Тарнийн Гишүүн сахилууд

Удиртгал 

Тарнийн нийтийн ёсны үндсэн сахилууд болон онцгойлон Дүйнхорын ёсны сахилуудыг дагалдан, бясалгалын үйлийг доройтуулж, ханьцашгүй дээд тарнийн (санс: ануттараиога) мөрийн ахицад тотгорлодог найман бүдүүн үйлийг (түвд: бом-бо, хүнд үйл) тэвчих ам тангаргийг авдаг. Эдгээр үйлийг үйлдэхэд хураах нүгэл унал нь тухайн сахилтай хамааралтай хүндрүүлэх  зүйлийн (түвд: гүн-дри) тоо болоод тэдгээрийн ид хүчтэй нь шууд хамааралтай байдаг. Бодьсадвын  гишүүн сахилуудыг сахихдаа тэвчинэ хэмээн ам тангараг авдаг 46 хилэнцэт үйлийн наймыг дөрвөн зүйлийн хамтаар үйлдсэн ч тарнийн сахилыг алдахгүй юм. 

Найман бүдүүн унал  

(1) Билэг чанар эс төгс мутарлагыг шүтэх 

Энд дурьдагдаж буй билгэ билгүүн бол (түвд: шейраб, санс: пражна) эм хүний нэгэн ёгт нэр юм. Дуслыг гадагшлуулалгүйгээр эхтэй нэгдэн орсоны амгалан болон баясгалангаар эцгийн хоосныг таньсан амгалант оюуныг арвидуулна. Эхийн билэг чанарт шүтээд дуслыг гадагшлуулалгүй эцэгтэй нэгдэн орох эх ч мөн адил.    

Энэхүү бүдүүн уналыг "эрдэм эс төгссөн мутарлаг (түвд: чагжа, санс: мудра)-ийг шүтэх" хэмээнэ. Мутарлагт эх,  билгэ билгүүнт эх (түвд: риг-ма, мэдлэгийн эх) эдгээр нь эмийн нэрийтгэлүүд юм. Тэдгээр нь Нинма ёсонд зогчен хэмээгддэг тод гэрлийн сэтгэлээр буюу билгэ билгүүнээр (түвд: риг-ба) махамудра буюу хоосон чанарын их тамгын увидасыг олоход тустай.

Дүйнхорын тарнийн ёсны тав дахь ёзоор унал буюу эглийн хурьцал болон дуслыг гадагшлуулсаны амгаланг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх зам мөрд авах нь тарнийн номын унал болно. Үүнийг болон Дүйнхорын ёс, бусад ханьцашгүй дээд тарнийн ёсны аль алинд хамаарах дараагийн бүдүүн уналыг ойлгоход тустай тайлбарыг энд өгөх юм. Дуслыг гадагшлуулалгүйгээр хурьцалд нэгдэн орсоноор арвиддаг хоосны амгалант оюуны аливаа зэргэмжид эс хүрсэн бөгөөд иог бясалгалаар өөрийн хийн эрч хүчийг эрхшээж хурьцлын үед дуслыг гадагшлуулахгүй байхад эс суралцсан хэдий ч тарнийн сахил санваарыг хүртсэний хувьд жам ёсоороо эдгээрийг бишрэн, тэр адилын зэргэмжид хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн, ерөөл талбиж байх ёстой юм. Өөрийн бэлгийн амьдралыг энэ адилаар бид үзэх хэрэгтэй. 

Энэхүү зоригдлыг үл алдахын тухайтад бэлгийн хамтрагч ч хурьцлыг мөн энэ адилаар үздэг байх нь чухал. Билгэ чанар төгс бус эр, эм хэмээхээр хурьцлыг тарнийн ёсончлон эс үздэг нэгнийг хэлнэ. Тодруулбал, тэрээр эрх авшиг авсан, тарнийн ёсны санваар сахидаг, номын үйлээ тогтмол үйлддэг байх ёстой юм. Энэ бүхнээс хамгийн чухал нь эр, эм тэрээр Дүйнхорын ёсны тав дахь ёзоор сахилыг хиргүй ариунаар сахих ёстой ба эгэл эр эмийн үйл, дур ханахын амгаланг номын үйл, гэтлэхүй, гэгээрлийн мөр мэтээр үзэхийг тэвчих ёстой.  

