зүйл, “Би үүнийг худалдаж авсан. Үүнд их мөнгө зарцуулсан”, тэр одоо энд байна гэдэг. Ингээд бид түүнийхээ сайн талыг хэтрүүлэн “Энэ бичлэг хийдэг” хэмээн түүнээс маш их хамааралтай болно. Түүнийг бид үнэндээ анхааралтай ажигладаггүй, гэвч хэрэв тэр ажиллахгүй бол бид маш их уурладаг. Гэвч тэр бол ердөө нэг техник шүү дээ. Эд ангиудаас тогтсон, эд ангиуд нь эвдэрч муудана, мөнх биш. Дуу хураадаг боловч заримдаа алдаа гарч болно. Ердөө нэг төхөөрөмж шүү дээ. Зай нь дуусах гэх мэт асуудлууд байх ба үүнийг том асуудал болгох хэрэггүй. Гэвч бидний хариуцлага байх хэрэгтэй. Та түүний ажиллаж байгаа эсэхийг шалгах ёстой гэх мэт. Харин тэр ажиллахгүй байвал бухимдах хэрэггүй. Түүнээс бүрэн хамааралтай болж болохгүй. 

Ялангуяа энэхүү компьютерийн эрин үед, бид дуу хураагуур гэх мэт янз бүрийн төхөөрөмжүүдтэй холбоотойгоор, бидний хүссэний дагуу ажиллахгүй байх үед бид үнэхээр их бухимдан, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн гаргаж байгаа нь үнэхээр гайхмаар. “Түүнд өөрийн гэсэн сэтгэл оюун байдаг” гэж бид боддог. Арай ч дээ, энэ утгагүй биз дээ. “За энд байна, одоо ажиллах ёстой”, өө сэвгүй ажиллах ёстой гэж бодно. Гэвч тэр чинь ердөө нэг төхөөрөмж, эд ангиас бүрдсэн, алдаа оноо гаргадаг хүмүүс л түүнийг хийсэн, тэд юмыг хэрхэн өө сэвгүй хийхийг бас мэдэхгүй шүү дээ. Гэвч энэ нь бид түүнийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн үг биш. Бид хэрэглэнэ, учир нь үнэхээр их тустай, гэвч түүнд хүлэгдэж, ажиллахгүй, бидний хүссэний дагуу ажиллахгүй бол уурлаж бухимдах хэрэггүй. Харин үүнд эерэг, эрүүл хандлагаар хандах хэрэгтэй. Энэ тийм хялбар биш, ялангуяа тухайн төхөөрөмж нь өндөр үнэтэй бол.

Сэтгэл хөдлөлүүдтэй, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдтэй ажиллах Бурханы шашны аргуудыг авч үзвэл юуны түрүүнд юмсын талаарх харьцангуй үнэнийг зөв харахад тусалдаг түр аргууд байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Дараа нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд чиглэж байдаг аливаа зүйлийн гүн үнэнийг ойлгох гүн арга байдаг. Эдгээр түр аргууд нь хэрэглэхэд хялбар учраас ... гүнзгий аргууд нь нилээд их бодож үзэх, суралцах үйл ажиллагаа шаардана. Гэвч түр аргууд нь бидний эхэлж хэрэглэх аргууд юм. 

Жишээ нь өөр хэн нэгний эсвэл өөрийн бие махбодыг авч үзье. Үүнийг нэг илгээмжийн жишээгээр адилтган авч үзэж болно. Илгээмж нь гадуураа боодолтой, бэлэг нь гадуураа баглаа боодолтой, дотор нь бусад зүйл нь байгаа гэж авч үзье. Бидний бие, эсвэл хэн нэгний бие гадуураа арьстай, бид зөвхөн түүнийг л хардаг, тэр их сайхан бэлэг байж болно. Тэр нь бусад бэлгийн адил тууз гэх мэт зүйлээр чимэглэгдсэн, сайхан хувцас, гоо сайхны будаг гэх мэтээр чимэглэгдэж бүр илүү сайхан болсон байж болно. Гэвч тэр бол баглаа боодол. Зар сурталчилгааныхан гэх мэт зарим хүмүүс маш ухаалаг, баглаа боодлыг бүр илүү сайхан хийдэг. Үүнтэй адил бид баглаа боодол болох арьсаа илүү сайхан харагдуулахыг хүсдэг, нүүрний будаг, үс, тос, бидний хэрэглэдэг юу ч байж болно, үнэртэй ус ... 

