Бурхад ба Архадууд

13:01

Бага хөлгөн, Их хөлгөний аль алин нь Архад ба Бурхадыг хэрхэн тайлбарлах нь ихээхэн ялгаатай байдаг. Гэтлэхүйн хутагт хүрсэн төрөлхтөнүүд буюу архадууд нь гэгээрлийн хутагт хүрсэн бурхадаас хязгаарлагдмал гэдгийг аль алин нь хүлээн зөвшөөрдөг. Энэ ялгааг Их хөлгөнийхөн хоёр түйтгэрээр тайлбарладаг. Эдгээр нь  гаслангаас гэтлэхэд тотгорлодог нисванисын, бүхнийг болгоогч оюунд тотгорлодог мэдэгдэхүүний түйтгэр юм. Дайснаа дарсан архадууд эдгээрийн эхнийхээс хагацсан байдаг бол бурхадууд хоёулангаас нь ангижирсан байдаг. Энэхүү ялгааг Бага хөлгөний ёсонд дурьддаггүй юм. Гагцхүү Их хөлгөний ёсонд л үүнийг дурьддаг.     

Гэтлэхүйн эсвэл гэгээрлийн хутагт хүрэхийн тулд “би” хэмээх огтоосоо оршихгүй гэдгийг шууд илтэд таньж онох ёстой хэмээн Их, Бага хөлгөний аль алин нь үздэг. Үүнийг “би үгүй” гэх ба үүнийг Сарвастивада болон Их хөлгөний шастир номын Энэтхэгийн гол хэл болох санскрит хэлээр анатма, Теравада ёсны бичиг шастирын гол хэл болох палигаар анатта гэдэг. Бага хөлгөн ёсонд энэхүү “би үгүй”-г зөвхөн бодгалд хамаатуулдаг болохоос хамаг юмс үзэгдэлд хамаатуулдаггүй байна. Бодгалд “би” буюу бусдаас үл хамаарах, хуваагддаггүй, бие, сэтгэлээс ангид тусдаа, өөрөө бие даан оршдог атман гэж үгүй. Энэ адилын “би” хэмээх нь оршихын аргагүй юм. Бодгал нь энэ адилын “би”-гээс ангид гэдгийг таньж оносноор архад эсвэл бурханы хутагт хүрч болно. Чухам аль хутагт хүрэх вэ гэдэг нь хураасан “буян” буюу эерэг хүчний хэмжээнээс хамаарах юм. Гэгээрлийн хутагт хүрээд бусдыг гэгээрүүлэхэд зорьдог бодь сэтгэлийнхээ ачаар бурхад нь архадтай харьцуулшгүй илүү буян хураадаг юм.     

Их хөлгөний ёсончлон Ялж төгс нөгчсөн бурхад бол бодгалс төдийгүй хамаг юмс үзэгдэл “би үгүй” хэмээн ухаардаг байна. Үүнийг “хоосон чанар” хэмээнэ. Энэтхэгийн Их хөлгөний олон ёснууд дайснаа дарсан архадууд юмс үзэгдлийн хоосон чанарыг онодог эсэх дээр ялгаатай үзэл баримтлалтай байдаг. Их Хөлгөний Прансангика Мадъямака (Хэтрүүлэгч Төв үзэлтэн) нар архадууд ононо хэмээн үздэг. Гэвч Түвд уламжлалын дөрвөн ёс энэхүү Прасангика үзлийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Эдгээрийн зарим нь архадын оносон юмс үзэгдлийн хоосон чанар нь бурхадын оносон хоосон чанараас өөр хэмээн үздэг бол зарим нь тэдний оносон хоосон чанар нь ижил хэмээн үздэг. Тэрчлэн зарим нь архадын оносон хоосон чанартай юмс үзэгдлийн хүрээ бурхадынхаас хязгаарлагдмал гэж үздэг бол зарим нь тэдний хоосон чанарыг нь ухаарсан юмс үзэгдэл нь ижил хэмээн үздэг. Энэ бүхнийг энд нарийвчлан дурьдалгүй орхиё.            

