Бурханы шашинд Барууны нийгмийг авч үзэх нь

Шашин

Шашны хувьд би үргэлж барууныхан та бүхэнд өөрийн шашны уламжлалаа хадгалах нь илүү сайн гэж тодорхой хэлдэг. Мэдээж сая сая хүний дунд та нарын адил зарим нэг хувь хүмүүс ... Тэгэхээр жараад оны үед та бүхний зарим чинь хиппи нарын адил (уламжлалт үнэт зүйлсээ үгүйсгэдэг) – сэтгэлийн талаар бага зэрэг буруу ойлголттой, тухайн үеийн нөхцөл байдалдыг эсэргүүцэх хандлагатай, тэр дундаа өөрсдийн барууны итгэл үнэмшлээ эсэргүүцдэг хүмүүс байсан, тийм биз дээ? Тэгээд та бүхэн энд ч тэнд ч явж, ямар ч зүг чиггүй юм шиг, тэгээд эцэст нь Бурханы шашны зарим нэг шинэ санааг олж харсан. Тэгэхээр зүгээр, хэрэв та нар үүнийг үнэхэээр ямар нэг тустай, хэрэг болох зүйл гэж бодож байвал энэ болно.

Төвдүүдийн адил – тэдний 99% -аас илүү хувь нь Бурханы шашинтан боловч тэдний дунд Исламын шашинтан хүмүүс байдаг. Хорьдугаар зуунаас хойш, бас Христийн шашинтай хүмүүс байх болсон гэж би боддог. Энэ боломжтой. Жүүд-Христийн шашны гэр бүлээс гаралтай барууны хүмүүсийн дунд ч, мөн тодорхой хэмжээгээр бас Исламын шашинтай хүмүүс ч тэр, тэдний зарим нь өөрийн уламжлалаа тийм их үр өгөөжтэй гэж боддоггүй, тэгээд ямар нэг сүсэг бишрэлгүй байхыг сонгодог. Сэтгэл санааныхаа хувьд бага зэрэг тогтворгүй байх үедээ Бурханы шашны сэтгэлийн тухай сургаалыг тустай гэж үзээд тэгээд дагахаар шийддэг. Тэр болно. Тэр бол хувь хүний эрх.

Боловсрол

Бурханы шашинтай хүний хувьд, эсвэл бүр ямар ч хүний хувьд, бид аливаад бодитой хандах хэрэгтэй байна. Бодит бус арга аюул авчирдаг. Тийм учраас бид аливаад бодитой ханддаг байх ёстой. Боловсролын туйлын зорилго бол бодит байдал, гадаад (харагдах) байдал хоёрын хоорондох заагийг багасгахад туслах явдал гэж би боддог. Бодит байдал, гадаад байдал хоёрын хоорондох заагаас болж маш их бодит бус ойлголт, хандлагууд бий болдог. Хүмүүс бид оюун ухаантай, тэгэхээр мэдээж бидэнд боловсрол хэрэгтэй. Боловсролын туйлын зорилго бол бидний сэтгэл мэргэн ухаалаг, учир шалтгааныг нь таньж, бодит байдлыг хардаг байх чадварыг бий болгох явдал юм. Боловсролын бодит зорилго нь өөрсдийн бүх амьдрал, бүх зорилгын талаар бодит хандлагатай байж сурах явдал. Бүр хор хөнөөлтэй зорилгын хувьд ч жишээлбэл өөрсдийн зорилгодоо хүрэхийн тулд алан хядагчдын хувьд ч тэдний арга бодит байх ёстой. Үгүй бол тэд зорилгодоо хүрэхээсээ өмнө үхэж болно. Ямар ч хүний үйлдэл бодит байх хэрэгтэй.

