Аврал: Амьдралын утга учиртай, аюулгүй зам мөр

33:21
Аврал одуулах нь Бурханы шашны бүх сургаал, бүтээлийн суурь юм. Үүнийг “Бурханы шашны зам мөрд орох үүд” гэж нэрлэдэг. Аврал одуулах гэдэг нь өөртэйгөө ажиллах гэсэн утгатай болохыг ойлгох үед түүнийг амьдралд аюулгүй, утга учиртай зам мөр гаргах идэвхтэй үйл явц байна гэж харна. Бид Бурхан багшийн заасан өөрсдийн төөрөгдөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, өөрийн эрхгүй гаргадаг зан байдлыг арилгаж, бүх сайн чанарыг төлөвшүүлэх аргуудыг дагаж өөртэйгөө ажилладаг. Энэ бол бүх Бурхадын хийсэн, хутагт бүгдийн хийж буй, тэднийг дуурайн бидний даган хийхийг оролдож буй зүйлүүд юм.

Өдөр тутмын амьдралд хийх Бурахны шашны бүтээлийн зорилгын талаарх буруу ойлголтыг арилгах

Өдөр тутмын амьдралд аврал одуулж байхын ач холбогдлын талаар ярьж өгөхийг надаас хүссэн. Үүнтэй холбоотойгоор X зууны сүүлээр Төвөд уруу явсан Энэтхэгийн их бүтээлч болох Атиша гэгээний нэг жишээ санаанд орж байна. Тэрээр Бурханы шашин Энэтхэгээс Төвөдөд дэлгэрсэнээс хойш доройтоод байсан үед дахин түүнийг сэргээхэд тусалсан мэргэдийн нэг байсан юм. Тэр үед Төвөдөд нөхцөл байдал ялангуяа тарнийн сургаал болон зарим гүнзгий түвшний сургаалын талаар маш их буруу ойлголт газар авсан байдалтай байв. Үнэхээр сайн эрдэм боловсролтой багш нар байхгүй байв. Сургаалыг илүү тодорхой тайлбарлаж чадах багш үнэхээр байсангүй. Орчуулагдсан тодорхой тооны зохиолууд байсан ч олон хүмүүс уншиж чадахгүй мөн олон хувь ширхэг байсангүй. Хэдийгээр тэд уншиж чадсан ч утгыг нь тодруулахад маш хэцүү байлаа.

Энэ нөхцөл байдалд туслахаар Төвөдийн баруун нутгийн нэгэн хаан маш зоригтой хэдэн шавийг Энэтхэгээс Бурханы шашны сайн багш урьж ирүүлэхээр илгээв. Тэд явган аялж, хэлийг нь сурч, цаг агаарт нь дасах шаардлагтай болов. Тэдний олонх нь ийнхүү явах замдаа болон Энэтхэгт очоод нас барцгаав. Гэвч тэд Энэтхэгийн их бүтээлч Атиша гэгээнийг Төвөдөд урьж авчирч чадсан юм. Олон жилийн турш түүний голлон заасан зүйл нь аврал, үйлийн үрийн тухай сургаал байлаа. Үнэндээ түүнийг “Аврал, үйлийн үрийн багш” гэдэг байв. Энэ бол төвөдүүдийн түүнд өгсөн нэр.

Атиша гэгээний жишээ өнөө үед ч нэлээн ач холбогдолтой санагдаж байна. Орчин үед мөн адил Бурханы шашин болон түүний бүтээл нь өдөр тутмын түвшинд ямар утга учиртай болох талаар төөрөгдөл их байна. Мөн тарнийн болон бусад гүнзгий түвшний сургаалуудын талаар ч буруу ойлголт их байна. Хүмүүс Бурханы шашны сургаалын багахан ойлголттойгоор эсвэл ямар ч суурь ойлголтгүйгээр эдгээр бүтээлүүд уруу ордог. Тэд ямар нэг ид шид бүхий зан үйл хийхийг Бурханы шашны бүтээл хийх гэж ойлгодог. Аврал одуулахын зохистой холбоо, ач холбогдлыг мөн тэдгээрийн өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөөг бууруулснаар юу чухал болохыг ойлгомжгүй болгодог.

Бурханы шашны бүтээл нь бидний амьдралын нөхцөл ямар ч байсан түүнээс хамаарахгүй, илүү сайн хүн болохын тулд өөрийгөө хөгжүүлэхийг оролдох, өөртэйгөө ажиллахад чиглэдэг. Энэ бол ажил амьдралын хажуугаар өдөрт нэг хагас цаг, эсвэл долоон хоногт нэг удаа ядарсан үедээ ажлынхаа дараа богино хугацаанд хийдэг спорт, хобби мэтийн зүйл биш. Харин цаг үргэлж – байнга өөртэйгөө ажиллах дадлага ажил адил зүйл. Энэ нь өөрийн сул тал, сайн тал аль алиныг таньж эхнийхийг багасгах, удаахыг улам сайжруулах аргад суралцах гэсэн үг. Эцэстээ бүх сул талаа арилгах, бүх сайн чанарыг эзэмших зорилготой. Мэдээж бид үүнээс амьдралд илүү аз жаргалтай байхын хувьд ач тус хүртэх боловч тэдгээрийг зөвхөн өөрийн тусад хийдэггүй. Энэ нь бусдад мөн адил илүү үр өгөөжтэй тусална гэдгээрээ бусдын тусад бас зориулагддаг. Энэ бол Бурханы шашны бүтээлийн утга санаа. Бурханы шашны онцлог болгож байгаа зүйл нь эдгээр зорилгуудад хүргэхэд оролцож буй аргууд бөгөөд аврал гэдэг нь энэ аргуудыг авч үзэж, тэдгээрийг амьдралдаа хэрэглэх явдал юм.

Видео: Рингү Түлкү — “Номын бүтээл гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Аврал нь идэвхгүй зүйл биш

Гурван эрдэнэд аврал одуулах нь – Бурхан, Ном, Хуврагийн чуулган – Бурханы шашны бүх сургаалд чухал байр суурьтай. Үнэн хэрэг дээрээ, аврал одуулах нь Бурханы шашинтан байх үгүй хоёрыг заагладаг онцлогтой. Товчоор хэлбэл, Ном өөртэйгөө ажиллах болон тэдгээр зорилгод хүрэх аргуудыг илэрхийлнэ; Бурхад тэдгээр аргуудыг заасан, тэр зорилгод хүрсэн; харин Хувраг тэр зорилгуудын заримд нь хүрсэн төрөлхтнийг илэрхийлнэ. Ном буюу “Дхарма” гэдэг үг “сэргийлэх арга” – өөрт болон магадгүй бусдад бас асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэх алхамууд гэсэн утгатай. Өөрийгөө хамгаалах үүднээс авах алхамууд юм.

Хэдийгээр санскрит эх үг шарана нь ихэнх тохиолдолд “аврал” гэж орчуулагддаг боловч шарана гэдэг нь “хамгаалалт” гэсэн утгатай үг бөгөөд түүнийг бүр “хорогдох газар” ч гэж орчуулах боломжтой. Энэ утга Ном гэдгийн утгад таарч байна. Энэ нь хамгаалалт үзүүлэх гаднын нэг зүйлд өөрийгөө өгөх хэрэгтэй гэсэн идэвхгүй утгатай бус. Бурханы шашны хувьд “аврал одуулах” нь маш идэвхтэй бүтээл; бид өөрийгөө хамгаалахын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй шүү дээ.

Манай багш нарын ихэвчлэн хэрэглэдэг байсан дараах жишээг сайтар бодолцож үзээрэй. Бороо орж байх бөгөөд ойрхон нэг агуй байна гэж бодъё. Хэрэв “Би энэ агуйнаас аврал эрж байна; Би энэ агуй уруу хорогдохоор очно” гэж хэлээд бороонд гадаа зогсон тэрхүү бадгаа давтсаар байх юм бол ямар ч тус болохгүй шүү дээ. Бид үнэндээ агуй дотор орох ёстой. Үүний адилаар хэрэв бид “Бурхан, Ном, Хуврагийн чуулганд аврал одуулъя, тэднээс хорогдох газар айлтгая” гэж ердөө хэлээд, үнэндээ тэдний зам мөр дотогш орохгүйгээр, тэдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол энэ бас тус болохгүй. Өөрсдийгөө асуудлаас хамгаалах гэж байгаа тул бид тэдний илэрхийлсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм учраас би “аюулгүй зам мөр”, “амьдралдаа аюулгүй зам мөр гаргах” гэдэг үг хэллэгийг хэрэглэдэг юм.

