Нисванис гэж юу вэ?

11:47
Уур, шунал, хувиа хичээх сэтгэл зэргийн улмаас сэтгэлийн тайван байдал алдагдах үед бидний энерги бас хямарна. Бие тавгүй; сэтгэл тайван биш; бодол эмх замбараагүй болно. Бид хожим харамсах зүйлүүдийг хэлж, хийнэ. Хэрэв өөрийн сэтгэл болон энергид ямар нэг гэнэтийн тайван биш байдал мэдрэгдвэл түүнийг тодорхой нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөө мөн гэсэн итгэлтэй байж болно. Гол нь тэдгээр төвөг удах сэтгэл хөдлөлд буун өгч, тэдний нөлөөгөөр үйлдэл хийн өөрт асуудлууд бий болгохоос зайлсхийх үүднээс тэдгээрийг гарч ирсэн даруйд барин авч, тэдгээрийг сөрөх асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт сэтгэлийн төлөвийг төрүүлэх явдал.

Энэ үдэш бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн даван туулах талаар ярилцна. Тэгвэл “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл” гэж юу вэ? Энэ бол эхний асуулт. Энэ удаа би тэдгээрийг “сөрөг үр дагаварт хүргэх” эсвэл “сөрөг” гэж хэлэхгүй харин “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг (Нисванис)” гэж хэлж байгаа нь тэдгээр сэтгэл хөдлөлийн тодорхойлолтонд таарах маш зөв үг юм. Учир нь тухайн сэтгэл хөдлөлийг сэтгэлийн тайван байдал, өөрийгөө хянах чадварыг алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдал гэж тодорхойлдог. Бид сэтгэлийн тайван байдлаа алддаг учраас тэр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, бидний сэтэлийн тайван байдалд саад болдог гэж хэлж болно. Сэтгэлийн тайван байдал алдагдах үед сэтгэл тогтворгүй болж бодол, сэтгэл үнэхээр тодорхой бус болно. Ингээд бид өөрийгөө хянахад маш чухал шаардлагатай, ямар нэг нөхцөлд юу тустай, юу тусгүй, юу тохиромжтой, юу тохиромжгүйг ялгах мэдрэхүйгээ алддаг. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн зарим нь биднийг бүр сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийхэд хөтөлж болно. Гэвч заавал тийм байх албагүй. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн жишээ нь шунал буюу хүсэн хүлэгдэх сэтгэл, уур, атаархал, омог, дээрэнгүй гэх мэт юм. 

Шунал болон хүсэн хүлэгдэх сэтгэл нь мэдээж биднийг, жишээ нь, хулгай хийх гэх мэт сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийхэд хүргэж болно. Гэвч бидэнд бас хайрлуулах хүсэл байх бөгөөд түүндээ шунан хүлэгдэж болно. Ингээд бид бусдаар хайруулахын тулд тэдэнд тусалдаг. Туслах нь эерэг үр дагаварт хүргэх үйл боловч түүний цаана “Би хайрлуулахыг хүсэж байна. Үүний хариуд чи надад илүү сайн байх болно” гэсэн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байдаг. Уур; маш их ууралснаас хэн нэгнийг гэмтээх, алах гэх мэтээр уур нь сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ бол сөрөг үр дагаварт хүргэх үйлдэл.

