Үйлийн үр ба Хутагтын дөрвөн үнэн
Үйлийн үр бол Бурханы шашны нэг гол сэдэв. Үйлийн үр нь хутагтын дөрвөн үнэн буюу хутагт нарын үнэн гэж үзсэн дөрвөн зүйлтэй хэрхэн холбогдохыг авч үзсэнээр бид энэхүү сэдвийн ач холбогдлыг ойлгож болно. Бурхан багш эдгээр дөрвөн үнэнийг өөрийн сургаалын үндсэн загвар болгон заасан юм.
Амьдралын эхний үнэн бол амьдрал өөрөө хэцүү, асуудлуудаар дүүрэн байдаг. Тэгвэл асуудлууд нь юу вэ? Асуудлууд нь үнэндээ агшин бүрд бидний туулах жаргал болон зовлонгийн олон өөр түвшний мэдрэмжүүд юм. Энэ бол жинхэнэ асуудал.
Бид заримдаа зовлонгийн илэрхий хэлбэрүүдийг, гуниг, шаналлыг амсдаг ба энэ бол асуудал гэдэг нь ойлгомжтой. Гэвч зарим тохиолдолд бид жаргал эдлэх боловч тэр нь агшин зуурын байх ба удаан үргэлжилдэггүй. Ийм түр зуурын жаргалд олон асуудал бий; үүнийг төөрөгдөл бүхий “төгөлдөр бус жаргал” гэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, ийм жаргал нь ашид үргэлжлэхгүй төдийгүй сэтгэлийг бүрэн хангадаггүй. Сайхан амттай хоол идэн цадахын жаргал эдэллээ гэхэд энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд өлсөх асуудлыг мөнхөд арилгахгүй. Мөн хэдий их иднэ төдий чинээ бид амгалан, жаргалтай болох ёстой, гэвч энэ бол яригдаж буй асуудлын гол зүйл биш. Хэрэв бид хэтэрхий их идвэл өвдөнө. Энэ жаргал дуусах үед дараа нь юу болох нь бас тодорхойгүй байдаг. Бид өөр зүйлд баярлаж, эсвэл гуниглаж, эсвэл энэ хоёрын аль нь ч биш, идэвхгүй байдалд байж болно. Энэхүү агшин зуурын жаргал нь ямар ч баталгаагүй, энэ бол асуудал. Бид энэхүү агшин зуурын жаргал нь юу байх түүнээс таашаал хүртэн баясаж болно, гэвч энэ нь бидний бүх асуудлуудыг үнэхээр шийдвэрлэдэггүй. Бид үргэлж улам илүү ихийг хүсэж байдаг.
Жинхэнэ асуудлын гурав дахь хэлбэр нь идэвхгүй сэтгэлийн төлөв юм. Бид унтдаг, энэ үед олон зүйл тохиолдохгүй, сэтгэл идэвхгүй байна. Гэвч энэ нь мөн адил бидний асуудлуудыг шийдвэрлэхгүй; бид үргэлж унтаад байж болохгүй.
Жаргалтай, гунигтай эсвэл сэтгэлийн идэвхгүй байдал – энэ гурвын аль нэг нь бидний орчлонд орших хором бүрийг дагна. Үүнийг Бурхан багш жинхэнэ асуудал гэж тодорхойлсон; энэ бол надад ажил олдохгүй байна гэх зүйл биш. Бид энд ердөө зарим нэг үеийн тухай биш, харин агшин хором бүрийн тухай ярьж байгааг ойлгох нь маш чухал.
Бидний туулж буй эдгээр амьдралын асуудлууд бүгд шалтгаанаас бий болдог. Үнэндээ эдгээр асуудлуудын шалтгаан нь үйлийн үр болон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг хандлагууд юм. Үүнийг энд нь ингээд үлдээе. Жинхэнэ асуудал бол үйлийн үрийн боловсрол ба жинхэнэ шалтгаан бол үйлийн үр; иймд жинхэнэ хорихуй нь үйлийн үр болон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг жинхэнэ хорих явдал бөгөөд жинхэнэ зам мөр буюу зам мөрийн сэтгэл нь тэрхүү жинхэнэ хорихуйг авчрах ойлголт юм. Ийм учраас үйлийн үр нь Бурханы шашны сургаалын хамгийн гол сэдэв болдог бөгөөд түүнийг юу гэдгийг ойлгох нь үнэхээр чухал.
Үйлийн үрийн тодорхойлолт
Үйлийн үр нь Бурханы шашны бараг бүх ойлголтуудын адил Бурханы шашны өөр өөр үзэл сургаалд өөр өөрөөр тодорхойлогддог. Энд хамгийн энгийн хувилбар болох үйлийн үрийг сэтгэлийн түлхэц хүч (sems-pa) гэж үздэг хувилбарыг нь баримталъя. Энэ бол ямар нэг зүйлийг тодорхой байдлаар мэдрэх тэр тал уруу хөтөлдөг сэтгэлийн түлхэц юм. Үйлийн үр бол өөрөө үйл биш. Ихэнх тохиолдолд хүмүүс түүнийг үйлтэй холбож буруу ойлгодог, учир нь зарим орчуулагчид үйлийн үрийг “үйл” гэж орчуулдагтай холбоотой. Энэ бол үйл огтоос биш; үйлийн үр бол үйлдэл хийх давшгүй түлхэх хүч. Хэрэв үйлийн үр нь өөрөө үйл байх юм бол үйлийн үр хураахгүй зогсооё гэвэл бид юу ч хийхээ болих хэрэгтэй болно! Энэ нь өөрөө өөртэйгөө зөрчилдсөн ойлголт болно.
Биднийг үйлдэл хийхэд хүргэх энэ сэтгэлийн түлхэц нь нэг төрлийн нөхөр сэтгэл (Бурханы шашинд сэтгэлээс гардаг 51 сэтгэл /нөхөр сэтгэл/ байдаг гэж үздэг) бөгөөд үүнийг өөр гурван нөхөр сэтгэл ямагт дагалдана. Эхнийх нь ялгах ухаан (‘du-shes, хуран мэдэхүй), үүнийг ихэнх тохиолдолд “танихуй” гэж орчуулдаг. Бид мэдрэхүйн нэг хүрээн дотор юмсыг ялгадаг: энэ хүнийг тэр хүнээс, энэ зүйлийг тэр зүйлээс гэх мэт. Бидний үйл чиглэх тухайн зүйлийг бид ялгаж таних хэрэгтэй. Хоёр дахь нь дуршил (‘dun-pa), энэ нь зорилготой адил: бид юу хийхийг зорьж байна? Тухайн хүнд хор хүргэх эсвэл түүнд туслахыг зорих. Гуравт, үүний хамт нэг сэтгэл хөдлөл байна. Уур гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, эсвэл асрал хайр гэх мэт эерэг сэтгэл хөдлөл байна. Бид уурласан учраас түүнд гэм хор учруулахыг хүснэ, эсвэл түүнийг хайрлаж энэрч байгаа учраас туслахыг хүснэ. Тухайн үйлийг хийхэд түлхэж байгаа хүч бол үйлийн үр.
