Хутагтын дөрвөн үнэнээс Гурван эрдэнэ

Бататгал

Бид Дээрхийн гэгээн Далай ламын бичсэн, хэрхэн бид хоёр үнэнийг ойлгосноор Хутагтын дөрвөн үнэнийг ойлгож, Гурван эрдэнэд итгэл төрүүлэх талаар тайлбарласан тэрхүү соёрхлын талаар үргэлжлүүлэн ярилцана. Бид хоёр үнэн нь үнэндээ юмс хэрхэн оршдог талаар авч үздэг болохыг харсан:

  • Харьцангуй буюу янагуух үнэн; бидэнд харагдаж буй юмс үнэндээ шалтгаан болон нөхцөлөөс хамааран бий болдог. Хэрэв бид энэ гараг дээрх юмс угтаа хэрхэн харилцан үйлчилдгийг хардаг байсан бол тэр нь бидний харах зүйл байсан байх болов уу. Гэвч харамсалтай нь бид юмсыг ийм маягаар хардаггүй.
  • Үнэмлэхүй үнэний түвшиндээ юмс бидний төөрөлдсөн сэтгэлийн тусган хардаг тэрхүү байх боломжгүй байдлаар оршдоггүй. Жишээ нь бид юмсыг харах үед тэдгээр нь ямар нэг шалтгаан, нөхцөл, хэсэг эсвэл бусад ямар нэг зүйлээс хамааралгүй байдаг мэт санагддагтай адил тэдгээрийг ердөө өөрийн хүчээр бий болдог гэж боддог; гэвч энэ нь тийм биш байдаг.

Тэгэхээр энэ бол суурь.

Хутагтын дөрвөн үнэн нь бодит байдлыг зөв харахтай холбоотой бидний төөрөгдлийг авч үздэг. Бодит байдлын талаар төөрөлдсөн байгаа үед энэ нь зовлонгийн шалтгаан болно: энэ шалтгаан нь хутагтын хоёр дахь үнэн болох бөгөөд зовлон нь өөрөө нэг дэх үнэн болдог. Хэрэв бид бодит байдлыг зөв таньж, түүн дээр цаг үргэлж төвлөрч чадвал энэ нь хутагтын гурав дахь үнэн, зовлонг хорихуйн үнэн болно. Ойлголт нь мөрийн үнэн, хутагтын дөрөв дэх үнэн бөгөөд тэр нь жинхэнэ хорихуйд хүргэнэ.

Бодит байдлын талаар тодорхой ойлголтгүй байгаа үед бид төөрөгдөл болон үл мэдэхийн суурин дээр үйлдэл хийн өөрийн хяналтгүй дахин дахин гарах төрлийг үргэлжлүүлсээр байдаг. Хэрэв бид энэхүү үл мэдэх явдлыг арилгавал тэр үед бид орчлонгийн төрлийг буцааж – түүнээс гарч – чадна.

Гурван эрдэнэ

Одоо тус бадгийн гурав дахь мөрийг авч үзье:

Шалгадаг ухаанаар шинжилбэл Авралын гурав нь үнэн хэмээх сэтгэл итгэмжлэл батажна.

Бидний өмнө авч үзсэнчлэн Гурван эрдэнэ нь Буддха, Дхарма, Сангхаг (Бурхан, Ном, Хуврагийг) илэрхийлнэ. Эдгээр нь санскрит үгнүүд юм. Шагжамүни Бурхан багш болон бусад Бурхадууд нь гэгээрэлд хүрсэн төрөлхтнүүд бөгөөд тэд бидэнд тэдний адил гэгээрэлд хэрхэн хүрэхийг заадаг. Ном нь тэдний сургаал бөгөөд Хувраг нь өндөр эрдэмд хүрсэн төрөлхтнүүд юм. Энэ бол тэдгээрийг ойлгох нэг түвшин боловч тэдний илүү гүнзгий утга бас байдаг.

Гүнзгий утгынхаа хувьд Ном нь тухайлбал хутагтын гурав дахь, дөрөв дэх үнэнд хүргэх – тэрхүү бодит эрдэм мэдлэг юм. Та бүхний санаж байгаачлан гурав дахь үнэн нь зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг хорихуйн үнэн бөгөөд энэ нь үе шаттай явагдана. Үүнд бүрэн хүрэх үед бид хяналтгүй дахин дахин төрөх төрлөөс (самсара, орчлонгоос) гэтэлж амгаланд хүрнэ. Ийнхүү шалтгаан ба үр дагаврын талаарх ойлголтонд хүрэхэд бидэнд саад болж буй шалтгаануудыг арилгаж бусдыг амгланд хэрхэн хөтлөхийг хамгийн сайн мэдэх үед бид гэгээрсэн Бурхад болдог. Дөрөв дэх үнэн бол энэхүү хорихуйн үнэнд хүргэх ойлголт бөгөөд тэр нь тус хорихуйн үнэний үр дүнд төрнө.  

Энэ хоёр нь аврал болох ба аврал нь энэ тохиолдолд биднийг зовлон болон бусдад туслах чадамжийн хувьд хангалтгүй байх явдлаас сэргийлнэ. Хэрэв бид хорихуйн үнэн, сэтгэлийн зам мөрийн үнэнд хүрвэл бид өөрсдийг зовлон туулахаас мөн бусдад хэрхэн хамгийн үр дүнтэй туслахыг мэдэхгүй байх явдлаас сэргийлнэ. Энэ нь хэн нэг өөр хүн түүнд хүрснээр бид өөрсдийг түүнд даатгаж, ямар нэг байдлаар илбэ мэтээр аврагдана гэсэн үг биш юм.

