Зөв зүтгэл, зөв дурдал, зөв төвлөрөл

Тойм

Бид гурван суртгаал болон тэдгээр нь найман мөрийн бүтээлээр дамжин бидний өдөр тутмын амьдралд хэрхэн тус болох талаар ярилцаж байна. Гурван суртгаал нь:

  • Ёс зүйн сахилга бат
  • Төвлөрөл
  • Билиг ухаан.

Ёс зүйн сахилга батыг төлөвшүүлэх үүднээс бид зөв үгс, зөв зан үйл, зөв амьжиргааг мөрддөг бол зөв зүтгэл, зөв дурдал, зөв төвлөрлийг шаарддаг төвлөрлийн суртгаалын талаар одоо авч үзье.

Зөв зүтгэл нь бодлын сөрөг хэлхээг арилгаж, бясалгалд нийцтэй сэтгэлийн төлөвийг төлөвшүүлэх явдал.

Дурдал бол ямар нэг зүйлийг сэтгэлд барьж, түүнийг суллан явуулахгүй байх сэтгэлийн цавуу адил зүйл бөгөөд биднийг ямар нэг зүйлийг мартахаас сэргийлнэ. Тухайлбал:

  • Өөрийн бие, мэдрэхүй, сэтгэл болон сэтгэлээс гардаг сэтгэлийн бодит чанарыг санаж байснаар тэдгээр нь бидэнд эргэж саад болохгүй байх
  • Ёс зүйн олон зарчмууд, сахилга, хэрэв сахил авсан бол тэдгээрийг алдахгүй байх
  • Анхаарлаа төвлөрүүлж буй зүйлээ мартаж, орхихгүй байх.

Ингээд хэрэв бид бясалгах бол анхаарлаа төвлөрүүлж байгаа орноо алдахгүйн тулд мэдээж бидэнд дурдал хэрэгтэй болно. Хэрэв бид хэн нэгэнтэй ярилцаж байгаа бол тухайн хүн болон түүний ярьж байгаа зүйл дээр анхаарлаа тогтоох хэрэгтэй.

Төвлөрөл нь өөрөө анхаарлаа төвлөрүүлж буй орон (зүйл) дээр тогтох сэтгэлийн байрлал юм. Бид хэн нэгнийг сонсох үед энэ нь бидний төвлөрөл тухайн хүний хэлж байгаа зүйл, түүний хийж байгаа үйлдэл, хэрхэн харагдаж байгаа байдал зэрэг дээр тогтоно гэсэн үг. Харин дурдал нь биднийг тэнд байлгаж байх сэтгэлийн цавуу болж төвлөрлийг хадгалахад тусална. Ингэснээр сэтгэл өөрөө тодорхой байдлаа алдах эсвэл сарнихгүй байх боломжтой болно.

Зүтгэл

Энэ бол төвлөрлийг төлөвшүүлэхэд бидэнд туслах найман мөрийн эхний хүчин зүйл юм. Бид төвлөрөлд тохиромжгүй сэтгэлийн тайван байдал алдагдуулах бодол болон сэтгэлийн төлөвүүдийг арилгахад хүчин чармайлт гаргаж мөн сайн чанаруудыг төлөвшүүлэхийг хичээдэг. Ер нь бид амьдралдаа ямар нэг зүйлд хүрэхийг хүсвэл хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Юмс өөрөө аяндаа гарч ирдэггүй бөгөөд тэр бүхэн хялбар байсан гэж хэн ч хэлж байгаагүй. Гэвч хэрэв бид хэрхэн үйлдэл хийж, ярьж, бусадтай хэрхэн харилцах үүднээс ёс зүйн сахилга баттайгаа ажиллаж түүнээс бага ч атугай эрч хүч авсан бол энэ нь бидэнд сэтгэл болон сэтгэл хөдлөлийн төлөв байдалтайгаа ажиллах чармайлт гаргах хүч өгдөг.

Буруу зүтгэл

Буруу зүтгэл нь бидний сэтгэлийг сарниаж, төвлөрөхөд хэцүү эсвэл бүр төвлөрөх боломжгүй болгох гэм хортой, сөрөг бодлын хэлхээнд бидний хүчийг чиглүүлнэ. Бодлын үндсэн гурван сөрөг хэлбэр байдаг. Үүнд:

  • Хомхой сэтгэл
  • Хорлох сэтгэл
  • Тэрслэх сэтгэл

Хомхой сэтгэл

Хомхой сэтгэл нь бусдын хүрсэн зүйл, тэдний таашаал, сайхан эд зүйлд атаархах сэтгэлийг багтаана. Та “Би хэрхэн ийм зүйлтэй болох вэ?” гэж бодно. Энэ нь шунах сэтгэлээс үүднэ. Өөр хүн бидэнд байхгүй зүйлтэй байхыг бид харж тэвчдэггүй. Энэ нь амжилт, сайхан хань ижил, шинэ машин – үнэндээ энэ нь юу ч байж болно. Бид цаг үргэлж тэр талаар бодох ба энэ бол сэтгэлийн тайван байдлыг маш их алдагдуулдаг сэтгэл. Энэ нь төвлөрлийг бүрэн үгүй болгоно, тэгнэ биз дээ?

Бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх сэтгэл энэ бүлэгт багтаж болно – бид үргэлж хэрхэн илүү сайн хийх вэ гэж бодож байдаг. Энэ бараг өөртөө атаархаж буй хэрэг!

