“Мөнх бусын талаар хэрхэн бясалгах” тайлбар

Гунтан Ринбүүчигийн (Gung-thang-tshang dKon-mchog bstan-pa’i sgron-me) (1762 – 1823 он) шүлэглэн бичсэн Мөнх бусыг хэрхэн бясалгах тухай зөвлөмж (Mi-rtag sgom-tshul-gyi bslab-bya tshigs-su bcad-pa bcas) зохиол олон өөр өөр төрөл авч, сэтгэлийг сургах тухай сургаал айлдсан өөрийн бүхий л багш нартаа хүндэтгэлийн магтаал өргөж байгаагаар эхэлдэг. Үүнд: 

Эгэл амьтдын сэтгэл юунд татагдсанд зохилдсон оршсон амгалан, хоосон хослон орсон дор мөргөм үү.   

Найман чөлөө, арван учрал бүрдсэн энэхүү эрдэнэт хүний төрөл нэг л удаа олдоно. Энэхүү боломжийг алдаж, өнөд орших нэг үнэт зүйлд хүрч чадахгүйгээр дараагийн төрөлд унах аюул бий. Одоо бол гэтлэхүйд хүрэх зам мөрд өөрийг хөтлөх цаг мөн. Үнэндээ бараг оройтож байна, учир нь энд байгаа бид бүгд хорь, гуч хүрчээ. Бид зааныг сургах үе шатуудтай адилтгагддаг сэрэмж, Номыг бүтээх үүднээс төмөр дэгээ мэт сануулгаар өөрсдийгөө барьж байх ёстой. Орчлонгийн зовлонт бүх зүйлийг энэ сард, эсвэл ядаж энэ жил дуусгахыг оролдох, эсвэл Номынхоо бүтээлийг хойшлуулж байгаад эхэлж энэ жил бүх зүйлээ хийе гэсэн бодолтой байх нь сайхан зүйлээр таныг татаж буй нэг хий юм. Шашин номын хүмүүс амьдрах хангалттай эд зүйлтэй байх талаар хэзээд санаа тавихгүй байх хэрэгтэй хэмээн нэг багш хэлсэн байдаг. Зарим хүмүүс Ном бүтээхийн тулд мөнгөтэй байх ёстой гэсэн шалтаг хэлдэг боловч өлсөж үхсэн Номын жинхэнэ бүтээлч нэг ч байгаагүй. 

Бүх сэтгэлээ зориулсан Номын бүрэн бүтээл хийх сэтгэл үүсгэ. Энэ насны амьдралын үйл ажиллагаанууд усны давлагаа мэт. Долгионууд адил, эхнийх нь гарч ирж, дараа нь шууд дараачийнх нь гарч ирнэ. Та хэдий их хийнэ төдий чинээ шинэ үйл ажиллагаанууд гарч ирнэ: энэ төгсгөлгүй. Эдгээр зүйлүүдийг яг одоо орхихоор хүчтэй шийдэх нь илүү сайн биш гэж үү? Жишээ нь, нэг гэнэтийн явдал гарахад та бүх зүйлээ орхиж, түүнд анхаарал тавихаар явах хүчтэй, тууштай шийдвэр гаргадаг. Энэ нь Наропа гэгээн Тилопа багштай уулзахаар явдаг түүхтэй адил. Эсвэл Манзушир бурхнаас зэхэл бүтээл хийх заавар аваад хэдэн мянган шавиа орхиод түүнийг хийх шийдвэр гаргаад явсан Богд Зонховын адил. 

Өөрийгөө битгий хуур. Маргаашийн Номын бүтээл эхлэхийн өмнө өнөөдрийн үхэл урьтаж ирж болно. Иймд хэрэв Ном бүтээхийг хүсэж байвал өнөөдрөөс эхэл. 