Бид тодорхой нэг тогтолцооны, эсвэл тодорхой нэг нөхцөл байдалд бий болсон шударга бус байдлын талаар бухимдаж байна гэж бодьё. Үүнд бухимдснаар энэ нь түүнийг өөрчлөх ямар нэг зүйл хийхэд хүргэж болно. Бидний хийх зүйл заавал хүчирхийлэл байх албагүй. Гэвч гол санаа нь сайн, эерэг зүйл хийж байсан ч тэр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулсан сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн байх явдал юм. Бидний сэтгэлийн тайван байдал алдагдаж, бидний сэтгэлийн тайван байдал алддагдсан учраас тэрхүү эерэг зүйл хийх явцад сэтгэл, мэдрэмж тодорхойгүй, сэтгэлийн төлөв байдал маш тогтворгүй болно. Бид тухайн нэг хүнээс биднийг хайрлахыг хүсэж, эсвэл шударга бус байдалд маш их дургүйцэн бухимдаж байдаг. Эдгээр нь сэтгэлийн тайван төлөв, тайван сэтгэл биш. Эдгээр нь сэтгэлийн тодорхой төлөв, тодорхой сэтгэл биш учраас бид юу хийх, санаагаа хэрхэн хэрэгжүүлэх талаар сайн бодож чаддаггүй. Бид өөрийгөө хянаж чаддаггүй. Бид хэн нэгэнд ямар нэг зүйл хийхэд нь туслахыг хүсэх болох боловч хамгийн сайн тус нь тэднээр өөрсөдөөр нь тухайн зүйлийг хийлгүүлэх явдал байж болно. Жишээлбэл, бид гэр бүлтэй болсон нэг охинтой гэж бодъё. Охиндоо хоол хийх, гэр орны ажил, хүүхдээ өсгөхөд нь туслахыг хүснэ. Энэ нь олон талаараа тэдний хэрэгт оролцож байгаа хэрэг болох бөгөөд охин тань хоолоо хэрхэн хийх, хүүхдээ хэрхэн өсгөхөө хэлүүлэхэд үнэхээр таатай байхгүй. Гэвч бид бусдаар хайрлуулахыг хүсэж, бусдад хэрэгтэй байхыг хүсэж өөрсдийгөө тийш түлхдэг. Бид сайн зүйл хийх гэж буй боловч өөрийгөө хянах гэдэг нь “Чимээгүй байж, энэ нөхцөлд туслахгүй байх нь дээр” гэх явдал юм. 

Бүр бусдад туслахад тохиромжтой, таатай нөхцөлд ч бид тайван амгалан байдаггүй. Учир нь бид түүнийхээ хариуд ямар нэг зүйл хүлээж байдаг. Бид хайрлуулахыг хүсдэг, чухал хэрэгтэй байхыг хүсдэг, талархал хүсдэг. Нөхцөл нь бүрдээд хэрэв тухайн хүн хариу үзүүлэхгүй бол бид бухимдана. Ийм байдал, бид маш их бухимдсан байдаг учраас шударга бус байдалтай тэмцэж байгаа үед бүр илэрхий байдаг. Бид маш их бухимддаг. Хэрэв бид ийм байдлаар үйлдэл хийж байгаа бол ихэнх тохиолдолд бид юу хийхээ тодорхой тооцоолж чадахгүй, өөрчлөлт авчрах хамгийн сайн арга хэмжээг авч чадахгүй. 

Бид сайн үр дагаварт хүргэх эсвэл сөрөг үр дагаварт хүргэх үйл хийж байсан ч хэрэв түүнийг хийх болсон сэдэл нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байх юм бол энэ нь асуудал бий болгоно. Бусдад асуудал үүсгэх эсэхийг бид урьдаас тодорхой хэлж чадахгүй ч юуны түрүүнд бидэнд өөрсдөд асуудал бий болгоно. Эдгээр асуудлууд нь шууд гарах албагүй ч ийм сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг байдлаар үйлдлийг дахин дахин хийх зуршил бий болох гэдэг үүднээс урт хугацааны асуудалыг бий болгоно. Маш олон асуудал дагуулсан зан байдлын удаан хугацааны төлөв байдал тогтоно. Бид ердөө сэтгэлийн амгалантай байхгүй.

Түүний нэг тодорхой жишээ бол бусдаар хайрлуулах, талархал хүлээх үүднээс тэдэнд сайн зүйл хийн, тусалж байгаа бол бид тэр үед бид маш итгэлгүй байдаг. Ийм сэтгэлээр бид хэдий чинээ байнга тус хүргэсэн ч ердөө сэтгэл ханамжтай байхгүй, “За би одоо хайрлууллаа. Энэ хангалттай. Надад илүү их хэрэггүй” гэж бид хэзээ ч бодохгүй. Бидэнд ийм сэтгэл төрдөггүй. Энэ нь ердөө л өөрийн эрхгүй “Би хайрлуулах ёстой. Надад талархах ёстой” гэх сэтгэлийг зуршил болгодог. Та улам улам хичээсээр сэтгэлээр унах ба бүр хэн нэгэн танд талархахад “Та үнэхээр тэгж бодохгүй байгаа” гэх мэтээр сэтгэл ханамжгүй байна. Бидний сэтгэл ердөө амрахгүй. Энэ нь дахин дахин давтагдах учир улам бүр муудна. Дашрамд хэлэхэд үүнийг орчлон (сансар, самсара) гэдэг.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл биднийг сөрөг, муу үр дагаварт хүрэгх байдлаар үйлдэл хийхэд хүргэж байгаа үед үүнийг танихад тийм хэцүү биш. Бид үргэлж бухимдан, бухимдсан учраас жижигхэн зүйл дээр ч уурлаж, бусадтай харилцах харилцаандаа бид үргэлж хатуу ширүүн, балмад үгийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд юу болж байгааг мэдэхэд нилээд амархан. Харин бидний эерэг үйлийн ард байх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг танихад хялбар байхгүй. Гэвч бид аль ч тохиолдолд тэднийг таних хэрэгтэй. 