“Сэдэл” гэдэг үгийн Бурханы шашинд хэрэглэгдэх утга
Барууны бидэнд заримдаа буруу ойлгогддог өөр нэг үг бол “сэдэл” (kun-slong). Энэ үгийн баруунд хэрэглэгддэг утга нь ямар нэг зүйлийн цаана байх сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Уур эсвэл асрах сэтгэлээр өдөөгдөх гэж бид хэлдэг. Харин Бурханы шашны агуулгын хүрээнд сэдэл гэдэг үгтэй таарвал тэр нь баруунд ойлгодог сэдэл гэдэг үгийн утгыг илэрхийлээгүй үгийн орчуулга байна. Бурханы шашны үүднээс бол санаа эсвэл зорилго нь сэдлийн гол тал хандлага, харин түүнийг дэмжих сэтгэл хөдлөл нь дараагийн түвшний зүйл байдаг. Тус үгийг “сэдэл” гэхээс илүүтэйгээр “өдөөгч үзэл санааны тогтолцоо” гэж орчуулбал илүү дээр байж болох юм.
Жишээ нь: аливаа сургаал номын эхэнд “сэдлээ засах эсвэл тавих” гэдэг үгтэй таарвал энэ нь бид яах гэж энд байгаа тухай зорилгоо санах гэсэн утга илэрхийлнэ. Бидний зорилго бол авралын аюулгүй зам мөрөөр явахад эсвэл бусдад илүү бүрэн дүүрэн тусалж чадах үүднээс гэгээрэлд хүрэхэд бидэнд тус болох ямар нэг зүйл сурах явдал байна . Энэ бол бидний бататгах эсвэл тодорхойлон тавих зүйл. Энэ зорилгыг дагалдах сэтгэл хөдлөл нь хамаг амьтныг асрах, энэрэн нигүүлсэх сэтгэл байж болно. Гэвч энэ бол сэдлээ бататгахад голлон анхаарах зүйл биш. Мэдээж бид асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг бас төрүүлэх хэрэгтэй, гэвч энэ нь барууныхны хувьд бидний хийж байгаа зүйлийг өдөөгч сэтгэл хөдлөл болдог. Харин Бурханы шашин нь үүнийг хамаагүй илүү өргөн хүрээний үзэл санааны тогтолцоотой холбож байдаг.
Сэтгэлээс гардаг бүх сэтгэлийг (51 нөхөр сэтгэл) ялгаж мэдэх нь тустай. Учир нь тухайн нэг сэтгэл зохих хэмжээндээ хангалтгүй байвал бид тэднийг тохируулан засаж болно. Хэрэв бид ялгааг сайтар гаргаж мэдэхгүй бол сэтгэлийн төлөв байдлаа хэрхэн засах, тохируулахыг мэдэхэд хэцүү байх болно.
Бие, хэл, сэтгэлийн үйлийн үр
Тэгэхээр бидэнд сэтгэлийн түлхэх хүч буюу үйлийн үр байдаг байх нь. Тэгвэл бие, хэл, сэтгэлийн үйлийн үр гэж ярих үед энэ нь ямар нэг зүйл хийх, ямар нэг зүйл хэлэх, ямар нэг зүйл бодох сэтгэлийн түлхэх хүч байна. Сүүлийнх нь ихэнх тохиолдолд ямар нэг зүйлийн талаар нэг хоромд бодоход түлхдэггүй харин хэн нэгнээс яаж өс авах, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай гэх мэт тодорхой хэсэг хугацааны турш ямар нэг зүйлийн талаар бодоход түлхэнэ. Бие, болон хэлний үйлийн хувьд эдгээр нь ихэвчлэн сэтгэлийн үйлийн үр буюу сэтгэлийн түлхэх хүчнээс эхэлнэ. Ямар нэг зүйл хийх сэтгэлийн түлхэх хүч эхэлж төрнө. Жишээ нь: “Очоод, түүнийг дуудъя” гэх мэт. Энэ бол сэтгэлийн түлхэх хүч. Энэ нь зорилго гэх мэт дагалдах сэтгэл хөдлөлтэй байх ба объектоо ялгаж таньсан байна. Үүний дараах бодит бие эсвэл хэлний үйлийн үр нь тухайн үйлдлийг хийж эхлэх түлхэц болж, тэрхүү түлхэц нь үйлдлийг хийж дуустал агшин бүрд идэвхтэй байна. Энэ бол бие болон хэлний үйлийн үр.
Мэдээж дагалдах нөхөр сэтгэлүүд нь анх байснаасаа өөрчлөгдөж болно. Жишээ нь: бид найзтайгаа утсаар ярихаар залгахад охин нь утсыг авч бид түүнийг дуу хоолойг ээжийнх нь хоолойтой андууран ярьж эхэлнэ. Эхэндээ сэтгэл хөдлөл нь асрах сэтгэл байж байгаад ярианы дундуур бид тэдэнд бухимдаж болно. Бид тэдэн уруу сайхан үг, эсвэл таагүй үг хэлэх санаатай байтал анхаарал сарниж тэр бүгдийг мартаж болно. Энэ бүх зүйл бол өөрчлөгдөж буй хувьсагчууд бөгөөд үйлийн үр бол ердөө ярих гэх мэт тухайн үйлдлийг хийх түлхэц юм. Мэдээж тухайн түлхэц дангаараа гарч ирэхгүй – тэдгээр олон хүчин зүйлтэй хамт гарна – гэвч тэдгээрийн аль нь ч үйлдэл өөрөө биш. Үйлдэл бол тусдаа өөр зүйл.
Үйл нь миний нэрлэдэг “эерэг үйлийн үрийн хүч” (bsod-nams) болон “сөрөг үйлийн үрийн хүч” (sdig-pa) гэдэг зүйл юм. Үүнийг ихэвчлэн “буян”, “нүгэл” гэж орчуулдаг. Энэ нь үйлтэй өөртэй нь холбоотой бөгөөд үйлийн үрийн хүч болж үйлчилнэ. Үйл дуусахад түүний үр нөлөө болох зүйл бий болох ба тэр нь бидний сэтгэлийн үргэлжлэлд ул мөр – үйлийн үрийн чадамж (авьяас), хандлага, зуршил болон үлдэнэ. Тэдгээр нь хувирамтгай чанартай – иймд нөхцөл байдлын нөлөөгөөр өөрчлөгдөж болно – мөн физик үзэгдэл бүхий биет ч бус, ямар нэг зүйлийг мэдрэх мэдрэхүй ч бас биш. Энэ нь маш нарийн төвөгтэй зүйл учраас энэхүү үр нөлөөний олон хэлбэрийн талаар цааш ярихгүй байя. Гэвч сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага тэдгээр үр нөлөөг идэвхжүүлэх юм бол тэдгээр нь бидний агшин бүрд туулах зүйлсэд олон янзын үр дагавар болж боловсроно.