Агуйтай холбоотой дүрслэлийг үргэлжлүүлбэл, ердөө агуй дотор орж, тэнд зогсон ийнхүү байснаар бороонд норохоос төдийгүй амьдрал дахь бидний бүх асуудлуудаас ямар нэг байдлаар аврагдана гэж найдаж байвал энэ огт хангалтгүй. Гол нь бид Бурхан, Ном, Хуврагийн илэрхийлж буй тэдгээр зорилгод хүрэхийг хичээн өөртэйгөө тасралтгүй ажиллах хэрэгтэй. Хэрэв бид Бурхан, Ном, Хуврагийн хамгаалалтанд орох нь хангалттай гэж бодвол энэ нь Христийн шашны хувийн авралын талаарх үзэлтэй холилдож, Бурхан биднийг ямар нэг байдлаар аварна гэж ойлгоход маш хялбар болно. Энэ тохиолдолд Бурхан нь Эзэн тэнгэртэй адил, Хувраг нь Гэгээн ариун явдалтан нартай адил болно. Эцэст нь хэлэхэд, ихэнх Барууны нийгмүүдэд Христийн шашны нөлөө бүхий зарим тогтсон ойлголтууд байдаг. Ийм ойлголтоор, бид ямар нэг байдлаар ер бусын нэг хүч илбийн маягаар бидний аварна гэж боддог. Бурханы шашны хэллэгээр илэрхийлбэл энэ нь бидний бүх асуудал, зовлонг илбэдэж арилгах гэсэн үг болно.

Хэрэв ийм байсансан бол бидний хийх ёстой зүйл төвөд хэл дээр нэр авч, улаан зангиа утас зүүж, ид шид бүхий тарнийн үг уншиж, хүчтэй залбирах бөгөөд үүгээрээ бид ямар нэг байдлаар аврагдах ёстой болно. Тэр дундаа хэрэв бид ерөөл, бүтээлийн уншлагаа төвөд хэл дээр уншдаг, түүнээс нэг ч үг ойлгодоггүй бол тэдгээрийг бүр улам илүү илбийн хүчтэй хэмээн бодох болов уу. Нэгэн том лам болох Дзонгсар Кхьенце Ринбүүчи саяхан миний амьдардаг хот Берлинд ирсэн. Түүний хэлсэн зүйл үнэхээр гүнзгий утгатай. Тэрээр хэрэв төвөд хүмүүс бүх бүтээлийн уншлагаа герман хэл дээр гэвч төвөд үсгээр галигласнаар уншиж, уншиж байгаа зүйлийнхээ талаар огтоос ямар ч ойлголтгүй байвал хичнээн төвөд хүн үнэндээ Бурханы шашны бүтээлийг хийх байсан бол гэж гайхаж байна хэмээсэн. Мэдээж тэгж хэлэхэд нь бүгд инээсэн. Ингэж бодож үзэх юм бол энэ үнэхээр гүнзгий утгатай байгаа биз, тийм үү? Авралыг бидний асуудлыг шийдэх ямар нэг ид шидийн, нууцлаг шийдэл санал болгодог, бидний хийх ёстой зүйл бол нэг үгээр хэлбэл ямар нэг илүү хүчинд өөрийгөө тушаах гэж харах хандлагыг арилгах нь маш чухал.

Энд гарч буй жинхэнэ асуудал бол: “Би яах гэж амьдарч байна вэ?” “Миний амьдрал хаашаа чиглэж байна вэ?” Бидний ихэнх нь амьдрал ямар нэг зүйлд чиглээгүй байгааг ойлгосон байдаг; ердөө нэг тойрогт эргэлдэж байгаа мэт санагддаг. Энд бид дахин төрөл гэх мэт илүү гүнзгий түвшний тойрог, тэр бүх зүйлийн тухай ярих шаардлагагүй. Ердөө бидний өдөр тутмын амьдрал хаашаа ч чиглээгүй, утгагүй мэт санагддаг. Яах гэж бид амьд сэрүүн байна вэ? Ингэж бодвол үнэхээр гунигтай болно, тийм үү? Энэ тийм сайхан бодол биш. Иймд бид амьдралдаа ямар нэг утга учиртай чиглэлтэй, ямар нэг зорилготой байх хэрэгтэй. Энэ бол маш идэвхтэй үйл явц. Амьдралдаа ямар нэг утга учиртай зорилготой бол бид юу хийхээ мэднэ. Энэ нь бидэнд илүү найдвартай, баттай сэтгэгдэл төрүүлнэ, тийм биз дээ?

Видео: Рингү Түлкү — “Бурханы шашин идэвхгүй шашин уу?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Амьдралын утга учиртай зорилготой байх

Амьдралд ямар зорилго тавьж болох вэ? Ихэнх тохиолдолд бид зорилгыг бидний байж байгаа тэрхүү сэтгэлд хүрэхгүй нөхцөлийн үүднээс тодорхойлж, түүнээс гарах явдлыг амьдралын зорилго болгодог. Илүү гүнзгий түвшинд авч үзвэл хүн бүр жаргалыг хүсдэг, хүн бүр зовлон хүсдэггүй гэж хэлж болно. Энэ бол Бурханы шашны гаргаж тавьдаг нэг аксиом (батлах шаардлагагүй илэрхий үнэн) бөгөөд үүнд тодорхой хэмжээний биологийн хүчин зүйл бүхий үнэн бий. Бид өвчин зовуураас зайлсхийхийг хүсдэг. Бид зовлон зүдүүрээс зайлсхийхийг хүсдэг. Бид хүндрэл бэрхшээлээс зайлсхийхийг хүсдэг. Бүр шавьж, хорхой хүртэл түүнийг хүсдэг, тийм биз дээ? Энэ бол бидний зорилго.

Асуулт нь: бид ямар хэмжээний зовлон эсвэл сэтгэл ханамжгүй байдлыг харж байна вэ? Бидний тавьсан зорилго зөвхөн тухайн нэг асуудлыг хамарсан байна уу, эсвэл бидэнд байгаа бусад бүх асуудлыг хамарч байна уу? Жишээ нь: асуудал нь бид ядуу, эдийн засгийн хүндрэлд байж болно. Тэгвэл бидний зорилго сайн ажил олж, их мөнгө олох. Хэрэв сайн ажил байхгүй бол сайн гэмт хэрэгтэн болж, хурдан баяжих. Юу ч байсан хамаагүй, яаж ийж байгаад их мөнгө олох. Гэвч хэрэв бид их мөнгөтэй хүмүүсийг ажиж, эсвэл тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, тэдний амьдралынхаа талаар илэн далангүй ярихыг сонсвол тэд огт зовлонгүй байна гэж байхгүй юм гэдгийг олж мэднэ. Тэдэнд мөнгө нь ердөө хангалттай хүрдэггүй. Хэдэн саятай байх нь хамаагүй тэд үргэлж илүү ихийг хүснэ. Сэтгэл нь хэзээ ч ханадаггүй.

Энэ надад их сонирхолтой санагддаг. Нэг тэрбум доллартай хүмүүс байна гэж бодъё. Гэвч дэлхийн эдийн засгийн хямралаас болж одоо хагас тэрбум доллартай үлдсэн байна. Тэд ердөө хагас тэрбум доллартай үлдсэн болохооор найдваргүй мэт санагдаж ямар нэг хандив тусламж, хүмүүнлэгийн ажилд оролцохоо больдог. Хэн нэгэнтэй хуваалцахаасаа өмнө түүнийгээ хадгалж, яаж ийгээд эргүүлж нэг тэрбум болгоно гэж боддог. Ингээд тэд цаг үргэлж хөрөнгийн зах зээлийн мэдээ харж, ноогдол ашгаас их мөнгө алдах вий гэж өдөр бүр санаа зовно. Тэд гэр орноос нь хулгай хийж, хүүхдүүдийг барьцаалах вий хэмээн эмээж хувийн хамгаалагч зэрэг өөр бусад хамгаалалтыг бас авна. Латин Америкийн чинээлэг хүмүүст энэ нийтлэг байдаг. Мөн өөрт нь сайн хандаж байгаа хүнийг зөвхөн тэдний мөнгөд болж байна гэж үргэлж сэжиглэнэ. Хэдийгээр тэдэнд ядуу байх зовлон байхгүй байж болох ч их мөнгөтэй холбоотой өөр асуудлууд гарцаагүй байх нь ойлгомжтой.