Тарнийн ёсончлон хурьцлыг харах үед бэлгийн хамтрагч гагцхүү дурлалцах, тав тух эдлэхийг эрхэмлэж байвал энэ хоёр байр суурь харилцан зөрчилдөж байна хэмээн санах хэрэггүй. Бэлгийн үйлд хамтран орсоноор хоосон чанарын мэдлээс төрөх амгалан нь харилцан хайрлан дурлалцах, бие биесээ дэмжих явдалд суурилан арвиддаг. Гэсэн хэдий ч хамтрагч нь гагц биеийн таашаалд шунах тачаахад автах эсвэл дур ханах нь сэтгэхүйн эмгэг бүхнийг илааршуулна хэмээн үздэг бол энэ адилын санаа сэтгэлд амар хялбар урхидуулан, өөрийн үзлийг алдаж мэднэ.      

Хэрэв хэдийнээ бэлгийн хамтрагчтай байгаад хамтрагч тань тарнийн ёсонд ороогүй хэдий ч та өөрөө тарнийн номонд орсон бол хамтрагчаа орхих эс бөгөөс гэр бүлээсээ гадуур тарнийн санваартай хүнтэй хурьцахаар эрэлхийлэх ёсгүй гэдэг нь ойлгомжтой. Тэрчлэн хамтрагчаа Бурханы шашинтай болох, эрх авшиг авах зэрэгт шахаж шаардаж болохгүй. Түүнээс гадна түүнийг өөрийн номын үйлд ашиглах, өөрийн сэтгэл санааг шударгаар үл илэрхийлэх, эс бөгөөс гонсойж дүргүйцсэн ч хурьцлыг үүрэг мэтээр санан үйлдэж болохгүй юм. Энэ бүхэнд бодьсадвын сахил санваар, явдал мөрийг даган мөрдөх хэрэгтэй. Хоёр хүний нэг нь тарнийн ёс болон Бурханы шашинд эгдүүцэн дургүйлхэж, нөгөө нь эр эсвэл эмээ нэгэн оронд ороход тохирох билгэ чанаргүй хэмээн ихэрхэж мэдэх тул энэ бүхнээс зайлсхийхийн тулд цаашид асрал хайр, энэрэл нигүүлслийн сэтгэлээр хамтрагчтайгаа бэлгийн үйлд орж байх нь зүйтэй. Өөрийн авсан ерөөлийн бодь сэтгэлийн сахил санваарыг сайтар сахин үйлдэхийн тулд таныг асран хайрлах, танд жаргалыг хүсэх зэргээр буянт сайныг үйлдсэндээ харамсах шалтгааныг хамтрагчдаа өгөхгүй байх хэрэгтэй. Харин түүний оронд ном сонсох нэгнийг бол эглийн хурьцлаар бус харин жинхэнэ номын үйлээр гэмээс хагацан, эрдмийг олоход нь алгуурхнаар хөтөлж болно. Үүгээр хоёул адил биш юм гэхэд ядаж таарч тохирохуйцаар хурьцлыг хардаг болох юм. 

Улмаар хэн нэгнийг бэлгийн үйлд оруулахын тулд сэтгэл санаагаар болон хүчээр дарамт шахалт үзүүлэхийг тэвчинэ. Үүнийг жишээлэхэд, тэрээр эрдмийг олсон тул тарнийн ёсны их бодьсадвын хувиар бэлгийн үйлээрээ мөрийн ахиц олоход тусалж, тэрчлэн бусдын тусыг ихээр бүтээнэ хэмээн зусардан магтах болой. Харин хүчирхийлэн албадах  гэдэгт цохих, түлхэх эсвээс гутаан доромжлох зэрэг орно.  

Хэдий хамтрагч байж болох хүн нь эрх авшигтай, тарнийн ёсны сахил санваарыг сахидаг, эр эмийн бэлгийн үйлийн талаархи үзэл санаа адил байвч зохист нөхцөл бүрдээгүй үед хурьцалд орохыг хүчилбэл энэхүү эхний бүдүүн тэвчлийг унагасанд тооцогдоно. Үүнд тухайн хүн өвчин эмгэгтэй, хэн нэгэнтэй гэрлэсэн, хэн нэгний асран хамгаалалтад байдаг, энэ адилын үйлийг хорих сахил авсан, бүрэг ичимхий, эс хүссэн зэрэг нь зохист нөхцөл бүрдээгүй гэдэгт багтана. Эдгээр нь бидний ерөнхий бэлгийн үйлд ч хамааралтай юм.  

