Энэ удаа орчин үеийн шашны талаар яръя гэж бодлоо. Хүн бүр байгалиас заяасан би гэсэн нэг мэдрэхүйтэй байдаг ба үүгээрээ аливаа мэдэж болох үзэгдлүүдийг хэцүү, сайхан эсвэл саармаг гэсэн байдлаар мэдэрдэг. Энэ бол яагаад гэж хайж судлаад байх шаардлагагүй бодит байдал. Амьтдад энэ бас байдаг. Байгалиасаа бид бүгд баяр жаргалд дуртай, зовлон бэрхшээлд дургүй байдаг. Үүнийг бас баталж үзүүлэх шаардлага байхгүй. Энэ үндсэн дээр бид хүн бүрийн аз жаргалтай амьдрах, зовлонгүй байх эрхийн тухай ярьж болно.
Жаргал, зовлонгийн хоёр хэлбэр байдаг. Нэг нь бие махбодийн хүртэхүйтэй холбоотой бол нөгөө нэг нь сэтгэлтэй холбоотой. Хүртэхүйн түвшний хэлбэр нь таван мэдрэхүйтэй бүх төрлийн хөхтөн амьтанд түгээмэл байдаг. Сэтгэлийн хэлбэрийн хувьд зарим амьтдад энэ байдаг. Харин хүн илүү нарийн оюун ухаантай учраас бидэнд урт хугацааны ой санамж, ирээдүйн тухай бодол бас байдаг. Энэ бол амьтнаас ялгаатай бидэнд байдаг илүү зүйл. Иймээс хүн бидэнд сэтгэл ханамж, таашаал эсвэл шаналал зовлон – итгэл найдвар, хүлээлт, айдас байдаг. Ийм учраас хүртэхүйн жаргал зовлон, сэтгэлийн жаргал зовлон нь тусдаа салангид зүйл юм. Бид бие махбодийн зовлон амсаж болно, гэвч сэтгэл нь жаргалтай байдаг, зарим тохиолдолд бие махбодийн хувьд сайн боловч сэтгэл нь зовнил, гутралаар дүүрэн байдаг.
Бие махбодийн түвшин нь хоол хүнс, хувцас, орон байр, сайхан үзэгдэх байдал, дуу, үнэр, амт, хүрэлцэхүйн болон эд материал гэх мэт хүчин зүйлүүдтэй холбоотой. Зарим хүмүүс маш чинээлэг, нэр алдартай, өндөр боловсролтой, олны хүндлэл хүлээсэн, олон найз нөхөдтэй байдаг. Гэвч хүмүүсийн адил тэдэнд бас зовлон байдаг. Учир нь материаллаг эд зүйлс нь сэтгэлийн ая тух, ханамж авчирдаггүй. Хэрэв хэн нэгэн сэтгэлийн дарамт, зовнил, өрсөлдөх сэтгэл, атаа, хорсол, шуналын сэтгэл ихтэй байвал энэ бүхэн нь сэтгэлийн зовлон авчирдаг. Ийм учраас бие махбодь болон эд материалын хангалуун байдал бас сул талтай. Хэрэв бид дотоод сэтгэлийн түвшингээ анхаарахгүй бол амьдралд сэтгэл дундуур байж болох юм. Чинээлэг нийгмүүд материаллаг ая тухыг сайн хангасан байдаг боловч хүмүүстээ баяр жаргалтай, тайван, амгалан байх баталгаа өгч чадахгүй. Тийм учраас бидэнд сэтгэлийн амар амгаланг авчрах механизм хэрэгтэй.
Ерөнхийдөө шашин бол сэтгэлийн амгалан, сэтгэл ханамж, тодорхой итгэл үнэмшлээр сэтгэлийн ая тух авчирдаг нэг хэрэгсэл юм. Сэтгэлийн амар амгаланг авчрах шашны бус арга зам байх хэрэгтэй гэдэгтэй олон хүмүүс санал нийлдэг, гэвч тэр талаар олон нийтэд тавих лекцэн дээрээ ярилцъя. Харин итгэл бишрэл дээр тулгуурлан сэтгэлийн амар амгаланг авчрах аргын тухайд гэвэл гүн ухаан дээр суурилсан ба суурилаагүй итгэл бишрэл гэсэн шашны хоёр ангилал байдаг.