“Абрахам тулгуурт шашин” гэж нэрлэгддэг Еврей, Христ, Исламын шашнууд нь түүхэн чиг баримжаатай шашнууд юм. Шашин тус бүр Эзэн тэнгэрийн тодорхой нэг илчлэлтэй, түүхэн үйл явдал бүхий нэг түүхэн төлөөлөлтэй байна. Тэд Эзний илрэлтийг харуулсан ба энэ нь хамгийн эцсийн зүйл байдаг. Бид Мосе, Есүс, Мохаммед нарын хийсэн зүйлийг хийж чадахгүй, ердөө тэдэнд итгэх хэрэгтэй бөгөөд түүгээр бид өөрийн зовлонгоос аврагдана гэдэг. Энд итгэх гэдэг нь тэдгээр төлөөллүүдэд өөрт нь эсвэл Эцэг тэнгэр Мосед арван зарлигийг хүртээж буй, эсвэл Есүс Шинэ гэрээг, Мохаммед Коран судрыг илчилж буй тэр түүхэн үйл явдал зэрэг тэдний заасан, илчилсэн зүйлүүдэд итгэх итгэлийн аль алиныг илэрхийлнэ. Эдгээр онцгой түүхэн үйл явдлууд нь тэдгээр шашны гол цөм болж байдаг.

Хиндү шашин, Бурханы шашин, Жэйн (Жайнизм) гэх мэт Энэтхэгийн шашнуудыг “Номын (Дхармын) шашин” гэж нэрлэж болох бөгөөд эдгээр нь маш өөр зүйл. Бурхан багш, Кришна, эсвэл Махавира (Жэйний шашныг үндэслэгч) нарын түүхэн үйл явдлууд нь гол үйл явдал болдоггүй. Харин бид өөрсдөө болон бусад хэн бүхэн эдгээр төрөлхтнүүдийн хүрсний адил тэр төлөвт хүрч чадна гэдэг. Бурханы шашин нь бид бүгд гэтлэхүй, гэгээрэлд хүрч чадна гэж үзэх ба бусад Номын шашнууд ч гэтлэхүйг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Энэ бол Барууны Абрахам шашнууд болон Энэтхэг шашнуудын хоорондын гол ялгааны нэг юм.

Гурван эрдэнийг авч үзэх үед тэдгээрийг Абрахам шашныг авч үздэг тэр хэлбэрээр авч үзэхгүй байх нь чухал. Бурхан багш гэгээрэлд хүрсэн цорын ганц төрөлхтөн бөгөөд хэрэв бид түүнд итгэх юм бол аврагдана гэх явдал биш юм. Иймд би “аврал” гэдэг үгийг хэрэглэхээс зайлсхийдэг, учир нь энэ нь бидний хийх ёстой зүйл бол “Бурхан минь, авар!” гэх ба ингэснээр бид аврагдах мэт нэлээн идэвхгүй ойлголт өгдөг. Энэ бол Бурханы шашны ойлголт биш. Бурхан, Ном, Хурваг нь бид ч бас Бурханы хүрсэн тэр зүйлд хүрч болох тэр аюулгүй зам мөрийг бидэнд заан үзүүлдэг гэсэн утга бүхий “аюулгүй зүг (зам мөр)” гэдэг хэллэгийг би хэрэглэхийг илүүд үздэг. Хэдийгээр Бурхан багш бидэнд өөрсдийг хамгаалах аргыг зааж өгсөн ч бид түүнийг бүтээл болгон хийх ёстой. Биднийг зовлонгоос хамгаалах эрдэмд хүрэх нь бидний өөрийн хичээл зүтгэл байдаг.

Ном эрдэнэ

Ном эрдэнийн гүнзгий утгын тухай ярих үед нь энэ нь ховор, үнэт нэг зүйл байх бөгөөд эдгээр нь тухайн үгийн хоёр үеийн үгчилсэн утга ба үүгээр нь төвөдүүд түүнийг эрдэнэ хэмээн орчуулсан байдаг. Энд бид хорихуйн үнэний бодит төлөв, тэдгээрийг авчрах мөн түүний үр дүн болох сэтгэлийн (зам) мөрийн үнэнд хүрэх тухай ярьж байдаг. Эдгээр нь бидний өөрөө хүрэх хэрэгтэй зүйлс бөгөөд мөн үүнд хүрч болох боломжтой зүйл гэсэн итгэлтэй байх ёстой. Хоёр үнэн болон Дөрвөн үнэний талаар бидний авч үзэж ярилцсан зүйлүүд нь гэтлэхүй, гэгээрэл гэх зүйл үнэндээ байдаг бөгөөд бид тэдгээрт хүрч болно гэдгийг ойлгоход тусалдаг.

Бурхан эрдэнэ

Бурхад нь гэтлэхүйд, дараа нь гэгээрэлд бүрэн хүрсэн төрөлхтнүүд юм. Үүнд зөвхөн Бурхан багш төдийгүй олон өөр Бурхад хамаарна. Тэд, бид бас тэрхүү төлөвт хүрч болох аргыг зааж, харуулсан. Бидэнд зааж сургах хоёр хэлбэр байна: сургаалаар мөн сургаалыг ойлгосон ойлголт, эрдэм дээр суурилсан үлгэр жишээгээр. Энэ бол маш чухал санаа, учир нь энэ нь бид бусдад зөвхөн сургаалын үг үсгээр төдийгүй зааж байгаа зүйлийнхээ амьд жишээ болон тэдэнд суралцахад тусалж болно гэдгийг илэрхийлдэг. Ном нь нэг хийсвэр сургаал бус харин хүмүүс, бид түүнийг үнэндээ өөр дээрээ биелэл болгож болох зүйл юм.

Хувраг эрдэнэ

Зарим хүмүүс ямар учраас бидэнд энэхүү гурав дахь Эрдэнэ, Хутагт хувраг хэрэгтэй байдаг юм бол гэж бодож байж болно. Бурхан, Ном хоёр байхад хангалттай биш гэж үү? Эрэгтэй, эмэгтэй хуврагууд Хуврагийг илэрхийлэх боловч жинхэнэ Хувраг эрдэнэ биш юм. Бурханы, зурсан эсвэл баримал дүрүүд Бурхадыг, ном судрууд Номыг (сургаалыг) илэрхийлдгийн адил тэдгээр нь ердөө төлөөлөл юм. Бурхан, Ном, Хуврагийг илэрхийлэх зүйл болохын хувьд эдгээр дүр, ном судар, эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд нь хүндэтгэл үзүүлэх нэг орон болно. Учир нь хийсвэр зүйлүүдэд хүндэтгэл үзүүлэх хялбар биш байдаг. Мэдээж үүнд илүү гүнзгий утга санаа бий.