Тэгвэл бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагын нөлөөнд орж үйлдэл хийж байгаагаа хэрхэн мэдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь заавал ямар нэг сэтгэл хөдлөл байх албагүй, харин бидний амьдралд болон өөртөө хандах хандлага байж болно. Үүнийг мэдэхийн тулд бид дотроо юу мэдэрч байгааг анзаарах үүднээс өөртөө бага зэрэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, хандлагууд, миний өмнө хэлсэнчлэн тодорхойлолт маш их чухал, тэдгээр нь бидний сэтгэлийн амгалан, өөрийгөө хянах хяналтыг алдагдуулдаг. Ямар нэг зүйл хэлэх, хийх үед бид дотроо бага зэрэг сандарч, тайван бус байвал энэ нь тэнд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байгаагийн шинж юм. Бид мэдэхгүй байж болох ч, ихэнх тохиолдолд бид мэддэггүй, гэвч түүний цаана ямар нэг сэтгэлийн тайван байдал алгдагдуулах сэтгэл хөдлөл байдаг.  

Бид хэн нэгэнд нэг зүйлийг тайлбарлахыг оролдож байна гэж бодъё. Хэрэв түүнийг тайлбарлаж байх үед гэдэс дотор тань бага зэрэг эвгүй болж байгаа байдал мэдрэгдэх юм бол тэр нь түүний цаана бардамнал байгаагийн шинж. “Би үүнийг ойлгож чадна, би ухаантай, би чамд үүнийг ойлгоход чинь тусална” гэдэг. Бид тухайн хүнд үнэхээр тусалж, тайлбарлахыг хүсэж байж болох ч таны дотор бага зэрэг эвгүй байвал тэнд бардам зан байна гэсэн үг. Ялангуяа бид өөрсдийн амжилт, сайн чанарын тухай ярих үед ийм зүйл тохиолддог. Ихэнх тохиолдолд бага зэрэг тав тухгүй байдал бий болно. 

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагын хувьд тухайлбал, бидний олонхид байдаг “Хүн бүр надад анхаарал хандуулах ёстой” гэсэн хандлагыг авч үзвэл бусад хүмүүс бидэнд хайхрамжгүй хандахад бид дургүйцдэг. Өөрийг нь тоохгүй байхад дуртай байдаг хүн байдаггүй бөгөөд “Хүмүүс надад анхаарал хандуулж, миний хэлж буй зүйлийг сонсох ёстой” гэх мэт хандлагаар ханддаг. Үүнтэй хамт бидний дотоодод, ялангуяа хүмүүс бидэнд анхаарал хандуулахгүй байгаа тохиолдолд тодорхой хэмжээний сэтгэлийн зовлон байдаг. Яагаад тэд бидэнд анхаарал хандуулах ёстой гэж? Энэ талаар бодож үзэх юм бол ямар нэг онцгой гойд шалтгаан олдохгүй.  

Миний энд орчуулан хэрэглэж буй “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл”, “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлага” гэдэг үг маш хэцүү үг. Учир нь тэдний зарим нь сэтгэл хөдлөл, хандлага гэдэг ангилалын аль алинд нь үнэхээр сайн тохирдоггүй. Жишээ нь, мэдлэг туршлагагүй байдал. Бид зан байдлынхаа өөрт болон бусдад үзүүлэх нөлөөний талаар мэдлэг, туршлагагүй байж болно. Эсвэл бид болж буй бодит байдал, нөхцөлийн талаар мэдлэг, туршлагагүй байж болно. Хэн нэгний сэтгэл дундуур, буримдсан байгааг бид мэддэггүй, бид тэдэнд саад болж байгаа эсэхээ, түүний үр дүнд юу болохыг мэддэггүй; бид энэ байдлыг даван туулж чадахгүй улам бухимдана.
Ийм сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдлын үед бид дотроо тавгүй байх албагүй ч гэсэн миний өмнө хэлж байсанчлан бидний сэтгэлийн тайван байдал алдагдах үед сэтгэл тодорхойгүй болдог. Иймд бид мэдлэг, туршлагагүй байгаа үед бидний сэтгэл үнэхээр тодорхой бус байх бөгөөд бид зөвхөн өөрийн жижигхэн ертөнц дотор байдаг. Бид өөрсдийн жижигхэн ертөнц дотор байгаа гэдэг үүднээс өөрийн хяналтыг алдаж, тухайн нэг нөхцөл байдалд юу тустай, юу тусгүй, юу тохиромжтой, юу тохиромжгүйг ялгаж чаддаггүй. Ингээд бид зөв зохистой байдлаар үйлдэл хийдэггүй, бид зөв зохистой байдлаар үйлдэл хийх, тохиромжгүй ямар нэг зүйл хийхээс зайлсхийж чадах хяналтгүй байдаг. Энэ утгаараа энэ нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдал гэдэг тодорхойлолтонд багтдаг. Миний хэлсэнчлэн энэ бол тохирох үг олж орчуулахад үнэхээр хэцүү хэллэг. 