Орчлонгийн зорилгуудын суурь батгүй

Их мөнгөний хажуугаар өөр олон “орчлонгийн зорилгууд”-ыг Бурханы шашинд дурддаг. “Орчлонгийн” (англ. worldly) гэдэг үг англи хэлэнд сөрөг утгатай, бараг муушаасан утгатай мэт байдаг. Энэ бол асуудлын гол биш. Миний багш Сэркон Ринбүүчи “орчлонгийн” (англ. worldly) гэж орчуулагддаг жиг-тэн гэдэг төвөд үгийн бодит утгыг гаргах үүднээс хоёр үеийг нь тус тусад нь тайлбарласан байдаг. Тэдгээр нь эвдрэх (жиг) суурьтай (тэн) юмыг илэрхийлдэг. Хэрэв бид нурж унах зорилго тавивал мэдээж энэ нь бидэнд удаан хугацааны жаргал авчрахгүй. Баттай суурьгүй учраас энэ нь ердөө улам их асуудал авчирна.

Жишээ нь, бидний амьдралын зорилго сайхан гэр бүлтэй болж, насны эцэст асран хандах олон хүүхэд төрүүлж өсгөн, жаргалтай, тайван сайхан амьдрах гэж бодъё. Гэтэл үргэлж бодсоноор болдоггүй, тийм биз дээ? Өөр нэг жишээ гэвэл алдар нэртэй болохыг тэмүүлдэг. Хэдий их алдартай болно төдий чинээ олон хүмүүс төвөг удаж, цагийг минь үрэх гэдэг. Бид олон хүмүүс хүрээлэн авч, хувцаснаас нь тасалж авахыг хүсэх гэх мэт олон зүйлээс шалтгаалан зүсээ өөрчлөх үүднээс ямар нэг зүйл зүүж, өмсөхгүйгээр гадагш гарч чаддаггүй кино одуудыг харж болно. Үнэндээ од байх нэлээн хэцүү.

Хэрэв бид өөрийн амьдрал уруу нухацтай харвал тодорхой нэг материаллаг тав тухтай орчин нөхцөлтэй байгаад, өөрийн эргэн тойрны хүмүүстэй сэтгэл санааны хувьд таатай байхаар зохион байгуулалтыг хийсэн ч энэ нь амьдралын бүх асуудлуудыг даван туулахад тийм хангалттай сайн туслахгүй. Учир нь бидэнд уур бухимдал, тачаал, шунал, атаа, омог, юм мэдэхгүй гэнэн байх гэх мэт эдгээр бүх зүйл байгаа цагт “орчлонгийн” гэх түвшинд хэдий амжилттай байсан ч асуудал, бэрхшээл бидэнд байсаар байна.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд

Бурханы шашин хойд төрлүүдийн тухай мөн хэрэв бидэнд “сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд” гэж нэрлэдэг зүйлүүд байгаад тэдний нөлөөгөөр өөрийн хяналтгүйгээр үйлдлүүдийг хийж, сөрөг ул мөрийг сэтгэлдээ хураах юм бол ирээдүйн амьдралуудад бидэнд тохиолдож болох олон янзын зовлон бэрхшээл, таагүй зүйлүүдийн тухай ярьдаг. Бурханы шашны тайлбаруудад, хэрэв бид юу бидэнд сайн болохыг мэдэж байвал энэ бүгдийг тусгүй хэмээн тэдгээрээс зайлсхийх ёстой, учир нь сэтгэлд дэх сөрөг ул мөр асуудал, зовлон авчирдаг гэж гардаг.

Гэтэл ихэнх барууны хүмүүс хойд төрлүүдэд итгэдэггүй эсвэл байдаг гэж баттай итгэдэггүй учраас энэ санааг зөвхөн энэ насны амьдралын хүрээнд авч үзэж болно. Одоогийн амьдрал уруугаа харцгаая, хэрэв бид сайтар ажиглаж харвал бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлуудын уг сурвалж нь сэтгэл дотроо байдаг. Гадаад хүчин зүйлүүд нь зөвхөн тэдгээрийг гаргаж ирэх нөхцөл болдог. Үнэндээ сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд – бидний уур, тачаал, шунал зэрэг нь – бидний сэтгэлийн тайван байдал, баяр баясгаланг булаан авдаг зүйлүүд байдаг. Тэдгээр нь бидэнд байх сайн чанаруудаа ашиглахыг хорьдог зүйл. Бид хэн нэгэн хүнд туслахыг хичээж болно, энэ бол сайн чанар, гэтэл бид тэдэнд бухимдаж уурладаг. Бид тэдэнд сайн зөвлөгөө өгөхийг хичээхэд тэд хүлээн авдаггүй эсвэл бидэнтэй маргаж, бид тэвчээр алддаг. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд хэн нэгэнд туслахаас биднийг үнэхээр хорьж байдаг.

Ялангуяа энэ нь бидний хүүхдүүдтэйгээ харилцах явцад тохиолдох нь бүр хэцүү. Бид тэдэнд юу хамгийн сайн байхыг мэдэж байхад, бидний хэлсэн зүйлйг хийхгүй байх үед тэвчээр алдаж, тэдэнд бухимддаг. Энэ нь хүүхэд бидний хооронд хэцүү харилцаа үүсгэдэг, тийм биз дээ? Гол санаа нь хэрэв бид энэ талаар ямар нэг зүйл хийхгүй бол асуудал улам бүр муу болно гэдгийг ойлгох явдал. Нас ахих хэрээр бидэнд тийм их хүч чадал байхгүй болохоор бид бага зэрэг зөөлөн болж болох ч энэ нь бидний уур бухимдал гэх мэт тэдгээр зүйлүүд өөрөө аяндаа арилна гэсэн үг биш юм. Тэд элэгдэж алга болдоггүй.

Эдгээр тохиолдож болзошгүй зүйлүүдтэй холбоотойгоор төлөвшүүлэх хэрэгтэй нэг зүйлийг Бурханы шашинд “айдас” (англ. fear) гэдэг үгээр илэрхийлдэг. Гэвч “айдас” (англ. fear) гэдэг үг ихэнх хэлэнд нэг хэцүү үг байдаг. Энэ үг сайн нэр хүндтэй биш. Заримдаа би “халшрах” (англ. dread) гэдэг үгийг илүүд үздэг, гэвч энэ үгийг бусад хэл уруу орчуулахад тийм хялбар биш. “Халшрах” гэдэг нь “Ийм зүйл тохиолдохыг хүсэхгүй байна” гэсэн утгыг илүүтэй илэрхийлнэ. Жишээ нь, бид ажил дээрээ нэг залхуутай хуралд суух шаардлагатай болсон гэж бодъё. Энэ тохилдолд бид хурлаас айх биш, харин түүнээс халширна. Бид тийм хуралд суухыг үнэхээр хүсдэггүй.

Илүү нарийвчлан тодорхойлъё гэвэл, хойдын муу төрлөөс айх айдас, эсвэл өтөл наснаас айх, эсвэл өөр бусад ямар ч айдсын тухай ярьж байсан айдсын хоёр төрлийг ялгах хэрэгтэй. Ямар ч гарах арга олж харж чадахгүй, улмаар итгэл, найдвар төрөхгүй байх нэг айдас байна. Энэ нь биднийг яаж ч чадахгүй болгоно, тийм биз? Хэдийгээр бидэнд ийм төрлийн айдас их төрдөг боловч үүнийг би буруу айдас гэж бодож байна. Харин авралтай холбоотой яригдаж байгаа айдас нь асуудлаас зайлсхийх арга байна гэж хардаг учраас нэлээн өөр шинжтэй айдас болно. Үүнд итгэл найдвар байхгүй биш, энэ нь огтоос ямар ч аргагүй байдал биш юм. Гэвч өмнө хэлсэнчлэн энэ бол биднийг аймшигтай нөхцөлөөс аврах ямар нэг ер бусын хүч, эсвэл бодгаль байх бөгөөд бидний хийх ёстой зүйл бол хангалттай сайн залбирах ба ингэж айдсаасаа гэтэлж, аврагдана гэсэн үг биш.

Гол санаа нь, нэг талаараа, бид өөрийгөө хамгаалж болно гэсэн үг. Амьдралд тулгарах бэрхшээлүүдээс зайлсхийх боломж олгох тэр зүйл чухам юу вэ? Юу ийм боломжийг олгож байна вэ? Илүү өргөн хүрээнд авч үзвэл, асуудал бэрхшээл үүсгэдэг – уур, шунал, тачаал гэх мэт – сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг энэ бүх сэтгэл хөдлөлүүд бүгд бодит байдлын талаарх буруу ойлголтоос бий болдог. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг эдгээр бүх сэтгэл хөдлөлүүд үнэндээ сэтгэлийн төрөлх хэсэг биш юм. Тэдгээрийг дахин сэтгэлд төрөхгүй байхаар бүрмөсөн арилгах боломжтой. Ном эрдэнэ нь тэдгээрийг “үнэхээр хорьж” болно гэдгийг үзүүлдэг.