Богд Зонхов, Бадамжунай бурхан гэх мэт агуу багш нарын үйлс ертөнцийн бүхий л зүгт цацарсан ч эдгээр бүх багш нар одоо амьд сэрүүн үгүй. Зөвхөн тэдний нэр үлдэж, бие нь үгүй болж бид зөвхөн тэднийг сургаалаар нь ойлгож байна. Энэ бүхэн нь тэдний мөнх бусын нэг илэрхийлэл, бидэнд Бурхан багш хүртэл жанч халсныг сануулах Кушинагарт байх Бурханы багшийн хэвтээ дүртэй яг адил. Шантидэва гэгээн Бодисадвын явдалд орохуй (sPyod-‘jug, Санс. Bodhicharyavatara) бүтээлдээ хэрэв Бурхад, брадигабуд (өөрөө ялгуугсад – Бурхан багшийн сургаал байхгүй болсон үед, өөрийн өмнөх төрлүүдээс Номыг санаж, бүтээн эрдэм төрүүлэх Бага хөлгөний ёсны бүтээлчид), шаравага нар (сонсоод сонсгогч – Бурхан багшийн сургаалыг сонсож бүтээл үйлдэх Бага хөлгөний ёсны бүтээлчид) бүгд нас эцэслэсэн байхад бид мөн нас эцэслэх үү хэмээн асуух шалтгаан бий юу хэмээсэн байдаг. Энэ нь эдгээр бүх сургаалуудыг бичсэн их эрдэмтдийн адил бүтээлч болох VIII Далай ламын нэг сургаал. Гэвч хэрэв эсвэл эдгээр их төрөлхтнүүдийн бие барагдан Бурханы мөн чанарын биед (мөнх бие - швабхавакаяа) шингэх үед тэд үүнийг ердөө мунхарсан (бодит байдлыг таниагүй) шавь нарт мөнх бусыг үзүүлэх үүднээс үйлдэнэ.    

Эдгээр их төрөлхтнүүдийн адил, нэг зуун жилийн хугацаа өнгөрөхөд бидний нэг нь ч энд байхгүй. Өөрийн эд баялаг, хүч чадлаар туйлаас бардамнах, цэцгэн хэлхээ бүхий олон үйл хэргээрээ сайрхах хаадууд хийгээд төрийн харчууд мөн бүгд байхгүй байна. Зөвхөн тэдний нэр үлдэнэ. Өнөөгийн олон нэр алдартай дэлхийн удирдагчдын хувьд ч энэ адил: тэд ирээдүйд энд байхгүй. Таны адил насны, бие махбодын хувьд ижил хүч чадалтай тэдгээр хүмүүс мөн нас эцэслэнэ. Тэд гэнэт л үхлийн эзний гарт орно. Тэгэхээр танд юу мөнх амьдарна гэсэн итгэл өгөх вэ? Хэдийгээр мөнх бусын талаар хэн ч танд сургаагүй байсан ч үхлээс айхгүй байх нь туйлаас мунхаг (бодит байдлыг ойлгоогүй) хэрэг. Бүр хонь мал гэх мэт мунхарсан, дорой амьтад хүртэл өөр нэг хонь мал махны худалдаачнаар нядлуулахыг хараад зүрх нь түргэн цохилон, чичирдэг.  

Үүнтэй холбоотой гэвш Потовагийн нэг түүх бий. Түүний тосгонд амьдардаг нэг хүн түүн дээр ирж, “Миний үхэх цаг болох үед та надад хэл хүргүүлж болох уу?” хэмээн хүсжээ. Хэсэг хугацааны дараа дээд тосгоны нэг хүн нас барж, энэ талаар дээрх эрд хэл хүргүүлсэн боловч тэрээр ямар нэг зүйл хийсэнгүй. Ингээд доод тосгоны, дараа нь дунд тосгоны нэг, нэг хүнд мөн ийм зүйл тохиолдов. Өнөөх эр бас л юу ч хийсэнгүй. Ингээд нэг өдөр түүний өөрийн үхэх шинжүүд гарснаар тэрээр гэвш Потовагийнд гүйн хүрч, түүнээс “Яагаад надад хэл хүргүүлсэнгүй вэ?” хэмээн асуув. Гэвш Потова “Би хүргүүлсэн, гэвч та түүнийг ойлгоогүй” хэмээн хариулав. Гэвш Потова өөрөө өөрийн амьдардаг тосгон болох Пэнпод гарсан бүх нас баралтыг тоолох байдлаар мөнх бусыг бясалгадаг (санадаг) байжээ. 

