Сөрөг зан байдлын тодорхойлолт
Ёс зүйн баримтлал бүр юуг хүлээн зөвшөөрч болох юуг болохгүй талаарх өөр өөр үзэл санаан дээр суурилсан тус тусын сөрөг зан байдлын жагсаалтыг гаргасан байдаг. Шашны болон нийгмийн үзэл баримтлалын тогтолцоонууд нь Бурханы эсвэл төрийн тэргүүний, эсвэл тодорхой нэг хууль тогтоох байгууллагын гаргасан хууль цааз дээр суурилдаг. Хэрэв бид түүнийг баримтлахгүй бол буруутайд тооцогдож шийтгүүлнэ; хэрэв тэдгээрийг баримталбал бид тэнгэрийн оронд эсвэл энэ амьдралдаа аюулгүй, эв найртай нэг нийгмээр шагнуулна. Хүмүүнлэгийн үзэл баримтлал нь бусдад гэм хор хүргэхгүй байхыг анхаардаг боловч үүнд бас бэрхшээл бий: бид хэн нэгэнд юу үнэхээр хортой, юу үнэхээр тустайг үргэлж шүүж чадах билүү? Жишээ нь хэн нэгэн уруу хашхичих нь тэдний сэтгэлийг хөндөж болно, эсвэл энэ нь тэднийг тодорхой нэг аюулаас зайлсхийхэд тусалж болно.
Бурханы шашны ёс зүйн баримтлал нь өөрт гэм хортой – ялангуяа урт хугацааны туршид өөрт гэм хор болох байдлаар үйлдэл хийхээс зайлсхийхийг онцлон тэмдэглэдэг. Хэрэв бид жолоо барьж явахдаа хажуугаар шахан өнгөрөхийг хичээх жолооч уруу хашхичвал энэ нь хэсэг хугацаанд биднийг уужруулах боловч бас сэтгэлийг тавгүйтүүлж, энергийг доргион, сэтгэлийн тайван байдлаа алдахад хүргэнэ. Хэрэв бид хашхичих зуршил бий болговол бид ямар ч таагүй нөхцөлийг уурлахгүйгээр хүлээн авч чадахгүй болно; энэ нь бидний бусадтай харилцах харилцааг төдийгүй бидний эрүүл мэндийг муутгадаг.
Харин эсрэгээрээ бидний зан байдал асрал хайр, энэрэн нигүүлсэх, бусдыг ойлгох сэтгэл бүхий тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавьсан сэтгэлээр өдөөгдсөн байвал бид бүр өөрийн эрхгүй хашхичмаар санагдсан ч түүнээс аяндаа зайлсхийнэ – бид тэр жолоочийг ойлгон түүнд найрсгаар зам тавьж өгнө. Үүний үр дүнд нөгөө жолооч баярлаж, бид ч бас ач тус хүртэнэ: бид цаанаа жаргалтай сэтгэлийн төлөв байдалтай, тайван, амгалан үлдэнэ. Бид хашхичих гэсэн тэр дотоод шахалтыг хүчээр дарсан, сэтгэл дундуур байдалтай үлдэхгүй. Харин бид зам дээр яваа хүн бүр очих газраа аль болох хурдан хүрэхийг адилхан хүсэж байгаа хэмээн ухаарч, тэдэнтэй өрсөлдөн, жолоог уралдаан болгохыг оролдох нь ямар ч утгагүй, ямар ч үр дүнгүй, юунд ч хүргэхгүй зүйл гэдгийг ойлгоно.
Бурханы шашин нь сөрөг зан байдлыг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл болон муу зуршлын нөлөөнд орж өөрийн эрхгүй үйлдэл хийх явдал гэж тодорхойлдог. Бид ердөө юу хамгийн сайн болохыг мэдэхгүйгээс эсвэл мэдэж байж болох ч өөрийгөө хянах хяналтгүйн улмаас яавал гэм хортой, яавал тустай болохыг зөв ялгаж чаддаггүй. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг гол сэтгэл хөдлөлүүдэд шунал, уур болон асуудал бий болгодог эдгээр хоёр сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж үйлдэл хийж, ярьж, бодсоноос гарах үр дагаврыг мэдэхгүй байх мэдлэг туршлагагүй сэтгэл гэсэн эдгээр гурван сэтгэл багтана. Мөн бидэнд өөрийн үнэ цэнийг үнэлэх сэтгэл дутагддаг учраас бид хэрхэн үйлдэл хийж байгаагаа ердөө анхаардаггүй. Бид хэрхэн хувцаслах, бидний үс яаж харагдах, бидний найз нөхөд хэн байх гэх мэт цөөн хэдэн өнгөц зүйлээс бусад бүх зүйл ямар ч хамаагүй гэсэн юу ч хийж болно гэдэг хандлагатай байдаг. Бид бидний зан байдал нь бидний үеийнхэн, бидний хүйс, язгуур, үндэс, шашин гэх мэт бид өөрийгөө нийгмийн ямар бүлгээр тодорхойлдог түүнийг хэрхэн тусган харуулдаг талаар мэдээж анхаарал тавьдаггүй. Бидэнд өөрийн нэр хүндийг эрхэмлэх, өөрийгөө хүндлэх хүндлэл дутагддаг.