Сэтгэл эсвэл оюуны үйл ажиллагаа

Бурханы шашинд, сэтгэлийн тухай түүний нарийн ойлголт уруу оролгүйгээр ярьж байгаа үед оюуны үйл ажиллагааны тухай ярьж байдаг. Энэ бол бидний унтаж байгаа үед ч явагдаж байдаг агшин агшны, бие даасан оюуны үйл ажиллагаанууд юм. Сэтгэл нь тэрхүү оюуны үйл ажиллагааны субьектив мэдрэхүйн талтай нь холбоотой бол тархи судлал нь түүний физиологийн суурийг тайлбарлана. Гэвч эдгээрийн аль ч тохиолдолд оюуны үйл ажиллагааны суурь мөн чанар нь өөртөө төөрөгдөл эсвэл уур бухимдал эсвэл эдгээрийн аль нэгийг заавал хадгалаж байх ёстой зүйл биш байдаг. Үнэндээ тэдгээр агшин бүрд юу болж байдаг вэ гэвэл нэг оюуны голограм гэж хэлж болох зүйл бий болж байдаг. Жишээлбэл: харааны эрхтэн фотоныг (гэрлийн ширхэг) хүлээн авч нэг төрлийн цахилгаан дохионд хувиргаснаар тэр нь харааны мэдрэлийн эсүүдээр дамжин тархинд хүрэхэд тархи түүнээс нэг дотоод голограм үүсгэж авна. Үүнийг “харах” гэдэг, тийм биз дээ? Мэдээж хүний харааны эстэй харьцуулахад аалз эсвэл ялааны харааны эс дэх үйл явц маш өөр байна. Үүний адил, “дууны долгион” гэж нэрлэдэг чичиргээний оролцоо бүхий дээрхтэй төстэй үйл явц болоход бид сонсголыг мэдэрнэ. Оюуны голограм бүх мэдрэхүйн эсвэл зөвхөн оюуных байж болно.

Харах үйл ажиллагааны хувьд, үйл явц нь фотон нэг зургийн камерт тусан тодорхой цахилгаан дохионд хувирч түүний дараа нэг зураг бий болон буухтай адил биш. Ийм биш, учир нь ямар нэг зүйлийн оюуны голограм үүсэхэд тодорхой нэг төрлийн “танин мэдэхүйн оролцоо” бас байна. Та тухайн нэг зүйлийг мэдэрсэн ч, мэдрээгүй ч, түүнийг мэдэж байсан ч, мэдээгүй байсан ч энэ бол тодорхой нэг танин мэдэхүйн хэлбэр байх болно.

Оюуны үйл ажиллагаа нь компьютерт байдаг зүйлтэй бас адил биш. Жижиг товчлууруудыг дарахад тодорхой цахилгаан дохио процессорт ирж, процессор нь тухайн мэдээллийг дэлгэцэн дээр гарч ирэх дүрс эсвэл чанга яригчаар гарах дуу болгож хувиргана. Компьютерыг нэг талаараа танин мэдэх чадамжтай гэж хэлж болно, учир нь хиймэл оюун ухаанаар тэр нь мэдээллийг боловсруулж байна. Гэвч компьютер бол амьд бодгальтай тийм ч адил биш. Биднийг компьютрээс ялгаатай болгодог зүйл бол оюуны үйл ажиллагаатайгаа холбоотой тодорхой түвшний жаргал, зовлонг мэдрэх мэдрэхүй бөгөөд энэ нь бидэнд илүү байдаг зүйл. Компьютерт энэ байхгүй. Компьютерт ямар нэг зүйлийн талаар баярлах, гуних сэтгэл төрөхгүй. “Би нэг дотоод алдаа гаргаад, намайг унтрааж асаахад ажиллаж байсан файлаа устгачихлаа” гэж бодож, энэ талаар санаа зовохгүй. Ингэдэггүй биз дээ? Харин бид ийм зүйл тохиолдоход маш ихээр уруу царайлах нь байдаг.

Энэхүү агшнаас агшинд явагдах үйл ажиллагаа бол бидний амьдралын агшин хором бүрд болж байдаг зүйл. Үүнд тодорхой нэг оюуны голограм бий болох явц, түүнтэй холбоотой танин мэдэхүйн оролцоо, бас тодорхой түвшний баяр, гунигийн мэдрэмж байна. Бүр унтаж байх үед ч харанхуйн голограм бий болох болон ямар нэг зүйлийг мэдэхгүй байх танин мэдэхүйн оролцоо бас байна. Гэвч энэ үед багахан хэмжээний мэдрэхүй байсаар байдаг. Хэрэв байхгүй байсан бол бид сэрүүлэгний дууг хэзээ ч сонсохгүй. Мэдрэхүйн оролцоо бүрэн хаагддаггүй. Мөн тодорхой хэмжээний сэтгэлийн мэдрэмж, зүүдлээгүй байгаа үед бол баяртай ч биш, гунигтай ч биш саармаг мэдрэмж ч хүртэл байна. Хэрэв зүүдэлж байвал уур бухимдал, шунал гэх мэт энэ бүхний хамтаар тодорхой хэмжээний баяртай, гунигтай мэдрэмж байх нь ойлгомжтой. Гэвч эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд агшнаас агшинд явагдах тэрхүү бүхий л үйл явцын нэг хэсэг заавал байх албагүй.

Оюуны үйл ажиллагааны суурь ариун чанарын тухай илүү баттай ойлголттой болохын тулд авч үзэх олон маш нарийн ойлголтууд мэдээж байна. Энэ бол тэр талаар ярих цаг биш. Гэвч энэ талаар хэдий их бодож үзнэ, оюуны үйл ажиллагааныхаа сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг агууламжийг арилгах боломжтой гэсэн итгэл төдий чинээ нэмэгдэнэ.

Эцэст нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн тодорхойлолт гэвэл, тэдгээр нь сэтгэлд төрөх үед сэтгэлийн тайван байдал алдагдаж мөн өөрийн хяналтаа алддаг явдал. Үүний үр дүнд бид уур бухимдал, шунал зэрэг дээр суурилсан бүхий л тайван байдал алдагдуулах олон янзын үйлдлүүдийг өөрийн эрхгүй хийнэ. Жишээ нь, өөрийн хяналтаа алдаж, үнэхээр бодож үзэлгүйгээр бусад уруу юмсыг хэлж хашигчин, дараа нь хэлсэн зүйлүүддээ харамсдаг. Гэвч энэ нь хожим нь зовлон амсах “сөрөг ул мөр” гэдэг зүйлийг хурааж байдаг байна.

Хэрэв бид илүү гүнзгий түвшинд ирээдүйд гарах асуудлуудаас зайлсхийхийг үнэхээр хүсэж байвал эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, төөрөгдлийг арилгах хэрэгтэй. Үнэндээ эдгээрийг арилгах боломжтой, учир нь тэд энэхүү оюуны үйл ажиллагааны, сэтгэлийн төрөлх мөн чанарын нэг хэсэг биш юм. Тэр төдийгүй хэрэв бид агшин хором бүрд явагдаж байдаг энэхүү оюуны үйл ажиллагааны хэлбэрийг сайтар ойлгож харвал түүний нэг гайхалтай хэсэг нь юмсыг ойлгох үйл ажиллагаа байдаг. Бид ямар нэг зүйлийг ойлгож чадна. Бид асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт өөр бусад эерэг чанаруудыг бас төрүүлж болно. Эдгээр эерэг чанарууд нь улам хүчтэй төлөвшүүлж болдог зүйлүүд.

Тэгвэл эдгээрийн ялгаа нь юу байх бол? Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг талууд нь төөрөгдөл дээр суурилна. Ойлгох чадвар зэрэг эерэг талууд нь бодит байдал гэж юу болох тэр зүйл дээр суурилна. Маш энгийн нэг жишээ татвал: Төөрөгдөл нь “Би бол ертөнцийн төв. Би хамгийн чухал хүн. Би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой. Би үргэлж анхаарлын төвд байх ёстой” гэх мэт бодол байж болох юм. Ийм учраас хэрэв бид анхаарлын төвд байхгүй бол, өөрийн хүссэнээр байж чадахгүй бол уурлана. Нохойны адилаар бид хүмүүс уруу хуцаж, эсвэл архирна. “Миний хүссэнээр хийсэнгүй” гэнэ. Энэ бүгд төөрөгдөл дээр суурилсан байдаг. Бодит байдал нь бид бүгд энд байна, бид бүгд адил тэгш. Хүн бүр өөрийнхөөрөө байхыг хүснэ, гэвч энэ бол боломжгүй. Бодит байдал бол хүн бүртэй ямар нэг байдлаар амьдарч сурах явдал.

