“Сангха” хэмээх санскрит үг нь “чуулган” гэсэн утгатай ба энэ нь гэлэн, гэлэнмаа буюу эр, эм хуврагууд гэгдэх, Бурханы сахил санваар бүхий шавь нарыг хэлдэг байв. Бурханы шашин Өрнөдийн ертөнцөд дэлгэрч буй өнөө цагт Бурханы шашинтнуудыг эсвэл Номын Төвийн эгэл гэргийтэн шавь нарыг ч хуврагийн чуулган хэмээн нэрийдэх нь нийтлэг болжээ.
What is sangha 1

Хуврагийн үүсэл

Номын хүрдний судар буюу Дхармачакраправартана сударт айлдахдаа Бурхан багш гэгээрлийн хутагт хүрсний дараа тэрбээр урьд хэдэн жилийн туршид хатуужлын дияаныг хамтдаа сахьж асан таван нөхөртөө анхны сургааль хутагтын дөрвөн үнэнийг зарлигласан хэмээжээ. Ийнхүү сургаалийг сонсоод таван дияанч түүний шавь болсон ба тэдгээрийн дотроос Каундинъяа тонилохуйн буюу архадын хутагт хүрсэн байна. Ингээд үүнээс хэдэн өдрийн дараагаар би-гийн хоосон чанар буюу би хэмээх нь үнэн бүтэж эс оршдогийг айлдаж ахуйд нөгөө дөрвөн нөхөр нь архадын хутагт хүрчээ. Тийнхүү эдгээр таван шавь нь анхны Хуврагийн чуулганыг бүрдүүлсэн буюу Бурханы шашны анхны тойн хуврагууд болсон юм. 

Бурхан багш амьдралынхаа үлдсэн 45 орчим жилийн туршид өөрийн олж авсан Дээдийн номыг түгээж байсан ба түүний шавь нар ч мөн Бурханы сургаалийг хүргэхийн тулд хойд Энэтхэгийн нутгийн хот, тосгодоор хэрэн явж байв. Ингээд тун удалгүй Бурхан, оюун санааны багш нар, хаад, хатад, тариачид, махны худалдаачид зэрэг нийгмийн бүхий л хүрээнийхний сэтгэлийг булаан, олон шавьтай болов. Шавь нарын ихэнх нь ертөнцийн амьдрал ахуйгаас татгалзан гарахыг хүсээгүй ч эгэл гэргийтний амьдралыг орхин, Хуврагийн чуулганд нэгдэн орохыг нь хүлээн авч байв. Ахуй ажлаа эрхлэн, гэр бүл зохиосон нь Хуврагуудыг хоол унд, хувцас хунараар хангадаг байв. 

Цаг хугацаа өнгөрөхийн хамтаар улам олон хүн Бурханы дэргэд шавилах болоход эв эетэй чуулганыг бүрдүүлэхийн тулд шавь нарын дагаж мөрдөх дүрэм журмыг гаргах хэрэгтэй болов. Ийнхүү эдгээр дүрэм журмыг хуврагийн чуулганы дотоодод гарсан таагүй үр дагавар бүхий тохиолдолд хэрэгцээ шаардлагын дагуу, алдаа оноон дээр суурилан зохиож байлаа. Бурханы амьдралын төгсгөл ирэх үест эр, эм хуврагууд сахих ёстой хэдэн зуун сахилтай болсон байлаа.

Эмэгтэйчүүдийн сахил санваар

Бурхан багш эхэндээ зөвхөн эрэгтэйчүүдийг Бурханы шашинт хуврагийн чуулганд авч байлаа. Эрэгтэй хуврагийн чуулган үүссэнээс таван жилийн дараа Бурханы нагац эгч Махапражапати Гаутами бээр сахил санваар хүртэж, хувраг болохыг Бурханаас хүсэхэд тэрээр татгалзав. Гэсэн хэдий ч Махапражапати бусад 500 эмэгтэй бүгдээр толгойн үсээ хусаж, шар өмсгөл өмсөөд, Бурханыг даган орох шийдвэрээсээ мятарч буцахгүй байсан юм.

Махапражапати Бурханаас дахин хоёр удаа хүсэмжилсэн ба тэр бүрт Бурхан тэдэнд сахил өгөхөөс татгалзав. Ингээд дөрөв дэх удаад нь Бурханы үеэл Ананд түүний өмнөөс хүсэмжилж, эмэгтэйчүүд эрчүүдийн адилаар номын мөрд орон гэгээрлийн хутагт хүрч чадах эсэхийг асуухад Бурхан чадна хэмээн хариулжээ. Тэгтэл Ананд эмэгтэйчүүд сахил санваар хүртвэл сайнсан хэмээсэн тул Бурхан зөвшөөрч эмэгтэй шавь нарт сахилыг хүртээсэн юм. 

Янагуухи болон чанагуухи хувраг

Ерөнхийдөө Хуврагийн чуулган гэж гэлэн, гэлэнмаа буюу Бурханы сургааль номыг дагагч эр, эм хуврагууд гэсэн хоёр бүлгийг хэлдэг. Гэлэн (бикшу) гэдэг нь “бадар баригч” (аяга тахимлаг) гэсэн үг ба учир нь санваартны чуулган нь ихэнх эд өлгийн зүйлийг тэвчин, нэг газраас нөгөөд хэрэн явж, бусдын өргөсөн хоол хүнсээр амь залгуулах ёстой юм. Хуврагийн чуулганыг бүрдүүлэхийн тулд сэтгэлийн ямар эрдэм увидаст хүрснээс үл хамааран бүрэн сахилтай эсвэл равжүн сахилтай дор хаяж дөрвөн эр, эм хувраг байх ёстой.  Үүнийг янагуухи Хуврагийн чуулган гэнэ. Сахил санваартай эсэх нь хамаагүй, Дээдийн номын мөрийн эрдэм увидсыг олсон бол тэднийг хутагт Хувраг гэнэ. 

