Бага хөлгөн ба Их хөлгөн гэх хэллэг

Хинаяана (theg-dman, бага хөлгөн, дундаж хөлгөн), Махаяана (theg-chen, их хөлгөн, дэлгэр хөлгөн) гэдэг хэллэгүүд ойролцоогоор манай эриний II зуунд анх Пражнапарамита судруудад (Sher-phyin mdo, (Ялгах) ухааны чанадад хүрэх судар, Билиг билгүүний судар) дурдагдсан байдаг. Эдгээр судрууд хамгийн эхэн үеийн Их хөлгөний эх зохиолуудын хэсэг бөгөөд тэд дээрх хоёр хэллэгийг тэдгээр сургаалуудын цар хүрээ, гүн нь урьдах Бурханы шашны урсгал сургуулиудаас хавьгүй илүү гэж батлах үүднээс хэрэглэсэн байдаг. 

Тус хоёр хэллэг урсгалаар ялгах давхар утга тээн, зөвхөн Их хөлгөний эх зохиолуудад гарах хэдий ч зохих “таагүй сэтгэгдэл үл төрүүлэх” орлох үгсийг олох хэцүү. “Бага хөлгөн” Бурханы шашны 18 урсгал сургуулийг нийтэд нь нэрлэдэг хэллэг болсон бөгөөд одоогоор тэднээс зөвхөн нэг нь Теравада буюу пали хэл дээрх судар бичгүүдээр хадгалагдан ирээд байна. “Их хөлгөн” нь мөн хэдэн хэдэн урсгал сургуулийг багтаана. “Сүм хийдүүдийн Бурханы шашин” гэсэн утгатай “Никаяа Бурханы шашин” гэдэг хэллэг Хинаяана гэдэг үгийн өөр нэг хувилбарыг илэрхийлж ирсэн боловч тэр нь “Махаяана” гэдэг хэллэгийг орхигдуулдаг ба дээрх хатуу хэллэгийн асуудлыг бүрэн бууруулдаггүй. 

Энэтхэг-төвөд уламжлал “Бага хөлгөн” гэсэн нэрийг хэрэглэн Бага хөлгөний гүн ухааны тогтсон тааллуудыг (үзэл) судалж, хэлэлцэх үедээ тэдний ашигладаг зүйл нь Вайбхашика болон Саутрантика тогтсон таалал байх бөгөөд эдгээр нь дээрх 18 тогтсон тааллын өөр нэг тогтсон таалал болох Сарвастивада тогтсон таалалд багтана. Бага хөлгөний урсгал сургуулиудын зарим нь Их хөлгөний дараа гарсан байдаг учраас бид Бага хөлгөнийг “Түрүү үеийн Бурханы шашин” эсвэл “Анхны эх Бурханы шашин,” Их хөлгөнийг “Хожуу үеийн Бурханы шашин” гэж нэрлэх боломжгүй. 

Теравада уламжлал нь одоогоор Шри Ланк болон Зүүн Өмнөд Азид дэлгэрсэн байдаг. Бага хөлгөний 18 урсгал сургуулийн өөр нэг урсгал сургууль болох Дхармагуптака урсгал Төв Ази болон Хятадад дэлгэрсэн. Сүм хийдийн хятад уламжлал нь сүм хийдийн ёс суртахууны дүрмийн (санс. винаяа) Дхармагуптака хувилбарыг баримтална. Түүнчлэн Их хөлгөн нь Индонезид дэлгэрсэн боловч одоо хадгалагдан үлдээгүй. Иймд Бага хөлгөнийг “Өмнийн Бурханы шашин,” Их хөлгөнийг “Умардын Бурханы шашин” гэж нэрлэх нь мөн тохиромжгүй. 

Бага хөлгөний болон Их хөлгөний аль алины урсгал сургуулиуд архадын (гэтэлсэн төрөлхтөн) ариун төлөвт хүрэх шравака нар (Бурхан багшийн сургаалыг сонсогчид, Сонсоод сонсгогч) болон пратекабудда нарын (өөрөө ойлгогчид, өөрөө ялгуугсад) зам мөр болон бодисад нарын Бурханы хутагт хүрэх зам мөрийг үзүүлнэ. Иймд Бага хөлгөнийг “Шравакаяана,” Их хөлгөнийг “Бодисаттваяана” гэж нэрлэх нь төөрөгдөл бий болгодог. 

Ийнхүү хэдий Теравада ёсны бүтээлчид Бага хөлгөн, Их хөлгөн гэдэг хэллэгүүдийг тохиромжгүй гэж үзэж болох боловч дээр дурдсан таагүй сэтгэгдэл илүүтэй төрүүлэх хэллэгийн тохиромжгүй байдлыг хайхрахгүйгээр Бурханы шашны урсгал сургуулиудын ангиллыг ялгах үүднээс бид тэдгээрийг дуртай дургүй ч хэрэглэх хэрэгтэй болно.          

Top