Соронзон Гомбо
м.э. VII зуунд эзэн хаан Сорозон Гомбо Төвдийн баруун талд орших бон шашинтай хаант улс – Шанг – Шунг эзлэн авжээ. Соронзон Гомбо Төвдийг нэгтгэн том гүрэн болгосон. Тухайн цагт улс төрийн холбоог голчлон гэр бүл болгох аргаар тогтоож байсан ба хаан олон эхнэртэй байсны нэг нь Хятадаас, удаах нь Балбаас, бас өөр нэг нь Шанг-Шунгаас гаралтай байжээ. Эхнэрүүдийн нэг нь төв Төвдөөс нутгийнхаа уламжлалт бичвэрийг авчирсан гэдэг бөгөөд төвдөд бурханы шашны үүслийг энэ цагаас эхлэн авч үздэг. Түүнчлэн энэ бичвэрийн тухай м.э. өмнөх I зууны үед тэнгэрээс унасан гэх шидтэй түүхтэй боловч анхны байдалд бурханы шашин төвдчүүдэд их нөлөө үзүүлж байгаагүй бололтой.
Соронзон Гомбо бичиг үсгийн эхлэлийг тавихыг хүсэж, өөрийн сайд Тонми Самбхотуг - төвдөөс баруун хойшоо Торгоны зам дагуу байх төвдийн нүсэр өндөр уулууд бууж далайн түвшнээс намхан газарт нийлсэн төвдийн тэгш талд орших бурханы шашинтай хүчирхий хаант улс Хотан руу илгээсэн байна. Түүний дараа их гоёмсог, аймшигтай Такламан цөл цэлийн нээгдэх ба энэ үг – “орвол гарч чадахгүй” гэсэн утгатай турк үг болно. Одоо энэ газар нутаг хятадын Синьцзян мужид хамаарагдах ба Соронзон Гомбын үед цөлийн өмнө, уулын хойморт орших дэвсгэр нутаг Хотаных байсан юм.
Энэ дэвсгэр газрын ихэнхи хэсэгт бурханы шашинтнууд амьдардаг боловч, ираны соёлын нөлөөн дор оршдог байлаа. Тэдгээрийн хэл иран хэлтэй холбоотой, Төвдөд зарим нэг нөлөө үзүүлж байсан боловч энэ талаар ёрөнхийдөө түүх бичигт дурьддаггүй. Жишээлбэл, төвдийн цагаан толгой хотаны үсэг дээр тулгуурласан ба сүүлчийнх нь өөртөө зохицуулсан самгарди үсгээс эхлэл авсан болно. Тонми Самбхота хотаны багш нартай уулзах гэсэн чинь тэдгээр нь Хотан орох замд байх Кашмирт очсон байжээ. Ийм учраас төвдийн бичиг үсэг Кашмираас ирсэн гэж олонтоо яригддаг, гэтэл түүхийн судалгааны нарийн анализаар энэ тийм биш гэдгийг тогтоосон. Түүгээр ч барахгүй, төвд хэлэнд хөрвүүлэх систем хотан хэлний үгийг үе болгон хувааж тэр үе бүр тус тусдаа утгатай байх нөлөөн дор их өөрчлөгдсөн байна.
Энэ үеэр бурханы шашин Төвдөд урьдын адил хөгжөөгүй л байв. Он дарааллын бичигт Төвд орныг, түүний хорт хүчийг даван туулахын тулд газар дээр гараа дэлгэн хэвтэж байгаа шулмасын биеийн акупунктын тодорхой цэг дээр сүм барих хэрэгтэй байсан гэдэг үлгэрийн шулмастай харьцуулсан байдаг. Төвдийн догшин дүрийг номготгохын тулд өргөн дэвсгэр нутгийн янз бүрийн өнцөгт арван гурван сүмийг бүтээн барьсан гэнэ. Энэ сүмүүдэд хатан гүнжийн авчирсан бичвэр, бурханы баримал дүрсийг тависан бөгөөд энэ цаг мөчөөс Төвд оронд бурханы шашин үүсэн дэлгэрэх эхлэл тавигджээ.