Үйлийн үр нөлөө боловсрох
Үйлийн үр нөлөө юунд боловсордог вэ?
- Баяр, гуниг, идэвхгүй сэтгэлийн мэдрэмж – өчигдөр, өнөөдөр адилхан зүйл хийсэн байж болно, гэвч өчигдөр бид түүндээ баяртай байсан бол өнөөдөр түүнийг хийхэд зовлонтой санагдаж болно. Энэ бол үйлийн үрийн боловсрол. “Үйлийн үрийн боловсрол”-ыг энд маш тойм утгаар хэрэглэж байна.
- Бидний энэ төрлийн бие цогцос, бидний амсаж хүртэж байгаа төрсөн орчин, нөхцөл – бидний авсан бие, бидний сэтгэл, оюуны чадамж гэх мэт – мөн энэ төрөлдөө туулах агшин агшны баяр жаргал, зовлон гуниг.
- Өмнө хийсэн зүйлтэйгээ төстэй зүйл хийхийг хүсэх – жишээ нь: “Хэн нэг хүн уруу яримаар санагдах; Тань уруу хашхичмаар санагдах.” “Юу хиймээр санагдаж байна?” “Толгойгоо маажмаар.” Энэ бол үйлийн үрийн боловсрол: хиймээр санагдаж буй зүйл. Ямар нэг зүйл хиймээр санагдсанаас түүнийг хийх түлхэх хүч гарч болно. Ямар нэг зүйл хиймээр санагдах (‘dod-pa), түүнийг хийх түлхэх хүч хоёр бол хоёр өөр зүйл.
- Хийсэн зүйлтэйгээ адилхан нөхцөлийг туулах, адилхан зүйл бидэнд эргэж тохиолдох – жишээ нь: бид үргэлж хэн нэг хүн уруу хашхичдаг, харин одоо хүмүүс бидэн уруу хашхичихыг үзэж байна. Эсвэл бид бусдад үргэлж найрсаг байдаг бөгөөд одоо хүмүүс бидэнд найрсаг байгааг харж байна.
Энэ бүх зүйл тус бүрдээ өөр өөр түвшинд сайн, муу янз бүр байна. Энэ нь өөр өөр зүйлүүд өөр өөр цаг хугацаанд боловсорч олон байдлаар өөр хоорондоо холбогдох бөгөөд дараа нь юу болохыг бид хэзээ ч мэдэхгүй гэсэн үг. Дараагийн мөчид баярлах, гуниглахын аль нь байхыг бид хэзээ ч мэдэхүй, таван минутын дараа юу хиймээр санагдахыг ч бид мэдэхгүй. Энэ нь цаг үргэлж өөрчлөгдөж байдаг. Хүмүүс над уруу залгаад ямар нэг зүйлийг зарахыг хүсэх эсвэл ... юу болохыг хэн мэдэх билээ? Заримдаа тэдгээр зүйлүүд нь сайхан зүйлүүд байна, заримдаа маш таагүй зүйлүүд ч байна. Цаг үргэлж таатай, таагүй зүйлүүд болж байх бөгөөд дараагийн удаа юу болохыг бид ердөө ч мэдэхгүй – энэ бол тодорхойгүй байдал. Энэ тийм таатай зүйл биш биз дээ? Түүгээр зогсохгүй бидний дараагийн төрлүүд бидний мэдэх түвшинд, төрөл тутамд сайн, муу янз бүр байна.
Их хөлгөний ёсны үүднээс авч үзвэл үйлийн үрээс үүддэг өөр нэг зүйл бий: агшин хором бүрд бид миний дараах байдлаар нэрлэдэг зүйлийг бий болгож бас амсаж туулдаг:
- “Яндан дуран ойлголт” – бид юу болж байгаа болон түүний шалтгааны талаар ердөө өчүүхэн бага зүйлийг харж байдаг. Бид аливаа зүйл ямар учраас бидэнд тохиолдож байгаа, бидний үйлийн үр дагавар юу болох талаар ямар ч ойлголтгүй, маш хязгаарлагдмал нарийссан хараатай байдаг. Энэ нь мөн л үйлийн үрийн боловсрол юм. Энэ нь биднийг “хязгаарлагдмал төрөлхтөн”, бүхнийг мэдэгч Бурхадаас ялгаатай, хязгаарлагдмал чадамжтай төрөлхтөн болгодог.
Энэ бүх үйлийн үрийн боловсрол бол хутагтын нэгдүгээр үнэн, жинхэнэ асуудлууд буюу зовлонгийн үнэн юм. Энэ удаа бид Бурхан багш, амьдралын эхний бодит үнэн буюу жинхэнэ асуудлууд (зовлонгийн үнэн) гэдгээр юуг илэрхийлсэн талаар илүү дэлгэрэнгүй ойлголт авч чадна гэж бодож байна; энэ бол үйлийн үрийн боловсрол. Юу нь чухам үнэхээр хэцүү бэрх вэ гэвэл бид үйлийн үр боловсрох шалтгааныг бий болгож, тэрхүү циклийг тасралтгүй үргэлжлүүлэх илүү их түлхэцүүд бий болох шалтгааныг бүрдүүлэх төөрөгдөлд үнэхээр австан байдаг. Үүнийг арван хоёр шүтэн барилдлагаар үзүүлдэг.
Үйлийн үрийн тухай ярих үед энэ нь зөвхөн сөрөг зан байдал төдийгүй төөрөгдлийн хувь хэмжээ бүхий эерэг зан байдал болон идэвхгүй зан байдлуудыг бий болгох сэтгэлийн түлхэцүүдийг бас багтаадаг гэдгийг санах хэрэгтэй. Төөрөгдөл бүхий эерэг үйл нь “Надад сайн байгаасай гэсэн үүднээс би түүнд туслахыг хүсэж байна” эсвэл “Би их чухал, хэрэгтэй хүн мэт сэтгэгдэл надад төрдөг учраас би чамд туслахыг хүсэж байна” гэх мэт сэтгэл байж болно. Мөн эерэг ч биш сөрөг ч биш, хуруунуудаа хөдөлгөх, ширээ тогших, суугаагаар хөл товших гэх мэт ямар нэг тодорхойгүй зүйл хийх түлхэц байж болно. Энэ нь төөрөгдлийн оролцоотой байдаг. Бид энэ нь бусад хүмүүст төвөгтэй байдаг эсвэл биднийг эвгүй харагдуулдаг гэдгийг үнэхээр ойлгодоггүй, бодлогогүй гэнэн байдаг.
Үйлийн үр нь энэ бүх зан байдал, тэднийг гаргахад хүргэдэг сэтгэлийн түлхэцийн тухай юм.
Үйлийн үрийн дөрвөн ерөнхий хууль
Үйлийн үрийн дөрвөн ерөнхий хууль байдаг.