Хорихуйн үнэн

Хэдий их шинжилж үзнэ төдий чинээ бид бидний төөрөгдөл ердөө баталгаатай биш гэдгийг ойлгоно. Тэд буруу байдаг. Харин зөв ойлголт бол баталж болдог зүйл байна. Тэр үнэн байдаг. Ийм учраас ойлголт бол илүү хүчтэй, төөрөгдлөөс илүү гарч болно. Хэрэв төвлөрөл, сахилга баттай байж бид цаг үргэлж бодит байдлын талаар зөв ойлголттой байж чадвал тэр үед төөрөгдөлд дахин гарах боломж гарахгүй. Тэр зогсох болно.

Энэ бол авралын гол санаа. Бид ямар зам мөр амьдралдаа гаргаж байна вэ? Ямар утгатай? Ямар зорилготой? Зорилго бол энэ бүх төөрөгдлийн “хорихуйн үнэн”-д хүрэх, тэдгээрийг дахин гарахгүй байхаар бүрэн арилгах. Ийм төөрөгдөл энэ насны амьдралын, эсвэл ирээдүйн төрлүүдийн тухай ярьж байгаа эсэхээс хамаарахгүй бидний бүх асуудал бэрхшээлийн жинхэнэ шалтгаан болж байдаг. Үүнийг бүрэн арилгах боломжтой. Учир нь энэ нь бидний оюуны үйл ажиллагааны төрөлх хэсэг биш. Үүнийг зөв ойлголтоор орлуулан арилгаж болно. Төөрөгдөл байхгүй болсноор сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл байхгүй болж, өөрсөддөө асуудал, зовлон бий болгохоо болино.

Үүнд хоёр тал оролцсон байна. Нэг нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг бүх талуудыг арилгах ба нөгөө тал нь эерэг талаа нэмэгдүүлж, хөгжүүлэх. Эерэг тал нь зөв ойлголт. Бид үүнийг “Хутагтын дөрвөн үнэн” гэж гол төлөв орчуулдаг зүйл буюу Бурхан багшийн заасан зүйлийн гол сэдэв, зохион байгуулалтын агуулгад оруулж болно. Эхний үнэн нь бидэнд байх олон өөр өөр асуудлуудтай холбогдуулан илэрхийлсэн бид бүгдийн зовлонгийн үнэн. Дараагийн үнэн нь шалтгааны үнэн, энэ бол бидний төөрөгдөл. Гурав дахь үнэн нь энэ бүхний хорихуйн үнэнд хүрснээр эдгээр нь дахин гарч ирэхгүй байх боломж. Эцэст нь “мөрийн үнэн” гэдгээр тэрхүү хорихуйн үнэнд хүрнэ. Гэвч “мөр” гэдэг энэ үгийг хэрэглэхдээ түүнийг “мөр болох нэг ойлголт” гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тэрхүү хорихуйн үнэнд хүргэх ойлголт бөгөөд, энэ ойлголт нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг бүх бүрдүүлэгч хэсгүүдийг арилгаснаар гарч ирнэ.

Энэ бол хорихуйн үнэн болон сэтгэлийн мөрийн үнэнд хүрэх зам мөр – бидний амьдралдаа гаргахыг хүсэх зам мөр мөн гэдэг нь ойлгомжтой. Энэ бол Номын аврал. Өөртэйгөө ажиллаж байна гэж хэлэх үед эдгээр үг хэллэгийг хэрэглэж байвал тэр нь ийм утга санааг илэрхийлнэ.

Бид энэхүү сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг талыг ихээр арилгаж, эерэг талын чадамжаа илүү их төлөвшүүлэхийг хичээнэ. Хэрэв бид өөрсдийн одоогийн хэв маягаа үргэлжлүүлсээр байх юм бол хэдий асар их хэмжээний мөнгөтэй, олон найз нөхөдтэй, маш их алдартай болсон ч, бидэнд асуудлууд байсаар байна гэсэн эрүүл хандлагаар айж байгаа учраас л бид энэ бүхнийг хийнэ. Учир нь бид шунан, өөртөө итгэлгүй байсаар л байна. Бид уурлаж бухимдсаар л байна, гэх мэтээр үргэлжилнэ. Бид энэ бүхнээс халширч байна, гэвч бид тэдгээрээс зайлсхийх арга байна гэж харж байна. Энэ нь бид галд шатаж магадгүй, гэвч хэрэв бид анхааралтай байвал түүнд өртөхөөс зайлсхийж чадна гэсэнтэй адил. Айдас байгаа боловч энэ айдас нь эрүүл. Энд бид параной-ын (хий дэмийрэл) тухай яриагүй байна.

Хэрэв бид ялангуяа хамаатан садан, найз нөхөддөө хандан уурлаж, хашхичсаар байвал нас өндөр болох үед юу болохыг ойлгож байгаа. Хамт байхад үнэхээр төвөгтэй тул хэн ч бидэн дээр зочлон ирэхийг хүсэхгүй, асрахыг хүсэхгүй, ганцаардсан нэг эмгэн, өвгөн болно. Бидний хийдэг юм гомдоллох, бусад уруу хашхичих, ийм болохоор хэн бидэнтэй хамт байхыг хүсэх юм бэ? Хэн ч хүсэхгүй. Шийдэл нь биднийг асрах нь үүрэг гэж санах олон хүүхэдтэй болох эсвэл банкандаа хангалттай мөнгөтэй байгаад тохь тухтай асрах байранд байх явдал биш юм. Учир нь хэдий энэ бүхэн байсан ч бидэнд зовлон бэрхшээл байсаар байна. Үнэхээр бидний хийх хэрэгтэй зүйл бол энгийн үгээр хэлбэл өөрсдийн зан чанартайгаа ажиллах.

Хүн бүр өөрчлөгдөж чадна

Бид бидний зан чанар өөрчлөгдөшгүй бөгөөд энэ бол ердөө бидний байгаа байдал гэж хичнээн их боддог билээ. “Би их муухай араншинтай, чи үүнтэй дасаж амьдарч сурах нь дээр” гэдэг. Энэ ямар нэг амжилтанд хүргэхгүй, тийм биз дээ? Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг талыг арилгаж, сайн чанаруудаа төлөвшүүлэх боломжтой. Хэрэв бид өөртэйгөө ажиллахгүй бол юу болох талаар айх эрүүл ухаантай айдсын дээр эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг талуудыг арилгаж, эерэг талуудыг нэмэгдүүлж тэдгээрийг хүчтэй болгох боломжтой гэсэн итгэл хоёрын үүднээс бид амьдралдаа энэ аюулгүй зам мөрийг гаргадаг.

Хэрэв бид үүнийг “Махаяана” гэж нэрлэдэг Их хөлгөний аргаар хийхийг хүсвэл үүн дээр энэрэн нигүүлсэх сэтгэлийг нэмнэ. Үнэндээ Махаяана үзэл нь хэрэв би бусдад уурлах юм бол хэрхэн тэдэнд тусалж чадах билээ хэмээх үзэл. Бид үнэхээр бусдад туслахыг хүсэх бөгөөд тэдэнд уурлаж, эсвэл шунаж, эсвэл атаархах гэх зэргээр бүх зүйлийг бүрэн баллах вий хэмээн айна. Бид эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд, төөрөгдлийг арилгаж бусдад хамгийн сайн тус хүргэх ёстой гэнэ. Энэ бол бид бусдад тусалж чадахыг үнэхээр хүсэх боловч үнэндээ харамсалтай нь их зүйл хийж чадахгүй нь гэх сэтгэл юм. Бид сайнаасаа илүү их хор хүргэх вий гэж айдаг. Магадгүй бид бүр өөрийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадахгүй байх гэж айдаг. Энэ тун тусгүй, тийм биз? Энэ айдас нь амьдралдаа өөртэйгөө ажиллах аюулгүй, сайн зам мөр гаргахыг шаарддаг зүйл юм.