(2) Гурван хуран мэдлээс хагацаж тэгш орж үйлдэх

“Гурван хуран мэдлээс хагацаж тэгш орж үйлдэх” нь дараагийн бүдүүн үйл болой. Энэ нь хэдий үзэл санаа ижил хэдий ч тарнийн ёсны үйлийг ёсчлон дагалгүйгээр бэлгийн үйлд хамтрах орох унал юм. Бодитой эс бөгөөс сэтгэлдээ төсөөлөн бүтээсэн хамтрагчтай бэлгийн үйлд орсоны амгалангаар хоосон чанарын мэдлийн амгаланг арвидуулах үед бид бие, хэл, сэтгэл гурвыг төөрөгдлөөс хагацсан (түвд: саг-мэд, цувиралт бус) хэмээн ялгамжаатайд хардаг. Эдгээрийг гурван мэдэл (түвд: дү-шей сүм) хэмээн нэрийднэ. Эдгээрийг төрүүлээгүй бол хурьцлын амгалан нь хоосны мэдлийн амгаланг бус гагц шунал тачаалыг л арвидуулах болно. 

Эхэнд нь, хурьцлын үед хоосон чанарын амгаланд чадахын хэрээр оршино. Эглийн бодол санаа, зовнил, жишээлэхэд өөрийн бэлгийн чадварыг бусадтай харьцуулах зэрэг санааг агуулахгүй.  

Хоёрт нь, эндүү сэтгэлд баригдаж байгаагаар бус харин хоосны амгалант мэдэлд янагуухидаа хэрхэн баригдаж байгаагаар нь юмс үзэгдлийг хэл яриагаараа нэрийднэ. Уг гүндээ хоосны мэдлийн амгаланд орших сэтгэлийн нэгээхэн хэсэгт өөрийн болоод хамтрагчийн бэлгийн эрхтэн нь хөрөнгө үсгэнд шүтэн барилдаж хонх, очрын дүрсэнд урган гарч байна хэмээн төсөөлөн санана. Тарнийн ёсонд өргөн хэрэглэгддэг энэхүү зан үйлийн хоёр хэрэгсэл нь хоосон чанарын амгалан болон билгэ билгүүн хоёрыг бэлэгдэнэ. Эдгээрийг хиргүй ариун сэтгэлээс өгсөн нэрийтгэлийн илэрхийлэл болох хөрөнгө хоёр үсгээр тэмдэглэгдсэн байна хэмээн төсөөлнө. Эндүү сэтгэл, түүнээс үүдэн төрөх хүсэл шуналын эрхээр бид бэлэг эрхтэнийг дур ханахын зуурдын амгаланд хөтлөх шуналын орон хэмээн нэрийднэ. Харин эндүүрлээс ангид сэтгэлээр бол хирээс хагацсан нэрийтгэлийг оноох буюу хоосныг таньсан амгалант билгүүнийг төрүүлэх орон хэмээн үзнэ. 

Гуравт нь, өөрийн болон хамтрагчийн биеийг Бурханы дүрд урган бослоо хэмээн сэтгэлдээ бүтээх ба үүнтэй нэгэн зэрэг сэтгэлийн гүндээ хоосны амгалант мэдлийг төрүүлнэ. Энэхүү дүрийг бүтээж буй сэтгэл нь хүсэл тачаалаас ангид тул энэхүү төсөөлөл нь өөрийгөө болон хамтрагчаа кино од мэтээр төсөөлөн мөрөөдөхөөс огтоосоо өөр юм.   

Ахин дахин давтахад, хурьцлын үед өөрийн сэтгэл, хэл, бие гурвыг хиргүй ариунд харсан ч дур ханан дуслыг гадагшлуулах амсуургыг гэтлэхүй эсвэл гэгээрлийн хутгийг олох арга хэмээн үзвэл энэ нь Дүйнхорын тарнийн үндсэн унал болно. Ийнхүү санаатайгаар дуслыг гадагшлуулсан, санаандгүй гадагшлуулсны аль алинд унал болно. Үүнээс гадна, өөрийн болон бэлгийн хамтрагчийн биеийг хирээс хагацсан Бурханы лагшин хэмээн дүрслэн бүтээх ч өөрсдийн бодгал хэмээх янагуухи оршихуйг үл умартана. Тиймээс өөрийн болон нөгөө хүнийхээ санаа сэтгэл, хүсэлд анзааргатай байна гэсэн үг.  Ийнхүү үйлдэх нь нөгөө хүн маань бидний адил дүрслэн бүтээж байгаа эсэх эсвэл тарнийн үйлийг огт эс үйлддэг эсэхээс үл хамааран зохистой байх юм. 

