Асуулт: Энэ жил та хорин зургаан улс орноор аялан номоо айлдсан. Бурханы шашин шинэ газруудад хэрхэн дэлгэрч байгаа талаар бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Доктор Берзин: Өнөө үед Буддын буюу Бурханы шашин дэлхий даяар түргэн дэлгэрч байна. Буддын шашны төвүүд Европын олон улсууд, Хойд ба Өмнөд Америк, Өмнөд Африк, Австрали, Ази, зэрэг орнуудад дэлгэрч байна. Европ дахь Буддын шашны сүсэгтэн зөвхөн өрнийн капиталист орнуудад бус дорно дахь социалист орнуудад ч үйл ажиллагаагаа явуулж байгааг бид олж мэдсэн. Жишээлбэл, Польшид таван мянган гаруй сүсэглэдэг буддын шашинтнууд байдаг.
Буддизм нь ухаалаг, шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байдаг учир орчин үеийн ертөнцийн сонирхлыг ихээр татаж байна. ”Намайг хүндлэхийн үүднээс хэлсэн болгонд минь итгэх хэрэггүй. Харин та бүхэн өөрсдөө алт худалдаж авч байгаатай адил өөрөө шалгаж шинжилж, сорьж үзэх хэрэгтэй” хэмээн Бурхан багш айлдсан юм. Орчин үед хүмүүс яг ийм ягшмал бус арга замд дуртай билээ.
Эрдэмтэд болон Дээрхийн Гэгээн Далай Лам зэрэг Буддын шашны тэргүүнүүд хоорондоо олонтоо ярилцсан байдаг. Тэд хамтран “мөн чанар” гэж чухам юу болох талаар хэлэлцэн, судлан шинжилж байна. Бурхан багш “Бодит байдлыг ойлгохгүй, түүнээс болж төөрөгдөлд ордгийн улмаас хамаг зовлон үүдэн гардаг” хэмээн айлдсан. Хэрэв бид өөрсдийгөө хэн гэдгийг, дэлхий ертөнц, хүмүүс хэрхэн оршдгийг ухааран ойлгодог бол бидний төөрөгдлөөс болж бэрхшээл үүсэхгүй байхсан. Буддын шашин үнэн гэж юу болохыг шалгах явдалд үнэхээр нээлттэй ханддаг юм. Жишээ нь, “Бурхан багш болон түүний дагалдагчдын сургаал номлолыг буруу, ердөө л мухар сүсэг гэж эрдэмтэд баталж чадвал би Бурханы шашнаас энэхүү сургаал номлолыг дуртайяа авч хаях болно” гэж Дээрхийн Гэгээн Далай Лам айлдсан. Иймэрхүү хандлага нь өрнөдийн улс орны хүмүүсийн сонирхолд их нийцдэг ажээ.
Өнгөрсөн үеийн багш нар, мэргэд Буддын шашныг тухайн шашин дэлгэрч ирсэн нийгэм бүрийн соёлд тохируулан хэрэглэж ирсэн юм. Өнөө үед багш нар олон улс орнуудад Буддизмыг ялимгүй ялгаатай арга замаар танилцуулах нь жам ёсных. Ер нь Бурханы шашинд ухаалаг, оновчтой тайлбарыг голчилж авч үздэг. Гэхдээ, тухайн нөхцөлд соёлын давамгай онцлогт тохируулан төрөл бүрийн барил, арга замууд сонгохыг онцгой анхаарах хэрэгтэй.
Хүмүүс хоорондоо маш их ялгаатай байдаг учраас Бурхан багш иймэрхүү олон арга барил хэрэглэхийг сургасан байдаг. Хүн бүр адилхан сэтгэдэггүй. Хоолон дээр жишээ аваад үзье л дээ. Хэрэв нэг хотод ганцхан л төрлийн хоол байдаг бол энэ нь хүн бүрийн таалалд нийцэхгүй. Харин нөгөө талаар, олон янзын хоол, төрөл бүрийн ан байвал хүн бүр өөрийн дуртайгаа иднэ. Үүний адил өргөн цар хүрээний таашаал, сонирхолтой, хүмүүст өөрсдийгөө хөгжүүлж, өсөж дэвшихэд нь хэрэгтэй олон янзын аргыг Бурхан багш зааж сургасан юм. Эцэст нь хэлэхэд, Бурханы шашны зорилго нь бид сул дорой байдлаа, асуудлаа даван туулж, хамаг нөөц бололцоогоо ашиглан, бусдад чадлын хирээр тусалж чадахуйц төвшинд хүртэл өөрсдийгөө хөгжүүлэх явдал юм.