Гэвч бэлэг бол ердөө баглаа боодол биш. Түүний доторх зүйлүүд гэж бий. Энэхүү бэлэг болох биеийн дотор талд араг яс, гэдэс дотор, бусад дотоод эрхтнүүд байх ба хэрэв ходоод гэдсийг гаргаж харвал дотор нь бөөлжис байна. Гэдсийг нээвэл ялгадас, давсагийг нээвэл шингэн ялгадас байх ба биеийн бүхий л хэсэгт цус байна. Энэ бол бодит байдал, энэ бол баглаа боодол болох энэхүү арьсны дотор байх зүйлийн үнэн байдал. Бид үнэхээр үүнийг үгүйсгэж чадахгүй. Хэрэв бид ходоодонд байх бөөлжис, аманд байх шүлс, хамар дотор байх нус, давсаганд байх шингэн, венийн болон артерийн судсанд байх цус бүгдийг нь гаргаад зөвхөн арьстайгаа үлдье гэж бодъё. Гэвч тэр бидний хайрлаж байгаа зүйл биш биз дээ? Бидний хайрлаж байгаа тэр хүн бол үнэндээ тэр боодолтой зүйл бүхэлдээ. Бид хайртай хүнийхээ, байгалийн түүхийн музейд байдагтай адил даавуу гэх мэтээр дүүргэсэн чихмэл мэт зөвхөн арьсыг нь хүсдэггүй. Бид түүнийг амьд байхыг хүсдэг. Гэвч энэ бол бид дуртай ч, дургүй ч байсан түүний дотор байх зүйлийн бодит байдал. 

Үүний гол санаа бол тодорхой чанаруудыг нь, хэдийгээр тухайн чанар нь хувь хүний сэтгэл, итгэл үнэмшил дээр суурилсан байдаг ч гэсэн хэтрүүлэхгүй байх явдал гэж хэлэх гэсэн юм. Жишээ нь би таны аятайхан гэж боддоггүй хүнийг үнэхээр аятайхан хүн гэж бодно. Эсвэл би хэн нэгнийг тааламжгүй гэж бодож байхад та түүнийг маш аятайхан гэж бодож болно. Энэ бол маш субъектив. Ингээд бидний зорьж буй зүйл бол хэрэв бид тухайн хүний арьс зүс, биеийн хэлбэр галбирын сэтгэл татам гэж бодож байгаа түүнд буруу зүйл үгүй. Харин гол санаа бол түүнийг хэтрүүлэхгүй байх явдал. Түүнд буруу зүйл юу ч байхгүй. Тийм хүнийг харах бидэнд таатай байдаг. Бид тэдний хэрхэн харагдаж байгаад дуртай байдаг, бидэнд сайхан байдаг. Түүнд буруу зүйл юу ч байхгүй. Тэгвэл асуудал нь юу вэ гэвэл бид түүнийг хэтрүүлэн “Аан, би түүнд үргэлж хүрье, би хүрэх ёстой, би түүнээс салахгүй, ойр байж, үргэлж хамт байх ёстой” гэх нь асуудал. Хэрэв хэн нэг өөр хүн тухайн хүнийг шохоорхон харвал би бухимдаж “Тэр минийх” гэдэг. Бид гудамжинд олон сайхан хүн хардаг. Гэвч “Би энэ хүнд хүрч чаддаг болоосой”, эсвэл энэ хүнд үүнийг, түүнийг хийж өгье гэх үед л тэр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулж эхэлнэ. Бид сэтгэл хөдлөлийн хувьд маш тайван бус болно. 

Бид тэрхүү боодолтой зүйлийг, түүний хэрхэн харагдахыг үнэхээр хэтрүүлж эхэлбэл тэр үед рентген дүрслэл адил, тухайн хүний араг ясыг дүрслэх нь маш тустай. Үүнийг хийхэд тийм хэцүү биш. Ялангуяа бид араг яс ямар харагддагийг мэддэг тохиолдолд. Энэ бол анатомын хичээл биш, заавал ав адилхан байх албагүй. Гэвч та арьсны цаана байх гавлын яс зэргийг дүрсэлж чадна, энэ нь бидэнд тайван, нухацтай болоход тусалдаг. Хэн нэгний хэвлийг элж таалах гэх мэтээр “Энэ ямар сайхан юм бэ” гэх үедээ арьснаас гурав, дөрвөн сантиметр доош явбал бид юу илж таалахыг санах хэрэгтэй. Энэ үед бидний дургүй хүрнэ гэсэн үг бус, тухайн хүнтэй хамт байх нь зүгээр, энэ тийм том асуудал биш гэсэн үг. Дээрх дүрслэл нь бидэнд тэнцвэр өгдөг. 