Арван сөрөг үйлийн уламжлалт ангилал
Сөрөг үр дагаварт хүргэх бие, хэл, сэтгэлийн олон үйлүүд бий. Бурханы шашин хамгийн их гэм хортой арван үйлийг тодорхойлж өгсөн. Тэдгээр нь сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, ичиж мэддэггүй, бусдаас санаа зовдоггүй, мөн ердөө л бусдын сэтгэлийг боддоггүй зан байдлаас голдуу гардаг учир гэм хортой байдаг. Тэдгээр нь маш гүнзгий суусан зуршлуудаас гардаг учраас үр дүнд нь бидний сөрөг хандлагыг улам нэмэгдүүлдэг. Ингээд цаг хугацааны явцад бидний сөрөг зан байдал өөрөө өөртөө асуудал бий болгосоор байх зовлонт амьдралд хөтөлнө.
Биеэр үйлддэг гурван сөрөг үйл байна. Үүнд:
- Бусдын амь таслах – өөр бусад хүнээс эхлээд бүр хамгийн жижиг хорхой шавьж хүртэл. Үүний үр дүнд бид таагүй гэж үзсэн ямар ч зүйлийг хүлцэхгүй; өөрийн дургүй зүйлд үзүүлэх бидний шууд хариу үйлдэл цохих, байхгүй болгох; бид байнга бусадтай маргана.
- Эс өгснийг авах – хулгайлах, түр авсан зүйлээ буцааж өгөхгүй, бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй хэрэглэх гэх мэт. Үүний үр дүнд бидэнд үргэлж бид ядуу бөгөөд бидэнд шударга бус хандаж байгаа мэт санагдана; бидэнд хэн ч юу ч зээлүүлэхгүй; бидний бусадтай харилцах харилцаа юуны өмнө харилцан нэг нэгнээ ашиглах хандлага дээр суурилна.
- Бэлгийн зохисгүй харилцаа – хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа, цусан төрлийн хүнтэй бэлгийн харилцаанд орох гэх мэт. Үүний үр дүнд бидний хэн нэгэнтэй тогтоосон сексийн харилцаа ихэнхдээ богино, бид өөрсдөө болон бидний сексийн хамтрагч аль аль нь нэг нэгнээ ердөө сексийн хэрэгсэл мэт үзнэ; бид бохир зүйлүүдэд татагдана.
Хэлээр үйлддэг дөрвөн сөрөг үйл байна. Үүнд:
- Худал хэлэх – бусдыг төөрөлдүүлэх зэргээр үнэн биш зүйлийг зориуд хэлэх. Үүний үр дүнд хэн ч бидний хэлж байгаа зүйлд итгэхгүй, үнэмшихгүй бөгөөд бид тэдний хэлж байгаа зүйлд бас итгэхгүй; бид бодит байдал болон өөрийн сэтгэлийн туурвил хоёрыг ялгаж чадахгүй болно.
- Хов хэлэх – бусдыг салгах үүднээс эсвэл хоорондоо таарамжгүй эсвэл салж байгаа хүмүүсийн харилцааг улам муутгах үүднээс нэгнийх нь талаар муу зүйл хэлэх. Үүний үр дүнд бидний найз нөхөд өөрийнх нь тухай бас биднийг муу зүйл хэлнэ гэж бодсоноор бидний нөхөрлөл удаан үргэлжлэхгүй; бид ямар ч дотны найз нөхөдгүй болж, бидэнд олноос хөндий, ганцаардах сэтгэл төрнө.