Эрт дээр үед хүмүүс аргагүй байдал – бидний хянаж чадахгүй асуудлууд тулгарах, итгэл найдваргүй болох үед итгэл олж авах, сэтгэлээ тайтгаруулах үүднээс сүсэг бишрэлийг ашигладаг байсан. Энэ нөхцөлд бишрэл нь зарим итгэл найдварыг бий болгодог. Жишээлбэл шөнийн цагаар араатан амьтдын аюул их байдаг учраас харанхуйд илүү их айдас төрнө. Гэгээтэйд илүү аюулгүй санагддаг. Гэрлийн эх үүсвэр нар учраас нар бол ямар нэг нандин зүйл гэж үзээд нарыг шүтэх болсон. Даарсан үед гал тав тух өгдөг учраас сайн зүйлд тооцогдох болсон. Гал заримдаа цахилгаан цахих үед гардаг ба энэ нь хачин жигтэй учраас гал, цахилгаан хоёр хоёулаа ариун нандин зүйлд тооцогдоно. Энэ бол балар эртний бишрэл, үүнд гүн ухаан гэж байдаггүй.
Өөр нэг нь эртний Египтийн нийгэмтэй холбоотой хэлбэр байж болох юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Египтийн иргэншил нь зургаа, долоон мянган жилийн тэртээгээс эхлэлтэй ба өөрийн итгэл бишрэлтэй байсан. Би Кайр хотын нэг их сургуульд нэг удаа очихдоо хэрэв надад цаг зав байдагсан бол тэнд эртний Египтийн соёл иргэншлээс суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Харамсалтай нь надад цаг зав их байдаггүй. Юутай ч шашны өөр нэг хэлбэр нь эртний Энэтхэг, Хятадын иргэншилтэй холбогддог. Эдгээр иргэншлүүд нь үзэл санаа бүхий арай боловсронгүй шашинтай байсан. Бусдаасаа илүү эртний Энэтхэгийн шашинд сайн үзэл санаа байсан байж болох юм. Энэтхэгт бүр гурав, дөрвөн мянган жилийн өмнө тодорхой гүн ухаантай итгэл бишрэл бий болсон байсан. Иймд шашны нөгөө нэг хэлбэр нь тодорхой гүн ухааны үзэл баримтлалтай итгэл бишрэл байдаг.
Энэ хоёр дахь хэлбэрийн итгэл үнэмшлүүдэд нийтлэг асуултууд байдаг. Миний нэг Еврей анд тэдгээр асуултуудыг “Би” гэж юу вэ? Хаанаас ирдэг вэ? Хаашаа явдаг? Амьдралын зорилго юу вэ? гэж сайхан тавьж байсан. Энэ бол гол асуултууд. Үүний хариулт нь бүтээгчтэй болон бүтээгчгүй гэсэн хоёр хэлбэрт хуваагддаг.
Гурван мянган жилийн өмнө Энэтхэгт хүмүүс “Би” гэж юу болох тухай асуултанд хариулахыг оролдож байсан. Бодит байдалд бидний бие багын дүр төрх, хэлбэрээсээ өөрчлөгддөг. Сэтгэл бас хором дутамд өөрчлөгдөж байдаг. Гэтэл бидэнд бага байхад ч, өтлөхөд ч адил “Би” гэсэн нэг мэдрэмж байдаг. Тэгэхээр бидний бие, сэтгэл хоёрт нэг эзэн байх ёстой болно. Тэр эзэн нь ямар нэг бие даасан, үргэлж оршиж байдаг, өөрчлөгдөшгүй зүйл байх ёстой. Харин бие, сэтгэл хоёр нь өөрчлөгддөг. Ингээд Энэтхэгт би буюу сүнс – “атман” гэдэг ойлголт гарч ирсэн. Бие нь хэрэггүй болох үед сүнс нь үлддэг. Тэр нь “Би” гэж юу болохын хариулт нь болсон.