Энэ төрлийн аргыг хэрэглэхийн тулд ... энэ бол түр арга, энэ нь шунал, хүсэн хүлэгдэх сэтгэлийг арилгадаггүй гэвч тухайн нөхцөлд тэдгээрийг түр багасгадаг. Тэдгээрээс бүрэн ангижрахыг тулд бид тухайн хүн хэрхэн оршдогийн үнэхээр сайн ойлгох ёстой. Тухайн хүнийг ямар нэг “бодит зүйл” болгохгүй байх хэрэгтэй. Хэдий тийм боловч дээрх түр арга үнэхээр их тустай байдаг. Бид түр аргыг ... Энэ мэт түр аргыг бодитой хэрэглэж чадахын тулд өнөөдөр ярьсан, бясалгалын бүхэл процесс болох тэрхүү бүх процессийг дамжих хэрэгтэй. Та бүхний зарим нь тэр яриаг сонссон, зарим нь сонссогүй. Бүх зүйлийг дахин давтах боломжгүй боловч би маш товч дурдъя. 

Эхлээд бид энэхүү арга ямар арга болох талаар мэдэх хэрэгтэй. Бид хэн нэгний бие болон тэдний харагдах байдлаас болж тэдэнд татагдаж байвал түүний арьсны цаана байх араг яс, ходоод гэдсэнд байх зүйлийг санах арга юм. Ингээд бид энэ талаар бодож, ойлгож, зөвхөн баглаа боодол бус, түүний доторх зүйлийг мэдэж байвал бид тухайн хүнээс салахгүй, хүсэн хүлэгдэх сэтгэлээр зовохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид тухайн хүнтэй холбоотой болон өөрийн сэтгэл хөдлөлийн хувьд ч бас бага асуудалтай байх болно. 

Үүнийг бид дөрвөн аксиом, юмсыг таних, юмсыг хэрхэн мэдэх дөрвөн аргын үүднээс нягталж үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, түүнийг бий болгодог зүйл. Хүмүүсийн арьс бол тэдгээр хүмүүс биш гэдэг нь маш ойлгомжтой. Хүн бүр, бодит байдал бол, бид бүгдээрээ араг ястай, бидний биед байх зүйлүүд бүгдэд нь бий, ходоодонд идсэн уусан зүйл байна, гэдсэнд бас идсэн зүйл байна гэх мэт энэ бүгд бол үнэн. Тухайн хүн бие дотроо олон зүйлтэй учир түүний арьс зөвхөн тэр хүн биш. Энэ бол ойлгомжтой.

Дараагийн аксиом нь түүний гүйцэтгэх үүрэг. Ямар үйл явц явагддаг вэ? Хэрэв бид тухайн хүний биеийн гадна юу байдгийг, дотор юу байдгийг мэдвэл бид нэг зүйлийг нь хэтрүүлж, нөгөө зүйлийг нь үл хайхрахгүй. Тийм биз? Хэрэв хэн нэг хүн үнэхээр сэтгэл булаам, үзэсгэлэнтэй бол яагаад бид зөвхөн түүний арьсыг сайхан гэж үздэг юм бэ? Яагаад бид түүний ходоодонд байх бөөлжсийг сайхан гэж үзэж болохгүй гэж? Мэдээж бид тэгж үзэхгүй. Хэрэв бид эдгээр хоёр талыг хоёуланг нь мэдэж байвал энэ нь бидний тэднийг сайхан гэж үзэх, тэднээс таашаал авах явдлыг байхгүй болгохгүй. Энэ нь түүнийг байхгүй болгохгүй, ердөө нөхцөл байдлыг ухаалаг түвшинд барьдаг. Гаднаа сайхан байдаг, дотор нь байх зүйлүүд бий, энэ бол хүн бүр ямар байдаг тэр л байдал. 

Ингэж бодож эхлэхэд ихэнх тохиолдолд бид түүнд итгэхийг хүсдэггүй нь үнэхээр сонирхолтой. Тухайн хүний ходоодонд байх зүйл, гэдсэнд байх зүйлд бид дургүйцэн үнэхээр итгэхийг хүсдэггүй. Үнэхээр сонирхолтой. Үүний гол санаа бол “энэ бол бодит байдал, үнэн!” Төвдүүд маш хурц дүрслэлд дуртай. Тэд хэрэв танд баас байвал та түүгээр хамгийн сайхан баримал хийсэн ч тэр баас хэвээрээ л байна гэдэг.     

Өөр нэг гүйцэтгэх үүрэг нь хэрэв би гаднах, доторх аль аль талыг нь мэдэж байвал надад хүсэж хүлэгдэх сэтгэл төрөхгүй. Учир нь би нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь хэтрүүлэхгүй. Энэ нь түр зуурын шохооролыг бий болгохгүй. Харин юуг бий болгох вэ гэвэл тэвчээр, чин үнэнч хайр, тухайн хүний өмнө хүлээх тууштай үүрэг, тууштай хандлагыг бий болгоно. Хэрэв бид тэдний гоо сайхныг хэтрүүлж байвал тэд өтөлж, гоо сайхнаа алдахад бид илүү сайхан хэн нэгнийг хайж болно. Хэрэв бид гадна, дотор талын бодит байдал, гадна тал нь өөрчлөгдөх зэрэг өөрчлөлтийг ойлгон хүлээн зөвшөөрөх юм бол тухайн хүнтэй маш тууштай, хайр сэтгэлийн харилцаатай болох боломжтой. 

