Эрт дээр үед хүний хүйсийн ялгаа тийм чухал байгаагүй байж магадгүй. Гэвч соёл иргэншил гүнзгийрэх хэрээр нийгмийг гаднын түрэмгийллээс хамгаалахад бие махбодын хүч, хэр чадал илүү чухал үүрэг гүйцэтгэх болсон. Үр дүнд нь бие махбодын хувьд эрэгтэйчүүд илүү хүчтэй учраас үүнд давамгайлах болов. Улмаар боловсрол, оюун санаа илүү чухал үүрэг гүйцэтгэх болж ирсэн. Үүнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд ялгаа байхгүй. Харин орчин үед зөрчлүүд, бусад асуудлуудыг шийдвэрлэхэд хайр энэрэл, сайхан сэтгэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр хоёр чанар нь боловсрол, оюун ухааны хэрэглээг хянаж, тэдгээрийг сөрөг үйл ажиллагаа болж хувирахаас сэргийлэхэд шаардагддаг. Иймд эмэгтэйчүүд одоо магадгүй тэдний биологийн хүчин зүйлээс шалтгаалан илүү голлох үүрэг хүлээх ёстой болж байна. Тэд байгалиасаа хайр энэрэл, сайхан сэтгэлийг эрэгтэйчүүдээс илүү хялбар төлөвшүүлж чадна. Энэ нь тэд хүүхдээ хэвлийдээ тээж, дараагаар нь тэдний анхдагч асран хамгаалагч болдгоос улбаатай.
Дайн тулааныг голлон эрэгтэйчүүд явуулж ирсэн бөгөөд учир нь тэд түрэмгийлэх зан байдалд бие махбодын хувьд илүү зориулагдсан мэт санагддаг. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүд бусдын бэрхшээл, зовлонд илүү хүнлэг, мэдрэмжтэй байх хандлагатай. Хэдийгээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд нь түрэмгийлэх зан байдал, сайхан сэтгэлийг төрүүлэх ижил чадамжтай ч тэдгээрийн аль нь тэдэнд илүү хялбар төрөх явдлын хувьд ялгаатай. Иймд хэрэв дэлхийн удирдагч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан бол дайн тулааны бага аюул, дэлхий нийтийг хамардаг асуудлуудыг авч үзсэн илүү их хамтын ажиллагаа байх байсан болов уу – мэдээж зарим эмэгтэй хэцүү байдаг! Би эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч нарыг сайшаадаг, гэвч тэд ердөө нэг дуу хоолой хүргэх төдий байхгүй байх хэрэгтэй. Тэд нийгэмд эерэг хувь нэмэр оруулахад хүчин чармайлт гаргах ёстой.
Шашинд заримдаа эр хүйсийг онцгойлсон зүйлүүд байсаар байдаг. Гэвч Бурханы шашны гүнзгий түвшний сахилууд, тухайлбал бикшү (гэлэн), бикшүни (гэлэнмаа) нарын сахилууд тэгш бөгөөд ижил эрхүүдийг багтаана. Нийгэмд мөрддөг заншлаас шалтгаалан зарим зан үйлийн газарт бикшү эхэлж ордог ч, энэ үнэн. Гэвч Бурхан багш эрэгтэй, эмэгтэй хоёр бүлгийн хуврагуудад суурь эрхийг нь тэгш олгосон байдаг. Бикшүни хуврагийн сахил хүртээх уламжлалыг сэргээх эсвэл үгүй талаар маргах нь утгагүй; асуудлын гол нь ердөө түүнийг Винайн (сахил, ёс суртахууны сургаал) хүрээнд хэрхэн зөв хийх явдал.