Хорлох сэтгэл

Хорлох сэтгэл нь “Хэрэв энэ хүн миний дургүй ямар нэг зүйл хэлж эсвэл хийвэл, би бас адилхан хийнэ” гэдгийн адил хэн нэгнийг хэрхэн хорлох талаар бодох сэтгэл юм. Дараа нь нөгөө хүнтэйгээ уулзвал юу гэж хэлэх, яах тухай бид бодож болох ба тэдний бидэнд хэлсэн зүйлийнх нь хариуд ямар нэг зүйл хэлээгүйдээ харамсана. Бид энэ бодлыг толгойноосоо гарган хаяж чадахгүй, энэ талаар хэтэрхий их боддог.

Тэрслэх сэтгэл

Тэрслэх сэтгэлийн нэг жишээ нь хэрэв хэн нэг хүн өөрийгөө сайжруулахаар эсвэл бусдад туслах гэж мэрийж байвал “Тэр үнэхээр тэнэг – тэгэх ямар ч хэрэггүй. Хүнд туслахыг хичээх нь утгагүй” гэж бодох явдал.

Зарим хүмүүс спортод дургүй байх бөгөөд спортод дуртай, телевизээр хөл бөмбөг үздэг эсвэл дэмждэг багийнхаа тогтлолтыг очиж үздэг бусад хүмүүсийг тэнэг гэж боддог. Гэвч спортод дуртай байхад буруу зүйл юу ч байхгүй. Үүнийг утгагүй эсвэл цаг үрсэн зүйл гэж бодох нь маш тэрслүү сэтгэлийн төлөв юм.

Эсвэл хэн нэг хүн ядуу хүнд мөнгө өгч туслахыг оролдоход та “Ингэх нь үнэхээр тэнэг хэрэг” гэж бодно. Хэрэв бид бусад хүмүүсийг ямар тэнэг, хийж байгаа зүйл нь ямар ухаангүй болох талаар цаг үргэлж бодох юм бол бид хэзээ ч төвлөрч чадахгүй. Эдгээр нь бидний арилгах хэрэгтэй бодлууд юм.

Зөв зүтгэл

Зөв зүтгэл нь бидний эрч хүчийг гэм хортой, сөрөг бодлын хэлхээнээс гарган сайн чанаруудыг төлөвшүүлэхэд чиглүүлнэ. Үүнийг бүгдээрээ пали хэлэнд “дөрвөн зөв чармайлт” гэж нэрлэдэг тэдгээр дөрвөн зүйлийн үүднээс авч үзье. Санскрит, төвөд зохиолуудад тэдгээрийг “амгаланд зөв хүрэх дөрвөн зүйл” буюу дутагдлаа арилгах, “дөрвөн үнэмлэхүй тэвчил” гэж нэрлэдэг. Үүнд:

  1. Эхлээд төрөөгүй нүглийг үл төрүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Жишээ нь, хэрэв бид юманд маш их дурлах зантай бол кино дамжуулдаг интернет үйлчилгээг авахаас татгалзахыг хүсэж болно. Үгүй бол бид бүтэн өдрийг цувралын араас цуврал үзсээр өнгөрүүлнэ. Энэ нь нэлээд хортой бөгөөд төвлөрлөө алдахад хүргэдэг.
  2. Дараа нь төрсөн нүглийг үл төрүүлэхэд чармайх хэрэгтэй. Хэрэв бид ямар нэг зүйлээс хамааралтай болсон бол түүнийг хязгаарлахыг хичээх нь чухал. Жишээ нь, iPod-оосоо хэт их хамааралтай болсон, хөгжим сонсохгүйгээр хаашаа ч явж чаддаггүй зарим хүмүүс байдгийг бид бүгд мэднэ. Тэд нам гүм байхаас, ямар нэг зүйлийн талаар бодохоос айдаг мэт байх бөгөөд тийм ч учраас цаг үргэлж хөгжим сонсох ёстой болдог мэт санагддаг. Мэдээж хол замд жолоо барьж явахад чанга хөгжим таныг унтахгүй байхад эсвэл дасгал хийж байгаа үед хэмнэл алдахгүй байхад, харин намуун ая ажил хийж байгаа үед тайван байхад тань тусалж болох ч, хөгжим бол хэн нэгэнтэй ярилцаж байгаа үед яриандаа анхаарлаа төвлөрүүлэхэд мэдээж туслахгүй.
  3. Үүний дараа төрөөгүй буяныг арвижуулах хэрэгтэй.
  4. Дараа нь төрсөн буяныг арвижуулахад чармайна.

Эдгээрийг ойлгон хэрхэн хэрэглэх аргыг олохыг оролдож үзэх маш сонирхолтой байдаг. Миний нэг жишээ гэвэл өөрийн вэб хуудастай холбоотой нэг маш муу зуршил надад байсан. Манайд 110 орчим хүн ажиллах бөгөөд тэдний орчуулсан, хянасан материалууд цаг тутам ирнэ – өдөр бүр үнэхээр олон материалууд ирдэг. Миний зуршил бол тэдгээр материалуудыг манай туслах бид хоёр дундаас нь хүссэн материалаа хялбар олж болохуйц зохих хавтаснуудад нь хийхгүйгээр бүгдийг нэг хавтсанд татаж авдаг байсан явдал. Энэ үнэхээр муу зуршил байсан. Энэ байдал биднийг гол ажил дээрээ төвлөрөхөд үнэхээр их саад болж тэдгээрийг олох, ялгахад маш их цаг зарцуулдаг байлаа. Тэгвэл энэ тохиолдолд эерэг чанар юу байж болох бол? Ямар нэг материал ирэхэд түүнийг тэр даруйд нь зохих хавтсанд хийх үйл ажиллагааны горим тогтоох. Ингэснээр залхуурч, бүх зүйлийг хаа сайгүй тараан байрлуулахгүйгээр эхнээс нь тэднийг зөв хавтсанд үргэлж хийж байх зуршил бий болно.

