Асуулт: Бурханы шашин, Шинжлэх ухаан хоёрын хоорондох харьцааны тухай түлхүү ярьж, тэдгээрийн нийтлэг зүйлсийн өвөрмөц зарим жишээнээс толилуулж өгнө үү?
Доктор Берзин: Дээрхийн Гэгээн Далай лам мэтийн Бурханы номын Их багш нар ба эрдэмтдийн хоорондох яриа, санал солилцоо нь юуны өмнө гурван сэдэв дээр төвлөрч ирсэн юм. Орчлон ертөнц хэрхэн үүсч хөгжсөнийг голлон судалдаг Астрофизик нэг нь байна. Орчлон эхлэлтэй юу? Бүтээгдсэн юм уу, эсвэл мөнхийн үйл явцын хэсэг юм уу? Өөр нэг сэдэв нь атом ба материйн бүтцийг судалдаг Цөмийн физик юм. Гурав дахь нь тархины ажиллагааны судалгаа хийдэг Нейрофизиологи юм. Эдгээр нь хамгийн чухал сэдвүүд.
Шинжлэх ухаан ба Бурханы шашны нийтлэг дүгнэлтүүдийн нэг нь бүхнийг бүтээгч байхгүй гэсэн шийд болно. Шинжлэх ухааны матери ба энерги хадгалагдах онолоор матери ба энерги туурвигдахгүй, устахгүй, зөвхөн хувирч, хэлбэр нь өөрчлөгддөг гэдгийг нотолдог. Бурханы номтнууд үүнтэй бүрэн санал нийлдгээс гадна, энэ зарчмыг мөн оюун ухаанд хамааруулан тэлдэг. Бурханы шашинд ”ухаан санаа” гэдэг нь үзэгдлийг ухамсартай ба ухамсаргүй түвшинд хүртэн ухамсрахыг хэлнэ. Үзэгдлийг хүртэх ухамсрыг бүтээж, устгаж болохгүй зөвхөн хувиргаж, өөрчилж л болно. Ингэж төрөл арилжихуй нь үзэгдлийн тухай бодгаль ухамсрын тасралтгүй урсгал дахь ердийн хувиралт, гэхдээ, одоо бол өөр бие цогцосын, хэлбэрт орсон хувиралт юм.
Цөмийн физикчид аливаа зүйлийг тодорхойлоход ажиглагчийн үүрэг онцгой гэж үздэг. Жишээлбэл, нэг талаас гэрэл нь матери, өөр нэг өнцгөөс харвал энерги юм. Гэрлийн үзэгдлийн ямар хэлбэр байгаа нь олон хувилбарууд, ялангуяа судлаачийн задлан шинжлэхдээ хэрэглэж байгаа онолын үндсээс хамаарна. Тиймээс үзэгдлүүд өөрөө энэ, тэр гэлгүй, түүнийг хүртэн тусгаж буй ухамсраас гадуур оршдоггүй юм.
Бурханы сургаал үүнтэй ижлээр нотолж: Ямарваа зүйл орших нь ажиглагч болоод түүний ажиглалтдаа авч хэрэглэж байгаа онолын үндсээс хамааран оршино хэмээдэг. Жишээлбэл, тодорхой нөхцөл байдал аймаар асуудал уу эсвэл шийдвэрлэж болмоор зүйл үү гэдэг нь ажиглагчаас буюу татагдан оролцсон хүнээс хамаарна. Хэрвээ хэн нэгэн хүн ”Энэ бол боломжгүй байдал, юу ч хийж болохгүй.” гэсэн хандлагатай бол шийдэгдэх аргагүй үнэхээр хэцүү асуудал юм. Гэтэл ”Энэ бол ярвигтай, төвөгтэй асуудал, гэхдээ бид өөр аргаар үзвэл шийд гарч болох юм.” гэсэн бодолтой бол энэ хүн шийд олохыг хичээхэд, түүнд байдал хамаагүй илүү нээлттэй болдог. Нэг хүнд асар хүнд асуудал, нөгөө хүнд ялихгүй зүйл байдаг. Энэ нь ажиглагчаас хамаарна. Учир нь Шинжлэх ухаан ба Бурханы шашин үзэгдлүүд ажиглагчаас хамааран тэгж юм уу ингэж оршино гэсэн ижил дүгнэлтэд хүрдэг юм.