Одоо эдийн засгийн хямрал болж байна. Чухам юу болохыг мэдэхгүйгээр хэтэрхий их хөрөнгө оруулалт хийгээд тэгээд бүх зүйл болж байгаа мэт дүр үзүүлж байсан. Заримдаа эдгээр хүмүүс юмс буруу болж байгааг мэдсээр байж зориуд олон нийтэд өөр дүр зураг үзүүлдэг. Энэ бол ёс зүйгүй явдал. Энэ мунхаг (буруу ойлголт, төөрөгдөл) болон шуналын сэтгэлээс үүсдэг. Миний зарим найзуудын хэлсэнчлэн дэлхийн эдийн засгийн хямралын шалтгааны зарим хэсэг нь энэ байсан гэдэг. Хэрэв тэд үнэнийг яг эхлэхэд нь илэн далангүй нээлттэй хэлж байсан бол эцсийн мэдэгдэл гарах үед олон нийт тийм их цочирдохгүй байсан. Тэд эхнээс нь үүнийг маш тодорхой болгох хэрэгтэй байсан юм. Одоо юмс маш хэцүү болсон байна, тийм биз дээ? Тэгэхээр бид амьдралын бүхий л тал дээр бодит хандлагатай байх ёстой. Мэдээж бас олон улсын харилцаанд ч, байгаль орчны асуудалд ч, ямарч салбарт ямарч байдлаар бид бодит хандах хэрэгтэй байна.

Орчин үеийн боловсролд нэг зүйл дутуу байна. Тэр нь халуун дулаан сэтгэлийг төлөвшүүлэх явдал. Одоо зарим байгууллага, их сургуулуид энэ тал дээр судалгааны ажил хийж байна. Сурагчид энэрэн нигүүлсэх сэтгэлд сэтгэлээ сургах богино хугацааны бясалгалыг өдөр тутмын хичээлийнхээ нэг хэсэг болгож хийвэл найман долоон хоногийн дараа үр дүн гарна гэсэн туршилтыг явуулж үзсэн. Юутай ч энэ бол нэг тал нь юм.

Эрүүл мэнд

Амьтад болон бусад төрлүүдтэй харьцуулахад бид хүний бие авсан байгаа нь үнэхээр завшаантай хэрэг. Учир нь бидэнд гайхалтай уураг тархи байна – хязгааргүй их бусдын тусыг бодох сэтгэлийг хөгжүүлэх чадвар, жинхэнэ үнэнийг эрж хайх чадвар бидэнд байна. Хүний тархинаас бага хөгжилтэй уураг тархитай бүх төрлийн амьтадад үүнийг хийх чадвар байхгүй. Бүх эгэл төрөлтнүүд мунхагийн (буруу ойлголт, төөрөгдөл) боол болж байдаг. Зөвхөн хүний тархи энэхүү мунхагийн хор уршгийг мэдэх чадвартай. Иймд хүний төрөл гэдэг бол үнэт зүйл учраас бид энэ амьдралаа хамгаалах хэрэгтэй. Мянган жилийн турш бидний хийж чадаж байсан зүйл бол бидэнд урт насны адистит хүртээх ёстой насны бурхадад залбирч ирлээ. Тэгвэл өнөөдөр бидэнд орчин үеийн анагаах ухаан, йогийн дагсал гэх мэт дасгал хөдөлгөөнүүд байна. Энэ бидний эрдэнэт хүний биеийг хамгаалахад бас хэрэгтэй тийм биз? Ийм байх юм.

Эдийн засаг

Мэдээж энэ салбарын талаарх миний мэдлэг маш хязгаарлагдмал. Юуны түрүүнд Карл Марксийн эдийн засгийн онол – эд баялагийг тэгш хувиарлах тухай түүний санаанд би маш их татагдаж байсан. Тэр бол ёс зүйтэй хэрэг. Харин капитализм энэ талаар ярьдаггүй зөвхөн хэрхэн ашиг олох тухай байдаг. Ийм учраас нийгэм эдийн засгийн онолын хувьд би бол одоо ч гэсэн Марксист.