Хожим Хятад ба Хотантай шинэ холбоо тогтоож, дараа нь – Энэтхэгтэй холбоо барьсан байна. Шанг – Шунгийн гүнж улс орныг хөгжүүлэхийн төлөө бон үйлдлийн олон нандин зүйл авчирсан боловч, тэгсэн ч уг зүйл өнөөдрийн бидний нэрлэж байгаа бон мөргөлөөс их ялгаатай байсан болно.
Эзэн хаан Тисон Дэцэн
Барагцаагаар 140 жилийн дараа м.э. VIII зууны үед эзэн хаан Тисон Дэцэн өөрийн гүрэнг өргөтгөх эрмэлзлэлээр Хятадтай болон туркийн янз бүрийн жижиг хант улсуудтай дайн явуулсан. Урьд мэргэлж хэлсний ёсоор эзэн хаан Энэтхэгээс Төвдөд Наландын агуу сэтгэгч багш Шантаракшитаг урин ирүүлжээ.
Тухайн үед засгийн газарт улстөрийн хэсэг бүлэглэл байсан ба тэдний нэг нь хуучныг баримтлагч бүлэглэл бөгөөд Төвдөд гадаад хүн орж ирэх явдалын эсрэг байсан. Тэгээд энэ бүлгийнхэнд эзэн хаан Шантаракшитаг урьсан явдал их таалагдахгүй байв. Харамсалтай нь, Шантаракшита ирсэн цаг мөч цэцэг өвчний тархал ширүүссэн үетэй зэрэгцсэн учраас түүнийг золигт гаргаж Төвдөөс хөөсөн байна.
Шантаракшита Энэтхэгт эргэж ирээд эзэн хааны нөлөөний ачаар Төвд рүү Багш Падмасамбхава ринбүүчийг ирүүлжээ. Тэр шулмасыг хөөн зайлуулахаар ирсэн гэх түүхтэй байдаг, үнэн хэрэгтээ, тэр цэцэг өвчний тархалтыг зогсоох (өвчин үүсгэсэн муу ёрын юмыг) ёстой байсан гэдэг домогтой. Энэ бол зүгээр л нэг сул домог яриа биш үүний тухай түүх бичигт тэмдэглэсэн байдаг. Ринбүүчи багшийг ирэхэд өвчний эпидеми зогссон ба сүүлд Шантаракшитыг дахин Төвдөд урьжээ. Тэр багш нар ба эзэн хаан Тисон Дэцэнтэй хамтран төвдийн анхны –Самье хийд байгуулав.
Үүнээс өмнө Төвдөд сүм байсан боловч хийд, лам нар байгаагүй юм. Ринбүүчи багш, төвдчүүд номлолыг хүлээн авах ойлголт муу, гүнзгий утгатай сургаалыг үзэх боловсрол хангалтгүй тул Самье хийдийн багана, хананд бас Төвд ба Бутаны бусад газруудад, өөрийн уламжлалын тантрын – дээд ангийн бичвэрүүдийг нуусан байна. Ингэж ньингма уламжлал үүссэн.
Самье хийдэд эхлээд –Хятадаас, Энэтхэгээс ба Шанг-Шунгаас ирсэн гурван бүлэг эрдэмтнүүд ажиллаж байв. Бүлэг тус бүр номыг өөрсдийн хэл рүү хөврүүлэх эсвэл өөрсдийн хэлнээс эргэн орчуулах ажлыг хийж байжээ. Бурханы шашныг улсын шашин болгон зарлав, тэгээд хятадын эзэн хаан Дэзонг хоёр жилийн тутам Самье хийд рүү хоёр ламыг явуулдаг болжээ. Шантаракшита энэ хэрэг будлианд хүргэнэ гэж мэргэлээд, ирээдүйн цагт Төвд рүү будлиан, зөрчлийг арилгахад туслах чадалтай, түүний шавь Камалашилаг урихыг зөвлөсөн байна.