Тэгвэл тэр сүнс нь хаанаас ирдэг вэ? Үүнд эхлэл байдаг уу эсвэл үгүй юу? Эхлэл байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэцүү болохоор бидний биенд эхлэл байдгийн адил нэг эхлэл байх ёстой. Тэгэхээр Эзэн тэнгэр түүнийг бүтээдэг. Харин төгсгөлд нь бид Эзэн тэнгэрийн дэргэд очих эсвэл Эзэн тэнгэрийнх болдог. Ойрхи Дорнодын шашнууд болох Эртний Еврей, Христ, магадгүй Египтийн шашнууд хойд насанд итгэдэг. Гэвч Еврей, Христ, Лалын шашны хувьд туйлын үнэн бол Тэнгэр буюу Бүтээгч эзэн юм. Энэ нь бүх зүйлийн эх үүсвэр. Тэр Тэнгэр нь хязгааргүй хүч, хязгааргүй энэрэн нигүүлсэх сэтгэл, билэг ухаантай байх ёстой. Шашин бүр Аллахад байдгийн адил их энэрэн нигүүлсэх сэтгэлийг чухалчилдаг. Эзэн тэнгэр бол бидний бодит байдлаас давсан, туйлын үнэн гэж үздэг. Энэ бол бүтээгч эзэнтэй шашны ойлголт.
Тэгвэл гурван мянган жилийн өмнө Энэтхэгт Самкяа гүн ухааныг гаргаж ирсэн. Үүний хүрээнд нэг нь Бүтээгч тэнгэрт итгэдэг, нөгөө нь Бүтээгч тэнгэр байхгүй гэж үздэг хоёр урсгал бий болсон. Сүүлийн урсгал нь харин бүтээгч тэнгэрийн оронд анхдагч матери, пракрти, болон танин мэдэж болох хорин таван төрлийн үзэгдлийн тухай ярьж байсан. Тэд анхдагч материйг хувиршгүй ба үүсгэгч мөн гэж үзэж байсан. Тэгэхээр Бурхан багшаас өмнө, бүтээгч Эзэн тэнгэр байхгүй гэсэн үзлүүд аль хэдий нь байсан байна.
Ингээд бараг 2600 жилийн өмнө Будда (Бурхан багш) болон Жайнизмийг үндэслэгч Махавира нар гарч ирсэн. Тэд хоёулаа Эзэн тэнгэр гэж дурдаагүй, харин түүний оронд энгийн шалтгаан ба үр дагаварыг онцолж байсан. Самкяагийн хоёр хэлбэрийн нэг болон Жайнизм, Бурханы шашин нь бүтээгч байхгүй гэж үздэг шашны хэлбэрүүд юм.
Бүтээгч байхгүй гэж үздэг шашнуудын дотроос Бурханы шашин нь бүх зүйл өөрийн шалтгаан, нөхцлөөс үүсдэг. Иймд шалтгаан, үр дагаварын шинж чанаруудын нэг нь өөрчлөгдөж хувирах байдал гэж үздэг. Юмс хэзээ ч хувиршгүй, нэг хэвээрээ байдаггүй. Тийм учраас “Би” гэдгийн суурь бие, сэтгэл нь илэрхий цаг үргэлж өөрчлөгдөж байдаг ба “Би” нь тэр сууриасаа хамааралтай учраас тэдэнтэй адил шинж чанартай байх ёстой. Өөрчлөгддөггүй, тогтмол байх боломжгүй. Хэрэв суурь нь өөрчлөгддөг бол түүнээс хамааралтай зүйл бас өөрчлөгддөг байх ёстой. Тийм учраас өөрчлөгддөггүй, тогтмол сүнс – “анатман” гэж байхгүй. Энэ бол Бурханы шашны бүх зүйл харилцан хамааралтай, холбоотой байдаг гэдэг онцгой ойлголт юм. Бүтээгч байхгүй гэж үздэг эдгээр гурван шашны дотроос хоёр нь шалтгаант чанарыг хүлээн зөвшөөрдөг боловч мөнх, хувиршгүй би – сүнс байна гэж үздэг.