Шантаракшита гэгээн Муласарвастивада уламжлалын бикшү хуврагийн сахил хүртээх ёсыг Төвөдөд анх дамжуулсан. Гэвч түүнийг дагалдан ирсэн бүх энэтхэгчүүд нь эрэгтэйчүүд байсан бөгөөд бикшүни хуврагийн сахил хүртээх ёс нь хоёр хүйсийн бүлэг хувраг шаарддаг тул тэрээр бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг дамжуулж чадаагүй. Хожим нь зарим Төвөд лам нар өөрийн ээжүүдэд бикшүни хуврагийн сахил хүртээсэн боловч Винайн сургаалын үүднээс тэдгээр нь хүчин төгөлдөр сахил хүртээх үйл явдалд тооцогдоогүй. 1959 оноос хойш миний бие эмэгтэй хуврагуудын ихэнх хийд дээрх боловсролын стандартыг эрэгтэй хуврагуудын хийд дээр үздэг боловсролтой ойртуулан дээшлүүлэх хэрэгтэй хэмээн санаж ирсэн. Бид түүнийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тэдний дунд Гэвшийн зэрэгтэй хуврагууд аль хэдийн төрөөд байна. Гэвч бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг дахин сэргээхийн хувьд миний бие дангаараа ямар нэг зүйл хийж чадахгүй. Энэ асуудлыг Винайн сургаалын дагуу шийдэх ёстой.
Одоо бидэнд энэ асуудлыг өнөө хэр нь бикшүни хуврагийн сахил хүртээх ёс хадгалагдаж байгаа хятад, солонгос, вьетнам гэх мэт уламжлалын бусад Бурханы шашны уламжлалынхантай ярилцах боломж байна. Аль хэдийн хорин хэд орчим Төвөд эмэгтэй Дхармагуптака ёсны дагуу тэднээс бикшүни хуврагийн сахил хүртээд байгаа бөгөөд тэднийг бикшүни гэдгийг одоогоор хэн ч үгүйсгээгүй байна.
Сүүлийн гучин жилийн турш бид Муласарвастивада болон Дхармагуптака ёсны Винайн сургаалууд дээр судалгаа явуулж байна. Винайн сургаал нь санскрит хэл дээр суурилсан мөн пали уламжлалын аль алинд байдаг тул Винайн сургаалын бүх гурван уламжлалын ахмад хуврагууд хамтран энэхүү асуудлыг хэлэлцэн, туршлагаа солилцох хэрэгтэй. Шри Ланкад бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг аль хэдийн сэргээгээд байгаа бөгөөд Тайландад мөн тийм сонирхол бий. Цаашдын судалгаа хэрэгтэй, ингэснээр бид Шантаракшита гэгээний гаргасан алдааг засаж чадаж болох юм. Гэвч ганц хүний хувиар миний бие энэ асуудлыг шийдэх эрх дутагдаж байна. Энэ нь Винайн сургаалын журамд тохирохгүй. Надад зөвхөн судалгаа санаачлан эхлүүлэх эрх бий.
Бид бүгд Дхармагуптака бикшүни хуврагийн сахил хүртсэн Төвөд болон барууны тэдгээр хүмүүсийг Дхармагуптака бикшүни нар хэмээн хүлээн зөвшөөрдөг, мэднэ. Энэ асуудал биш. Асуудал нь Муласарвастивада Винайн сургаалын дагуу бикшүни хуврагийн сахил хүртээх арга олох явдал. Үүнийг асуухын тулд нэг Бурхан энд одоо амьд сэрүүн байх хэрэгтэй байна. Миний бие Бурхан биш. Би зарим асуудлуудын талаар хэлж өгч тэдгээрийг шийдэж болно, гэвч Винайн сургаалын асуудлын талаар болохгүй. Би Дхармагуптака уламжлалын дагуу сахил хүртсэн Төвөд бикшүни нарыг хамтран гурван хуврагийн зан үйл буюу сахилын уналыг ариусгах хоёр сар тутмын ариуслын бүтээлийг үйлдэх (sojong) (gso-sbyong, Санс. poshada, Пали: uposatha), зуны даяан (dbyar-sbyor, Санс. varshopanayika, Пали: vassopanaika) хийх, зуны даяаны хязгаарлалтуудыг нь (dgag-dbye, Санс. pravarana, Пали: pavarana) багасгах зэрэг зүйлүүдийг эхлүүлж болно. Гэвч сахил хүртээх зан үйлийг сэргээх нь өөр асуудал. Хэдийгээр би үүнийг хүсдэг ч үүнд ахлах лам нарын зөвшилцөл шаардлагатай. Бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрөхгүй бол тэр асуудал. Гэвч миний бие дээрх гурван хуврагийн зан үйлийн Дхармагуптака ёсны хувилбарын зохих сургаалуудыг хятад хэлнээс төвөд хэлэнд даруй орчуулах ажлыг хийлгэж болно. Үүнийг эсэргүүцэх хүн гарахгүй болов уу.
