Бурханы шашин нь бодит байдлын жинхэнэ мөн чанарыг ойлгох замаар хүн төрөлтний чадамжаа бүрэн хөгжүүлэхэд бидэнд туслах аргуудын цогц юм.
Энэтхэгт 2500 жилийн өмнө Буддха (Бурхан багш) гэдгээрээ алдаршсан Сиддхартха Гаутамагийн үндэслэсэн Бурханы шашин нь Ази даяар дэлгэрэн, эдүгээ дэлхийн дөрөв дэх том шашин болоод байна. Бурхан багш амьдралынхаа ихэнх хугацааг бусад хүмүүс ч мөн адил өөрсдөө гэгээрсэн Бурхан болох тухайд тэдэнд өөрийн хүрсэн сэрсэн сэтгэлийн төлөвт хүрэх аргуудыг заан өгч амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлжээ. Тэбрээр хүн бүр Бурхан болох чадамжийн хувьд адилхан боловч сонголт, сонирхол, авьяас зэргээрээ ихээр ялгаатай болохыг бас харсан. Үүнийг хүндэтгэн, өөрийн сул талуудыг арилгах, бүх чадамжиндаа бүрэн хүрэх олон янзын аргыг заасан.
Бурханы шашин дэлгэрсэн орон бүр сургаалын өөр өөр талуудыг онцгойлон үзэж, Бурханы шашны олон хэлбэрүүд гарсан ч тэр бүгдэд гол сургаал нь нэг ижил байна.
Бурханы шашны гол сургаал – Хутагтын дөрвөн үнэн
Бурхан багшийн сургаалын хамгийн гол тулгуур сургаал нь Хутагтын дөрвөн үнэний сургаал буюу хутагт нарын үнэн гэж үзсэн амьдралын дөрвөн бодит үнэн юм.
Хутагтын нэг дэх үнэн: Асуудлууд үнэн (Зовлонгийн үнэн)
Амьдралд баяр жаргал хэдий олон ч, хамгийн жижиг хорхой шавьжнаас эхлээд орон гэргүй хүн, тэрбумтан хүн хүртэл бүх амьтан, хүнд асуудал бэрхшээлүүд тулгардаг. Төрсөнөөс аваад үхэх хүртэл бид өтөлж, өвдөж бас хайртай хүмүүсээ алдана. Сэтгэл гонсойх, урам хугарах, хүссэн зүйлээ авч чадахгүй эсвэл хүсээгүй зүйлтэйгээ учрах энэ бүхэнтэй нүүр тулна.
Хутагтын хоёр дахь үнэн: Асуудлуудын шалтгаан үнэн (Бүхэн гарахуйн үнэн)
Бидний асуудлууд олон шалтгаан, нөхцөлөөс үүдэх боловч Бурхан багш тэдний туйлын шалтгаан нь бодит байдлын талаарх бидний мунхаг сэтгэл (буруу ойлголт) хэмээсэн: Сэтгэлийн бидний өөр дээр, бусад хүмүүс дээр болон бусад бүх зүйл дээр байх боломжгүй оршихуйн хэлбэрийг тусган харах тэр хэлбэр.
Хутагтын гурав дахь үнэн: Асуудлууд зогсох нь үнэн (Хорихуйн үнэн)
Бурхан багш асуудлуудын шалтгаан болсон: өөрийн мунхаг сэтгэлийг (буруу ойлголтыг) арилгаснаар бүх асуудлууд үгүй болж, дахин тэдгээрийг амсахгүй байх боломжтой хэмээсэн.
Хутагтын дөрөв дэх үнэн: Сэтгэлийн зам мөр үнэн (Мөрийн үнэн)
Бодит байдлыг зөв ойлгож мунхагийг арилгасан үед асуудлууд зогсоно. Хүн бүр харилцан хамааралтай, харилцан холбоотой гэдгийг ойлгосноор бид үүнийг хийж чадна. Үүн дээр суурилж бид хамаг амьтанд асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлдэг. Өөрөө болон бусад хэрхэн орших талаарх төөрөгдлийг арилгаснаар аливааг өөрт болон бусдад тустай байдлаар хийж чадна.