Гүн ухааны итгэл үнэмшилтэй шашнууд нь дотроо олон өөр урсгалтай байдаг. Урсгал бүр гүн ухаан, үзэл баримтлал ба практик үйл ажиллагаа гэсэн хоёр хүчин зүйлтэй. Гүн ухаан, үзэл баримтлалын хувьд хоорондоо их ялгаатай боловч практик үйл ажиллагаа нь бүгд адилхан – асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл, уучлал, хүлцэл, хувийн сахилга бат – байдаг. Өөр өөр гүн ухаан, үзэл ойлголтууд нь хүмүүст асрал хайр, энэрэх сэтгэл, уучлал зэргийг үзүүлж байх хүсэл, энэ бүхэн чухал гэдэгт итгэл үнэмшил төрүүлэх гэсэн энгийн аргууд юм. Ийм учраас энэ бүх гүн ухаанууд асрах, энэрэн нигүүлсэх гэх мэт сэтгэлүүдийг хөгжүүлэх гэсэн ижил зорилготой.
Энэ нь Бурханы шашинд тодорхой байдаг. Бурхан багш ихэвчлэн хоорондоо зөрсөн, өөр өөр үзэл ойлголтуудыг заасан байдаг. Зарим судруудад цогцосууд – бие ба сэтгэл нь ачаа тээш мэт харин “би” гэдэг нь тэр ачаа тээшийг тээгч гэж гардаг. Ачаа тээш болон түүнийг тээгч нь нэг зүйл байж болохгүй учраас “би” гэдэг нь тусдаа зүйл байх ёстой бөгөөд илэрхий оршиж байх ёстой. Харин өөр судруудад үйлийн үр эсвэл үйлдлүүд байдаг боловч үйлдэл хийж буй хүн, илэрхий (бодитой) орших “би” байхгүй гэж гардаг. Бусад судруудад гадаад үзэгдлүүд байхгүй. Зөвхөн сэтгэл байдаг харин бусад үзэгдлүүд ердөө сэтгэлийн агуулга (сэтгэл доторх зүйлс) гэдэг. Сэтгэл байдаг, тэр бодитой оршдог гэж үздэг. Харин өөр бусад судруудад сэтгэл болон түүний агуулга аль аль нь оршдоггүй буюу юу ч бодитой оршдоггүй, жишээлбэл, Билгүүний чанадад хүрэхүй судар, Зүрхэн сударт “Нүд үгүй, чих үгүй, хамар үгүй, хэл үгүй, бие үгүй, сэтгэл үгүй” гэж гардагтай адил гэсэн байдаг. Энэ бүхэн өөр хоорондоо зөрөлддөг боловч бүгд Шагжамүни Бурхан (Будда) гэсэн нэг эх сурвалжтай.
Бурхан багш энэ бүхнийг өөрөө будилсан байсан учраас ингэж заагаагүй. Эсвэл шавь нараа будилуулах гэж зориуд ингэж бас заагаагүй. Тэгвэл яагаад ингэж заав? Бурхан багш хүн бүр өөр гэдгийг хүндэтгэж, тэдэнд бүгдэд нь туслах гэж энэ бүхнийг заасан. Тэр энэ бүгд хэрэгтэй гэж үзсэн.
Гурван мянган жилийн өмнө арав эсвэл нэг зуун мянган хүмүүс амьдарч байсан байх. Одоо зургаан тэр бум гаруй хүн байна. Ийм олон хүний дунд өөр өөр араншин байх нь ойлгомжтой. Үүнийг бид тэр ч байтугай нэг эцэг эхтэй хүүхдүүдийн дунд харж болно. Бүр ихрүүдийн сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөн ондоо байдаг. Ийм учраас хүн төрөлхтний дунд өөр өөр араншин, өөр өөр амьдрах хэв маяг, өөр өөр сэтгэлгээ байдаг. Энэ бүх ялгаатай байдалд байгаль орчин, газар зүйн байрлал, уур амьсгал бас нөлөөлдөг. Жишээлбэл, Араб орон их халуун, хуурай. Энэтхэг борооны улиралтай, ондоо болохоор хүмүүс нь амьдрах өөр өөр хэв маягтай байна. Эрт дээр үед газар бүр хүмүүс адилхан байсан байж магадгүй юм. Харин өнөөдөр дээрх ялгаатай байдлуудаас шалтгаалсан өөр өөр арга замтай байх нь чухал. Гэхдээ өөр өөр гүн ухаан, ойлголттой байх нь хамаагүй. Хамгийн чухал зүйл бол бүгдийнх нь зорилго адилхан – бусдад анхаарал тавьж, энэрэнгүй ханддаг байх явдал юм.