Бурхад болон Архадын талаар цааш үргэлжлүүлэх нь 

Архад болон бурхадын талаархи Бага, Их хөлгөний үзэл нь олон талаараа ялгаатай байдаг. Жишээлэхэд, Теравада ёсонд үзэхдээ, архадын гэтэлсэн хутагт зоригч шарвага буюу “сонсоод сонсгогч” нар болон бурханы хутаг буюу төгс гэгээрлийн хутагт зоригч бодьсадва нарын хоорондын ялгаа нь шарвага нар Бурханы шашны лам багшаас суралцдаг бол бодьсадва нар тэднээс суралцдаггүй явдал юм. Түүхэн бурхан Шагжмуни, жишээлэхэд өөр нэгэн бурханаас суралцсангүй. Тэрээр зөвхөн Бурханы шашинтан бус багш нартай байсан ба тэдний арга мөрөөс бүгдээс нь татгалзсан байдаг. Тийнхүү Бурхан багшийн ухаарал эрдэм нь Бурханы шашинт багшаас харгалзан төрөөгүй учраас Бурхан багшийн билиг ухаан нь архадынхаас давж гарна хэмээн Теравада ёсонд үздэг байна. 

Үүнээс гадна бодьсадва нар нийт олныг Бурханы номонд хөтөлдөг бол шарвага нар тийм бус хэдий ч архадууд шавь нартаа сургах нь зайлшгүй. Теравада ёсонд тэрчлэн бурхад бол амьтныг гэтлэхүйн хутагт хөтлөх арганд мэргэн, номыг сургахдаа өргөн дэлгэр хөтөлдөгөөрөө архадуудаас давж гардаг хэмээдэг. Бурхад мөн бүхнийг мэдэгч тааллаараа архадаас хэтийднэ. Бурхан аливаа нэгэн зүйлд анхаарал хандуулснаар тэдгээрийн талаар бүхнийг мэдэж чадна. Бурхад тогтсон, өөрчлөгддөггүй ирээдүйг хүлээн зөвшөөрдөггүй учраас ирээдүйг мэдэхийн хувьд хязгаар бий ба өнгөрснийг танихдаа өөрийн өнгөрснийг хэрхэн тольдож буй адилаар санана.  

Бага хөлгөний Вайбхашика тогтсон таалалтнууд бурхан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг бүрэн таньж мэддэг ч нэгэн эгшинд нэг л юмс үзэгдлийг таньдаг хэмээн үздэг байна. Их хөлгөнтний үзлээр бол бүхнийг мэднэ гэдэг нь нэг дор зэрэг мэднэ гэсэн үг юм. Ингэж үзэхийн учир нь юмс бүхэн харилцан хоорондоо хамааралтай хэмээн үздэгээс үүдэлтэй ба өөр бусдаас хамааралгүй ганцхан ширхэг мэдээлэл гэж байхгүй хэмээн үздэг. 

Түүхэн Бурхан багш тэр нэгэн төрөлдөө гэгээрлийн хутагт хүрсэн ба нирваан дүрийг олсоны дараагаар архадын адилаар түүний сэтгэлийн үргэлжлэл төгссөн хэмээн Бага хөлгөнтнүүд үздэг байна. Тийм учраас тэдний үзэж байгаагаар бол Бурхан гэгээрлийн хутагт хүрсэн тэр төрөлдөө л гагцхүү сургаалиа айлддаг байна. Харин Их хөлгөнтнүүд бурхан тоолшгүй олон тоотой ертөнцөд хувилан хүрч, цаг үргэлжид номоо айлддаг гэдгийг Бага хөлгөнтнүүд хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн Их хөлгөний ёсонд л түүхэн Бурхан багш олон галвын тэртээх төрөлд Бурханы шашны номын багшаас суралцан гэгээрэлд хүрсэн хэмээн үздэг байна. Тиймээс бурханы арван хоёр үйлс зохионгуйн нэгэн болох гэгээрлийн хутагт хэрхэн хүрдэгийг бодь модны дор үзүүлсэн байна. Бурханыг ийнхүү тайлбарласны анхныхыг Бага хөлгөний арван найман ёсны нэгэн болох Махасангика ёсноос олох ч Сарвастивада, Теравадагийн аль алинаас энэхүү тайлбарыг олохгүй. 

Бурханы талаарх өөр нэгэн томоохон ялгаатай үзэл бол зөвхөн Их Хөлгөний ёсонд бурханы гурван лагшин буюу Нирманакаяа (Хувилгаан лагшин), Самбогакаяа (Төгс баясгалангийн лагшин), Дармакаяа (Номын лагшин)-г хүлээн зөвшөөрдөг. Харин Бага хөлгөн эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бүхнээс харахад Бурхан хэмээх ойлголт Бага ба Их хөлгөний хувьд ихээхэн ялгаатай байна. 