“Социализм” гэдэг нь хуучны Зөвлөлт Холбоот улс болон орчин үеийн Хятадын эхэн үед Хятадад, зарим социалист орнуудад баримталж байсан тогтолцоо бөгөөд эдгээр улсуудын эдийн засаг нь яваандаа зогсонги байдалд хүрсэн. Энэ бол баримт. Харин барууны капитализм эдийн засгийн хувьд илүү үр нөлөөтэй. Ден Сяо Пиний удирдлаган дор Хятад улс марксист эдийн засгаасаа ухарч капитализмыг сайн дураараа дагасан. Одоо Хятадад үүсээд байгаа бүх хүндрэлд капиталист системийг буруутгана гэж би бодохгүй байна. Эрх чөлөөтэй орон [ямар нэг асуудалгүйгээр] капитализмыг дагаж болно гэвч [үүнд] зэрэгцээд бие даасан хараат бус шүүх, чөлөөт хэвлэл байх хэрэгтэй. Хэрэв хэвлэл мэдээллэл нь ил тод байдлын зарчмыг баримтладаг бол сонгогдсон засгийн газар нь хариуцлага хүлээдэг байна. Капитализмд нийгмийг илүү тэнцвэртэй болгох өөр бусад аргууд бас хэрэгтэй.

Одоо Хятадад ердөө л капитализм байна – хараат бус шүүх тогтолцоо байхгүй, чөлөөт хэвлэл байхгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй байна. Шүүх эрх мэдлийг нам нь барьдаг, эдийн засгийг нь нам хянадаг, хэвлэл мэдээллийг намыг дэмжигчид нь хянадаг. Тэгэхээр энэ бол Хятадад тугараад байгаа асуудлын гол шалтгаан юм. Асар их авилга, нийгмийн гажуудал бий болсон, эдгээрийг хянах ямарч зөв зохистой арга байхгүй байна. Авилгад холбогдсон ядуу хүмүүст цаазаар авах ял оноож харин өндөр албан тушаал хашдаг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Энэ нь асуудлын гол шалтгаан юм.

Берлиний ханыг нураах үед хуучны Зүүн Европын орнууд – жишээ нь Чех улс, Словак улс эрх чөлөөтэй болсон. Ерөнхийлөгч Хавелийн урилгаар Чех улсад зочилсон хамгийн анхны зочин нь би байсан гэж бодож байна. Би мөн Балтийн орнуудаар бас Унгар, Болгараар зочилсон. Би Румынд очиж байгаагүй харин хуучны Югославт – Косово, Хорват, Словен – очиж байсан. Анх Чех улсад зочилж байхдаа “Яг одоо бол илүү их шинжилгээ судалгаа хийх зөв цаг үе. Социалист системийн сайн талуудыг ав, капитализмын сайн талуудыг ав, нэгтгэж нэг шинэ систем гаргаж болох юм” гэж хэлж байсан. Би ингэж ярьж байсан боловч тэр бүхэн ердөө хоосон үг болсон. Гэвч мэдээж надад эдийн засгийн талаар мэдлэг байхгүй л дээ.

Материаллаг амьдралын хэв маягууд

Би өчигдөр барууны амьдарлын хэв маягийн талаар товч дурдсан. Зөвхөн баруун ийм биш болсон байна – одоо Энэтхэг бас материалист нийгэм бий болоод байна, тийм байгаа биз дээ, бүр илүү материалист нийгмийн байгуулал? Тэд өөрсдийн баяр цэнгэлийг мэдрэхүйгээр – кино, жүжиг, хөгжим, сайхан хоол, сайхан үнэр, секс гэх мэт бие махбодын таашаалаар – дамжуулж олж авахыг зорьж байна. Тэд сэтгэл ханамжийг зөвхөн гадаад хүчин зүйлээр, мэдрэхүйн түвшинд хайж байна.

Гэвч дотоод сэтгэл ханамжийн жинхэнэ эх сурвалж нь ийм мэдрэхүйн оролцоотой биш харин сэтгэлийн төлөвшилтэй холбоотой байдаг. Бид хорт [бохирдсон] үйлдүүдээ зогсоох хэрэгтэй. Ингэж хордсон байдал нь орчин тойрноос биш, бидний буруу үзэл, мунхагаас болж бидний үйлдлүүд бохир болж байдаг. Ийм учраас бидний асуудлын шалтгаан болдог хорт үйлийг зогсоохын тулд эхлээд бид толгойдоо байгаа мунхагаа (төөрөгдөл, буруу үзэл) арилгах ёстой. Энэ бол Бурханы шашны арга. Миний өмнө дурдсанчлан боловсролын байгууллагууд одооноос сэтгэл, сэтгэл хөдлөлийг анхаарахыг улам их чухалчилж байна. Энэ бол маш эрүүл шинж тэмдэг.