- Ширүүн үг хэлэх – бусдын сэтгэлийг хөндөх зүйлийг хэлэх. Үүний үр дүнд хүмүүс бидэнд дургүй болж, биднээс зайлсхийнэ; хэдий бидэнтэй хамт байвч тайван байж чадахгүй, ихэнх тохиолдолд бидэн уруу хариу муу зүйл хэлнэ; бид улам бүр олноос хөндийрч, ганцаардана.
- Дэмий чалчих – өөрийн болон бусад хүмүүсийн цагийг дэмий чалчаа яриагаар үрэх; бусдыг ямар нэг эерэг зүйл хийж байгаа үед тэдэнд дэмий яриагаараа саад болох. Үүний үр дүнд хэн ч биднийг чин сэтгэлээсээ авч үзэхгүй; бид гар утсаа минут тутам шалгахгүйгээр, анхаарлаа ямар нэг зүйл дээр төвлөрүүлж чадахгүй; утга учиртай зүйл юу ч хийхгүй.
Сэтгэлээр үйлддэг гурван сөрөг үйл байна. Үүнд:
- Хомхой сэтгэл – атаархах сэтгэлээр өөр хэн нэгэнд байгаа зүйл эсвэл сайн чанарыг хэрхэн өөрийн болгох эсвэл түүнээс илүү сайныг хэрхэн олох, хэрхэн тэднээс илүү гарах талаар бодож, төлөвлөн түүндээ автах. Үүний үр дүнд бид хэзээ ч сэтгэл амгалан байж, баяр баясгалан эдэлж чадахгүй. Учир нь бид бусдын хүрсэн зүйлийн талаар сөрөг бодолд автан зовдог.
- Хорлох сэтгэл – хэн нэгэнд хэрхэн гэм хор хүргэх эсвэл тэдний хэлсэн, хийсэн зүйлд хэрхэн хариу барих талаар бодож, төлөвлөх. Үүний үр дүнд бид айдасгүй эсвэл тайван амгалан байж хэзээ ч чаддагүй; бид цаг үргэлж хий сэжиглэж, айж, бусад бидний эсрэг бас төлөвлөгөө гаргаж байх вий хэмээн эмээж амьдарна.
- Тэрслэх сэтгэл – үнэн, зөв зүйлийн эсрэг зүйлийг зориуд санаатайгаар бодох төдийгүй бидэнтэй санал нийлэхгүй байгаа бусадтай сэтгэлдээ марган, түрэмгий байдлаар тэднийг доромжох. Үүний үр дүнд бид шинэ зүйлийг улам бүр хүлээн зөвшөөрдөггүй болж, ямар ч тустай зөвлөмж, зөвлөгөөг хүлээн авахгүй; бидний сэтгэл бусдад хаалттай болж, үргэлж зөвхөн өөрийнхөө тухай, өөрийн зөв гэж бодно; бид мунхаг хэвээр үлдэнэ.
Итгэл үнэмшил, шашин шүтлэгээс хамаарахгүй аз жаргалтай амьдралаар амьдрахыг хүссэн хэн бүхэн эдгээр 10 зүйлээс зайлсхийх нь зүйтэй.
Сөрөг зан байдлын арван ерөнхий бүлэг
Арван сөрөг үйл нь бидний зайлсхийх хэрэгтэй ерөнхий өрвөн бүлгийг тодорхойлж өгдөг. Бид өөрийн зан байдал, түүнээс гарах үр дагаваруудыг аль болох илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй. Энд зарим жишээг дурдсан бөгөөд бидний хэн ч эдгээр бүлгүүд дээр санаа нэмж, дэлгэрүүлж болно гэдэгт би итгэлтэй байна.