Энэ жишээн дээр бид нэг сөрөг чанар болох маш бүтээмж муутай байх зуршил бас нэг эерэг чанарыг харж байна. Бид тэрхүү сөрөг чанараас зайлсхийн зохих файлын систем бий болгосноор түүнээс сэргийлж чадаж байна. Энэ бол маш энгийн түвшинд үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох тухай жишээ юм.

Төвлөрөлд тулгарах таван саадыг арилгах

Зөв зүтгэлд төвлөрөлд тулгарах дараах таван саадыг арилгахыг хичээх хүчин зүтгэл бас багтана. Үүнд:

Мэдрэхүйн таван эрхтэний оронд шунан дурлах сэтгэл

Мэдрэхүйн таван эрхтэнийг татах орон нь сайхан дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй юм. Бидний арилгахыг чармайх саад бол ямар нэг зүйл дээр төвлөрөхийг хичээх үед, жишээ нь бидний ажил байж болно, төвлөрөл “Кино үзье” эсвэл “Хөргөгч уруугаа очоод ирье” гэх мэт бодолд сарних явдал. Энд бид юм идэх, хөгжим сонсохыг хүсэх гэх мэт мэдрэхүйн таашаал, хүслийг авч үзнэ. Ийм мэдрэхүй төрөх үед бид тэдгээрийг дагахгүй байхад хүчин чармайлт гаргаснаар төвлөрлөө хадгалж үлдэнэ.

Хорлох сэтгэл

Энэ бол хэн нэгэнд гэм хор хүргэх тухай бодол юм. Хэрэв бид “Энэ хүн надад гэм хор хүргэсэн, түүнд дургүй хүрч байна, хэрхэн хариу авах вэ?” гэх мэтээр үргэлж бодох юм бол – энэ нь төвлөрөлд маш том саад болно. Бид бусдын талаар төдийгүй өөрийн талаар таагүй муу зүйлүүд бодохоос зайлсхийхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Сэтгэл будангуйрах, нойронд автах

Энэ үед сэтгэл будангуйрч, бие сэтгэл хүндрэн, нойронд автана. Бид үүнтэй тэмцэх ёстой. Ингэхийн тулд та кофе ууж эсвэл агаарт гарч байгаа ч түүнд бууж өгөхгүй байхад хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Гэвч төвлөрөхөд үнэхээр хэцүү болж ирвэл бид түүнд тодорхой хязгаар тавьж өгнө. Хэрэв гэртээ ажиллаж байгаа бол “Дуг хийе эсвэл хорин минут завсарлая” гэнэ. Хэрэв ажил дээрээ байгаа бол “Арван минутын завсарлага авч кофе ууя” гэх хэрэгтэй. Тодорхой хязгаар зааж өгөөд дараа нь ажилдаа эргэн орно.

Сэтгэл цацрах ба харамсах сэтгэл

Сэтгэл цацрах нь сэтгэл Facebook эсвэл YouTube гэх мэт өөр бусад зүйл уруу анхаарч холдохыг хэлнэ. Харамсах гэдгээр “Би үүнийг, түүнийг хийсэндээ сэтгэл их зовж байна” гэж өөрийгөө буруутган түүндээ анхаарал хандуулахыг ойлгоно. Эдгээр нь сэтгэлийг маш их сарниаж, үнэхээр төвлөрөх боломжгүй болгодог.

Эргэлзэх, тээнэгэлзэх

Бидний хүчин чармайлт гаргах сүүлийн нэг зүйл бол эргэлзэх, тээнэгэлзэх сэтгэлийг арилгах. Бид “Би юу хийсэн нь дээр вэ?” “Өдрийн хоолондоо юу идэх вэ? Үүнийг авах уу, түүнийг авах уу?” гэдэг. Шийдвэр гаргаж чадахгүй байх нь маш их цагийг үрдэг. Хэрэв бид үргэлж эргэлзэж шийдвэр гаргаж чадахгүй байх юм бол төвлөрч, аливаа зүйлийг хийж чадахгүй. Иймд бид үүнийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Товчоор хэлбэл, зөв зүтгэл нь дараах зүйлүүдэд хүчин чармайлт гаргах явдал юм. Үүнд:

  • Сэтгэлийн тайван байдал алдагдуулах, гэм хортой бодлоос зайлсхийх
  • Өөрийн муу зуршил, сул талуудаа арилгах
  • Өөрийн сайн чанар мөн өөрт байхгүй сайн чанаруудыг төлөвшүүлэх
  • Төвлөрөлд тулгардаг саадуудыг арилгах.

Дурдал

Төвлөрөлд хамаарах найман мөрийн дараагийн нэг чадвар бол зөв дурдал. Үүнд:

  • Дурдал бол үндсэндээ сэтгэлийн цавуу адил. Төвлөрч буй үед таны сэтгэл төвлөрлийн орон дээр тогтоно. Дурдах буюу ийнхүү тогтох нь төвлөрлийн орныг алдахаас сэргийлнэ.
  • Үүнийг анхаарал сарниж эсвэл суларч буй эсэхийг илрүүлэх сэрэмж (мэдэмсэр) дагалдана.
  • Үүний дараа төвлөрлийн орныг хэрхэн авч үзэх анхаарлыг (дурдахуйг ойр агуулах) бид хэрэглэнэ.

Энд бид бие, мэдрэхүй, сэтгэл болон нөхөр сэтгэлүүдийг (сэтгэлээс гарсан сэтгэл) хэрхэн авч үзэж байгаагаа анхаарна. Бид бие, мэдрэхүйгээ авч үзэж байгаа буруу хэлбэрүүдийг арилгаж, тэдгээрийг баримтлахгүй байхыг хүснэ. Учир нь хэрэв бид тэдгээрийг арилгахгүй бол сэтгэл сарнин, төвлөрч чадахгүй. Ингээд бүгдээрээ дурдлын зөв болон буруу хэлбэрүүдийг авч үзье.

Биеийн дурдахуйг ойр агуулах

Бие гэж ярих үед энэ нь бидний бодит бие болон биеийн олон янзын мэдрэхүй, түүний шинжүүдийг хамарна. Биеийг буруу авч үзэх хэлбэр нь биеийг мөн чанарын хувьд түүнээс таашаал эдэлж болох цэвэрхэн, сайхан зүйл гэж үзэх явдал. Бид хэрхэн харагдаж байгаадаа анхаарал тавьж эсвэл санаа зовж маш их цагийг өнгөрүүлдэг – үс, нүүр будалт, хувцаслалт гэх мэт. Мэдээж цэвэрхэн байж, зохистой хувцаслах нь зөв, гэвч бие хэрхэн харагдах нь таашаал хүртэх нэг эх сурвалж бөгөөд үргэлж төгс сайхан байснаар бусдыг татаж чадна гэж хэтрүүлэн бодох нь илүү утга учиртай өөр зүйлд төвлөрөх цаг хугацаа олгодоггүй.

Биеийг бодитойгоор авч үзье. Хэрэв та хэт удаан суух аваас тух алдагдаж хөдлөх хэрэгтэй болно. Хэвтэж байгаа үед нэг байрлал тухгүй болсноор дараагийн байрлалаар хэвтэнэ. Бид өвддөг; бие хөгширдөг. Биеэ тордож, дасгал хөдөлгөөн хийн, сайн хооллож түүнийг эрүүл байлгах нь чухал боловч үүн дээр хэт анхаарах нь – энэ бие ашид үргэлжлэх жаргалын эх сурвалж болно гэж ойлгох нь – асуудал.

Ийм буруу дурдал нь бидний арилгах ёстой зүйл юм. Миний үс бол хамгийн чухал зүйл эсвэл үргэлж маш сайн өнгөний зохицолыг хадгалах ёстой, эдгээр нь бидэнд баяр жаргал авчирна гэх ийм ойлголтуудыг арилгах ёстой. Ийм ойлголт баримтлахыг зогсоож, “Миний үс, хувцас бол үнэндээ аз жаргалын эх сурвалж биш. Энэ талаар хэтэрхий их бодох нь ердөө миний цагийг үрж илүү утга учиртай зүйл дээр төвлөрөхөд минь саад болно” гэсэн зөв дурдлыг төлөвшүүл.

Мэдрэхүйн дурдахуйг ойр агуулах

Энд бид угтаа зовлонгийн эх сурвалжтай холбоотой байдаг гуниг болон баяр баясгаланг мэдрэх мэдрэхүйн тухай ярьж байна. Гунигтай байгаа үед бидэнд “цангах” гэдэг зүйл байдаг – бид зовлонгийн шалтгааныг барах гэж цангаж байдаг. Үүний адилаар бидэнд бага зэрэг жаргал байвал та илүү ихийг хүсэн цангана. Энэ бол үнэндээ асуудлуудын шалтгаан юм.

Зовлонг ертөнцийн хамгийн муу зүйл гэж тооцох үед энэ нь төвлөрөлд асуудлуудыг бий болгоно. Хэрхэн? “Надад тавгүй байна” эсвэл “Миний сэтгэл санаа сайн биш байна” эсвэл “Надад хэцүү байна” гэнэ. Тэгэхээр, яана гэж? Та ердөө юу ч хийж байсан энэ бодлыг үргэлжлүүлсээр байдаг. Хэрэв та таны сэтгэл санааны таагүй байдал ертөнцийн хамгийн муу зүйл гэж бодож, түүндээ автах юм бол та юу ч хийж байсан түүн дээрээ төвлөрөхөд тэр нь маш том саад болно.

Баяр жаргалтай байгаа үед бид түүнийг улам нэмэгдэж, түүнийг үргэлж мөнх үргэлжлэхийг хүсэх байдлаар сэтгэлийг сарнихгүй байх хэрэгтэй. Энэ нь бясалгал хийж байгаа үед тохиолдож болох ба танд үнэхээр сайхан мэдрэмж төрж эхлэхэд та ямар сайхан юм хэмээн бодож төвлөрлөө алдаж сарнидаг. Хэрэв та өөрт тань таалагддаг хэн нэгэнтэй уулзаж эсвэл амттай сайхан зүйл идэж байгаа бол буруу дурдал нь “Энэ үнэхээр сайхан юм” гэж түүнд хэт автан түүндээ сэтгэл сарних явдал болно. Тухайн зүйл юу байна түүгээр нь таашаал авч, түүнийг хэт том зүйл болгохгүй байх хэрэгтэй.

Сэтгэлийн дурдахуйг ойр агуулах

Хэрэв бид өөрийн сэтгэлийн мөн чанарыг уур эсвэл тэнэглэл эсвэл мунхагаар дүүрэн байдаг гэж үзэж, бидний сэтгэлд ямар нэг угийн буруу эсвэл өөтэй зүйл байна гэж бодох юм бол төвлөрөхөд маш хэцүү болно. Бид үргэлж өөрийгөө хангалттай сайн биш гэдэг үүднээс, бүр оролдож үзэхээсээ өмнө “Би ийм биш. Би тийм биш. Би юу ч чадахгүй” эсвэл “Би ойлгохгүй” гэж бодно. Хэрэв бид ийм ойлголттой байсаар байвал энэ нь нэлээд тусгүй. Харин “Одоогоор би ойлгохгүй байж магадгүй, одоохондоо би будилсан байж магадгүй, гэвч энэ бол миний сэтгэлийн уг мөн чанар биш” гэсэн зөв дурдлаар бодох юм бол энэ нь бидэнд тэдгээрийг үе шаттайгаар шийдвэрлэхэд төвлөрлөө ашиглах итгэл өгнө.

Нөхөр сэтгэлийн (сэтгэлээс гарсан сэтгэл) дурдахуйг ойр агуулах

Дөрөв дэх нь билиг, ачлал, тэвчээр гэх мэт нөхөр сэтгэлтэй холбоотой. Буруу дурдал нь тэдгээр сэтгэлүүд нь өөрчлөгдөшгүй бөгөөд “Энэ бол миний байгаа байдал, хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг өөрчлөх эсвэл төлөвшүүлэхэд миний хийж чадах зүйл байхгүй” гэж бодох явдал юм. Зөв дурдал бол эдгээр сэтгэлүүд нь тодорхой нэг түвшинд тогтсон зүйл бус харин бидний ярилцаж байгаа төвлөрлийг сайжруулах үүднээс ч тэдгээрийг хөгжүүлж, төлөвшүүлж болно гэх явдал.

Өөрийгөө хянах

Сэтгэл санаа маш муу байгаа эсвэл өөрийгөө гэм буруутайд тооцож байгаа үедээ бид ямар хандлагатай байдгийг ажиглаж үзэхэд бид ердөө л тэрхүү сэтгэлийн төлөв байдалдаа автсан байдгийг мэдэхэд үнэхээр сонин байдаг. Хэрэв гэм буруутай гэж үзсэн бол гаргасан алдаандаа баригдсан байдаг. Бид хүн учраас бүгд алдаа гаргана. Буруу дурдал бол түүнд баригдан, түүнийг зүгээр өнгөрөөхгүй, өөрийгөө ямар муу болох талаар бодон өөрийг зовоодог. Зөв дурдал бол сэтгэл санааны байдал өөрчлөгдөнө, учир нь тэр нь үргэлж хувирч өөрчлөгддөг шалтгаан, нөхцөлийн улмаас үүсэх бөгөөд үргэлж нэг хэвээрээ байдаг зүйл ердөө байдаггүй гэж ойлгох явдал.

Бурханы шашны сургаалд байдаг нэг маш тустай зөвлөгөө бол “өөрийгөө жолоодох.” Энэ нь өглөө орондоо үнэхээр тавтай сайхан хэвтэж, нойр тань хүрсэн хэвээр байгаа учраас босмооргүй санагдсан ч босохтой адил юм. Та ердөө өөрийгөө жолоодож, босдог, тийм биз дээ? Бидэнд үүнийг хийх чадвар байдаг. Хэрэв тийм байдаггүй байсан бол бидний тэн хагас нь хэзээ ч босохгүй байх байсан! Бидний сэтгэл санааны байдал муу эсвэл бид бага зэрэг сэтгэл дундуур байх нь үүнтэй адил. Бид өөрийгөө жолоодож чадна – “Аль вэ, зүгээр л өөрийгөө жолоод!” – түүнд бууж өгөхгүйгээр, ердөө хийх ёстой зүйлээ хийж эхэл.

Дурдлын бусад хэлбэрүүд

Ер нь дурдал маш чухал. Энэ нь биднийг аливаа зүйлийг мартахаас сэргийлдэг. Хэрэв бидний хийх хэрэгтэй зүйл байгаа бол зөв дурдал нь бидэнд түүн дээр төвлөрөхөд тусалдаг. Дурдал нь санах тухай бөгөөд өнөөдөр телевизээр таны дуртай нэвтрүүлэг гарахыг та санаж болно. Гэвч энэ бол тийм их чухал биш зүйлийг санаж байгаа хэрэг бөгөөд энэ нь түүнээс илүү чухал бусад зүйлийг мартуулдаг.

Тодорхой дадлага, сургуулилалт хийснээр зөв дурдал төлөвшинө. Хэрэв бид дасгал хөдөлгөөн хийж байгаа бол түүнийг өдөр бүр хийхийг санаж байх хэрэгтэй. Хэрэв хоолны дэглэм сахиж байгаа бол түүнийгээ санаж, бидэнд бялуу санал болгох үед түүнийг шүүрэн авч идэхгүй байх хэрэгтэй.

Дурдал бол хийж байгаа зүйл дээрээ анхаарч, аливаа аар саар, чухал биш зүйлүүдэд сарнихгүй байх явдал юм.

Гэр бүлийн хүмүүстэй байх үед дурдлыг хадгалах

Олон хүмүүс найз нөхөд эсвэл танихгүй хүмүүсээс илүү гэр бүлийн хүмүүстэйгээ байгаа үед ёс зүйн хувьд дурдалтай байх нь амаргүй байдаг гэж үздэг. Хэрэв тийм бол үүнд өгөх зөвлөгөө нь эхнээс нь санаагаа маш тодорхой болгох явдал. Хэрэв та төрөл төрөгсөдтэйгээ уулзах гэж байгаа бол “Биеэ сайн барихыг хичээе. Надад маш их ач тус хүргэсээр ирсэнийг нь санахыг хичээе. Тэд миний дотны хүмүүс бөгөөд тэдэнд хэрхэн хандах нь тэдний сэтгэлд их нөлөөлнө” гэсэн бодлыг төрүүлж болно. Ингэж эхлэх нь маш чухал.

Тэд бас хүн гэдгийг бид өөртөө сануулах ёстой. Тэднийг зөвхөн эцэг, эх, ах, эгч гэх мэт таны ямар хамаатан болох түүний үүргээр тодорхойлж болохгүй. Хэрэв та тэднийг тодорхой нэг үүрэгтэй гэж үзэж байх юм бол ээж эсвэл аав хүн ямар байх ёстой гэж бид боддог түүнд тэд хэрхэн тохирч байгаа болон түүнтэй холбоотой бүх өнгөрсөн үйл явдал, хүлээлт, гомдол тэр бүхний үүднээс тэдэнд хандаж эхэлнэ. Нэг хүн нөгөө хүнтэйгээ харилцаж байгаатай адил тэдэнтэй харилцах нь зөв. Хэрэв тэд үүнийг ойлгохгүй биднийг хүүхэд мэтээр бодож бидэнд хандсаар байвал тэр хэв маягт нь орж тэр мэт үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Бид тэдний хүн гэдгийг санаж байх хэрэгтэй, хүүхэд шиг байж болохгүй, эцэст бидний хэн хэн нь түүнийхээ хариуцлагыг үүрэх хэрэгтэй болно.

Миний эгч саяхан манайд долоон хоногийн хугацаатай зочлоод явсан. Тэрээр оройд нэлээн эрт унтах бөгөөд миний ээж мэт надад “Одоо унтаарай” гэж хэлж байсан. Хэрэв би хүүхэд шиг байж “Үгүй, эрт байна, би унтмааргүй байна, яагаад намайг унтаарай гээд байгаа юм?” гэх юм бол энэ нь өнөөх хүүхэд шиг хэрэг болно. Бид хоёулаа бухимдана. Иймд тэрээр намайг уурлуулах гэж бус харин надад анхаарал тавьсан учраас тэр зөвлөгөөг өгч байна гэж өөртөө сануулах хэрэгтэй. Тэрээр эрт унтах нь надад сайн гэж бодож байгаа. Ийм учраас бид ердөө өөрийнхөөрөө бодохоос илүүтэй тухайн болж байгаа үйл явдалд бодит талаас нь хандахыг хичээх хэрэгтэй.

Иймд гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаас өмнө өөрийн сэдлийг дурдан санаж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл:

  • Бидний зорилго: зорилго бол миний анхаарал тавьдаг, надад анхаарал тавьдаг гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаатай байх.
  • Дагалдах сэтгэл хөдлөл нь: гэр бүлийнхнийгээ хүн гэдгээр нь асарч хайрлах.

Өөр нэг арга нь үүнийг маш хэцүү сорил гэж бодохын оронд түүнийг “Би уурлаж бухимдахгүйгээр гэр бүлтэйгээ хооллож чадах болов уу?” гэж үзэх сорилт, өсөж хөгжих боломж гэж харах явдал.

Эцэг эхчүүдийн байнга үглэдэг шиг, гэр бүлийн хүмүүс “Яагаад гэрлэхгүй байгаа юм? Яагаад илүү сайн ажил олж хийхгүй байгаа юм? Яагаад үр хүүхэдтэй болохгүй байгаа юм?” гэж үглэж эхлэхэд (миний эгчийн надтай уулзаад хамгийн түрүүн хэлсэн зүйл нь “Үсээ засуулах болчихсон байна!” гэсэн үг байлаа) тэд бидэнд санаа тавьсан учраас тэр зүйлүүдийг хүсэж байна гэж ойлгоод ердөө л “Санаа тавьсанд баярлалаа!” гэж хэлж болно.

Мөн бид тэдний олон найз нөхөд нь “Хүү чинь юу хийж байна? Охин чинь юу хийж байна?” гэж асуух тэдний нөхцөл байдал, тэдний найз нөхөдтэйгээ харилцах нийгмийн харилцааг бодолцох хэрэгтэй. Тэд бидний мууг хайн яагаад гэрлээгүй байгааг асууж байгаа бус бидний сайн сайхны талаар санаа зовсондоо асууж байдаг. Эхний алхам бол түүнийг хүлээн зөвшөөрч, тэдний санаа тавьсан явдалд талархах. Хэрэв та хүсвэл яагаад гэрлээгүй байгаа талаараа тайван байдлаар тайлбарлан өгч болно!

Дурдлын хувьд, бид ямар ч үр ашиггүй зүйлийг байнга санаж байдаг явдал. Энэ нь “Арван жилийн өмнө чи яагаад түүнийг хийсэн юм?” эсвэл “Гучин жилийн өмнө чи түүнийг хэлсэн” гэх мэт аль эртний түүхүүд байж болно. Үүнийг нь санасаар тэдний одоо ямар байгаад төвлөрөхгүй, тэдэнд боломж өгдөггүй. “Ээж, аав ирэх гэж байна, одоо ч таагүй юм болно доо” хэмээн урьдаас бодож аль хэдийн муу зүйл болно гэж товлосон байдаг. Энэ нь биднийг хооллож эхлэхээс өмнө дарамтанд оруулдаг! Бид энэ байдлыг гэр бүлийнхнийгээ ямар байгааг харах, ямар нэг нөхцөл байдалд ямар нэг урьдчилсан бодолгүйгээр байгаагаар нь хандаж үзэх боломж гэж харах зөв дурдлаар солих хэрэгтэй.

Дурдлыг хэрхэн хадгалах тухай зөвлөмж

Хэцүү нөхцөлүүдэд дурдлаа хэрхэн хадгалах вэ? Бид дараах зүйлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

  • Санаа – мартахгүй байхыг хичээх хүчтэй санаа
  • Хэвшил – нэг үйл явцыг олон дахин давтсанаар аяндаа санах
  • Сэрэмж – дурдлаа алдаж байгааг илрүүлэн мэдэх үйл явц.

Энэ бүхэн өөрийн зан байдлын өөрт болон бусдад үзүүлэх нөлөөллийн талаар санаа тавих халамж анхаарал бүхий хандлага дээр суурилна. Хэрэв та хэрхэн үйлдэл хийж байгаагаа үнэхээр анхаардаггүй бол тэнд ямар ч сахилга бат байхгүй учраас дурдал гэж байхгүй. Яагаад бид түүнд анхаарал тавих хэрэгтэй вэ? Учир нь та бол хүн. Таны эцэг эх хүн. Бид бүгд жаргалтай байхыг хүсдэг. Хэн ч зовохыг хүсдэггүй. Бидний биеэ авч явж байгаа, ярьж байгаа байдал бусдын сэтгэлд нөлөөлдөг учраас бид хэрхэн үйлдэл хийж байгаагаа анхаарч байх нь зүйтэй.

Бид өөрийгөө, сэдлээ шалгаж байх хэрэгтэй. Хэрэв бид ердөө бусдад таалагдах үүднээс сайн байхыг хүсдэг бол энэ нь бага зэрэг балчир бодол. Бага зэрэг ухаангүй явдал. Дурдалтай байж, түүнийг хадгалах хамгийн сайн учир шалтгаан бол асарч хайрлах хандлага дээр суурилсан бусдыг хайрлах сэтгэл.

Төвлөрөл

Төвлөрөлд хэрэгтэй найман мөрийн гурав дахь чадвар бол зөв төвлөрөл (төвлөрөл өөрөө). Төвлөрөл бол тухайн нэг орон дээр сэтгэл бодитой тогтох явдал юм. Төвлөрөхийг хүссэн зүйл дээрээ сэтгэл тогтох үед дурдал түүнийг тэнд хадгална. Гэвч тухайн орон дээр эхэлж сэтгэлийг тогтоох нь төвлөрөл гэдэг юу болохыг илэрхийлж буй зүйл юм.

Ямар нэг зүйл дээр төвлөрлийг авчирахад бид анхаарлыг хэрэглэдэг. Өнгөрсөн цаг хугацаатай харьцуулахад өнөөдөр бидэнд илүүтэй тохиолдох болсон зүйл бол бидэнд анхаарлын хуваагдал бий болж байгаа явдал. Иймд бид ямар нэг зүйл дээр хэзээ ч бүрэн төвлөрч чадахгүй гэсэн үг. Телевизээр мэдээ үзэх үед дэлгэцийн голд тухайн өдрийн мэдээг унших нэг хүн байхад түүний доогуур өөр мэдээ бичгээр гарч, буланд өөр ямар нэг зүйл байх жишээтэй. Бид тэдний алинд нь ч бүрэн дүүрэн төвлөрч эсвэл анхаарал хандуулж чаддаггүй. Бид бүр олон зүйлийг нэг дор хийж чадна гэж боддог. Хэн ч тэгж чадахгүй – хэрэв та Бурхан л биш бол – бүх зүйл дээр 100% төвөлөрч байж та нэг дор олон зүйлийг зэрэг хийж чадна.

Заримдаа бид хэн нэгэнтэй байж, тэд бидэнтэй ярьж байгаа үед бидний сэтгэл гар утсан дээрээ байдаг. Энэ бол сэтгэлийг буруу байрлуулж буй хэрэг. Учир нь тэд бидэнтэй ярьж байхад бид бүр анхаарал ч хандуулаагүй байдаг. Хэдий бид ямар нэг зүйл дээр сэтгэлээ тогтоосон ч түүнийг хадгалахад маш хэцүү байна. Бид юмс хурдацтай өөрчлөгдөхөд, нэг зүйлээс нөгөө зүйл уруу хурдацтай шилжихэд дассанаар юмнаас маш амархан уйддаг болсон. Ийм төрлийн төвлөрөлтэй байх нь – үүн дээр ердөө нэг хэдэн хором, түүн дээр нэг хэдэн хором саатах нь – саад тотгор юм. Энэ бол буруу төвлөрөл. Зөв төвлөрч чадах гэдэг нь уйдахгүйгээр, сонирхол буурсан учраас цааш үргэлжлүүлэхгүйгээр ямар хугацаа шаардлагатай байгаа төдий хугацааны турш тухайн зүйл дээрээ төвлөрч чадахыг хэлнэ.

Гол саадуудын нэг нь бид биднийг хөгжөөх ямар нэг зүйл хүсэж байдаг. Энэ нь эргээд түр зуурын таашаал нь түүгээр биднийг улам цангаахгүйгээр бидний сэтгэлийг хангана гэж бодох буруу дурдалд хүргэдэг. Нийгмийн шинжлэх ухааны салбарынхан бидний хийж болох, харж, үзэж болох зүйл хэдий их байна – интернет үүнийг бий болгодог, хязгааргүй боломж – үнэндээ төдий чинээ бид уйдаж, ядарч, хямардаг гэдгийг олж тогтоогоод байна. Та ямар нэг зүйлийг харж байхдаа үүнээс илүү сонирхолтой ямар нэг зүйл байж магадгүй гэж бодож, түүнээс хоцрох вий гэж эмээнэ. Ийм маягаар улам цааш үргэлжилсээр та юун дээр ч төвлөрч чаддаггүй. Хэдий энэ хялбар биш ч гэсэн өөрийнхөө амьдралыг энгийн байлгаж, нэг дор олон зүйл зэрэг явагддаггүй байлгахыг хичээх нь үнэхээр зөв зүйл. Таны төвлөрөл сайжрах хэрээр та хийж чадах зүйлийнхээ цар хүрээг нэмэгдүүлж чадна.

Хэрэв та сайн төвлөрөлтэй бол та үүн дээр эхэлж, дараа нь түүн дээр төвлөрч болно; гэвч анхаарал сарнихгүйгээр нэг дор нэг л зүйл дээр төвлөр. Өмнөх эсвэл дараагийн өвчтөний талаар бодохгүйгээр нэг удаад нэг л өвчтөн дээр бүрэн төвлөрч түүнийг эмчлэх хэрэгтэй болдог эмчийн адил. Хэдийгээр эмч өдрийн турш хэдэн арван өвчтөнийг үзэж болдог ч тэд үргэлж нэг цагт нэг зүйл дээр бүрэн төвлөрдөг. Энэ бол төвлөрөлд илүү сайн.

Гэвч энэ үнэхээр чадал сорьсон зүйл. Миний хувьд энэ вэб хуудастайгаа холбоотой маш олон өөр өөр зүйлүүд, дээр нь олон өөр хэл гэх мэт энэ бүгдийг хийх хэрэгтэй болдог. Нэг зүйл дээр төвлөрөх үнэхээр хэцүү байдаг. Нэг дор үнэхээр олон зүйл болдог. Нарийн төвөгтэй бизнес эрхэлдэг хүн бүрд ийм асуудал байна. Гэвч төвлөрлийг үе шаттайгаар төлөвшүүлж болно.

Дүгнэлт

Төвлөрөлд тулгардаг саадуудыг арилгах үйл явц нь нэлээн өргөн хүрээтэй зүйл юм. Нэг энгийн арга бол ажлаа хийж байх үедээ гар утсаа унтрааж, өдөрт нэг эсвэл хоёр удаа и-мэйлээ шалгах тодорхой цаг сонгосноор бид хийх хэрэгтэй зүйл дээрээ бүрэн төвлөрч чадна. Энэ нь эмч эсвэл профессорууд албан ажлын цагтай байдагтай адил; та хэзээ ч хамаагүй хүрээд ирж болохгүй, тэдэнтэй уулзаж болох тодорхой цагууд байна. Энэ нь төвлөрлийг төлөвшүүлэхэд тустай учраас бид үүнийг өөртөө зориулан хийж болно, хийх хэрэгтэй.

Нийгмийн хөгжлийг харахад сонин байдаг. Өмнөх цаг хугацаанд төвлөрлийн гол саад нь бидний өөрийн сэтгэлийн төлөв байдал байсан – анхаарах ёстой зүйлээсээ хазайж өөр зүйл бодох, мөрөөдөлд автах гэх мэт. Харин одоо тэр нь бүр их болж эдгээрийн ихэнх нь гар утас, Facebook, и-мэйл гэх мэт гадаад хүчин зүйлээс шалтгаалах болсон. Үнэндээ энэ бүхэнд автахгүй байхад хүчин чармайлт хэрэгтэй бөгөөд үүнийг хийхийн тулд бид эдгээр мэдээллийн хэрэгслийн гэм хортой талуудыг таньж мэдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн анзаарсан байж болох хамгийн илэрхий нэг зүйл бол бидний анхаарлын үргэлжлэх хугацаа улам бүр багассаар байгаа явдал. Twitter нь тэмдэглэгээний хязгаартай байдаг бол Facebook-ийн мэдээллүүд нь тасралтгүй шинэчлэгдэж байдаг. Энэ бүхэн төвлөрөлд үнэхээр хортой маш муу зуршлыг бий болгох тийм хэмжээний хурдтай байдаг, учир нь та нэг ч зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй байдаг; бүх зүйл тасралтгүй өөрчлөгдөх ёстой болдог. Энэ бол болгоомжлох зүйл.