Хувраг эрдэнэ маш чухал. Хувраг нь хутагт нар буюу хоёр үнэн дээр суурилсан Хутагтын дөрвөн үнэнийг шууд онож таньсан тэдгээр төрөлхтнийг  илэрхийлнэ. Тэд эдгээрийг шууд онож таньсан байдаг учраас хорихуйн үнэн болон мөрийн үнэнд бүрэн хүрээгүй ч тэдгээрийн тодорхой түвшинд хүрсэн байна. Улмаар гэтлэхүйд хүрч, эцэст нь гэгээрэлд хүрэх хүртэл харьцангуй өндөр түвшинд хүрээд буй хутагт нар нь тэдгээр хоёр үнэний аль алинд алгуур илүүтэй хүрсээр байдаг. Дөрвөн үнэнийг хутагтын үнэн гэж тодорхойлдог ба энэ бол бодит байдлыг шууд онож таньсан хутагт нарын үнэн гэж харсан зүйлс юм. Энэ нь дараах зүйлийг бидэнд хэлж өгнө. Үүнд:

  • Энэ бүгдийг ойлгож хорихуйн үнэн, (сэтгэлийн) мөрийн үнэнд хүрсэн нь зөвхөн Бурхад биш юм. Энэ бол алгуур явагддаг үйл явц.
  • Гэтлэхүй, гэгээрэлд хүрэхээс өмнө бид зовлонгийн үнэний өөр өөр талуудыг багасган арилгаж эхэлдэг. Учир нь бид тэдний жинхэнэ шалтгаануудыг харилцан адилгүй түвшингүүдэд арилгаж байдаг.

Гэтлэхүй, гэгээрэл нь алгуур явагдах үйл явц ба энэ нь Бурхан эсвэл гэтэлсэн төрөлхтөн болохоос бүр урьд эхэлнэ. Ихэнх тохиолдолд Бурхадаас илүүтэйгээр Хутагт нарыг ойлгоход илүү хялбар байдаг. Учир нь тэдэнд тодорхой зарим асуудал бэрхшээлүүд байсаар байх ба тэдний зарим нь хяналтгүй дахин дахин гарах төрлөөс хараахан бүрэн гэтлээгүй зөвхөн тодорхой зарим хэсгийг нь арилгасан байна. Ийм байдлаар тэднийг ойлгох нь илүү хялбар.    

Хутагт хуврагууд нь хэрэв бид тэдний явж буй зам мөрөөр явах юм бол шат шатаар бид ч мөн адил гэтлэхүй, гэгээрэл гэсэн тэдгээр зорилгуудад хүрч болно гэсэн урам зориг өгч, үлгэр дуурайл болдог. Хэдийгээр бид энэ удаа тэр хүртэл явж чадахгүй ч түрдээ зовлонг тодорхой түвшинд багасгаж чадна, учир нь бид зовлонг бий болгодог үл мэдэх мунхагийн тодорхой хувийг арилгадаг. Энэ бол ердөө бид бодит байдал дээр хэр их төвлөрч чадаж байгаа тухай асуудал байна. Хэрэв та хутагт төрөлхтөн бол бүхий л хугацааны туршид түүн дээр төвлөрч чадахгүй, хэрэв та Бурхан бол чадна. 
Гэтлэхүй болон гэгээрэл нь адилхан зүйл биш. Гэтлэхүй бол хяналтгүй дахин дахин төрөх төрлөөс ангижирсан, гэтэлсэн төрөлхтөн, архад болох үе юм. Гэгээрэл бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон бид хэрхэн оршдог талаар үл мэдэх мунхаг болох нисваанисын түйтгэр мөн мэдэгдэхүүний түйтгэр болох үл мэдэх байнгын зуршлаас ангижирсан үе байна.        

Өөрөөр хэлбэл байх боломжгүй зүйлийг тусган түүндээ итгэх зуршлын улмаас бидний сэтгэлийн үйл ажиллагаа тэдгээр төсөөллүүдийг үргэлжлүүлэн тусгаж, бид ч тэдгээрийг бодит байдал мөн хэмээн итгэсээр байдаг. Үүн дээр бидний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл суурилж байдаг. Эдгээр алдаатай үзэгдлүүд нь бодит байдал гэж харахыг зогсоох үед бид гэтлэхүйд (амгаланд) хүрдэг. Бид энэ бүхэн үнэндээ ямар ч утгагүй зүйлс бөгөөд хэдий юмс тэр мэт харагдаж байж болох ч тэдний орших жинхэнэ хэв маяг биш гэдгийг ойлгож байдаг. Бидний ойлголт хязгаарлагдмал хэвээр, бид юмсыг ойлголтын хайрцгуудад тус тусад нь харах хандлагатай байх боловч эдгээр нь тэдний жинхэнэ орших хэв маяг биш гэдгийг мэдэж байна.

Бүр атомын физикийн маш энгийн түвшинд гэхэд атом болон цөмийн хүч зэрэг ойлголтууд байх боловч “Энэ шугамын энэ талд тэр зүйл байна, нөгөө талд нь байхгүй” гэх аливаа зүйлийг зааглах нэг хатуу шугам байдаггүй. Хэрэв бид эдгээр алдаатай үзэгдлүүдийг бий болгодог мэдэгдэхүүний түйтгэрүүдийг (мэдэхүйн саадуудыг) арилгавал сэтгэл тэдгээрийг тусган харахгүй болж бид гэгээрэлд хүрнэ. Гэгээрэлд хүрэх үед бид бүх зүйлийн туйлын харилцан хамаарлыг нэгэн зэрэг харна. Энэ нь бидэнд бусдыг тэдний өөрийн гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд нь хөтлөх хамгийн уран аргыг мэдэх боломжийг олгоно.