Төвдөөс багш нарыг Энэтхэгт суралцуулж, энэтхэгийн шинэ багшууд Төвдөд ирж ном заадаг болов. Засгийн газрын хуучныг баримтлагч бүлэглэл ийм өөрчлөлтөд их дургүйцэж, боныг хөөн шахаж байна гэж үзэх болжээ. Энэ тохиолдолд шашны талаар мөрдлөгө явуулж байгаа тухай биш: “бон“ гэдгийн дор улсын албан ажил эрхлэдэг Шанг-Шунг фракцийн бүлэг хүмүүсийг хэлээд байгаа юм. Ордонгийн хүрээнд тэр үед эртний бон шашны зан үйлийг явуулснаар байсан учраас тэргүүн зорилт бол шашны бус улс төрийн асуудал байжээ. Түүнчлэн бон шашныг даган баримтлагчид өөрийн шашинд аюул тулгарч буйг сэхэрч, түүнийг хадгалан үлдээх гэж мөн адил ном бичвэрийг нуух болжээ. Би нэг удаа монголын бурханы шашинд биширдэг сибирийн Тувад очсон юм. Сталины үед хүмүүс шашны ном бүтээлийг уулын хадны нүхэнд нуудаг байсан. Энэхүү саяханы түүхийн үйл явдлаас үзэхэд зарим тохиолдолд ном бичвэрийг нууж дарах үзэгдэл – домог биш, бодит байдал.
Эцсийн эцэст Шанг – Шунгийн фракци хөөгдөж, тэгээд хүмүүс хядатуудад итгэлгүй хандаж эхлэсэн байна. Энэтхэгийн ба Хятадын лам нарын хооронд номын хаялцааны том шалгалт явуулж, аль номын уламжлалыг Төвдөд нэвтрүүлбэл зүгээр юм бэ гэдгийг харахаар шийдэцгээсэн байна. Хаялцаанд чадварлаг энэтхэгийн номлогч Камалашилагийн эсрэг дзэн чиглэлийн хаялцаанд дадлага муу ламыг тавьсан тул хэн дийлэх нь урьдаас мэдэрхий байв. Түүгээр ч барахгүй, Төвдчүүд аль хэзээнээс эхлэн хятадуудыг хөөхийг хүсэцгээж байсан учир энэтхэгийн номлогч ялсаныг зарлажээ. Хятадууд нутаг буцаж, Төвдөд бурханы шашны энэтхэг уламжлал хөгжсөн байна.
Нэр томъёоны ба хэлбэрийн стандарчлалт
Номыг үндсэндээ самгарди хэлнээс орчуулах ажил үргэлжилсээр, - харин хятад хэлнээс цөөхөн орчуулна. IX зууны эхэн үед өөр нэг агуу хаан Ралпачены засаглалын үеэр үгийн толь бичиг боловсруулан нэр томъёо ба хэлбэрийг стандарчилсан. Хааны зарлиг дагуу энэ анхны толь бичигт тантрын нэр томъёололыг оруулаагүй учир нь тун амархан буруугаар ойлгогдож болохтой холбоотой.
IX зууны дунд үеэр Ралпачен долоон айл нэг ламыг дэмжин тэтгэх тухай зарлиг буулгажээ. Үнэнийг хэлэхэд тэр шашны фанат байсан юм. Татвар улсын санг баяжуулахын оронд, сүм хийд, лам нарыг тэжээн тэтгэхэд зарагдсан тул удалгүй улс орон эдийн засгийн мөхрөлд орсон байна. Тэр бас лам нарыг сайдын тушаалд томилж байснаас сүм хийдийн эрх мэдэл ихэссэн байна.
Дараачийн хаан Лангдарма Төвдөд бурханы шашныг шахан хөөдөг жинхэнэ гай таригч гэж алдаршсан. Хэрвээ энэ байдлыг анхааралтай авч үзвэл тэр зүгээр л сүм хийдийн нөлөөг багасгах зорилгоор түүнийг хааж, сайд – лам нарыг төрийн албанаас хөндийрүүсэн байдаг. Тэр ганц ч сүм хийд, номын санг устгаагүй: 150 жилийн хойно Төвд оронд Атиша ирэхдээ баялаг номын сантай байгааг үзээд их гайхаж байжээ. Энэ он дарааллын бичигт өгүүлэгдэх тийм их хэлмэгдэл байгаагүйг харуулна.