Гэтлэхүй болон Гэгээрэлд хөтлөх сэтгэлийн мөр

Архадын эсвэл бурханы хутаг болох хир буртагаас хагацсан бодь хутагт хүрэх явц нь “таван мөр” буюу сэтгэл оюуныг таван түвшнээр хөгжүүлэх зэргэмжээр дамжина хэмээн Бага, Их хөлгөний аль алин нь үздэг. Эдгээр нь Чуулганы мөр, Бэлтгэл мөр, Үзэхүйн мөр, Бясалгалын мөр, Чанагш үл суралцахуйн мөр эдгээр юм. Шарвага, бодьсадвын аль алин нь үзэхүйн мөрд хүрсэнээр аръяа буюу эрдэм төгссөн хутагт төрөлхтөн болдог юм. Энэ мөрд хоёул Хутагтын дөрвөн үнэний арванзургаан ёсыг илтэд ононо. 

Бага, Их Хөлгөний аль алин нь үзэхүйн мөрд орсон хутагт шарвага болон хутагт бодьсадвын сэтгэл үзлийн нисванисын түйтгэрээс салдаг бол бясалгалын мөрд хамтад төрсөн нисванисын түйтгэрээс хагацна гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эхний түйтгэр нь тэрсүүдийн (Бурханы шашны бус, энэтхэгийн бусад ёсон) үзэлд суралцсанаар төрдөг бол дараагийнх нь адгуусан зэрэг амьтан бүхний сэтгэлд аяндаа урган гардаг байна. Хутагтан шарвага болон хутагтан бодьсадва нарын хагацан дардаг нисванис нь нөхөр сэтгэлүүдийн урт жагсаалтад багтана. Бага хөлгөний ёсон бүхэн нь нөхөр сэтгэлүүдийг өөр өөрийнхөөрөө тодорхойлдог бол Их хөлгөний ёсон бас өөрийн нөхөр сэтгэлүүдийг жагсаадаг. Ингээд ёсон бүр нөхөр сэтгэлийн заримыг дор бүрнээ өөр өөрөөр тодорхойлдог. 

Бага, Их хөлгөн хоёул таван мөрд ахиц дэвшил гаргах нь хирээс хагацсан хутагт хөтлөх 37 үйлээс шалтгаална хэмээн үздэг. “Хирээс хагацсан” буюу “бодь” хутаг гэдгээр архадын болон бурханы хутгийн аль алиныг нэрлэж болно. Эдгээр 37 гарын авлагад дурьдлыг ойрд агуулах дөрөв, хутагтын найман гишүүн мөр зэрэг багтдаг юм. Тэдгээр нь ихэд чухал билээ. Ханьцашгүй дээд тарнийн ёсонд (ануттараиога) 37 гарын авлагыг Ямандаг бурханы 34 мутар дээр нэмээд түүний лагшин, зарлиг, таалал мөн түүнчлэн Нархажид бурханы хот мандал дахь дагинасаар бэлэгддэг байна. Эдгээр 37 нь гарын авлага болгох ёстой үйлүүдийн цогц юм. Харин Бага, Их хөлгөн тус бүрдээ тухайн үйлийг өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.

Бага, Их хөлгөний аль алинд “үргэлжид оршигч”, “түр нэг эргэн ирэгч”, “эргэн үл ирэгч”, архад хэмээх тогтолцоо нь хутагт шарвагын мөрийн зэргэмжүүд бөгөөд эдгээр нь хутагт бодьсадвын мөрийнх бус юм. Тиймээс Үргэлжид оршигч бээр хутагтын дөрвөн үнэний арванзургаан ёсыг илтэд онодог ба мөн бодгалын “би үгүй”-г илтэд ононо. Үргэлжид оршигчийг бага түвшин хэмээн санаж огтхон ч болохгүй юм. Тэгэхээр хэн нэгэн нь өөрийгөө үргэлжид оршигчийн хутагт хүрсэн гэвэл нь үүнд сэжиг төрүүлэх зүйд нийцнэ.      