Үнэн хэрэг дээрээ, Номын даалгавар нь бидний өдөр тутмын амьдралтай маш их холбоотой. Авралын хувьд энэ нь өөрийн нөхцөл, асуудлуудын тал дээр маш шударга байх тухай юм. Бид бүгдэд тэдгээр асуудлууд бий. Бид бүгдэд тэдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд бий. Энэ бол онцгой содон зүйл биш. Эдгээр нь хоорондоо ялгаатай, зарим нь бусдаасаа илүү хүчтэй байж болно. Гэвч бидний бүгдэд сэтгэл санааны бэрхшээлүүд бий. Бид энд сэтгэл зүйн гүн хямралд орсон хүний тухай яриагүй байна. Бид ихэнх хүмүүсийн энгийн гэж тооцдог зүйлийн тухай ярьж байна. Гэвч заримдаа уурлаж, заримдаа шунаж, хувиа хичээж, атаархаж байгаа зэргийг хэвийн үзэгдэл гэж тооцож байгаа нь аюул. Бид үүнийг хэвийн, зүгээр гэж боддог. Тэгвэл энэ зүгээр биш, учир нь энэ бүгд өөрт болон бидний туслахыг хичээж буй тэдгээр хүмүүст асуудлууд гаргаж өгдөг.

Бидний зорилго бол уур бухимдалтайгаа амьдарч эсвэл дотор нь уур нь буцалж байвч түүнийг дарж сурах биш. Бидний зорилго бол түүнийг сулруулах бус харин энэ бүх сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг зүйлийг бүрэн арилгах явдал. Бид ердөө хэсэг хугацаанд бага зэрэг ойлголт төрүүлэхийг хүсэхгүй харин бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог, гараг ертөнц хэрхэн оршдогийг мэдэхийн тулд бодит байдлын талаарх бүрэн дүүрэн ойлголтыг цаг үргэлж төрүүлж байхыг хүснэ. Энэ бүрэн боломжтой, учир нь оюуны үйл ажиллагааны мөн чанар нь угтаа ариун бөгөөд түүнд сайн чанаруудын бүхий л чадамж байдаг.

Бурханы ил түвшний чанарууд

Аюулгүй зам мөр, эсвэл авралыг илэрхийлдэг зүйлүүдийн тухай ярих үед бид Бурхан, Ном, Хуврагийн тухай ярьж байдаг. Эдгээрийг ойлгох хэд хэдэн түвшин бий. Гурав тус бүрд нь ил түвшин, гүнзгий түвшин, өөр нэг тэднийг илэрхийлэх түвшин байна. Юуны түрүүнд тус бүрийнх нь ил түвшний чанарыг авч үзье.

Бурхадын бие ер бусын физик чанартай, маш онцгой бүтэцтэй. Жишээ нь, Бурхад ямар ч газар түргэн хүрч, үй олон хэлбэрт биеэ хувилгаж, олон газар зэрэг байж чаддаг гэх мэт. Энэ бүгд үнэхээр байж боломгүй, итгэхэд хялбар биш. Мөн Бурханыг ярих үед түүнийг хүн бүр өөрийн хэл дээрээ ойлгох ба хэдий хол байсан ч Бурханы дуу хоолой тэдэнд тодорхой сонсогдоно. Түүнчлэн Бурхан хүн бүрийг тэгш хайралдаг, бүх зүйлийг ойлгож, зэрэг мэддэг, бүхнийг хайрлагч, бүхнийг мэдэгч.

Энэ бүхэн мөн л байж боломгүй, итгэхэд хэцүү санагдана. Иймд хэрэв бид Бурханыг зөвхөн ийм түвшинд ойлгож хоцорвол буруу ойлголт төрөх том аюул гарна. Бараг Эзэн тэнгэр мэт нэг гайхалтай ер бусын бодгаль байх мэтээр ойлгогдоно, тэгнэ биз дээ? Гэвч бүхнийг мэдэгч байх гэдэг нь, тухайлбал, Бурхан энэ гараг дээрх хүн бүрийн утсаны дугаарыг мэднэ гэсэн үг биш, харин хүн бүрийн нөхцөл байдалд нөлөөлсөн бүх хүчин зүйл, шалтгааныг мэднэ гэсэн үг. Бурхан хэн нэг хүнд үүнийг эсвэл түүнийг заалаа гэхэд түүнээс гарах бүх үр дүн нь зөвхөн тухайн хүнд хэрхэн нөлөөлөхийг төдийгүй тэр хүнтэй харилцах бүх хүмүүст яаж нөлөөлөхийг мэддэг. Ийм учраас хүн бүрд тохирох хамгийн сайн аргыг тов тодорхой мэддэг. Энэ үнэхээр сайн хэрэг, тийм биз дээ? Ингэж чаддаг бол үнэхээр сайхан байхсан.

Бидэнд Бурхан надад тус болох хамгийн сайн зүйл юу болохыг ойлгоно, мэднэ гэсэн тодорхой итгэл байдаг. Бурхан миний хэлээр ойлгох бөгөөд түүний хэрэгцээ гарсан цагт нэн даруй ирж чадна гэдэг. Хэрэв бид Бурханыг Эзэн тэнгэрийн адилаар ойлгох юм бол энэ нь бага зэрэг хувь хүний өөрийн ойлголт болж ирнэ. “Бурхан надад биечлэн тусалж чадна. Намайг ойлгоно. Бурханаас өөр хэн ч намайг ойлгохгүй” гэдэг. Гэвч Бурхан хүн бүрийг тэгш хайралдаг гэдгийг бид мэднэ. “Болж байна. Хэдий тийм ч гэсэн намайг бусдаас илүү хайрлаасай. Гэвч, яах вэ, зүгээр” гэнэ. Бурхан хүн бүрийг тэгш хайрладаг, гэтэл үүний сайн тал нь, бид юу хийсэн ч хамаагүй мэт бодогддог. Бурханд залбирах эсвэл өргөл өргөх шаардлагагүй. Бурхан яасан байсан ч тусална. Ингэхээр энэ их хямдхан. Юу ч төлөх шаардлагагүй. Ямар ашигтай юм бэ! Мөн түүнчлэн, Бурхан үнэхээр их тэвчээртэй учраас хэрэв бид өөр ёсны өөр багш уруу яваад өгвөл хэзээ ч дургүйцэхгүй, хэзээ ч уурлаж, миний дээр цахилгаан гэх мэтийг буулгахгүй. Нэлээн найдвартай гэнэ.

Санаатай, санамсаргүй байсан ч энэ бол нийтлэг тохиолддог алдаа. Бид Бурханыг ашигтай бас аюулгүй Эзэн тэнгэр болгож хардаг. Ном сургаалуудад, Бурхан бидний итгэлийг эвдэхгүй гэх мэт зүйлүүд гарна. Энэ сайн хэрэг. Гэвч Бурхан бидний зовлонг хөлд орсон өргөсийг сугалах мэт авч чадахгүй гэж тэнд гарч магадгүй. Бурхад бүхнийг чадагч биш. Гэвч бид үүнийг ердөө нухацтай авч үздэггүй. Энэ бол Бурханы талаарх ил түвшний, энгийн үзэгдэл болсон ойлголт. Гэвч үүнийг ямар нэг гүнзгий ойлголтгүйгээр энэ түвшинд орхивол Бурханыг биднийг аврах хувийн Эзэн тэнгэрээр ойлгох аюул гарна.

Бурхадыг баримал, уран зургаар илэрхийлдэг. Тэд үнэхээр уран нарийн. Гэвч бид тэдгээрийг Христийн шашны ортодокс бэлгэ тэмдэгтэй адилтгах уу? Энэ юу юм бэ? Мусульман хүмүүсийн буруу хэмээдэгчлэн бид хөрөг дүр шүтээд байна уу? Энд чухам юу болоод байна вэ? Бид Бурханы дүрийн өмнө үнэхээр мөргөх ёстой юу? Хэрэв бид Бурханы тухай ойлголтоо ердөө энэ түвшинд үдээвэл асуудлууд үүснэ гэж би бодож байна. Буруу ойлголт төрөх боломж бий болно. Гэвч зарим хүмүүсийн хувьд Бурханыг ийм маягаар ойлгох нь мэдээж маш тустай байж болно, гэвч энэ бол гүнзгий ойлголт нь биш. Энэ түвшинд баримал, уран зургаар төлөөлүүлсэн бараг Эзэн тэнгэртэй адил нэг биет байх бөгөөд түүнийг бид шүтдэг мэт ойлголт байдаг.