Бурхан багшийн сургаалын хамрах хүрээ
Далай лам Бурханы шашны дотор дараах гурван зүйлийг ялгаж өгсөн. Үүнд:
- Бурханы шашны сэтгэлийн шинжлэх ухаан – субъектив мэдэхүй талаас ойлголт, бодол, сэтгэл хөдлөл хэрхэн бий болох тухай
- Бурханы шашны гүн ухаан – ёс суртахуун, учир шалтгааны ухаан, бодит байдлын талаарх Бурхан шашны ойлголт
- Бурханы шашин – урд, хойд нас, үйлийн үрийн тухай ойлголтууд, шашны зан үйл, ерөөл, уншлага
Бурханы шашны шинжлэх ухаан нь орчин үеийн нейро судлалд хүртэхүй, төвлөрөл, анхаарал, дурдал, ой, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөл зэрэг оюуны олон үйлдлийн талаар маш дэлгэрэнгүй зураглал гарган өгч мэдлэг нэмж байна. Эерэг мэдрэхүйн замуудыг зориудаар нэмж бий болгох замаар оюуны чухал чадваруудыг нэмэгдүүлж болно.
Бурханы шашны аливаа ойлголт нь итгэл бишрэлээс илүүтэй шинжлэн судлах үйл ажиллагаанаас хамаардаг тул шинжлэх ухааны судалгаа шинжилгээнь Бурханы шашны ойлголтуудыг ойлгоход маш тустай.
– XIV Далай лам
Бие организмын түвшинд Бурханы шашны шинжлэх ухаан нь олон тооны өвчнийг анагаах аргыг багтаасан нарийн анагаах ухааны цогц мэдлэгтэй. Гадаад юмс үзэгдлийн хувьд матери болон энергийг маш нарийн задалж авч үздэг бөгөөд квант физикийн судалдаг үзэгдлүүдтэй төсөөтэй олон ойлголтуудыг гаргаж тавьдаг. Мөн орчлон ертөнцийн үүсэл, оршил, төгсгөлийн тухай авч үзэхдээ орчлон ертөнцийн үргэлжлэл байх бөгөөд одоогийн энэ орчлон ертөнц нь өмнөө эхлэл үгүй үргэлжлэлтэй гэж баталдаг.
Бурханы шашны гүн ухаан нь харилцан хамаарал, харьцангуй чанар, шалтгаант чанар зэрэг асуудлуудыг авч үзнэ. Сэтгэлийн алдаатай тусгалыг ойлгоход туслах зорилготой цогц онол, мэтгэлцээний арга зүй дээр суурилсан логикийн маш нарийн мэдлэгийн тогтолцоог гаргаж тавьдаг.
Бурханы шашны ёс зүйн ойлголт нь өөрт болон бусдад юу тустай, юу гэм хортой хоёрыг ялгах мэдлэг дээр тулгуурлана.
Шашинтай эсвэл шашингүй, шашинтай бол Эзэн тэнгэрт эсвэл үйлийн үрд итгэдэг байсан ч хэн бүхэн ёс суртахууныг даган баримталж болно.
– XIV Далай лам
Энэ нь бусдын ач санах, үнэнч шударга байх, өглөгч сэтгэл, тэвчээр гаргах зэрэг хүний суурь үнэт зүйлүүдийг эрхэмлэн төлөвшүүлэхийн зэрэгцээ бусдад гэм хор хүргэхгүй байхыг чармайхыг шаардана.
Бурханы шашин нь үйлийн үр, урд, хойд нас, дахин төрлийн механизм, дахин төрлөөс гэтлэх, гэгээрэл зэрэг сэдвүүдийг авч үзэх ба үүнд мөн хурал, бясалгал, уншлага зэрэг шашны бүтээлүүд багтана. Бурханы шашны уламжлал тус бүр гол эх сургаал дээр үндэслэсэн өөр өөрийн сурвалж бичгүүдтэй учраас Бурханы шашинд “Бурханы шашны Библи” мэт үзэж болохуйц нэг ном, судар гэж байддаггүй. Төвөд уламжлалын зохиол, сурвалж бичгүүдийг Эх зохиолууд хэсгээс үзэх боломжтой.
