Энэтхэгт бикшүни хувраг бий болсон нь

03:20

Бурхан багш өөрөө анхны эрэгтэй хуврагуудыг “Эхи биккү (Хуврагтан, энд хүрэлцэн ирнэ үү)” гэх үгийг хэлэх байдлаар анхны эрэгтэй хуврагуудад сахил хүртээсэн байдаг. Ийм байдлаар тодорхой тооны хуврагт сахил хүртээгээд түүнээс хойш бикшү нар өөрсдөө сахил (bsnyen-par rdzogs-pa, Санс. upasampada, Пали: upasampada) хүртээдэг байдлаар тогтоосон.

Уламжлалт олон тооны түүхүүдэд Бурхан багш түүний нагац эгч Махапражапати Гаутами (Go’u-ta-mi sKye-dgu’I bdag-mo chen-mo, Skye-dgu’i bdag-mo, Пали: Mahapajapati Gotami) түүнд эмэгтэй хуврагийн сахил хүртээхийг хүсэх үед эхэндээ татгалзсан байдаг хэмээн гардаг. Гэвч Махапражапати бусад таван зуун эмэгтэй шавь нарын хамт үсээ авхуулж, шар орхимж өмсөн Бурхан багшийг орон гэргүй, магад гарагчдаар (rab-tu byung-ba, Санс. pravrajita, Пали: pabbajja) дагах болсон. Тэднийг хоёр дахь удаа, гурав дахь удаа дахин хүсэлт гаргахад Бурхан багш мөн л татгалзах үед Бурханы багшийн шавь Ананда (Kun-dga’-bo) тэдний өмнөөс мөн давхар хүсэлт гаргажээ.

Энэхүү дөрөв дэх удаагийн хүсэлтээр Бурхан багш Махапражапати болон хойших бүх эмэгтэй хуврагуудад найман чухал хязгаарлалтыг (lci-ba’i chos, Санс. gurudharma, Пали: garudhamma) баримтлах нөхцөлтэйгөөр зөвшөөрөв. Үүнд эмэгтэй хуврагуудын зиндаачлах зэрэглэл нь эрэгтэй, эмэгтэй хуврагуудын сахилыг хэр удаан хугацаагаар сахиж байгаагаас үл хамааран эмэгтэй хуврагийн зэрэглэл эрэгтэй хуврагийн зэрэглэлээс үргэлж доогуур байх явдал багтаж байв. Бурхан багш түүний шавь нар болон түүний сургаалыг нийгмийн зүгээс үл хүндлэх явдлаас зайлсхийх үүднээс ийм хязгаарлалтуудыг тухайн үеийн Энэтхэгийн соёлд нийцүүлэн бий болгосон. Мөн тэрээр эмэгтэй хуврагуудыг хамгаалах мөн гэргийтэн хүмүүсийн зүгээс тэднийг хүндэтгэдэг байх үүднээс тийнхүү хийжээ. Эртний Энэтхэгт эмэгтэйчүүд эхэндээ эцгийнхээ, дараа нь нөхөр, түүний дараагаар эрэгтэй хүүхдүүдийнхээ хамгаалалт/хараа хяналтад байдаг байв. Ганц бие эмэгтэй хүмүүсийг биеэ үнэлэгч гэж тооцдог байсан бөгөөд ямар нэг эрэгтэй төрөл садныхаа хамгаалалтад байдаггүй байснаар нь эмэгтэй хуврагуудыг Винайд (ёс суртахууны сургаалд) биеэ үнэлэгч гэж нэрлэж байсан олон тохиолдол байсан. Бикшүни (гэлэнмаа)  хуврагийг бикшү (гэлэн) хуврагтай нэгтгэсэн нь нийгмийн өмнө тэдний ганц бие статусыг хүндэтгэлтэй болгов.  