Швейцар, АНУ зэрэг сэтгэл зүйг онцлон үздэг барууны зарим орнуудад лам нар Бурханы сургаалыг ихэвчлэн сэтгэл зүйн талаас нь танилцуулдаг. Гэтэл Өмнөд Европын болон Латин Америкийн зэрэг орнуудын хүмүүс сүсэг бишрэлийн замыг илүүтэйд үздэг тул тэнд лам нар Бурханы сургаалыг гүнээ сүсэглэх хэлбэрээр сургах хандлагатай байдаг. Уг орнуудын ард түмэн залбирал уншиж буюу дуулж сүсэглэхдээ дуртай тул Бурханы сургаалыг сургахдаа мөн үүнийг ашиглаж болно гэж үздэг. Харин Хойд Европын улс орны хүмүүсийн хувьд залбирал унших төдийлөн хүсэл байдаггүй. Тэндхийн багш нар нь Бурханы шашныг арга ухааны талаас нь онцлон авч үзэх чиг хандлагыг баримталдаг.
Зүүн Европын орнуудад маш олон хүн шашин шүтлэгээ үйлдэхэд үнэхээр харамсмаар нөхцөл байдалд байна. Өөрсдийнхөө амьдралыг хоосон гэдгээ мэдэрсэн учраас Буддын шашны номлол тэдний сонирхолыг ихээр татдаг. Хичээнгүйлэн ажилласан ч, ажиллаагүй ч амьдралын хэв маяг нь адилхан үр дүнгүй мэт тэдэнд санагддаг. Дээр дурьдсаны эсрэг, тэдний амьдралын мөн чанарыг эрс өөрчлөх, үр дүнг өгдөг төдийгүй, өөрийгөө танин мэдэх арга замд Буддын шашин сургадаг юм. Энэ нь хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөж, урам зориг оруулж, Бурханы шашныг өндрөөр үнэлэн, мянга мянгантаа мөргөн сүсгэлэхэд өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулахад хүргэдэг.
Ийм маягаар Бурханы шашин ямар ч нийгмийн хүмүүсийн соёл, сэтгэлгээнд зохицон, Бурхан багшийн язгуур сургаалиудыг уламжлан хадгалсаар байна. Зарчмын гол сургаалиуд нь өөрчлөгдөөгүй бөгөөд бидний зовлон зүдгүүр, сул дорой байдлыг гэтлэн давж нөөц бололцоогоо хэрэгжүүлэх нь гол зорилго хэвээр. Сүсэгтэн олон үүнийг сэтгэл зүй, арга ухаан, шинжлэх ухааны үүднээс буюу сүсэг бишрэлийн алийг нь илүү чухалчлан авч үзэн сүсэглэх нь тэдний соёлоос л хамаарна.
Ер нь Бурханы шашин нь хорьдугаар зуунтай хэрхэн зохицож байна вэ?
Бурханы шашин баримтанд тулгуурласан, шинжлэх ухааны арга барилыг сургаал номлолдоо чухалчилан үзэж зохицуулан ашиглаж байна. Буддизм нь амьдралын туршлага хэрхэн бий болж байдаг болон тэдгээрийг боломжтой, түүнийг хамгийн зөвөөр ашиглах талаар тодорхой тайлбарыг өгдөг. Тэгээд ч “Бурханы шашин аливаа зүйлийг мухар сүсгээр бүү хүлээн ав, өөрөө бодож үзээд, шалгаад, үнэхээр үнэн эсэхийг нь харах хэрэгтэй” гэдэг. Энэ нь туршилтын үр дүнг өөрөө давтан хийж, шалгаж үзээд, зөвхөн дараа нь үр дүнгээ баримт хэмээн хүлээн авахыг биднээс шаарддаг шинжлэх ухаантай адилхан билээ. Орчин үед хүмүүс ямар нэгэн зүйлийг шалгаж үзэлгүйгээр худалдаж авах дургүй; машиныг шалгаж үзэлгүйгээр худалдаж авахгүй. Үүнтэй адил өөр шашин юм уу, амьдралын гүн ухааныг шалгаж, шинжилж, үнэхээр үнэн эсэхийг нь үзэлгүйгээр сонгож авахгүй. Ингэж Буддын шашин хорьдугаар зууны маш олон хүмүүст таалагдах болсон. Бурханы шашин нь шинжлэх ухааны судалгаанд нээлттэй ба хүмүүсийг ийм аргаар өөрийг нь шалган шинжлэхийг урьж байдаг юм.