Энэхүү янагуухи Хувраг ба хутагт Хуврагийг ялгаж салгах нь ихэд чухал. Эгэл жирийн эр, эм хуврагууд дунд сайн нь асар олон бөгөөд тэдний дотор мөн бидний л адил элдэв муу сэтгэлдээ автсан нь ч байж болох тул яагаад чухам тэдэнд аврал одуулах ёстой юм бэ хэмээн эргэлзэхэд хүрч мэднэ. Тэгвэл хутагт Хувраг бол Гурван эрдэнийн нэг буюу авралыг одуулах жинхэнэ эрдэнэ мөн. Тэд л чухам биднийг зохист зүгт одоход жинхэнээр тусалж чадна.

Хуврагийн эрдэм

Тэгвэл бид өөрсөддөө төрүүлэхийг хүсэх ямар эрдмүүд Хуврагт байдаг вэ?

  1. Тэд сургааль айлдахдаа гагц шастир номоос суралцсанаа давтдаггүй. Харин тэд өөрт төрсөн жинхэнэ амслагаа сургадаг нь ихэд адистидтай юм. 
  2. Тэдний гагц хүсэл бол амьтны тусыг бүтээх ба юуг сургана түүнийгээ өөрсдөө анхааран авдаг. Тамхичин хүн бидэнд тамхи татахын хор уршгийг заагаад байвал яагаад түүний үгийг сонсох ёстой юм бэ хэмээн гайхширна биз дээ? Тийм учраас бусдын итгэлийг хүлээхийн тулд Хуврагууд хийж буй бүхэндээ үргэлжид чин үнэнч байдаг юм.
  3. Саар муу нөхрийг дагах цагт тэдний хорт муу нөлөөнд хэрхэн автаж буйгаа ч анзаардаггүй. Үүнтэй адилаар сайн найз нөхөдтэй байхын цагт хичээл шамдалгүйгээр дорхноо л сайн эрдмийг олно. Тиймээс Хуврагийн чуулган нь Номын анхааран авлагаа сайжруулахад бидэнд сайтар нөлөөлдөг юм.

Хуврагийн ач холбогдол

Бурхан бээр 2500 гаруй жилийн тэртээ бидний анхааран авлагад зориулан Дээдийн номын зарлигаа үлдээгээд нирваан дүрийг үзүүлсэн юм. Бурханы шашин гэдэг энэ л юм. Гэтэл бид үүнийг сайтар анхааран авахад Бурханы сургааль номонд суралцан, судалж, анхааран аваад, зарим эрдэм увидаст хүрсэн тэр хүмүүсийн найдвартай үлгэр дуурайл хэрэгтэй. Тийм л хүмүүсээс Хуврагийн чуулган бүрддэг юм. 

Өнөө цагт бид жүжигчид, дуучид, тамирчид, загвар өмсөгчид зэрэг алдар цуутай хүмүүсийг үлгэрлэн дуурайх нь элбэг. Гэтэл тэд өөрсдийн зовлон бэрхшээлтэй байдаг биз дээ? Тэдний хувийн амьдрал ихэнхдээ л холион бантан байдгийг бид мэднэ. Түүнээс гадна алдар цуутнууд, тэдний амьдралд хэт автаад ирэхээр энэ нь биднийг найз нөхөдтэйгөө хов жив ярих, эд зүйлсэд ихээр шунахад хүргэдэг ба үүнээс өөрт болон бусдад жинхэнэ ач тус, аз жаргал ирнэ гэж үгүй. Гэтэл Хуврагууд бол өөрсдийн зовлон бэрхшээлийн заримыг амарлиулж чадсан байдаг нь гайхалтай сайхан! Улмаар тэд үлдсэнийг нь амарлиулахаар шамдаж буй юм. Хэрэв бид зовлонгоосоо ангижиръя хэмээж буй бол тэдний үлгэр дуурайлыг дагах нь зөв бус уу?

Бурхан багшийн сургааль зарлиг сайтар хадгалагдан, үеэс үед дамжин бидний энэ цагийг хүртэл уламжлагдан ирсэн нь Хуврагийн чуулганы ач гавъяа билээ. Өөрт буй зовлон бэрхшээлээс чанад цаадхийг харж, зовлон бүхнээс бүрэн гэтэлгэх мөр бийг үзэх завшааныг Хуврагийн чуулган өгдөг юм. Гагц үүгээр зогсохгүй тэд алхам тутамд замчлан, зоригжуулж, дэмждэг юм. Тийм л учраас Хувраг оршихгүй бол Бурханы шашин оршихгүй хэмээх нь бий. 

Дүгнэлт

Сайн үлгэр дуурайлыг бид хэрхэн олох вэ? Хэдий бид эрдэм увидсыг олсон хутагт Хувраг буюу жинхэнэ Хуврагтай учирч чадахгүй байсан ч Номонд сайтар суралцсан хүмүүстэй таарч, тэднээс үлгэр авч болно. Тэдний үлгэр жишээг хараад, тэднийг даган дуурайх зориг зүрх төрөх болно. 

Бурханы шашинт эр, эм хуврагууд буюу янагуухи хуврагуудын хүчин шамдлаар Дээдийн ном дэлхий даяар түгэн тархаж байна. Бурханыг эмч лүгээ, Номыг эм лүгээ адилтгасан шиг зовлон бүхнээсээ үүрд гэтлэхийг зорих цагт Хуврагууд асрагч сувилагч адилаар тэрхүү мөрөөр зоригжуулан хөтөлдөг юм.

Top