Номын ил түвшний чанарууд

Номын ил түвшин бол бүх сургаалууд. Энэ бол Бурханы өөрөө хүрсэн бүх эрдэмүүд, түүний заасан зүйлүүд. Үүнийг ойлгох энгийн үзэгдэл бүхий болсон хэлбэр нь бид Бурхан гэдэг өөрийн Эзэн тэнгэртэй, бас судар бичигтэй гэх ойлголт. Библи, Кораны оронд надад Бурханы зохиолууд байна. Эдгээр нь Бурханы шашны Библи мэт, түүнд байх үг бүрийг ариун гэж үзнэ. Мэдээж бид тэдгээрийг хүндэтгэх хэрэгтэй, гэвч Бурхан багш өөрөө ийнхүү хэлсэн байдаг: “Миний хэлсэн зүйлд би хэлсэн учраас, хүндэтгэж бүү итгэ, харин алтыг авахдаа шалгаж авдагийн адил өөрөө шалгаж үз” хэмээсэн. Бурхан багш шавь нартаа түүний заасан зүйлийг шүүж байхыг сануулдаг байв. Харин бид залхуурч бүх зүйлийг шинжилж, шалгахыг хүсдэггүй. Өдөр тутмын амьдралын хувьд, энэ түвшинд, харилцан хамаарал нь Бурхан биднийг хайрладаг, биднийг ойлгодог, дээдийн номын бүх дүрэм, журмууд байна, тэдгээрийг ёсчлон дагах явдал байдаг. Мэдээж эдгээр нь өдөр тутмын амьдралд тодорхой байр эзэлж болно, гэвч энэ бол үнэндээ Бурханы шашин биш. Зарим хүмүүсийн хувьд энэ мэдээж тохирох боловч гол санаа нь Бурханы шашныг Христийн шашны өөр нэг хувилбар болгохгүй байх явдал.

Хуврагийн ил түвшний чанарууд

Тэгвэл, Хуврагийн хувьд ямар байх бол? Харамсалтай нь, Баруунд өөрийн очдог номын төвийн бүх гишүүдийг өөрсдийн “Хувраг” гэж үзэх зуршилтай болчихсон. Энэ бол мэдээж санскрит, төвөд хэл дээрх энэ үгийн санаа биш. Гэвч олон хүмүүсийн хувьд “Хувраг” гэдэг нь ердөө манай Бурханы шашны сүмийн, манай цуглааны гишүүд гэсэн утгатай байна. Гэтэл эдгээр гишүүдийн зарим нь маш их сэтгэлийн тогтворгүй хүмүүс байвал бид тэднээс үнэндээ аврал эрэх үү? Энд би биднийг дэмжих, санал бодлоо солилцох гэх мэт нэг ижил зорилготой, санаа нэгтэй номын хамт олон байхын чухлыг бууруулах гэсэнгүй. Энэ бол маш чухал, гэвч тэр бол авралын орон биш.

Өөр нэг түвшинд, бид Хуврагийг сүм хийдийн лам хуврагаар ойлгодог. Гэвч бид мөн л эрэгтэй, эмэгтэй хуврагуудын сайн жишээг олж чаддаггүй, тийм биз дээ? Хуврагийн хувцас өмссөн сэтгэлийн маш тогтворгүй зарим хүмүүс бас бий. Гэвч хэрэв тэд хувраг болж өөртэйгөө ажиллахыг чин сэтгэлээсээ оролдож байвал тэднийг хүндэтгэх, дэмжих нь зүйтэй. Гэтэл зарим эрэгтэй, эмэгтэй хуврагууд ердөө амьдралын асуудлуудаас зугтаж, миний нэг найзын хэлсэнчлэн, үнэгүй хоол идэх гэж сахил авдаг!

Хуврагийн өөр нэг түвшин бас байна. Бид тарнийн бүтээл үйлдэгч нараас Хувраг гэдэг бол үнэндээ “тарнийн ядам” гэж нэрлэгддэг Жанрайсиг, Дарь эх, Манзушир гэх мэт бурхад юм гэж сонсож магадгүй. Ингэж хэлэхээр бид Ариун эх эсвэл Гэгээн дарь эхэд залбирч, тэр биднийг аварна гэх байх. Мэдээж, Бурханы дүрүүд гэж миний нэрэлж байгаа эдгээр тарнийн ядамууд нь ямар нэг байдлаар зуучлагч болж Эзэн тэнгэр Бурханд ойртоход тусалдаг гэгээн ариун явдалтнууд биш.

Бурхан, Ном, Хуврагийн гүнзгий утга

Хэрэв бид Бурхан, Ном, Хуврагийн гүнзгий утгыг авч үзвэл Номын гүнзгий утга нь бүх төөрөгдлийн хорихуйн үнэн, эрдмийн үнэн буюу нэг сэтгэлийн үргэлжлэл дэх сэтгэлийн мөрийн үнэн эдгээр болохыг мэднэ. Энэ бол жинхэнэ Ном. Хэрэв бид үүнийг өөрийн сэтгэлийн үргэлжлэлдээ бүтээвэл энэ нь биднийг зовлонгоос хамгаалах тэр зүйл болно. Энэ төлөвт бид бүх төөрөгдөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд, асуудлуудыг арилгаж, бүх эрдмийг бүрэн төрүүлж хүрнэ. Бурхад бол үүнийг бүрэн гүйцээсэн, үүнд хэрхэн өөрсдөө хүрэхийг бидэнд заасан бодгалиуд. Хувраг гэдэг нь үнэндээ эдгээр хорихуйн үнэн, эрдмийн (мөрийн) үнэнийг бүгдийг нь биш ч заримыг нь гүйцээгээд байгаа маш өндөр эрдэмтэй гүнзгий түвшний бүтээлчид болох “Хутагт хувраг”-ууд юм. Үнэндээ бидний арилгах хэрэгтэй төөрөгдлийн олон түвшин, зэрэг байх бөгөөд тэднийг сөрөх олон үе шат бүхий хүчний түвшингүүдтэй эрдэмүүд байхыг ойлгож байгаа байх. Тэдгээрийг арилгах үйл явц үе шаттай явагдана. Хутагт хуврагууд нь тэдгээрийг бүгдийг хараахан арилгаагүй, бүхэлд нь биш, заримыг нь арилгасан, илүү их эрдэмд хүрэхээр явж байгаа төрөлхтнүүд.

Бурхадууд, Хутагт хуврагууд, өнгөрсөн үеийн Энэтхэг, Төвөдийн, өнөө цагийн зарим мэргэд бидний өдөр тутмын амьдралд маш их үлгэр дуурайл болдог. Бидэнд маш их итгэл найдвар өгдөг. Бид Дээрхийн гэгээн Далай лам гэх мэт үлгэр дуурайл бүхий хүнийг харж, уулзаж учирдаг. Тэр хэрхэн ийм болсон юм бол? Номоор. Тэрээр Бурхан байх эсвэл хараахан Бурхан болоогүй байх эсэх нь хамаагүй. Хэрэв бид түүн шиг болж болох бол үнэхээр сайхан байхсан. Би зөвхөн түүний Номын талбараас бараг юуг бол юуг ч зааж чадах чадвар, эсвэл түүний их туршлагатай, хамгийн их эрдэмтэй, хамгийн гүнзгий мэдлэгтэй багш болох талаар яриагүй байна. Энэ бол ердөө түүний баримталдаг цагийн хуваарь, бусдад тусалж, тэдэнд зааж сургахыг хичээн дэлхийг тойрон цаг үргэлж хийдэг аялал, энэ бүхний тухай биш. Энэ бүхний дээр тэрээр Хятадын нэг номерын нийтийн дайсан болдог. Тэрбумаас илүү их хүн өөрийг тань ад чөтгөр гэж үзэж, хүмүүст тань бүхий л муу муухай зүйлийг хийж байхад, тэдэнд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх, энэ бүхэн ямар байхыг та бүхэн төсөөлж байна уу? Тэр уурладаггүй, тайван, амгалан сэтгэлээр бүх зүйлийг хийж чаддаг. Энэ үнэхээр итгэмээргүй, тийм биз дээ? Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг арилгаж, эрдэмүүдийг төрүүлэхгүй бол бид үүнд яаж хүрч чадах билээ? Ямар ч боломжгүй. Тэрээр Бурхан мөн байх үгүй нь үүнд ердөө хамаагүй.

