Майдар бурхан залрах нь ирээдүйд гарах нэг зүйл. Багахан хугацаа үлдсэн байгаа. Энэ дэлхийн наслах хугацаанд 1000 Бурхан универсал (ертөнц нийтийн) багшаар заларна хэмээн урьдаас хэлсэн байдаг бөгөөд тэд бүгдээрээ хүний насны хэмжээ буурч байх үед заларна гэдэг. Хүний насны хэмжээ дэлхийн наслах хугацаанд давтамжтай явагдах бөгөөд өнөөгийн Бурхан болох Шагжамүни бурхан хүний насны хэмжээ зуун жилээс буурч эхлэх үед заларсан. Энэ цаг Шагжамүни бурханы сургаал оршин байгаа цаг. Энэ галавын мянган Бурханаас одоо залраад буй Шагжамүни бурхан нь дөрөв дэх Бурхан бөгөөд түүний өмнө Кашяапа бурхан болон өөр хоёр Бурхан заларсан бөгөөд Майдар бурхан тэдгээр 1000 Бурханы тавдахь Бурхан болон заларна.
Ирээдүйд хүний насны хэмжээ буурсаар ердөө арван жилд хүрнэ. Ирээдүйд цаг хугацаа улам улам муудна. Хүний амьдрал улам улам богиносно. Хүмүүсийн амьдрах хугацаа богиноссоор нийт насны хэмжээ нь арван жил болно; үүний адил тэдний биеийн хэмжээ жижгэрч, дэлхий маш муу төлөвт хүрнэ. Ирээдүйн энэ цаг үеийн хүмүүс маш догшин, дайсагнасан болж нэг нэгэнтэйгээ үргэлж дайтна. Бие махбодын хувьд маш, маш намхан байна.
Гэвч тэр аймшигтай үеийн дараа цаг хугацаа өөрчлөгдөн, хүний насны хэмжээ нэмэгдэж эхэлнэ. Хэрхэн цаг хугацаа тэр үед өөрчлөгдөх бэ хэмээн асуувал, энэ нь Майдар бурханы хувилал ирж байгаа учир бөгөөд тэрээр туйлаас гуа сайхан хүний дүртэй байна. Бүх хүн Майдар бурханыг, түүнийг тийм сайхан дүртэй байгааг харж, түүнээс хэрхэн тийм болсныг асууна. Тэрээр би үргэлж асрал хайр дээр бясалгасны үр дүнд ийм сайхан хүн болсон хэмээн хариулна. Хэдийгээр тэр цаг үеийн тэдгээр жижигхэн бүх хүмүүс асрал хайрыг хэрхэн бясалгах талаар юу ч мэдэхгүй ч тэд “асрал хайр” гэдэг үгийг давтан, давтан хэлж, хүн бүр “асрал хайр” хэмээн хэлэх болно. Ердөө “асрал хайр” гэдэг үгийг ийнхүү давтах нь маш их тустай зүйл байх бөгөөд улмаар хүний насны хэмжээ нэмэгдэн, нөхцөл байдал сайжирна.
Ингээд насны хэмжээ нэмэгдсээр хүмүүс эрх мэдлийн өөр өөр хүрдүүдтэй универсал хаадын дүр байдалтай болох дэлхийн насны үе ирнэ: эрх мэдлийн алтан хүрдтэй, мөнгөн хүрдтэй, зэс хүрдтэй, төмөр хүрдтэй хаадын дүр байдалтай байна. Энэ тэдгээр агуу универсал хаадын цаг үе болно. Ингээд хүмүүс 80 000 жил хүртэл амьдрах нэг үе ирнэ. Наян мянган жилийн энэ оргил үед хүрэх үед хүний насны хэмжээ дахин буурч эхэлнэ.
Ингээд 80 000 жилээс буурч эхлэх тэр үед дараагийн Бурхан, Майдар бурхан универсал багшаар заларна. Бүх Бурхад хүний насны хэмжээ буурах үед универсал багшаар залрах бөгөөд үүний учир нь юмс улам улам муу болж, энэ нь хүмүүс тодорхой шийдэл эрэн шашны учир шалтгаанд хандахад хүргэдэг явдал; нөгөө талаар, хүний насны хэмжээ нэмэгдэн, бүх зүйл сайжирч байх үед хүмүүст ямар нэг шашны зам мөр эрэх сонирхол төрдөггүй. Хүний насны хэмжээ тийм их 80 000 жилд хүрэх үе нь дэлхийд бүх зүйл маш гуа сайхан, амар амгалан болох үе байна; үүнд жишээ нь орон нутаг нь бартаа ихтэй уулс, амаргүй хэцүү газаргүй байж, бүх газар нь үзэсгэлэнтэй, уудам тал адил тэгш байна.
Маш хатуу даяаны бүтээлийг зургаан жил хийхийг үзүүлэх ёстой болсон Шагжамүни бурханы үзүүлсний адил зүйл Майдар бурханы үед шаардлагагүй бөгөөд тэрээр хэцүү бэрх бүтээлүүдийн талаар ердөө маш товч үзүүлнэ. Ямар учраас тэр вэ? Учир нь түүний нэр Майдар нь асрал хайр гэсэн утгатай бөгөөд энэ түүний гол онцлох зүйл байх тул түүний цаг үед тийм хэцүү бүтээлийн шаардлага бага байна. Энэ түүний асрал хайрын асар их бүтээлийн үр дүн.
Майдар бурхан асрал хайрын талаар нэг богино ерөөл зохион, тус ерөөлөө үргэлж уншин дадлага болгож байсны адил бусад олон хүн тэр ерөөлийг унших ба ирээдүйн энэ үед юмс хэрхэн гарах тэр нөхцөл нь асрал хайрын тэдгээр бүх ерөөлүүдийн үр дүн байна. Хэрэв одоо өнөөгийн энэ цаг үед бид Шагжамүни бурхан багшийн сургаалуудыг маш сайн дагавал бид Майдар бурханы ирээдүйд түүний анхны шавь нарын дунд төрөх онцгой талтай болно.
Майдар нь Бурханы бүх шинж бүхий хамгийн дээд хувиллын биеийн хэлбэрээр, тэрхүү универсал багшаар хэзээ залрах вэ хэмээн асуувал энэ нь миний тайлбарласан тэр холын ирээдүй үе байна. Гэвч Майдар бурханы хувиллын ердөө энгийн төрлүүдийн хувьд тэдгээр нь олон өөр өөр нөхцөлд гарах ба хамаг амьтанд одоо ч тусыг үзүүлж байгаа нь эргэлзээгүй.