Үр нь магадтай
Үүнийг маш өвөрмөц байдлаар илэрхийлсэн байдаг. Хэрэв бид зовлон эдэлж байвал энэ нь өмнөх сөрөг зан үйлийн боловсрол байх нь гарцаагүй. Энэ нь хэрэв бид сөрөг үйл хийсэн бол тэр нь заавал зовлон болж боловсорно гэсэн үг биш. Яагаад? Учир нь сөрөг үйлийн үрийг ариусгаж болно. Хэрэв дээр өгүүлсэн хоёр дахь санааг тийм гэж баталбал тэр нь сөрөг үйлийн үрийг ариусгах боломжгүй гэсэн утга илэрхийлнэ. Хэрэв бид зовлон эдэлж байвал тэр нь сөрөг зан үйлээс шалтгаалсан байх нь гарцаагүй; хэрэв бид жаргал эдэлж байвал тэр нь эерэг зан үйлийн боловсрол байх нь гарцаагүй. Зан үйл болон сэтгэлийн жаргал, зовлон эдлэх хэмжээ хоёрын хоорондох тэрхүү харилцааг ойлгох нь маш чухал. Бид хэрэв сөрөг үйлдэл хийсэн бол тэр нь зовлон бий болгоно гэж яриагүй байна.
Сэтгэлийн мэдрэмж болон үйл хоёрын хоорондох энэхүү харилцааны олон янзын хувилбарыг авч үзэцгээе. Бид энд бидний үйлийн бусдад үзүүлэх жаргал, зовлонгийн тухай яриагүй байна; энэ нь баттай биш. Жишээ нь: би саяхан компьютрээ засуулахаар засварын газар өгсөн боловч тэндээс хулгайд алдагдсан байсан. Би их баярласан. Учир нь тэр компьютер үргэлж эвдрээд байсан, харин би одоо даатгалынхаа мөнгийг аваад шинэ компьютер худалдаж авах боломжтой болсон. Тэр хулгайч надад зовлон учруулаагүй. Үйлийн үрийн энэ хууль нь үйл үйлдсэн тухайн хүний эдлэх зовлон жаргалын тухай юм.
Бид тодорхой нэг үйл хийхдээ ямар сэтгэл, мэдрэмжтэй байх нь бас тодорхойгүй; энэ нь үйлтэй заавал холбоотой байх албагүй. Хэн нэгний гэр бүлийн хүнтэй бэлгийн харилцаанд орж, тэр үедээ сэтгэл зовлонтой байснаар зохисгүй бэлгийн үйлээс зайлсхийж болно. Мөн тухайн нэг үйлийн дараа ямар сэтгэл мэдрэмжтэй байх нь бас тодорхойгүй: “Би хэн нэгэнд тусалж байтал тэрээр гэр уруугаа явж одох ба би хямарч хоцорно.” Бидний өмнө ярьсанчлан иймэрхүү сэтгэлийн мэдрэмжүүд хожим боловсрох эсэх нь хүртэл бас тодорхойгүй. Учир нь бид хийсэн үйлийнхээ үрийг ариусгаж болно. Тодорхой нэг зүйл бол хэрэв бид ийм сэтгэл мэдрэмжүүдийг эдэлж байвал тэр нь хэзээ тохиохоос хамаарахгүй бидний өмнө хийсэн зарим эерэг болон сөрөг үйлийн үр дагавар байх нь гарцаагүй. Хэрэв бид зохисгүй бэлгийн үйлээс зайлсхийж байхдаа сэтгэл зовлонтой байвал тэр нь өмнөх сөрөг үйлийн үрийн боловсрол байна.
Зарим хүмүүс будилж магадгүй учраас эерэг үйл гэж юу болох талаар бас дурдах хэрэгтэй болов уу? Амьтны амь таслахаас зайлсхийх нь арван эерэг үйлийн нэг. Би гараад хүний амь бүрэлгэе гэж бодоогүй, тиймээс хүний амь хөнөөгөөгүй байгаа нь амьтны амь таслахаас зайлсхийх эерэг үйл болохгүй. Эерэг үйл нь тухайлбал нэг шумуул толгой дээгүүр эргэлдэж, түүнийг алахыг хүссэн боловч амьтны амь таслах үйлийн үр дагаварыг санаснаар сэтгэл өөрчлөгдөж болно. Энэ мөч бол амьтны амь таслахаас зайлсхийсэн эерэг үйл болно. Сөрөг үйлээс зайлсхийсэн эерэг зан үйлийн энэ хэлбэр бол маш идэвхтэй үйл; энэ нь “Би амьтны амь хэзээ ч тасалдаггүй, тийм болохоор амьтны амь таслахгүй гэсэн сахил бас авч болох юм” гэж буй хэрэг ердөө биш. Энэ бол хангалттай хүчтэй биш. Мэдээж сахил авах нь ямагт тустай боловч бодит эерэг үйл нь тухайн нэг сөрөг үйлийг хийхийг хүсэж байгаа үед үр дагаварыг мэдээд түүнээс зайлсхийж байгаа явдал. Мэдээж бодитойгоор хэн нэгэнд туслах, эсвэл хэн нэгэнд ямар нэг зүйл өгөх эерэг үйл бас байна. Энэ бол өөр төрөл.
Үр нь ихээр арвижих
Нэг жижиг үйлээс маш том үр дагавар гарч болно. Гэр бүлийн хүндээ таагүй зүйл хэлээд асуудлыг шийдвэрлэхгүйгээр түүнийг хэдий удаан орхино гомдол нь төдий чинээ их болно. Бид бүгд үүнийг өөрсдийн амьдралын туршлагаар мэднэ.
Үйлийг эс үйлдвээс үртэй үл учрах
Онгоцны осолд олон хүн амь эрсдэж харин цөөн хүмүүс эсэн мэнд гардаг. Яагаад? Тэд тэрхүү онгоцны ослоор амь үрэгдэх үйлийг үйлдээгүй учраас үр дагаварыг амсахгүй байна. Хэрэв бид бүх үйлийн үрээ бүрэн ариусгавал айх зүйл байхгүй болно. Бид бүр дээрэмчид бүхий гэх мэт аюултай газар одсон ч дээрэмдүүлэх үйлийн үрийн шалтгааныг арилгасан учраас дээрэмдүүлэх явдлыг амсахгүй. Жишээ нь Бурхан багшид хэн ч гэм хор хүргэж чаддаггүй байсан.
Үйл үйлдсэн бол үр нь сэтгэлийн үргэлжлэлээс өөрөө арилахгүй
Үйлийн үр нөлөө боловсрохгүй болохуйц хуучрахгүй. Хэрэв бид ариусгахгүй бол хэзээ нэгэн цаг хугацаанд боловсорно. Хэрэв ариусгаж арилгахгүй л бол сая жилийн дараа байсан ч боловсорно.