Санскрит болон Төвд хэлэнд “сэтгэл хөдлөл” гэдэг үг байхгүй. Эдгээр хэл нь юмсыг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг төлөв, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаггүй төлөв гэсэн үүднээс нь хоёр хэсэгт хуваадаг. Мөн эерэг үр дагаварт хүргэх сэтгэлийн төлөв байдал, сөрөг үр дагаварт хүргэх сэтгэлийн төлөв байдал гэж байна. Эдгээр нь заавал адиллхан байж давхардах албагүй. Эдгээр ангиллын аль алинд орохгүй сэтгэл хөдлөл, хандлагууд гэж бас бий. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг зарим сэтгэл хөдлөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаггүй сэтгэл хөдлөл гэж бий. Ийм учраас Бурханы шашинд бид бүх сэтгэл хөдлөлөө арилгахыг зорьдоггүй. Бид зөвхөн сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг арилгахыг хүсдэг. Эхний алхам нь тэдний хяналтанд орохгүй байх, дараагийн алхам нь тэднийг арилгаснаар дахин гарч ирэхгүй болгох явдал юм. 

Тэгвэл хайр нь холимог сэтгэлийн төлөв байдал. Бид зөвхөн нэг сэтгэл хөдлөлтэй байдаггүй. Бидний сэтгэл хөдлөлийн төлөв байдал маш их холилдсон; олон өөр сэтгэл хөдлөл оролцсон байдаг. Ийм төрлийн хайр нь мэдээж илэрхий хараат байх бөгөөд сэтгэлийн тайван байдлыг нилээд их алдагдуулна. Гэвч бусдын хэн болохоос үл шалтгаалан тэднийг аз жаргалтай байж, аз жаргалын шалтгааныг олохыг хүссэн сэтгэлийн тайван алдагдуулдаггүй хайрын нэг хэлбэр бий. Бид тэднээс хариу юу ч хүсдэггүй. Жишээ нь бид хүүхдүүддээ ийм хандлагатай байж болно. Бид хүүхдүүдээсээ буцааж хариу нэхдэггүй. Мэдээж зарим эцэг эхчүүд нэхдэг. Гэвч бидний хүүхэд юу ч хийж байсан хамаагүй бид түүнийг хайрладаг. Хүүхдээ аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч энэ нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг өөр нэг сэтгэлийн төлөв байдалтай хавсардаг ба энэ нь бид өөрсдөө тэднийг аз жаргалтай болгохыг хүсэх явдал юм. Ингээд хэрэв бид хүүхдээ аз жаргалтай байлгах сэтгэлээр ямар нэг зүйл хийгээд тэр нь амжилтгүй болж, тэднийг баяр жаргалтай болгохгүй бол бид маш их сэтгэлээр унана. Гэвч бид түүнийгээ “хайр” гэж нэрлэдэг. “Би чамайг аз жаргалтай байхыг хүсэж байна, би чамайг аз жаргалтай болгохыг хичээнэ, гэвч би үүнийг хийснээр чиний амьдрал дахь хамгийн чухал хүн байхыг хүсэж байна” гэдэг.                                                   

Энэ бүх ярьсан зүйлийн гол санаа бол бид өөрийн сэтгэл хөдлөлийн төлөв байдлыг маш анхааралтай харах явдал бөгөөд сэтгэл хөдлөлүүдийг нэрлэж буй тухайн үгэнд баригдах бус харин “Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг тал нь чухам юу юм, юу нь сэтгэлийн тайван байдал, сэтгэлийн тодорхой чанар, өөрийн хяналтыг алдагдуулахад хүргэд”-ийг сайтар шинжлэх хэрэгтэй. Эдгээр нь бидний анхаарч ажиллах ёстой зүйл.

Хэрэв бид эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлөв байдал, сэтгэл хөдлөл, хандлагыг арилгахыг хүсвэл тэдний шалтгааныг олох хэрэгтэй. Тэдгээрийн цаана байх шалтгааныг бид байхгүй болгож чадвал бид тэдгээрийг арилгана. Энэ нь бидэнд асуудал бий болгодог сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдээс өөрөөс нь салах тухай асуудал бус үнэндээ тэдний үндсийг нь арлилгах тухай юм. Тэгвэл эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэлийн төлвийн гүнзгий шалтгаан нь юу вэ? Хариулт нь бидний “мунхаг” гэж гол төлөв орчуулдаг, харин миний “мэдэхүй үгүй” гэж орчуулахыг илүүд үздэг, ямар нэг зүйлийг ойлгохгүй буюу ердөө мэдэхгүй байх явдал юм. Мунхаг гэдэг нь биднийг тэнэг гэж буй мэт хатуу сонсогддог. Энэ нь бид тэнэг гэсэн үг биш. Харин бид ердөө мэдэхгүй, будилсан, буруу ойлгосон гэсэн утгатай юм.  

Тэгвэл бид юуг юутай андууран будилсан, юуг мэдэхгүй байна вэ? Энэ бол бидний зан байдлын үр нөлөө болон нөхцөлүүдийг мэдэхгүй байх явдал. Бид янз бүрийн байдлаар уурлаж бухимдан эсвэл шунан хүлэгдэх ба энэ нь өөрийн эрхгүй ямар нэг үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ бол үндсэндээ үйлийн үрийн тухай бөгөөд өөрийн хяналтгүйгээр, өөрийн эрхгүй үйлдэл хийх явдал юм. Бид үүний үр дүнд юу болохыг урд нь мэддэггүй. Бид төөрөлдсөн байдаг. Ямар нэг зүйл хулгайлснаар бид сайхан болно гэж бодно. Гэтэл тэр тийм биш. Эсвэл тухайн хүнд тусалснаар надад сайн болж, намайг хэрэгтэй гэж бодно. Гэтэл тийм биш. Бид тухайн үйлдлийн үр дүн юу байхыг мэддэггүй. “Ингэж хэлбэл чамайг гомдоно гэж би мэдсэнгүй” гэдэг. Бид төөрөлдсөн байх ба “Үүнийг тус болно гэж бодсон боловч тэгсэнгүй”, “Энэ намайг жаргалтай болгоно гэж бодсон боловч тэгсэнгүй” эсвэл “Чамайг баярлуулна гэж бодсон боловч тэгсэнгүй” гэдэг. Эсвэл нөхцөл байдлын хувьд “Чамайг завгүй байсныг мэдсэнгүй”, “Таныг гэрлэсэн гэдгийг мэдсэнгүй” гэнэ. Эсвэл бид өөрсдөө будилсан байж болно. “Таныг завтай байгаа гэж бодлоо.” Гэвч тийм биш байсан байна. “Таныг ганц бие, хэн нэгэн хүнд татагдаагүй гэж бодоод тантай ямар нэг харилцаа тогтоохыг оролдсон юм.” Гэвч энэ нь зохимжгүй явдал байж. Нөхцөл байдлууд болон аливаа зүйлийг мэдэхгүй байх гэдэг нь, мэдэхгүй эсвэл

будилсан аль аль нь байсан ч, бид тэдгээрийг мэдэхдээ буруу мэдэж байдаг. Дээрх зүйлүүдээс энэхүү мэдэхгүй байх явдал нь буруу үйлдэл хийх үндэс болдог мэт санагдаж болно. Аяндаа гарах үйлийн үрийн шинжтэй зан байдлын үндэс юу вэ? Тэр нь бас сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн үндэс хэрхэн болохыг илүү анхааралтай бид харах ёстой. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд болон энэхүү өөрийн эрхгүй гарах зан байдал нь хоорондоо маш их холбоотой. Гэвч мэдэхгүй байх явдал нь өөрийн эрхгүй үйлдэл хийх үндэс болдог мэт санагдаж болно. Энэ үнэхээр үнэн. Гэвч тэр нь бас сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн үндэс болдог; Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь өөрийн эрхгүй гарах зан байдалтай маш их холбоотой гэдэг нь тийм илэрхий харагддаггүй. Иймд бид үүнийг илүү анхааралтай авч үзэх хэрэгтэй.

Видео: Жэцүнма Тэнзин Палмо — “Мэдэхүй чухал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top