Гэсэнч сүм хийд хаагдсан явдал бурханы шашны хөгжилд асар том саад учруулсан байна. Улс орон бутран хагарч, лам бүгдийг хар болгох даралт гарчээ. Лам нарын багш шавийн барилдгаа тасарч түүнийг дахин шинээр эхлэх ёстой болсон. Ламын институци хаагдаж шавилан сурах, дадлагажих суурь үгүй болсонч нийгмээс далд, нууцаар ажиллагааг үргэлжүүлж байжээ. Маш их хорт үйлдэл ба дутмаг ойлголт ялангуяа, тантрын номлолд бичвэрийг үгчлэн ойлгох, түүнчлэн сексийг хамаарсан зүйлд ташууралтай хандах, ухааны чөлөөлөгдөх үзлийг буруу ойлгох явдал гарав. Маш гажуу ойлголтын улмаас хүмүүс тахил өргөх ба мөргөл ёслолын үүднээс алах явдлыг гаргах болсон.
Шинэ орчуулагын үе
X зууны сүүлчээр Төвдийн баруун хэсэгт сайн зохион байгуулалттай хаант улс дахин үүсэж, номын утга санааг задлан ойлгох сонирхол гарч ирлээ. Ньингма уламжлалын номлолд олон буруу тайлбарлал байдаг тул Энэтхэг, Балба орон руу шинэ орчуулагч нарыг илгээсэн байна. Ингэж шинэ орчуулагчдын үе эхэлсэн ба нарийвчлан хэлбэл “дамжуулах” шинэ үе гэвэл зохимжтой. Энэ хөдөлгөөнөөс “кадам”, “сакья” (сажаа) ба “кагью” (гаржүд) уламжлал үүссэн. Нэрийн “па” үеийг харахад, жишээлбэл, “кагьюпа” үгэнд энэ уламжлалыг баримтлагчийн тухай хэлж байгаа бөгөөд, одоо тэгтэл өрнөдийн хүмүүс нарийн ялгаа гаргадаггүй .
Кадам ба гэлүг
Кадам уламжлал Бенгалийн агуу мастер Атишагаас гаралтай. Тэр уламжлалд ухааныг (ложон) дадлагажуулах заавар онцгойлогдсон байдаг. Уламжлал гурван чиглэл болон хуваагддаг боловч сүүлд XIV зуун ба XVзууны эхэн үед Зонхов тэдгээрийг дахин нэгтгэсэн бөгөөд гэлүг гэж нэрлэгдэх болсон.
Ньингма, сакья ба кагью уламжлал (сургууль) бага зэрэг хувилбартай ч үндсэндээ нэг хэлбэрийн тайлбарлал барина. Зонхов эрс шийдмэг хүн байсан ба чухамдаа, бурханы шашны философийн бүх үзлийг шинээр тайлбарлахыг дэвшүүлсэн байна. Зонхов балчир наснаас сурч, юу нь буруу тайлбарлагдсан бэ гэдгийг ойлгохын тулд бүх байгаа номын текстыг хооронд нь харьцуулсан байна. Тэр өөрийн байр суурийг логикийн үүднээс, янз бүрийн текстын сурвалж дээр тулгуурлан баталж байжээ.
Үүний ачаар энэтхэгийн их хэцүү текстыг хөрвүүлсэн төвд орчуулгыг дахин хянан үзжээ. Өмнөх үеийн олон орчуулагчдыг бодвол, тэр текст доторхи ойлгомжгүй хэсгийг хаядаггүй. Зонховд хамгийн хэцүү хэсгийг олж тайлбарлах үйл ажиллагаа их таалагддаг. Тиймээс бараг бүх юмыг өмнөхөөс тас ялгаатай болгосон тайлбарт хүрчээ. Үнэн хэрэгтээ, Зонхов их хувьсгалч хүн юм. Түүний олон шавь нарын дунд Анхдугаар Далай лам байсан. Энэ нэрийг нас нөгцсөний дараа Гуравдугаар Далай ламын үед өгсөн болно. “Далай”- бол монгол нэр.