(3) Сав эс болсонд нууц эдийг үзүүлэх 

Тарнийн ёсны нийтийн ёзоор уналуудын долоо дахь нь эрх авшиггүй хүнд нууц номыг үзүүлэх байдаг.  Харин энд бол тэр адилын болон эрх авшиг авсан хэдий ч түүндээ хүндлэл үгүй  хүмүүст нууцын эд зүйлсийг үзүүлэх орно. Эдгээр эдэд Бурхадын зурмал, цутгамал дүр, тарнийн үйлийг ил тод тайлбарласан ном бичвэр, зан үйлийн хонх, очир тэргүүтэн орно. Эдгээрийг өөрийн орон гэртээ ил задгай тавьснаар тарнийн сахил санваараа алдахгүй хэдий ч бусдууд, нэгдэн орсон яв, юм бурхадын дүрийг хараад садар, балмад зүйл өгүүлэх, эс бөгөөс биднийг мухар сүжигтэй, галзуу солиотой мэтээр шоглох, зан үйлийн эд зүйлийг цаас тогтоох төдийгөөр ашиглах зэргээр номын үйлд сэв орж болно. Тиймээс эдгээрийг бусдын нүднээс далдлах нь зүйтэй. Жишээлэхэд, түвдүүд гэртээ бурханы дүр шүтээнээ, ялангуяа эрх авшиггүй бусдууд эндүүрч мэдэх дүртэй бурхадын өмнүүр хөшиг татдаг ба бясалгал, зан үйлийнхээ үеэр хөшгийг нээдэг юм. 

(4) Чуулганыг эргүүлэх үед хэрүүл тэмцэлийг үйлдэх

Цогчидын хурлын үеэр бид өөрийг Бурханд бүтээн бясалгаж, сэтгэлийн гүнд амгалант оюунаар хоосныг бариад, онцгой тахилуудыг өргөж, хиргүй ариун тэдгээрийг бусдууд амгалант сэтгэлээр хүртэж байна хэмээн санадаг. Энэчлэн үйлдэхийн учир нь эерэг сайн хүч (буян) болон билгүүнийг хураахын тулд юм. Гэтэл энэхүү зан үйл, хурлын үеэр хэрүүл тэмцэл гарвал бясалгал бүтээлээ умартах болно. Улмаар тухайн хурал номонд оролцсоноор Дээдийн номын мөрд ахиц дэвшил гарах мэтийн үр дагавар гарахгүй болно. 

(5) Сүжгээр асуусанд буруу хариуг тавих 

Энэхүү бүдүүн үйл бол "сүжгээр асуусанд буруу хариу өгөх” унал юм. Эрх авшиг авсан бөгөөд зохист сав болж чадах хүн тарнийн үйлийн талаар асуулт тавихад сэдвийг өөрчлөн хөндлөнгийн зүйл ярих, эсвэл тухайн хүний асууснаас өөр түвшний хариу өгөх тэргүүтнээр энэхүү бүдүүн уналыг хураана. Энэхүү бултамхай үйлийн үр дагавраар дараа хойчид өөрийн асуултын шууд тодорхой хариуг авахгүй байх хор хөнөөл гарна. Хэдий тарнийн эрх авшиг аваагүй ч тарнийн ёсонд сүжигтэй хүн асуулт тавихад түүнийг тоомсорлолгүй орхиж болохгүй. Ийнхүү хариуг тавихдаа ил гаргалгүй нууцлах номыг тэрчлэн үл өгүүлнэ.  

(6) Шарвагын дотор долоо хоног орших

Энд шарвааг (сонсоод сонсгогч) нар гэдгээр Теравада (Бага Хөлгөн) ёсныхныг хэлсэнгүй харин тарнийн ёсыг гутаан муучилсан эсвэл нэр хоч өгсөн бүхнийг хэлж байна. Тэдгээрийн дунд урт удаан хугацаагаар байх нь, ялангуяа хэрэв тэд бээр бясалгал номын үйлд маань илтэд таагүй байдаг бол үүний үрээр номын мөрд сүжиг алдрахад хүргэнэ. Цаашилбал, бидний хамт амьдарч байгаа хүмүүс гагц өөрийн сайн сайханд санаа тавиад, бусдад туслахыг хичээх нь тэнэг хэрэг хэмээн үргэлжид өгүүлээд байвал энэхүү өөрийг чухалчлан төвчилсөн үзэл бидэнд ч мөн бага багаар нөлөөлөх болно. Гэвч эмнэлэгт хэвтэх зэргээр яахын аргагүй өөр бусадтай хамт байхаас өөр аргагүй үед энэ унал гарахгүй юм. Тиймээс энэ адилын нөхцөл байдалд эсвэл огтоосоо ойлгож дэмждэггүй, таагүй ханддаг олны дунд байх үестээ тарнийн үйл, сүжиг бишрэлээ нууцлах нь зүйтэй. Хорих газрын зай завсаргүй хавчиг өрөөнд эрхиэ эргүүлээд, маани тарнийг чанга дуудаж уншаад байвал үхтэлээ зодуулж нүдүүлж мэднэ! 

