Түүхэн Бурхан
Уламжлалт намтар түүхэнд өгүүлдэгчлэн, МЭӨ 5 дугаар зуунд хойд Энэтхэгийн сурвалжит язгуурт Шагжа овогт нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Бурхан гэгдэх болсон юм. Түүнд Сиддхарта Гаутам хэмээх нэрийг өгсөн ба хүү мэндэлсэнийг зарлах ёслолын үеэр эрдэмт дияанч Асита бээр түүнийг эсвэл их хаан болно, эсвэл шашин номын их багш болно хэмээн бошго үзүүлжээ. Сиддхартагийн эцэг, Шагжа овгийн ахлагч Шуддходана бээр түүнд өөрийн хаан төрийг өвлүүлэх гагц хүсэлтэй байсан тул хүүгээ их хаан болоход тотгорлох бүхнээс хамгаалан хайцаалахаар шийджээ.
Залуу Сиддхарта хааны ордондоо үнэт эрдэнэс, гоо үзэсгэлэнт эмс, лянхуа цэцэгст нуур цөөрөм, гайхалтай сонин зэрлэг амьтад тэргүүтэн элдэв тансаг сайхан бүхний дунд тусгаарлагдав. Зовлонт, золгүй бүхнээс түүнийг хамгаалж, өвчтэй болон өтөл настныг ордонд орохыг хорьдог байлаа. Ингээд цаг хугацаа өнгөрч, Сиддхарта сурч мэдэх, тоглож наадах бүхэнд онцгойрсоор, Яасодхаратай гэрлэн, Рахула хүүтэй болцгоов.
Ийнхүү 30 орчим жилийн турш Сиддхарта тансаг сайхан амьдарч байсан ч ордны хананы цаана чухам ямар амьдрал байдгийг улам улмаар сониучирхах болов. Тэрээр “Хэрэв энэ нутаг орон минийх болох юм бол би түүнийг болон албат ардаа харах хэрэгтэй бус уу?” хэмээн санах болов. Ингэсээр Шуддходана хаан өөрийн хүүг ордны хүрээнээс гарч, аялахыг зөвшөөрлөө. Гудамж талбайг цэвэрлэн, өвчтэй, настай хүмүүсийг нүднээс далд нуусан ба Сиддхарта-г түүний тэрэгч Чанна гудамж талбайгаар авч явахад хүмүүс баяртай царайгаар гар даллан байв. Гэсэн хэдий ч Сиддхарта нуруу нь бөгтийж, нүүр нь үрчлээтсэн нэгэн хүнийг замын хажууд цугласан олны дундаас олоод харчихав. Гайхширч цочирдсон тэрээр тэр хүнд чухам юу тохиосныг Чаннагаас асуужээ. Үүнд “Энэ хүн бол өтөл настай хүн, бид бүгдэд л ирэх хувь заяа шүү дээ” хэмээн Чанна хариулжээ. Цааш явсаар Сиддхарта өвчтэй хүн, мөн үхсэн хүний шарилтай таарсан нь өөрт нь ч хэзээ нэгэнтээ тулгарч ирэх амьдралын хаашаа ч зайлахын аргагүй эгэл жирийн жам ёсны өмнө түүний нүд нээгдэв.
Ингээд эцэст нь зовлонгоос ангижрах арга замыг эрэлхийлж буй нэгэн дияанчтай таарав. Эхний гурван хүнийг харснаар Сиддхарта зовлон болгоныг далдалдаг ордны амьдралд мэхлэгдэн хууртсанаа ойлгожээ. Харин ариун дияанчийг харсан нь зовлонгоос гарах зам мөрийг хайх завшаан буйг сануулж өгсөн байна.
Тэр цагаас өмнө өтөл настай эсвэл өвчин эмгэгтэй хүмүүсийг огт хараагүй гэж хэлэх аргагүй ба харин үүгээр Сиддхарта ч, бид ч зовлон бэрхшээлийг үл тоомсорлон, харалган сохор байдгийг зүйрлэн үзүүлж буй юм. Ордондоо буцаж ирээд Сиддхарта ихэд тавгүйтэн түгших болов. Тэрээр хайртай дотно хүмүүстэйгээ амар сайхан байгаа ч нэг л өдөр өөрөө ч, тэд ч хөгширч, өвдөж, үхэж одно гэдгийг мэдсээр байж хэрхэн баярлан баясаж, амар тайван байх билээ? Хэн бүхнийг үүнээс ангижруулах арга замыг хайхаар санаа шулуудсан тэрээр хэрэн хэсүүчлэгч дияанч болохоор шийдэн, нэгэн шөнө ордныг орхин явжээ.