Хэдий ийм боловч “Амьдрал сайхан байна” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Бурханы шашинд ингэж үздэг ба үүнд онцгой сайн дөрвөн хүчин зүйлийг (phun-tshogs-bzhi) [(1) дээд төрөд, (2) эд бүтээх, (3) сургаал, (4) орчлонгоос гэтлэх] авч үздэг. Эхний хоёр хүчин зүйл нь дээд төрөл буюу хүний төрөл болон амьдралын хэрэгцээ шаардлагууд болох мөнгө санхүү, эд материал, найз нөхөр юм. Бид амьдралын чухал хэрэгцээгээ хангах хэрэгтэй үүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Иймд энд мөнгийг дурдсан байна. Гэвч цаашдын бидний зорилго нирваан буюу төөрөгдөл (мунхаг) болон хорт сэтгэлийг бүрмөсөн арилгах явдал хэрэгтэй. Энэ бол төгс шийдэл бөгөөд үүний тулд бид Ном бүтээх хэрэгтэй.

Баян, ядуугийн зааг

Өөр нэг асуудал бол баян ядуугийн ялгаа юм. Энэ маш ноцтой асуудал. Вашингтонд нэг томоохон олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байхдаа “Энэ бол хамгийн баян орны нийслэл. Гэвч Вашингтоны захын хорооллуудад олон ядуу хүмүүс, ядуу гэр бүлүүд байна. Энэ зөвхөн ёс зүйн хувьд буруу төдийгүй өөр олон асуудлын эх сурвалж юм” гэж би хэлж байсан.

9 сарын 11-ний үйл явдал шиг – энэ бол тэр том зааг ялгаатай холбоотой. Арабын ертөнц ядуу тарчиг үлдэж, тэдний байгалийн баялгийг барууныхан их хэмжээгээр шударга бусаар ашиглаж байна. Олон нийт үүнийг зарим тохиолдолд шударга бус гэж үздэг.

Энэ бүхэн бол маш, маш төвөгтэй нөхцөл байдал. Бурханы шашинтнууд тодорхой арга хэмжээ бас авах ёстой гэж би боддог. Хамгийн наад зах нь өөрийн ойр тойрны хүмүүст анхаарал халамж тавьж сэтгэл санааны хувьд тэдэнд найдлага, өөртөө итгэх итгэл өгч байхыг хичээгээрэй.

Би өөрийн энэтхэг найзууддаа, “доод давхаргынхан” гэж нэрлэгддэг, Доктор Амбедкарыг дэмжигч тэдгээр хүмүүст – тэдний ихэнх нь Бурханы шашинтан байдаг юм – баян, ядуугийн хоорондох энэ зааг ялгааг арилах ёстой гэж үргэлж хэлдэг. Бухимдлаа илэрхийлэх, уриа лоозон барихын оронд ядуу бүлгийн хүмүүс тэд бусадтай адилхан гэсэн өөртөө итгэх иигэлийг бий болгох ёстой. Би тэдэнд “Брахма тэнгэр тэднийг өөрийн дөрвөн толгойноос бүтээсэн. Гэвч Брахма гэдэг чинь нэг л биз дээ?” гэж хэлдэг. Тэгэхээр бид бүгд ижил байх ёстой.

Би үргэлж ядуу бүлгийнхэнд зориулсан боловсролыг шаарддаг. Чинээлэг бүлгийнхэн нь тэдэнд амжиргаагаа сайжруулах боломж олгох үүднээс боловсрол, сургалтын үйлчилгээ, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Хэд хэдэн үйл явдлын үеэр Африкт би үүнийг бас илэрхийлж байсан. Дэлхийн өмнөд хэсэгт нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Хойд хэсгийнхэн нь ихэвчлэн эд материалын илүүдэлтэй байдаг. Өмнөд хэсгийнхэний бүр суурь хэрэгцээ нь ч хангагдаагүй байна. Гэвч энэ бүх хүмүүс бүгд адил ах дүү хүн төрөлхтөнгүүд шүү дээ.