Эдгээр нь үйлийн үрийн ерөнхий хуулиуд юм. Мөн нэг үйл олон төрөл дамжин олон үр дагавар гаргаж болно. Эх зохиолууд дээр гардаг нэг жишээ нь нэг хүн нэг бодьсадваг сармагчин гэж хочлоод таван зуун төрөлдөө сармагчин болж төрсөн түүх байдаг. Бид өөрсдийгөө ийм жишээтэй холбож үзэх эсэх нь асуудлын гол биш хэдий ч гол асуудал нь юу гэвэл эдгээр нь шууд харилцан хамааралтай биш юм. Нэг үйл олон төрөл дамжин олон үр дагавар гаргаж болох бол олон үйлээс нэг үр дагавар гарч болно. Энэ жишээ нь цагдаа нарыг “гахай” гэж хочилдог талаараа бодож үзэхэд тустай.
Үр гүйцэхэд оролцох дөрвөн хүчин зүйл
Үйлийн тухай ярих үед, үр гүйцэхэд дөрвөн хүчин зүйл бүрдэх шаардлагтай болно. Эдгээрийн аль нэг нь дутуу бол үр нь хүчтэй байхгүй. Гэвч энэ нь үр гарахгүй гэсэн үг биш.
- Суурь – үйл чиглэсэн суурь болох амьтан, эд зүйл байх хэрэгтэй. Угаалгын өрөөнд хэн нэгэн хэтэрхий удсанаар бид тэдэн уруу хашхичиж эхлэх боловч тэнд хүн байхгүй байж болно. Энэ нь тэнд хүн байсны адил хүчтэй болохгүй. Бидний хашхичхыг сонсож, ойлгож, бидний илэрхийлсэн утганд итгэх хүн байх хэрэгтэй. Хэрэв тухайн хүн сонсголгүй эсвэл радионы дуунд биднийг сонсоогүй бол энэ нь тийм хүчтэй болохгүй.
- Сэтгэлийн түлхэц – үйлийг үрийг өөрийг нь илэрхийлж буй бөгөөд түүнийг дагалдах бусад нөхөр сэтгэлүүд байна. Нэгд орноо зөв таньсан байх (хуран мэдэхүй) хэрэгтэй болно. Жишээ нь: авсан зүйлээ өөрийн шүхэр гэж бодсон байтал эндүүрээд таны шүхрийг авсан байг. Хэрэв бид түүнийг андуурч авсан бол түүнийг хамгийн сайхан шүхэр гэж сонгон авснаас үр нь илүү бага байна. Гэвч хэдийгээр бид эндүүрч авсан байсан ч сөрөг үйл мөн хэвээр байна. Энэ нь тийм хүчтэй сөрөг үйл болохгүй. Хоёр дахь дагалдах сэтгэл нь дуршил. Хэрэв дуршил (санаа) байхгүй бол жишээ нь хэн нэгэнтэй бүжиглэж байх үедээ хөл дээр нь гишгэх санаагүй байж байгаад гишгэж болно. Энэ нь түүнийг санаатайгаар хийснээс хавьгүй бага хүчтэй байна. Гурав дахь сэтгэл нь хэрэв сөрөг үйлийн тухай ярьж байгаа бол сөрөг сэтгэл байна. Хэрэв бид хүүхдээ хайрлах үүднээс хүүхдийн толгой дээгүүр эргэлдэх шумуулыг алсан бол энэ нь шумуулд дургүйцэн түүнийг алснаас өөр байна. Эдгээр нь бүгд хоёр дахь хүчин зүйл болох сэтгэлийн түлхэц.
- Үйлдэл – түүнийг бодитой хийх хэрэгтэй болно. Хэрэв би тань уруу хашхичхаар төлөвлөж байтал хэн нэгэн хүн хаалга тогшиж, эсвэл утас дуугарснаар үйлдлийг хийгээгүй бол энэ нь түүнийг бодитой хийсний адил хүчтэй болохгүй. Би хэн нэгний амийг хөнөөж байна гэж ердөө зүүдэлж бодит амьдрал дээр хийгээгүй гэж бодъё. Хэдийгээр тэрхүү хөнөөж байгаа зүүд нь сөрөг үйл бөгөөд маш их уур бухимдал оролцсон байх ба тухайн хүнийг зүүдэндээ үнэхээр санаатайгаар хөнөөсөн байсан ч бодитой үйл оролцоогүй учраас бодит хүн хөнөөсний адил хүнд үйл болохгүй.
- Төгсгөл – хэрэв бид хэн нэгэн хүнийг хөнөөх санаатай буудах боловч алдаж гарт нь буудвал үйл зорьсон төгсөлдөө хүрээгүй учраас хүнд болохгүй. Бид хэлэх зүйлээрээ хэн нэгний сэтгэлийг шархлуулахыг үнэхээр хүссэн боловч тэд бидэнд итгээгүй эсвэл ямар нэг шалтгаанаар тэр нь сэтгэлийг нь ердөө хөндөөгүй бол тухайн хүний сэтгэлийг бодитой хөндсөний адил хүнд болохгүй. Бид худал хэлсэн боловч тэд итгэхгүй бол мөн адил юм. Үйлийн үр нь ямар нарийн болохыг бид харж байна; олон хүчин зүйлүүд оролцдог байх нь.
Энэ бүгд эерэг үйлийн хувьд ч адил. Жишээ нь: би танд туслах гэж байгаад оронд нь өөр хүнд тусалчхаж болно. Мөн би танд туслахыг үнэндээ зориогүй боловч миний хийсэн зүйл танд тус болж эсвэл би танд туслахаар ямар нэг зүйл хийсэн боловч тэр нь ердөө тус болохгүй байж болно. Энэ их тохиолддог. Бид хэн нэгний сэтгэлийг засах үүднээс түүнд зориулан сайхан амттай хоол хийж өгтөл хоолны үеэр хахаад эмнэлэгт хүргэгдэж болно. Эсвэл тэдэнд таалагдахгүй, таагүй амттай санагдаж болно. Эдгээр нь бүгд бас эерэг үйлдлүүдтэй байна.
Шидэгдэх ба гүйцээх үйлийн үр
Үйлийн үрийн өөр нэг ангилал нь “шидэгдэх ба гүйцээх үйлийн үр” юм.
- Шидэгдэх үйлийн үр (‘phen-byed-kyi las) гэдэг нь биднийг дараагийн төрөлд шидэх түлхэц. Илүү тодруулбал, энэ нь биднийг дараагийн төрөлд шидэх маш хүчтэй үйлийн үр нөлөөтэй ямар нэг зүйл хийхэд түлхэх түлхэц юм. Энэ нь бидний авах төрлийн, жишээлбэл, нохой эсвэл хүний төрлийн хэлбэрийг бий болгож болно. Энэ нь тухайн түлхэцэд маш хүчтэй дуршил (санаа), маш хүчтэй сэтгэл хөдлөл дагалдсан үед бий болдог. Тэрхүү түлхцийг бодитой үйлдэж, үйл нь зорьсон төгсгөлдөө хүрсэн тохиолдолд тэр нь бидний авах төрлийн хэлбэрийг гаргана. Энэ нь “шидэгдэх үйлийн үр” юм.