Сиддхарта эрдэмт олон багш нартай учирч, тэдний сургаснаар бясалгалд шамдан өндөр дээд түвшний тогтоол төвлөрлийг олсон ч бясалгалын эдгээр эрдмээр зовлонг амарлиулж чадахгүй байсан тул сэтгэл үл ханав. Тэрээр хатуужлыг сахин, хоол унд, тав тухыг хорин, байнга бясалгах болов. Ийнхүү зургаан жилийн туршид хатуужлыг чанд сахиснаар түүний бие араг ясан дээр нимгэхэн арьс нөмөрсөн адил турж эцжээ.
Нэгэн өдөр тэрээр голын эрэг дээр сууж атал балчир хүүхдэд хөгжим тоглохыг сургаж буй багш “Чавхдас нь хэт сул байж болохгүй, тэгвэл ямар ч ая гарахгүй. Тэрчлэн хэт чанга байж болохгүй, тэгвэл тасарчихна” хэмээн заахыг сонсжээ. Үүгээр Сиддхарта энэ хэдэн жилийн туршид хатуужлыг чандлан сахисан нь хэрэг тусгүй байсныг ухаарчээ. Ордны тансаг амьдралын адилаар хэт хатуужил ч туйлшрал бөгөөд зовлонг амарлиулахгүй байв. Эдгээр туйлшралаас ангид төв зам мөр л амарлиулах юм байна хэмээн тэрээр бодов.
Энэ эгшинд Сужата хэмээх залуу бүсгүй тэрүүгээр өнгөрч яваад Сиддхарта-д сүүтэй будаа өргөсөн нь түүний сүүлийн зургаан жилд анх удаа идсэн зохистой хоол байлаа. Дияанч нөхдөө цочирдуулан байж будааг идээд, тэрээр инжирийн модон дор суухаар одлоо. Ингээд тэрээр “Төгс гэгээрэхээс нааш энэ суудлаас босохгүй” хэмээн шийдсэн байна. Бодь мод хэмээн нэрийдэх болсон тэр модон дор Сиддхарта төгс гэгээрлийн хутгийг олж, Ялж төгс нөгчсөн Бурхан хэмээгдэх болсон юм.
Гэгээрлийн хутагт хүрээд удалгүй Бурхан хутагтын дөрвөн үнэн, найман гишүүн мөрийн сургаалиа айлдав. Түүнээс хойшхи 40 жилийн туршид Хойд Энэтхэгийн нутгаар аялж, өөрийн олж авсан эрдмээ бусдад сургасан юм. Түүний үндэслэсэн Хуврагийн чуулган нь Бурханы сургаалийг Энэтхэг даяар, улмаар Ази тивд, цаашлаад дэлхий даяар түгээсэн билээ.
Бурхан бээр 80 нас сүүдэртэй ахуйдаа Кушинагарт нирваан дүрийг үзүүлсэн юм. Ийнхүү үзүүлэхийн өмнө өөрийн хуврагуудаас эргэлзээ тээнэгэлзээ байгаа эсэх, түүний сургааль номоос тодруулах зүйл байгаа эсэхийг лавлан асуужээ. Шавь нартаа Дээдийн ном, ёс суртахуунаас авралыг эрээрэй гээд, “Хуврагууд минь, энэ бол миний сүүлийн сургааль. Хуран үүдсэн бүхэн мөнх бус. Бүгд зуурдын мөн чанартай. Өөрийг аврахын тухайтад хичээнгүйлэн шамд” хэмээн сүүлийн сургаалиа зарлиглажээ. Ингээд лагшингийн баруун талаар хэвтэн, гаслангаас нөгчих ёсыг үзүүлжээ.
Бурхад гэж хэн бэ?
Түүхэн Бурхан гэж хэн байв гэдгийг бид мэдлээ, тэгвэл ер нь Бурхан байна гэдэг юу гэсэн үг вэ?
Хамгийн энгийнээр, Бурхан бол бүрэн сэрсэн нэгэн юм. Бурхад гүн нойрноос сэрсэн ажээ. Энэ бол шөнөжин наргин цэнгэсний дараахь гүн нойрыг хэлсэнгүй, харин бид хэрхэн оршдог, хамаг юмс хэрхэн оршдогийг үл таньж эндүүрсэн төөрөгдлийн гүн нойр бидний эгшин хором бүрт түгэн тархсан байдгийг хэлж байна.