Хүний эрх

Миний хэлэхийг хүссэн өөр нэг зүйл бол бид хоёрдугаар түвшинд тооцогдох – үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн давхарга гэх мэт – зүйлүүд дээрээ хэтэрхий их анхаарал хандуулж байгаа явдал. Хоёр дахь түвшиндээ ашиг тус хүртэх гэж зорихдоо хүний суурь түвшнээ мартаж байна. Энэ бол асуудал. Харамсалтай нь Копэнхагэний дээд хэмжээний уулзалт [2009 оны НҮБ-ын Дэлхийн Уур Амьсгалын Өөрчлөлт Чуулга Уулзалт] гэх мэт үйл явдлын үеэр гол гол үндэстнүүд дэлхий нийтийн сонирхлоос илүү өөрийн үндэстнийхээ ашиг сонирхолыг илүүд тавьдаг. Ийм учраас бид олон олон илүүц асуудлуудтай тулгараад байгаа юм.

Бидний л адил тэдгээр хүмүүсийг боловсролтой болгохын тулд бид бүх хүчин чармайлтаа гаргах ёстой бөгөөд бидний эн тэргүүнд тавих чухал зүйл бол хүний үндсэн эрх. Өөр өөр үндэстэн болон шашны бүлгүүдийн эрх ашиг бол хоёрдугаар түвшний асуудал. Жишээ нь Хятадын хувьд би хүмүүст “Хятад хичнээн хүчтэй байсан ч дэлхийн нэг хэсэг. Тийм болохоор Хятад ирээдүйд дэлхий нийтийн чиг хандлагыг дагах л ёстой болно” гэж үргэлж хэлдэг. Гэх мэт юм.

Бид одоо энэ гариг дээр байгаа эдгээр долоон тэрбум гаруй хүнийг нэг л нэгж, нэг том “хүн” гэр бүл гэж үзэх ёстой. Энэ бол үнэхээр бидэнд хэрэгтэй байгаа зүйл гэж би боддог. Бид үүнийг сургаал номлолоор биш, зөвхөн боловсролоор дамжуулан, эрүүл саруул ухаанаар хийж чадна. Энэ маш чухал.

Дайн

Бид аз жаргалтай хүн төрөлхтөн, энх амгалан хүн төрөлхтөн, энэрэн нигүүсэнгүй хүн төрөлхтөний тухай ярихдаа зэвсгийн хүчийг хэрэглэх, алан хядах ажиллагааны жинхэнэ хариултыг олоход хүчин чармайлт гаргах ёстой. Өнөөдөр бүх зүйл харилцан бие биеэсээ бодитой хамааралтай болоод байна. Европын эдийн засаг, Европын ирээдүй Ази болон Дундад Азиас хамаарч байна. Америк ч мөн адил. Хятадын ирээдүй Азийн болон дэлхийн бусад орнуудаас хамааралтай болж байна. Энэ бол бодит байдал. Ийм бодит байдал ийм байхад бид зааг гаргаж “Энэ бол найз, энэ бол дайсан” гэж хэлж болохгүй байна. Дайсан, холбоотон гэж зааглах ямарч хөдлөшгүй, хатуу ойлголт байх боломжгүй байна. Өнөөдрийн бодит байдлын үүднээс “бид”, “тэд” гэхээсээ илүү нэг том “Бид” гэсэн сэтгэлгээг бий болгох ёстой.

Эрт дээр үед, нэг мянган жилийн өмнө ийм “бид”, “тэд” гэсэн хатуу ойлголт байсан. Энэ ойлголтон дээр “тэд” болох дайснаа устгах нь бидний ялалт байсан. Дайн гэдэг ойлголт нь хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэг. Гэвч одоо, өнөөдөр, дэлхийн дахины бодит байдал цоо шинэ нөхцөл байдалтай байна. Иймд бид дэлхийн хэсэг бүрийг “Бид”-ний хэсэг гэж үзэх ёстой. Бид тэдний сайн сайхныг нухацтай авч үзэх ёстой. Бие биеэсээ хамаарч, хамт амьдрах ёстой нэг дэлхий дээр хүчирхийллийн орон зай гэж байхгүй.

Top