Олон хүмүүс уншлага, залбиралыг сүм хийдэд эсвэл гэртээ бурхан шүтээнийхээ өмнө үйлддэг хэдий ч бид хаана ч, хэзээ ч ерөөл, залбирлыг тавьж болно. Ерөөл уншлага нь хүслийг биелүүлэх бус харин өөрийн дотоод хүч, билиг ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлийг сэрж мэдүүлэх зорилгыг агуулна.
[Үзэх: Энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн төрүүлэх вэ?].
Хооллох дэглэм, хууль цааз гэж байхгүй боловч ихэнх багш нар шавь нартаа аль болох цагаан хоол идэхийг зөвлөдөг. Бурхан багш шавь нартаа архи уухгүй, мансууруулах бодис хэрэглэхгүй байхыг мөн заан сургадаг байжээ. Бурханы шашны төлөвшлийн сургаал нь дурдал, хувийн сахилга батыг төлөвшүүлэхэд чиглэгддэг бөгөөд эдгээрийг сахих сэрэмж нь ихэнх тохиолдолд архи уусан эсвэл мансуурсан үед алдагддаг байна.
Бурханы шашин нь ариун явдлыг сахих (гэргийтэн бус байх) сахилыг багтаасан хэдэн зуун сахил сахих эрэгтэй, эмэгтэй хуврагуудтай, сүм хийдийн уламжлалтай. Хуврагууд үсээ авахуулах ба номын хувцас өмсөж, ном, бясалгал, уншлагад, мөн энгийн иргэдэд зориулан шашны зан үйлүүдийг үйлдэж байхад амьдралаа зориулан хийд оронд сууна. Орчин үед гэргийтэн хүмүүс олноороо Бурханы шашны төвүүдэд Бурханы шашны сургаал, бясалгалд суралцаж байна.
Бурханы шашин хэн бүхэнд нээлттэй
Бидний адил хүн болох Бурхан багш, бид хэрхэн оршдог талаарх бодит үнэнийг танин мэдэж, бүх сул талаа арилган, бүх чадамжиндаа хүрсэн; үүнийг Бурханы шашинд “гэгээрэл” гэдэг. [Үзэх: Гэгээрэл гэж юу вэ?]. Бурхан багш бидний бүх асуудлыг гараараа илбэн арилгадаггүй. Харин бидэнд амьдралын асуудлуудаас өөрсдийгөө чөлөөлөх, асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, өглөгч сэтгэл, билиг ухаан зэрэг сэтгэлийн олон чанаруудыг төлөвшүүлэхийн тулд дагаж болох зам мөрийг үзүүлсэн.
Эдгээр чанаруудыг хэрхэн төлөвшүүлэх тухай сургаалууд нь соёл болон шашны ялгаа харгалзахгүй хэн бүхэнд нээлттэй. Бурханы шашин нь Эзэн тэнгэр, бурхан тэнгэрүүдэд итгэх итгэл бишрэлийг багтаадаггүй, харин үнэт зүйлийг худалдаж авахдаа хэрхэн шалгаж авдагийн адил шашны сургаалыг шалгаж үзэхийг л ердөө зөвлөнө. Ингэж шалгаж үзвэл бид Бурхан багшийн сургаалын охь шим болсон ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, билиг ухааны чухлыг ойлгох ба эдгээрийг эрхэмлэх үед гэм хортой үйлүүдээс зайлсхийх, өөрт болон бусдад тустай, эерэг үйлүүдийг хийх нь аяндаа төрнө. Энэ нь хүн бүрийн хүсдэг зүйл болох аз жаргал, сайн сайханд л зөвхөн хөтөлнө.