Дараагийнх нь юмсын мөн чанарын аксиом. Яагаад хүмүүс гадна талдаа сайхан, дотроо араг яс, ялгадас, бөөлжистэй байдаг вэ? Энэ бол юмсын ердийн мөн чанар. Бид амьд амьтан, тэд бол бидний биеийг бүрэлдүүлж буй зүйлс. Бид үүнийг бодит байдал гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бие ингэж ажилладаг. 

Дараагийн аксиом нь харилцан хамаарал. Ийм сэтгэлийн төлөв байдал бий болох, ийм ойлголт бий болох нь юунаас хамаарах вэ? Бидэнд өөрийгөө хянах хяналт байх хэрэгтэй. Юуны түрүүнд, бид тухайн хүнийг хараад шууд түүнд гараа хүргэхгүй, харин хормын хугацаанд хойш ухарч, илүү гүнзгий харж, харахыг хүсэж, түүнд нээлттэй, түүнээсээ эмээхгүй байж, “Тэр намайг түлхэн, би яаж ч чадахгүй байдалд орно” хэмээн өөртөө бодох боломж өгч чадах хэрэгтэй. Тэрхүү түр аргыг зөв зохистой хэрэглэх нь энэ бүх зүйлээс хамаарна. Бид юу бэлтгэхээ одоо мэдлээ. 

Хэрэв бид энэ бүх тунгаан бодох үйл явцыг дамжиж, тэрхүү аргыг бүрэн ойлгож, бидэнд тус болох, миний төлөвшүүлж сурахыг хүсэж буй зүйл мөн гэсэн итгэлтэй болбол түүн дээр “бясалгал” хийнэ. Бясалгал гэдэг бол түүнийг өөрийн бүхий л үйл ажиллагаатайгаа уялдуулна гэсэн үг. Бясалгалын хувьд бид эхэнд нь ажиглах бясалгал хийдэг. Зарим тохиолдолд үүнийг шинжлэх бясалгал гэдэг. Тодорхой нэг хяналт бүхий нөхцөлд, өөрөөр хэлбэл, тухайн хүнтэй хамт бус, ганцаараа байх үед. Бид эхэлж харагдах байдалд нь татагддаг хүнтэй ажиллаж эхэлдэг. Тухайн хүний зургийг харж, эсвэл түүнийг бодож “Тийм, тэд араг ястай. Тэдний ходоодонд тэдгээр зүйлүүд бий” гэх мэтээр шинжилнэ. Маш анхааралтай ажиглан, түүнийг дүрсэлж, үнэн гэдгийг нь харахыг хичээх хэрэгтэй. Гэвч сайхан гэж боддог тэр дүр байдлыг нь алдахгүйгээр рентген зургаар харж байгаа мэт харах хэрэгтэй. 

Дараагаар нь тогтоох бясалгах хийх ба энэ нь ойлголтоо гүнзгийрүүлэхийг оролдох явдал. Үнэхээр түүнийг сэтгэлдээ буулгах үүднээс “Тийм, энэ бол бодит байдал, энэ бол тухайн хүн үнэндээ гадна, дотроосоо ямар болох үнэн байдал” хэмээн ойлгох. Зөвхөн түүний бие бол тухайн хүн биш, түүнд сэтгэл, сэтгэл хөдлөлүүд гэх мэт бүх зүйлүүд байгаа бөгөөд энэ удаа бид зөвхөн түүний биеийг анхаарч авч үзэж байна. Дээрх ойлголтоо гүнзгийрүүлж, “Тийм, энэ бол үнэн” гэж үнэхээр сэтгэлдээ буулгах хэрэгтэй. 