Зарим уламжлалын хувьд эдгээр найман хязгаарлалтыг гаргаж ирснээр анхны сахил хүртээх үйл явц бий болсон байдаг бол бусад уламжлалд Бурхан багш Махапражапати болон түүний таван зуун эмэгтэй шавьд сахил хүртээх үйл явцыг анх Анандагийн удирдлага бүхий арван бикшүд даалгаж хийлгэснээр бий болсон. Аль аль тохиолдолд эхэн үеийн  бикшүнид сахил хүртээх стандарт хэлбэр нь арван бикшүгийн бүрэлдэхүүн бүхий нэг бүлэг бикшү сахилыг хүртээх арга байв. Сахил хүртээх энэ аргыг “нэг (хүйсийн) бикшү хуврагаар сахил хүртээх” (pha’i dge-’dun rkyan-pa’i bsnyen-par rdzogs-pa) хэмээн нийтээр нэрлэдэг. Сахил хүртээх үйл явцад эмэгтэй сахил хүртэгчээс сахилыг бүхэлд нь сахихад түүнд саад болж магадгүй бэрхшээлүүдтэй (bar-chad-kyi chos, Санс. antarayikadharma, Пали: antarayikadhamma) холбоотой асуултын жагсаалтыг асууна. Тэднээс бикшү хуврагийн сахил хүртэж буй сахил хүртэгч нараас асуудаг нийтлэг асуултуудыг асуухаас гадна дээр нь нэмж эмэгтэй хүний анатомитой холбоотой дараагийн асуултуудыг асууна.                

Зарим бикшүни сахил хүртэгчид тэдгээр хувь хүнтэй холбоотой асуултуудын хариултуудыг эрэгтэй хуврагуудад өгөхдөө маш тавгүй байх болсноор Бурхан багш “хос (хүйсийн) хуврагаар сахил хүртээх” (gnyis-tshogs-kyi sgo-nas bsnyen-par rdzogs-pa) хэлбэрийг бий болгосон. Үүнд бикшүни хуврагууд эмэгтэй сахил хүртэгчийн бикшүни хувраг болоход тохирох байдлын талаарх асуултуудыг эхэлж асуух ба тухайн өдөр дараа нь бикшүни хуврагууд бикшү хуврагуудтай нэгдэн хамтарсан бүлгийг бүрдүүлнэ. Бикшү хуврагууд сахилыг хүртээх бол бикшүни хуврагууд гэрчээр оролцоно. 

Эхэндээ сүм хийдэд сууж буй бүх хүмүүсийн сахих сахил нь зөвхөн “мөн чанараараа зохимжгүй үйлүүд”-ээс (rang-bzhin kha-na-ma-tho-ba) зайлсхийх – гэргийтэн болон сахил хүртсэн хүмүүс ялгаагүй бүх хүмүүсийн хувьд сөрөгт тооцогдох бие болон хэлээр үйлдэх үйлүүдээс зайлсхийх явдлыг багтааж байв. Харин сахил хүртсэн хүмүүсийн хувьд эр, эмийн үйл үйлдэхгүй байх сахил үүнд мөн багтана. Цаг хугацаа өнгөрөх хэрээр Бурхан багш дараа дараагийн “хориглосон зохимжгүй үйлүүд”-ийг (bcas-pa’i kha-na ma-tho-ba) – мөн чанараараа сөрөг биш бие болон хэлний үйлүүдийг нэмж гаргасан. Үүнийг Бурханы шашны сүм хийдэд суух хүмүүсийг болон Бурхан багшийн сургаалыг нийгмийн зүгээс үл хүндэтгэх явдлаас сэргийлэх үүднээс гаргасан бөгөөд гэвч зөвхөн сахил хүртсэн хүмүүст эдгээр сахил хамаарч байв. Зөвхөн Бурхан багш л ийм хоригуудыг гаргах эрхтэй байлаа. Эмэгтэй хуврагууд эрэгтэй хуврагуудын авсан сахилаас илүү нэмэлт сахилуудыг авсан ба нэмэлт сахил тус бүр эрэгтэй болон эмэгтэй хуврагуудын гаргасан зохисгүй зан байдлын тодорхой тохиолдлын дараа бий болж байв. Эмэгтэй хуврагийн сахилуудад эмэгтэй хуврагуудын эрэгтэй хуврагуудтай харилцах харилцаан дээр гаргасан зохисгүй зан байдлууд дээр суурилж гаргасан сахилууд багтдаг бол эрэгтэй хуврагуудын сахилд тэдгээрийн ижил хориг байдаггүй.

Top