- Бусдын амь таслах – хүнийг зодох эсвэл ширүүн хандах, биеийн хүчний ажил хийж байгаа хүнд тусламж хэрэгтэй болоход туслахгүй байх, өвчтэй эсвэл өндөр настай хүнтэй хамт явах үед хэтэрхий хурдан явах, байгаль орчныг бохирдуулах, тамхи татдаггүй хүний ойр, ялангуяа хүүхдийн ойр тамхи татах гэх мэтээр бусдын бие махбодод хорлол учруулах
- Эс өгснийг авах – интернетээс хууль бусаар ямар нэг бүтээл татаж авах, зохиогчийн эрх зөрчих, хууран мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын хувийн амьдралд оролцох төдийгүй гэр бүл, найз нөхдийн тавагтай хоолноос асуухгүйгээр амсах
- Бэлгийн зохисгүй харилцаанд орох – хэн нэгэнд бэлгийн дарамт үзүүлэх, гэр бүлийн хүнийхээ хайрын хэрэгцээг үл хайхрах, хэт их эсвэл хэт бага хайрлах
- Худал хэлэх – бусадтай тогтоосон харилцаан дахь өөрийн үнэн сэтгэл эсвэл санааг далдлан хуурах
- Хов хэлэх – хэн нэгний оролцсон эсвэл хийхээр төлөвлөж байгаа эерэг эсвэл ёс зүйн хувьд хор хөнөөлгүй зүйлийг муушаан түүнд оролцохыг ятгаж болиулах
- Ширүүн үг хэлэх – хүмүүс уруу хашхичих, түрэмгий байдлаар ярих, сэтгэл зүйн хувьд эмзэг байгаа хүмүүстэй шүүмжлэлтэй, сэтгэлийг нь ойлгохгүй, тааламжгүй байдлаар ярих, тохиромжгүй цагт, тохиромжгүй хүмүүсийн дэргэд бүдүүлэг эсвэл ёжилсон үг хэллэг хэрэглэх
- Дэмий чалчих – бусдын итгэлийг эвдэж, тэдний хувийн нууцыг бусдад дэлгэх, ялангуяа оройн цагаар аар саар зүйлий тухай бусад уруу мессеж бичих, өдөр тутмын амьдралын аар саар зүйлийн талаар олон нийтийн сүлжээнд зураг тавих, сэтгэгдэл бичих, хүмүүсийн ярьж буй зүйлийг дуустал нь сонсохгүйгээр яриаг нь таслах, нухацтай чухал ярианы дундуур бодлогогүй зүйл хэлэх, ярих
- Хомхой сэтгэл – хоолны газар хамт хооллож буй хүнээ захиалсан зүйлээсээ бидэнд амсуулж, балгуулаасай гэж хүсэх, хүмүүс цагийг хөгжилтэй, сайхан өнгөрөөсөн тухай зураг, мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавьсан үед өөрийгөө өрөвдөж, хэрхэн тэдэн шиг алдартай, жаргалтай болох талаар атаархах сэтгэлээр бодож, хүсэх
- Хорлох сэтгэл – хэн нэг хүн бидэнд таагүй, ширүүн зүйл хэлэх үед бид хэлэх үггүй болсноор дараа нь түүнд юу гэж хэлж түүний сэтгэлийг хөндөх хэрэгтэй байсан тухай бодолд автсаар байх
- Тэрслэх сэтгэл – бидний хийж чадах мэт санагдах зүйлийг хэн нэг хүн бидэнд хийж өгөхийг санал болгох эсвэл туслахыг хичээх үед түүний талаар сөрөг, дайсагнах бодол агуулах, гэм хоргүй боловч бидний сонирхдоггүй эсвэл чухал биш гэж тооцдог зүйлүүдээр өөрийгөө хөгжүүлж, сайжруулахыг хичээх хэн нэгнийг хараад түүнийг ухаангүй тэнэг гэж бодох.
Өөрт гэм хор хүргэх
Өөрт үзүүлж байгаа бидний үйлдлүүд нь бусдад үзүүлэх бидний зан байдлын адил гэм хортой байж болно. Аз жаргалтай амьдрахын тулд бид эдгээр сөрөг хэв маягийг олж мэдэн тэдгээрийг зөв болгохыг хичээх хэрэгтэй. Бидний мэдэх арван сөрөг үйлүүд бидний зайлсхийх хэрэгтэй зан байдлын төрлүүдийг тодорхойлж өгдөг.
- Бусдын амь таслах – хэт их ажиллах, муу хооллох, дасгал хөдөлгөөн хийхгүй байх эсвэл хангалттай сайн унтахгүй байх зэргээр бие махбодын хувьд өөртөө буруу хандах
- Эс өгснийг авах – аар саар зүйлд мөнгө үрэх, эсвэл худалдан авах чадвартай үед өөртөө зарцуулахаас харамлах, нарийлах
- Бэлгийн зохисгүй харилцаанд орох – бидний эрүүл мэндэд хор хүргэх сексийн харилцаанд орох, эсвэл садар самууныг сурталчилсан зүйлээр сэтгэлээ бохирдуулах
- Худал хэлэх – өөрийн сэтгэл эсвэл сэдлийн хувьд өөрийгөө хуурах
- Хов хэлэх – цаг үргэлж гомдоллосноор хүмүүс бидэнтэй байхад хэцүү гэж үзэн хамт байхаас зайлсхийхэд хүргэхүйц тааламжгүй байдлаар ярих
- Ширүүн үг хэлэх – өөрийгөө үг хэлээр доромжлох
- Дэмий чалчих – өөрийн хувийн асуудлууд, эргэлзэж, санаа зовж байгаа зүйлийн талаар хамаагүй ярих, олон нийтийн сүлжээ, видео тоглоом, эсвэл интернетэд олон цаг зарцуулах
- Хомхой сэтгэл – бүх зүйлийг төгс байлгахыг хүсэх сэтгэлээр улам илүү сайн хэрхэн байх талаар бодох
- Хорлох сэтгэл – муу хүн тул баярлаж цэнгэх эрхгүй гэж өөрийг буруутгах
- Тэрслэх сэтгэл – өөрийгөө сайжруулахыг эсвэл бусдад туслахыг хичээж байгаа нь тэнэг хэрэг гэж бодох.