Бид Бурханы бүх чанаруудыг ойлгож чадахгүй байж болно, гэвч бид Дээрхийн гэгээн Далай ламын эдгээр чанарыг харж чадаж байна. Маш их үлгэр дуурайлтай. Хэрэв түүний адилаар хүмүүс ийм түвшний эрдэмд хүрэх боломжтой байдаг юм бол, сэтгэлийн мөн чанар ариун бөгөөд энэ бүхэн чадамж сэтгэлд байдаг гэдгийг бодолцож үзээрэй. Тэгвэл бид ч бас үүнийг хийж болохгүй гэх ямар ч шалтгаан байхгүй болно. Яагаад хүн бүр үүнийг хийж болохгүй гэж, үгүй гэх шалтгаан байхгүй. Үүнд маш их хэмжээний хөдөлмөр орох нь ойлгомжтой, гэвч энэ боломжтой, энэ зам мөрд орох нь маш их тустай. Хэрэв Далай ламыг Бурхантай адилтгавал, өнөө цагийн эрдэмтэн мэргэд нарын заримд Далай ламын бүх эрдэм байхгүй ч, Хуврагтай адилтгаж үзвэл тэдэнд тэдгээрийн зарим нь бий. Бас маш их үлгэр дуурайлтай байдаг.

Далай лам болон эдгээр эрдэмтэн мэргэд юугаараа адилхан бэ? Тэд олон өөр хэмжээнд уур, шунал, үзэн ядах сэтгэл, атаа зэргийг арилгасан байдаг. Тэд зөв ойлголт, энэрэн нигүүлсэх сэтгэл, тэвчээр зэрэг сайн чанаруудыг маш ихээр төлөвшүүлсэн байдаг. Эдгээр эрдэмүүд олон өөр багш нарын хувьд олон өөр хэмжээтэй төрж болдогийг бид харж байна. Энэ нь миний ярьж байгаачлан ойлгоход илүү хэцүү байж болох ч Бурхан багш, эсвэл Милбогд болон бусад түүхэн жишээнүүдтэй харьцуулахад хамаагүй илүү амьд жишээ болно (хэрэв бид тэдэнтэй харилцаж үзэх юм бол). Бид Бадамжунай бурхан бадам цэцэгнээс мэндэлсэн гэж уншдаг. Бид үүнд үнэхээр итгэх болов уу? Үүнийг ойлгоход хэцүү байж болно. Харин үүний оронд бид яг одоо байгаа Бурхан, Хуврагийн адил хүмүүс болох Далай лам болон тэдгээр эрдэмтэн мэргэдийн үзүүлж байгаа жишээгээр эдгээр сөрөг чанарууд байхгүй, тэдгээр эерэг чанарууд байгаа байдлыг анхааран авч үзэж болно. Бид үүнийг бас хийж чадна гэдгийг ойлгож болно. Энэ бол Ном, мөн эдгээр хорихуйн үнэн, сэтгэлийн мөрийн үнэн нь хүрч болох зорилго. Бид үүнийг хийх нь боломжтой, энэ нь бидэнд амьдралдаа гаргаж болох аюулгүй, баттай, утга учиртай зам мөрийг гаргаж өгнө.

Аврал буюу бидний өдөр тутмын амьдралын аюулгүй зам мөр

Бурхан, Ном, Хуврагийн энэхүү зам мөрийг өдөр тутмын амьдралдаа гаргана гэдэг бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ? Энэ бол өөртэйгөө байнга ажиллана гэсэн үг. Ийнхүү ажиллахдаа жишээ нь, бухимдах, уурлах, хувиа хичээх байдал гаргах үедээ түүнийгээ улам илүү анзаардаг болох явдал. Үүнийг бид анзаарч чаддаг. Энэ нь түүнийгээ хүндээр хүлээн авч, “Би үнэхээр муу, эсвэл би үнэхээр муухай, би одоо ч уурласаар байна” гэх мэтээр бодож өөрийгөө шийтгэх тухай биш. Мэдээж энэ биш, мэдээж бас энэ бол байдаг л зүйл гэж туйлшрах биш. Энэ тохиолдолд үүнийгээ анзаараад “Тэгээд юу гэж? Би ийнхүү байдгаараа л байна” гэж бас боддог. Энэ хоёрын аль нь ч биш. Гэвч сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөө анзаараад, тэдгээр нь бидний арилгахыг хүсэж байгаа зүйл юм гэж үзэхэд л тэдний хүч багасдаг.

Гэвч гол зүйл нь өдөр тутмын амьдралын явцад эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг, сөрөг зүйлүүд гарч ирэхийг анзаарах үед хийх хамгийн тохиромжтой зүйл бол тодорхой нэг аргуудыг сураад, түүгээрээ тэдгээрийг сөрөхийг хичээх явдал. Хэрэв бид уурлаж байвал тэвчээрийг төлөвшүүлэх хэрэгтэй юм байна гэж мэдэх хэрэгтэй. Хэн нэгэн бидэнд хандан тун таагүй үйлдэл хийж байвал энэ нь тэд маш их зовлонтой байгаагийн илрэл болно. Тэдний сэтгэлийн тайван байдлыг алдагдуулж байгаа ямар нэг зүйл байна. Тэдэнд уурлахын оронд тэдэнд бага зэрэг энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүл.

Тодруулбал, нэг талаар уурласныхаа төлөө өөртөө уурлах биш. Нөгөө талаар өөртөө хүүхдэд хандаж байгаа мэт хандан, зүгээр зүгээр эсвэл энэ яах ч үгүй гэж хэлэхгүй байх явдал. Харин уурыг сөрөхийн тулд хамгийн сайнаараа хичээх юм. Учир нь бид үүнийг хийх боломжтой гэдгийг мэдэж байгаа. Магадгүй бид түүнийг тийм хурдан арилгаж чадахгүй байх, мэдээж бид түүнийг тийм хурдан арилгаж чадахгүй, гэвч энэ бол бидний амьдралынхаа турш ажиллахыг хүсэж байгаа тэрхүү гаргах зам мөр. Бид үүнийг хийнэ, учир нь бид энэ зүйлийг арилгах үнэндээ боломжтой гэдгийг мэдэж байгаа. Энэ бол энэ зам мөрөөр явах гэсэн идеалист (үл гүйцэлдэх) үзэл бүхий хий хоосон оролдлого биш.

Бэрхшээлтэй нөхцөл байдалтай тулгарах үед бага зэрэг тэвчээр эсвэл бага зэрэг ойлгох сэтгэл, эсвэл бага зэрэг сайхан сэтгэл гаргаад, эдгээр нь хүчийг нь нэмэгдүүлж болох зүйл юм байна гэдгийг ойлгох явдал. Бид эдгээрийг улам улам хүчтэй болгож болно. Бусдууд үүнийг хийж чадсан, би ч бас чадна. Тэдэнд биднээс онцгойрох зүйл юу ч үгүй, бидэнд ч тэднээс онцгойрох зүйл юу ч үгүй. Энэ бол бидний аврал, энэ бол бидний амьдралын аюулгүй зам мөр, хэдий их бид энэ мөрөөр явна, төдий чинээ бид бэрхшээл, асуудлуудаас өөрийгөө аварна.

Дүгнэлт

Энэ аюулгүй зам мөр, аврал гэдгээр юуг илэрхийлж байгаа, түүнийг амьдралдаа гаргах шалтгаан нь юу болохыг бид ойлгох хэрэгтэй. Энэ нь Бурханы шашны бүтээлд хамгийн чухал, хамгийн гол зүйлд тооцогдоно. Олон хүмүүс үүний ач холбогдлыг бууруулах хандлагатай байдаг нь үнэхээр харамсалтай. Энэ зам мөрийг амьдралдаа гаргах үгүй нь хамгийн чухал өөрчлөлт бөгөөд бидний амьдралд хамгийн том ялгааг гаргана. Аврал гэдэг бол нэг ёслолын ажиллагаанд оролцож, үсэндээ гар хүргүүлж, төвөд нэр аван, хүзүүндээ улаан утас зүүж, клубд нэгдэхийг хэлэхгүй. Энэ бол яригдаж буй сэдвийн ач холбогдлыг үнэхээр бууруулж, түүнийг нэлээн утга учиргүй зүйл болгож буй хэрэг болно.

Өөрөөсөө асуух хэрэгтэй асуулт бол: “Аврал одуулсан, Бурханы шашинтан хүний хувьд би үнэндээ энэ зам мөрийг амьдралдаа гаргаж байна уу? Энэ нь миний амьдралд клубд нэгдэхээс өөр ямар нэг утга учиртай юу?” Хэрэв аврал одуулах нь бидний амьдралд ямар нэг утга учиртай ялгаа гаргаагүй бол энэ нь бидний ажиллах ёстой зүйл. Ийм суурьгүйгээр ямар нэг илүү гүнзгий түвшний бүтээл хийхийг оролдох нь бараг л амжилт авчрахгүй.

Top