Бид энэ ойлголттой тодорхой хэмжээгээр танил болж, тэр нь хэвшиж, зуршил болох үед түүнийг амьдралын бодит нөхцөлүүдэд бодитойгоор ашиглаж эхэлдэг. Бид түүнийг хэрэг болох үед, “Тухайн хүнд ямар нэг тав тух, иллэг хэрэгтэй байгаа учраас би түүнд хүрэхийг хүсээгүй”, харин “Би түүнд татагдаж байгаа учраас түүнд хүрэх ёстой” гэсэн хүчтэй хүсэн хүлэгдэх сэтгэл төрөх үед ашигладаг. Энэ үед бид биеийн дотор байх зүйлүүд энэ бүхэн бол түүний орших бодит байдал гэдгийг ойгосон ойлголтоо бодитой ашиглаж, тэр бүхнийг мэдрэх хэрэгтэй. Ингээд бидний сэтгэл илүү тодорхой болох үед энэ нөхцөлд юу тохиромжтой, юу тохиромжгүйг харж чадна. Бид энд түр арга хэрэглэж байгаа учраас, хэдийгээр нөгөө хүний хувьд энэ бүхэн хэрэггүй ч би түүний гараас барьж, түүнийг энхрийлэх гэх мэт нь надад үнэхээр сайхан байдаг гэж санан, ямар нэг зүйл хийхээр бол тэр үед энэ бясалгалыг ашиглавал бид хийж байгаа зүйлээ хэтрүүлэхгүй. Мөн нөгөө хүнд таатай байх, бид үүнийг хийвэл тэдэнд зүгээр байх эсэхийг бодож үзэх боломж олгоно. 

Улмаар хэтрүүлэхгүй, хүлэгдэхгүй гэх мэт ийм тэнцвэртэй байдлаар үйлдэл хийх явдал нь бидний хэвийн зан байдал болж, аяндаа гарах болно. Хэрэв нөгөө хүн бидэнд мэдрэмжтэй ханддаг бол үүнийг мэдрэх болно. Үнэндээ би эмээж байдаг учраас түүний гараас барьж, түүний гараас барих нь намайг тайвшруулж, асуудлыг шийдвэрлэнэ гэж бодох юм бол энэ үед тэрхүү салж ядах сэтгэл, сэтгэлийн тайван байдал алдагдуулах байдал бий болно. Энэ нь нөгөө хүнд таагүй байдаг. Хэрэв тухайн хүн тодорхой хэмжээний мэдрэмжтэй бол үүнийг мэдэрнэ. Гэвч бид “энэ бол ердөө хүний гараас барьж буй явдал; энэ сайхан мэдрэмж мөн; гэвч үүний цаана яс гэх мэт юу байгааг би мэднэ” хэмээн түүнийг хэтрүүлэхгүй байх юм бол “Энэ үнэхээр сайхан юм аа!” гэх сэтгэл төрөхгүй. “Энэ сайхан, надад арай илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг, гэвч энэ миний бүхий л асуудлыг шийдвэрлэхгүй” гэж бодоход бид энэ талаар илүү тайван хандлагатай болно. Энэ байдал аяндаа, өөрөө гарах ба нөгөө хүнд ч хиймэл санагдахгүй. Тэд үүнд ч бас илүү амгалан тайван хандана. Энэ бол бидний зорьж буй зүйл. Бид “Хэнд ч бүү хүр, хүн бүр ялгадасны сав мэт” гэдэггүй, энэ бол бидний зорилго биш. Бид тэнцвэрт зорьж байгаа. Ингэснээр бид үнэхээр бусдын тусад ажиллаж чадна.

Бид Шантидэвагийн Бодьсадвын явдалд орохуй гэх мэт Бурханы шашны их зохиолууд дээр гарах энэ адил зарим аргуудын тухай уншихдаа Шантидэвагийн тайлбарласан утгын хүрээнд ойлгож, хүлээн авах хэрэгтэй. Түүний илэрхийлсэн утга бол сэтгэлийн тогтвортой байдал, төвлөрлийг төлөвшүүлэх тухай юм. Бясалгалын үеэр гарах хамгийн том сэтгэл сарниулдаг зүйл бол бидний татагддаг, хүсэн хүлэгддэг хүний талаар цаг үргэлж бодох явдал юм. Энэ бол маш их анхаарал сарниулдаг зүйл. Сэтгэлийн тогтвортой байдал, төвлөрөлд хүрэхийн тулд, ялангуяа бясалгал бүтээлд, хэдий бид тухайн хүнтэй хамт байгаа ч энэ аргыг ашиглах хэрэгтэй. Энэ бол тэдгээр эх зохиолуудад тайлбарласан утга юм. 

Гэвч үүнийг маш олон тохиолдолд ашиглаж болно. Энэ аргыг мэдээж олон нөхцөлд ашиглаж болно гэж хэлэх гэсэн юм. Бясалгаж, төвлөрч сурахаас гадна, бусадтай харилцах өдөр тутмын харилцаандаа хэрэглэж болно. Гэвч эх зохиолуудад төвлөрөлд саад болдог гэдэг утгаар нь тайлбарласан байдаг учраас маш хүнд сонсогддог. Мэдээж бид ийм төрлийн дүн шинжилгээ хийж, уур, атаа гэх мэтийг сөрөх өөр аргуудын талаар ярьж болох боловч бидэнд цаг алга. Гэвч бидний хүсэн хүлэгдэх тэдгээр хүмүүсийн харагдах байдал дээр суурилж тэдгээр сэтгэлтэй ажиллах энэ жишээ бидэнд энэ аргад юу багтдаг талаар тодорхой санаа өгч болох юм.  