Зарим хүмүүсийн хувьд бүтээгч Эзэн тэнгэрийн тухай ойлголт их тустай байдаг. Нэг удаа би нэг настай Христийн шашны хуврагаас яагаад Христийн шашинтнууд урд насанд итгэдэггүй тухай асуусан юм. Тэрээр “Учир нь энэ амьдрал Эзэн тэнгэрээр бүтээгдсэн” гэж хэлж байсан. Ингэж бодох нь Эзэн тэнгэртэй ойр сэтгэл төрүүлдэг. Бидний бие эхийн хэвлийгээс төрсөн байдаг болохоор бид ээжтэйгээ байхад тав тухтай, ойр дотно санагддаг. Тэгэхээр Эзэн тэнгэрийн хувьд ч адил. Бид Эзэн тэнгэрээс илгээгдсэн учраас түүнтэй ойр дотно мэдрэмж төрдөг. Хэдий ойр дотно санагдана, төдий чинээгээр түүний өгсөн зөвлөгөө болох асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх хүчтэй санаа төрдөг. Ийм болохоор бүтээгч бүхий шашны арга барил нь бүтээгчгүй шашныхаас илүү хүчтэй, олон хүнд илүү их тустай байдаг.
Өөрийн уламжлалт шашнаа дагаж байх нь илүү сайн байдаг юм. Монголд Христийн шашны элч нар хүмүүст 15 доллар өгч шашинд оруулдаг. Тэгээд зарим хүмүүс тэдэнд нэгдэж шашнаа сольдог ба үүнийгээ жил бүр 15 доллар авах гэж дахин дахин хийдэг. Би эдгээр элч нарт үүнийгээ зогсоож тэдгээр хүмүүсийг уламжлалт Бурханы шашинтан хэвээр нь үлдээхийг зөвлөдөг. Энэ бол миний Барууны орны хүмүүст шашнаа хэвээр нь хадгал гэж хэлдэгтэй адил.
Илүү их мэдээлэлтэй байх нь хамгийн сайн хэрэг. Энэ нь хүндлэлийг бий болгоход тусалдаг. Тиймээс хэрэв Христийн шашинтан бол өөрийн Христийн шашны уламжлалаа хадгалж үлд, гэхдээ бусад шашны талаар мэдлэг ойлголт олж ав. Хэрэглэдэг аргын хувьд бүгд адил төлөвшил – асрах, энэрэх, хүлцэх сэтгэлтэй байхыг сургадаг. Суулгах төлөвшил нь адилхан учраас Бурханы шашнаас зарим аргыг авч хэрэглэж болно. Харин ертөнцийн эзэн байхгүй гэж үздэг үзэл нь зөвхөн Бурханы шашны асуудал. Энэ нь бусад хүмүүст сурахад тустай зүйл биш. Нэг Христийн шашинтай эцэг надаас хоосон чанарын тухай асуухад нь энэ түүнд сайн болохгүй гэж би хэлж байсан. Хэрэв би түүнд бүх зүйлийн бүрэн харилцан хамаарлын тухай тайлбарлавал түүний Эзэн тэнгэрт итгэдэг хүчтэй итгэлийг нь хөндөж магадгүй. Ийм учраас тэдгээр хүмүүс хоосон чанарын тухай сонсохгүй байх нь дээр.
Товчоор хэлбэл, бүх гол шашнууд адил зүйлийг төлөвшүүлэхийг зорьдог, ердөө гүн ухаан, аргын хувьд өөр байдаг нь харилцан бие биеэ хүндлэх үндэс болно. Тиймээс өөрийн шашны уламжлалаа хадгалаарай. Гэвч хэрэв миний тавьсан лекцнээс өөрт чинь хэрэгтэй байж болох Бурханы шашны зарим арга гарч ирвэл тэднийг хэрэглэ. Хэрэв хэрэггүй гэж үзвэл зүгээр л орхичих.