Бага хөлгөний ёсонд бодьсадвын мөрийн талаар дэлгэр тайлбар байхгүй. Харин Их хөлгөний ёсонд гэгээрэлд хүрэх хутагт бодьсадвын мөр нь арван газарт (санс: буми) сэтгэлийг хөгжүүлдэг болохыг тайлбарладаг юм. Сэтгэлийн эдгээр газар мөр нь шарвагын мөрд хамаарахгүй. 

Бага, Их хөлгөн хоёул бодийн хутагт хүрэх бодьсадвын мөр нь архадын хутагт хүрэх шарвагын мөрөөс урт удаан үргэлжилнэ гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч зөвхөн Их хөлгөний ёсонд л тоолшгүй гурван их галавт хоёр чуулганыг хурааснаар бодийн хутагт хүрэх тухай тайлбарладаг. “Тоолшгүй” гэдэг нь тоо хэдий ч бидний тоолж баршгүй тоо юм. Гэтэл шарвагууд гурван төрөл авах хугацаанд архадын хутагт хүрдэг байна. Эхний төрөлд үргэлжид оршигч, дараагийн төрөлд түр нэгэн эргэн ирэгч, гурав дахь төрөлд эргэн үл ирэхийн үрийг олох буюу гэтлэхүйн хутагт хүрч архад болно. Энэ нь олон хүний хувьд дур татам байж болох юм.       

Архадууд зөвхөн өөрийн тусыг боддог гэдэг нь бодьсадвын суртал мэт. Үнэндээ бол туйлшралаас хагацахыг л хэлсэн байна. Сударт дурьдахдаа Бурхан багш өөрийн жаран архадаас ном айлдахыг хүсэмжилсэн хэмээжээ. Хэрэв тэд үнэхээр гагц өөрийн тусыг боддог байсан бол ном айлдахыг зөвшөөрөхгүй байх байлаа. Гэвч архадууд бурхадаас хязгаарлагдмал хүрээгээр амьтны тусыг бүтээдэг байна. Харин хоёул гагцхүү үйлийн үртэй амьтны л тусыг бүтээж чадна.  

Бодьсадва нар 

Бага хөлгөний ёсонд бурханы хутагт хүрэхийн өмнө бодьсадвын мөрийг бүтээдэг гэдгийг хүлээн зөвшөөрдгийг нь мэдэх чухал. Шагжмуни бурханы урьдын бодьсадва төрлүүдийг харуулсан Цадиг үлгэрүүд Бага, Их хөлгөний аль алинд бий. МЭ III зууны үеийн Шири Сангабоди хаанаас эхлэн Шри Ланка улсын хаадууд өөрсдийгөө бодьсадва нар хэмээдэг байжээ. Тухайн цаг үеийн Шри Ланка улсад Их хөлгөний ёсон оршин байсан тул үүний учрыг тайлахад мэдээжээр хэцүү биш юм. Харин бодьсадва хаадын санаа Их хөлгөний ёсноос урьд байсан эсэхийг хэлэхэд хэцүү ч тийнхүү нэрийддэг байжээ. Үүнээс гадна МЭ V зуунд Шри Ланкын нийслэл Анурадапура хотын хуврагууд Теравада ёсны Абидармын багш Буддагоша-г Майдар бодьсадвын хувилгаан хэмээдэг байсан ч бүр ч сонирхолтой.    

Их хөлгөний ёсонд, нийтээр дагах шашныг номлох “сайн цаг”-ийн мянган бурхад залрах ч өөр ертөнцөд асар олон бурхад заларч байсан ба цаашид ч залрах болно гэдэг. Их хөлгөний ёс мөн амьтан бүхэн бурханы мөн чанарыг агуулдаг хэн ч бурханы хутагт хүрч чадна хэмээдэг. Бага хөлгөнд бурханд бүтэх мөн чанарыг дурьддаггүй. Гэсэн хэдий ч Теравада ёсонд өнгөрсөн цагийн зуу зуун бурхадын талаар дурьддаг. Теравада ёсны нэгэн сударт 27 бурхадын алдарыг дурьдсан байдаг. Тэд бурханы хутагт хүрэхээс өмнө бүгд бодьсадва байжээ. Теравада ёсон, ирээдүй цагийн бурхан Майдар тэргүүтэй  тоолшгүй олон бурхад ирээдүйд заларна гэж үзэхээс гадна арван чанадад хүрэхүйг бүтээсэн хэн бүхэн бурханы хутагт хүрч чадна гэдэг. 