Бид тодорхой арга хэрэглэж сурах байдлаар сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдтэй хэрхэн ажиллах тухай ярилцлаа. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл тус бүртэй ажиллах олон арга байдаг бөгөөд тэднийг сурч, дадал болгож, ашиглаж байх нь үнэхээр тустай. Учир нь зарим нөхцөлд нэг арга үр дүнтэй байдаггүй, эсвэл бид түүнийг сайн хэрэглэж чаддаггүй. Иймд хэрэв бид өөр зарим аргыг сурсан байвал тухайн нөхцөлд тэдгээр нь илүү үр дүнтэй байж болно. Мөн эм уухтай адилаар, зарим тохиолдолд хэд хэдэн эмийг хавсарч хэрэглэдэгтэй адил хэд хэдэн аргыг хавсарч хэрэглэх шаардлагатай болж болно. Хэдий чинээ бид суралцаж, дадлага хийнэ төдий хэрээр бид хэцүү, бэрхшээлтэй нөхцөлүүдийг шийдвэрлэж, тэднээс зайлсхийж чадна.

Шантидэвагийн Бодьсадвын явдалд орохуй зохиолыг уншиж судлах нь үнэхээр их тустай. Учир нь бүтээл бүхэлдээ, яагаад би эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн хараанд байх ёстой юм гэсэн санаа руу чиглэдэг. Яагаад би тэдгээрийг сэтгэлдээ байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж? Энэ бол жинхэнэ дайсан. Хэрэв та түүнээс салж, сэтгэлээсээ гаргаж хаявал тэд хаачих вэ? Тэд ердийн дайсан шиг хаа нэг газар байж байгаад дахин бидэн рүү довтолдоггүй. Тэдэнд бодит, биет зүйл байхгүй. Энэ нь бидэнд тэдгээр сэтгэл хөдлөлүүдээс ангижрахыг хичээх, тэдний хяналтанд орохгүй байх, өөрсдийн амьдралын чанарт эзэн болох маш бат тогтвортой суурь болдгоороо үнэхээр тустай.   

Асуулт байна уу?

Хэрэв бие эсвэл нүүр царайнд нь татагдаагүй, харин сэтгэл гэх ч юмуу дотоод зүйлд нь татагдсан бол хэрхэн тэрхүү хүлэгдэх сэтгэлээс ангижрах вэ?

Энэ адилхан. Хэрэв та хэн нэгний сэтгэл, хувийн зан чанарт татагдсан бол бид сайхан гэж үзсэн тэдгээр чанаруудыг хэтрүүлэн, тийм таатай биш талуудыг нь хайхрахгүй байдаг. Бодит байдлыг харахыг хичээх хэрэгтэй. Хүн бүрт сайн талууд бий, хүн бүр зан чанарын, сэтгэл хөдлөлийн, сэтгэлийн, оюун ухааны тодорхой сул талуудтай.

Хэрэв бүгд зүгээр, сайн бол ...

Хэрэв бид бүгдийг нь зүгээр, сайн гэж харж байгаа бол бид мэдлэг туршлагагүй байна, бид хангалттай гүн гүнзгий харж чадахгүй байгаа хэрэг. Учир нь тэр ямарч сул тал байхгүй, зөвхөн сайн, эерэг чанартай Бурхан болж таарна. Ийм зүйл зөвхөн цагаан морь унасан туйлын төгс, бидний мөрөөдлийг хангах ханхүү, гүнжийн тухай үлгэрт гардаг. Иймд хэрэв бид цагаан морь унасан ханхүү, гүнжийг хайгаад, түүнийг олсон бол бид өөрсдийгөө хуурч байна гэж би бодно. Тийм хэн нэгнийг олно гэж бодох нь зөвхөн зовж, шаналах зам болно гэдэг нь тодорхой.

Бидний хамгийн том, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн нэг бол аюулгүй байдлыг хүсэх сэтгэл бөгөөд бид үнэндээ айдас, хүлээлтээсээ ангижрах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгвэл бид илүү аюулгүй, илүү тайван болох байх. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