- Гүйцээх үйлийн үр (rdzogs-byed-kyi las) нь дуршил эсвэл сэдэл мөн дагалдах сэтгэл хөдлөл нь хүчтэй биш байх тохиолдол юм. Энэ нь тухайн төрлийн нөхцөл болж боловсорно. Жишээ нь: бид Энэтхэгт нэг гудамжны нохой болж эсвэл баруунд нэг баян айлын пудель хав болж төрж болно. Дөрвөн боломж байна: эерэг шидэгдэх үйлийн үртэй сөрөг гүйцээх үйлийн үр, сөрөг шидэгдэх үйлтэй сөрөг гүйцээх үйлийн үр гэх мэт.
Үйлдсэн үйлийн үр ба хураасан үйлийн үр
Үнэхээр нэлээн сонирхолтой өөр нэг ангилал байдаг нь “үйлдсэн үйлийн үр” ба “хураасан үйлийн үр” юм.
- Үйлдсэн үйлийн үр (byas-pa’i las) гэдэг нь биднийг санаатай, санамсаргүй бие болон хэлний үйл үйлдэхэд хүргэсэн аливаа бие болон хэлний үйлийн түлхэцтэй холбоотой.
- Хураасан үйлийн үр (bsags-pa’i las) гэдэг нь бидний сэтгэлийн үргэлжлэл дэх үйлийн үрийн чадамж, хандлага нь бэхжин хуримтлагдсан, нэг үгээр хэлбэл хүч нь батжиж, нэмэгдсэн үйлийн үрийн түлхэх хүчтэй холбоотой.
Энэ ангиллаас бид дөрвөн боломжийг харж болно. Жишээ нь: би танд гэм хор хүргэх эсвэл туслахаар төлөвлөсөн боловч түүнийг бодитойгоор хийгээгүй; Би танд туслахаар төлөвлөөгүй боловч, тус хүргэсэн; Би түүнийг хийхээр төлөвлөж бас бодитойгоор хийсэн; Эсвэл би түүнийг төлөвлөөгүй бас хийгээгүй байх боломжууд байна.
Төлөвлөөд дараа нь түүнийгээ бодитой хийсэн үйлдлүүдийн боловсролыг амсах нь баттай.
Гэтэл хүмүүс энэ ангиллыг буруу ойлгож үйлийн боловсрол гаргахгүй байж болох зарим үйлдлүүд байна, үйлийн боловсрол заавал гаргах өөр бас үйлдлүүд байна гэж боддог. Энэ бол энд яригдаж байгаа ялгаа биш харин хэрэв бид сөрөг үйдлүүдийн үр нөлөөг сэтгэлийн үргэлжлэлээсээ арилгавал тэдгээрийн боловсролыг амсахгүй. Гэвч бидний энд ярьж байгаа үйлийн боловсролыг баттай амсах тухай яриа нь түүнийг хэзээ амсах тухай юм. Төлөвлөсөн боловч бодитой хийгээгүй үйлийн хувьд хэзээ үр нь боловсрох нь тодорхойгүй. Хэзээ ч боловсорч болно – энэ төрөлд, дараагийн төрөлд эсвэл түүнээс хойших аль ч төрөлд боловсорч болно. Хэрэв бид барууны олон хүмүүсийн адилаар хойд төрлүүдэд итгэдэггүй бол ямар үйлүүд энэ насанд боловсрохыг мэдэх нь чухал. Сануулж хэлэхэд, тэдгээрийг төлөвлөөд, бодитой үйлдсэн байх ёстой.
Үр нь энэ насанд боловсрох үйлүүд
Ерөнхийдөө энэ насанд үр нь боловсорч эхлэх эерэг эсвэл сөрөг үйлийн дөрвөн зүйл байна. Гэвч тэдгээрийн боловсрол нь дараагийн төрлүүд дамжин бас үргэлжилж болно.
- Өөрийн бие, эдлэл, эсвэл аминд хэт шунаснаас гарах сөрөг үйлүүд мөн эдгээр гуравт үл шунаснаар гарах эерэг үйлүүд. Жишээ нь: би машинаа үнэхээр хайрлах ба та түүнийг цохиод авахад би бейсболын цохиур барьж очин таны машиныг балбаж орхино. Эсвэл би өвдөхгүй хэмээн ихэд хичээн халдварт өвчтэй хэн нэгэнд туслахаас татгалзах жишээ байж болно. Нөгөөтээгүүр, би биеэ үл хайрлан шатаж байгаа барилга уруу хүүхэд аврахаар гүйн орж болно.
- Дайсагнадаг хамт хоригдогчоо тарчлаан зовоох гэх мэт хэн нэгнийг хүчтэй хорлох сэтгэлээр үйлдсэн үйлүүд, эсвэл шархадсан дайсны цэргийг сувилах гэх мэт бусдад тус хүргэх, асрах хүчтэй сэтгэлээр үйлдсэн эерэг үйлүүд.
- Сүм хийдийг эвдэн сүйтгэх, лам хуврагийг цаазлан хороох гэх мэт Бурхан, Ном, Хуврагийн чуулган, номын багш тэргүүтэнд гэм хор хүргэх хүчтэй сэтгэлээр үйлдсэн сөрөг үйлүүд. Мөн үүнд суварга босгох, Бурханы ном хэвлүүлэх, Бурханы шашны төв байгуулахад хандив өргөх гэх мэт багш, Гурван эрдэнийн эрдэмд итгэх хүчтэй итгэл үнэмшлээр хийсэн эерэг үйлүүд багтана.
- Эцэг эх, багш гэх мэт бидэнд асар их тус хүргэсэн хэн нэгэнд чиглэсэн ачийг үл санах, үл хүндэтгэх сэтгэлээр хийсэн сөрөг үйлүүд эсвэл тэдэнд чиглэсэн тэдний ачийг хариулах сэтгэлээр хийсэн эерэг үйлүүд. Жишээ нь: эцэг эхээ өтөлж, өвдөхөд асрахгүй байх эсвэл номын багшийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт туслахгүй байх. Гэвч ийм үйлүүдийг хийх талаар үнэндээ сайтар бодож үзэх ёстой бөгөөд бодлогогүй зоргоор бус эсвэл албан хүчээр хийхгүй байхыг санах хэрэгтэй.
Үйлийн үрийн боловсролын хүчинд нөлөөлөх хүчин зүйлс
Бидний үйлийн үр нөлөө нь хүчтэй, хүнд эсвэл хөнгөн, яльгүй ямар нэг зүйл болж боловсорч болно. Миний ярихыг хүсэж байгаа сүүлийн нэг зүйл бол эерэг болон сөрөг үйлийн үр дагавар хүнд, хөнгөн болоход нөлөөлөх зарим хүчин зүйлүүдийн тухай юм. Энэ нэлээн урт.