Өөрийн сөрөг зан байдалтай хэрхэн ажиллах вэ?
Урд өмнө гаргасан өөрийн бүх сөрөг зан байдлыг харж эхлэх үед өөрийн талаар сөрөг сэтгэгдэл төрөхөөс зайлсхийх нь чухал. Буруутай мэт санагдан яахаа мэдэхгүй болохын оронд өөрийн зан байдлын бусдад нөлөөлөх нөлөөг мэдэхгүй, туршлага мэдлэггүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: бид уг мөн чанараараа муу учраас бус харин сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж өөрийн эрхгүй үйлдлүүийг хийж байсан. Ийм зүйл тохиолдоогүй байсан бол сайхан байхсан гэж өөрийн хийсэн зүйлдээ харамсах сэтгэл төрүүлэх боловч өнгөрснийг өөрчилж болохгүй гэдгийг ойлгоно. Өнгөрсөн зүйл бол өнгөрч одсон – харин бид тэдгээр зүйлийг дахин давтахгүй байхыг хичээх шийдвэр гаргаж болно. Өөрийн амьдралд гаргахыг хичээж байгаа эерэг зүг чигийг тодорхойлоод асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл дээр суурилсан тустай үйлийг чадах хэрээр үйлдэхэд хүчин чармайлт гаргая гэнэ. Энэ нь тэдгээр сөрөг үйлийн хүчийг эерэг үйлээр тэнцвэржүүлэх, улмаар хүчийг нь даван гарах илүү эерэг зуршлуудыг бий болгоно.
Ингээд бид хүмүүс болон бидэнд тохиолдож буй үйл явдлуудад үзүүлэх хариу үйлдлээ удаашруулж, өөрийн эрхгүй дадсан зуршлаараа сөрөг үйлдэл хиймээр санагдах үе болон түүнийг бодитой үйлдэх хоёрын дунд байх зайг барьж авч сурна. Бид энэ агшныг юу тустай, юу гэм хор болохыг ялган ямар нэг сөрөг зүйл хийж, хэлж, бодохоос зайлсхийхэд ашиглана. Энэтхэгийн Бурханы шашны их мастер Шантидэва гэгээний хэлсэнчлэн “Ургаа хад мэт үйлд.” Бусдыг ойлгох, асрах, энэрэн нигүүлсэх, өөрийг болон бусдыг хүндэтгэх сэтгэлээр бид үүнийг хийж болно. Ухаалаг, энэрэнгүй сэтгэлээр хожим харамсах ямар нэг зүйл хийж, хэлэхэд хүргэх сөрөг энергийг арилгана. Ингээд эерэг сэтгэл хөдлөл, ойлголтон дээр суурилсан сайн, тустай зан байдлаар үйлдэл хийх боломжтой болно.
Дүгнэлт
Сөрөг зан байдлаас зайлсхийх нь бусдад тустай төдийгүй эцэстээ бидний өөрийн ашиг сонирхолтой холбогдож эхэлнэ. Бид миний зан байдал миний өөрийн аз жаргалын шалтгаан болно гэдгийг ойлгож, үнэндээ сөрөг, гэм хортой зуршил, үйлдлээсээ зайлсхийхэд аяндаа бид дурлана. Тэдгээр муу зуршлуудыг нэмэгдүүлэхгүй байж чадсанаар бидний бусадтай харилцах харилцаа сайжран, бид илүү чин сэтгэлтэй, өөрөө өөртөө амгалан тайван болно. Хэрэв бид үнэхээр сэтгэлийн амгалан хүсэж байвал сөрөг байдлаар үйлдэл хийх, ярих, бодох хэв маягуудыг арилгахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй.