Бизнест баримтлах Бурханы шашны 5 зарчим

How to 5 tips business

Бурханы шашин нь ихэнх тохиодолд бясалгалтай холбоотой байдаг. Гэвч энэ нь ямар ч салбарт баримталж болох дотоод итгэл үнэмшил, ойлголтуудыг бас өгдөг. Ингээд аливаа нэг төсөл эсвэл бизнесийн үйл ажиллагаа явуулахад бидэнд тусалж болох Бурханы шашны зарим зарчмуудаас авч үзье.

Зорилгоо тодорхойлох

Бурханы шашинд Бурханы шашны бүтээл хийхийн өмнө зорилго, зам мөрийнхөө талаар маш тодорхой ойлголттой байхыг чухалчилдаг. Тэрхүү зорилго нь сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бүрэн арилгаж, өөрийн зүрх, сэтгэлийн хамгийн дээд бүрэн чадварт хүрэх тухай байна. Энэхүү эцсийн төлөвийг “гэгээрэл” гэж нэрлэнэ.

Үүний адил ямар нэг төсөл эсвэл бизнесийн үйл ажиллагаа явуулж эхлэх үед зорилгоо тодорхойлох нь маш чухал. Энэ нь ашиг орлого уу? Энэ нь үйлчлүүлэгч нарт тодорхой нэг үнэт зүйлийг төлөвшүүлэх үү, эсвэл тэдэнд байгаа зарим нэг бэрхшээлүүдийг шийдвэрлэх үү? Зорилго нь хэдий чинээ тодорхой байх тусам түүнд хөтлөх арга замыг тооцоолон гаргах нь төдий чинээ хялбар, зорилгодоо хүрэх боломж төдий чинээ өндөр болно.

Шалтгаан ба үр дагаврын зарчмыг баримтлах

Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол энэхүү зорилгод хүргэх шалтгааныг мэдэх хэрэгтэй. Гэгээрлийн хувьд түүний шалтгаанууд нь сөрөг зан байдлыг тэвчих, сэтгэлийн сайн чанаруудыг төлөвшүүлэх, ертөнцийг харах эерэг, бодит хэлбэрүүдэд суралцах, тэдгээртэй ажиллах зэрэг үйл ажиллагаа байж болно.

Харин бизнес төслийн хувьд бидний эцсийн зорилгод хүргэх тэдгээр шалтгаануудыг гаргаж ирэхийн тулд бид логик гаргалгаа ашиглах хэрэгтэй. Тэрхүү үйл явц нь урвуу инженерчлэлтэй адил байна. Тодорхойлсон зорилгод хүргэх үйл ажиллагааны явцын логик дарааллыг буцаах маягаар дахин авч үзнэ. Энэ үйл явц нь тэрхүү зорилгод хүрэхэд хэрэгтэй үе шатуудыг тодорхойлох, тус төслийн төлөвлөгөөний сайн суурийг гаргаж ирэхэд тусалдаг.

Нигүүлсэнгүй: Үйлчлүүлэгчийн нэг асуудлыг шийдвэрлэх

Нигүүлсэл нь Бурханы шашны хамгийн чухал зарчмуудын нэг. Бурханы шашинд нигүүлслийг дараах байдлаар тодорхойлдог:

Энэрэн нигүүлсэх сэтгэл нь бусдыг зовлонгүй байхыг хүсэх сэтгэл.

Тэгвэл энэ нь бизнест ямар ач холбогдолтой вэ? Бизнес нь үйлчлүүлэгчийн ямар нэг асуудлыг шийдэж өгч байдаг. Хэрэв тухайн нэг бизнесийн үзүүлж буй шийдэл нь бусад шийдлүүдээс илүү сайн байвал өрсөлдөөнд ялна. Иймд өөрсдийн боломжит хэрэглэгчдэд тулгарч байж болох асуудлыг ойлгох, түүнд хандах энэрэнгүй хандлагатай байх нь чухал. Өөрсдийн зорилтот бүлгийн амьдрал дахь зарим бодит асуудлыг тодорхойлон, түүн дээр үндэслэн тухайн асуудлыг хамгийн боломжит сайн аргаар шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Энэрэл нигүүлсэл нь бизнесийн хэрэглэгч хаан гэдэг аргын суурь юм.

Мөнх бус: Зогсолтгүй өөрчлөгдөх дэлхий ертөнцтэй зохицох

Бурханы шашин нь бодит байдлын талаар бидэнд өөр нэг чухал ойлголтыг өгдөг: бүх зүйл цаг үргэлж өөрчлөгдөж байдаг – бид өөрсдөө, бидний орчин тойрон, бидний ойр тойронд буй бүхий л хүмүүс. Маш илэрхий, баттай мэт санагдах ямар нэг ойлголт, санаанд автах үнэхээр хялбар байдаг; гэвч туйлаас хурдтай өөрчлөгдөх бодит байдалд энэ нь ихэнх тохиолдолд явцуу, уян хатан бус байх шалтгаан болдог.

Netflix-ийг жишээ болгон авъя. Тэд интернет нь мэдээллийг хүлээн авах хэв маягийг өөрчилж байгааг ойлгосон. Хуучин сэтгэлгээнд видео контентыг хүлээн авахтай холбоотой зөвхөн нэг шийдэл байсан: DVD түрээслүүлэх. Харин Netflix үүнийг хялбар хийх арга байгаааг олж харсан – интернетээр дамжуулах. Мэдээллийн хэрэглээний бүхэл бүтэн үйлдвэрлэл зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчийн хэв маягийн өөрчлөлтийг олж хараагүй. Харин Netflix үүнийг хамгийн түрүүнд олж харж, салбарыг бүрэн өөрчилсөн.

Ёс зүй: Өөрийгөө, баг хамт олноо, хэрэглэгчээ хүндэтгэх

Бурханы шашны ёс зүй нь үл хүчирхийлэх зарчим дээр суурилдаг. Бид хүн бүр баяр жаргал, аз жаргал хүсдэг, зовлон хүсдэггүй гэдгийг ойлгож байдаг. Хэрэв бидний үйл ажиллагаа энэ ойлголтон суурилсан, бид бусдад ямар нэг гэм хор хүргэхээс зайлсхийдэг бол бид тэдний итгэл, хүндэтгэлийг хүлээнэ.

Хэрэв бид хамт олноо хүндэтгэдэг бол энэ нь хамт олны дотор итгэлцэл, ойлголцлыг бий болгоно. Бусдыг байхгүй үед араар нь, эсвэл тэдний нүүрэн дээр тэдний талаар ямар нэг таагүй зүйлийг хэлэхгүй байж, ил тод байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Бид хэрэглэгчээ хэдий их хүндэтгэнэ төдий чинээ тэд бидэнд итгэлтэй, үнэнч байна. Zappos гэх мэт том компаниудын үйл ажиллагааны хэв маяг нь хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлага, ажилчдынхаа дотор ил тод, тэгш байдлыг эрхэмлэх зарчим дээр суурилсан байдаг.

Видео: Маттхиеу Рикард — “Дурдлын хувьсгал”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Дүгнэлт

Бизнесийнхээ үйл ажиллагааг хүчтэй болгох үүднээс бид Бурханы шашны зарчмыг ашиглаж болно. Тэдгээр зарчим нь:

  • Зорилгоо тодорхойлох
  • Шалтгаан ба үр дагаврыг тооцоолох
  • Хэрэглэгчдэд чиглэсэн энэрэн нигүүлсэх хандлагыг төлөвшүүлэх
  • Өөрчлөлтийг санаж, шинийг эрэлхийлэн, уян хатан байх
  • Ёс зүйг баримтлан хамт олон, хэрэглэгчээ хүндэтгэх.
Top