Мөнх бусын талаарх ойлголт заавал судар бичгийн тайлбар дээр суурилах шаардлагагүй; та түүнийг бүхий л амьд амьтанд ирэх үхлээс шууд ойлгож болно. Үхлийг хялбар ойлгон харах боловч тэрхүү ойлголтыг өөр дээрээ ашигладаггүй хүмүүс нүд нь нээлттэй боловч аливааг үздэггүй хараагүй хүмүүс, эсвэл болор нүдтэй хүмүүстэй адил. Ирээдүйд бидний найзууд, ах дүү, садан төрлүүд, үйлчин хийгээд бараа бологчид бүгд нас эцэслэнэ. Та тэдэнтэй хамт байх үед энэ нь хожим нь ердөө таран сарних салхинд цугласан навчистай адил. Хэдийгээр бид одоо хамт байвч, ирээдүйн төрлүүддээ дахин учрах үед бид өөр өөр төрөл аван нэг нэгээ ч танихгүй. Хүмүүс мөнх бусын талаар бодох нь маш ховор, гэвч бид орчлонгийн амьдрал болон номын амьдралыг наад зах нь тэнцвэртэй байлгах хэрэгтэй, учир нь энэ нь тогтвортой нөхцөлийг бий болгоно. 

Навчис унаж улирал солигдох болон бусад байгалийн үзэгдлүүд бидэнд мөнх бусын тухай сургамж өгч байдаг. “Намайг хүрээлэн буй бүхий л зүйлийг би сургаалаар хардаг” хэмээн Мил богдын хэлсэнтэй адил.

Мөнх бусын тухай дахь өөр нэг зүйрлэл нь үзэсгэлэн худалдаа. Өөр өөр тосгоны хүмүүс тухайн үйл явдалд цуглан ирж, дараа нь бүгд таран одно. Бид тэдний хаашаа явсныг мэдэхгүй бөгөөд тэд энэ адил дахин хэзээ ч цуглахгүй. Биднийг тойрон байгаа найзууд, садан төрлийн тэдгээр бүлгүүд нь нэг үзэсгэлэн яармаг дээр байгаа хүмүүс эсвэл намрын ялаатай адил. Тэд бүгд таран явна. 

Хавар, зун гэх мэт зүйлүүд сэтгэл татам сайхан байж болох ч бүгд мөнх бус, байнгын өөрчлөлтийн сургаал, учир нь тэд бүгд өөрсдөө элементүүд (бодис, цаг агаарын нөхцөлүүд). Ургамлууд эхлээд ногоон, дараа нь шар болж, дараа нь нүцгэрнэ. Горхины усны хэм, түүний өнгө, гаргах дуу чимээ бүгд улирал улирлаар өөрчлөгдөнө. Хоржигнох дуу гарган бүжиглэх мэт үзэсгэлэнт долгион бүхий гайхалтай ногоон цэнхэр байсан горхинууд улмаар гадаргуу дээрээ хөлдөж, тунгалаг мөс болон түүний доорх ус бувтнах хүн адил дуу гаргана. Үүнтэй адил зүйл хүмүүс бидэнд тохиолдоно. Хүмүүс залуу байх үедээ олон үдэшлэгт явж, дуулж, бүжиглэн, сархад хүртэн цэнгэнэ. Ингээд нас өтлснөөр тэдний зуршил өөрчлөгдөнө. Өмнөх жишээний яг адил тэд мөн бувтнах дуу гаргана! 

Зуны цагт хатан зөгийнүүд үзэсгэлэнт цэцэрлэгт цэцгийн шимийг хүртэнэ. Энэ нь бид залуу байгаа үетэй адил. Бид хорвоогийн сайхан бүхэн, тав тухыг дураараа эдэлнэ. Гэвч намар болоход цэцгийн хүрээлэн цөл адил болж, өвөл болоход тэнд салхи үлээх үед гунигт дуу гарна. Хүмүүс тэнд очиж, бүх зүйл нүцгэрсэн байхыг харахыг хүсдэггүй. Зарим цагт толгод бүхэлдээ цэцгээр хучигдаж, өвөл болоход бүхэлдээ нүцгэрнэ. Байшин сууцанд энэ бас адил: тэд хуучирч, өгөршинө. Ийнхүү эдгээр бүгд нь мөнх бусын жишээнүүд. Гэвч мөнх бусын хамгийн ойрын сургаал бидний өөрийн физик бие. Бид өтлөх хэрээр залуудаа хийдэг байсан зүйлээ хийж чадахаа болино: бид удаан хөдлөх болж, бидний гадаад төрх өөрчлөгдөнө. 

Мөнх бус нь зөвхөн амьд юмс төдийгүй барилга байгууламж, байгаль, цэцэрлэг, цаг хугацаа гэх мэт амьгүй зүйлүүдэд мөн үйлчилнэ. Нагаржуна, Асанга гэгээн нарын суралцаж байсан Наланда хийд (Налиндир) гэх мэт газрууд, Бод Гаяа бүгд урт хугацааны өмнө байхгүй болсон. Төвөд дэх Гандан, Сэра болон бусад том хийдүүд мөн адил байхаа больсон. Бүр бидний одоо суралцаж буй Төвөд бүтээл, архивын энэхүү номын сан аажмаар байхгүй болж, туурь болон үлдэнэ. Нагаржуна гэгээн Садангийн захиа (Санс. Suhrllekha) бүтээлдээ “Хэрэв долоон нар гарч түүний хүчээр бүхэл ертөнц үгүй болох юм бол бидний бие тийнхүү үгүй болоход эргэлзэх зүйлгүй,” учир нь тус сүйрэл мөнх орны эхний түвшний хувиршгүй Брахма орноос эхлэн бүх зүйлийг үгүй хийнэ хэмээсэн. Өвсөн бухлыг ороосон олсыг хар, цагаан хоёр оготно ээлжлэн иднэ. Энэ жишээнд хар, цагаан хоёр оготно нь өдөр, шөнийг илэрхийлэх бол өвсөн бухал нь бидний амьдрал, түүнийг ороосон олс нь амьдралын хугацааг илэрхийлнэ. Тэрхүү олс бүрэн барагдаж дуусахаас өмнө бидний амьдралыг илэрхийлэх өвсөн бухал нурах тул бид аль болох их эерэг үйл (буян) үйлдэх боломжуудыг ашиглах хэрэгтэй. 

Цаг хугацааны агшин бүр биднийг үхлийн эзний үүд өөд түрж байгаа. Нядалгааны газар руу аваачиж байгаа амьтны нэг адил алхам бүр биднийг үхэл рүү ойртуулж байдаг. Энэ өглөө сэрсэн цагаас эхлэн бид үхэл рүү хэр их ойртоод байна вэ? Бид залуу тул үхэхгүй хэмээн бодох нь тэнэг хэрэг. Үхлийн эзний хувьд нас ямар ч ялгаагүй. Үс нь цайрч, нум мэт бөгтийн, бие нь салганах хөгшин эцэг эх өөрийн үр хүүхдийн оршуулгыг үйлдэж болдог байхад үхлийн эзэн биднийг насаар ялгана хэмээн яаж хэлж болох билээ? Иймд бид зөвхөн хөгшин буурал болсон үедээ бус нас харгалзахгүй Номыг бүтээж байх хэрэгтэй. Үхэх цагт тус болох цорын ганц зүйл Ном. 

Найдаж болох ганц нөхөр бол таны өөрийн бүтээл. Хүмүүс тус болохгүй. Мөндөр гэх мэт муу нөхцөлийн улмаас бид ургац алдах үед бүр өмнө таны асран хамгаалж байсан таны эхнэр, үр хүүхэд, хамаатан саднаас ч ямар нэг тус авах хэцүү. Хоосорч ядуурах цагт бүгд бидний итгэлийг хөсөрдүүлэн, биднийг орхино. Энэ бол хүний мөн чанар. Биднийг хөгширч, ядуурах цагт хүмүүс бидэнд бүр анхаарал ч хандуулахгүй. Хүн баян чинээлэг байхад хүмүүс хүрэлцэн ирж, тэдний алдар хүндэд хувь нэмэр оруулсан мэт дүр эсгэнэ. Хүмүүс таны баяр баясгалангаас хуваалцахыг хичээх боловч таны зовлон гунигаас бол үгүй. Тэд танаас ямар нэг зүйл авч чадахгүй бол таныг орхино. Бурхан багш үүний эсрэг байж, тэрээр ядуу, зүдүү тэдгээр хүмүүст илүү их анхаарал хандуулж байсан. 

Хэрэв хэн нэгэн нөлөөтэй хүн таны хамгийн итгэлтэй нөхөрт таныг сайнгүй хэмээн хэлэхэд тэд сэтгэлээ өөрчилж, хувирна. Ердөө нэг хэдэн үг дараагийн өдөр тэр танд дургүй болох шалтгаан болж болно. Энэ нь “Өмнө хэдэн инчээс хүрч болдог байсан зүйл өөр нэг өдөр нэг ярдаас хүрч болох болж болно” хэмээх үгийг батална. Энэ нь цөөн хэдэн үг ойр дотно байсан хүмүүсийг холдуулах шалтгаан болж болно гэсэн үг. Номын хувьд бид нэг тууштай нөхөртэй байх хэрэгтэй. Найз нөхдүүд бие биедээ анхаарал халамжтай байж, нэг нэгийнхээ алдаа, сул талуудыг дурдахаас татгалзана. Харин бидний дайсан бидний гэм бурууг хэлж өгөх тул илүү тустай. 

Зарим хүмүүс нэг насны амьдралаа эд баялаг цуглуулан өнгөрүүлж эцэст нь ихээр өөрчлөгдөж, зовно. Тэр нь үнэхээр их зовлонгийн шалтгаан болдог учраас бид баячуудтай холбогдохгүй байх хэрэгтэй. Эд баялаг нь жаргалын дүртэй харагдах боловч тийм биш. Эд баялагт шунах бидний сэтгэл дөлд татагдах дэнгийн эрвээхэйтэй төстэй: хэрэв хэт ойртвол галд орно. Чинээлэг хүмүүс жаргалтай, сайхан дүр байдалтай, сайн сууцтай санагдаж, мөнгөний талаар санаа зовох зүйлгүй мэт харагдана. Энэ нь сэтгэл татам харагдах боловч бид ийм нөхцөлийг бүрэн харах үед түүний зовлон, сул талуудыг мэднэ. Жишээ нь, зарим шашинтай хүмүүс баяжсанаар Номондоо сонирхол буурч сэтгэл нь илүү их эд баялаг хураахад төвлөрдөг. Бид буян хураахаас үргэлж уйдах боловч илүү эд баялаг хураахаас хэзээ ч уйддаггүй.

Товчоор хэлбэл, амьдрал мөнх бус бөгөөд үхэл ирэх нь гарцаагүй тул бид түүнд бэлдэх хэрэгтэй. Үхэл хэзээ ирэх нь тодорхойгүй боловч нэгэнт ирсэн цагт түүнийг буцаах боломжгүй. Баян хүмүүс түүнд авлига өгч, түүний сэтгэлийг уяраан, хүчээр түүнийг ялж чадахгүй. Зарим газар мөнгөөр визээ эсвэл оршин суух зөвшөөрлөө сунгуулж болдог мэт санагдах боловч мөнгөөр насанд сунгалт худалдан авч чадахгүй. 

Нэгэнт үхлийн эзний гарт орох цагт бид төрсөн цагаас эхлэн хамт байсан биеэ орхих ёстой болно. Хэдий бид дулаан хөнжилд нас эцэслэсэн ч сэтгэл биеэс явах цагт хамаатан, найз нөхөд, эд баялгаа эргэн харах бүр хормын төдий ч боломж гарахгүй. Энэ бол амьдралын бодит байдал бөгөөд бид үүнд бэлдэх ёстой. Бид ар талаа, бидний ачаа тээш болох сайн, муу үйлийнхээ үүрэг хариуцлагыг тээн энэ насны амьдралаас цааш явна. Зарим настай эцэг эхчүүд хүүхэд, ач зээ нартаа байшин сууц барих боловч нас эцэслэх цагт нуруундаа түүнийг барьсан, хорхой шавжийн амь тасалсан зэрэг сөрөг үйлийнхээ ачааг үүрэн явж байхад, үр хүүхэд нь тэрхүү сууцанд ердөө амьдран сууж үлдэнэ. Тийнхүү бид ийм үйлээр зөвхөн сөрөг үйлийн үр хураана.  

Завсрын төрлийн аюултай замаар зорчин үхлийн эзний армитай тулах үед бид эд хөрөнгө хураахад гаргасан хүчин чармайлт ямар ч хэрэггүй болохыг ойлгоно. Хэдий бид тэр цагт ихээр харамссан ч энэ нь тийм их тус болохгүй. “Хэрэв өмнө нь бодож чадаж чадвал тэр ухаантай; хэрэв хойно нь харамсвал тэр тэнэг” хэмээн нэг зүйр үгт гардаг. Сайн мэдэхгүй газарт жинхэнэ хөтөч нь Ном; урт аяны бэлтгэл Ном; далайн эргийн нөгөө захад биднийг аюулгүй хүргэх сэлүүрч нь Ном. Өнөөдрөөс эхлэн өөрийн бие, хэл, сэтгэлийг Номд зориулаарай.

Өөрийн амар амгаланг бататгах нь бидний өөрийн хүчинд байх тул бид ийнхүү хийх ёстой. Хэрэв үгүй бол бид төөрөлдөн юу хийхээ мэдэхгүй болох цаг ирнэ. Номын хүн, номын биш хүн хоёр нас эцэслэхийн хооронд маш их ялгаа бий. Хойдох нь ямар ч зүйл мэдэхгүй, их шаналж нас барах бол өмнөх нь тайван, тус мөчид өмнөөс бэлтгэсэн, өөрийн эд зүйлээ ядуу хүмүүс, төрөл садан, авралын орон зэрэгт хуваан нас эцэслэнэ. Номын хүн шиг байхын тулд бид эдгээр сургаалаас чадах хэрээрээ их суралцах хэрэгтэй. Бид буруу магад гарах сэтгэл төрүүлэн (орчлонгоос уйдах) бүх хоол, амралт, эд баялгаа бусдад өгөн барж болохгүй харин түүний оронд ном болон материаллаг хэрэгцээ шаардлага хоёрыг тэнцвэржүүлэн чадах хэрээрээ сайн бүтээл үйлдэхийг (номыг хэрэгжүүлэх) хичээх хэрэгтэй. 

Номын бүтээл нь номын хувцас өмсөж, уламжлал дагах бус харин халуун дулаан, энэрэнгүй сэтгэлтэй байх явдал. Нас эцэслэн, тамд хүрч, үхлийн эзэнтэй уулзсан нэг төвөд эмэгтэйн тухай түүх бий. Тэрээр үхлийн эзэнд хэдийгээр тэр биеэрээ гэм учруулсан ч тэдгээрийг сэтгэлдээ сайн санаагаар (сэдэл) хийсэн хэмээжээ. Үүгээр түүнийг өөрийн хуучин бие, амьдралд нь буцаасан. Энэ нь бидний үйл хэрхэн гаднаасаа харагдах байдлаас үл хамаарч сайхан сэтгэлтэй байх хэрэгтэйг харуулж байна. 

Нэг зүйр үгт “Номын талаар их ярьдаг хүн бага бүтээл хийдэг” хэмээн гардаг. Атиша гэгээн үргэлж үүнийг сануулж, хүнтэй уулзах бүрдээ “Сэтгэл сайхан уу?” хэмээн асуудаг байсан. Дромтонпа гэгээн Атиша гэгээнийг нас барлаа хэмээн сонсоод түүнийг нас эцэслэх үед дэргэд нь байгаагүйдээ маш ихээр харамссан. Гэвч Атиша гэгээн шавь нартаа түүнийг энэ ертөнцөд байхгүй болох цагт хэрэв тэд сайхан сэтгэлтэй байвал түүнтэй уулзсантай ижил болно хэмээн захижээ. Мөн Гаадамбын сургаалд хэдийгээр бид одоо бусдад тус хүргэж чадахгүй байна хэмээн бодсон ч хэрэв бид ердөө бусдад гэм хор хүргэхийг цээрлэж чадаж байвал энэ бидний түвшинд маш их тустай хэмээн гардгийг санах нь сайн. Хэнийг ч зовлонтой болгохгүй байхыг хичээ. 

Амьсгалын үргэлжлэл тасраагүй байгаа цагт хэнд ч эерэг чадамж (эерэг үйл) хурааж, ирээдүйгээ баталгаажуулах боломж, хүч байсаар байна. Та нэг дор өөрийн хамгийн сайн найз, өөрийн хамгийн муу дайсан байдаг. Ирээдүйд өөрт тохиох амгалан, жаргал чамаас шалтгаална. Номын бүтээлгүй нас эцэслэж байгаа хүн нас эцэслэж байгаа нохойтой адил, ялангуяа завсрын төрөлд. Та хүн болон төрсөн байх нь ялгаагүй байх болно. Номын бүтээл хийдэггүй Чакравартын хаан, гудамжинд үхэж байгаа нохой хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Үнэндээ тэд нас эцэслэхэд нохой нь илүү бага сөрөг үйл хийсэн болж болно. Тийм учраас бүтээлийн эхэн, дунд, эцэст мөнх бусын талаар бодож байх нь чухал. Бүр хамгийн их эрдэм, туршлагатай их бүтээлчид хүртэл мөнх бусыг бясалгадаг. 

Бүх хөлийн мөрүүдээс хамгийн том нь зааны мөр. Бүх бодлуудаас хамгийн сайн ул мөр (ойлголт) үлдээх бодол мөнх бусын тухай бодол. 

Мил богд өөрийн хар хүчний багшийн багшийг үхэлд хүргэсэн үхлийг хараад Номд орсон. Гампопа гэгээн өөрийн эхнэрийг нас барах үед Номд орсон. Үүнтэй адил Бурхан багш үхлийг анх үзээд Номд орж, түүнд тэрхүү зовлонг шийдэх шийдэл олох сэтгэл төрсөн. Мөнх бус нь төв зам мөртэй адилд тооцогддог (Мадхямака буюу Төв үзэлтэй битгий андуураарай). Энэ нь энэ насны амьдралд хүлэгдэх сэтгэлийг хорьж, өөрийн бүхий л бүтээлд эерэг сэтгэлийг бий болгох үүрэгтэй төв зам мөр. “Төв зам мөр” гэх мөнх бусын талаарх энэ хэллэг бас илүү гүнзгий утгатай. Үүнийг Мадхямакагийн үүднээс бас тайлбарлаж болно. Мөнх бус нь би-гийн талаарх буруу ойлголтыг багасгаж, янагуух би-гийн ( ойлголтын түвшний “би”) бодит байдалд өөрийг авч үзэхэд туслах Мадхямака үзлийн ойлголт төрүүлэх суурь.     

Сэтгэлийг сэтгэл сарниулах зүйлүүдгүй болгож, түүнийг Номд төвлөрүүлсний хойно бид дараах зүйлүүдийг хийх ёстой. Энэ гараг дээр гүн гүнзгий хэмээн алдаршсан бүтээлүүдийн олон уламжлал байх боловч Номын бүтээлийг бүрэн хүлээн зөвшөөрсний дараа Бурхан багшийн гурван цагийн сургаалуудын шимийг сайн зохион байгуулалттай Богд Зонховын уламжлалаар дагахыг хичээх нь хамгийн сайн болно. Ингэхийн тулд бид тайлбар, бүтээл аль алиныг багтаасан судар, тарнийн ёсыг нэгтгэн найруулсан тэр аргыг дагах хэрэгтэй. Ингэж дагахын тулд мөн чанар, зэрэг (үе шатууд), ангиллуудыг мэдэж, тэдгээрийг зөв дагах ёстой. Жишээ нь, судрын ёсны өмнө тарнийн ёсны бүтээл хийхгүй байх, эсвэл эрдэнэт хүний төрөл, аюулгүй зам мөр (аврал), шүтэн барилдлага зэргийн талаар мэдэхгүйгээр бодь сэтгэлийг (хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэх зорилго) судлахгүй байх.

Бид алдаа мадаггүй зам мөр, түүний сэтгэлийн талаарх гол сургаалуудын талаарх ойлголтуудыг өдөр өдрөөр төрүүлэхийг хичээх хичээх хэрэгтэй. Өдөр бүр чадах хэрээрээ их бараа зарахыг хичээх худалдаачин адил бид аль болох их эерэг чадамж (үйлийн үр) бий болгох үүднээс өдөр бүр чадах хэрээрээ цагаан үр их суулгахыг хичээх хэрэгтэй. Бодит бүтээлдээ бид ихэвчлэн цээжлээд, алгуур уншин бясалгадаг Эрдэм бүхний суурь (Yon-tan gzhi-gyur-ma) гэх мэт судар, тарнийн нийтийн зам мөр болох богино зохиолууд дээр богино бясалгал хийж болох ба энэ нь мөн Жорчогийн (sByor-mchod) зэхэл бүтээлийн хэсэгт бий. Өөр нэг ийм зохиол нь Мөрийн хураангуй зэрэг (Lam-rim bsdus-don) бөгөөд үүнд зургаан барамидыг дурдана. Энэ бүтээл Эрдэм бүхний суурийн адил тийм тодорхой биш боловч зургаан барамидыг багтаасан гурван шагшаабадын сургаалыг хамарсан байдаг. Энэ төрлийн товч бясалгалд хэрэглэж болох өөр нэг зохиол нь Ламын чодбын (Bla-ma mchod-pa) мөрийн зэргийн хэсэг. Хураангуй бясалгал нь үзсэн зүйлээ сэргээн, тэдгээрийг сэтгэлдээ бүрнээр нь зохион байгуулан авахад туслах нэг үр дүнтэй арга. Энэ нь бүх зүйл хаана байгааг харахын тулд газрын зургаас лавлах эсвэл уулан дээрээс тал газрын агаарын зураг харахтай адил.

Лам-римыг (Бодь мөрийн зэрэг сургаал) одоо ойлгох хэцүү байж болох ч өдөр бүр товч бясалгал хийх нь сургаалыг хэрхэн бүтээх нийт аргыг сэтгэлд суулгана. Лам-римын сэдвүүд дээр бясалгах үедээ бид сургаалд заасан зөв дэгийг баримтлах хэрэгтэй. Эхлээд бид бодь сэтгэлийн сэдэл (хотол өдөөлт) төрүүлж, төгсгөлд нь зориулга ерөөл хийх хэрэгтэй. Бүтээлийн эхэнд сэдэл төрүүлэх (сэтгэлээ засах) үед бид хамаг амьтны тусад бүтээл үйлдэж байна хэмээн бодно. Хэрэв ингэж чадахгүй бол наад зах нь магад гарах сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Бүтээлийн (бясалгалын) төгсгөлд бид бий болгосон эерэг чадамжийг (буян, эерэг сэтгэлийн үр) хамаг амьтны амар амгалан (жаргал), тэдний гэгээрлийн хутагт зориулах хэрэгтэй. Би та бүхнийг өөрийн эрдэнэт хүний төрлийн шимийг ийм төрлийн бүтээл үйлдэж авахыг хүсэж байна. “Шимийг авах” гэдэг нь их, дунд, бага гурван түвшинтэй. Их нь энэ насандаа Бурханы хутагт хүрэх, дунд нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн бүх (бүдүүн) хэлбэрүүдээс, бага нь муу төрөлд төрөхөөс чөлөөлөгдөх гэсэн утгатай. 

Зориулга 

Энэ айлдвараар хураасан бүх буяны хүчээр бид мөнхөд барих (мөнх гэж үзэх), шунал, дургүйцэл болох зовлонгийн үрийг арилгаж чадах болтугай. Ялангуяа, орчлонгийн зовлонгийн үндэс болох үнэн оршихуйд барих хүчийг арилгаж чадах болох болтугай. Хүн бүхэн үхэшгүй мөнхийн төлөв, Бурханы хутагт хүрэх болтугай.  

Ном доройтсон өнөөгийн нэг өдөр үйлдсэн Номын бүтээл нь Ном дэлгэрсэн үед хийсэн хэдэн зуун сайн үйлээс илүү байдаг. Номын бүтээл гэдэг нь сайхан сэтгэлтэй, ач санасан, бусдыг сэтгэлийг хайрласан, энэрэнгүй сэтгэлтэй байж, бусдад гэм хор хүргэхийг тэвчих гэсэн утгатай. Энэ нь багш нарын ачийг хариулах арга. Сэтгэлдээ хорсох сэтгэл төрүүлсэн хэр нь энэрэнгүй сэтгэлтэй мэт дүр эсгэлгүй Номыг бүтээх нь хамгийн сайн. Мил богд “Зөвхөн өөрийн амгалан бус бусдын амгалангийн тусад хичээ. Энэ бол багшийн ачийг хариулах арга” хэмээсэн. 

Эхлэн суралцагчид Номд орох хамгийн сайн арга нь эхлээд арван хар нүглийн тухай талаар судалж, тэдгээрийг тэвчих. Ингээд алгуур өөрийн бүтээлийг нэмж, улмаар бясалгалд орж болно. Эхнээс нь бясалгал хийж эхлэх нь амжилтад хүргэхгүй, “лүн (хий)” хөдөлгөж, төөрөгдөл төрүүлснээр бид бясалгалд амархан дургүй болж болно. Дээрх нь хамгийн гэмгүй, хамгийн тогтвортой, Номд бодитой суурь өгөх бүтээл. Арван хар нүглийг тэвчих ёс суртахууныг бий болгохдоо бид бусад таныг хүндлэх тайван, өөрийн хяналттай, нухацтай зан чанар, бидний үйл бусдад хэрхэн нөлөөлж буйг анхаарах сэтгэл, дурдал, сэрэмжийг дадуулах хэрэгтэй. Ердөө өөрт таатай ямар нэг зүйлийг хийх бус харин бидний өмссөн зүйл, бодох бодол, хийх зүйл, бусдад хэлэх үгийн үр дүнгийн талаар бодох хэрэгтэй. Хамгийн чухал нь хэнд ч гэм хор хүргэхгүй байх. 

Top