Барагцаалбал 150 жил үргэлжилсэн аймшигт иргэний дайныг Төвдөд ирсэн монголчууд зогсоосон юм. Яг тэр үед монголчууд Тавдугаар Далай ламыг Төвдийн төр ба шашны тэргүүн болгож, харин түүний багшид Дөрөвдүгээр Банчин лам гэсэн алдарыг хүртээжээ. 2011 онд XIV Далай лам, хойд дүрийн Далай ламуудад ямар нэг улс төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон.
Сакья (Сажаа)
X зууны эцэст шинэ дамжуулалтын хоёрдугаар уламжлал – сакья сургууль үүсэв. Сургууль Вирупа болон бусад орчуулагчдийн үед хамаарагдана. Вирупын гол номлол ламдре бөгөөд лам –зам мөр , дре –үр дүн гэсэн үг. Энэ “мөр ба дүн” систем бол ламрим номлол, тантрын дадлагаас Хеваджра хоёрыг зохицуулж нийлүүлсэн заавар юм.
Сакья сургуулийн мастерууд нэг гэр бүлд хамаарагдах ба уламжлалыг удам төрлөөр дамжуулдаг. XIII зуунд монголчуудын засаглал дор Төвдийг нэгтгэсэний дараа Сакья овог Төвдөд бараг зуун жил эрх барьжээ. Энэ нь сакья сургуулийн том мастер Сакья Банчин юуны өмнө монголчуудын итгэлийг өөртөө татаж чадсантай холбоотой. Түүний ач Пагма Хувилай хааны багш болсон.
Зөвхөн төвдчүүд ба уйгарууд – Синьцзян дахь турк аймагтнууд, Төвдөөс баруун хойд талын газарт –Чингис хаантай байлдаагүй учраас монголчууд тийшээ дайраагүй. Уйгарууд, монголчуудыг өөрсдийн бичиг үсэгт болон төрийг удирдах арга зүйд сургах үедээ бурханы шашинтай бага зэргээр танилцуулсан бол тэр үеийн төвдчүүд номлолын нэлээд зохион байгуулалттай бурханы шашинг монголчуудад олгосон байна. Ийм нөхцөлд Пагма ба дараагийн сакья сургуулийн лам нар Төвдөд төрийн эрхийг ойролцоогоор нэг зуун жилийн туршид барьж байсан.
Сакья сургууль мөн нгор, цар, жонан чиглэлүүдийг өөрт багтаана, хэдийгээр жонаныг төвдийн бурханы шашны тавдугаар чиглэл гэж үздэг. Энэ сургуулийн чиглэл бүрт өөрийн мэргэд сэтгэлтний том мастерууд байдаг.
Кагью (Гаржүд)
Кагью сургууль хоёр үндсэн чиглэлтэй байдаг – шангпа – кагью ба дагпо – кагью. Шангпа –кагью бол йогийн дэвшилт дадлагын гурван орчилыг баригч төвд багш Кьюнгпо Налджораас эхлэсэн байна. Энэ йоги нь улмаар “ном” эсвэл “сургаал” гэж томъёологдох боловч одоо дангаар “йоги” гэнэ. Орчилийн нэг Наропоос гаралтай бөгөөд “Наропын зургаан йоги” гэдэг, харин бусад хоёр нь –алдар цуутай дадлагач Нигүма ба Сукхасиддхи эмэгтэйчүүдээс үүссэн байна. Шангпа –кагью чиглэл номлолын бүгд зургаан орчил дамжуулдаг. Энэ уламжлалд өрнөдөд алдаршсан Калу ринбүүчи хамаардаг.
Дагпо-кагью уламжлал Тилопоос Наропа, Марпа, Миларепа ба Гампопад дэс дараалан дамжуулагдсан байна. Гампопа, энэтхэгийн янз бүрийн ид шидтэнгээс (тантрын хамгийн дээд бүтцийг олсон) ирсэн махамудрын заавар ба кадам сургуулын ложон сургаалыг нэгтгэсэн. Гампопагийн дараа дагпо-кагьюгийн 12 салбар чиглэл гарсан-энэ бол Гампопагийн өөрийн шавь нараас болон Пагмодрубпагийн шавь нараас ирсэн уламжлал бөгөөд Пагмодрубпа нь тухайн үед Гампопагийн шавь байжээ. Хамгийн өргөн дэлгэрсэн нь –карма –кагью болох ба гол сэтгэгч нь Кармапа юм. Өнөөдөр Өрнөдөд другпа –кагью, дрикунг –кагью гэсэн хоёр уламжлал сайн мэдэгдэнэ.