Бусад зүйлүүдийн хувьд бид илүү их ярилцах хэрэгтэй. Бурханы шашны бусад уламжлалуудын хуврагуудын дэмжлэг чухал бөгөөд энэ уулзалт үйл явцын нэг тустай алхам болж байна. Дараагийн алхам болгож би олон улсын ахлах хуврагуудын энэ бүлгийг Энэтхэгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэднийг Муласарвастивада бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг сэргээхийн эсрэг байдаг тэдгээр Төвөд ахлах хуврагуудтай ярилцуулъя.
Хэрэв Бурхан багш өнөөдөр байсан бол тэрээр эргэлзэх зүйлгүй зөвшөөрөл өгөх байсан. Гэвч би Бурхан баш адилаар асуудлыг шийдэж чадахгүй. Хэдийгээр сүм хийд Төвөдөд VIII зуунаас хойш оршин тогтнож байгаа ч гурван хуврагийн зан үйл хийдэг бикшүни бидний дунд хэзээ ч байгаагүй, гэвч одоо хийх гэж байна. Харин сахил хүртээх ёсны хувьд энэ нь арай эрт байна.
Энэхүү гурван бикшүни хуврагийн зан үйлийг энэ жил эхлүүлж амжихгүй байж болох юм, гэвч дараа жил эхлүүлэх хэрэгтэй. Бикшүни пратимокша (сахилга батын) сургаал нь хятад хэлнээс төвөд хэлэнд аль хэдийн орчуулагдсан. Гуч, дөчин хуудас бүтээл бий. Төвөд Дхармагуптака бикшүни нар үүнийг цээжлэх хэрэгтэй. Харин одоо гурван хуврагийн зан үйлийн бодит үйлийн талаарх сургаалыг орчуулах хэрэгтэй байгаа.
Хэдийгээр Төвөд эмэгтэй хуврагууд Муласарвастивада ёсны бикшүни сахил хүртэхийг хүсэж болох ч Дхармагуптака ёсны бикшүни сахил хүртээх уламжлал нь Муласарвастивада ёсных болж хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Хэрэв энэ хоёр ёсыг хооронд нь орлуулж болдог байсан бол Атиша гэгээнийг Махасангхика бикшү хуврагийн сахилыг Төвөдөд хүртээхгүй байхыг хүсэх ямар ч шалтгаан байхгүй байх байсан. [МЭ XI зууны эхээр Төвөдийн хаан Жангчүб Во (Төвөд. Byang-chub ‘od) Энэтхэгийн их мэргэн Атиша гэгээнийг Төвөдөд урих үед түүний эцэг Ешэ Во аль хэдийн Зүүн Энэтхэгийн их мэргэн Дхармапалаг урин удаах зочлолтоор нь өөрийн улсдаа Муласарвастивада ёсны бикшү хуврагийн сахил хүртээх ёсыг дэмжлэг үзүүлэн дахин сэргээсэн байсан.] Атиша гэгээнээс Махасангхика ёсны бикшү хуврагийн сахилын дамжлагыг хүртээхгүй байхыг хүссэн бөгөөд учир нь Төвөдөд Винайн хоёр дамжлага бий болох байв.
Цаашлаад хэрэв Дхармагуптака ёсны сахил нь Муласарвастивада ёсны сахил байсан бол Теравада ёсны сахил хүртээх уламжлал нь мөн Муласарвастивада ёсны уламжлал болох байсан. Ийм байх боломжгүй. Бид Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх ёсыг цэвэр Муласарвастивада ёсны Винайн сургаалын дагуу дахин сэргээх хэрэгтэй.