- Үйл болон үзэгдлийн мөн чанар – энэ нь ерөнхийдөө тухайн үйлийн нөгөө хүнд үзүүлэх зовлон болон жаргалын тухай. Хүний амь хөнөөх нь машиныг нь хулгайлснаас илүү хүнд; хүний амь нас аврах нь тэдэнд мөнгө төгрөг өгөхөөс илүү хүчтэй.
- Сэтгэлийн түлхцийг дагалдах эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийн хүч – маш хүчтэй үзэн ядах сэтгэлээр хүнд гэм хор хүргэх нь багахан уурлаж тэдэнд гэм хүргэхээс хамаагүй илүү хүчтэй. Цаг хэмнэх үүднээс дараагийн хэсгүүдэд голдуу сөрөг үйлд нь жишээ татъя харин та бүхэн эерэг үйлд нь жишээ бодож олж болох юм.
- Буруу үзлийг даган баримталсан – өөрөөр хэлбэл, тухайн үйлд буруу тэрс үзэл дагалдсан эсвэл үгүй байсан ч түүнийг хийхэд буруу зүйл үгүй, хийх нь сайн гэж бодох. Жишээ нь: бид тодорхой нэг угсаатны бүлгийн гишүүдийг үгүй хийхээр дайнд явж, түүнийг хийх нь үнэхээр зөв, түүнийг буруу гэж бодож байгаа хүмүүс бол ухаангүй гэж бодож болно. Энэ бол буруу тэрс үзэл. Эсвэл амьтад бол бидний хэрэгцээнд зориулагдсан учраас тэднийг хөнөөх нь зөв гэж үзнэ. Ийм төрлийн үзэл байвал тэр нь хүнд болно.
- Бодит үйлдэл – энэ нь тухайн үйлийг хийх үед хохирогчид нь учрах зовлонгийн хэмжээний тухай. Ялааны далавчийг таслах нь түүнийг ялааны цохиураар цохихоос хамаагүй илүү хүчтэй.
- Үйлийн чиглэсэн суурь – тухайн төрөлхтнөөс бидний болон бусдын өнгөрсөнд хүртсэн, одоо болон ирээдүйд хүртэх ач тусын хэмжээ мөн тухайн төрөлхтний эрдмээс шалтгаалан энэ олон янз байна. Эрдэмүүдэд тухайн төрөлхтний хүрсэн эсвэл зорьж байгаа зорилго багтана. Жишээ нь: тэдний зорилго болон эрдмээс шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хуврагийн амь хөнөөх нь гэргийтний амь хөнөөхөөс илүү хүнд. Эсвэл Махатма Гандигийн амь насыг хөнөөх нь гэмт хэрэгтэн, эсвэл тахиа нядлахаас хүнд.
- Үйл чиглэж буй төрөлхтний байр суурь, бүтээл – хэрэв хохирогч нь дөнгөж даяан хийж дуусгасан хүн бол илүү хүнд. Эрүүл хүнээс өвчтэй хүнд гэм хүргэх нь илүү хүнд.
- Тухайн төрөлхтөнд үзүүлэх хүндлэл болон хэрхэн авч үзэх түвшин – өөрийн хүндэтгэдэг хэн нэгэнд гэм хүргэх нь танихгүй хэн нэгэнд гэм хүргэхээс ялгаатай. Багшдаа их хүндлэл үзүүлдэг тул түүнд худал хэлэх нь тодорхой хүндлэл үзүүлдэггүй танихгүй хэн нэгэнд худал хэлэхээс хүнд.
- Санваартай нөхцөл – амьтны амь таслахгүй байх сахил хүртсэн үед амь таслах нь сахилгүй үед амь таслахаас хүнд.
- Олонтаа хийх буюу дадаж сурснаар – хэрэв бид тодорхой нэг үйлдлийг өнгөрсөнд олон дахин хийсэн бол энэ нь хүнд болно. Амьдралынхаа туршид ан хийсэн бол нэг удаа буга буудаснаас хүнд байна.
- Үйл үйлдэгсдийн тоо – хэрэв бид хэн нэгэн хүнийг зодсон бүлэг хүмүүсийн нэг бол энэ нь тухайн үйлийг ганцаараа хийснээс хүнд байна. Харин эсрэгээрээ хурал номыг олон хүмүүсийн хамтаар хийвэл өрөөндөө ганцаараа хийснээс хүчтэй эерэг үйл болно. Ийм учраас төвөдүүд хурал уншлагыг олноороо хийх дуртай байдаг байна.
- Үл зохилдохын зүгт тууштай – үйлийг цаашид давтах эсэхийн хүнд.
- Ерөндөг бий, үгүй – өөрөөр хэлбэл, хэрэв бид ямар нэг сөрөг зүйл хийсэн бол их хэмжээний эерэг зүйлээр түүний хүчийг саармагжуулах эсэх; хэрэв бид өнгөрсөнд ямар нэг эерэг зүйл хийсэн бол их хэмжээний сөрөг зүйлээр түүний хүчийг сулруулах эсэх.
Энэ бүхэн их олон зүйл мэт санагдаж мөн уншихад залхуутай байж мэдэх ч хэрэв бид эерэг эсвэл сөрөг зүйл хийх шаардлагатай болж, нэрлэсэн дарааллаар тэдгээрийг хэрхэн хүчтэй эсвэл сул болгохыг мэдэхийг хүсвэл энэ бүхэн зарим маш чухал санаануудыг илэрхийлсэн байгаа. Хэрэв бид гэр орондоо жоом устгах ариутгал хийх гэх мэт ямар нэг сөрөг зүйл хийх шаардалагтай үед түүнийг үзэн ядах сэтгэлээр бус, олон давтахгүй, найз нөхдөө дуудан цуглуулж, түүнийг хөгжилтэй гэж бодон жоом устгах цэнгүүн болгож хийхгүй байхыг хичээж болно. Харин хэрэв бид гэртээ хурал уншлага хурах гэх мэт ямар нэг эерэг зүйл хийх гэж байгаа бол найз нөхдөө урьж, хамтран, маш хүчтэй эерэг сэтгэлээр, ойр ойрхон хийвэл маш сайн.
Энэхүү жагсаалтанд үзүүлсэн хүчин зүйлүүд нь хэдий бид үйлдлүүдийг өөрийн эрхгүй, төөрөлдсөн сэтгэлээр хийж байсан ч үрийн боловсролд нь хэрхэн нөлөөлж болохыг харуулж байна. Хэрэв бид бусдад туслах гэж байгаа бол бидэнд хамгийн их ачтай хүмүүс, жишээ нь, эцэг эхдээ тусалж эхэлж болох юм. Хэрэв бид утасдах ёстой бүх хүмүүс уруугаа утасдах зав байхгүй байх гэх мэт хэн нэгний урмыг хугалах шаардлагатай болох үед эцэг эх гэх мэт өөрт маш их ач тус хүргэсэн хүмүүсийн урмыг хугалахгүй байх хэрэгтэй. Энэ бол ердөө нэг жагсаалт бус харин бусадтай холбоотой өдөр тутмын амьдралын үйл ажиллагаандаа авч хэрэглэхэд хэрэгтэй зүйл юм.