Үүний адил сэтгэл мэдрэлийн эмч нар ч, Бурханы шашинтнууд ч аливаа юмс харилцан шүтэлцээтэйгээр үүсдэг болохыг тэмдэглэдэг. Жишээлбэл: бидний шийдвэрийг ямар юм гаргадаг болохыг олохоор, сэтгэл мэдрэлийн эмч нар тархийг шинжлээд, тархинд ”шийдвэр гаргагч” хэмээх тусдаа зүйл байдаггүйг нээжээ. ”Би” гэсэн бяцхан хүн тархин дотор компьютерийн дэлгэцийн өмнө сууж, нүд, чихээрээ мэдээлэл хүлээн авч, товчлуур даран шийдвэр гарган, гараар үүнийг, хөлөөр түүнийг хийж байдаг юм биш. Шийдвэр нь мэдрэлийн өдөөлгүүд болон химийн ба цахилгаан гүйдлийн үйл явцуудын аварга том сүлжээний нарийн, харилцан үйлчлэлүүдийн үр дүн юм.,Эдгээр нь хамтарч үр дүн, шийдвэрийг өгнө. Энэ нь ямар нэг шийдвэр гаргагч хэмээх тусдаа зүйлгүйгээр болдог юм. Бурханы шашин энэ л зүйлийг онцолж, мөнхийн ”Би” хэмээгч зүйл толгойн дотор бат, бөх суучихаад, бидний шийдвэрийг гаргаж байдаг юм биш. Голдуу бид ”Би үүнийг туулж амсаж байна. Би түүнийг хийж байна” гэж хэлдэг. Яг үнэндээ болж буй зүйл нь олон хүчин зүйлсийн маш нарийн харилцан үйлчлэлийн үр дүн байдаг юм. Шинжлэх ухаан ба Бурханы шашин энэ тал дээр маш ойролцоо байдаг.
Цаг хугацаа гэдэг нь юу вэ? Оюутнууд болохоор лекцэндээ цагтаа ирж, хичээлээ давтах хангалттай цагтай байх, эсвэл ажил дээрх үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Амьдралыг арай хөнгөн болгохын тулд бид цаг хугацааг яаж ойлговол зохих вэ?
Бурханы номлол цаг хугацааг ”хувиралт өөрчлөлтийн хэмжүүр” гэж тодорхойлдог. Бид өөрчлөлтийг гаригуудын хөдөлгөөн буюу тэнгэр дэх нарны байрлалаар хэмжиж болно. Бид өөрчлөлтийг нэг улиралд хичнээн удаа лекцэнд суух нөхцлөөр хэмжиж болно. Бид 12 удаа суусан, хоёр нь үлдсэн гэж, эсвэл түүнийг бодисын, бие махбодийн мөчлөгүүд болох сарын тэмдгийн давтамжаар, авч буй амьсгалынхаа тоогоор гэх мэтчилэн хэмжиж болно. Эдгээр нь өөрчлөлтийг хэмжих өөр өөр аргууд бөгөөд, цаг хугацаа бол зүгээр л өөрчлөлтийн хэмжүүр юм.
Цаг хугацаа оршдог боловч түүний тухай бид хэрхэн, яаж бодож байгаагийн дагуу оршиж, бидэнд харилцан ялгаатайгаар нөлөөлдөг. Жишээлбэл: бид ”Надад шалгалтаас өмнө зөвхөн ганц өдөр үлдлээ.” гэж боддог. Цаг хугацааг бид бага тоогоор бодож байгаа учир бид сүрдэж, санаа зовдог. Учир нь хангалттай цаг бидэнд алга. Хэрэв бид үүнийг өөрөөр ”Одоо хорин дөрвөн цаг үлджээ” гэж бодвол, зарим бэлтгэл хийчихээр хүрэлцэхүйц их цаг мэт санагдана. Сэтгэл зүйн хувьд энэ нь бид цаг хугацааг яаж харахаас хамаарна. Хэрэв цаг хугацааг бид ямар нэг нягтарсан, давчуухан зүйл гэж үзэх аваас, бид үүндээ ноёлогдоод, хангалттай цаг хугацаатай байж чадахгүй. Харин түүнийг бид уужим харах бөгөөд хямрахын оронд байгаа цаг хугацаагаа бүтээлчээр ашиглахыг хичээх болно.
Бурханы шашин логик ба бодол эргэцүүллийг онцолж үздэг. Бусад шашинд байдагтай адил итгэл сүсгийн үсрэлт хийх зайлшгүй хэрэгтэй болох тодорхой үе байдаг уу?