Энэ өвөл үүнтэй адил бага хурлыг хийцгээе, ингэхдээ Энэтхэгт – Бодх Гаяа, Сарнат эсвэл Делигийн аль нэгэнд. Хамбургийн энэ бага хуралд оролцсон олон улсын ахлах хуврагууд дээр нэмж бүгдээрээ Төвөд лам хуврагуудын бүх дээд түвшний удирдлагууд, Төвөдийн Бурханы шашны дөрвөн уламжлалын голлох сүм хийдүүдийн бүх хамба лам нар, магадгүй Бон ёсны хуврагуудыг ч оролцуулан урьцгаая. Боны ёсонд одоо хэр нь бикшүни нар бий. Ахлах, хамгийн нэр хүндтэй бикшү эрдэмтэн мэргэдийг уръя, ойролцоогоор бүгдээрээ нэг зуу орчим болдог. Тэр үед миний бие олон улсын ахлах хуврагуудыг тэдний өмнө бикшүни хуврагийн сахил хүртээх уламжлалыг дахин сэргээхийг дэмжсэн өөрсдийн үндэслэл бүхий тайлбарыг биечлэн илэрхийлэхийг хүсэж байна. Энэ их тустай болох байх. Төвөдүүд бид ийм нэг бага хурлыг санхүүжүүлэн, ямар хүмүүс түүнийг хамгийн сайн зохион байгуулж болохыг шийдье.
Сүүлийн хорин зургаан зууны турш Абидармын сургаалын (Илт номын аймаг) Пали болон Санскрит хувилбаруудын хооронд олон ялгаа бий болсон. Нагаржуна гэгээн тодорхой ойлголтуудыг тодорхойлсон; хоёр уламжлалын хоорондын бусад илэрхий ялгаануудыг шинжилж үзэх байдлаар тодорхойлж болно. Энэ үүднээс бид жишээ нь Сүмбэр уулын тухай дахь дэлхий хавтай байх ба нар, сар хоёр бараг ижил хэмжээтэй, дэлхийгээс адил зайд оршдог гэх Бурхан багшийн айлдсан зүйлийг шалгаж үзэх эрх чөлөөгөө эдэлж болно. Эдгээрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүр Лхасын миний өөрийн багш нар миний телескопоор саран дээр туссан уулын сүүдрийг хараад Абидармын сургаалд сар өөрөөсөө гэрэл цацруулдаг хэмээдэг нь үгүй болохыг хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Тэгэхээр Нагаржуна гэгээний тайлбарын хувьд лам хуврагууд түүнийг хэлэлцэх шаардлага байхгүй. Судруудын хувьд энэ мөн адил. Гэвч Винайн сургаалын хувьд энэ маш өөр асуудал.
Винайн сургаалуудын бүх орчуулга нь Бүхнийг болгоогчид хандсан хүндэтгэлийн үгээр эхэлдэг. Энэ нь Бурхан багш өөрөө сургаалуудыг нотолсон гэсэн үг бөгөөд учир нь зөвхөн бүхнийг мэдэгч Бурхан ямар үйлүүдийг хийх, ямар үйлүүдийг хийхгүй байхыг мэднэ. Харин Абидармын сургаалуудын хүндэтгэлийн үг нь Манзушир бурханд хандсан байдаг. Мөн Бурхан багшийг паринирваан дүр үзүүлж жанч халсны дараа хуврагуудын нэг зөвлөл байгуулагдан Винайн сургаалд зарим өөрчлөлтийг хийсэн. Бурхан багш ийнхүү хийх зөвшөөрөл олгосон бөгөөд үүнийг бусад зүйл дээр хэрэглэж болно. Жишээ нь, Төвөдүүд бид Бодисадваяна, Тантраяна сургаалыг үздэг бөгөөд тэдгээр нь тус тусын бүлэг сахилтай. Зарим санаа, сахилууд нь дотроо бас Винайн сургаалтай зөрчилдөнө. Ийм тохиолдлуудад дээд түвшний сахилууд нь доогуур түвшний сахилуудаасаа илүү давуу нөхцөлтэй байх ёстой.