Бидний сэтгэлийн тайван байдлыг хамгийн гүнзгий алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн нэг бол аюулгүй байдал юм шиг санагддаг. Энэ нь айдас гэх мэт сэтгэл хөдлөлүүдээр тэжээгдэж байдаг бөгөөд бид тэгвэл үүнээс хэрхэн ангижрах вэ? Үүний тулд бид гүнзгий үнэн, “би”-гийн талаарх бодит байдал, хуванцар, биет зүйл дотор аюулгүй байж болох бодит “би” гэж байхгүй гэх мэтийг үнэхээр сайн ойлгох хэрэгтэй. Аюулгүй байлгаж болох ямарч зүйл байхгүй. Бид ямар нэг зүйлийг аюулгүй байлгахыг оролддог ба энэ бол бидний хэрхэн орших байдлыг хэтрүүлсэн явдал юм. Энэ зүйл нь үргэлж өөрчлөгдөж байдаг, сэтгэлийн төлөв байдал үргэлж өөрчлөгдөж байдаг, бие, сэтгэл хөдлөл үргэлж өөрчлөгддөг. Бидний ойлгодгоор бол энэ нь “би”, гэвч аюулгүй байлгах ёстой “би” гэсэн бодит зүйл байхгүй. Энэ бол цаг үргэлж өөрчлөгдөж байдаг зүйл. Хэрэв энэ нь цаг үргэлж өөрчлөгдөж байдаг юм бол бидний хийж чадах зүйл бол аврал гэсэн утга бүхий тодорхой, аюулгүй зүг чигт орох явдал бөгөөд энэ зүгт бид явж, илүү эерэг хандлагат суралцан, өөрсдийгөө төлөвшүүлэхийг бодитойгоор хичээх явдал. Аюулгүй байлгах, хамгаалах зүйл юу ч байхгүй. Ийм байдлаар асуудал байхгүй болно. Сэтгэл түгших зүйл байхгүй гэсэн үг юм. Айдас гэдэг бол арай илүү гүнзгий түвшинтэй, харин бид энд аюулгүй байдлын тухай ярьж байна.            

Энэ нь мэдээж аюулгүй байдлыг сэтгэл хөдлөлтэй холбон авч үзэж буй явдал бөгөөд санхүүгийн гэх мэт аюулгүй байдлын өөр талууд бас бий. Мэдээж бид “би”-гийн талаарх бодит үнэнийг, өөрийн хариуцлагыг ойлгож, үүргээ ухамсарлаж, эдийн засгийн талаа, аюулгүй байх бусад талуудыг бас анхаарах хэрэгтэй. Гэвч түүний бодит байдлыг бас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүний бодит байдал бол би тэр бүхнийг бүрэн хянана гэсэн үг биш. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал миний өөрийн эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн тогтолцоо гэх мэтэд нөлөөлнө. Хэрэв коммунизм нурвал засаглалын нэг шинэ хэлбэр бий болно... Юмс өөрчлөгдөнө. Бидэнд тогтвортой, аюулгүй байдал өгөх цорын ганц зүйл бол бидний баримталж байгаа аюулгүй зам мөрд орж юу ч болж, юу ч тохиолдсон тэднийг шийдвэрлэж чадах улам олон арга эзэмших явдал юм. Хэрэв амьдрал нэг хэвийн байдаг бол бид дараа юу тохиолдохыг мэдэх учраас аюулгүй байдал гэж байхгүй болж таарна. 

Бидэнд бас сэтгэл ханамж байх хэрэгтэй, хэзээ хангалттай болохыг мэдэх явдал. Миний мэдэх зарим нэг сая доллартай боловч эмээж байдаг хүмүүсийн адил биш. Тэд “Надад арван сая доллар байхгүй. Хэрэв би арван сая доллартай бол сэтгэл амар байна” гэдэг. 

Дараагийн асуулт бол бид энэхүү мэдэхгүй байдлаасаа хэрхэн гарах вэ гэдэг асуулт. Учир нь, хэрэв бид таны асуусныг тодруулбал, бидний чадвар хязгаарлагдмал, бид Бурхад биш учраас өөрсдийн үйлдлийн бүх үр дагаварыг мэдэхгүй. Бид энэ бүгдийг хэзээ ч ойлгохгүй юу? Үгүй, бид мэдээж түүнийг огт ойлгохгүй биш юм. Учир нь энэхүү мэдэхгүй байдлаас гарах боломжтой. Энэ нь мэдээж амаргүй, удаан үйл явц. Гэвч бидний сэтгэл юмсыг ойлгох чадвартай, бүхнийг ойлгох нөөц боломжтой. Бидний хийх зүйл бол ойлголтоо өргөжүүлэхийг хичээх явдал. Юмсыг илүү гүнзгий, илүү их зүйлийг ойлгож, хэдийгээр бид тэр бүхэнд оролцсон хувьсан өөрчлөгдөгч хүчин зүйлүүдийг мэдэхгүй учраас зан байдлынхаа үр дүнд гарах бүх үр дагаварыг нэг бүрчлэн мэдэж чадахгүй гэсэн ч бид улам илүү ихийг мэдсээр байх болно. Бид магадлал болон туршлага дээрээ үндэслэн боловсронгуй таамгийг гаргаж, цааш хичээсээр байх болно. Үргэлжлүүлэн ажилласаар байх хэрэгтэй. 