Ньингма
Дээр дурьдаж байснаас хуучин ньингма уламжлалын мастерууд догчены бичиг номыг далдлан дарсан билээ. Гэвч өөр олон номын сургаал дамжуулагдаж байсан ч утга ойлгоцын талаар маш их төөрөгдөлтэй байжээ. Даран нууцлагдсан бичвэрийг XI зууны эхээр ойролцоогоор зуун жилийн дараа бон шашныг баримтлагчид өөрийн ном бичгийг нуусан газраас гаргасны хойно нээж эхэлсэн байна. Цаг хугацаагаар энэ зүйл Энэтхэгээс шинэ багшууд ирэх явдалтай тохирсон байдаг.
Олон ном бичвэрийг илрүүлэн нээсэн боловч тэдгээр нь яаж хоорондоо зохицох бэ гэдэг хэцүү асуудал гарсан. XIII зуунд түүнийг ньингма сургуулийн том мастер Лонгченпа тайлбарлан загварчилсан ба тэр бол ньингма сургуулийн хуучин уламжлалын өвөг эцэг гэхэд буруудахгүйгээр барахгүй сургаал нь манай өнөөдрийн үед хүрсэн байна. Ньингма сургууль хойд эрдэнийн ба өмнөд эрдэнийн гэсэн хоёр чиглэлээр хуваагддаг ба ёр нь энэ уламжлал бусад сургуулиудыг бодвол олон хэсэг болон бутарч нэгдмэл хэлбэрийг барьдаггүй.
“Римэ” хөдөлгөөн
Төвд орны бурханы шашны түүхэд тохиолдсон өөр нэг чухал үйл явдал бол римэ (анги, сектээс гадуур) хөдөлгөөн үүссэн. Энэ хөдөлгөөн XIX зуунд хэсэг мастеруудын номлолоос эхэлсэн ба тэдгээрийн дотроос хамгийн нэр хүндтэй нь Конгтрул Ринбүүчи юм. Римэ хөдөлгөөн бага мэдэгддэг бараг устгагдахын үүдэнд хүрсэн, гол дөрвөн том сургуулийн алинд ч олдогдохгүй жижиг сургуулиудыг хадгалан үлдээх зорилготой байжээ.
Римэ хөдөлгөөн жонан чиглэлийг сэргээн түүний ач холбогдлыг тодруулсан байна. Түүхийн үзэл санааны үүднээс авч үзвэл энэ чиглэл өөрийн онол номлолын үзлээс болж хөөлтөнд нэрвэгдэж байсан болно. Энд дахиад л улстөрийн хүчин зүйл үүрэг гүйцэтгэсэн ба учир нь жонан чиглэлийнхэн иргэний дайны үеэр тодорхой бүлэглэлтэй холбоотой байжээ. Зарим хэмжээгээр, римэ хөдөлгөөн, ялангуяа Камд засгийн газарт гэлүг сургуулийн нөлөө өсөж байгааг эсэргүүцэн үүссэн.
Дүгнэлт
Анх Энэтхэг орноос ирсэн олон багш, орчуулагчдын хэдэн зуун жилийн хүчин зүтгэлийн дүнд аамжмаар төвдийн бурханы шашин дөрвөн үндсэн сургуулийг бүрэлдүүлэн тогтоосон. Ньингма хуучин орчуулгын үеэс гаралтай, тэгвэл сакья, кагью ба кадам (сүүлд гэлүг болсон) уламжлалууд шинэ орчуулгын үед үүссэн болно. Хэдийгээр одоо Төвдөд бурханы шашин үнэхээрийн хязгаарлал дор орсон ч, Энэтхэг, Балба болон Гималайн бүх районд бурханы шашин дэлгэрч байна. Улмаар бурханы шашин дэлхийн түвшинд тархаж байна.