Архад гэж ярих үед бид зөвхөн гэгээрэлд хүрэхийг зорьж буй бодьсадва архад нарын тухай ярьдаггүй. Бид гэтлэхүйд зорьж буй тэдгээр архадын тухай мөн ярьж байдаг. Аюулгүй зам мөрийн үүднээс Гурван эрдэнийг авч үзэж байгаа тохиолдолд бид зөвхөн гэгээрэлд зорьж буй тэдгээр бодьсадва нарын тухай бус ердөө гэтлэхүйд зорьж буй эсвэл гэтлэхүй, гэгээрлийн аль алинд нь зорьж буй төрөлхтөн нарын тухай ярьж байдаг.

Гурван эрдэнэд итгэл төрүүлэх

Бид хоёр үнэн мөн бид хэрхэн орчлонд оршдог болон түүнээс хэрхэн гарах тухай Хутагтын дөрвөн үнэнийг ойлгох үед Ном эрдэнэ үнэндээ оршдог гэдэгт итгэл төрөх ба энэ бол үнэн. Бид байх боломжгүй зүйлийн талаарх бидний алдаатай үзэгдлийг бий болгодог төөрөгдөл нь бидний сэтгэлийн үйл ажиллагааны төрөлх чанар биш гэдгийг маш тодорхой ойлгодог. Бидний сэтгэлийн үйл ажиллагааны төрөлх чанар биш байхын учир нь хэрэв бид үл мэдэх байдлын эсрэг тэр зүйл дээр төвлөрөх юм бол түүнийг арилгах боломжтой байдаг.

Өөрөөр хэлбэл юмс хэрхэн оршдог талаарх хоёр үнэний ойлголтон дээр төвлөрөх үед танд тэдгээр алдаатай үзэгдлүүд төрөхгүй ба та мэдээж тэдгээр үзэгдлүүдэд итгэдэггүй. Хэрэв та энэхүү ойлголт, мөрийн үнэн дээр бүрэн төвлөрч чадах юм бол та хорихуйн үнэнд хүрэх ба энэ нь логик учир шалтгаан дээр суурилсан байна. Та энэ нь бодит байдалтай нийцнэ гэдгийг батлах ба тэр нь ийм үр дагаврыг гаргана. Танд орчлонгийн жаргал, зовлонгийн зовлон, хяналтгүй дахин дахин гарах оршихуй байхгүй болно.  

Та санал нийлэхгүй байж, “Хэрэв та цаг үргэлж үл мэдэх мунхаг дээр төвлөрч байвал зөв ойлголт, билиг ухааныг хэзээ ч олохгүй” гэж хэлж болно. Тэгэхээр, бодит байдалтай нийцэхгүй үл мэдэх явдал дээр төвлөрөх эсвэл бодит байдалтай нийцэх зөв ойлголтон дээр төвлөрөх хоёрын аль нь хүчтэй байдаг вэ?

Хэрэв бид үүнийг шинжилж үзвэл үл мэдэх буруу төсөөллийн суурь болох ямар нэг бодит зүйл байхгүй байдаг бол логик учир шалтгаан нь зөв ойлголтын суурь болсон байдаг. Юмс шалтгаан болон нөхцөлөөс бий болох бөгөөд өөрөө аяндаа гарч ирдэггүй. Хэрэв бид цаг үргэлж зөв ойлголтон дээр төвлөрч байвал энэ нь өөрөө өөрийнхөө үр дүнг гаргана: бид зовлон болон орчлонгийн төрлийг дахин туулахгүй болдог.

Энэ нь биднийг Хутагтын дөрвөн үнэн рүү буцаан авчирна. Бид юунд зорьж байна вэ? Бид мөнхөд, цаг үргэлж зовж байхыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол бид үл мэдэх мунхагийг төрүүлсээр байж болох ба ийнхүү бид зовно; ийм л хялбар. Та түүнийг дуртайяа хийж болно! Гэвч хэрэв та энэ бүхнээс чөлөөлөгдөхийг хүсвэл, энэ бол Бурханы шашны зам мөрийн гол зорилго бөгөөд та бодит байдал дээр суурилсан зөв ойлголтон дээр төвлөрөх хэрэгтэй болох нь ойлгомжтой юм.    

Авралын тухай тус сэдвийг ийнхүү ойлгох нь шалгадаг ухаан (зөв мэдэхүй) дээр суурилсан байх бөгөөд энэ үед бидний Авралын гурав нь үнэн гэсэн итгэл батаждаг. Бид “багш ийнхүү хэлсэн!” гэсэн сүсгийн үүднээс, хэрэв бид энэ зам мөрөөр явбал зовлонгоос ангижирна гэсэн найдлага, итгэлтэй байхаа болино. Энэ нь шалгадаг ухаан (зөв мэдэхүй), оюун дүгнэлт, логик дээр суурилсан байна.

Шалгадаг ухааны хоёр хэлбэр байх ба нэг нь оюун дүгнэлт болон логикоор дамжуулж, нөгөө нь төсөөллийн ухагдахуунгүйгээр (атхаг буюу ерөнхий дохио утгагүйгээр) өөрөө харж, сонсож эсвэл туулж мэдэх гэх мэт шууд танин мэдэхүйгээр мэдэх явдал байна. Энэхүү шууд танин мэдэхүйтэй холбоотой нэг асуудал бол та маш, маш гүнзгий түвшний туршлагатай байх хэрэгтэй бөгөөд үүний тулд та өөрийн шалгах ухааны суурь болгон оюун дүгнэлтээр эхлэх ёстой болно.

Зам мөрөөр урагшлах

Тус бадгийн дөрөв дэх мөр нь:

Гэтлэхүйд хүргэх зам мөрийн үндэс сэтгэлд төрөхөд адислан соёрх оо.

Гэтлэхүйд хүргэх сэтгэлийн зам мөрийн тухай ярих үед үүнийг хэд хэдэн хэлбэрээр тайлбарлаж болох ба эдгээрийн нэг нь төвөд хэлний “лам-рим” (бодь мөрийн зэрэг) гэдэг үгээр бидний мэдэх гурван төрөлхтний сэдэл байдаг. Эдгээр мөрийн зэрэг нь гурван үе шат бүхий зорилго байна:

  • Эхний зорилго (бага төрөлхтний сэдэл) нь муу төрөлд төрөхгүй байж сайн төрөлд төрөх. Бид зовлон бэрхшээл нэлээд бага сайн төрөлд төрөхийг хүснэ, учир нь бид зам мөрөө үргэлжлүүлж чадах хамгийн тохиромжтой нөхцөлтэй болж чадах юм. Хэрэв бид жоом болж төрвөл зам мөрийн хувьд ахиц гаргахад хийж чадах зүйл их байхгүй байх болов уу. Муу төрлөөс зайлсхийхийн тулд шалтгаан ба үр дагавар болох харьцангуй үнэний талаарх өөрсдийн төөрөгдлийг арилгах хэрэгтэй. Муу төрлийн гол шалтгаан нь сөрөг зан байдал байх бөгөөд бид өөрсдийн үйлдлийн үр дагаврыг мэдэхгүй эсвэл тэр нь бидний асуудлыг шийдвэрлэнэ гэж боддог учраас сөрөг үйлдэл хийдэг.
  • Дунд түвшний зорилго (дунд төрөлхтний сэдэл) нь зовлон, эгэл жаргал болон эдгээрийн суурь болох хяналтгүй дахин дахин гарах төрөл гэсэн гурван төрлийн зовлонгоос бүгдээс гэтлэх. Үүний тулд бид хоосон чанарыг ойлгох замаар үнэмлэхүй үнэний талаарх өөрсдийн төөрөгдлийг арилгах хэрэгтэй. Бид Хутагтын дөрвөн үнэний талаарх ойлголтыг цаг үргэлж санаж байх хэрэгтэй болно. Эдгээр дээр цаг үргэлж нэгэн зэрэг төвлөрөх нь маш хэцүү. Ингээд бидэнд дараагийн үе шат хэрэгтэй болно.   
  • Гүнзгий түвшний зорилго (их төрөлхтний сэдэл) нь бусдад боломжит хамгийн сайн аргаар тусалж чадахын тулд Бурханы хутагт, гэгээрсэн төлөвт хүрэх. Үнэмлэхүй үнэн дээр төвлөрч байх боловч бид харьцангуй үнэнийг бүрэн ойлгож байдаг. Зөвхөн Бурхан эдгээр хоёр үнэн дээр цаг үрэлж нэгэн зэрэг төвлөрч чаддаг байна.

Хэрэв бид “Хоёр үнэнээс Дөрвөн үнэн; Дөрвөн үнэнээс Гурван эрдэнэ” гэсэн энэ мөрийг илүү гүнзгий түвшинд харвал энэ нь дээрх гурван төрөлхтний зорилгын үндэс, тэдгээр зорилгод хүргэх бүтээл байна. Үүнийг үндэс гэдэг, үндэс бол үр биш. Үндэс нь ургамалд тогтвор, хүч өгнө. Хэрэв бид эдгээр гурван зорилго нь хүрч болох, тэдгээр нь оршдог төдийгүй бид өөрсдөө түүнд хүрэх боломжтой байдаг нь бодит зүйл гэдэгт логик, учир шалтгааны үндсэн дээр суурилсан итгэл үнэмшилтэй байвал мэдээж энэ нь тэрхүү зорилгод хүрэх нийт зам мөрийн турш хадгалагдах тогтвортой байдлыг бидэнд өгнө.

Бусад тайлбаруудад эдгээр гурван төрөлхтний зам мөрийн үндэс нь номын багштай тогтоох багш шавийн барилдлага гэж үзэх ба үүнийг та лам-римын бараг бүх сургаалаас харах болно. Энэхүү харилцаа нь бид багшаасаа үлгэр дуурайл авах ба энэ нь тэдгээр зорилгод хүрэхээр үргэлжлүүлэн хичээх хүч, эрч хүч бидэнд өгдөг ийм үлгэр дуурайл байна гэсэн утгын үүднээс бүхий л зам мөрийн үндэс болдог.     

Зам мөрөөр хэрхэн тогтвортой урагшлах тухайд мөн хоёр хувилбар байгааг бид харна. Үүнд:

  • Нэг арга нь номын багштайгаа тогтоосон харилцаанаасаа авах хүч, үлгэр дуурайлыг ашиглах. Үүн дээр суурилан бид дараах учир шалтгаануудыг авч үзнэ: “Багш хамгийн үнэн зөв ойлголтыг өгдөг. Иймд багшийн гэгээрэлд хүрэх боломжтой гэж хэлж байгаа нь үнэн. Багшид аливаа зүйлийг зохиож хэлэх ямар ч шалтгаан байхгүй.” Ийнхүү үүнд тодорхой учир шалтгааны логик үндэслэл оролцсон байна. Гэвч ихэнх хүмүүс үүнийг сэтгэл хөдлөлийн түвшинд илүүтэй хүлээн авдаг ба энэ үед багш бидэнд сэтгэл зүйн хувьд маш их нөлөө бүхий үлгэр дуурайл болж энэ нь бидэнд зам мөрөөр явах гайхалтай хүч өгдөг. Энэ нь бодь сэтгэл төрүүлэх хоёр аргын эхнийхтэй төстэй юм. Энэ нь бид бусдад туслах сэтгэлд татагдан тэндээс гэгээрэл нь хүрэх боломжтой зүйл гэсэн итгэл дээр суурилсан гэгээрэлд хүрэх сэтгэлд татагдах янагуух бодь сэтгэлээр эхэлнэ гэсэн үг. Ингээд дараа нь энэ нь хүрэх боломжтой зүйл гэсэн учир шалтгаан дээр тулгуурласан итгэл үнэмшилтэй болдог.
  • Нөгөө талаараа, эхэлж үнэмлэхүй бодь сэтгэлийг төлөвшүүлэх бүтээлийн хэлбэр дээр төвлөрөх үед бид тус бадагт дүрсэлсний адил хоосон чанарын ойлголтонд итгэх итгэл төлөвшүүлдэг. Эхэлж бид тэдгээр зорилгод хүрэх боломжтой гэсэн учир шалтгаан дээр суурилсан итгэл үнэмшлийг төрүүлж, түүний дараа нь сэтгэлийг бусдад чиглүүлэн нээх зэргээр гэгээрэлд бодитойгоор хүрэхэд шамдах сэтгэл хөдлөлийн тал дээрээ хүчин чармайлт гаргадаг.      