Ерөндөг бий, үгүй нь
Дээрх жагсаалтын сүүлийн зүйл, ерөндөг бий, үгүй нь нэлээд чухал. Эндээс үйлийн үрийг ариусгах тухай яриа эхэлнэ. Энэ талаар би нарийвчлан ярихгүй. Харин хэдэн чухал зүйлийг дурдъя. Сөрөг үйл нь дараах тохиолдолд маш хүнд. Үүнд:
- Түүнийг алдаа бөгөөд сөрөг үр дагавартай гэж үзэхгүй байх – үүнийг юу сөрөх вэ гэвэл түүнийг алдаа, зохисгүй зүйл байсан гэж ил хүлээн зөвшөөрөх. Хэдий бид түүнийг хийж байх үедээ энэ бол буруу гэж бодоогүй ч хэрэв бид дараа нь түүнийг алдаа байсан гэж хүлээн зөвшөөрөх юм бол энэ нь үр дагаварыг ариусгаж эхлэх ба наад зах нь хөнгөрүүлнэ.
- Түүнийг баяртайгаар хийж, харамсахгүй байх ба хийсэндээ баясах – үүнийг сөрөх нь харамсал.
- Түүнийг дахин давтахгүй байх дур, хүсэл байхгүй байх – энэ нь “Би хөгжмөө шөнийн турш чанга тоглосоор байх болно. Хөршүүдийг сэрээх эсэх нь надад хамаагүй” гэж бодохтой адил. Үүний ерөндөг нь “Би энэ үйлдлээ дахин давтахгүй байхыг хичээнэ” гэх бодол.
- Гэмийг засахыг бодохгүй байх – үүнийг сөрөх зүйл нь эсрэг сайн үйл хийх.
Энэ нь Базарсадын бясалгал эсвэл ямар нэг ариуслын бүтээл хийхэд чухал хэрэгтэй байдаг ялгамжаатай дөрвөн хүчийг ямар учраас хэрэглэдэг болохыг харуулж байна.
Бид ерөндөг бий, үгүйн тухай энэ санаан дээр дахин нэг зүйлийг нэмэх хэрэгтэй:
- Бид ямар нэг зүйлийг ёс суртахууны өөрийгөө үнэлэх үнэлэмжгүйгээр эсвэл бидний үйлдэл бусдад хэрхэн харагдахыг анхаарахгүйгээр хийдэг – бид өөрийн нэр төрийг анхаарахгүй, бидний гэр бүл, багш, улс орны хүмүүсийн талаар хүмүүс юу гэж бодохыг бодолцдоггүй. Үүнийг сөрөх ерөндөг нь өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй байж, бидний үйлдэл бусдад хэрхэн харагдах талаар анхаарч, аюулгүй зам мөр, бодь сэтгэлийг бататган “Би амьдралдаа ямар нэг эерэг зүйл хийнэ” гэх явдал юм. Нэг герман хүн нэг газар очоод чангаар дуугаран, олон янзаар саад учруулан, түүгээр нь герман хүмүүсийн талаар хүмүүс юу гэж бодох талаар анхаарахгүй байх нэг жишээ байж болно.
Нийтийн үйлийн үрийн тухай асуулт
Одоо гараад байгаа хөл, амны халдварт өвчний хувьд эрх баригчид сүргийг устгах шийдвэр гаргасан. Энэ үйл явдал болж байгаа улсын иргэний хувьд, бүх сүргийг устгаж байгаа нь хамтын үйл болох уу? Энэ хамтын үйлийн нийтийн үйлийн үрийн боловсролыг би эдлэх үү? Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?
Юуны түрүүнд үйлийн үрийн дөрөв дэх хуулийг санах хэрэгтэй: хэрэв бид үйл үйлдээгүй бол түүний үр дагаварыг амсахгүй. Хэрэв бид тухайн амьтдыг устгаагүй бол бид үйлд оролцоогүй. Устгах үйл ажиллагааг бодитой хийж байгаа хүмүүс үйлд бодитой оролцож байгаа хүмүүс юм.
Гэвч бусдын хийж байгаа үйлд даган баясахтай холбоотой нэг зүйл байдаг. Хэрэв бид бусдын сайн үйлд баясвал эерэг үйлийн үрийн хүч хураана; хэрэв бид бусдын сөрөг үйлд баясвал энэ нь сөрөг үйлийн үрийн хүч хураана. Иймд хэрэв бид энэхүү устгах үйл ажиллагаа нь хийхэд сайн зүйл хэмээн бодох юм бол нэг өөр зүйл. Харин тэднийг устгаж байгаа нь таагүй явдал хэмээн их энэрэн нигүүлсэх сэтгэл зэргийг төрүүлбэл тэр нь эерэгээр бодож буй хэлбэр юм.
Бид энэ тал дээр бодлогогүй хандахгүй байхад анхаарах хэрэгтэй. Эдгээр мал, амьтан бүгд мах бэлтгэлд орох байсан. Энэ бол ердөө хэзээ нядалгаанд орох тухай асуудал байсан. Энэхүү халдварт өвчний улмаас устгалд орж байгаа явдалд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлээд мах бэлтгэлд нядлагдах талаар анхаарахгүй байгаа нь бодлогогүй, дутуу бодож байгаа хэрэг юм. Бидний энэрэн нигүүлсэх сэтгэлээр ийнхүү бодож байгаа нь эерэг үйл боловч үүнд дутуу бодох сөрөг сэтгэл хөдлөл дагалдсан байна. Иймд бид өөрийн бүх бодол, үйлдлээ үргэлж анхааралтай шинжилж үзэж байх хэрэгтэй байх нь.
Дүгнэлт
Үйлийн үрийн эдгээр олон хүчин зүйл нь хэдий нарийн төвөгтэй ч – Бурханы шашны хамгийн нарийн төвөгтэй сэдэв болох ч – тэдгээрийг хэдий их ойлгоно төдий чинээ бид өөрийн зан байдал болон түүний үр дагаварын хүнд хөнгөнд нөлөөлж, тэдгээрийн хэв маягийг тодорхойлж чадаж эхлэх учраас эдгээрийг ойлгох нь ямар их чухал болох нь харагдаж байна. Зөвхөн халдварт өвчтэй байгаад нь бус мал амьтанд ерөнхийд нь энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх тухай дээрх жишээний адилаар.
Үүгээр хураасан эерэг хүч бүхэн улам улам арвидаж, бидний ойлгосон ойлголт бүхэн улам улам гүнзгийрч, түүгээр үйлийн үрийн хүчийг сулруулан, улмаар үйлийн үр бүхнийг бүрэн арилгаж бид хамаг амьтанд дээд тусыг хүргэх болтугай.