(7) Үнэнхүү бус боловч егүзэрт хөөрөмших 

Энэ нь “жинхэнээр егүзэр биш атлаа егүзэр мэтээр хөөрөмшин сайрхах” үйл юм. Өдөр тутам идамын бясалгалыг хэсэг хугацаанд үйлдсэн юм уу эсвэл зарим нэгэн маани тарнийг хэдэн зуун мянган удаа урин унших нямба бүтээлийг төгсгөсөн төдийгөөр ямарваа эрдэм увидас төрөөгүй байхад өөрийгөө ихэд эрдэмт бүтээлчин мэтээр төсөөлөн, сайрхан хөөрөх энэхүү бүдүүн үйл нь бидний номын ахиц дэвшилд ихэд хор хөнөөлтэй юм.    

(8) Сүжиггүйд дээдийн номыг үзүүлэх 

Эрх авшиггүй хүнд нууц номыг дэлгэн үзүүлэх нь тарнийн ёзоор уналуудын долоо дахь нь болно.  Тэгвэл энэ нь тэдгээр номыг эрх авшигтай хэдий ч сүжиг бишрэлгүй хүнд үзүүлэх унал юм.  Зарим хүн өөрийн унагасан ёзоор тарнийн сахилаа ариусган дахин сахил авах, доройтуулсан сахилаа сэргээх зорилгоор эрх авшиг авах нь байдаг. Тэгвэл хэрэв энэхүү эрхийг авахдаа өөрийн төдийлөн сүжиглэдэггүй тарнийн ёсны эрх авбал энэхүү тарнийн ёсны онцгой номыг тэдэнд үзүүлсний бүдүүн унал гарна.  

Гишүүн гурван бүдүүн үйл 

Зарим шастирт тарнийн найман гишүүн сахил дээр нэмэн тарнийн үйлэнд харшлах гурван бүдүүн уналыг дурьддаг. Жишээ нь, хорьдугаар зууны Гэлүгвын ёсны лам, Пабонка гэгээнтэн (Пабонка Жамба Данзин Прэнлэй Жамц) бээр Дөрөвдүгээр Банчэн Богдын Зургаан тасалбарт дэлгэр егүзэрийн (түвд: Түн-дүг нал-жор жай-ба) залбирлыг дэлгэрүүлэн сахилуудыг дурьдах уншлагадаа эдгээр гурвыг тарнийн гишүүн хорин сахилд оруулсан байдаг.

(1) Урих тэргүүтэн эс арилсан хот мандлаас орох 

Гагцхүү тухайн Бурханы нямба бүтээлд бүтэн сууж, тарнийг нь хэдэн зуун, мянган удаа урин уншаад төгсгөлд нь галын тахилга (түвд: жин-срэг) үйлдсэн тохиолдолд эрх авшигийг бусдад өгөх эсвэл өөрийн унагасан болон доройтуулсан тарнийн сахилыг сэргээхийн тулд өөрийн авшигийг (түвд: даг-жүг) үйлдэж болно.   

(2) Хэрэг үгүйгээр сэргээх суртгаалаас хэтрэх 

Бусдын тусыг бүтээхийн тухайтад зайлшгүй унагаахаас өөр ямар ч арга үгүйгээс бусад үед сахил санваараа цаг үргэлжид сахина.  

(3) “Багшийн тавин шүлэгт” ном лугаа харшлах 

Аравдугаар зууны Энэтхэгийн их мэргэн, хоёрдугаар Ашвагоша-гийн туурвисан Багшийн тавин шүлэгт (түвд: Лама ла-чу-ба, санс: Гүрүпанчашика) нь тарнийн номын багшийг шавь хэрхэн шүтэхийг айлдсан сургааль юм. Ван авшиг хайрлахын өмнө цаг хугацаа байвал багш энэхүү сургаалийг айлддаг. 

Top