Xөнгөн Бурханы ном, Жинхэнэ Бурханы ном хоёрыг харьцуулах

Ихэнх барууны хүмүүс хойд дүр, дахин төрлийн тухай ойлголтонд нь итгэхгүйгээр Бурханы шашинд ордог. Гэвч уламжлалт Бурханы шашин нь эхлэл үгүй дахин төрөл байдаг гэж үзнэ. Сургаалын "хялбарчилсан хувилбар" нь дахин төрлийн тухай үзэл баримтлалыг баримтлахгүйгээр Бурханы шашинд зөвхөн энэ насны амьдралд хэрэг болох үүднээс суралцах хэлбэр юм. Сургаалын "жинхэнэ" хувилбарт (дахин төрлийг гаргаж ирж тавьдаг уламжлалт Бурханы шашинд) суралцахын өмнөх шат болгон хялбарчилсан хувилбарт суралцах нь барууны хүмүүсийн хувьд Бурханы шашинд эхлэн суралцах хамгийн зохимжтой хэлбэр болдог.

Төрөл арилжихуйн ач холбогдол

Төвдийн Бурханы шашин Энэтхэгийн уламжлалыг баримталдаг бөгөөд Энэтхэгийн бүх уламжлалууд нь дахин төрөхөд итгэдэг. Төвдийн Бурханы сургаалийг баримтлагчид дахин төрөл олох нь юу өгдөг, яаж үйлчилдэг тухай гүнзгий ойлголтгүй байсан ч язгуур соёлоосоо түүний үзэл санааг уламжлан авч хүмүүждэг юм. Тэдэнд зөвхөн ойлголтоо төгөлдөржүүлэх шаардлагатай болохоос биш дахин төрөлт байдаг тухай итгэл олох хэрэгцээ байдаггүй. Иймээс ч Бодь мөрийн зэргийн (төвд: lam-rim) судруудад дахин төрөл олох байдаг талаар итгэл үнэмшил олох тухай сэдвийг огт хөндөөгүй юм.

Дахин төрөл олох тухай судлалгүйгээр эхлэл, төгсгөлгүй оюун ухааны тухай авч үзэх нь утга учиргүй юм. Бидний үйлийн үрийн үр дүн ихэвчлэн, тухайн үйлүүдийг үйлдэж байгаа тэр төрөлд маань боловсордоггүй тул эх адаггүй бодол, санаагүйгээр үйлийн үрийг илэрхийлэх боломжгүй билээ. Үйлийн үрийн учир шалтгаан хэд хэдэн амьдралыг дамжин үйлчлэхгүй бол учир шалтгаан, үр дагаврын болон нөхцөлдөхийн хоосон чанарын тухай хэлэлцэх нь утгагүй болж байгаа юм.

Үүнээс гадна Бодь мөрийн зэргийн сэдлийн гурван төрөлд зааснаар, дахиад амьдрал байдаг гэдэгт итгэхгүйгээр дараах төрлүүддээ буян хураах гэж бид чин сэтгэлээсээ зорих хэрэг байна уу? Дахин төрдөгт итгэхгүйгээр, өөрийн эрхгүй дахин төрөхөөс (сансар хорвоод) ангижрахын төлөө бид яаж хичээн зүтгэх билээ дээ. Дахин төрөл олох нь баримттай зүйл гэдэг итгэлгүйгээр бусдыг дахин дахин төрөл олохоос чөлөөлөгдөхөд нь туслах чадварт, гэгээрэлд яаж үнэнээсээ тэмүүлэх билээ?

Бодь сэтгэлийн бясалгалын хэллэгээр бол урьдах төрлүүдэд итгэхгүйгээр бид хамаг амьтан урьдах төрөлдээ бидний эх байсан гэж яаж үнэхээр зөвшөөрч чадах вэ? Аннуттара Йогийн Дандарын аймгийн хэллэгээр бол завсрын буюу зуурдын төрөл (төвд: бар-до) ба дахин төрөхөд итгэхгүй юм бол бид үхэл, сав шимийг бий болгож, дахин төрөхтэй нийцүүлэн хэрхэн бясалгал үйлдэж чадах билээ?

Ингэхээр дахиж төрөх нь Бурханы номлол, сургаалийн томоохон, шийдвэрлэх хэсэгт хүрэх үндэс суурь болох нь илт тодорхой байна.

Top