Арван чанадад хүрэхүй 

Их хөлгөний ёсончлон арван чанадад хүрэхүйг зөвхөн бодьсадва нар бүтээдэг ба энэ нь шарвага нарын үйл бус юм. Учир нь бодь сэтгэлийн хүчээр чанадад хүрдэг буюу “төгс төгөлдөр” болдог хэмээн Их хөлгөнд тодорхойлдог.   

Теравада ёсончлон арван чанадад хүрэхүйд уйсах буюу магад гарах сэтгэлийн хүчээр хүрч байгаа цагт чанадад хүрэхийн тулд бодь сэтгэл шаардлагагүй хэмээн үздэг ба арван чанадад хүрэх нь орчлонгоос гэтлэхийн шалтгаан хэмээн болно гэдэг байна. Тиймээс Теравадад бодьсадва, шарвага нарын аль алин нь арван чанадад хүрэхүйг бүтээдэг хэмээдэг. Ийнхүү бодьсадва, шарвага нарын арван чанадад хүрэхүйг бүтээхийн сэдэл нь өөр өөр байхаас гадна тэдний олсон арван эрдмийн зэргэмж нь өөр өөр байдаг. Арван чанадад хүрэхүй тус бүрдээ эгэл, дунд, дээд гэсэн гурван зэргэмжтэй. Жишээлэхэд, Бурхан багш бодьсадва асан урьдын нэгэн төрөлдөө өлсгөлөн эм барыг өөрийн биеэр хооллосон өглөг бол дээдийн өглөг болно.  

Теравада болон Их хөлгөний чанадад хүрэх арван эрдэм тус тусдаа бага зэрэг ялагатай байдаг.  Үүнд Их хөлгөн ёсонд дараахь арвыг чанадад хүртэл бүтээнэ. Үүнд:

  • Өглөг 
  • Шагшаабад (ёс зүй)
  • Тэвчээр 
  • Хичээнгүй 
  • Дияан (төвлөрөл)
  • Билгүүн 
  • Мэргэн арга 
  • Ерөөл 
  • Хүч 
  • Гүн мэдэл

Харин Теравада ёсонд дияан, мэргэн арга, ерөөл, хүч, билгүүн эдгээрийн оронд дараахь тавыг төрүүлдэг. Үүнд: 

  • Магад гарах сэтгэл
  • Ам тангараг
  • Шийдвэр төгс
  • Асрал
  • Тэгшид барих 

Цаглашгүй дөрвөн сэтгэл 

Их, Бага хөлгөний аль алин нь асрал, нигүүлсэл, баясгалан, тэгшид барих энэ дөрвөн сэтгэлийг дадуулах талаар сургадаг. Хоёул асралын сэтгэлийг бусдыг жаргалтай байхыг, жаргалын шалтгааныг бүтээхийг хүсэх, нигүүлсэл бол бусдыг зовлон, зовлонгийн шалтгаанаас ангид байгаасай хэмээн хүсэх сэтгэл гэж тодорхойлдог. Гэсэн хэдий ч Бага хөлгөний ёсонд эдгээр цаглашгүй сэтгэлийг төрүүлэхдээ, амьтан бүхэн бидний эх байсан гэх мэт учир шалтгаанд үндэслэдэггүй. Харин эхэнд нь хэдийнээ асарч хайрладаг тэдэндээ асралыг төрүүлээд цаашид улам улмаар тэлсээр бусдыг багтаадаг юм.    

Цаглашгүй баяр баясгалан, цаглашгүй тэгшид барих сэтгэлийн тодорхойлолт Их, Бага хөлгөнд ялгаатай байдаг. Бага хөлгөнд цаглашгүй баясгалан гэдэг бол ямарваа атаа жөтөөгүйгээр бусдын жаргалд даган баясаад, жаргал нь улам арвидахыг хүсэл сэтгэл юм. Харин Их хөлгөний цаглашгүй баясгалан бол бусдыг гэгээрлийн эцэс төгсгөлгүй амгалангийн баясгаланг эдлээсэй хэмээх хүсэл юм. 