21-р зуунд дайн гэх ойлголт хуучирсан. Харин маргааныг шийдвэрлэхэд бидэнд харилцан яриа хэрэгтэй бөгөөд үүнд ухаан дагаараа хангалттай биш. Бидэнд сайхан сэтгэл, бусдын сайн сайханд анхаарсан нухацтай сонирхол хэрэгтэй. Энэрэн нигүүлсэх сэтгэл чин сэтгэлийн харилцан ярианд илүү чухал. Байгалын хүчин зүйлийнхээ улмаас эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү бусдын зовлонд мэдрэмтгий. Жишээ нь, олон эмэгтэй хүмүүс мал нядлагч эсвэл махны худалдаачин болдоггүй. Иймд олон улс хоорондын яриа хэлэлцээнд эмэгтэйчүүд маш их хэрэгтэй, илүү чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна.
Бурхан багшийн шавь нарын дөрвөлийн бүлэг нь бикшү, бикшүни, эрэгтэй, эмэгтэй гэргийтэн сахилтан нараас бүрддэг. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш үүрэгтэй байгаа нь тодорхой харагдаж байна. Гэвч өнөө үед Төвөдүүдийн хувьд дөрвөлийн бүлэг нь дутуу байгаа. Эрдэнэт хүний найман чөлөө, арван учралын дотор, нэг нь төв газар төрөх ба энэ нь газар зүй байдал болон Бурханы ном дэлгэрсэн эсэхээр тодорхойлогддог. Төвөд нь газар зүйн хувьд төв газар биш. Шашны номын хувьд шавь нарын дөрвөл бүлэг нь бүрэн бус газар. Мэдээж бикшүни байхгүй учир бүрэн биш. Олон төвөд хүмүүс хэрэв бикшүни нар байсан бол төв газар болно гэдэг. Учир нь бикшүни нар дөрвөлийн бүлэгт хамгийн чухал. Тэгэхээр энэ нь ердөө нэг төв газрын адилтгал, эрдэнэт хүний төрлийн нэг адилтгал болж байгаа юм. Төвөдийн өмнөх үеийн мэргэдүүд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй байсан.
Хуврагуудтай зөвлөхгүйгээр би төвөд эмэгтэй хувраг нарын боловсролыг сайжруулах асуудлыг санаачилж болно. Үүнийг би хийгээд байгаа бөгөөд аль хэдийн олон эмэгтэй хуврагууд олон хүмүүсийн хүрдэггүй эрдэм мэдлэгийн өндөр түвшинд хүрээд байна. Мундгодын хийдүүдэд би Гэшэмаагийн шалгалтад бэлтгэх бэлтгэлийг хийх ёстой гэж хэлсэн. Зарим ахлах лам нар үүнтэй санал нийлэхгүй байгаа ч би тэдэнд Бурхан багш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бикшү, бикшүни болох адил эрх олгосон байхад яагаад Гэшэ (Гэвш), Гэшэмаа болох адил эрх байж болохгүй гэж хэлдэг. Асуудал нь эдгээр ахлах хуврагууд ердөө ийм төрлийн сэтгэлгээнд дасаагүй гэж би боддог.
60-аад оны эхээр би зөвхөн эрэгтэй хувраг нар төдийгүй эмэгтэй хувраг нарыг цуглуулан эмэгтэй хувраг нарыг хоёр сар тутмын сахилын зан үйлд мөн оролцож болно гэж хэлсэн. Тэр жилүүдэд бикшүни нар байгаагүй бөгөөд хэдийгээр шраманерика (эхний бүлэг сахил сахидаг эмэгтэй хувраг) нарыг эрэгтэй хуврагуудын хоёр сар тутмын сахилын зан үйл, сожонд ер нь оролцуулдаггүй боловч багш нар маань тэдэнд зөвшөөрөл олгосон. Ингээд бид түүнийг хийж эхэлсэн. Өмнөд Энэтхэгийн хийдүүдээс хэд хэдэн удаа дургүйцэл илэрхийлж байсан, учир нь эрэгтэй, эмэгтэй хуврагууд хамтдаа сожон сахиж байсан удаагүй. Гэвч үүнээс болж лам нарын сахилыг хураагаагүй!