Бурхад бол тэнгэр бус, тэрчлэн бүтээгч ч бус. Бурхад нэгэнтээ бидний адил эндүүрэл төөрөгдөл, хорт муу сэтгэл, зовлон бэрхшээлээр дүүрэн байсан. Гэвч энэрэл нигүүлсэл, билиг билгүүний мөрийг алгуурхнаар бүтээн, эдгээрийг эрдэм болгоход хичээнгүйлэн шамдсанаар гэгээрлийн хутагт хүрч болдог юм.
Бурхадын гол гурван эрдэм нь:
- Билгүүн – Бурханд сэтгэлийн саад тотгор гэж үгүй, тиймээс тэд бээр бүхнийг бүрэн төгс, зөв таньж мэддэг ба ялангуяа хэрхэн бусдад туслахыг мэддэг.
- Нигүүлсэнгүй – Дээр дурьдсан билиг билгүүнээр бид бүгд хоорондоо харилцан хамааралтай гэдгийг илт үзсэн Бурхад их нигүүлсэнгүйг эрхшээсэн байдаг ба амьтан бүрийн тусыг бүтээж чадна гэдгээ мэднэ. Нигүүлсэл үгүй билгүүнтэй хүн бол ихэд суралцаж мэдсэн ч нийт олонд онцын тусгүй байж мэднэ. Энэрч нигүүлссэн учраас л амьтны тусыг бүтээе хэмээн шамдахад хүрдэг. Бид бүгдэд туслахын тулд Бурхад энэхүү хоёр дахь эрдмийг төрүүлдэг юм.
- Чадал – Зовлонг хэрхэн арилгахыг мэдэх, бусдын тусыг бүтээх хязгааргүй хүсэл энэ хоёр эрдмээр Бурхад гэгээрэлд хүрэх мөрийг элдэв уран мэргэн аргаар сургаж амьтны тусыг жинхэнээр бүтээх хүч чадалтай байдаг юм.
Бурхад бээр, тэд зовохыг хүсдэггүйн адилаар хэн ч зовлон бэрхшээлийг хүсдэггүй гэдгийг ухаарсан. Бүгд л гагцхүү жаргахыг хүсдэг. Тиймээс Бурхад гагц өөрийн тусыг бус харин ертөнцийн хамаг амьтны тусыг бүтээдэг. Өөрийг асардагийн адилаар бусдыг асран дээдэлдэг байна.
Ихэд нигүүлсэхийн улмаас тэд бээр зовлон бүхнээс хэрхэн ангижрах билиг ухааныг буюу юу бодит, юу эндүүрэл болохыг ялган таних тодорхой ухааныг сургадаг юм. Тэрхүү билиг билгүүнээр эцсийн эцэст эндүүрэл төөрөгдөл, би-д барих, элдэв нисванис тэргүүтэн хорт муу бүхнээс хагацан салж чадна. Бид ч мөн төгс Бурханы хутагт хүрч, дотоодын бүрэн дүүрэн амгаланг эдэлж болно.
Дүгнэлт
Бурхад бол өөрийн уран мэргэн аргаар бусдад хэрхэн туслахаа сайтар мэддэг төгс төгөлдөр багш мөн. Тэд бээр нигүүлсэнгүй, бусдад туслахдаа үргэлжид бэлэн, биднийг зөв зам мөр дор оруулахдаа хичээнгүй байдаг юм. Сиддхарта адилаар бид ч ертөнцийн элдэв зовлонг харахгүй харалган сохор байдаг. Гэвч хэдий үл тоомсорлолоо ч өтөл нас, өвчин эмгэг, үхэл бидэн дээр зочлон ирнэ. Бурханы үйлс зохионгуй, түүх нь түүн лүгээ адилаар зовлонт бодит байдалтай нүүр тулан, түүнийг ухаарч таньснаар бид ч мөн амьдралд учрах олон гомдол цөхрөлөөс ангижирч чадна гэдгийг харуулж байна. Түүний үйлс, зарлиг нь бидэнд хорт муу сэтгэл, эндүүрэл төөрөгдлөөсөө ангижрахад түүн лүгээ адилаар хичээн шамдвал амьтан болгоны тусыг бүтээж чадна гэдгийг сануулдаг юм.