Тэгшид барина гэдэг нь шунал хүсэл, уур хорсол, үл тоомсорлохоос ангид сэтгэл мөн. Теравада ёсонд бол бидний асрал, нигүүлсэл, баяслаас үүдэн гарсан үр дагавар бүхнийг тэгшид барьдаг. Бусдад туслая хэмээх хичээл шамдлын үр дагавар нь гагцхүү тэдний үйлийн үр, тэдний хичээл шамдлаас хамаардаг ч Их хөлгөн болон Теравада ёсонд эерэг хүч болох “буяныг” бусдад зориулж болно хэмээн хүлээн зөвшөөрдөг. Бусдыг амгалан жаргалантай бөгөөд зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсэх боловч ямар ч үр дагавар гарлаа гэсэн түүнд тэгш хандах юм. Энэ бол бусдууд өөрөө өөрийнхөө тусыг бүтээх ёстой гэдгийг ойлгосных юм. Их хөлгөнд бол цаглашгүй тэгшид барих гэдэг бол амьтны шунал хүсэл, уур хорсол үл тоомсорлох сэтгэл нь зовлон бэрхшээл авчрах тул тэд бээр эдгээр хорт муу сэтгэлээс ангид байгаасай хэмээх хүсэл юм.       

Архадын хутагт хүрч гэтлэхийн тулд асрал, нигүүлслийг төрүүлэх ёстой ч үлэмжийн сэтгэл болон бодь сэтгэлийг төрүүлэх шаардлагагүй. Энэхүү үлэмж сэтгэл бол амьтан нэг бүрийг нирваан, гэгээрлийн хутагт хөтлөх үүрэг хариуцлагыг өөртөө авна хэмээн баттай санах сэтгэл юм. Бодь сэтгэл бол энэхүү үлэмжийн үүргийг биелүүлэхийн тулд өөрөө гэгээрлийн хутагт хүрье хэмээх сэтгэл. Бага хөлгөний ёсонд бодьсадвын мөрийн талаар яригдахгүй тул эдгээр хоёр сэтгэлийг тайлбарладаггүй билээ. Харин Их хөлгөний ёсонд эдгээр сэтгэлийг төрүүлэх бясалгалын талаар нарийвчлан тайлбарладаг.   

Бага хөлгөнд цаглашгүй дөрвөн сэтгэлийг тэдгээрт эсрэгцэх өөрийн нисванисыг дарахын тулд төрүүлдэг байна. Асрал бол хилэгнэн хорсох сэтгэлийн ерөндөг ба түүгээр дайсагнан хорсох, түрэмгийлэх, уцаарлах, түгших, айх зэргийг түр зуур ч болтугай дарна. Нигүүлслээр харгис хэрцгий хорлолт сэтгэлийг дарна. Баярлах, даган баясахаар атаа өтөөг дарах бол тэгшид барьснаар горьдох, зовних, гонсойх, үл тоомсорлохыг ерөндөглөнө. Үүнээс гадна, Теравада ёсонд энэ дөрвөн сэтгэлийг эхэнд өөрийн зүгт төрүүлээд дараагаар бусдын зүгт төрүүлдэг. Их хөлгөнд бол бусдууд юуг амсаж эдэлж байгааг чухалчлах болохоос өөрөө бусдын зүгт хэрхэн хуран мэдэж буйг үл чухалчилна.

Хоёр үнэн 

Хэдийгээр Бага хөлгөнд юмс үзэгдлийн “би үгүй” буюу хоосон чанарыг хүлээн зөвшөөрдөггүй ч Бага хөлгөний ёсонд юмс үзэгдлийн ерөнхий мөн чанарыг авч үздэггүй гэсэн үг биш юм. Бага хөлгөнд үүнийг хамаг юмс үзэгдлийн хоёр үнэний талаархи сургаалиараа тайлбарладаг. Юмс үзэгдлийн хоосон чанарыг ухаарахын тулд урьдчилан хоёр үнэнийг таньсан байх хэрэгтэй. Их хөлгөнд хоёр үнэн гэдэг нь нэг л үзэгдлийн хоёр тал байдаг бол Бага хөлгөнд хоёр үнэн нь хоёр үзэгдэл байдаг. Өнгөц буюу янагуухи үнэн үзэгдэл, гүн буюу чанагуухи үнэн үзэгдэл гэж бий.          