70-аад оноос зарим төвөдүүд хятад уламжлалаас бикшүни хуврагийн сахил хүртсэн. Тайван руу хийсэн миний айлчлалын гол зорилгуудын нэг нь тэнд буй бикшүни хуврагийн дамжлагыг өөрийн биеэр харж, түүний нөхцөл байдлыг шалгаж үзэх явдал байсан. Миний бие Лосанг Цэринд бикшүни хуврагийн сахилын талаар судалгаа хийхийг даалгасан бөгөөд тэрээр түүнийг одоо хэр нь хорь гаруй жил хийгээд байна. Бид хамгийн сайнаараа ажилласан. Миний бие хятадын голлох сахил хүртээдэг бикшү нараас олон улсын хуврагуудыг оролцуулсан уулзалт хийхийг хүссэн боловч тэд үүнийг хийж чадаагүй. Хятад улсаас гарах бэрхшээл, хүндрэлүүдийн улмаас би өөрийн биеэр тийм уулзалтыг зарлан хуралдуулж чадаагүй. Хэрэв өөр байгууллага тийм уулзалтыг зарлан хуралдуулбал илүү сайн болох мэт санагдан би Жампа Чодрөноос түүнийг хийхийг хүссэн. Өөрийн биеэр ганцаарчлан хийж болох бүх зүйлийг лам нар хийгээд байгаа. Одоо бидэнд Төвөдийн ахлах бикшү нарын томоохон зөвшилцөл хэрэгтэй байна.
Эхэлж сахил хүртэж байгаа эрэгтэй, эмэгтэй хувраг нарын эхний сахил хүртээх зан үйлд хүндлэлийн зөв орныг мэдэх хэрэгтэй гэж гардаг. Энэ нь хэдийгээр сахилын хувьд бикшүни нар ахлах болох боловч тэд эхний сахилаа хүртсэн эрэгтэй хувраг нарын хүндлэлийн орон болдоггүй. Магадгүй үүнийг, бодисад, тарнийн сахил, тэр дундаа тарнийн сахилд эмэгтэй хүмүүсийг үл хүндлэхийг хориглодогтой холбоотойгоор, мөн л өөр үгээр илэрхийлэх хэрэгтэй болов уу. Энэ талаас нь харахад Винайн дээрх санааг баримтлахад тохирохгүй байна. Тэгэхээр эдгээр гурван бүлэг сахилыг сахихын тулд зарим багавтар зүйлүүдийг мөн тохируулан өөрчлөх хэрэгтэй. Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахилыг авахаас өмнө тэдгээрийг судлахын тухайд Дхармагуптака ёсоор бикшүни болсон хүмүүс хэдийгээр зан үйлээ Дхармагуптака ёсны дагуу хийх хэрэгтэй ч дээрхийг уншиж, судалж болох юм. Гэвч бикшүни болоогүй хүмүүс тэдгээр сахилуудыг судлахын бас нэг асуудал байсаар байна.
Эдгээр бүх өөрчлөлтүүдийг хийхэд, ялангуяа Муласарвастивада ёсны бикшүни хуврагийн сахил хүртээх уламжлалыг дахин сэргээх тухайд үүнийг зөвхөн зарим Төвөд хуврагуудын шийдвэрээр хийхгүй байх нь туйлаас чухал. Хуврагийн хагарлаас бид зайлсхийх ёстой. Төвөд хуврагууд бидэнд нийтэд нь нэг томоохон зөвшилцөл хэрэгтэй бөгөөд дараагийн алхмуудыг бид энэ чиглэлд хийж байна. Та бүгдийн бүх хүчин чармайлтад баярлалаа.