Эдгээрийн аль аль нь зам мөрөөр явах хүчин төгөлдөр хэлбэр бөгөөд энэ нь бидний өөрийн түвшин, чадамж юу байхаас шалтгаална. Судар бүтээлүүд дээр хурц ухаантай тэдгээр төрөлхтнүүд нь учир шалтгааны тайлбарт суурилах нь тэдний зан чанарт илүү тохирно гэж үздэг бол бусад төрөлхтнүүд нь илүү сэтгэл хөдлөлийн үүднээс хичээл зүтгэл гаргадаг гэж тайлбарласан байдаг. Энэхүү хоёр дахь хэлбэрийн хувьд тэдэнд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл нь багш нарын үлгэр дуурайл болон асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлийг суурь болгон төлөвшүүлсэн сэтгэл хөдлөл байна.

Эдгээр хоёр аргыг тэнцвэржүүлэх нь олон талаар сайн байдаг гэж би боддог. Мөн бид үүнд гурав дахь тал болгон сүсгийн талыг нэмж болно. Зарим хүмүүст хэдэн мянган жилийн турш бүтээлчдийн хийж ирсэн зан үйлийг хийх, тэдгээрт оролцох явцад гэгээрэлд хүрэх зам мөрийг дагах хүсэл эрмэлзэл төрдөг. Зөвхөн тухайн нэг хэлбэр өөрт илүү тохиромжтой байгаа шалтгаанаар Бурханы шашны зам мөрд дагах бусад аргуудад шүүмжлэлтэй хандахгүй байх хэрэгтэй. Хэрэв бид өөрийг болон нөөц боломжоо бүрэн хөгжүүлэхийг хүсэж байвал эдгээр гурван аргыг тэнцвэртэй хэрэглэх хэрэгтэй.

Энэ бол Дээрхийн гэгээн Далай ламын зохиосон тэрхүү соёрхлын тухайн бадгийг тайлбарласан ерөнхий тайлбар юм. Багшийн минь хэлдэг байсанчлан саалийн адил эдгээр богино хэдэн мөрөөс бид олон утга санааг гаргаж авдаг.

Асуулт, хариулт

Хутагтын дөрвөн үнэнийг амьдралд хэрэглэх хэрэглээ

Хэрэв найз чинь цаг үргэлж ямар нэг зүйлд санаа зовж байвал уужуу тайван байж, юмсыг хүндээр хүлээж авахгүй байхыг зөвлөж болно. Энэ бол өөрт болон бусдад аль алинд сануулж болох зүйл. Гэвч би хувиа хичээж байгаа мөн бусадтай холбоотой ямар нэг асуудал шийдвэрлэж байгаа үед өөрийг эрхэмлэх сэтгэлийн тусгал, бодит байдал юу болохыг тодорхойлохыг мартахгүй байх үүднээс хэрэглэж болох ямар нэг маань тарни эсвэл санаж байх зөвлөмж, сануулга бий юу?

Төвөдийн эрдэмт мэргэн Богд Зонховын тайлбарласнаар бид хоосон чанар дээр атхаг үгүй (ерөнхий дохио, утгаар төсөөлөн бариагүй; төсөөлөх ойлголтгүй) ухаанаар шууд төвлөрч байгаагаас бусад үед бидний сэтгэлийн үйл ажиллагаа нь оршихуйн байх боломжгүй хэлбэрүүдийг тусгаж байдаг. Няцаах орон (хаагдахуун) нь гүн бясалгалд байгаагаас бусад үеийн бидний туулах агшин бүрийн туулж эдлэх зүйл байна.

Бидний тусгадаг алдаатай үзэгдлүүдийг эвдэхэд тус болох олон жижиг зүйлүүд байдаг. Тус болох нэг дүрслэл гэвэл бодит бус төсөөллийн “бөмбөлгийг хагалах.” Гэвч үүнийг нэг үзүүртэй зүйл барьсан “би” энд, нөгөө талд нэг том бөмбөлөг байх бөгөөд “би” явж очин тэрхүү бөмбөлгийг хагалахтай адил ийм дуалист (хувиршгүй хоёр тусдаа элементүүд байх тухай) ойлголтоор ойлгохгүй байх хэрэгтэй. Энэ бол ердөө юмс хэрхэн оршдог талаарх хэтрүүлэл бүхий тэр нэг ойлголтын бөмбөлөг хагарах тухай асуудал юм. Алдаатай үзэгдэл нь  “Тэр үнэхээр муу хүн” эсвэл “Миний байгаа нөхцөл байдал үнэхээр муу байна” гэх мэтээр харах явдал байж болох ба бид эдгээрийг бүхий л шалтгаан ба үр дагаврын нөхцөлд, бусдыг мөн адил ийм зүйл туулдаг гэж хардаггүй. Ингээд бид өөрийг “Би ядарсан хүн!” гэж боддог. Бид энэ бүх ойлголтыг ердөө эвдэрч байхгүй болж байна гэж төсөөлнө.

Өөр нэг дүрслэл гэвэл нэг дэлгэж тавьсан ном байх ба дэлгээстэй хоёр хуудсын нэг нь “Би ийнхүү ядарч байгаа” тухай, нөгөө нь бидний шийдвэрлэж чадахгүй байгаа таагүй нөхцөлийн тухай байна. Энэ нь нэг үнэхээр таагүй үлгэр мэт байна. Бид тэрхүү номыг хааж, тэр нь үлгэрийн төгсгөл болж байгаагаар дүрсэлж болно. Өөрөөр хэлбэл, бид үүнийг дуалист үзлийн номыг хааж байгаагаар харна.  

Хэрэв та ямар нэг маань тарни хүсэж байвал бидэнд харагдаж байгаа зүйл нь үнэндээ ямар ч утгагүй зүйл гэдгийг санах үүдээс “утгагүй зүйл” гэдэг үгийг давтан давтан хэлж болох юм. Энэ хамгийн их хэрэг болох үе бол маш хүчтэй сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл төрөх үе байна. Төвөд хүмүүсийн хэрэглэдэг нэг жишээ бол таныг ямар нэг зүйл хийсэн хэмээн андууран буруутгах үед “Би түүнийг хийгээгүй. Намайг худалч, хулгайч гэж хэлэх гээд байна уу?!” гэх маш хүчтэй тэр мэдрэхүй төрөх үе юм. Бодитой байх мэт нэг би-гийн хүчтэй мэдрэмж төрдөг үе.

Бурханы шашны болон бусад Номын шашин хоорондын ялгаа

Та Номын өөр шашнууд байх ба тэдгээр нь асуудлууд болон тэдгээрээс гарах гэтлэхүйн талаар бас ярьдаг тухай дурдсан. Мэдээж шашин тус бүр өөрийн аргыг хамгийн сайн гэж хэлэх болов уу. Иймд та Бурханы шашны хувьд бусдаас ялгарах онцлог зүйл нь юу болох талаар хэлж өгнө үү?

Таны зөв. Хиндү шашин, Бурханы шашин, Жэйнийн шашин бүгд хяналтгүй дахин дахин гарах төрлөөс гэтлэх тухай ярьж, гэтлэхүйн төлөв нь ямар зүйл байдаг талаар тайлбарладаг. Тус бүрдээ гэтлэхүйд хүрэх арга зам нь бодит байдлыг тайлбарлах тэдний арга, бодит байдлыг ойлгох ойлголтоор явагдана гэж хэлдэг. Энэ үүднээс Бурханы шашин нь Энэтхэг шашны хэлбэрт бүрэн нийцдэг. Бурханы шашны ялгарах онцлог нь үнэндээ Хутагтын дөрвөн үнэн юм. Бурханы шашинд дараах байдлаар авч үзнэ. Үүнд:

  • Бусад шашнууд зовлон гэж юу болохыг тодорхойлж болох боловч Бурхан багш жинхэнэ зовлонг авч үзсэн;
  • Бусад шашнууд үл мэдэхүйн тодорхой нэг хэлбэр нь зовлонгийн шалтгаан болох талаар ярьж болох боловч Бурхан багш түүний жинхэнэ шалтгаан, хамгийн гүнзгий түвшний үл мэдэх явдлын талаар ярьсан;
  • Номын бусад шашнууд ашид үргэлжлэхгүй, эсвэл зовлонг бүрэн арилгахгүй нэг төрлийн (зовлонгийн) хорихуйг авч үзэж болох юм;  
  • Бусад шашны гаргаж тавьдаг ойлголт нь таныг тодорхой төлөвт хүргэх боловч энэ нь таныг гэтлэхүйд (амгаланд) хүргэж чадах сэтгэлийн жинхэнэ зам мөр биш байна.

Мэдээж бусдууд Бурханы шашны тухайд адил зүйлийг хэлнэ. Иймд бодит байдал юу болохыг сайтар нягталж үзэх ёстой. Бидний тус бадгаас харсанчлан зам мөрийн гол суурь нь – энэ нь зөвхөн Бурханы шашинд бус Хиндү, Жэйнийн шашинд ч адил байна – бодит байдлын талаарх үзэл юм. Үүнийг логик, бодит мэдэхүй, ойлголтоор шалгаж үзэх ёстой.

Зам мөрийг энэ насандаа илүү сайхан сэтгэлтэй, илүү энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болох үүднээс эсвэл гэтлэхүйд хүрэх үүднээс дагах хоёрын хооронд их том ялгаа байдаг. Хэрэв бид гэгээрлийн тухай ярьж байгаа бол та аль тайлбар нь хамгийн үнэн зөв болохыг логик болон мэтгэлцээн дээр суурилан шалгаж үзэж болно. Гэвч зам мөрийг дагаж буй ихэнх хүмүүс үнэндээ гэтлэхүйд зориогүй байдаг. Тэд түүнд зорьж буй гэж хэлж болох боловч тэр нь юу гэсэн үг болох талаар ямарч ойлголтгүй, зөвхөн энэ насны амьдралаа сайжруулахыг хичээж байдаг. Энэ бол зүгээр, үүнд буруу зүйл байхгүй.

Дээрхийн гэгээн Далай ламаас ямар шашин хамгийн сайн шашин болох талаар асуухад тэрбээр танд хувь хүний тань хувьд илүү сайхан сэтгэлтэй, илүү энэрэн нигүүлсэнгүй хүн болоход тань туслах тэр шашин хамгийн сайн шашин байна хэмээн хариулсан байдаг. Хүн бүр өөр учраас бид энэрэн нигүүлсэх сэтгэл, ач санах, тэвчээр, уучлал гэх мэт сэтгэлийг төлөвшүүлэх бусдаас илүү зөв нэг арга зам байна гэж үнэндээ хэлэх боломжгүй. Тэдгээрийг олон өөр шашны аргаар адилхан төлөвшүүлж болно. Энэ бол шашны эе эвийн суурь юм.

Зам мөрөөр хэрхэн урагшлах вэ?

Зам мөрдөө ахиц хэрхэн гаргах талаар асуухыг хүссэн юм. Зөвлөлт Холбоот Улсын үед бид эдийн засгаа хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөтэй байдаг байсан. Бурханы шашны бүтээл хийж эхэлж байгаа тэдгээр хүмүүст зориулан зам мөрөөсөө гарч төөрөхгүй байх үүднээс нэг жил, эсвэл гурав, таван жилийн туршид хийж болох зүйлийн талаар зөвлөгөө өгч болохсон болов уу?

Хамгийн нийтлэг, зөв арга зам бол, юутай ч миний суралцаж ирсэн уламжлалуудад, мөрийн зэрэг буюу лам-римын дагуу суралцах явдал юм. Үүнд зам мөрөөр урагшлах үүднээс бидний ойлгох, ухаж ухаарах, төлөвшүүлэх хэрэгтэй зүйлүүдийг үе шаттай үзүүлсэн байдаг.

Лам-римд суралцах уламжлалт арга нь та нэг сэдвийг аван, дараагийн сэдэв юу байхыг мэдэхгүйгээр түүнд суралцдаг явдал юм. Нэгэнт та тухайн хэсгийг ойлгосон бол дараагийн хэсэг рүү орно. Орчин үед нийт зам мөрийг нэг номонд багтаах болсон учраас та бүгдийг нийтэд нь унших боломжтой болсон. Гэвч та хэсэг тус бүр дээр тодорхой хугацаа зарцуулах шаардлагатай. Бүр бүх зүйлийг нийтэд нь уншсан байсан ч та дахин эхнээс нь эхлэн тэдээр санаанууд бусад ойлголтуудтайгаа хэрхэн холбогдож байгааг харах хэрэгтэй болно.

Ахиц нь хэзээ ч шулуун өсөлттэй байдаггүй, харин үргэлж өгсөж, уруудаж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Иймд хэрэв нэг өдөр энэ нь маш сайн байж, дараагийн өдөр нь тааруухан байвал үүнд гайхах зүйл үгүй. Та ердөө үргэлжлүүлсээр байх хэрэгтэй болно. Багшийн минь хойд дүрийн (нэг залуу хүн бий) хэлсэн миний дуртай тэр хэллэг бол: “Үүнд онцгой зүйл юу ч үгүй.” Таны туулж эдэлж байгаа зүйлд онцгой зүйл юу ч үгүй. Сайн, муу байж л байдаг. Тэгээд яах билээ?

Иймд 5 жилийн төлөвлөгөө гаргана гэдэг бол бодит байдалд нийцэхгүй, учир нь хүн бүр өөр өөр ахиц гаргаж байдаг. Гэвч, Дээрхийн гэгээн Далай лам ямар нэг ахиц гаргаж буй эсэхээ мэдэх нэг арга бол түүнийг өдөр өдрөөр эсвэл сар сараар харах бус харин 5 жилийн мөчлөгийн үүднээс харах явдал гэж хэлдэг. Бид өмнө нь асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг байснаа одоо бид хэрхэн шийдвэрлэж байгаатай харьцуулж болно. Бид илүү тайван болсон байна уу? Ийнхүү бид өөрсдийн ахицыг харж болно.  

100 000 мөргөл хийх, аврал одуулах гэх мэт зэхэл бүтээлүүд болох бумш хийх өөр нэг хэлбэр байдаг. Хүмүүс гол төлөв үүгээр эхэлдэг. Эдгээрийг би Ном сургаалыг бүтээж зам мөрөөр урагшлах хоёр арга гэж боддог. Та бумш хийж эхлэх үед энэ нь гол төлөв багшаасаа ихээр үлгэр дуурайл авч байгаа явдал дээр суурилсан байдаг. Та их зүйл мэдэхгүй байж болох ч багшаасаа үнэхээр их үлгэр дуурайл аван түүний тайлбарлан хэлсэн зүйлүүд ач тустай байна гэсэн итгэл үнэмшилтэй болсны үндсэн дээр тэдгээр тус бүрийг зуу, зуун мянган удаа хийх бүтээлүүд болох бумшуудыг хийдэг.

Миний өөрийн суралцсан арга бол тус бадгаар миний тайлбарласан, Далай ламын өөрийнх нь гол төлөв зөвлөдөг тэр арга юм. Эхэлж зам мөрийн зорилго юу болох, тэр нь боломжтой эсэх талаар ойлголт аван, түүнд итгэл үнэмшилтэй болж, дараа  нь бумш хийх.

Мэдээж эдгээрийн хооронд дундыг барьж болно. Бумшийг хийж эхлэх зуур та мөн тэрхүү зорилго нь хүрч болох зорилго гэсэн итгэл үнэмшил олж авах үүднээс хичээн суралцаж болно. Эсвэл сургаалыг судлан бүтээх явцдаа эхнээс нь бумшийг хийж эхэлж болно. Ийнхүү тэдгээрийг хослуулах өөр өөр хэлбэрүүд байна. Хэрэв та миний тайлбарласан энэхүү бүтцийн хүрээнд өөр өөр төвөд багш нарын Ном заах өөр өөр аргуудын талаар бодож эхэлж байгаа бол тэдгээр нь үүнтэй нийцнэ гэж би бодож байна. Энэ нь Нагаржуна гэгээнээс болон бодь сэтгэлийг төрүүлэх хоёр арга болох эхэлж янагуухыг, дараа нь үнэмлэхүйг, эсвэл эхэлж үнэмлэхүйг дараа нь янагуухыг төрүүлэх тэдгээр аргаас эхлэлтэй.

Дүгнэлт

Хутагтын дөрвөн үнэн нь хоёр үнэнд гарах бодит байдлын талаарх Бурханы шашны сургаалтай, мөн Гурван эрдэнэтэй хэрхэн холбогдож байгааг харах нь маш гүнзгий түвшний дүн шинжилгээ байна. Энэ нь зөвхөн тэдгээр Үнэнүүд болон Эрдэнүүд юу болохыг тайлбарлаад зогсохгүй Бурханы шашны гүн ухаан, бүтээлийн бүтцийг маш тодорхой харуулдаг. Бид Дээрхийн гэгээн Далай ламын бичсэн товч боловч маш оновчтой хэлсэн нэг бадгийг эдгээр ойлголтуудыг цааш нь шинжлэх суурь болгон авч үзсэн. Үр дүнд нь бидний ойлголтыг нэмэгдүүлэх логик дарааллыг төдийгүй Бурханы шашны үндсэн ойлголт тус бүр нь хэрхэн нэг нэгэнтэйгээ холбогдож байдгийг харлаа. Ийнхүү маш нарийн төвөгтэй, харилцан хамаарал бүхий шашны нэг зам мөр бидэнд ил болж байна.           

Top