Сарвастивада болон Вайбхашика тогтсон тааллууд янагуухи үнэн үзэгдэл гэдгээр тэдгээрийн бүрдүүлэгч хэсгүүдийг шинжилж үзэхэд  янагуухи утгаа алддаг эд өлгийн болоод сэтгэлийн үзэгдлүүдийг хэлдэг. Жишээлэхэд, өөрийн гарыг атом атомоор, хөвөрсөн бодлыг эгшин эгшнээр шинжлэхэд гар хэмээн харах атом, бодол хэмээн харах эгшин байхгүй болно. Чанагуухи үнэн үзэгдэл гэдэг нь шинжилснээр янагуухи төрхийг нь таньж болох үзэгдлийг нэрийднэ. Вайбхашика эд өлгийг бүрдүүлэгч атом бүхэн, ухамсарын өчүүхэн бага эгшин бүхэн цааш задрахгүй, хамгийн жижиг бүрдүүлэгч хэсэг хэмээн үздэг. Тэдгээрийг тултал шинжлэвч өөрийн төрхийг алдахгүй хэмээдэг. Бидний харж байгаа бүхэн янагуухи үнэн үзэгдэл боловч чанагуухидаа юмс бүхэн атом, эгшнээс бүтнэ гэдгийг ойлгох нь чухал. Эндээс өнгөц янагуухи бүхэн хуурмаг үзэгдэл гэдэг рүү хэрхэн хөтөлж байгааг харж болно.      

Саутрантика тогтсон таалалд янагуухи үнэн үзэгдэл бол метафизик оршихуй, орон юмсыг харах бидний гүжирдлэг, харин чанагуухи үнэн үзэгдэл нь бодит юмс үзэгдэл юм хэмээн үздэг. Үүнээс өөрийн гүжирдлэгийг хуурмаг гэдгийг ухаарч болно. Энэхүү гүжирдлэгээс хагацаж чадвал юмсыг бодитоор харж чадна. Бидний гүжирдлэг хуурмаг ажээ.      

Теравада ёсончлон янагуухи үнэн үзэгдэл бол нэрийдсэн үзэгдэл юм. Энэ нь бодгалын хувьд ч, эд өлгийн хувьд ч биеийн дотор, гаднын хувьд ч адил. Чанагуухи үнэн гэдэг бол нэрийтгэлийн суурь болж буй үзэгдэл юм. Бидний хуран мэдэж буй махбод, сэрэл мэдрэхүйд баригдах бүхнийг бие, эд өлөг хэмээн нэрийддэг. Жүрж гэж юу вэ? Энэ нь дүрс, үнэр, амт, хүрэлцэхүй мөн үү? Энэ бүхэн дээр нэрийтгэл өгсөн нь жүрж хэмээх юм. Үүнтэй адил бодгал гэдэг бол бие, сэтгэлийн цогцос дээр өгсөн нэрийтгэл юм. Зургаан үндсэн тийн мэдэл болон нөхөр сэтгэлүүд нь чанагуухи үнэн үзэгдэл ба учир нь эдгээрийг бодгал хэмээн нэрийддэг юм.     

Бага хөлгөний тогтсон тааллууд юмс үзэгдлийн хоосон чанарын талаар дурьддаггүй хэдий ч нирвааны хутагт хүрэхийн тулд чанагуухи үнэн үзэгдлийг илтэд онох нь ихэд чухал хэмээдэг. Ийнхүү Их хөлгөн ёсонд дурьддаг лугаа ихэд төстэй байна.    

Теравада ёс нь Сарвастивада болон Их хөлгөний ёсны аль алинаас ихэд өөрөөр үйлийн үрийг тайлбарладаг ч тэр талаар энд дурьдахгүй. 

Дүгнэлт 

Ийнхүү дээрхи танилцуулгаас Бага Хөлгөний Теравада болон Сарвастивада ёснууд нь Бурханы сургаал номын шимийг агуулдаг гэдгийг харж болно. Үүгээр Бурханы сургаал номыг Бурханы сургаал биш хэмээн Дээдийн Номыг тэвчихийн гэмийг хорих болно. Эдгээр ялгаатай ёс уламжлалуудын өөр өөрийнх нь үзлийг сайтар ойлговол Бурхан багшийн бүхий л сургаал номыг зохистойгоор хүндэтгэн дээдлэх сэтгэл төрнө. Энэ бол асар чухал юм.   

Top