Ингээд өөрийн чадах хэрээр бусдын талаар, нөхцөл байдлын талаар гэх мэтээр мэдээлэл олж авч, гол төлөв юу болдгийг дүрслэн, тухайн хүний хариу үйлдэл үзүүлэх хэв маяг юу болохыг мэдэхийг хичээн, нөхцөл байдал, хувь хүн тус бүрийн онцлогийг анхаарах хэрэгтэй. Ингээд үүн дээрээ үндэслэн юу хийж, хэрхэн хандаж, юуг оролдож болох талаар зарим ойлголттой болох болно.

Бидэнд энэ бүх чадвар бий ... энэ бол бидний сэтгэл хэрхэн ажилладаг хэв загвар юм. Бид эдгээр бүх мэдрэхүйн мэдээлэл гэх мэтийг авдаг. Бид үүндээ анхаарал хандуулдаг ч байж болно, сонирхдоггүй ч байж болно. Гэвч энэ бүх мэдрэхүйн мэдээлэл хуримтлагдаж байдаг. Бид хэв маягийг таних бүрэн чадвартай. Бид энэ хүн ямар хүн болохыг, энэ, энэ хүн бүгдээрээ эмэгтэй хүн гэдгийг, бид юмс хоорондоо хэрхэн зохицож байдгийг мэднэ. Бид мэдээллийг цуглуулж, түүнээс утга санаа гаргаж авч чадна. Бид баруун гараа зүүн гар биш гэдгийг ялгаж чадна. Бид юмсын онцлог байдал, өөр зүйлүүдийг ялгаж, хүүхэдтэй хэрхэн ярих, насанд хүрсэн хүнтэй хэрхэн ярихыг мэднэ. Хэрэв бид үнэхээр мэдрэмжгүй биш бол тэдэндтэй ав адилхан байдлаар ярихгүй. Бидэнд тийм уян хатан чанар бий. Бүхий л үндсэн гол зүйл бидэнд байна. Энэ бол Бурханы мөн чанар гэдгийн зарим хэсэг нь юм. Эдгээр бүх Бурханы чанар бүхий чанарууд нь бид бүгдэд байдаг. Гол нь ердөө л тэднийг төлөвшүүлэх явдал юм.

Дүгнэлт

Товчоор хэлбэл, энэ бол зохих аргуудыг ашиглаж сурснаар сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай юм. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл тус бүрийг шийдвэрлэх олон арга байх бөгөөд тэднийг сурч, дадал болгон улмаар тэдгээрээс сонгон авч ашиглаж чаддаг байх нь чухал. Учир нь зарим нөхцөлд нэг арга үр дүнтэй байхгүй байж эсвэл бид түүнийг үнэндээ сайн хэрэглэж чадахгүй байж болно. Гэвч хэрэв бидэнд өөр бусад аргууд байвал тэдгээр нь тухайн нөхцөлд илүү үр дүнтэй байж болно. Мөн зарим өвчний үед бид хэд хэдэн эмийг хавсран уух хэрэгтэй болдог адил ялангуяа сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хүчтэй сэтгэл хөдлөлийг шийдвэрлэхийн тулд бид аргуудыг хослуулан хэрэглэх шаардлагатай болж болно. Иймд хэдий их бид тэдгээр аргуудад суралцаж өөртэйгөө ажиллана төдий чинээ бид бэрх, асуудалтай нөхцөл байдлуудыг шийдвэрлэж, тэдгээрээс зайлсхийж чадна. 

Үүнд Шантидэва гэгээний Бодисадвын явдалд орохуй зохиолыг уншиж судалбал үнэхээр тустай. Учир нь түүний бичлэгийн хэлбэр нь "Яагаад би эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийн эрхэнд орж байгаа билээ? Яагаад би тэднийг сэтгэлдээ тийм тавтай байлгана вэ? Тэд бол жинхэнэ дайсан, тэдэнд үнэндээ ямар ч хүч байхгүй. Хэрэв би тэднийг арилгавал, тэднийг сэтгэлээсээ арилгавал тэд хаашаа явах бол? Тэд ердийн нэг дайсны адил хаа нэг газар байж байгаад дахин над руу дайрах боломжгүй; тэд биет зүйл биш" гэх мэтээр шинжлэн шалгахад чиглэсэн байдаг. Ингэж бодож, энэ бол үнэн гэсэн итгэлтэй болох нь маш чухал. Энэ нь бидэнд эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг арилгахыг оролдох баттай суурь болж өгнө. Тэдний нөлөөнд орохгүй байх нь бидэнд өөрийн амьдралын чанарт илүү хариуцлагатай байж чадах боломж олгоно.                        

Top