Бурханы сургаалд үүнийг шаарддаггүй. Үүнийг бид оршин байгаа зүйлийн тухай Бурханы номын тодорхойлолтоос харж болно. Оршин байгааг зүйлийг ”мэдэж болох зүйл” гэж тодорхойлдог. Хэрэв мэдэж болохгүй бол энэ нь оршдоггүй. Жишээлбэл: туулайны эвэр, яст мэлхийний үс, тахианы дэгдээхэйний уруул шиг. Бид хүний уруулыг тахианы дэгдээхэй дээр төсөөлж болно. Хүүхэлдэйн киноны зураг дээр, тахианы дэгдээхэйг хүний уруултайгаар төсөөлөн хийж болно. Харин бид тахианы дэгдээхэйг уруултайгаар хэзээ ч олж харж чадахгүй, яагаад гэвэл тийм зүйл байдаггүй. Учир нь үүнийг мэдэж ойлгож болдоггүй, байдаггүй зүйл.
Энэ нь оршин байгаа бүхнийг ойлгож мэдэж болно гэсэн санаа юм. Бидний ухаан санаанд, тухайлбал үзэгдлийг ухамсарлах тухай бидний сэтгэн бодох ажиллагаанд юм болгоныг багтаах боломжтой. Ухаан санаа ба үгнээс давсан туйлын чанар бий гэсэн нотолгоонууд хөлгөн судруудад бий. Юуны өмнө энэ нэршлийг би Англи хэлний ”absolute” гэдэг үгээр орчуулахад дургүй. Учир нь энэ үг ”бидний хирээс давсан, дээр тэнгэрт” байдаг гэсэн давхар утгыг өгдөг. Оронд нь би ”юмсын тухай хамгийн угийн утга” гэж орчуулахыг эрхэмлэдэг. Юмсын тухай хамгийн гүн утга гэж байдаг. Энэ нь, оюун ухаан, хэл үг, төсөөллөөс давсан, бидний мэдлэгийн хүрээнд багтахгүй зүйлс юм. Юмсыг хараар эсвэл цагаанаар ялгаж, сайн хүн, муу хүн, эсвэл тэнэг хүн, суут хүн гэх зэргээр хэл яриа, төсөөллөөр илэрхийлж болно. Хэлийг ашиглан, юмсыг яг тодорхойлсон, хоорондоо хамааралгүй хэсэгт багтааж, ”Энэ бол дүйнгэ хүн. Тэр юуг ч зөв хийж чаддаггүй.”, эсвэл ”Энэ бол ёстой мундаг хүн.” гэж ялгаад байдаг. Бодит байдлыг олж харна гэдэг нь юмсыг ийм ургуулж бодсон, зохисгүй замаар, хар ба цагаанаар ялгасан ангиллаар оршдоггүй гэдгийг олж мэдэхийг хэлнэ. Юмс илүү нээлттэй, хөдөлгөөнтэй билээ. Тухайн нөхцөлд хэн нэг хүн юу ч хийх чадваргүй байж болох ч, энэ нь тэр хүн зөвхөн тэнэг гэсэн үг биш. Энэ хүн анд найз, эцэг юм уу эх гэх мэт бусад олон талтай байж болно.
Тийнхүү ухаан санаа, үг хэлээс гадуур оршдог зүйл бол хамгийн гүн гүнзгүй утга мөн гэж үзэхдээ юмс ер нь ойлголт төсөөлөл, хэл ярианы санаагаар оршдоггүй юм гэсэн утгын тухай ярьж байна. Бидний ухаан бодол үүнийг багтаах чадвартай билээ.
Энэ бол бидний оюун ухаан тодорхой зүйлсийг багтааж чаддаггүй учраас бид итгэл олохын тулд сүсэг бишрэлийн үсрэлт хийх ёстой гэсэн үг биш юм. Бурханы шашин сохор итгэл сүсэгтэй бай гэж хэзээ ч биднээс шаарддаггүй. Эсрэгээр Бурханы багш ”Намайг зүгээр л хүндэлснээсээ миний хэлсэнд битгий итгэ. Харин алт худалдан авч байгаатай адилаар өөрөө шалгаж үз.” гэж хэлсэн билээ. Энэ нь бүх түвшинд үйлчилнэ.
Тодорхой санааны логик нь бидэнд тэр даруй ил тодорхой биш байж болно. Гэхдээ, бид эхлээд ойлгож чадаагүйн улмаас, ямар нэг зүйлээс татгалздаггүй. Тэвчээртэй сурч судалж шинжилвэл, урьд нь бидний ойлгож чадахгүй байсан зүйл маань ойлгомжтой болоод ирдэг юм.